Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХУД-т шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байна DNN.mn

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийслэлийн орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. Түүнчлэн шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг байгаа аж. Харин Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4. 2 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны тухайд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.7 сая төгрөгийн үнэтэй бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр 4.3 сая төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байнаХан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байнаХан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас иргэн Д нь энэ сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл (Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших)-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн бүртгэл, гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттайг анхаарна уу.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд DNN.mn

Найман жил эрх барьж байгаа МАН-ын отгон чуулган үргэлжилж байна. Отгон чуулганаар огцом орж ирсэн хуулийн төслүүд цөөнгүй байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Зарим судлаачид, хуульчдийн хувьд энэхүү томоохон эрх зүйн зохицуулалтыг эрх баригчид отгон чуулганаар огцом оруулж ирж байгааг шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байна. Улс төрийн болоод томоохон уул уурхайн компаниудын эрх ашиг, бүлэглэлийн хайчин дунд хэлэлцэгдэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нэлээд их маргаан дагуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр ямар ч маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл тулгарсан бай эрх баригчдын хувьд тус хуулийн төслийг сонгуулиас өмнө батлуулах сонирхолтой байгаа юм. Учир нь эрх баригчдын хувьд энэхүү хуулиар байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ олгох эрх зүйн зохицуулалт гэх агуулгаар сонгогчдод том боломж гэж харж байгаа нь тодорхой. Ер нь цаашид эрх
Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүдбаригч МАН-ын хувьд энэ мэт хуулийн төслүүдийг оруулж ирэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил долоон хувьд хүрсэн. Энэ жилийн хувьд 5-6 хувьтай байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт чамгүй байгаа учраас малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг ч оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулсан эрх зүйн олон өөрчлөлтүүд энэхүү отгон чуулганаар орж ирнэ гэдгийг улс төр судлаачид ярьж байна. Мэдээж энэ сонгуулийн дараа УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа болохоор УИХ-ын дэгийн тухай хуулийг энэ сардаа багтаад батлах нь тодорхой. Парламентад суудалтай намууд зөвшилцөж тохирсон том бодлого болоод буй бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийг ч хэлэлцэнэ. Мөн нийслэлийг 42 нэгж болгон зохион байгуулах уулзалт, форумууд ч саяхан болж өнгөрлөө. Үүнтэй уялдуулан “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа.
Ерөнхийлөгчийн тухай хуульд ч өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд ч маргаантай хэлэлцэгдэж байгаа юм. Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон 44 хууль тогтоолын төслийг бүгдийг гурван сарын хугацаанд хэлэлцэж амжихгүй нь тодорхой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигласан, бусдад тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих хүртэл ял эдлүүлэхээр хуульд заасан DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүүтэй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хийгээд хуультай холбогдуулан иргэдээс ирдэг гомдол, саналын талаар ярилцлаа.


-Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хэзээ батлагдсан юм бэ?

-Цахим хөгжлийг төгөлдөржүүлэх хүрээнд Цахим хөгжлийн багц хуулиуд 2021 оны арванхоёрдугаар 17-ны өдөр УИХ-аас баталсан. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг таван хууль орсны нэг нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль юм. Энэ хууль маань 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Мөн энэ хуультай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, өмнө батлагдсан байсан Хувь хүний нууцын тухай хуулийг хүчингүй болгосон. Өмнөх хуулиар хувь хүн өөрөө нууцаа хамгаалдаг байсан бол шинээр батлагдсан хуулиар хамгаалдаг болсон. Шинэ хуулиар хувь хүний мэдээллийг ашиглах, цуглуулах, боловсруулах, аюулгүй байдлыг хангах цогц харилцааг зохицуулж байна.

-Тус хуулийн онцлог, гол чухал заалтууд нь юу вэ?

-Хүний хувийн мэдээллийг зөвхөн тухайн мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл хуульд заасан үндэслэлээр ашиглаж, цуглуулж, боловсруулж болдог болсон. Мөн нэр томьёонуудыг тодорхойлж өгсөн. Хүний хувийн мэдээлэл гэдэгт хүний эмзэг мэдээлэл, өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, иргэний бүртгэлийн боловсрол, хөрөнгө, өмчлөл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой бусад мэдээлэл орно гээд хуульчилчихсан.

Мөн хүний эмзэг мэдээлэл гэж үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэндийн болон захидал харилцаа, генетик болон биометр мэдээлэл, тоон гарын үсгийн түлхүүр, ял эдэлж байгаа болон эдэлж байсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжааг хэлнэ гээд зааж өгсөн. Үүнээс гадна цахим тодорхойлогч гэж ойлголт байгаа. Тэр нь цахим орчин, мэдээллийн системд нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээн дэх мэдээллийг хэлж байгаа юм. Энэ дээр дурдсан бүхий л нууцыг хамгаалах харилцааг зохицуулж өгснөөрөө онцлог. Хамгийн чухал нь эдгээр мэдээллүүдийг эзнийх нь зөвшөөрлөөр л авч болно.

-Гар утасны дугаар хувь хүний нууцад хамаарах уу?

-Орно. Энэ бол хувийн мэдээлэл шүү дээ.

-Хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр шууд авах боломжтой субьект бий юу?

-Төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэлийн дагуу хүний мэдээллийг авдаг. Бид хурууныхаа хээг өгдөг шүү дээ. Ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа зайлшгүй хувь хүний мэдээллийг авах шаардлагатай болно. Гэхдээ авах мэдээлэл нь хамгийн бага хэмжээнд байх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Ямар зорилгоор авч байгаа юм. Яг түүндээ л чиглэсэн байх ёстой. Түүнээс биш зорилгоосоо илүү мэдээлэл шаардах эрхгүй. Хувь хүн ч өгөхгүй байх эрхтэй.

-Авсан мэдээллээ цааш нь дамжуулахгүй байх үүргийг мэдээлэл авсан тал хариуцах уу?

-Тэгнэ. Мэдээлэл авсан тал гэдгийг хуульдаа мэдээлэл хариуцагч гэж байгаа юм. Мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийг яг авсан зорилгынхоо дагуу ашиглана. Ашиглаад дууссан бол устгах үүрэгтэй. Гэхдээ зарим устгагдахгүй мэдээллүүд бий. Жишээлбэл, банк, тендертэй холбоотой мэдээлэл үүнд хамаарна.

-Цагдаагийн байгууллага, цагдаа мэдээлэл хариуцагчаас иргэний мэдээллийг шаардаж авах эрхтэй юу?

-Тэгж болно. Энэ хуулийн нэг зохицуулалт нь таны мэдээллийг эрх бүхий байгууллага авсан бол тэр тухай мэдээлэл танд ирэх ёстой. Таны мэдээллийг цагдаа, АТГ, Төрийн албаны зөвлөл ч гэдэг юм уу байгууллагууд авсан бол танд тэр даруй нь мэдээлэл хариуцагч мэдэгдэх үүрэгтэй.

-Мэдээлэл хариуцагч хүний хувийн мэдээллийг задруулсан, дамжуулсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 6.27 зүйл дээр мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол иргэнийг 500 нэгж, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно зэргээр тодорхой заасан. Мөн Эрүүгийн хууль дээр ч хувь хүний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй задруулсан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах зэргээр зохицуулж өгсөн. Үүнээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүн нь энэ төрлийн гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хийсэн, албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллээ задруулсан бол торгох болон хорих ял хүртэл эдлүүлэхээр тодорхой зааж өгсөн байгаа. Зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, гэрэл зураг авч, түүнийгээ тараасан бол бас нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял шийтгэхээр тусгасан.

-Энэ хууль мөрдөгдөж эхлээд хоёр жил болж байна. Хэрэгжилт хэр байгаа вэ. Иргэдээс ямар, ямар гомдол, саналууд түлхүү ирж байна вэ?

-Хуулийн дагуу ХЭҮК-т Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс 2022 оны хоёрдугаар хагаст байгуулагдсан. Энэ хугацаанд нийтдээ 48 гомдол, мэдээлэл ирсэн. Үүний дагуу 10 шаардлага, найман зөвлөмж хүргүүлсэн. Ангилаад үзэхээр хэд хэдэн салбарт асуудлууд байна. Тухайлбал, банк санхүүгийн салбар. Банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг хууль бусаар ашигласан тохиолдол гарсан. Тухайн банкны ажилтнууд ажлын цагаар хоорондоо яриад үйлчилгээ үзүүлэхгүй байсныг иргэн зургийг нь аваад цахим орчинд нийтэлсэн. Харин тухайн иргэнийг банкны ажилтнууд маш хурдан олсон. Учир нь царай таньдаг хяналтын камераа шүүгээд тухайн хүнийг таньж олоод хувийн мэдээллийг нь хууль бусаар ашиглаж, утсаар нь холбогдож тухайн зургаа устгахыг шаардсан байгаа юм. Мөн камерын хяналттай холбоотой гомдол, мэдээлэл нэлээд ирж байгаа. Хяналтын камерын ажилтнууд элдэв бичлэгийг найз нөхдөдөө дамжуулдаг, цахим орчинд нийтэлдэг зэрэг асуудал бий. Ер нь байнга камерыг хүн хянадд, үзээд сууж байгаа чинь өөрөө хүний эрхийн зөрчил. Шаардлагатай үедээ л эргүүлж шүүдэг байх хэрэгтэй. Дээрээс нь зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн мэдээлэл зургаан жил хадгалагддаг. Банк санхүүгийн салбар тогтвортой байхын тулд ийм хязгаарлалт байх ёстой. Гэхдээ зургаан жил арай урт хугацаа юу гэдгийг ХЭҮК-оос энэ жил “Хүний эрх ба технологи” сэдвийн дор хийх олон нийтийн хянал шалгалтынхаа явцад судлахаар болсон.

-Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд судалгаа авах нэрийдлээр хүмүүс рүү их утасддаг. Хувь хүний утасны дугаарыг намууд яаж олж аваад байна вэ. Энэ төрлийн гомдлууд ирж байна уу?

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш анхны сонгууль нь одоо л болох гэж байна. Тийм болохоор сонгуультай холбоотой гомдол хараахан ирээгүй. Гэхдээ судалгааны байгууллагууд хувь хүнээс зөвшөөрлөө аваад хийж болно. Дээрээс нь мэдээлэл хариуцагч нь тухайн хүний утасны дугаарыг ямар, ямар газруудад өгснөө тэр дор нь мэдэгдэж байх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хэрэв ингэвэл ямар нэгэн асуудал байхгүй. Харин сонгогчдын мэдээллийг хороо, багийн нийгмийн ажилтнууд тараадаг гэсэн яриа байдаг ч нотлогдсон зүйл байхгүй.

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 12, Сугар гариг. Билгийн тооллын 4, Чөлөөт эх одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 06:08 цагт мандаж 19:38 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 15-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-12-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын дарга асан З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа. Тэрбээр “Прокурор ял тулгаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ч нотолж чадаагүй” хэмээн ярилаа. Энэ тухай V нүүрээс уншаарай.

Хурандаа О.Ганхуяг “Дүнжингаравын хийн дэлбэрэлтийн дүгнэлт одоо болтол гараагүй байгаа нь хачирхалтай” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна” хэмээн өгүүллээ.

Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд

АХБ-ны эдийн засагч Эдуард Фабер “Ашигт малтмалын салбарын гүйцэтгэлийг сайжруулах тусам Монголын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байна” гэлээ.

Архангай аймаг дахь ХЭҮК-ын референт С.Мөнгөнзаяа “Дотуур байрны унтлагын өрөөнд камер суурилуулсан ноцтой зөрчил илэрсэн” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ерөнхийлөгч Зеленский”: Кремль хаа
сайгүй өөрийн лобби бүлэгтэй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бурхан урлаачийн эгэл ахуй DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2019 оны зургадугаар сарын 10-ны дугаарын  “Танайд өнжье” буланд  нийтлэгдсэн “Бурхан урлаачийн эгэл ахуй” нийтлэлийг дахин хүргэж байна.

Уг нийтлэлийг сэтгүүлч Ц.Баасансүрэн бичиж байв.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатынд өнжихөөр Аглаг бүтээлийн хийдийг зорилоо. Бямба гариг, хорин хэм давсан дулаахан өдөр болоод ч тэр үү, хийдийн зогсоолд элдэв маркийн машин, том, жижиг автобусууд зайгүй шахам эгнэжээ. Тусгайлан зассан чулуун шатаар дээш өгсөж явсаар гол сүмийн наахна байрлах оройдоо мөнгөлөг бөмбөлөгтэй модон байрны дэргэд ирлээ. Энэ байшингийн хоёр давхрын жижиг өрөөнд бурханч лам амьдардаг юм байна. Халуунд өгсүүр газраар мацсаар ирсэн бидэнд сэрүү татсан өрөө таатай, аятай гэж. Өрөөний баруун хойд хэсэгт шаргал бүтээлэг бүхий матрас харагдана. Орны наахна дүүрэн номтой бичгийн ширээ, ширээ тойруулаад хэдэн олбог тавьжээ. Хоёр ханандаа ном, судар, бурхад, баримал эгнүүлсэн томоо шүүгээтэй, хоймор хэсэгтээ 36 инчийн телевизортой энэ даруухан өрөөнд хүний хэрэглэж болох бүх л зүйл байна. Баруун хананы урд хэсэгт плитка, цөөхөн сав суулга өрсөн эргэнэг харагдана. Гал тогооны хэсгийн буланг ашиглаж байрлуулсан угаалтуурыг харсан хэн ч ухаалаг, минималист шийдэл гэхээр.

Мэнд ус мэдэлцсэн хойно Пүрэвбат лам “Идээ амс” гээд бичгийн ширээнийхээ хойно очир завлигаагаар суув. Хуучин цагийн бололтой хээ угалз бүхий томоос том мөнгөн цар тавагтай чихэрнээс амтлангаа яриагаа эхлүүллээ. Удам судар, намтар, хийд барьсан газрын үүх түүхийг сонирхоход “Би Борнуурын хүн. Өвөг дээдсийн нутаг гэвэл Батсүмбэр, Баян-Өнжүүл гэж ярина. Аав, ээж минь малчид. Сумандаа наймдугаар ангиа төгсөж, Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн мэргэжлээр дүүргээд бие даасан уран бүтээлчээр хоёр, гурван жил ажилласан хойноо хүндэт харуулын цэргийн алба хаасан.

Алба хаасныхаа дараа Шашны их сургуульд суралцсан юм. Монгол зургийн мэргэжил хөөхөөр шашны урлаг судлахаас аргагүй болсон. Хоёр сайхан багштай байлаа. Нэг нь Булганы Дайчин вангийн хүрээнд шавилж байсан Данзан гэж хүн. Нөгөө нь Архангай аймгийн Тарваченбуулин хийдэд шавилж явсан. 1990 онд Энэтхэг явж хоёр жил хагас ном үзээд Монголдоо ирж шашны урлагийн сургууль байгуулсан. Сүүлдээ Гандангийн шашны сургуулийн нэг тэнхим болсон. Сургууль, соёлоо шавь нартаа, Гандан хийддээ өгчихөөд наашаа ирсэн дээ. Энэ миний хонь хариулж явсан нутаг. Сайхан хийд байгуулъя гэж зүтгэсэн. Өргөжөөд аятайхан болж байна. Бараг гурван километр алхаж байж юмаа үзэж дуусах хэмжээтэй болж дээ. Уулын мөргөлийн зам 67 чулуун бурхантай. Километр хагас газар явна шүү. Бурхдын хамгийн том нь 10 метр, бага нь гэхэд л таван метрээс дээш. Дөрөв, таван сүмтэй боллоо. Зарим нь ашиглалтад орсон” гээд инээвхийлэв. Чулуун бурхадаа өвөл бүтээдэг гэнэ. “Өвөл хүйтэн биш үү” гэж лавлахад “Манай энд чинь өвөл өнтэй сайхан. Цас хамгийн түрүүнд хайлна. Цагаан сараар, шинийн найманд эрвээхэй амилаад нисч байсан удаатай” гэж байна.


Бурханч ламын бичгийн ширээн дээрх давхарлаж өрсөн өнгөлөг гоёмсог хавтастай томоо номнууд хэний ч хараанд өртөхөөр содон юм. Сонирхож байгааг анзаарсан бололтой хамгийн дээд талын номыг нь өмнөө тавьж дэлгээд “Урлагийн сургууль үүсгэсэн учраас шашны урлах ухааны онолын номнууд бүтээх гарцаагүй шаардлага үүссэн юм. Хүүхдүүдийг сургахад суурь онолыг нь бэлдэж өгөхөөс аргагүй. Одоогоор 10 ботийн ард гарлаа. Цаашдаа 40 гаруй боть ном бүтээж хойчдоо үлдээнэ. Их Монголын суварга гэж номоор эхэлсэн. Сүүлийн үед суварга олноор байгуулах болж. Буруу зөв хийгээд байхаар нь онолыг нь хийж өгье гээд ном бүтээлээ. Түүнээс хойш суварга арай цэгцэрсэн шүү. Дараа нь урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн гээд хоёр боть ном бичлээ. Ерөөсөө л шашны урлаг. Энэ сайхан соёлыг тайлж унших гарын авлага гэсэн үг. Цагаан толгойн 35 үсгийг цээжилчихсэн байхад үсэг холбоод ном уншдаг даа. Яг тэрэнтэй адил энэ хоёр ботийг сөхөөд харчихсан хүн ямар ч сүм хийдийн урлаг соёл, бурхан шүтээнийг хараад уншина. Дараагийн гурван боть нь Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний онол. Монголын бурхад маш зөв бүтээгдэх суурь болсон. Мөн мал, амьтдыг хувь хэмжээний онолд орууллаа. Өмнө нь огт хийгдэж байгаагүй ажил. Бүх амьтдыг аймаглаж, ангилж хийсэн дээ. Хамгийн сүүлд нь байгалийг дүрслэн бүтээх уламжлалын талаар хоёр боть ном гаргалаа. Цааших ботиуд хот мандал, хээ угалз, цам гэх мэтээр үргэлжилнэ. Дандаа бүтээл талаас нь хийнэ” хэмээлээ.

Бурханч ламын нам дуугаар хүүрнэх яриаг хаалга нээгдэх чимээ таслав. Настай ээжийгээ дагуулсан эмэгтэй зөвшөөрөл хүссээр орж ирлээ. Өндөр гэгээний төрсөн буйрны хажууханд мэндэлсэн буурай зорьж зүтгэсээр Аглагийн хийдэд иржээ. 91 настай энэ буурлыг Ч.Дулам гэдэг аж. Охин нь “Ээж маань ийм сайхан бурхан, хийд бүтээсэн хүнтэй уулзаж адис аваад гаръя гэж хүссэн юм аа. Тэгээд л дагуулаад ороод ирлээ” гэхэд Пүрэвбат лам суудлаасаа шалавхийн өндийв. Бурханч лам Ч.Дулам буурайтай золгож, хийдийнхээ англи, монгол хэл дээрх танилцуулга номыг дурсгав. Зорьсноо биелүүлсэн настан “Ямар сайхан хийд орон бэ гэж шагшсаар явлаа, эмээ нь. Амралтанд явмааргүй юм байна. Хүүхдүүдийн цаг зав олдвол ийшээгээ л ирж байя. Хүн хөгшрөхөөр хүүхдийнхээ эрхэнд орох юм байна шүү” гэж инээмсэглэн хэлээд охиндоо хөтлүүлэн гарч одлоо. Аглагийн хийдэд зорьж ирсэн иргэдээс Бурханч ламтай уулзаж адис авахаар хаалгыг нь тогшдог хүн цөөнгүй гэнэ.

“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-той харьцуулбал хэмжээгээрээ нэлээд том, зузаанаараа ч дагуулахааргүй нүсэр ботиудыг бичихэд эртний Энэтхэгийн Ведийн шастируудаас эхлээд Ганжуур, Данжуур, төвд хэл дээрх ном, судруудыг эх сурвалж болгон ашиглажээ. “Хот мандалын тухай тусгай боть гаргана гэлээ. Яг ямар учиртай ном бэ” гэж тодруулахад “Хот мандал нь бүр гайхамшигтай. Уран барилга шүү дээ. Уран барилгын суурь, ертөнцийн суурь. 300 гаруй хот мандалтай ном гарна. Сүүлийн үед номон дээрээ анхаарч сууна” гэж хэлээд давхарлаж өрсөн ботиудаас дахин нэгийг сугалан авч дэлгэлээ. Бурхадын хувь хэмжээний онолын номны зургийг сонирхонгоо сонин сайхныг нь сонсч баахан суув. Номын хууч дэлгэхдээ харц нь гэрэлтэх бурханч лам “Бурхадын хувь хэмжээний тигийн онол их сонирхолтой. Бурханы бие хүний биетэй л адил. Энэ онол дээр суурилаад хүний биеэс нэг алганы буюу нэг төөгийн хэмжээ авахад л хориод минутын дотор тухайн хүний өндөр өргөн, хөл гарын тойрог, нүдний хар цагаан, дотор эрхтний хэмжээг хүртэл гаргаж ирж болно. Хамгийн гайхамшигтай нь юу ч зөрөхгүй. Энэ онолыг үзээд амьтад дээр ямар байдаг бол гэж туршсан. Мал, амьтдыг ингэж хувь хэмжээнд оруулсан түүх бараг үгүй. Жишээ нь, сайн морьдын хэмжээг Данжуурт номлосон байна. Хамгийн гайхалтай нь онолын дагуу ингэж тооцоод үзэхээр хэвэнд орж байгаа юм шиг таардаг” гэж байна. Бурхадын хувь хэмжээний онолын тухай энэ мэт чих сортойлгож, гайхал төрүүлэх өчнөөн сонин сайхан сонслоо. Сонссон бүхнээ буулгана гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүйгээс гадна ухаж, энгийнчилж бичихэд үг дутахаар юм.

Байгалийг дүрслэн бүтээх уламжлалыг хүүрнэсэн ботийг нь сонирхож харлаа. Нар, сар, үүлийг өчнөөн янзаар зуржээ. Пүрэвбат лам “Монголчуудын уламжлалд нарыг 140 гаруй шинжээр шинжсэн байдаг. Сар гэхэд л 84 янз байх жишээний. Үүл бас гайхамшигтай олон янз” хэмээн сонирхуулав. Нар, сар, үүл, цэцэгс гээд энэ номонд багтсан зургуудыг бүгдийг нь өөрөө зуржээ. Бурханч лам номын хуудас эргүүлж, зургуудаа сонирхуулангаа “Хамгийн сайн ажиллагаануудаа цуглуулаад оруулчихаар маш гайхамшигтай өвөрмөц уусал гарч ирэх жишээний. Төвд, Хятад, Бутанаас тэс өөр. Ийм ондоо зүйлийг олж онолын үндэслэлийг нь гаргаад тавьчихлаа. Уул хад, мод, од гараг эрхсийг хүртэл шинжсэн өчнөөн номыг хуучин монгол хэлээр сударлаж эмхэтгэж, орчуулсан байдаг юм. Урлагийн хүн болохоор сонирхож, шинжиж цуглуулсан” гэж ярилаа.

Сэтгэлийн мөн чанар гадна биеийг бүтээдэг, хүнийг дуу авиа, явдал, хоол идэж буй байдлаар нь хүртэл шинжиж болдог, Монголын бурханы шашны урлаг өнгөний уламжлалаараа бусад улсаас тод ялгардаг гэх мэт буддизм тойрсон сонин хачин, ном судруудынх нь гүн рүү өнгийсөн амттай яриа удаан өрнөв. Бурханч лам “Өндөр гэгээнийг би гайхдаг. Буддын шашны өчнөөн зураг, баримал үзэж судаллаа. Өндөр гэгээний бүтээсэн ямар ч бурханы бие бурханы айлдсан хувь хэмжээгээр байна. Тэр хэмжээгээр шалгахад уруулын товгор нь хүртэл зөрдөггүй. Баримлаар хувь хэмжээ алдахгүй яаж ингэж мундаг хийдэг юм, гайхаж шагшмаар. Энэ бол хувилгаан урлаг. Төвд, Бутанд яг ийм бурхан байна уу гэж шалгахаар байдаггүй. Тэгэхээр дэлхийд байхгүй л зүйл байгаа юм. Сэтгэл ариусахаар гоо сайхны оргилд хүрдэг. Гоо сайхны энэ оргилыг өндөр гэгээн урлачихсан. Гайхуулж магтсандаа хэлээд байгаа хэрэг биш л дээ. Онолоор батлагдсан зүйл” гэж өндөр гэгээн Занабазарын тухай яриа дэлгэв. Пүрэвбат ламын ярианаас өөрсдийгөө ойлгож, ухаж, судалж, гаргаж ирэх хэрэгтэй гэсэн үг содон сонсогдож байсан юм.

Бурханч лам Японы эрдэмтэн Шунзо Онодогийн уучлал хүссэн нэг захидлыг сонирхуулав. Олон жилийн өмнө Бурханы шашны нэг хурал болж л дээ. Бурханы шашин нь Түвдээс үүсэл, угшилтай улсууд гэсэн агуулга бүхий нэртэй хурал байж. Пүрэвбат лам Ричард Гирийн дараа хамгийн сүүлийн илтгэлийг тавихдаа Монголын бурханы шашин Түвдийн салбар шашин төдий биш гэдгийг баталсан гэнэ. Бурханч лам завилгаагаа засч суунгаа “Илтгэлээ Монголын уран барилгаас эхэллээ. Өвөр Монгол, Буриад, Халимаг, Монголд байсан том хийдүүд, гайхамшигтай уран барилгын төрлүүдийг сонирхуулсан. Өндөр гэгээний зохиосон сац хэлбэрийн бат цагаан уран барилгын хэлбэр, гэр дуганын хэлбэрүүд гээд ярилаа даа. Хаана ч байхгүй, Монголд л үүссэн хэлбэрүүд. Балданбэрээвэн хийдийн фото энэ тэр сүртэй шүү дээ. Янзын сайхан. Ингээд ярихаар халимаг, буриад, өвөр монголчууд юу дуугарах юм. Ар халхад гэхэд 1200 гаруй сүм хийд байсан. Өвөр Монголд Диваажингийн сүмээс эхлээд бараг 1800 гаруй сүм хийд. Дараа нь бичиг үсэг ярилаа. Монголчууд уйгаржин, соёмбо, тод, дөрвөлжин гээд өчнөөн олон үсэг зохиосон, хуульчилсан, төрийн хэмжээнд хүртэл ашиглаж явсан. Ганжуур, данжуурыг эх хэлнээ хөрвүүлсэн цөөхөн улсын нэг. Тэгээд хувцасны соёл ярилаа. Хүннү, Юань улсын үед хувцсыг хуульчилж байсан түүхтэй. Наймдугаар богдын үед хувилгаад, лам нар нь төрийн ажил хийгээд эхлэнгүүт төрийн алба хааж байгаа лам нарыг хувцсаар нь дэслэх, хувцсыг хуульчлах шаардлага үүсч байсан. Тэр хурал дээр би монгол лам нарын хувцсыг фотогоор баталж харуулсан юм. Монгол лам нарын жанч бол монголчуудын ихэс дээдсийн хувцас. Юань улс Пагва ламыг төрийн багш болгохдоо ямбаны хувцас өмсөх эрх өгсөн. Энэ нь яваандаа магнаг жанч болж, сүүлд Ширээтийн нөмрөг болсон. Гарал нь монгол гэсэн үг. Тэгэхээр бид юмаа мэдмээр байгаа биз. Өндөр гэгээний бурханыг тигэнд оруулж үзүүлээд, тигэнд ингэж таарсан төгс бурхан байвал гаргаад ирж болно шүү гэлээ. Гарч ирэхгүйг мэдэж байгаа учраас тэгж хэлсэн юм. Тэр хуралд 40 орчим хувилгаан оролцож байсан. Миний илтгэлийн дараа бүгд гайхаж, хамгийн түрүүнд сонсох лекц байж гэцгээсэн л дээ. Өвөр Монгол, дээд Монголыг тэр аяар нь гартаа хийж байгаад, Буриад, Халимаг, Тувад нь хөл тавьж байгаад ярьчихаар хэцүү биз дээ. Энэ том соёлыг, нүдний өмнө бэлээхэн байсаар атал яаж үгүйсгэх билээ” гэж ярив.

Бурханч лам лекцээ тавьсны дараа ийм нэр дор хуралд оролцох боломжгүй гэдгээ дуулгаж. Бутан зэрэг бусад улсын эрдэмтэд ч манай илтгэгчийн дараа өөрсдийнхөө шашны урлагийг Түвдээс онцлогтой гэсэн асуудал тавьцгаасан гэнэ. Улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан зохион байгуулагчид нь яаралтай завсарлага авч хуралдсаны эцэст хурлынхаа нэрийг “Ази дахь бурханы шашны урлагийн төрөл зүйлүүд-Түвд, Монгол, Бутан” болгон өөрчилсөн юм байна. Хурлын үеэр япончууд “Монголынх бие даасан өөрийн онцлогтой гэдгийг тайзан дээр батал” гэцгээж. Хариуд нь Пүрэвбат лам “Та нар бичиг үсгээ Хятадын ханз биш гэдгийг баталж чадах уу” гэж асуужээ. Бурханч лам “Өөрийн гэсэн хэлтэй, соёлтой, төрт ёстой ард түмэн байхад үндэсний уламжлал урлагт нь тэгж хандаж харж болохгүй л дээ. Дээрэлхэж байгаа л хэрэг” гэж хэлээд өмнөө дэлгэсэн ботиудаа цэгцэлж өрлөө. Бидний яриа энэ хүрээд түр завсарласан юм.

Бурханч лам суудлаасаа өндийн босч цонхоор харж хэсэг зогсов. Тэгснээ утсаараа хэн нэгэн рүү залган “Зогсоол хавиар хүмүүс мод руу их ороод байх шиг байна. Анхаардаг юм уу” гэж хэлээд бидэн рүү эргэн харж “Ногоон дээр гишгэлээд байвал байгаль амархан сүйднэ. Байгалиар нь байлгавал сайхан шүү дээ. Энэ жил сүмийнхээ үүдэн хэсэгт жимсний 1500 мод тарилаа. Олон төрлийн жимсний мод бий. Хоёр хүн услахад өглөөнөөс орой хүртэл явж байж усалж барах юм билээ. Хайран модод үхчихэж магадгүй гэж болгоомжлоод услалтын систем тавьсан” гээд инээвхийлэв.

Пүрэвбат ламын шинэ өдөр үүрийн таван цагаас эхэлдэг гэнэ. Орой ажил ихтэй бол 12 өнгөрөөж амардаг аж. 108 мөргөдөг, тарнийн бясалгал хийдэг юм байна. Шашны сургуульд багшилж байхдаа шавь нартайгаа 1000, бүр ихдээ 3000 удаа мөргөдөг байснаа ярив. “Мөргөхөд цус бүтэн гүйдэг учраас цусанд буусан хор гадагшилдаг. Хөдөлгөөний хязгаарлалтаас болж биед үүсэх гэм арилна. Судас шөрмөс хатуурах, нарийсах гэх мэтийг задалж уярааж өгнө. Дээрээс нь арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг хорьж мөргөж байгаа учраас эерэг нөлөө нь их” гэж байна.

Бурханч лам бичгийн ширээ рүүгээ буцаж, өнөө л очир завлигаагаараа суунгаа “Ганцхан өдрөө л эмхэлчих юм бол ажил их сайн явна. Манайхан их ном үзээд, нэгмөсөн агуйд суугаад гоё болно гэж ойлгодог. Тийм биш л дээ. Өглөө босоод хийж буй бүх үйлээ номтой барилдуулах хэрэгтэй. Ертөнцийн илүү дутуу хов жив гэх мэт хэрэггүй үйлд биш, хэрэгтэй үйлд цагаа зориулахад л сайн сайхан аж төрөх боломжтой” гэж зөвлөлөө. “Та хамгийн удаандаа хэдэн өдрийн мацаг барьдаг вэ” гэж асуухад “Арван хоног мацагладаг. Нэг, гурав хоног мацаглах нь ч бий. Мацгийг шинийн найман, 15, битүүнд гээд сард гурав барьчих хэрэгтэй. Бараг долоо хоногт нэг мацаг таарч байгаа биз. Долоон өдрийн турш хоолноос хуримтлагдсан муу хорыг цэвэрлэнэ гэсэн үг. Сая онцолсон өдрүүдийн хувьд хүчтэй нөлөөтэй. Жишээ нь, шинийн 15-нд сар их ойртдог. Далайн түрэлт татлага явагдаж байдаг. Хүний бие байгалиасаа хамгийн сайн цэвэрлэгддэг гэж ойлгож болно. Урсгал сөрөх биш, урсгалыг нь дагуулаад бохир муугаа гаргаад хаячихаж байгаа хэрэг” гэсэн хариу өгөв.

Бясалгах үед хэрхэн завилж суух тухай сонирхмоор санагдаад лавлатал “Нуруу цэх, гэхдээ хэт хүчилж цэхлэх хэрэггүй. Тонгойвол нойр хүрнэ, гэдийвэл атгаг төрнө. Завилахдаа чадах хэрээрээ л суу. Болж өгвөл очир завилгаа хийх хэрэгтэй. Баруун гарын алгаа зүүн гарын алган дээр тавьж, эрхий хуруугаа өндгөөр нь нийлүүлж, хүйснийхээ доор шахасхийж байрлуулах учиртай. Харцаа хамрынхаа үзүүрт буулгаж хэлнийхээ үзүүрийг тагнайд хүргэсхийн суллахад л болно” гэлээ.

Түүхэн, зөгнөлт кино үзмээр санагдвал хойморт байрлуулсан зурагтаа хааяа нэг асаадаг, өглөө багахан, өдөр, орой мөн л нэг их биш хэмжээтэйгээр хооллодог гэнэ. Лам дээлнээс өөр хувцас өмсч үзээгүй аж. “Дээлээ цоортол нь өмсөнө дөө харин ч нэг” гээд хөгжилтэй инээв. Бурханч лам дөрвөн номын сантай юм байна. Ном бичихдээ ашигладаг эх сурвалжууд нь жилийн ихэнхийг өнгөрөөдөг энэ жижигхэн даруухан өрөөнийх нь хоёр ханыг дүүргэжээ. Сүмийнх нь дээд талд ойр зуур ашигладаг номуудаас бүрдсэн номын сан байгаа юм байна.

Пүрэвбат лам биднийг дагуулан хийдийн ойр хавийг сонирхуулах зуураа “Гол номын сан маань нийслэлд бий. Борнуур сумын хийдэд хүүхдүүдэд зориулж номын сан нээж өгсөн. Жил бүр ном нэмж өгч байгаа” хэмээн сонирхуулав. Бид нахиа цэцгээ хэдийнэ дэлгэсэн жимсний модод, үржүүлсээр хорь гаруйд хүрсэн зэрлэг гахай, хаа сайгүй дэгдэх туулайнуудыг сонирхон харж, зай завсаргүй хөлхөх хүмүүсийн дундуур явсаар бурханч ламын амьдардаг байрны урдхан байрлах Өндөр гэгээний сүмийг сонирхлоо. Манзушир хутагт Цэрэндорж, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Өндөр гэгээний хөрөг тэргүүтнийг хана тойруулан залсан гэр дугана сэрүүхэн тохитой гэж жигтэйхэн юм. Гэр дуганы ханыг чимсэн хувилгаадын зураг бурханч ламын бүтээл ажээ. Хурал хурах ширээ, сандал, хурал даган баясан хүмүүсийн суух сандал гэх мэт цөөн эд хогшилтой, цомхон цэмцгэр энэ сүмийн халаалтыг цахилгаанаар шийджээ. Ер нь Аглагийн хийдийн бүх байгууламж цахилгаан халаалттай юм байна. Хийдэд бүтээж босгосон бүхэнд зарсан мөнгийг гадны ямар ч хүнээс босгоогүй, Пүрэвбат лам шавь нартайгаа нийлж босгожээ.

Өндөр гэгээний сүмээс гарч ой мод, хад чулуун дунд ихэмсэг сүглийх бурхадын хөшөөг зорьж алхлаа. Бурханч лам ууланд арц тарьснаа сонирхуулав. Овоо ургаж байгаа гэнэ. Тээр дээр хадны орой дээр харагдах сүмийг хэрхэн барьсныг сонирхоход “Барьчихаад аваад шидчихсэн юм” гэж хошигнов. 24 метр өндөрт барьсан энэ сүмийг “Алтан сүм” гэдэг аж. Найман талт алтан өнгөлгөөт сүм юм байна. Аглаг бүтээлийн хийдийн танилцуулгад “Энд бурхан багшийн ринсрэл болон нийт 77 боди сэтгэлтэн, архад, ихэс, хутагт нарын шарилын ринсэл залагдана” гэж тодотгожээ.

Пүрэвбат лам хөгжилтэй инээснээ “Хүмүүс энэ том бурхдыг чулуун дээр яаж сийлж бүтээсэн байна аа гэж гайхдаг юм. Хариуд нь би шавраар сийлчихээд үлээчихдэг, тэгэхээр чулуу болчихдог гэхээр зарим нь бүр үнэмшинэ шүү дээ” гэж байна. Биднийг бурхан багшийн нирваан дүр үзүүлж буй агшныг урлаж бүтээсэн 10 метр урттай аварга чулуун бурханы дэргэд очиход цаанаас хэсэг хүн дуу шуутай ирж таарав. Завханы Баянтэсээс зорьж ирсэн нэг ангийнхан гэнэ. Эхэлж таарсан бор царай, дундаж нуруутай хүн “Ямар азтай тохиолдол вэ. Бид арваа төгссөний 40 жилийн ойгоо тэмдэглэж яваа юм. Хийморьтой байна шүү. Пүрэвбат ламаасаа адис авна аа” гэж дуу алдахад ангийнхан нь дуу нийлүүлэн бурханч ламыг тойрч бүчив. Тэнд хэсэг саатаад цаашиллаа. Дээш хартал аварга том Янжинлхам бурхан цайран үзэгдэх нь цаанаа л гоёмсог, ихэмсэг харагдана. 1960-аад оны үед амьдарч байсан Цагаан даяанчийн самадид орсон лагшин шүтээнийг залсан сүм Аглаг бүтээлийн хийдэд байна.

Ер нь энд олны хөл татарна гэж үгүй юм. Биднийг хийдэд өнжих хэдэн цагт лав олны хөл тасраагүй. Аглагийн хийдийг зорьж ирсэн хүмүүс “Түгжрээнээс зугтаад иртэл явганаар түгжирчихлээ” гэж хошигнодог гэнэ. Том том мана чулуу эгнүүлж тавьсан хэсгийн чулуун замыг барихад их хүч, хөлс зарсан нь илт харагдана. Газраас өчнөөн метр өндөрт чулуу шигтгэж барьсан энэ замд орсон чулуунуудыг тээр дороос гараар зөөжээ. Тусгайлж зассан чулуун замаар алхангаа бурханч ламын урласан бурхдыг бахдан сонирхох зуур байсхийгээд таарах шар цэцгийг мянган уулын шүүдэргэнэ хэмээн нэрийддэг юм байна. Эмчилгээний чанар нь өндөр гэж яригдах болсон энэ цэцэг сүүлийн үед Аглагийн хийд орчим ихээр ургах болжээ.

Мэгжид Жанрайсиг бурханыг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х. Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол төрийн шүтээн есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэгт гар бие оролцсон бурханч ламтай хууч хөөрсөн хугас өдрийн төгсгөлд Содон судлалын музей үзлээ. Олон эвэртэй хонь, өвөрмөц ургамлууд, зөгийн лаван сархиаг, чулуун солир, хүний биеэс гарсан чулуунаас эхлээд өнгө өнгөөр алагласан, өндөг шиг өөгүй том цагаан гээд элдэв янзын чулуу, таван биетэй нэг сүүлтэй загас, цагаан гөрөөс, ганц эвэртэй ямаа, цагаан тарвага гээд үзэх сонин ихтэй энэ үзмэрүүдийг шинээр ашиглалтад орох сүмд дэлгэх юм байна. Пүрэвбат ламын бүтээсэн Аглагийн хийд аль хэдийнэ олны зорих дуртай газар болсныг тэнд өнжих хугас өдөрт завсар зайгүй хөлхөх олны хөлөөс мэдэрлээ. Монголчуудаас гадна гадаадын жуулчид ч зорьж ирээд сонирхдог болж. Хожмын цагт монголчуудын бурханы шашны урлагт өөрийн гэсэн тод мөртэйг батлах дэлхийн хэмжээний соёлын том төв болж үлдэх Аглаг бүтээлийн хийдийн гол сүмийн урдхан булаг оргилон гарч иржээ. Булгийн дээр сүм бариад эхэлчихэж. Бурханч лам “Хийдийг маань зориод ирсэн олон түмэн ундаалж байг гээд сүм барьж эхэлсэн” хэмээн инээмсэглэн хэлсээр биднийг үдэв.

 

Сэтгүүлч Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
мэдээ эдийн-засаг

АХБ: Ирэх жилүүдэд бүс нутгийн эдийн засаг 4.9 хувиар өснө DNN.mn

Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцууллаа.

Тус банкнаас гаргасан төсөөллөөр бүс нутгийн эдийн засаг 2024, 2025 онд 4.9 хувиар өснө гэж тооцоолжээ. Түүнчлэн инфляц суларсан хэвээр байх бөгөөд цаашид инфляц буурах төлөвтэй байна гэж үзжээ.

Монгол Улсын тухайд, эдийн засаг 2023 онд долоон хувийн тогтвортой өсөлт үзүүлсэн. 2023 онд төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарснаар макро эдийн засгийн орчин сайжирсан, гадаад валютын улсын нөөц нэмэгдсэн, инфляц буурсан, мөн улсын өр буурч байна гэж тооцоолжээ. Мөн уул уурхайн салбарын эерэг нөлөөнөөс үүдэн эдийн засгийн өсөлт 2024 онд 4.1 хувь, 2025 онд 6 хувь өсөх төлөвтэй байна.

 

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт 14.6 км үерийн далан байгуулна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Баруунсалаа орчмын үер буух эрсдэлтэй байршилд ажиллалаа.

Тус дүүргийн 24 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй байршилд гүүрэн байгууламж байрлуулж, үүнтэй уялдуулан үерийн далан байгуулах, Баянхошууны тойргийг Баруунсалаатай холбосон авто зам барихаар болов. Мөн тухайн орчимд үерийн ус хуримтлуулах хиймэл нуур байгуулах саналыг Хотын дарга гаргасан юм.Түүнчлэн нийслэлийн 168 дугаар сургууль орчмын 10 орчим га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсруулахыг Сонгинохайрхан дүүргийн удирдлагад үүрэг болголоо.

Мөн дүүргийн 4, 5, 26 хорооны заагт байрлах гүүрийг шинэчилж, уг гурван хороог дамнасан авто зам байгуулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Түүнчлэн Баруунсалаа болон Зүүнсалаанд 14.6 км үерийн далан байгуулах зураг төслийг боловсруулахаар ажиллаж буйг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.