Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө DNN.mn

Өнөөдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны 62 насны ойг тохиолдуулан Ардчилсан намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.Цэцэг өргөх ёслолд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын даргын зөвлөх, УТЗ-ийн гишүүн А.Ганбаатар, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Даваасүрэн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ, ҮБХ-ны гишүүн Б.Баттулга нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно DNN.mn

НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, тус хорооны 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байрыг нурааж, долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилт бүхий 720 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн юм. Мөн долоон давхар, 140 машины нэгдсэн зогсоолыг нэмэлтээр төлөвлөж байна.Төслийн хүрээнд эхний хоёр блок буюу 202 айлын орон сууцны гадна фасадын ажил эхэлсэн бөгөөд энэ оны есдүгээр сард тус хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээх авах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх,

-Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар “11-11” төвд нийгмийн даатгалын асуудлаар 1029 гомдол иржээ DNN.mn

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин мэдээллээ. Тэрээр “Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг  үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

Уг нүхэн гарцын хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ. Ингэснээр авто замын түгжрэл 10.5 хувиар буурах юм.

Categories
мэдээ цаг-үе

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2023 оны буцаан олголт өнөөдрийн 15:00 цагаас олгож эхэлжээ. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад “Нийслэлийн оршин суугч 28.979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд шилжиж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 20,090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг, 8,889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаалтад 5.6 тэрбум төгрөг авна. Орон нутгийн тухайд, тухайн аймгийнх нь төрийн сангаас хамаарна. Хоёрдугаар улиралдаа багтаан олгох хуулийн хугацаатай” гэв.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэхээр болсон юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Зураач Ц.Сүхээ: Намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж бодож явдаг даа DNN.mn

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Цагааны Сүхээгийн тэртээх 1980-аад оноос 2020 оны хооронд бүтээгдсэн олон зуун эх загвар, тэмдэглэлүүд бүхий “Миний өдрийн тэмдэглэлүүд” бие даасан үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баяртай байна. Өөрийнхөө үзэсгэлэнг хүнд дэлгэж үзүүлнэ гэдэг зураач хүний баярын нэг юм даа. Энэ л миний сэтгэлийн баяр. Анх 1984 онд тэр үеийн зөвлөлтийн Ленинград хотын Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид суралцаж байлаа. Тэр үеэс бүтээлийнхээ санаануудыг тэмдэглээд ирсэн юм. Тэгээд л үзэсгэлэн гаргах хэмжээний болчихсон байсан. Эдгээр бүтээлүүдээсээ сонгоод уран бүтээлийн үзэсгэлэнд оролцоно. Эх загвараа өшөө илүү баяжуулаад ямар санааг яаж гаргаж ирэх вэ гэдгээ хүртэл шийдэж зурна. Тухайн үед хүмүүс зарим зургуудыг минь хараад бие даасан зураг болчихсон байна шүү дээ гэдэг байсан.

Энэ миний гурав дахь үзэсгэлэн. Нэг дэх үзэсгэлэн нь 2014 онд Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байсан юм. Дараагийн бие даасан үзэсгэлэн Америкийн Нью-Йорк хотод орчин үеийн урлагийн үзэсгэлэнд нээсэн, одоог хүртэл ажиллаж байгаа.

-Үзэсгэлэн хэд хоног байрших вэ?

-Дөрөвдүгээр сарын 5-нд “B contemporary art gallery”-д нээгдсэн. Ер нь дөрөвдүгээр сарын 21-нийг дуустал гарна. Хуучин хоёр долоо хоног гаргадаг байсан бол одоо уртасгасан хуваариар гаргаж байгаа юм. Тэгээд л үзэсгэлэнгээ гаргачихаад сууж байна даа. Мөн үүдэндээ сэтгэгдэл үлдээх дэвтэр бэлдсэн. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс сэтгэгдлээ хуваалцах юм. Түүнийгээ хараад ямар сайхан сэтгэгдэл бичдэг юм бэ гээд баярлаад сууж байна. Урам хайрласан сэтгэгдлээс өөрийгөө илүү мэргэжлийн хэмжээнд хүрэхийн тулд хөдөлмөрлөх ёстойг ойлгож байна.

-Та бүтээлүүдээсээ онцолж яривал ямар зураг сонгох вэ?

-Эдгээр зураг бүгд л миний үр хүүхэд. Энэ нь сайн, муу гэлтгүй миний сэтгэлээс гарч байгаа. Эхлээд ямар зураг зурах вэ гэсэн сэтгэгдэл бууна, дараа нь түүнийгээ дүрсэлнэ. Өнгө, зохиомж гаргаад л боловсруулалтын процесс юм даа.

-Нэг бүтээл хэр удаж гараас гардаг вэ?

-Зургаа зурахдаа хүнд үзүүлж болох хэмжээний буюу энэ зураг дууслаа гэх үедээ л дуусгавар болгодог. Түүнээс хугацаа шаарддаггүй. Эх загвар нь гарчихсан байдаг ч бүтээл болохдоо 10, 20 жил болох нь бий.

-Хүмүүс таны ямар зургийг илүү сонирхож байна?

-Янз бүр л байна. Хамгийн гол нь залуучууд, үзэгчид маань миний энэхүү үзэсгэлэнг хүндэлж үзэж байгаа нь баяртай байна. Хүмүүст өөрийнхөө бүтээлийг дэлгэж үзүүлнэ гэдэг сайхан байна. Улам л илүү сайхан зураг бүтээчих юмсан гэсэн хүсэл төрөөд л явж байна даа.

-Та хэдэн наснаас уран зургаар хичээллэж байв?

-Зургадугаар ангиасаа л зургийн дунд сургууль байдгийг мэдээд зурсан зургуудаа очиж үзүүлэхэд долдугаар ангийн сурагч авдаг гээд тэр үед уулзаж багш маань Пионерын ордны зургийн дугуйланд суралцах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Тэгээд долдугаар анги төгсөөд л зургийн сургуульд орж байлаа. Тэр үедээ зураач болно гэж ерөөсөө санаанд бууж байгаагүй. Ер нь л ийм мэргэжил байдаг гэдгийг мэдэж, энэ л намайг сайн сургана гэсэн итгэлээр л явж байв.

Тэгсэн миний тэр ойлголтоос тэс ондоо зүйл байдаг юм байна. Зураач, бүтээлч болно гэдэг их сайхан ч юм. Мөн их хүнд ажил байдаг юм байна даа. Юм хийх хэцүү гэдгийг одоо л жаахан мэдэрч байна. Гоё зүйл хийгээд явж болох ч өөрийн сэтгэлийг илэрхийлсэн нандин зүйлийг тэр болгон урган гаргаж болдоггүй юм байна шүү дээ. Өөрөө өөрийгөө хөгжүүлж л явахгүй бол.

-Анхны үзэсгэлэн гаргах мэдрэмж ямар байсан бэ?

-Хорооноос үзэсгэлэн гаргах хуваарийг тэр үед гаргадаг байсан юм. Хавар, намар, оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гээд л. Гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох завшаан гарвал зургаа явуулчихна. 2007 онд Мексикт болсон олон улсын усан будгийн финальд “Бороотой өдөр” гэдэг зургаар оролцож байсан. Дараа нь тэр музейн захирлаас зургаа манайд хадгалуулаач. Олон орны бүтээл байдаг ч Монголоос уран зураг байхгүй гэсэн утгатай захиа илгээхэд зөвшөөрч байлаа. 2008 онд “Бээжин-Финаль III” уран зургийн үзэсгэлэнд “Хайр” зургаараа оролцож байсан юм. 2017 онд Шанхайд болсон Монголын зураачдын үзэсгэлэнд оролцсон.

-Таны хүүхдүүд уран зураг зурдаг уу?

-Хүүхэд болгон зураг зурдаг шүү дээ. Ач нар маань өвөөдөө зураг зураад харуулдаг юм. Зураг зураад ирэхэд нь урам хайрлаад л явуулдаг даа. Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг мэдэхгүй л байна.

-Таны уран зургаас хүмүүс юуг илүү ойлгоосой гэж бодож байна?

-Хүнд хүрсэн бүтээл гарсан байгаасай л гэж хүсдэг дээ. Зураачдын хүний сэтгэлд буусан зураг байдаг шүү дээ. Түүн шиг өөрийн зүрх сэтгэлээ гаргаж, сэтгэлээ илчилсэн, намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж боддог. Тэр зураг нь хэзээ гарахыг таашгүй. Ямар зовлон жаргал эдэлж гарахыг одоогоор мэдэхгүй л байна. Түүний төлөө одоог хүртэл хичээж явна. Энэ насандаа тийм сайхан зураг зурчихвал болчих гээд л байна. Хүнд тэгж л үлдээвэл сайхан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, МҮОНРТ-ийн Программын нэгдсэн захиргааны дарга Магваны Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Сүүлийн үед цахим орчинд МҮОНРТ-ийн хураамж, өр төлбөрийн асуудал хүчтэй яригдаж байна. Тиймээс тус телевизэд олон жил ажилласан хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Нэгдүгээрт, өр төлбөр, хураамж хоёр тусдаа ойлголт шүү. Сошиалаас харж байхад өрөө багасгахын тулд хураамжаа нэмэх бодлого явуулах гэж байгаа мэтээр шүүмжилж байсан. Тэгэхээр хураамжаа нэмье гэдэг зүйл яриагүй. Нөгөөтэйгүүр хураамжаа нэмээд одоо байгаа өрөө даръя гэдэг зүйл ч огт яригдаагүй.

Манай MNB удирдлага хэдхэн долоо хоногийн өмнө шинэчлэгдсэн. Тэр утгаараа тус байгууллагын үйл ажиллагаа, санхүү мөнгөний асуудлуудыг хянаж харсан байх. Ингээд өр төлбөр нь ийм байна, орлого, хураамж нь ийм байна гэдгийг ил тод гаргаж ирсэн. Г.Гэрэл захирлын хувьд байгууллагын өр 8.4 тэрбум төгрөг байна гэдгийг тогтоогоод олон нийтэд мэдээлсэн нь буруу зүйл огт биш. Тэр дундаа олон нийтийн хяналттай олон нийтийн эрх ашигт үйлчилдэг байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд юу нь алдаатай байна, юу нь болохгүй байна гэдгээ олон нийтдээ зарлах нь эрүүл үзэгдэл гэж бодож байна.

-Хураамж, өр төлбөрийн асуудал хоёр тэгвэл тусдаа юм байна гэж ойлгох уу. Нөгөөтэйгүүр хураамжаа нэмнэ гэдэг зүйлийг хэлээгүй ч нэмэх шаардлага байгаагаа хэлж байсан. Үүнээс болоод МҮОНРТийн контентын чанар, бүтцийн асуудлыг зарим нэг хүмүүс шүүмжилж эхэллээ. Таны хувьд энэ телевиз олон нийтийн статус, чиг үүргээ барьж ажиллаж чадаж байгаа гэж боддог уу?

-Мэдээж хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд МҮОНРТ үйл ажиллагаагаа төдийгөөс өдийг хүртэл алдаа оноотойгоор явуулж ирсэн. Цаашид ч алдаагаа засаад явах учиртай. Ер нь нийгэмд МҮОНРТ-ийг татан буулга, ийм телевиз байх шаардлага байхгүй гэдэг зүйлийг төдийгөөс өдийг хүртэл ярьж байсан. Бидэнд алдаа байгаа юу гэвэл байгаа. Тэглээ гээд МҮОНРТ-ийг устгах, хувьчлах, татан буулгах гэдэг зүйл байж боломгүй хандлага. Үндэсний олон нийтийн телевизгүй тусгаар тогтносон улс орон бараг байхгүй. Тэр дундаа ардчилсан тогтолцоотой улс орнуудын хувьд олон нийтийн статустай байгууллагууд цөөнгүй байдаг. Хэрэв Монгол Улсын хувьд Үндэсний олон нийтийн радио телевизгүй бол хэн нийгмийн бүлэг бүхний эрх ашигт нийцсэн нэвтрүүлэг, контент гаргах юм. Хэн уламжлал, өв соёл, малчдын амьдралыг олон нийтэд сурвалжлан таниулах вэ. Нөгөөтэйгүүр МҮОНРТ гэдэг бол өөрөө асар том архив болсон байгууллага. Өөрөөр хэлбэл, нийгмийн оюун санааны ой санамж гэсэн үг. Тиймээс үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийнэ үү гэхээс биш МҮОНРТ-ийг устгана, татан буулгана, хувьчилна  гэдэг бол дэндүү өрөөсгөл ойлголт шүү.

-Та МҮОНРТ бол нийгмийн бүлэг бүхний эрх ашиг, сонирхолд нийцсэн нэвтрүүлэг гаргадаг гэж хэллээ. Гаргах ч үүрэгтэй байх. Үүнээс болоод зарим хүмүүст үндэсний телевизээр гарч байгаа контентууд таалагддаггүй байх л даа, тийм үү?

-Таалагдах эсэх нь үзэгч хүний эрхийн асуудал. Таалагдахгүй бол сувгаа солих, унтраах эрхийг нь хэн ч хориглож чадахгүй. Энэ бол нэг талын асуудал. Нөгөөтэйгүүр хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж нэвтрүүлэг, контент гаргана гэдэг бол олон нийтийн статустай байгууллагын хувьд боломжгүй. Үүнийг л манай үзэгчид сонсогчид сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь, чиглэлийн нийтийн тээвэрт суучихаад гэр ийнхээ үүдэнд хүргүүлдэггүй биз дээ. Гэрийнхээ үүдэнд хүргүүлэх гэж байгаа бол таксинд суух нь зөв. Үүнтэй адил хэсэг хүмүүсийн сонирхлоор нэвтрүүлэг, контентууд бэлтгэгдэн хүрдэггүй гэсэн үг. Гэлээ гэхдээ иргэдийн хүсээд байгаа контент, нэвтрүүлгийг гаргахгүй байна гэсэн үг бас биш. Боломжиндоо тулгуурлаад аль болох хэн бүхний хүсэл сонирхолд нийцсэн нэвтрүүлэг, контентуудыг гаргахыг зорьдог. Нөгөөтэйгүүр МҮОНРТ бол зарим залуучуудын ойлгож байгаа шиг цор ганц сувагтай байгууллага биш ээ. Яг одоогийн байдлаар телевизийн таван суваг, радиогийн хувьд дэлхийн таван хэлээр цацагдаж байгаа. Дээр нь мэдээллийн сайт байна. Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн салбартаа хамгийн том мэдээллийн сүлжээтэй байгууллага. Ийм өргөн хүрээнд мэдээллийг түгээдэг байгууллага. Гэтэл асар том бүтцээр буюу олон хүнийг бүтээмжгүй ажиллуулдаг гэдэг зүйлийг ярьдаг. Иргэдээс авч байгаа хураамжаараа нэвтрүүлэг гаргах биш энэ олон хүнээ цалинжуулсаар дуусгадаг гэдэг буруу ойлголт бий.

-Бусад арилжааны телевизүүдэд ч иргэд хураамж төлдөг. МҮОНРТ-д төлж байгаа хураамж бол хэд дахин бага байдаг гэж ярьдаг. Яг хэдэн төгрөгийн хураамж авдаг юм бэ?

-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар арилжааны телевизүүдэд бид сар бүр 2500 төгрөг төлж байгаа. Үүнийг зарим хүмүүс мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. Гэтэл Үндэсний радио телевизэд өгч байгаа 600-1100 төгрөгийн асуудлыг нийгмийн түвшинд гарган ирж асуудлыг ярьдаг. Асуудал ярих нь зөв. Би үүнийг буруу гэж хэлээгүй шүү. Асуудал ярихдаа, шүүмжлэхдээ эхлээд учир шалтгааныг нь олох хэрэгтэй. Өнөөгийн нийгэмд маш том сөрөг хандлага сүүлийн үед хүчтэй нэмэгдэж байна. Тэр нь хэн нэгнийг ямар нэгэн асуудалд холбогдсон эсэхийг тогтоогоогүй б айхад л хулгайч, луйварчин, өстөн дайсан мэтээр харааж зүхэж байна. Өөрөөр хэлбэл, шүүмжлээд байгаа сэдвийнхээ учир шалтгааныг нь ойлгоогүй байж бусдын өнгөнд нэгдээд шуугьчихаж байгаа юм. Энэ нь өөрөө нийгмийн оюун санааны дархлаанд хамгийн сөрөг нөлөөллийг бий болгодог. Та түрүүн бүтцийн тухай асуусан, тийм үү…

-Тэгсэн… МҮОНРТ нийт 700 гаруй ажилтантай гэдэг. Үнэндээ ийм нүсэр бүтэцтэй хэвлэл мэдээллийн байгууллага манайхаас өөр улсад байхгүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ингэж шүүмжилж байгаа хүмүүс байдаг. Тэдний ихэнх нь асуудлаа ойлгоогүй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудын олон нийтийн радио телевиз ямар бүтцээр яаж ажилладаг вэ гэдгийг огт мэдэхгүй хүмүүс л ингэж ярьдаг. Үнэндээ МҮОНРТ-ийн 700 ажилтан гэдэг бол бүгд сэтгүүлчид эсвэл зураглаач, дарга, цэрэг биш шүү дээ. Үүнд хилийн чандад, орон нутаг дахь сэтгүүлчид, зураглаачид мөн жолооч, үйлчлэгч, сан техник, аж ахуйн олон зуун хүн бий. Энэ бүгд нийлээд 700 орчим хүнтэй гэдэг. Нөгөө талаасаа олон нийтийн байгууллагад 700 хүн ажиллаад явж байгаа нь юу нь буруу байгаа юм. Энэ 700 хүний ард хэдэн мянган хүний амьжиргаа, амьдрал ахуй явж байдаг. Хэрэв МҮОНРТ татан буугдвал яах вэ. Хамгийн түрүүнд энэ 700 хүний ар гэрийн асуудал хүнд байдалд орно. Тиймээс МҮОНРТ-ийн хүний нөөц баг бүрэлдэхүүний хувьд ихэдсэн, эсвэл том бүтэцтэй данхайсан зүйл огт байхгүй. Бид ямар гадны хүн ажиллуулж байгаа юм уу. Монгол хүн энэ байгууллагаас төдийгөөс өдийг хүртэл аж амьдралаа залгуулаад явж байна. Энэ тэгээд буруу юм уу гэдэг зүйлийг нэг талаас нь харах хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд МҮОНРТ-ийн хувьд удирдлагууддаа их х алтай болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад л асуудал маргаан өрнүүлж байгаад л сольдог. Энэ нь тухайн байгууллагын менежментийн асуудалд сөрөг нөлөө үзүүлж байгаа юу. Одоо өр, төлбөр, хураамжийн асуудал ярьж байгаад бас удирдлага солигдох асуудал яригдах уу. Ийм нэг бохир систем хэзээ устах бол?

-Миний хувьд энэ асуудлаар албан ёсны тайлбар хэлэх боломжгүй. Гэхдээ иргэн хүнийхээ хувьд хардлага бол байдаг. Иргэн хүн хардах эрхтэй. МҮОНРТ-ийн удирдлагыг тогтворгүй ажиллуулах, бодлого үйл ажиллагаанд байнга саад учруулж байдаг ямар нэгэн эрх ашигт нэгдсэн бүлэглэл байдаг гэж боддог. Энэ бүлэглэлийн нөлөөллөөс болж МҮОНРТ удирдлагаа тогтоохоо больсон нь үнэн. Удирдлага олон солигдох тусам тухайн байгууллагын чадамж, бүтээмж, үйл ажиллагаа суларсаар байдаг. Миний хувьд телевизид 29 жил ажиллаж байна. Энэ хугацаанд удирдлагаа тогтоодоггүй байгууллагын үйл ажиллагаа ямар их суларсныг харж байна. Тэр дундаа олон нийтийн статустай, олон хүнийг зохион байгуулж, менежемент хийж байгаа байгууллагын удирдлагыг тогтоосон бүрэн эрхийнх нь хугацаанд тулгаж л ажиллуулах шаардлагатай юм билээ. Муу ажилласан бол бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад л явдаг. Сайн ажилласан бол дахиад сонгогдоод гарч ирээд явдаг ийм л зарчим алдагдсан. Тэгэхээр одоо зарчмаа бариад алдаагаа засаад явах, цаашлаад тогтвортой менежментийн бодлого МҮОНРТ-д ус агаар мэт хэрэгтэй байна.

-Өрийн асуудлыг танаас дахиад тодруулъя. Ер нь үе үеийн захирлууд тэдэн төгрөгийн өртэй байхад нь очиж байсан гэдэг зүйлийг хэлдэг. Энэ өр ер нь хаанаас анх үүссэн ямар өр юм бэ?

-Үе үедээ өртэй байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Л.Нинжцамц захирлын үед тэрээр өмнөх удирдлагуудын үлдээсэн өрийг тэглэж байсан. Гэхдээ яг дараагийн удирдлагуудад ажил хүлээлцэх үед ковид гарчихсан байсан. Ковидын үед Нийгмийн даатгалын багахан хэмжээний үлдэгдэлтэйгээр дараагийн удирдлагуудад ажлаа өгснийг санаж байна. Харин дараагийн удирдлагаас өнөөгийн удирдлагын үе хүртэл 8.4 тэрбум төгрөгийн өр үүссэн гэж ярьж байгаа. Энэ нь хаанаас яаж үүссэн өр вэ гэдгийг Үндэсний аудит, хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоолгох нь зөв байх. Ер нь миний бодлоор манай телевизийн хувьд энэхүү санхүүгийн гинжин хэлхээнээсээ нэн яаралтай гарах хэрэгтэй. Улсын төсвөөс болон олон нийтээс хураамж авч санхүүждэг нэртэй. Энэ санхүүжилт бол томоор харагдсан бага төсвүүд. Улсын төсвөөс орж ирж байгаа санхүүжилт нь аль нэг намын хэн нэгэн сайдын үзэмжээр крант нь хаагдчихдаг. Үүнээс болоод байгууллагын үйл ажиллагаанд тогтворгүй байдал бий болдог. Тогтворгүй байдал бий б олсноороо дарга удирдлагууд нь солигддог. Ийм тогтолцооны гажиг МҮОНРТ-д бий. Ийм сонин санхүүгийн хараат байдлаас гарах хамгийн зөв систем, арга зам бол угтаа шүүмжлүүлээд байгаа хураамжийн асуудал л юм байна лээ. Гэхдээ би санхүүгийн хүн биш болохоор нарийн юмыг нь сайн хэлж ойлгуулж чадахгүй болов уу.

-Хураамж гэхээс илүү реклам, зар сурталчилгаа явуулах цагаа нэмчих нь зөв биш үү. Үүнийг нь зохицуулсан хуульдаа хоёр хувийг нь тав ч юм уу, эсвэл бүр 10 хувь болгочихвол санхүүгийн хувьд асуудалгүй болчихно гэж байх уу?

-Хуулиараа нийт нэвтрүүлгийн ердөө хоёр хувь гээд заачихсан байдаг. Хууль өөрчлөх нь хууль тогтоогчдын бүрэн эрхийн асуудал байх. Бидний хувьд саналуудаа байнга хүргүүлдэг. Ер нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх шаардлага үүссэн гэдэгтэй санал нэг байдаг. Тэр ч утгаараа УИХ-ын зарим гишүүдийн ширээн дээр энэхүү хуулийн шинэчлэлтийн төсөл байгаа болов уу гэсэн итгэл үнэмшилтэй явдаг хүний нэг. Цаашид энэхүү асуудлыг телевизийн удирдлагууд саналаа өгөх зарчмаар шийдээд явах болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 20, Санчир гариг. Билгийн тооллын 12, Харцага одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 05:53 цагт мандаж 19:49 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Х