Categories
мэдээ нийгэм цаг-үе

Я.Содбаатар: Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалахдаа онцгой гавьяа байгуулан амь насаа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна.

  • Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
  • Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгажээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй автомашиныг зогсоон шалгах явцад жолооч И цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан байдаг.

Энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Чулуут сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ DNN.mn

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Р.Пүрэвдагва арслангийн хувьд гуравдугаар сараас хойш нэг ч барилдаан алгасаагүй бөгөөд 17 барилдаанд зодоглохдоо гурав үзүүрлэж, хоёр шөвгөрч байна.

Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, У.Батцоож нар үлдэв.

Тус барилдааны улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржид олгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсголд 127 гэрчийг дууджээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ.

Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

Сонсголын эхний өдрийн “Эмийн хүртээмж” сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт шинээр 10 худаг гаргана DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргана.

Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ундны усны гол эх үүсвэр болсон худагтай болох санхүүжилтийг шийдэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлээд байна.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор гаргаж өгч буй эдгээр худгуудыг байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглох юм. Уст цэгийн хайгуул судалгаа, өрөмдлөгийг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байгааг тус компани мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэр бүхий гурван сэтгүүлчид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль оногдуулжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023, 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авчээ.

Иргэн, байгууллагаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дээрх 202 гомдол, мэдээллийн дийлэнх нь хувь хүнээс гаргасан гомдол байна. Тодруулбал, нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг иргэнээс, 37 буюу 18.3 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас, 30 буюу 14.9 хувийг албан тушаалтнаас гаргасан бол 91 буюу 45 хувь нь сайт, 30 буюу 14.8 хувь нь сэтгүүлч, 3 буюу 1.4 хувь нь телевизтэй холбоотой байна.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд иргэн, байгууллагаас гаргасан зөрчлийн шинжтэй 15 гомдол, мэдээллээс 9 гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гэмт хэргийн шинжтэй 1 гомдлыг харьяаллын дагуу мөрдөх байгууллагад шилжүүлж, бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлийн 5 хэрэгт нэр бүхий 3 сэтгүүлчид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль оногдуулжээ.

Харин иргэн, байгууллагаас гаргасан “Хувь хүний нууцыг задруулах”, “Худал мэдээлэл тараах”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, “Татвар төлөхөөс зайлсхийх”, “Мөнгө угаах”, “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” зэрэг гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авч, прокурорт санал гаргаж ирүүлснээс 106 буюу 56.6 хувийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн байна.

Иргэн, байгууллагаас гаргасан гэмт хэргийн талаарх дээрх 187 гомдол, мэдээллийн 12.8 хувь буюу 24 хэрэгт мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хуульд заасны дагуу нэг яллагдагчийн хэд хэдэн үйлдлийг нэмж нэгтгэсэн байна.

Мөн хугацаанд шүүхээс 2 сэтгүүлчийг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээллийг залруулж, бусдын нэр төрийг сэргээх арга хэмжээ авахыг даалгасан байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг баталгаатай эдлэх бөгөөд энэ нь нэг талаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаас бусдын эрхэд халдсан буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг шүүхээс оногдуулах байдлаар баталгааждаг эрх юм.

Categories
гадаад мэдээ

Монголд хэрэгжүүлсэн урианы америк хувилбар оршвой! DNN.mn

АНУ-ын Манхэттэн дэх Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампын “порно од” Сторми Даниэлсийг “чимээгүй байлгах төлбөр” өгсөн эрүүгийн хэргийн тангарагтны шүүгчдийг бусад хотоос сонгох Трампын өмгөөлөгчдийн хүсэлтийг няцаав. Учир ньТрампын олон жил амьдарсан Манхэттен хотын оршин суугчдын дунд Ардчилсан намынхан давамгайлж байдаг юм. Иймээс Трамп “Энэ шүүхийн шударга байдалд найдахгүй байна” хэмээн гомдоллож байгаа билээ. Уг шүүх хуралдаанд оролцох тангарагтны шүүгчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж байна.

Тангарагтны шүүгчид нэр дэвшихээр санамсаргүй байдлаар сонгогдон дуудагдах Нью-Йорк мужийн оршин суугч иргэд ердийн суурь мэдээллээс гадна экс ерөнхийлөгчийг дэмжсэн, эсэргүүцсэн байгууллага, бүлэглэлд холбогдсон эсэхээ тодруулахыг хүссэн асуултуудад хариулах аж. Мөн тэд ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж, уншдаг, ямар нийгмийн сүлжээнд байдаг, уг сүлжээнийхээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог, эсвэл зүгээр л дагагч болдог гэх мэт асуултад хариулах аж. Сонгон шалгаруулалтын санал асуулгад “чамин” гэмээр ч асуултууд байна. Жишээлбэл, “Ерөнхийлөгч асан хүнийг муж улсын шүүхээр яллах нь зөв эсэх талаар та хатуу бодолтой эсвэл эргэлзээтэй байна уу?”, “Энэ хэрэг Трампын цаашдын ажилд хэрхэн нөлөөлөх талаар танд ямар нэгэн хувийн бодол байна уу?” гэх мэт..

Энэхүү эрүүгийн хэргийн учиг нь бэлгийн харьцаатай байсан “порно од” кино жүжигчин Сторми Даниэлст Трампын мөнгө шилжүүлсэн баримт нотлогдсон ч Трампын толгой компанийн тайланд энэ төлбөрийг түүний тухайн үеийн өмгөөлөгч Майкл Коэний үйлчилгээний хөлс гэж тэмдэглэсэн явдал юм. Трамп өөрөө уг хуурамч баримтыг үйлдсэн гэдгээ хүлээхгүй байгаа бөгөөд энэ эрүүгийн хэрэг нь түүнтэй холбоотой бусад хэргийн нэгэн адил улс төрийн хавчлагын үр дүн гэж мэдэгдсээр байгаа билээ. Ерөөс Трампын өмгөөлөгчид экс ерөнхийлөгчийн эсрэг явуулж буй эрүүгийн бүх шүүх хурлыг аль болох сунжруулахыг хичээж байгаа бөгөөд тодорхой хэмжээний амжилт олоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр тэд Трампыг ерөнхийлөгч байх хугацаандаа хийсэн аливаа үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй гэж мэдэгдсэн. Үр дүнд нь уг асуудал Дээд шүүхэд хүрч, энэ сарын 25-нд энэ хэргийг хэлэлцэж эхлэх болсон. Иймээс энэхүү Манхэттэний эрүүгийн хэрэг бол ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуусах боломжтой цорын ганц Трампын шүүх хурал юм. Учир нь Трампын бусад бүх шүүх хурал Дээд шүүхийн шийдвэр гартал царцаад байгаа билээ. Хэрэв Трамп сонгуульд ялбал түүнд холбогдох бүх хэргийг түдгэлзүүлэхээс гадна прокурор түүний эрүүгийн хэргүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тушаал гаргах боломжтой болох юм. Гэхдээ хэргийн учир огт өөр зүйлд байгаа нь тодорхой болоод байна. Энэ бол Трампын Кремлээс санхүүждэг гэх хэрэг юм. Ерөөс Москва барууны улстөрчдийг авлигаар санхүүжүүлдэг болох нь сүүлийн үед тодорхой болчихоод байна. Тухайлбал, Бельгийн Ерөнхий сайд Александр ДеКру ирэх зургадугаар сард болох Европын сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон ОХУ-ын сэжигтнийг мөрдөн шалгаж эхэлснийг зарлав. Түүний хэлснээр тус улсын тагнуулын алба Украинд үзүүлэх Европын дэмжлэгийг зогсоох зорилготой Оросын тагнуулын сүлжээ Европын хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон байна. Мөн ерөнхий сайд Де Кру тус улсын тагнуулын алба Москвагийн улстөрчдийг санхүүжүүлдэг авлигын сүлжээг илчлэн шуугиан тариад байгаа Чех улсын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад Европын парламентын гишүүдэд “Кремль Оросын суртал ухуулгын ажлаа дэмжүүлэхийн тулд мөнгө санал болгосон нь тодорхой болоод байна” гэж мэдэгдэв. Де Кру “Манай тагнуулын мэдээллээр Москвагийн зорилго маш тодорхой байна. Энэ нь Европын парламентад аль болох олон Оросыг дэмжигч нэр дэвшигчийг сонгоход тусалж, энэ байгууллагад Оросыг дэмжигч тодорхой бүлэг бий болгон, бэхжүүлэх зорилготой юм” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Европын парламентын сонгууль Европын Холбооны улсуудад ирэх зургадугаар сарын 6-9-нд болно. Өөрөөр хэлбэл, Оросууд Европын Холбооны улсуудын улс төрчдөд авлига өгөх гэж оролдож буйг илрүүлээд байгаа ч ийм асуудалд хэрхэн хариуцлага тооцох тодорхой хууль одоогоор байхгүй байгаа юм. Гэхдээ энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Учир нь эх орноосоо урваж өөрийн улсын эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан ямар ч хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй.

Дональд Трампын хувьд манайд “Монгол ялна!” гээд ялагдуулсантай агаар нэг “Make America Great Again” буюу “Америкийг дахин хүчирхэг болгоно” гэсэн уриатай явж байна. Ийм уриаг хэн зааж өгөөд байдаг нь тодорхой! Энэ нь Москва манай 126-гийнн тодорхой хэсэгт бас авлига өгч УИХ-д өөрийн бүлэгтэй болох гэж байна гэсэн үг. Иймээс УИХ-д нэр дэвшигчдэдээ “Москвагийн өгсөн мөнгийг ав. Тэгээд улс болон иргэдийнхээ төлөө ажиллаад бай!” гэж уриалах шаардлага үүсээд байна. Учир нь Монголын сонгогчид бол яав ч оросууд биш. Тэд юмны цаад учрыг ойлгоно! Үүнийг л “Монголд хэрэгжүүлсэн урианы америк хувилбар оршвой!” гээд байгаа хэрэг. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Тэнүүн: Өнөөгийн буруу бодлогоос үүдэж Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна DNN.mn

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн ерөнхий захирал О.Тэнүүнтэй ярилцлаа. Тэрбээр Англид гадаад харилцаа, эдийн засаг, БНХАУ-д хэл, соёл, АНУ-ын Харвардад бизнесийн удирдлагаар сурсан, шинэ залуу лидерүүдийн нэг билээ.


-Та Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлийг хэрхэн дүгнэж байна. Монголчуудын хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ?

-Өнөөдөр Монголын хамгийн том асуудал нь дундаж давхарга болчихоод байна шүү дээ. дундаж давхаргын хавх гэж бий. бүх зардлаа хасаад хуримтлалтай үлдэж байвал дундаж давхаргынх гэсэн үг. дундаж давхарга бол нийгмийн хамгийн том аудитор. аудитор байхгүй бол хээл хахууль, хулгай, олон нийтийн өмч дээр дураараа дургидаг одоогийнх шиг хяналтгүй бүхэн бий болдог. хяналтыг дундаж давхарга тавьдаг. учир нь дундаж давхарга бол арай өөр ойлголт, боловсролтой байдаг л даа.

Өнөөдөр иргэд ядуу байх тусам  улс төр дэх хамгийн увайгүйчүүд нь саналыг нь худалдаж аваад төрийн эрхэд гарчихаад байна. халамжаар угжиж байна. дийлэнх хөгжилтэй орнуудын дундаж давхаргыг харахаар боловсролтой, мэдлэгтэй, мэдээлэлтэй, хөдөлмөрийн бүтээмж ихтэй, орлого өндөр байдаг. дундаж давхарга бол эдийн засгийн ноён нуруу. Эдийн засгийн цусны эргэлт. Эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулж, солонгоруулахгүй бол хэт баян, хэт ядуугийн ялгаа их гараад байна.

Өнөөдөр гадны оронд боолын ажлыг монголчууд хийгээд, “цагаан захтай” хөнгөн ажлыг гадныхан хүрч ирж хийгээд байна.

Латин Америкийн Аргентин, Мексик зэрэг улсууд дундаж давхаргын хавханд орчихоод гарч чадахгүй 200 жил болж байна. Азиас Тайланд, Индонез, Малайз зэрэг улс дундаж давхаргын хавханд ороод 60-70 жил явж байна. Тайландын иргэд оюуны ажил хийхгүй дандаа боолын ажил хийж байна. Бусдын хөлийг барьж амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс өнөөгийн нэн тулгамдсан асуудал бол дундаж давхаргагүй байгаа явдал.

-Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх оновчтой бодлогыг та юу гэж харж байна. Одоогийн эрх баригчид “халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлсэн ч бодит байдал дээр нийгэм бахь байдгаараа л байна. Бид эсвэл дундаж давхаргын хавханд хэдийнэ орчихоод байна уу?

-Ерөөсөө л боловсрол. Эдийн засгийн хөгжил хүний хөгжлийн индексээс шууд хамааралтай. Ер нь бүхий л ойлголт, нийгмийн бүхий л доройтол шууд боловсролтой холбоотой. 1978 оны сүүлээр Сингапур улсын удирдлагууд улсаа хөгжүүлэхийн тулд хүний хөгжил рүү анхаарсан. Хөгжсөн иргэн байх аваас улс хөгжих юм байна. Хүнгүйгээр улс гэж байдаггүй. Тиймээс иргэдээ соён гэгээрүүлье. Сургая. Ажлын байртай болгоё гэж зорьж байсан байгаа юм.

Тиймээс нэн чухал зүйл бол боловсрол. Өнөөдөр нийгэмд тулгамдаад буй асуудал боловсролын систем муу, хүртээмжгүй, тэгш бус байгаагаас болж гарч байна. Жишээ нь, Яармагийн 34 дүгээр сургуульд нэг ангид 69 хүүхэд хичээллэж байна. Нэг ширээн дээр гурван хүүхэд сууж байна шүү дээ.

Бидний үед хамгийн ихдээ нэг ангид 37 хүүхэд сурдаг байлаа. Энэ боловсролын доройтол биш үү. Нэг багш хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, нэг ангид өдөр өнжүүлэх төвийг л багш ажиллуулж байна. Сургууль дээр хичээл заахгүй байгаа нь хамгийн том зовлон болчихоод байна. Мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн эрүүл мэнддээ, өдөр тутам хийж байгаа ажилдаа, амьдралын хэв маяг, амьжиргаандаа анхаарч эхэлдэг.

Өнөөдөр энэ улсыг удирдаж байгаа хүмүүс яагаад боловсрол руу анхаарахгүй байна вэ. Энэ нь бидний доройтол болоод байна. Зөвхөн Монголд ийм зүйл тохиолдоод байгаа юм биш. Хөгжиж буй орны статустай байсан бүх улс ийм замыг туулсан. Тэд зөв бодлого хэрэгжүүлж, хүний хөгжлийг чухалчилсан. Тэгэх нь байтугай ирээдүйд тухайн улс орныг удирдах хүмүүсийг гадаад улсад сургаж байна. Үүнийг яагаад хийхгүй байна. Наад талын жишээ, Боловсролын сангийн зээл зорилтот сегментдээ яагаад хүрэхгүй байна. Сайд дарга нар хуваагаад авчихсан байна шүү дээ. Үүнээс гадна дундаж давхаргын хавх үүсээд байгаа, нийгэм доройтоод байгаа, төрд хулгай нүүрлээд байгаа зэрэг нь хэлний асуудлынх.

-Тэгэхээр нэн хүнд байдалд байгаа боловсролын салбарт ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Тухайн бүсэд сүүлийн 5, 10 жил хэдэн сургууль нэмэгдэв гэдгийг харах хэрэгтэй. Нэгдүгээрт хүртээмж. Гэтэл хүртээмжийг бий болгох гээд байхад хажуугаар нь хулгай хийгээд байгаа асуудал байна. Халамжийг хавтгайруулаад байна. 1072 хувьцааны ногдол ашиг нэрээр нийт 760 гаруй тэрбум төгрөг тараачихлаа. Байнд ч үгүй банзанд ч үгүй мөнгийг иргэдэд тарааж байхын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэгт зориулсан бол илүү үр өгөөжтэй байх байлаа.

Манай улсын дундаж залуу нас 27.1. Хамгийн бүтээмж өндөртэй, төрөлт хамгийн ихтэй, хэрэглээ ихээр нэмэгддэг үе. Нэг ёсондоо дундаж давхарга өсөх боломжтой хамгийн “чихэрлэг” үе. Үүнийг харахгүйгээр өнгөрүүлээд байна. Боловсролын реформ, сектор, кембрижийн хөтөлбөр гэж гүйх бус хамгийн түрүүнд хүрэлцээг нь хангах ёстой. Ингэж ярихаар багш нарын хүртээмж байхгүй гэх байх. Аргагүй шүү дээ. Багш нарт чиглэсэн бодлого алга. Өнөөдөр Монголын багш нар 60 хүүхдэд хичээл заах гэж үйл тамаа цайж байхаар Солонгост очиж буудал цэвэрлэвэл амьжиргаанд нь илүү тустай байна шүү дээ. Амьжиргааны түвшин доогуур, орчин нөхцөл бүрдээгүй, хүрэлцээгүй орчинд ямар багш ажиллахыг хүсэх вэ дээ.

-Долоон хувийн өсөлттэй байх прогнозтой байсан эдийн засаг хөдөө аж ахуйн салбарын уналтаас болоод буурчихлаа. Дээр нь инфляци өдөр ирэх тусам өсөж байгаа энэ үед эдийн засгийг сайжруулах ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Сүүлийн 10 жил нэг хүнд ногдох ДНБ 4-5 мянган ам.доллар. Гэхдээ энэ тоо бодит байдал дээрх нөхцөл хоёр шал өөр байна. Учир нь хуримтлалгүй байдал, өр зээл, татвар, валютын ханшийн уналт зэргээс үүдэж авсан цалин нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ нь ядаж 15 мянган ам.доллар болчихвол хүмүүс өөр зүйлд зарцуулах бүрэн бололцоотой.

Өөрсдийн хөгжил, гадагшаа дотогшоо сургууль соёлд явах, дундаж давхаргын илүү гэж хүсч байгаа зүйлд зарцуулах бүрэн бололцоотой болно. Гэтэл иргэдийн өнөөдөр авч байгаа цалин хэрэглээндээ хүрэхгүйгээр барахгүй хасах руу орчихоод байна. 18 их наяд төгрөгийн эдийн засагтай улс 4000-5000 ам.долларын ДНБ-тэй, иргэд нь өр зээлдээ баригдчихсан, төрийн албан тушаалтнууд нь хахуульдаа идэгдчихсэн, иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, иргэд 40 хувийн татвар төлдөг нийгэмд амьдарч байна. Тэгэхдээ бүр 40 хувийн татварынхаа үйлчилгээг ч авч чадахгүй амьдарч байна шүү дээ.

Уг нь 15 тэрбум ам.долларын эдийн засаг 100 тэрбум ам.доллар болох бололцоотой. Ерөөсөө л түүхийгээр нь гаргахгүй байх хэрэгтэй. Гадаадад хар ажил хийж олж байгаа мөнгийг эндээ олох бололцоотой шүү дээ. 60 ам.доллараар зарж байгаа нүүрсээ угаагаад 400-300 ам.доллараар зарвал нэг хүнд нэг цагийн хэдэн төгрөг өгч болох вэ. Үүнийг хийж чадахгүй байна. Өнөөдөр Монголоос хамгийн бүтээмжтэй, боловсролтой, хамгийн гайгүй гэсэн 213 мянган залуус үр хүүхдээ бодоод гадагшаа гараад явчихсан.

Ийм байхад 27.1 гээд байгаа дундаж залуу нас байхгүй болчихоод байгаа юм. Цаашид ч байхгүй болохоор байна. Энэ тоо 30 руу орвол эдийн засгийн уналт шууд бий болно. АНУ эдийн засгаа авч үлдэх үүднээс дундаж залуу насаа 40-өөс дээш гаргадаггүй. 40өөс дээш гарчихвал тухайн улсын эдийн засаг эргэлтэд ордоггүй юм байна.

-Энэ байдал юуны буруу вэ. Тогтолцооных уу?

-Одоогийн эрх баригчдад сэтгэл алга. Баян нь хэт баян болох гээд, хувийн асуудлаа өөрөө зохицуулаагүй хүмүүс дээшээ гараад бусдын төлөө гараа хөдөлгөхгүй байна. Хувьсгалын асуудлыг ярих гэхээр хувийн асуудал нь хөндөгдөөд нийтийн бус, өөрийн эрх ашгийг нэгт тавьснаас өнөөдрийн энэ бүх асуудал үүсч байна.

-Иргэд, аж ахуйн нэгжид дарамт болж байгаа зүйлсийн нэг нь татвар. Татварын асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ. Бусад улстай харьцуулахад хэвийн хэмжээнд байгаа, бууруулаад хэрэггүй гэж үзэх хүмүүс ч байдаг шүү дээ?

-Норвеги бараг 50 хувийн татвартай. Гэхдээ тэр хэмжээгээр төрийн үйлчилгээг иргэддээ өгч чаддаг. Эрүүл мэндийн систем нь чанартай. Боловсрол нь бүгд үнэгүй. Хангалттай хүрэлцээтэй. Элбэг ажлын байртай. Гэтэл 3.5-хан сая хүн амтай. Төсвийн дийлэнх хувийг баялаг бүтээж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүсээсээ бүрдүүлдэг. Өрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хоёроос. Үүнээс гадна зөвхөн уул уурхайгаас хамааралтай болох гээд байгаа асуудлаа шийдэх ёстой. Эдийн засгаа солонгоруулах ёстой. Мэдлэгтэй болгох хэрэгтэй. Тэгж байж биеийн хүчний бус оюуны хөдөлмөр, бүтээмжийг ашиглана.

Хүний хөдөлмөрийг байнга үнэлж байх ёстой. Одоогийн нийгэм хөдөлмөрлөж байгаа болон баялаг бүтээж байгаа хүмүүсийг үзэн яддаг болчихсон. Учир нь олон нийтийн итгэлийг авч төрийн эрхэд гарсан хүмүүс нь хулгайн янз бүрийн хэрэгт орооцолдоод байна л даа. Үүнээс болоод баялаг бүтээгч нь энэ, хулгайч нь энэ гэдэг нь нийгэмд ялгагдахгүй байна. Баялаг бүтээгч мянга баялаг бүтээгээд ямар ч үнэ цэнэгүй болчихоод байна. Тиймээс ялгаж салгаж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол тэгш бус байдал бий болгоод байна. Үүнээс гадна манай улс геополитикийн хувьд эмзэг байршилд байдаг. Экспортын 95 хувь нь Хятадаас хамааралтай энэ улс яагаад нийтийн тээврийн автобусаа Хятадынхыг сонгов. Тэр хүмүүсээс дахиад хамааралтай болчихлоо шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

2024 оны дөрөвдүгээрр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 16-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа DNN.mn

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан. Иймээс Шар хад, Да хүрээ зах орчимд авто машин, сэлбэгийн худалдаа  үйл ажиллагаа эрхэлдэг иргэн,  ААН-үүдийг “Авто худалдааны цогцолбор”-рүү нүүлгэнэ.

Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв