Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

С.Хулангаа: Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх DNN.mn

Хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа.


-Амьдралын буруу зуршил гэж юу болох талаар яриагаа эхлүүлье. Юунаас үүдэж энэ буруу зуршил үүсдэг вэ?

-Өдөр бүр, эсвэл хааяа хийдэг зүйл нь зуршил болчихсон, эцэстээ таны эрүүл мэндийг доройтуулах, амьдралын хэв маяг, чанарт нөлөөлж буй зүйлийг хэлдэг.

Жишээлбэл, тамхи татдаг байлаа гэж бодоход та өнөөдөр эсвэл маргааш үхэхгүй. Гэхдээ  5, 10, 15 жилийн дараа уушгины хавдар цаашлаад бусад хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс тамхи татах дадал зуршлыг буруу гэж хэлж байгаа юм. Үүний адил таны хүүхэд чихэр идэж, ундаа уудаг байж болно.  Үүнийг эцэг эхчүүд маань “Өгөхгүй болохоор манай хүүхэд уурлаад байдаг юм” гэдэг. Гэхдээ амьдралынх нь дадал зуршил болоод хэвшчихвэл магадгүй ирээдүйд хүүхдийн тань нас барах шалтгаан, халдварт бус өвчин болно. Чихрээс хамааралтай өвчин үүсч болно гэсэн үг юм.

-Таны ажигласнаар монголчуудын түгээмэл буруу зуршил юу байна?

-Орой хоол иддэг. Ер нь хүнд буруу амьдралын хэв маяг хурдан суудаг. Хоол идчихээд унтдаг. Тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь биед тухтай байдаг учраас хүнийг залхуу болгодог. Харин өглөө босоод өөртөө хоол бэлдэх, орой аль болох бага идээд унтах. Эсвэл сүү юмуу тараг ууж унтах нь тухайн хүнийг сорилтод оруулж байдаг. Одоо таны байгаа эрүүл мэнд 10-15 жилийн өмнө юу идсэн бэ гэдгээр тодорхойлогдоно. Тиймээс ирээдүйн 15 жилийн дараа таны эрүүл мэнд ямар байх нь өнөөдөр юу идэж байгаа, ямар амьдралын хэв маягаас шалтгаална.

-Нэгэнт дадал зуршил болсон зүйлийг болихын тулд юу хийх шаардлагатай вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?

-Нэгэнт буруу дадал суусан бол ухамсартайгаар шинэ дадал суулгахын тулд хамгийн багадаа 40 хоног тухайн дадлаа хийх хэрэгтэй.

-Ихэнхдээ хүмүүс өглөө өлөн гарах тохиолдол бий. Мөн өлөн ходоодон дээр шууд махан төрлийн хоол иддэг. Энэ нь цаашид ямар үр дагаварт хүргэх вэ?

-Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх. Өглөө сайн идвэл орой хоол бага иддэг. Мэдээж огт өглөөний цайгаа уудаггүй хүн гэнэт их хэмжээний мах идвэл ходоод, гэдэс хямарна. Иймээс бага багаар дадал суулгах хэрэгтэй.

-Их хэмжээгээр хоол идчихээд шууд хэвтэх нь ямар сөрөг талтай вэ?

-Дээр хэлсэнчлэн буруу амьдралын хэв маяг хүнд хурдан суучихдаг. Зарим хүн хоолоо идчихээд шууд амардаг, хэвтдэг. Эсвэл оройн хоолоо хэт орой иддэг. Гэтэл ходоод чинь босоо байрлалтай байдаг. Босоо байр лалтайгаас гадна ходоод өөрөө гүрвэлзэх хөдөлгөөн явагдаж байж хоол боловсруулах үйл ажиллагаа эхэлдэг. Харин хоол идчихээд буцаад хэвтвэл сөөр гөө буюу ходоодны улаан хоолойн улайлт, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. Ер нь хоол идчихээд хамгийн багадаа хоёр цаг босож явах хэрэгтэй. Ходоодонд хамгийн ачаалал үүсгэдэг хоол хүнс бол мах. Мах нь 4-6 цагийн хооронд шингэдэг. Зарим хүнс аманд ороод минутын дараа задардаг бол зарим нь олон цаг болж задардаг. Хэрвээ хоол идчихээд шууд унтдаг бол аль болох хөнгөн хоол идэх хэрэгтэй. Хөнгөн хоол гэдэг нь мах бага буюу ходоодонд ороод шууд задардаг хоол хүнс хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг.

-Ер нь  эрчүүд өөх идэх нь элбэг байдаг. Өөх идэх нь сөрөг нөлөө бий юү?

-Өөх эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн биш. Аль ч бүтээгдэхүүний хэмжээг хэтрүүлэн хэрэглэвэл хор болно.

No photo description available.

-Амьдралын буруу зуршлыг багасгах, эрүүлжүүлэхийн тулд яах ёстой вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?

-Мэдээж эрүүл амьдралын хэв маягтай байх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоол идэх, өөртөө хоол бэлдэж идэх зэрэг нь ирээдүйд 17 төгрөгийн өгөөж өгдөг.

Магадгүй өөртөө хайнга хандаж, байнга гадуур хоол идээд, дасгал хийдэггүй бол ирээдүйд 17 дахин илүү төлбөртэй эрүүл мэндээ хамгаална гэж ойлгох хэрэгтэй.  Тиймээс өдөр тутмын жижиг дадал идээдүйн эрүүл мэнд, бие сэтгэлийн хувьд ямар байх вэ гэдгийг шийдэж байдаг. Тиймээс өдөр болгон яг одоо чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эрүүл амьдарч буруу зуршлаа багасгахын тулд залхуурахгүй л байх хэрэгтэй. Гэхдээ том зорилго тавиад 360 градус эргүүлнэ гэж биелэгдэшгүй зорилт тавьж байхаар оройн хоолоо идэхээ байчих. Эсвэл орой мах идэхгүй, оройн хоолоо эрт идье гэдэг ч юм уу өөртөө жижиг зорилго тавьж болно. Эдгээр нь жижиг ч гэсэн эргээд таны амьдралын дадал зуршлыг бий болгож эрүүл мэндийг бүтээж байгаа шүү.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно DNN.mn

Бүх виз мэдүүлэгч, ялангуяа бага насны хүүхдүүд ярилцлагын цаг заавал товлох шаардлагатайг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.

Тодруулбал 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх виз мэдүүлэгч заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай боллоо. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй хэдий ч хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна. Гэхдээ зарим тохиолдолд консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтойг анхаарна уу.

Энэхүү шинэ журам нь 2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.

Уг журмын дагуу хэрхэн виз мэдүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг дараах www.ustraveldocs.com/mn/mn/interview-waiver цахим хуудаснаас авна уу.

 

Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Ариунцэцэг: Хувцсыг загварчилж өмсөх нь хүнийг илүү өөртөө итгэлтэй болгодог DNN.mn

Загварын чиг хандлага сонирхогч Н.Ариунцэцэгтэй ярилцлаа.


-Та хэзээнээс хувцаслалтын талаар сонирхож эхэлсэн бэ?

-Намайг Н.Ариунцэцэг гэдэг. Digital Creator, Youtuber болоод хоёр жил болж байна. “Digital nomads” гэж одоо яригдах болсон. Интернэт байгаа цагт хаанаас ч ажлаа хийгээд, өөрийгөө хөгжүүлээд, өдөр бүр шинэ зүйл сураад, судлаад явж байна. 10 жилд байхаасаа л загварын чиг хандлагыг сонирхдог, энэ талын мэдээллийг бусад мэдээллээс илүү сонирхолтой санагддаг байсан.

-Энэ чиглэлийг сонирхох болсон шалтгаан юу вэ?

-Ер нь жилийн дөрвөн улиралд ч бай, эсвэл зарим бүсэд 1 улиралтай ч бай хувцасгүй амьдарна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн нарнаас хамгаалж биеэ халхлах гэж биш, хүйтэнд даарахгүйн тулд өмсөх биш, нэгэнт л мөнгөө зарцуулж худалдан авалт хийж байгаа бол загварчилж өмсөх нь хүнийг улам итгэлтэй болгодог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зарим хүн өөрт байгаа хувцсаа хэрхэн яаж зохицуулж өмсөхөө мэддэггүй. Харин ганц хоёрхон зүйл нэмээд эсвэл хасаад “хувцсыг зүгээр өмсөх биш загварчилж өмсье” гэсэн утгаар энэ тал дээр богино бөгөөд хүртээмжтэй мэдээлэл хүргэе гэж шийдсэн. Тэгээд өөрийн сонирхолдоо тулгуурлаж зөвлөгөө өгч эхэлсэн.  Энэ чиглэлийг сонирхох болсон шалтгаан нь хүмүүсийн хэрэгцээт мэдээлэл дээр давхар суурилсан. Гадаад хэл дээрх  мэдээлэл их олддог ч, Монгол хэл дээрх контент дутмаг юм билээ. Энэ талын мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс бидний бодсоноос ч их байдаг.  Иймээс болж өгвөл цаг хугацааны хувьд ч гэсэн загварын чиг хандлагын мэдээллийг хоцроохгүй хүргэхийг хичээдэг.

-Энэ хавар ямар өнгө тренд болж байгаа вэ?

-Улирал бүр бүх л брэнд коллекц гаргаж шинэ өнгө төрхийг тодорхойлохыг зорьдог. Коллекц бүр дээр байнга харагддаг хар, цагаан, саарал, beige өнгө гэхээс илүүтэйгээр, энэ хаврын онцлох өнгөнд  тод улаан, burgundy/cherry red/ буюу хүрэн улаан, фондант ягаан, nutshell бор өнгө болон метал мөнгөлөг өнгө орж байгаа.

Эдгээр онцлох өнгө нь илүү содон тод харагдах бөгөөд зохицох бусад өнгөтэй хольж хувцаслалтдаа оруулж өгснөөр, image бүрдүүлэлтэд илүү хүч нэмж өгнө.

-Тэгвэл тренд хувцас нь…?

-Өндөр суудалтай өргөн өмд

Oversized цайвар өнгийн сорочки

Ballerina болон хагас өсгийтэй Mary janes загварын гутал

Улаан өнгөтэй бүх зүйл

Бантик оруулгатай бүх зүйл

Метал мөнгөлөг өнгөтэй зүйл

Торон юбка

Намхан ултай кет

Энгийнээс том хэмжээтэй цүнх трэнд болж байгаа.


ДЭЛГҮҮР ХЭСЭХДЭЭ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫГ ХЭТ АНХААРЧ, МАТЕРИАЛЫГ НЬ ОЙШООДОГГҮЙ

-Хувцаслалтад өнгөний зохицол хэр чухал байдаг вэ. Хувийн өнгөний тухай тайлбарлахгүй юу?

-Мэдээж өнгө маш чухал. Хувцасны өнгө зохилдлогоог харах хамгийн амархан арга бол Pinterest дээр “color combinations” гэж бичээд бүх өнгөний зохицлыг харж болдог.

Заавал стилистээр дамжуулж мэдээлэл авах шаардлагагүй. Хоорондоо зохицолгүй өнгөтэй хувцас өмссөнөөр замбараагүй харагддаг.  Хувийн өнгөний тухайд бол бүх хүнд хар өнгө зохидоггүй гэдгийг битгий мартаарай.

Хар өнгө өмсөхөөр царай илүү тодорч харагддаг гэж ойлгож болохгүй. Өөр өнгө илүү тод харагдуулж чадна гэдгээ өөрөө мэдэж авах нь чухал. Хувийн өнгө тодорхойлох гэдэг зүйлийг мөнгө төлж үйлчилгээ маягаар авдаг байсан бол одоо хүн бүр өөрсдөө интернэтээс хараад хайгаад ойлгох боломжтой болсон. Үүнд нэг тип хэлж өгье. Та эхлээд өөрийн бугуйныхаа судсыг наранд сайн анзаарч хараарай. Хэрвээ таны судас ногоон эсвэл olive өнгөтэй бол warm tone гэж ангилдаг. Хөх болон чернилэн ягаан судасны өнгөтэй бол cool tone. Харин ногоон болон хөх өнгө аль аль нь харагдвал Neutral tone гэж ангилна. Үүнийг мэдэж авсныхаа дараа өөрийн хувцаслалтын өнгө ямар байвал зохих талаар Youtube, Google, Pinterest гээд бүхий л мэдээллийн хэрэгслээс хайгаад мэдэж боломжтой. Таныг илүү сэргэг, илүү нүдэнд дулаахан харагдахад хувийн өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Хүн бүр давтагдашгүй биеийн галбир, онцлогтой. Хэрхэн өөрийн онцлогт тохируулж хувцаслах вэ?

-Энэ асуултад 3, 4 өгүүлбэрээр хариулах бараг л боломжгүй. Гэхдээ биеийн хамгийн зөв пропорци болох 90*60*90 гэсэн хэмжээтэй илүү ойр харагдуулахын тулд эсгүүрийг загварчлах аргыг хувцасны брэндүүд ашигладаг. Бэлхүүс хэсгээр нарийн харагдах хамгийн энгийн арга бол бүс. Мөн хөлөө урт харагдуулахад зөвхөн өндөр өсгийтэй гутал биш харин өндөр суудалтай өмд өмсөх гэх мэт энгийн сонсогдох ч маш олон аргууд байдаг. Гэхдээ энэхүү зөвлөгөө нь хүн бүрд зохицохгүй учраас мэргэжлийн стилистийн зөвлөгөө авч, өөрийн царайнд тохирох өнгө, өөрийн биед төгс харагдах хувцасны сонголтыг  даатгаарай гэж зөвлөж байна.


ХЯМДРАЛААР ӨМСӨХ ӨМСӨХГҮЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХУВЦАС АВАХ НЬ БУРУУ

-Хувцас авахдаа анхаарах зүйл болон гаргадаг алдааны талаар ярихгүй юу?

-Хамгийн чухал нь материалын орц. Хүмүүс интернэтээр захиалаад эсвэл дэлгүүрээс очиж авахдаа ихэвчлэн загварыг хэт анхаарч, материалыг нь ойшоодоггүй. Хувцас хэдэн хувийн даавуу, синтетик, полиестр, ноос гэдгийг харах нь хожим байгальд ээлтэй сонголт болж чадах уу гэдгийг бодож үзээрэй.

Хэт их логотой хувцас худалдаж авахаас татгалзаарай. Зарим үнэтэй брэндүүд ч битүү лого болсон загварууд худалдаанд гаргасан байдаг. Гэхдээ энэ нь таныг загварлаг харагдуулахаасаа илүү, хэтэрхий их хичээсэн юм шиг харагдуулах сул талтай.

Өөрийн өмсдөг хэмжээнээсээ бага хэмжээтэй хувцас битгий худалдаж аваарай. Хэзээ нэг өдөр тураад өмсөнө гэж найдаж авсан загвар илүү зардал болсон тохиолдол их байдаг.  Мөн хямдралаар өмсөх өмсөхгүй нь мэдэгдэхгүй хувцас авах нь буруу сонголтуудын нэг болох магадлалтай.  Мөн үнэтэй брэндийн цүнх гутлын дуураймлыг нь худалдаж авахгүй байхыг зөвлөе. Үүний оронд дундаж брэндийг арьсан цүнх авах нь илүү зөв сонголт болж чадна.

Э. Анхчимэг

П. Тэргэлсаран

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалт тойрсон гажуудал DNN.mn

Монгол Улсын Их Хурал (УИХ) бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаараа атгадаг хүчирхэг байгууллага. Гэтэл УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт тааруу, зарим нь бүр хэрэгжихгүй байгаа тохиолдол цөөнгүй гарах боллоо.

Жишээ дурьдая. Сүүлийн жилүүдэд газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажилд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2019 онд 3,4 сая га талбай бүхий 22 газар, 2020 онд 1,2 сая га талбайтай 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм.  Үүнээс УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор хамгаалсан 22 газраас 14 газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар хамгаалалтад авсан. Харин  УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан 9 газраас 3 газрыг нь байгалийн нөөц газрын ангиллаар, 1 газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар буюу нийтдээ 19 газрыг дээрх 2 ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг Засгийн газар батална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн газрын хил хаагуур байхыг Засгийн газар яамдуудаас санал авч тогтооно гэсэн үг. Түүнээс биш өмнө нь УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй “гацаана” гэж хэн санах билээ. Харамсалтай нь, энд ийм үйл явдал болоод байна. 2019 он, 2020 онд УИХ-аар баталж Засгийн газарт үүрэг өгсөнөөс хойш хилийн цэсийг батлах ажил дөрвөн жил хүлээгдэж байгаа бөгөөд нийтдээ  зургаан удаа хойшилсон ажээ. Хамгийн сүүлд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд бичиг хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх нь бас л тодорхойгүй.

Байдал үүгээр дууссангүй. Тусгай хамгаалалтад авсан дээрх нэр бүхий газруудын хилийн заагийг батлах нь байтугай заримынх нь газраас хасахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна. Учир нь, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны зүгээс УИХ-ын баталсан зарим газрууд нь уул уурхайн тусгай зөвшөөрөл, ирээдүйн төлөвлөлттэй давхцсан гэдэг шалтгаанаар дэмжихгүй байсан аж. Тиймээс УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу  байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтооход ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцсан газруудтай танилцах, зөвшилцөх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий  ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ны тушаалаар байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагын төлөөлөл орсон байна. Тэд газар дээр нь ажиллаж нэгдсэн дүгнэлтэд хүрэхдээ зарим газрын талбайгаас хасах санал гаргасан нь унаган байгаль, зэрлэг амьтдаа хамгаалах чин хүсэлтэй олон хүний зэвүү, дургүйцлийг  зэрэг хүргэлээ.

Жишээ дурьдвал,  Дорнод аймгийн нутагт байх Жаран тогооны талын байгалийн нөөц газар байна. А, Б хэсэгтэй энэ тусгай хамгаалалттай газар бол хялганат хээрийн гайхамшиг болсон цагаан зээрийн үржил явагддаг гол нутаг. Монгол орны цагаан зээр нь дэлхий дээр нүүдэллэн амьдардаг туурайтан амьтдын гурван том сүргийн нэг болдог бахархмаар төрөл зүйл. Тиймдээ ч зайлшгүй шаардлагаар тусгай  хамгаалалтад авчээ. Харамсалтай нь, газрын тосны хайгуулын талбайтай давхцалтай хэмээх шалтгаанаар А хэсгээс 45,6 хувь, Б хэсгээс нь бүр 59,1 хувийг хасахаар болжээ. Тусгай хамгаалалтад авсан газраас нь бараг талаас илүүг хасчихсан гэсэн үг. Үнэмшихэд ч бэрх байгаа биз.

Иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй, маргаантай асуудалд орон нутгийн шийдвэр гаргагчид  эрх баригчдын талд ихэвчлэн зогсдог бол энэ удаа байдал өөр байгаа аж. Учир нь, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 2023 оны тавдугаар сарын 26-нд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хандаж албан бичиг явуулахдаа тусгай хамгаалалтад оруулсан газруудын хилийн заагийг УИХ-аар баталсан хуучин хувилбараар тогтоох буюу хасуулахгүй байх санал хүргүүлсэн юм. Тэрээр шалтгаанаа уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, газрын тосны олборлолт, тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөө манай нутагт цөлжилт бий болгож, олон нуур, цөөрөм, гол горхи ширгэж байгаа нь усны тооллогоор тогтоогдсон хэмээн тайлбарлажээ. Аргагүй л нутгаа гэсэн сэтгэлтэй, үүргээ ухамсарласан төрийн хүний зангараг гаргалаа хэмээн нутгийн зон олон түүнд ам сайтай байна.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг хэдэн хүн хүрч ирээд сэтгэлийн хөөрлөөр хийчихдэг ажил биш. Эрдэмтэн,судлаачид олон жилийн хөдөлмөр,  багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж  нутгийнхаа аль хэсгийг хамгаалалтад авч, үр хойчдоо үлдээхээ судалгааны үндсэн дээр тодорхойлдог. Шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг энэ ажлыг заримтүшмэл дураараа өөрчилж, тогтоосон газраас нь хасч хууль зөрчөөд байж болохгүй.

Ялангуяа УИХ-аас баталсан хуулийг хүн бүр, албан тушаалтан хэн ч дагаж мөрдөх үүрэгтэй. Хилийн заагийг нь батал гэж Засгийн газарт УИХ-аас даалгасан болохоос энэ ажлыг  бараг таван жил гацаагаад, бас газраас нь хас гэсэн үүрэг өгөөгүй. Та бүхний баталсан хуулийг ингэж л гажуудуулж чадаж байна шүү дээ,Г.Занданшатар дарга аа. Хууль засаглаж төр оршдог жишгийн дагуу тоймловол иргэн бүрийн, тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа хэн ч хүндэтгэн, хүлээн зөвшөөрөх, ёсчлон дагах  учиртай институц бол УИХ.

Гэтэл улс орноо гэх сэтгэлгүй, ажлаа цалгардуулдаг зарим төрийн албан тушаалтан хуулийг уландаа гишгэж байгааг тоолгүй, толгойг нь илээд яваад байж болохгүй байх. Тиймээс УИХ-ын даргын хувьд аль таван жилийн өмнө тусгай хамгаалалтад авсан газруудын хилийн заагийг яаралтай батлуулж, бас газраас нь хасуулахгүй байхад онцгой анхаарч,холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч энэ асуудлыг шийдвэл байгаль дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлтэй олон хүн танд талархах болно. Бас дагаад УИХ-ын нэр хүндэд ч сайнаар нөлөөлөх боломж гарч байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.

 

Г.Батбаяр

Categories
мэдээ нийгэм

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсжээ DNN.mn

Монголын Бурхны Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн бурханч лам, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбат таалал төгсжээ.

Тэрбээр Монголын бурханы шашны урлаг, соёл, урлахуйн ухааныг дахин сэргээх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн, лам хувраг, соёл урлагийн нэрт зүтгэлтэн байв.

Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ улс-төр

Цагаатгуулах тухай гомдлыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш хүлээж авахгүй DNN.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжлээ.

Тус хуулийн төсөлд дараах хоёр зүйлийг тусгажээ. Үүнд:

  • 1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
  • 1/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:. “6.3.Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй.”

Мөн өргөн мэдүүлэх танилцуулгад “Одоогийн байдлаар 200 орчим иргэнийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанд ирүүлээд байна.

Үүний дараа чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх ёстой байсан боловч Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дуусаагүй байгаа учраас 1 цагийн  хугацаатай түр завсарлав.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Байнгын хороод болон ажлын хэсэг хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод болон ажлын хэсгийн өнөөдрийнн /2024.04.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо ·   “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·       Бусад

09.00 “Үндсэн хууль”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·    Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл /санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

13.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Драгон” төв орчимд газар доогуур авто зогсоол байгуулна DNN.mn

Хотын стандартын мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв орчимд ажиллалаа. Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг ихээхэн зөрчил байгаа юм.

Иймд хэв журам сахиулах байгууламж барих, газар доогуур хоёр давхар бүхий, төлбөртэй авто зогсоол байгуулах, ингэхдээ инженерийн шугам сүлжээг хонгилын системд оруулах, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэхийг Хотын дарга нийслэл болон дүүргийн холбогдох албаныханд даалгав.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг та хэрхэн дүгнэж байна?

-Гурван чиглэлээр сан байгуулах асуудал яригдсан. Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын журмаар зохицуулахаар орж ирсэн. Миний хувьд тийм том сангийн үйл ажиллагааг журмаар зохицуулах нь зохимжгүй гэж харж байна. Хяналт шалгалт нь төдийлөн сайн байж чадахгүй. Журам бол хууль биш. Дуртай үедээ өөрчилж болдог. Хоёрдугаарт, хяналтын болон шилэн байдлыг сайн хангаж өгөх ёстой. Нийгмийн даатгалын хуулийг шинэчилж зохист хэмжээнд аваачиж чадаагүйн гороор иргэд хуримтлалтай болж чадахгүй. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын асуудлыг цэгцэлчихмээр байгаа юм. Нэгдүгээрт, шимтгэлийн хэмжээ өндөр байна гэдэг асуудал гардаг. Хоёрдугаарт, төлж байгаа мөнгө нь татвар шиг яваад орчихдог. Одоо бол хувийн тэтгэврийн санд байршуулах эрх нь хоёр хувь гэж явж байгаа. Уг нь энэ хувь өндөр баймаар байгаа юм. Тэгвэл иргэд хуримтлалтай болчихно.

Баялгийн санг хараад байхгүйгээр ажил хийж байгаад хуримтлалтай болдог тогтолцоо руу шилжих ёстой. Хуримтлалаасаа байр, боловсролын төлбөрийн урьдчилгааг төлж болдог системийг эхлээд хэрэгжүүлэх ёстой байсан. Үүнийгээ хаячихаад баялгийн сан дээр бүх зохицуулалтыг хийнэ гэдэг хууль орж ирлээ. Мэдээж баялгийн тэгш хуваарилалттай холбоотойгоор маш чухал л даа.

-Журмаар зохицуулахгүй гэвэл тусдаа хууль гаргах хэрэгтэй юу?

-Баялгийн сангийн тухай хууль дээр сангийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг маш тодорхой бичиж оруулмаар байгаа юм. Одоо бол Засгийн газрын тусдаа 25 сан бий. Үүний найм нь хуультай. Бусад нь журмаар явдаг. Ийм сан байна гэсэн зүйл байхаас үйл ажиллагаатай холбоотой асуудал нь журмаар зохицуулагддаг. Журмаар зохицуулагдаж байгаа ихэнх сангийн үйл ажиллагаа маш доголдолтой байна. Зарцуулалт нь ч, эргэн төлөлт нь ч. Жишээлбэл, ямар нэг сан зээл биш тусламж байдлаар мөнгө өгчихдөг. Буцаад нөгөө мөнгө нь төлөгддөггүй. Заавал сенсаци болж байж эргэн төлөлт нь хийгддэг асуудал байгаа учраас журмаар зохицуулах нь зохимжгүй байгаа юм.

Хоёрдугаарт, стратегийн ордуудаас тодорхой хэмжээний хувийг нь буцааж төрд авах асуудал яригдсан. Мөн стратегийн ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудал сөхөгдөж байна лээ. Хувьцаа эзэмшигч нь максимум 20 хувь байна гэж оруулж ирсэн. Уул уурхай бол олон нийтээс хөрөнгө татаж босгодог бизнес биш. Эрж хайж олоод түүн дээрээ мөнгө босгодог. Тиймээс нэгдүгээрт, хувийг нь 34 дээр барих хэрэгтэй. Тэгэхгүй бол эзэнгүй болчихоор уул уурхайн бизнес доголдож магадгүй гэж харж байна. Хоёрдугаарт, нээлттэй хувьцаат компаниудыг яаж зохицуулах нь тодорхой биш байна. Жишээлбэл, зарим нь гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байвал яах вэ. Түүн дээр байгаа хувьцаанаас нь төр авах гээд байна уу, эсвэл тэр компани нь нэмэлт хувьцаа гаргаж төрд өгөх ёстой юм уу.

Маш ойлгомжгүй зохицуулалт болчихоод байгаа юм. Энэ нь тухайн хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөс гадна тэнд байгаа хувьцаа эзэмшигчид шүүхэд гомдол гаргах, шүүхэд өгөх ч гэдэг юмуу асуудал гарах вий гэсэн санаа зовнил байна. Үүнийгээ эргэж харах ёстой. Хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг нарийн зохицуулах нь зохимжтой юм болов уу гэж харж байгаа.

-Дундаж давхаргагүй болсны гор нийгэм, эдийн засгаар дамжиж гарч байна л даа. Тиймээс дундаж давхаргыг тэлэх чухал болчихоод байна. Та тэлэх бодлогыг хэрхэн харж байна?

-Нийгмийн даатгалын хуулийг эргэж харах ёстой. Тэгж байж хүмүүс хуримтлалтай болно. Хоёрдугаарт, бизнесийн орчныг маш эрүүл болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрөөс хамаарах хамаарлыг бага хэмжээнд авч ирэх хэрэгтэй. Хүмүүс бизнес хийж амьдрах боломжийг нь нээж өгөхгүй болохоор бүгд төрөөс хамааралтай болчихоод байна. Бид коммунизмыг үзсэн шүү дээ. Бүх юм төрийнх байсан. Баян хүн байгаагүй. Ихэнх нь дундаас доогуур түвшинд амьдарч байсан. Хувийн өмч гэж байгаагүй.

Гуравдугаарт, ихэнх салбаруудад монополь компаниуд тогтчихоод байна. Тиймээс боломжийг нээлттэй, бүгдэд тэгш хүртээх хэрэгтэй. Хоёрдугаарт инфляци, өөрийн орны валютын худалдан авах чадварыг тогтвортой барих ёстой. Мөн иргэдийн гаргаж байгаа зардлыг аль болох бууруулж байх ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөний хуулиар монополийг илүү задалж өгөх ёстой болно.

Төсвөөс гарч байгаа мөнгө нь илүү иргэд рүү зориулагддаг байх ёстой. Тухайлбал, гэрээс сургууль цэцэрлэг хол байхаар асар их хэмжээний зардал гардаг. Хүмүүс нарийн тооцож үзэхгүй байж магадгүй. Улаанбаатарын өнөөдрийн нийтлэг төрх бол хаана ч хамаагүй боломжтой газар байр авчихдаг. Хүүхдээ боломжтой газар сургуульд өгчихдөг. Тэр нь гэрээс нь хол байдаг. Түгжрэлтэй, нийтийн тээвэр хөгжөөгүй учраас машин авдаг. Машины хүүд жилд гурав, дөрвөн сая төгрөг төлнө. Хэрвээ гэрийнх нь хажууд сургууль байсан бол машин худалдаж авах шаардлагагүй. Хол болчихоор машин авах болдог. Ингээд зээл авч байгаа юм. Дээр нь зээлийн хүү төлнө. Түлшний зардал гарна. Бид зардал дотор цагийг оруулдаггүй. Мөн цагийн зардал гарна. Түгжрэлээс болоод гэрээсээ нэг хоёр цагийн өмнө гарах болно. Хүүхдээ авахын тулд ажлаасаа мөн эрт гарах шаардлагатай. Ингээд бодохоор өдөрт хэдэн цагийг үргүй зарцуулдаг. Энэ нь амьдралын чанарт нөлөөлдөг. Тухайн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж, давхар орлого олох цаг хомс болдог. Ажил дээрээ илүү амжилт гаргах цаг нь хомс болчихдог.

Нөгөө талаар хүүхэд хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх боломж ор тас хаагддаг. Ингээд харахаар зардлыг бууруулна гэдэг нь бизнесийн орчныг эрүүл болгож хүмүүсийн орлогоо нэмэгдүүлэх боломж, тэгш өрсөлдөх чадамжийг нээж өгөх, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлж татварын болон монополийг задлах бодлогыг эргэж харах хэрэгтэй. Нийгмийн даатгалын хуулиа эргэж харж, төсвийн зарцуулалтыг иргэдийн халааснаас гарч байгаа өрхийн зардлыг бууруулж болох хөрөнгө оруулалт хийх ёстой юм. Ингэж байж иргэдийн халааснаас гарч байгаа зардал багасна. Ингэж байж хуримтлал бий болно.

-Иргэн бүр өнөөдөр хэрэглээний зээлтэй байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээний зээлийг хумих бодлого хэрэгжүүлбэл хэр нөлөөтэй бол, буруу юу?

-Хэрэглээний зээлийг хумина гэхээсээ илүү иргэдийн амьдарч байгаа нөхцөл тэрийг шаардаад байгаа юм. Манай эдийн засаг 16-18 тэрбум ам.доллар. Гэтэл сүүлийн жилүүдэд дунджаар 800 саяас нэг тэрбум ам.долларын машин импортолж оруулж ирсэн байна. Тэр машины тос масло, засвар үйлчилгээ гээд үй тоймгүй зардал гарч байгаа. Түгжрэлийн үнэ цэнэ гэдэг нь энэ. Түгжрэлийн шалтгаан нь юу гэхээр сая ярьсанчлан сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг төрийн болон бусад үйлчилгээ гэрээс нь хол, нэг газар төвлөрүүлчихээр тэгж байгаа юм. Тиймээс төрийн болон бусад үйлчилгээнүүдийг задалж гэртэй нь ойрхон болгож хүний машинд суух сэдлийг бага болгож байж машин авахаа болино.

-Өнөөдөр иргэдэд дарамт болж байгаа зүйлийн нэг нь инфляци. Инфляцийг буулгахгүй юм аа гэхэд тогтвортой барих бодлогыг та хэрхэн харж байна?

-Манайх бүтээмжийн хойноос огт хөөцөлдөхгүй байгаа юм л даа. Махны үнийг зохицуулах гэж маш олон жил оролдсон. Сүүлийн 100 жил эрчим хүчийг зохицуулсан. Үүнээс болж тэр салбар нь хөгждөггүй. Нээлттэй үлдээх ёстой. Махны үнэ чөлөөтэй, зах зээлийн жамаар өсөж буурдаг байж малчид олон малын төлөө бус үр өгөөжтэй малтай болно. Нэг килограмм мах нь 1015 мянгын хооронд бариад байхаар малчид олон малтай болж байж орлогоо нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс чөлөөтэй хаячихвал үнэ нь өснө.

Одоо хотын иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс малчны НДШийг төлж байгаа. Татварын мөнгөнөөс нь хөөвөр, ноосны урамшуулал өгч байгаа. Тэрийг болих ёстой. Ингээд хотын иргэдийн НДШ-ийг багасгах хэрэгтэй. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэх боломжгүй болчихоод байна. 10 сая төгрөгөөс дээш болчихвол НДШ-ийн 26 хувь дээр нэмэх нь ХХАОАТ 10 биш 25 хувь болж байгаа. Бид иргэдээ аль болох 10 сая төгрөгийн цалинтай болгохын төлөө явах ёстой болохоос ингэж тааз тогтоогоод 50 хувийн татвартай болгочихоор цалин 10 саяас дээш өсөхгүй гэсэн үг.

-Бүтээмж рүү шилжихдээ суурь хөрс бэлдэх ёстой юу. Шууд шилжих боломжтой юу?

-УИХ ч тэр, Засгийн газар ч тэр шийдлээ гаргах ёстой. Өнөөдрийг хүртэл 76 гишүүний 52 нь орон нутгаас сонгогдсон. Тиймээс энэ бодлого өөрчлөгдөхгүй байгаа юм. Бүтээмжийн төлөө явдаг болчихвол өвөл малаа зудад нэрвэгдүүлэхгүй байхын төлөө эртнээс гарц хайна. Малчид ухаантай хүмүүс. Үүссэн нөхцөлдөө өөрсдөө тааруулаад амьдарна. Заавал ч үгүй мянган малтай биш өгөөж өндөртэй 400 малтай болоод зохицуулаад явдаг болно.

Дээрээс нь бид олон жилийн турш импортыг орлуулах чиглэл рүү их явсан. Үүний үр дагавар нь дандаа дэлхийн үнээс үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байгаа бол экспортын чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлж хэрэгтэй. Тэгж байж үнэ нь дэлхийн зах зээлийн үнээс үнэтэй байхаа болино. Хүнс жаахан өөр. Гэхдээ бид барааны үнийг тогтоох, амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, болж өгвөл дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж байж барааны үнэ дэлхийн стандартаас үнэтэй биш стандартад нийцсэн байна.

-Сонгуулийн халалтын дараа эдийн засаг унах эрсдэлтэй. Үүнд чиглэсэн ажлыг Засгийн газар, УИХ яагаад хийхгүй байна вэ гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Одоо бол бид дараа гийн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах мөчлөг дээр ирсэн. Хайгуулын салбараа илүү нээлттэй болгох мөчлөг дээрээ ирчихээд байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалт удахгүй дуусна. Тэгвэл манай гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ маш их буурна. Бид одоо гаргаж байгаа бүтээгдэхүүн маш их хэмжээний хүн хүч, техник, тээврийн хэрэгслээр хийгддэг зүйлийг хөгжүүлээд байгаа. Тиймээс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хиймээр байгаа юм. Мөн логистик, овор хэмжээ жижиг, үнэтэй бараа бүтээгдэхүүндээ хөгжүүлмээр байна. Үүнд уул уурхай гэвэл уран, газрын ховор элемэнт ч байдаг юмуу, энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх цаг нь болчихсон. Тэгж байж дараагийн эдийн засгийн өсөлтийг авч ирнэ.

Гол асуудал нь бидний хамгийн их мөнгө олдог салбар уул уурхай. Бид идэж байгаа хоол руугаа нулимахаа болимоор байна. Тэгж байж цаашдын өсөлт, хөгжлийн тухай ярина. Тэгэхгүй хэдэн нөхдүүд очоод замыг нь хаагаад, төслийг нь зогсоочихож байгаа юм. Үүнээс орж ирэх татварын орлогоор төсөв бүрдүүлдэг. Тэр нь багш, эмч, онцгой байдлын албан хаагчдын цалин болж очдог. Үүнийг зогсоогоод байгаа гэдгээ тэдгээр хүмүүс мэдэхгүй байна л даа. Иргэд бол ойлгоод байгаа юм. Гэхдээ сошиал дээр тролл гэх юмуу, эсвэл улс төрийн зорилго байдаг уу, шантаажны зорилготой ч гэх үү тийм зүйл хүчтэй явж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Салхи дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.