Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд болон улс төр, бизнесийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Тайландын Хаант Улстай өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

 

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсчээ DNN.mn

Өнөөдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай. Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсээд байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигчдод дараах сэрэмжлүүлгийг ОБЕГ-аас хүргүүллээ.

 

Хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, хоол хүнсний нөөцтэй байх,

Автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явах,

Авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах,

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 18, 25, 10-р ангийн алба хаагчид ажиллажээ.

Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Ганбат: Сайхан бүжиглэх бол чадвар, бүжгээр түүх өгүүлэх бол авьяас юм DNN.mn

 “World Ballet and Dance Grand Prix Mongolia 2024” Олон улсын бүжигчдийн тэмцээн Монгол Улсад анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн зохион байгуулагдахтай холбогдуулан зохион байгуулагчид өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Казахстан, ОХУ, АНУ, БНСУ, Хятад, Филиппин зэрэг олон улсын шилдэг бүжигчид тэмцээнд оролцох юм. “World Ballet and Dance Grand Prix Mongolia 2024” Олон улсын тэмцээний уран сайхны удирдагч, “G River” балет студийг үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан С.Ганбаттай ярилцлаа.


-Та хэдэн настайгаасаа бүжигтэй, тэр дундаа балеттай амьдралаа холбосон бэ?

-11 наснаас бүжгийн урлагтай амьдралаа холбожээ. Бүжгийн урлагт орсон шалтгаан маань сонин тохиолдол байсан. Сэлэнгэ аймагт хүүхэд байхдаа гадаа тоглоод явж байлаа. Тэр үед Ардын багш Г.Долгорсүрэн намайг олж хараад, бүжигчин болох хүүхэд байна гэж мэдсэн байгаа юм. Тэгээд “Чи бүжгийн сургуульд явах уу” гэж надаас асуухад би ч бүх шалгалтад нь тэнцчихсэн. Тэр хүн намайг анх хөгжим бүжгийн дунд сургуульд авч ирж байсан. Би 1986 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байлаа. 1993 онд төгсөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилласан. Дуурийн теарт түүнээс хойш 14, 15 удаа бүжгийн жүжгийн гол дүрүүдийг бүтээж байсан байна. Ж.Жав багшаар анх бүжгийн тавилт, сууриа заалгаж байсандаа өөрийгөө их азтай гэж үздэг. Монгол Улсын гавьяат багш Н.Энхтуяа надад балетчин болох урам зориг хамгийн их өгч байсан.

-Ямар дүрийг хамгийн их хүсч байж бүтээсэн бэ?

-Хүүхэд насандаа монгол бүжгийн дасгалыг хамгийн их хийдэг, монгол бүжиг их бүжиглэдэг байлаа. М.Нарангэрэл багштайгаа зааландаа ихэнх цагийг өнгөрөөдөг байсан. Балетчин болоод урдаа хамгийн эхний зорилт маань Жизельд тоглох байсан. Сургуулиа төгссөнөөсөө хойш зургаан жилийн дараа Жизельд тоглосон. Альбертын дүрд тасралтгүй дөрвөн жил тоглож байлаа. Тэр л залуу насны хамгийн хайртай дүрүүдийн нэг байсан.

-Эрэгтэй хүүхдээ балетаар хичээллүүлбэл эмэгтэйлэг болно гэдэг үнэн үү. Хүүхэд балетаар хичээллэх нь ямар эерэг нөлөөтэй вэ?

-Эрэгтэй хүмүүс балетын урлагт орж ирснээрээ илүү их тэсвэр тэвчээр, хатуужилтай болдог. Хэрвээ та өөрөө балетаар хичээллээд үзвэл тэвчээр ямар их шаарддагийг мэдрэх болно. Хүн өөрөө бүжиглэх бол амархан хэрэг. Харин өөр хүн өргөж бүжиглэх, техникүүдийг хийнэ гэдэг бол амаргүй. Бөхчүүд хүнийг бяр чадлаараа өргөдөг бол бид арга техникээр хамтрагчаа өргөдөг. Шөрмөс булчингийн дасгал, үе мөчний дасгал сайн хийсний үр дүн юм. Хүн хөнгөн, хурдтай байж залуулаг биеийг хадгалж үлддэг.

-Дүрсгүй эрэгтэй хүүхдүүд балетаар хичээллэснээр төлөвших үү?

-Би өөрөө их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Аав ээжийнхээ чихийг хатууруулдаг. Харин бүжгийн сургуульд орсноороо зааланд ихэнх цагаа өнгөрөөдөг болсон. Хүүхэд заалны соёл, балетын соёл сурснаараа хүмүүжиж байдаг.

-30, 40 настай хүмүүс балетаар хичээллэж болох уу?

-Хэрвээ эрүүл байхыг хүсч байвал балетаар хичээллэхэд хэзээ ч оройтохгүй. Студи дээр маань балетын сургалт авдаг хүмүүстээ ч хүн бүр бүжигчин байх албагүй. Хүн бүр эрүүл байх ёстой гэж хэлдэг. Балетын дасгалууд нь залуулаг биеийг бий болгож байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүсийн хамгийн эрт сулардаг булчингууд нь бүсэлхийнээс доош хэсэг байдаг. Тэгэхээр тэр хэсэг хөнгөн, цусны эргэлт их байх тусам залуулаг байдаг.

-Балет бол “үггүйгээр түүх өгүүлэх юм” гэдэг. Яагаад вэ?

-Драмын жүжиг үгтэй болохоор ойлгох харьцангуй амар. Харин бүжгийн жүжиг бол яаж хүмүүст үггүйгээр ойлгуулах вэ, ярихгүйгээр үзэгчдэд ойлгогдох, биеийн хэлэмжээр ойлгогдох гэдэг бол уран бүтээлч чанар юм. Бага насны хүүхдүүд техник үйлдлүүдийг сурч байгаа ч дотоод сэтгэлийнхээ мэдрэмжийг бүжгээр хараахан илэрхийлж сураагүй байдаг. Мэдрэмжээ бүжгээр, үйлдлээр илэрхийлж чадаж байгаа хүн артист юм. Үзэгчид хараад үлгэр домог үзэж байгаа мэт ойлгох ёстой. Утга илэрхийлээд, бүжгийн жүжгийг ойлгуулж чадаж байна гэдэг бол бүжгийн жүжигчин юм. Бүжгийн жүжигчин, бүжигчин хоёрын хооронд асар их ялгаа бий.

-Францын бүжигчин, бүжгийн мастер Ж.Ж.Новерр “Балетчин залуус түүх, яруу найргийг судлахтун” гэсэн байна. Энэ үгний тухай юу гэж бодож байна?

-Москва хотноо болдог Олон улсын балетын “Best Contemporary Dancer” тэмцээний мөнгөн медальт, 1995 онд БНСУ-д болсон Олон улсын балетын фестивалийн шилдэг бүжигчин У.Бат-Эрдэнэ тэргүүлж энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэрээр дэлхийн том тайзуудаар бүжиглэж, дэлхийн түвшинд Монголын нэрийг гаргасан хүн. Зарим залуус маань урлагийн салбарын түүхэн хүмүүсийг танихгүй, тэдний хийж бүтээсэн зүйлстэй танилцахгүй байна. Бидний урьд урдын хүмүүс үгүй бол бид өдий зэрэгтэй сурч хөгжихгүй. Би өөрөө ч сурагч, хүүхдүүддээ Монголын балетын түүхийг, ямар ямар хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байсныг хэлж сургадаг.

-Ж.Ж.Новерр “Балетчины бүтээл яруу найраг болог” гэсэн байдаг. Яагаад вэ?

-Д.Нацагдоржийн Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд гэсэн мөр байдаг. Үүнийг биеийн хэлэмжээр хүмүүст ойлгуулах, илэрхийлэх гэдэг нь авьяас юм. Н.Оюун “Бүжиг бол өөрөө ухааны урлаг” гэсэн байдаг. Би чамд хайртай гэдэг өгүүлэмжийг үйлдлээр хэрхэн ойлгуулах вэ гэдэг бол бүжгийн жүжигчний ажил юм. Сайхан бүжиглэх бол чадвар, бүжгээр түүх өгүүлэх бол авьяас.

-Балетын урлаг үзэгчдэд юу өгдөг вэ. Тэдний зүрх сэтгэлд юуг үлдээх вэ?

-Үе үеийн бүжигчид дунд энэхүү сэдэв яригддаг. Дээхнэ үеийн зарим үзэгчид бүжгийн жүжиг үзээд уйлаад гардаг байсан. Тухайн үед бүжгийн техникээсээ илүү хүнд яаж ойлгогдох, хүрэх дээр анхаардаг байсан. Орчин үед бүжигчдийн хэлбэр галбир, техник төгс болчихсон. Харин хүмүүс бүжгийн жүжгийн илэрхийллийг ойлгохгүй ямар гоё үсэрч, бүжиж байгааг чухалчлах болсон. Илэрхийлэх гэсэн санаа, бүжгийн техник хоёр нийлж байж төгс бүтээл бий болох юм. Орчин үед аливаа зүйлд хандахдаа өнгөцхөн хандлагатай болж.

-Бүжигчин хүн бусад хүнийг биеийн хэлэмжээр нь ямар хүн бэ гэдгийг мэдэж чаддаг уу?

-Энэ тал дээр мэргэжлийн онцлог илт мэдрэгддэг. Хүний биеийн пропорц, хэлбэр галбираас тухайн хүн өөртөө яаж ханддаг вэ гэдгийг харж болно. Өөрөө өөртөө зарчимтай байдаг. Өөрийнхөө биедээ яаж хандаж байна, бид яг л тийм хүмүүс байдаг. Гадны зарим орнуудад бизнес хэлцэл гаднаасаа яаж харагдахаас л эхэлдэг байгаа юм. Өөртөө анхаардаггүй, өөрийгөө цэвэрхэн авч явж чадахгүй хүн бизнесээ ч авч явж чадахгүй гэж үздэг.

-Балетчин хүний амьдралын юу нь сайхан байдаг вэ. Хамгийн хүнд хэцүү цаг үе хэзээ байв?

-Миний мэргэжил бол ямар ч стрессгүй. Бид тайван ажлаа хийгээд, тайван сайхан ажлаа хийж байхад бүх зүйлс сайхан бүтэмжтэй байдаг. Бухимдалтай байх л юм бол бүх зүйл гацчихдаг, зогсонги байдалтай болдог. Олон сайхан багш нартай болж, тэдгээр хүмүүсээр энэхүү сайхан замыг заалгасандаа баяртай байдаг. Надад маш их хүсэл мөрөөдөл байсан болохоор надад хэцүү үе байгаагүй. Хүн сэтгэлээсээ хандах юм бол хүнд даваа гэж байдаггүй. Ажил хийж байгаа хойно ядрах, хөл гар гэмтэх бол байх ёстой зүйл. Бид залуу насандаа сахилгагүй байлаа. Хүмүүстэй гар зөрүүлээд эрүүгээ хугалчихаад Хунт нуур бүжиглэж байсан. Тэрийг хүндрэл гэж харсан бол би цаашид хөгжихгүй.

-Одооны хүүхдүүдтэй ажиллах ямар байна?

-Одооны залуус багш нараасаа илүү их зүйлс шаардаж, хүсэх болсон. Бидний үед болохгүй байгаа хүүхдийг цохиод авдаг байлаа. Харин хүүхэд юу хүсч байгаа, яаж заах вэ гэдгийг бид тэр бүр мэдэхгүй. Шинэ асуудал гарч ирж, өдөр бүхэн л суралцаж байна. Орчин үеийн хүүхдүүдтэй ижил сэтгэж байж тэдэнтэй ойлголцож, зааж зөвлөж явна. Өөрийн мэргэжлийн сайн сайхныг олон нийтэд таниулж, балетын дасгал хүний биед ямар сайн нөлөөтэй вэ гэдгийг сонирхогчдод ч мөн зааж байна.

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг тав, зургаахан компани нийлүүлж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Эмийн сонсголоор эрүүл мэндийн салбарт үүрлэсэн олон асуудлыг та бүхэн гаргаж тавилаа. Ер нь энэ салбарт хууль дүрэм үйлчилж байна уу гэх шүүмжлэл нийгэмд өрнөж байна. Хууль эрх зүйн ямар орчин энэ салбарт үгүйлэгдэж байна гэж та харж байна вэ? 

-Эм, эмнэлгийн тухай хууль боловсруулагдаад өнөөдрийг хүртэл өргөн баригдаагүй байгаа. Үүнийг яаралтай хурдан оруулж ирэх ёстой. Эмтэй холбоотой стандарт шаард  лагууд сонсголоор их хөндөгдсөн. Өнөөдөр манайд үндэсний хэмжээний ганц лаборатори бий. Гэхдээ тоног төхөөрөмжүүд нь хуучирч элэгдчихсэн, дутуу байна. Эм бүрийг олон улсын хэмжээнд үздэг үзүүлэлтээр үзэж чадахгүй байна. Үүний цаана төсөв яригдана. Таван тэрбум гэж яригдаж байх шиг байна лээ. Тэр бол зөвхөн сайжруулахад шаардлагатай төсөв. Үнэхээр үндэсний хэмжээний иж бүрэн, байр савтай, олон улсын жишигт нийцсэн лабораторитой болъё гэвэл 20 гаруй тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Үүнийг Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрынхан сонсголын үеэр хэлж байсан.

Өнөөдөр тэр шаардлагатай хөрөнгө оруулалт нь хаана байна вэ. Энэ жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй. Ирэх жилийн төсөвт тусгах уу гэдгээс авахуулаад асуудал байна.

Мөн удирдлага зохион байгуулалт, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн асуудал, боловсролын тогтолцоо бүгд асуудалтай байна. Эм, эмнэл зүйн чиглэлээрх боловсон хүчнийг түлхүү хувийн их, дээд сургуулиуд бэлдэж байна. Нөхцөл байдал нь өнөөдөр голцуу цахимаар явж байх жишээний. Лабораторид хичээл орохгүй байна. Хүнд үзүүлэх гэрчилгээ, үнэмлэх авахын төлөө цахимаар болсон болоогүй явж байгаад үнэмлэх авах гээд байна шүү дээ.

Түүнчлэн орж ирж байгаа эм, эмийн бүртгэл, хил гаалийн бүртгэл, байгууллагууд хоорондын мэдээллийн уялдаа холбоогүй. Бүгд тус тусдаа.

Бүртгэлийн асуудал, эмийн лицензийн зөвшөөрлийн асуудал, зайлшгүй шаардлагатай эмийг хэн яаж, ямар журмаар баталдаг, Хүний эмийн зөвлөл, зөвлөлийн бүрэлдэхүүнийг ямар сонгон шалгаруулалтаар авдаг вэ гэдгийг танилцуулсан. Сонсголд дуудагдсан гэрч Хүний эмийн зөвлөлд орсноо ч мэдээгүй байх жишээний. Өглөө хурал дээр ирээрэй гэж дуудсан гэж байгаа юм. Тухайн эмүүдийг Монгол Улсад бүртгэх эсэх асуудлыг ярих гэж байхад Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрийгөө байгаа эсэхийг мэдэхгүй байна шүү дээ.

Үүнээс гадна нийгмийн даатгалаас хөнгөлөх хөнгөлөлттэй эмийн асуудлыг хэрхэн яаж шийдэж байгаа, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл хэрхэн олгож байгаа, олгосныг яаж сунгаж байгаа, Эрүүл мэнд, эм хангамжийн байгууллага дахь албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийг сонсголын үеэр зарлалаа.

-Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтнууд бүгд хамаарал бүхий компанитай байсан нь танилцуулагдсан ч зарим нь гүтгэлээ хэмээх тайлбарыг хийж байна л даа. Тэр дундаа нэг компани руу чиглэж байна ч гэх шүүмжлэл мэр сэр гарлаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-2018-2023 оныг хүртэлх зургаан жилийн хугацаанд Эрүүл мэндийн яам, түүний салбар зөвлөл, агентлагуудад ажиллаж байсан, шийдвэр гаргаж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг хамааруулж ярьсан. Эрүүл мэндийн яамны одоогийн бүтэц бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь хамааралтай гэж зарим хүмүүс буруу ойлгоод байх шиг байна лээ. Тэнд 2018-2023 онд ажиллаж байсан хүмүүсийн зарим нь ажлаасаа халагдчихсан байхыг үгүйсгэхгүй. Тэтгэвэрт гарчихсан байж ч болно. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хүний эмийн зөвлөл, комиссын бүрэлдэхүүнд, НЭМГ зэрэг салбар гол байгууллагуудад газар хэлтсийн дарга нараас дээш түвшинд ажиллаж байсан хамаарал бүхий компаниуд сонсголоор яаж гарч ирэв. Ардаа дандаа эм ханган нийлүүлэх байгууллагуудтай, нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээдүүд байна. Шинжээч нар УБЕГ-ын лавлагаагаар баталгаажуулж гаргаж ирж байгаа шүү дээ. Түүнээс зохиомлоор гаргахгүй. Хэн нэгнийг гүтгэхгүй. Шинжээч нар гаргасан мэдээлэлдээ хариуцлага хүлээнэ. Хүнийг гүтгэсэн бол өөрсдөө хариуцлага хүлээнэ.

Тиймээс улсын бүртгэлийн лавлагаан дээр үндэслэж овог нэр, регистрийн дугаар дээр нь үндэслэж гаргаж ирж байгаа юм. Энэ компанитай ах дүүс, гэр бүлээрээ ийм хамааралтай гэж маш нарийн гаргадаг юм байна. Түүнээс түр хорооны УИХ-ын гишүүд хүмүүсийн нэрийг гаргаж ирж цоллоод байгаа юм биш. Бид ч гэсэн үзэгчидтэй адил хэлэлцүүлгийн өглөө материалаа авч байгаа юм. Учир нь шинжээч нарын материал гадагш задрах ёсгүй. Хоёрдугаарт, хараат бусаар ажиллах ёстой. Түүнээс захиалга аваад түүний хамаарал бүхий гэж гаргаж ир, үүнийг далд хий гэж хараат байж болохгүй. Тиймээс УИХ-ын гишүүд хамаарал бүхий этгээдийн мэдээлэлтэй өглөө нь танилцаж байгаа юм.

-Ковидын үеийн худалдан авалтаар ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Ковид хүнд байсан уу, хүнд байсан. Хил гааль хаалттай байсан уу, байсан. Ойлгож байгаа. Энэ үед вакцинаас авахуулаад эм тарианы нөөц хүрэлцээ шаардлага байсан уу, байсан. Гэхдээ ковид нэрийн дор хууль зөрчиж болохгүй. Тиймээс шууд худалдан авалтуудыг ихээр хийсэн байна. Хэрэглээнээс хэтэрсэн эм тариануудыг тооцоо судалгаагүйгээр ихээр авсан. 11 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний хугацаа нь дуусчихсан устгалд оруулах гээд байж байна. Энэ юуг харуулж байна гэхээр хичнээн хэмжээний эм, тариа хэрэгтэй гэдгээ тооцоогүй, хэрэглээнээсээ давсан захиалга хийсэн байна. Ковид хэзээ дуусахыг мэдэхгүй учраас нөөцтэй болж байвал гэж хандсан. Иймэрхүү алдаанууд гарсан байна.

Шинжээч нар олон кейсүүдийг гаргаж ирсэн. Иннолобин дархлааны бэлдмэлийг хуурамчаар үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэглээд хүний амь нас эрсдсэн байхыг үгүйсгэхгүй асуудал яригдсан. Гаднаас 109 мянган ширхэг дусал хөлдүү орж ирсэн. Тээвэрлэлтийн горимм алдагдсан. Орж ирээд лабораторид шилжлүүлсэн. Шинжилгээнд тэнцэхгүй байна гээд буцаасан. 21 хоногийн дараа лабораторид шинжлүүлж тэнцэнэ гэж гаргуулаад эмчилгээ үйлчилгээнд оруулсан байж болзошгүй. Устгасан гэж ярьж байх шиг байсан. Бид хардаж байгаа. Учир нь Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн аюултай хог хаягдлыг устгадаг хоёрхон үйлдвэр бий. Тэр хоёр эмнэлэг тухайн хугацаанд 30, 40-хөн кг дусал устгасан. Өөр баримт байхгүй. Гэтэл энд 5.4 тонноор яригдаж байгаа шүү дээ. Тиймээс тэр дусал худалдаанд гарсан байх магадлал өндөр.

Хүний эмийн зөвлөл нь АСЕМ нэрийн дор нэг удаагийн хурлаар 50 нэр төрлийн эмийг бүртгэж авсан асуудал мөн сонсголоор танилцуулагдлаа. Бүртгэнэ гэдэг нь эмийн шинжээч дүгнэлтээ гаргасны дараа лабораторид оруулна. Ингээд эмчилгээнд ашиглаж болно гэсэн дүгнэлттэй байх ёстой. Эмнэл зүйн хувьд доторх найрлага нь хүрч байгаа эсэхийг бүртгэж авдаг. Гэтэл огт ийм зүйл байхгүйгээр хуралдаанд оруулж ирсэн. Бүртгэж авахгүй гэж байхад шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр бүртгэж авсан байгаа юм. Нэг удаагийн хурлаар 147 эмийг оруулж ирж бүртгэж авсан байх жишээтэй. Энэ мэтээр олон талын зөрчил илэрсэн. Зарим нэг нь албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан байна. Эрүүгийн шинж чанартай байж болохуйц зөрчил байна гэдгийг Түр хороо гаргасан. Эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмийн асуудал дээр улаан гэрэл асчихсан байна. Энэ асуудлаар Үндэсний аудитын газар хэдэн жилйин өмнө шалгалт шүүлэг хийсэн. Аль хэзээний авах арга хэмжээг нэг бүрчлэн хэлж өгч дүгнэлт зөвлөж гаргасан. Харамсалтай нь тэр үеийн Эрүүл мэндийн сайд нарын тэр чиглэлээр авсан арга хэмжээ тодорхой бус. Авсан арга хэмжээнийхээ тайланг эргүүлж ирүүлсэн зүйл байхгүй байна. Нэг үгээр хэлбэл, үл ойшоосон. Сонсголоор иргэдийн мэдэх эрхийг хангаж өгсөн.

Хэрвээ энэ сонсгол хийгдээгүй байсан бол олон нийт мэдэхгүй ийм байдлаар хэдий хүртэл явахыг хэлж мэдэхгүй байна. Тиймээс олон нийтийн эрх ашгийг хангах хамаарсан асуудлаар сонсгол хийлээ. Эмийн асуудал танд ч, надад ч хамаатай. Хүн бүр, айл бүртэй хамаатай учраас эмийн хэрэглээ, эмийн хяналтын тогтолцоо, бидний хэрэглэж байгаа эм чанартай, баталгаатай гэдгийг хэлж мэдэхгүй байна. 100 хувь баталгаатай гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Учир нь хяналтаа тавьж чадахгүй байна. Хяналт байхгүй байна гэдэг нь хэмжиж чадахгүй байна гэсэн үг.

-Ашиг сонирхол, албан тушаалын зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох боломжтой юу. Сонсголоор гарч ирсэн асуудалд хариуцлага тооцож чадахгүй буцаад замхарчих вий гэсэн болгоомжлол олон нийтэд байх шиг байна?

-Сонсголоор яригдсан зөрчлөөс эрүүгийн шинж чанартай асуудал бага. Тэд эмийн бизнес, эм ханган нийлүүлэх байгууллага а жиллуулж болно. Хориглооогүй. Хамгийн гол тухайн албан тушаалтан нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гээд албан тушаал хашиж байгаа шүү дээ. Гэтэл тухайн хурлын шийдвэр гаргалтад, эмийн бүртгэлтэй, лицензтэй холбоотой асуудал ярих гэж байхад хамаарал бүхий бол ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөж би энэ асуудалд орж болохгүй, санал өгч болохгүй гээд гарах ёстой.

Гэтэл хуралд оролцоод, зөвлөлийн гишүүнээр нь, нарийн бичгээр нь ажиллаад саналаа өгчихсөн байгаа юм. Сонсголын үеэр АТГ-ын комиссарууд хэлсэн шүү дээ. Үндсэн хуулиас эхлээд авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зэрэг олон хуулийг зөрчиж байгаа үйлдэл гэж хэлсэн.

Ковид нэрийн дор тэр олон эмүүдийг шууд худалдан авалт хийсэн. Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байх шиг байна лээ. 30 гаруй тэрбум төгрөгийн асуудалд хэний компани орсон байна. Нөгөө хамаарал бүхий албан тушаалтнуудын компани шууд худалдан авалтад орсон уу, үгүй юу. Үүнийг хууль хяналтын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд судална. Түр хорооны, шинжээчийн асуудал биш. Бусдад ямар хэмжээний хохирол учруулсан, тухайн асуудлаас үүдэж ямар хохирол учирсан байгааг, хүний амь нас эрсдэх аюултай байсан эсэх, эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоож хамаарал бүхий этгээдүүдийг хөөх нь хууль хяналтын байгууллагуудын ажил.

Бид нотлох баримтын хэмжээнд байгаа байдлыг илрүүлсэн. Дураараа цээжний бангаар хандаж байгаа юм биш. Зарим хүмүүс би мэдэхгүй, хамааралгүй гэсэн гомдол гаргаж байх шиг байна лээ. Нотлох баримтын хэмжээнд гаргаж ирсэн асуудал. Хэрвээ тийм санал гомдолтой байгаа бол гомдлоо ирүүлж болно, тухайлан шалгуулж болно. Ямар компаниар ямар хамаарлаар энэ компанитай нэгдмэл сонирхолтой юм бэ, хамаарал бүхий гэж үнэлэгдсэнээ шинжээчтэй холбогдоод зуучилж өгөхийг үгүйсгэхгүй. Нэр төрөө сэргээлгэнэ гэсэн асуудал ярьж байх шиг байна лээ.

Маш цөөхөн хүмүүсээс гомдол гарч байх шиг байна лээ. Ер нь дийлэнх олонх нь хүлээн зөвшөөрч байгаа. Гомдолтой байгаа бол түр хороо, түр хорооны даргад гомдол ирүүлж болно.

Нөгөө талаар энэ салбарт үнийн өсөлт, монополийн асуудал байна.

Өнөөдөр монголчууд жилд 8.4 мянган тонн эмийг “идэж” байна. Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг нь тав, зургаахан компани нийлүүлж байна. Үлдсэн 20 орчим хувийг бусад компаниуд оруулж ирдэг юм байна. Тиймээс энэ салбарт шударга өрсөлдөөн байна уу, үгүй юу. Үүнийг ШӨХТГ судалж давуу эрхтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Өрсөлдөх эрхийг ингэж хаасан байна. Дээр нь хамаарал бүхий албан тушаалтнууд нь шийдвэр гаргалтад байх жишээний. Зүй тогтлоороо ийм зүйл байж болохгүй шүү дээ. Хэдхэн компаниуд үгсэн хуйвалдаж эмийн үнийг өөрсдийн дур зоргоор тогтоож байна.

Ковидын үеийн тооцоо судалгаагүй оруулж ирсэн 11 тэрбум төгрөгийн эм бол алдагдал байна. Тухайн компаниуд бусад эмүүдийн үнийг нь өсгөж алдагдлаа нөхнө. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч алдаглыг үүрч байгаа юм.

-Сонсголоос гарах үр дүн нь юу вэ?

-Богино хугацаанд шууд үр дүн гарна гэж хэлж чадахгүй. Сонсголын үеэр би “Сонсгол дууслаа маргааш нь эмийн үнэ бууж, чанар нь сайжирчихна” гэж ойлгож болохгүй шүү гэж иргэдэд анхааруулж хэлсэн. Гэхдээ бид эмийн чанарыг сайжруулах, үнийг буулгахын төлөө явж байгаа. Сонсгол дуусаад тайлангаа УИХ-д хэлэлцүүлнэ. Цаашид авах арга хэмжээний тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төслөөр Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд чиглэл өгнө.

Сонсголын үеэр 31 сэдэв танилцуулагдсан. Сэдэв бүрт холбогдох зөрчлүүдийг олон нийтэд сонсголоор мэдээлсэн. Сэдэв бүр дээр авах арга хэмжээний асуудал яригдана. Энэ бүр дээр энэ олон заалттай тогтоолын төсөл боловсруулагдаж таарна. Засгийн газар энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ ав гэж үүрэг өгнө. Мэдээж авсан арга хэмжээнийхээ тайланг эргэж хугацаатай мэдэгд гэсэн. Тиймээс үр дүн богино хугацаанд шууд гарна гэхээсээ урт хугацаанд цогц арга хэмжээний хүрээнд гарна. Эхлээд хууль эрх зүйн орчин, стандартыг шинэчлэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

2024.04.21 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 05.51-19.51
Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 21, Адьяа гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:51-19:51. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын хоккейчид IV дивизионы дэлхийн аварга боллоо DNN.mn

Кувейт улсад шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд боллоо. Энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын үндэсний шигшээ баг Индонез (9:3), Кувейт (5:2), Малайз (14:2) багийг хожсоноор дэлхийн аварга болсон байна.

Монголын хокккйчид анх удаа дэлхийн данстай тэмцээнд түрүүлж байна.

Тэд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба дэлхийн аварга болсноор ирэх жилээс С дивизионд өрсөлдөх юм.

Categories
мэдээ нийгэм

УГТЭ-ийн эмч нар Люксембургийн зочин профессорын багтай хамтарч зүрх судасны нарийн мэс заслуудыг хийжээ DNN.mn

Манай улсын эрүүл мэндийн салбар дахь зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулан бэхжүүлэх чиглэлээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)-ээс Люксембургийн Их Гүнт Улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгааг мэдээллээ.

Энэ хүрээнд Люксембургийн профессорын насанд хүрэгч болон хүүхдийн зүрхний мэс засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хараахан бие даан эмчлэх боломжгүй зүрх, том судасны нарийн төвөгтэй мэс заслын тохиолдлуудад тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай хамтран энэ сарын 14-19-ний өдрүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллажээ

Эмч нарын хамтарсан баг нарийвчилсан үзлэг оношилгоо, мэс заслын заалттай 20 эмчлүүлэгчид зөвлөгөө өгснөөс гадна долоон том хүн, гурван хүүхдэд яаралтай мэс заслын тусламж үзүүлсэн.

Эдгээр тохиолдлууд нь ховдол хоорондын таславчийн цоорхой, уушгины артерийн даралт ихсэлт хавсарсан хүнд хэлбэрийн хүүхдийн зүрхний хөх гажиг, насанд хүрэгчийн титэм судасны хүнд хэлбэрийн шохойжилт нарийсалт, гурван хавтаст хавхлагын нарийсал митрал хавхлагын нарийсалтай хавсарсан хавхлагын гажиг, гол судасны өгсөх хэсэг болон нумын цүлхэн, хүнд хэлбэрийн шохойжилт бүхий зүрхний ховдлын агшилт буурсан конструктив перикардит зэрэг зүрхний мэс заслын өндөр ур чадвар, туршлага шаардсан зүрхний олдмол гажгийн төвөгтэй, хараахан бие даан хийх боломжгүй тохиолдлууд юм.

Түүнчлэн зүрхний митрал хавхлагын мэс заслын дараах зүрхний ховдлын дутагдлын шалтгаан, түүнийг засах арга техник, зүрхний мэс заслын нээлттэй хагалгаанд ЭКМО ашиглах талаарх онол дадлага, хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

Ташрамд дурдахад УГТЭ-т Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН007 төсөл амжилттай хэрэгжиж байна.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам 

Categories
мэдээ нийгэм

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийн гол зорилго нь нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу төлөх ёстой байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд алданги, хүү, торгууль тооцохгүй байх зохицуулалтыг агуулж байгаа аж. Уг тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан итгэлцүүрийн дагуу нөхөн төлүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, 2022 оны нэгдүгээр сарын  01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэвч хуулийн зорилтод бүлэг бүрэн хамрагдах боломжгүй байжээ. Учир нь цар тахал, малын зүй бус хорогдол их байсан зэрэг шалтгаантай байна.  .

Хуулийн төслийг баталснаар тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй малчдын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж бүрдэж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах болзол, нөхцөл бүрдэх аж.