Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хий ачсан машин дэлбэрсэн хэрэгт 1.8 тэрбумын хохирол тогтоогджээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сард гарсан галын хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсгээс шалгаж эхэлсэн.

Тус ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 шинжилгээний дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоогоод байгаа аж.

Галын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Үүнээс гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал одоогоор тогтоогдоод байгаа юм байна.

Б.ЭНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгос улсаас эм оруулж ирэх нь маш зөв бодлого DNN.mn

Нэг үеэ бодвол эрүүл мэндийн салбар сэргэж байна. Барилга байгууламжуудаа шинэчлэн засварлаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр боломжийн хэмжээнд хангасан. Эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар нэмэгдэж, зарим төрлийн хэцүү хагалгааг эх орондоо хийж байна. Үүний үр дүнд гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалт нэг, хоёроор ч багасаад байгаа. Гэсэн хэдий ч гадагшаа явж эмчлүүлэгсдийн тоо төдийлөн буурахгүй байна. Үүнийгээ дагаад их хэмжээний мөнгө гадагшаа урсдаг. Нэг жилд 450 сая ам.доллар зөвхөн эмчилгээний зориулалтаар гадагшаа гарч байгаа гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байв. Мөнгөтэй хүмүүс хайртай хүмүүсээ эрүүл саруул болгохын тулд илүү чадвартай, найдвартайг сонгох нь зах зээлийн зарчим. Харин цалингаас цалингийн хооронд яваанууд нь ард түмнээсээ хандив гуйдаг. Сайхан сэтгэлт монголчууд маань эрвийх дэрвийхээрээ цуглуулж байгаад нэг, хоёрыг нь босгоод ирдэг. Иймэрхүү байдал бараг л зүй тогтол мэт тогтчихсон. Үнэхээр яаж ч болохгүй хүнд өвчнийг яалтай ч билээ.

Гэтэл бас эхэн үед нь, хөнгөн байхад нь дарж болох байсан өвчин чанаргүй эм, тарианаас болж хүндрэх нь элбэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Манай улсын эмийн зах зээл өнөөдөр 100 хувь хувийн хэвшлийнхнээс хамааралтай байгаа. Мөн сүүлийн 30 жил хямд эм олж ирэхийн төлөө уралдсан нь чанаргүй эм маш ихээр худалдаалагдах шалтгаан болсон. Тийм ч учраас УИХ-аас ноднин жил Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороог байгуулсан. Харин тус хороо жил орчим хугацаанд хяналт, шалгалтаа явуулаад өнөөдрөөс нээлттэй сонсголоо хийж эхэлж байна. Энэхүү сонсголоор маш олон зүйл ил болж, цаашид ямар арга хэмжээ авах, хэрхэн чанартай эмээр ард түмнээ хангах вэ гэсэн асуултуудад хариулт олдоно гэж найдаж байгаа. Манай улс одоогийн байдлаар нийт эмийнхээ 80 хувийг гаднаас авч байгаа нь ам.долларын ханштай шууд хамааралтай гэсэн үг. Мөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байгаа 500 гаруй эмээс улсын бүртгэлд ороогүй буюу Монгол Улсад худалдаалах боломжгүй 150 гаруй эм байгааг албаны хүн хэлсэн. Нэг ёсондоо эм үү, хор уу гэдгийг нь мэдэхгүй байж л иргэд худалдан авч уудаг хэрэг болж байна. Дээрээс нь чанаргүй эм хувь хүний эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Сайн чанарын эмийг хоёр хоног уугаад эдгэх байсан ханиад чанаргүй эмийг 14, түүнээс дээш хоногоор уудаг. Энэ нь эргээд хүнийг элдэв төрлийн эм, антибиотикт дасал болгодог.

Энэ бүхнийг улиглан учирласан шалтгаан гэвэл саяхнаас сайн мэдээ сонсогдож эхэлсэн явдал. Тэр нь Ерөнхий сайд энэ сарын эхээр БНСУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайдад Солонгос улсаас чанартай эм импортлох, эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм. Хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдсан эл асуудал олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мэдээж тус улсын эм олон улсын стандарт, чанарын шаардлагыг бүрэн хангасан. Ази хүнд төгс зохицсон байдаг. Өнөөдөр манай улсын иргэд тус улсаас өндөр чанарын эмийг хэн нэгэнд захиж, ууж хэрэглэж байгаа. Тэгэхээр үүнийгээ нэн яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэй. Ер нь Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийн чанарт сүүлийн үед онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ оны нэгдүгээр сард эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах Засгийн газрын тогтоолыг баталсан. Тэгэхээр Солонгос улсаас эм оруулж ирэх асуудлыг ярьж эхэлсэн нь дээрх тогтоолын хэрэгжилт болж байх шиг байна. Хэрэв үнэхээр Солонгос улсаас чанартай эм оруулаад эхэлбэл монголчуудын амьдралд том хөрөнгө оруулалт болно. Чанаргүй эмэнд хордож, хордсон хэрнээ өөр сонголт байхгүй учраас өнөөхөө өч төчнөөн мөнгөөр авч уухаа болино. Сард, жилд эмэнд зарцуулдаг нэг өрхийн төсөв хэд дахин буурна.

Хамгийн чухал нь монголчууд эрүүлжиж эхэлнэ. Эмийн зах зээл дээр ноёрхлоо бүрэн тогтоосон хэдхэн том компанийн монополь байдал арилна. Хэдэн арваас хэдэн зуу дахин дамлан худалдаалдаг дэлхийн хаана ч байхгүй бизнес устана.

Тэгэхээр Засгийн газар нэгэнт эхлэлийг нь тавьчихсан энэ ажлаа

элдэв сонгууль, улс төрийн асуудлуудаа ардаа орхиод богино хугацаанд ажил хэрэг болгох ёстой.

Энэ удаагийн Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлбэл хийчихдэг, амласнаа гүйцээж чаддаг гэдгийг муугаар нь ч, сайнаар нь ч бид гурван жилийн турш харсан. Хийж чадаж байгааг нь чадлаа. Сайныг нь сайн гэхээс өөр яах билээ. Үнэхээр энэ мэтчилэн ард түмнээ бодсон ажил хэргийг хийгээд л байвал түмэн олон алгаа ташин баяр хүргэж таарна.

Цаашид ч эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах Засгийн газрын тогтоолынхоо хэрэгжилтийг хурдасгаж, ажил хэрэг болгох нь зүйтэй. Олон

улсын чанар, стандартын шаардлага бүрэн хангасан эм үйлдвэрлэдэг дэлхийн өөр улсуудаас ч эм оруулж ирэх хэрэгтэй. Англи, Герман, Америк, Энэтхэг гээд эмийн үйлдвэрлэлд толгой цохидог улсууд бий. Эдгээр улстай хамтран ажиллах гарцаагүй шаардлага байгаа. Тэгж байж эмийн салбарт тогтсон мафийн сүлжээ арилна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээ. Тэгэхгүй бол өнөөдөр хэдэн зуу дахин нэмсэн үнээр чанаргүй эм худалдаалагдаж байна. Ганцхан жишээ хэлье. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хэлснээр бол өнөөдөр Вьетнам улсаас 300 төгрөгөөр авсан эмийг Монгол Улсад 10 мянган төгрөгөөр зарж байгаа гэх. Мөн 100 ам.доллар хүрэхгүй эмийг манай зах зээл дээр 500 ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл ч бий. Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээс харахад манай улсын эмийн зах зээл дээр 630 тэрбум төгрөгийн эм эргэлдддэг байна. Харин хууль бусаар орж ирсэн эмийг нэмэхээр энэ тоо нэг их наяд төгрөгт хүрдэг аж. Дээрээс нь даатгалаар олгогддог хөнгөлөлттэй эмийн чанарт иргэд сэтгэл дундуур, ам муутай байдаг. Учир нь аль л чанаргүй эмээ энэ ангилалд багтаадагтай холбоотой. Эмийн сангууд ч даатгалаар авах бол үүнийг, мөнгөө төлөөд авах бол энийг ав гэсэн сонголт өгдөг. Нэг ёсондоо мөнгөндөө тааруулаад чанаргүй эм авах, үгүй бол байдгаа шавхаад чанартай эмээр өвчнөө хурдан илааршуулах гэдэг сонголт иргэдийн өмнө тулгардаг. Харин иргэд өнөөгийн байгаа чадал чансаандаа тааруулж эмээ авах нь олонтаа.

Засгийн газраас эрт илрүүлгийн ажлыг орон даяар өрнүүлсэн. Эхэн үеэ бодоход иргэд үүндээ хамрагдаад дадаж байна. Үүний хүчинд ямар ч байсан Монгол Улс иргэдээ оношилж, хэн ямар өвчтэй вэ гэдгийг тогтоож байгаа. Харин тухайн өвчнийг эмчлэх, монголчууд амьд явахын баталгаа нь чанартай эм. Тэгэхээр нэгэнт эхлүүлсэн уг ажлаа эрчимжүүлж, хэлснээ хийдэг гэдгээ ард түмэндээ харуулах хэрэгтэй байна.

Т.Дарханхөвсгөл

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Оюунчимэг: Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүнээр та ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эмийн асуудлаас болж монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна. Гэтэл төр засгийн зүгээс эмийн асуудалд өдий болтол яг ямар бодлого, хяналт тавьж ажиллаж ирэв гэдгийг иргэд шүүмжлэн ярьж байна. Үүнд та хууль тогтоогчийнхоо хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Таны хэлдгээр өнөөгийн нийгэмд эмийн чанар үнэхээр аюулын харанга дэгдээгээд байна. ханиадны эм гэхэд л хэдэн арван төрөл байдаг ч ихэнх нь чанаргүй атлаа үнэтэй байгаа. Эмийн асуудал өнөөдөр яагаад ийм өндөр түвшинд хүрэв гэдэг нь мэдээж төрийн бодлого зохицуулалт сул явж ирснийх. дээр нь эрх зүйн өөрчлөлт орж ирэх болгонд гацаадаг, унагаадаг бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг байдлаас болоод өнөөдөр эмийн асуудал эх захгүй бизнес болж хувирсан. 2019 оны тавдугаар сард Засгийн газраас Эм, эмнэл гийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байдаг. тухайн үед нийгмийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар чуулганаар хэлэлцэгдэж байсан.

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн гол өөрчлөлт юу байсан юм бэ. Энэ хуулийг тэр үед УИХ батлаагүй гэж үү?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж ирж байсан. Мөн эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байсан.

Дээр нь эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллагын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан ийм хуулийн өөрчлөлт байлаа.

-Гэтэл ямар шалтгаанаас болоод дээрх хуулийн төсөл батлагдаагүй юм бэ?

-Энэхүү хуулийн төсөл нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы үед өргөн баригдсан хууль. Удалгүй салбарын сайд солигдож, С.Энхболд томилогдсон. Ингээд дээрх хуулийн төслийг С.Энхболд сайд концепцын хувьд учир дутагдалтай гэж үзэн учраас төслийг буцаасан байдаг. Ийм шалтгаантайгаар энэхүү хууль УИХ-аар батлагдаж чадаагүй. Одоо Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг ажиллаж байгаа. Энэхүү хуулийн төслийг боловсруулаад удахгүй оруулж ирнэ байх. Тиймээс энэхүү хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг батлах л чухал байгаа юм.

-Монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн талаарх хуулийг баталдаггүй юм байж. Гэтэл бас Эмийн агентлагийн үйл ажиллагаа нь их бүдэг яваад байна уу гэж харсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-УИХ өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулах тогтоолыг баталсан байдаг. Энэхүү тогтоолын хүрээнд 2021 оны нэгдүгээр сард Эмийн агентлаг шинээр байгуулагдсан. Угтаа эмийн чанар, үнийн өсөлтийг хянаж байх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсад бий шүү дээ. Гэтэл яагаад эмийн асуудал монгол хүний эрүүл мэнд, амь, насанд хохирол учруулсаар байна вэ гэдэг энэ салбарт бохир бизнес эрхлэгчдийн нэгдмэл хүсэл сонирхол оршиж байна гэсэн үг. УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Эмийн агентлаг угтаа 132 хүний орон тоотой байх ёстой. Энэ бол маш том бүтэц. Гэтэл өнгөрсөн хугацаанд тус агентлагийн үйл ажиллагаа яаж явсан, хүний нөөц, удирдлага, бодлогын ямар олон алдаанууд гарсныг олон нийт мэдэж байгаа байх. Агентлагийнх нь даргыг байн байн сольдог, хүн хүчний хүрэлцээг нь хангадаггүй. Өөрөөр хэлбэл эмийн үнэ, чанарыг хянах хуулиар олгогдсон эрхийг нь байнга хязгаарлаж байсан гэсэн үг.

-Засгийн газрын агентлаг шүү дээ. Үйл ажиллагаа нь сул явж байгаа бол удирдлага цаашлаад Засгийн газрын бодлого тааруу байна гэсэн үг биз дээ. Хэн, ямар бүлэглэл хянах үйл ажиллагаанд нь саад учруулж байна гэж та үзэж байгаа юм бэ?

-Түрүүн би хэлсэн шүү дээ. 2019 онд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн барьж байсан гэж. Харамсалтай нь уг хуулийн төсөл буцаагдсанаас хойш одоог болтол дахин өргөн баригдаагүй, гацсан. Эмийн асуудлаар хууль баталчихъя гэхээр гацаачихаад байна. Эмийн асуудлаар хяналт тавих чиг үүрэгтэй агентлаг байгуулчихаар мөн адил үйл ажиллагааг нь доголдуулж, зориуд улс төрийн нөлөөлөл орж ирээд байна шүү дээ. Тэгэхээр үүнээс нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь эмийн бохир бизнес бүлэглэл Засгийн газар тэр бүү хэл УИХын үйл ажиллагаанд нөлөөлж чадаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, эмийн асуудалд хяналт тавих ёстой байгууллагуудад буюу Хүний эмийн зөвлөл, ЭМДҮЗ, Эмийн агентлагт эм тойрсон компаниудын төлөөлөл хувалз шиг шигдчихсэн байна гэсэн үг. Улмаар өөрсдийнхөө эрх ашигт нөлөөлсөн эрх зүйн өөрчлөлтийг гацаах, Засгийн газрын бүтэц нэгжийн үйл ажиллагааг дотроос нь доголдуулсаар өдийг хүрсэн байгаа юм. Ийм нэгдмэл ашиг сонирхолтой паразитуудын хууль бус үйл ажиллагааны уршгаар эмийн чанарын асуудал монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирлыг учруулсаар байна. Тиймээс энэхүү ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох асуудал юу юунаас илүү чухал. Уг зөрчлийг таслан зогсоож байж иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ. Тиймээс миний хувьд ямар ч эргэлзээгүй эмийн бохир бизнес бүлэглэлтэй тууштай тэмцсээр байх болно. Тэмцсэнийхээ хүчинд ард түмэнтэй хамт ялах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Манай улсын эмийн зах зээлд эргэлдэж байгаа мөнгөн дүн ямар хэмжээнд байдаг бол. Нөгөөтэйгүүр Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг бид нэг их наяд төгрөгөөс давтал нь биелүүлсэн. Гэтэл энэхүү санхүүжилтийн ихэнх хэсэг нь эмнэлгийн ор эсвэл аптек, эм рүү чиглэсээр байгаа юм. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү дээрх сангийн хөрөнгө бараг явахгүй байна гэсэн үг. Манай улсын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн судалгаа бий. Гэтэл нийт эмийн 70 гаруй хувь нь импортоор орж ирсэн байгаа. Энэ эмнүүд яг хаанаас орж ирээд байна, ямар компанийн үйлдвэрлэсэн эм бэ, ямар компани оруулж ирээд байна гэдэг нь өөрөө өнөөдөр ил тод бус. Тэгэхээр энэ процессыг бид шилэн болгоё, нээлттэй ил тод байлгах шаардлагатай.

-Хил, гаалиар бүртгэл хийгдэж байж оруулж ирж байгаа байлгүй дээ. Тэгэхээр тэдгээр байгууллагаас энэхүү асуудлыг тодруулж үзсэн үү?

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан манай ажлын хэсэг бүх гааль дээр ажилласан. Ингээд харахад эмийн асуудал дээр импортлогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, Эрүүл мэндийн яам, гааль, хил гэдэг дээр нэгдсэн мэдээллийн платформ огт байдаггүй юм байна. Нэгэнтэйгээ мэдээлэл солих асуудал дээр алдаатай зүйлүүд ажиглагдсан. Нөгөөтэйгүүр эдгээр байгууллагуудаас авсан мэдээлэл тоо, баримтын хувьд асар их зөрүүтэй байгаа нь Түр хорооны ажилд саад учруулж байна. Бусад улс орнуудад бол энэ чиглэлд нэгдсэн мэдээллийн сантай. Түүнд нь орсон датанууд зөрүүтэй байна гэсэн ойлголт огт байдаггүй. Манайд харин зөрүүтэй мэдээллийн сан нь хаалттай байгаа нь цаанаа бүлэглэлийн эрх ашиг, монополь зах зээлийн асар хүчтэй нөлөөлөл байна гэсэн үг. Тэгэхээр цаашид энэхүү асуудалд дээр нэгдсэн мэдээллийн сантай болох нь илүү чухал байгаа юм.

-Эмийн салбарт монополь тогтоосон хэдхэн компани байгаа гэж та ярьсан. Эдгээр компаниудын үйл ажиллагаанд яг ямар доголдол байна вэ?

-Угтаа импортоор эм оруулж ирдэг томоохон ханган нийлүүлэгч компани нь өөрөө жижиглэн худалдаа руу орох ёсгүй байдаг. Гэтэл томоохон 2-3-хан компани энэ зах зээлийг бүрэн атгачихсан байгаа нь шинжээчдийн дүгнэлтээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ,эмийн салбарт байгаа хэдхэн монополь компаниудын нөлөөлөл жижиглэнгийн салбарт ч хүчтэй байна гэсэн үг. Эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж бий гэж үздэг. Эдгээр компаниудын ихэнх нь нөгөө монополь тогтоосон хэдхэн компаниудын охин компани гэдгийг шинжээчдийн нотлох баримт цуглуулах явцад гарч ирсэн. Энэ талаар тодорхой мэдээллүүд өнөөдрөөс эхэлж байгаа Эмийн сонсголын үеэр олон нийтэд нээлттэй болох байх. Үүнээс болоод өрсөлдөх зах зээлгүй учраас чанаргүй эм оруулж өндөр үнээр зарах суурь нөхцөл нь бүрдчихсэн байгаа хэрэг.

-Эмийн чанарыг шинжилдэг лаборатори уг нь манайд байгаа биз дээ?

-Монгол Улсын хэмжээнд ганцхан төв лаборатори бий. Гэхдээ энэхүү лаборатори маань өөрөө эмийн чанар аюулгүй байдлыг шинжлэн тогтоох тал дээрээ асуудалтай. Технологийн суурь бүтцийнхээ хувьд хөгжиж чадаагүй. Харин хувийн хэвшлийн лабораториуд бий. Тухайлбал, Монос-ын лаборатори байна. Гэхдээ энэ бол хувийн хэвшлийн лаборатори учраас бодитой шинжилгээ хийгдэж байгаа эсэхийг төр хянах боломжгүй болчихож байгаа юм. Үүнээс болоод асуудал үүсдэг. Энэ мэт эмийн чанар, үнэтэй холбоотой олон асуудлыг Түр хороо хянан шалгаж шаардлагатай бодлого, эрх зүйн өөрчлөлтүүдийг гарган ажиллана. Монгол Улсын эмийн зах зээл дэх  хэдхэн монопольчид ЭМДС-гийн хөрөнгөөр тоглож байгаа механизмыг яаралтай засах шаардлагатай. Үүнд эмийн бохир бизнес бүлэглэлийн эрх ашиг нөлөөлөл хүчтэй байгаа учраас ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Тиймээс асуудлыг ил тод, нээлттэй болгох, цаашлаад эмийн бохир бизнес бүлэглэлтэй тэмцэхийн тулд олон нийтийн оролцоо юу юунаас илүү чухал байгаа юм аа.

-УИХ-ын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганаар хэлэлцэгдэж байгаа олны анхаарал татсан хэд хэдэн хуулийн төсөл бий. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл орж ирсэн. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Мэдээж цаг үеийн шаардлагаар орж ирж байгаа хуулийн төсөл гэж харж байна. Нөгөөтэйгүүр өмнөх алдаа дутагдлаа уг хуулийн төсөлд засаад явах учиртай. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Хөгжлийн банкны хэрэгжил дээр алдаа гарч байсан. Тэгэхээр энэ алдааг бид Баялгийн сангийн тухай хууль дээр давтаж болохгүй. Баялгийн сан бол Монголын ард түмний өмч гэдэг утгаараа ил тод, нээлттэй, шилэн байх шаардлагатай. Энэ санг бид арвижуулах ёстой.  Баялгийн санд эрсдэл их байгааг бид бүхэн анхааралтай тооцох хэрэгтэй. Учир нь сүүлийн гучин жилд төгрөгийн ханшийг бодоход 700 дахин унасан гэж хэлж болно. Өнгөрсөн гучин жил хуримтлагдсан гадаад өрийн хэмжээ их байгаа. Өнөөдөр инфляци ямар байгааг бодолцох шаардлагатай. Цаашид төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зэрэг олон асуудлыг тал талаас нь сайн тооцож байж энэхүү Баялгийн сан ашигтай, өгөөжтэй байна. Тиймээс УИХ энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байна. Бусад улс орнуудын Баялгийн сан нь зургаан сангаас бүрддэг юм билээ. Харин манайх гурван сантайгаар эхлүүлэх гэж байна. Тэгэхээр яг өнөөгийн манай нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд энэ бодлого зөв болов уу гэж бодож байгаа. Асуудлыг хэн нэгний өнцгөөр бус нийтийн эрх ашигт тэр дундаа ирээдүйд үүсч болох эрсдлийг тооцоолж байж уг хуулийн төслийг батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын 8, Найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 06:00 цагт мандаж, 19:43 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи: 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөн дийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17, 20-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +13….+18 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8….+13 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Эрхэм гишүүд таслагдсан ч төр бариастай, эгэл сурвалжлагч сэжиглэгдэх төдийд хөл тушаастай” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-16-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш  Д.Энхтуяа “Сурагчаа биш, эцэг эхийг нь хүмүүжүүлдэг болсон” хэмээн ярилаа. Энэ тухай VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Монголчууд 60 гаруй улсаас 5000 тонн эм импортоор авч байна” гэлээ.

УЛС ТӨР: УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гурилын импортын тарифыг тэглэчихээр тариаланчид тариагаа тарихгүй гэж эсэргүүцээд байгаа” хэмээн” ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрхэм гишүүд таслагдсан ч төр бариастай, эгэл сурвалжлагч сэжиглэгдэх төдийд хөл тушаастай” гэв.

Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж “МАН унаж байгаа нэр хүндээ өсгөхийн тулд С.Зориг агсныг ашиглаж байна” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ираны довтолгооны эргэн тойронд

  • Жилийн өмнө 500-600 мянга байсан тавын банз 650-750 мянга болж өсчээ

“Анагаах ухааны эртний сударт буй мэдлэгийн их сангаас XXI зууны анагаахын шинжлэх ухааны “гайхамшиг”-ийг бүтээх боломж” гэснийг “Танин мэдэхгүй” булангаас уншаарай.

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хавар цагт сэрэмж хэрэгтэй


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЭЦА-аас “Алтайн хүдэр”-ийн захирал Р.Базарааг түр саатуулжээ DNN.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас өнөө өглөө Алтайн хүдэр ХХК-ийн Ерөнхий захирал, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базарааг түр саатуулжээ.

Түүнийг улс төрийн сонгуулийн санхүүжилт болон авлигын асуудалтай холбон барилчилсан гэх албан бус мэдээлэл байна. ЭЦА-аас одоогоор ямар нэгэн албан мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Түүнчлэн, Р.Базараагийн хамаарал бүхий компаниудад ЭЦА-аас шалгалт хийж байгаа аж.

Хэрвээ ЭЦА-аас Р.Базарааг үргэлжлүүлэн шалгах, гэмт хэрэг дахин үйлдэх үндэслэлтэй гэдгээр прокурорт хандвал прокурор шүүхэд цагдан хорих саналыг гаргана.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг 5 цэгт байршуулна DNN.mn

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, 3 уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг байна. Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн  зөрчил илрүүлэлтийн мэдээллээр  2022 онд 11369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50905 болж энэ тоо 78%-иар нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 тонд 245 болж 80 хувиар нэмэгдсэн байна.

2024 оны байдлаар нүүрс тээврийн автозамын зонхилох шалтгаан нөхцөлд:

  • Чиргүүлээ унагаах 26%
  • Урсгал сөрөх 10%
  • Хурд хэтрүүлэх 23%
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9%
  • Зогсож буй автомашины араас мөргөх 12%-ийг эзэлж байна.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл, Гашуунсухайт авто зам ХХК, Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран нүүрс тээврийн автозамын 5 цэгт камер байршуулах цэгийг тодорхойлж, байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр жолооч нарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,  хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар  хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж, чадна гэж үзэж байна.  2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үе 13 нэгжээр буюу 34.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний зам хааж байршуулсан контейнерыг зөөж, замыг чөлөөллөө DNN.mn

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван ажлын хэсэг ажиллаж буй.

Хотын стандарт мөрдүүлэх ажлын хүрээнд хуучирч муудсан сурталчилгааны самбарууд, явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шонг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна.

Мөн Амгалангийн зам дагуу явган хүний зам хааж байршуулсан контейнерыг зөөж, замыг чөлөөллөө. Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгажээ.

Энэ мэтчилэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 1754, орон нутагт 1103 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна DNN.mn

Улсын хэмжээнд 2018 онд эмийн үйлдвэр 41, эм ханган нийлүүлэх байгууллага 360, эмийн сан 2128 байсан бол 2023 оны байдлаар эмийн үйлдвэр 39, эм ханган нийлүүлэх байгууллага 453, эмийн сан 2857 болж нэмэгджээ.

Эмийн сангийн байдлыг авч үзвэл, 2020 онд улсын хэмжээнд 2343 эмийн сан үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тоо 2023 онд 2857 болж нэмэгджээ. Үүний 1103 нь орон нутагт, 1754 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр эмийн сангийн тоог хүн амын тоотой харьцуулахад нийслэлд 1000 хүн тутамд нэг, орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.