Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ DNN.mn

Монголын баячууд, хөрөнгөтнүүдэд хүнд цаг үе тохиож байна. Зүүний чиглэлийн нам чадлаараа чангалж, хөрөнгийг нь хурааж байна. Төв цэнгэлдэхийг хураалаа, автобусны компаниудын захирлуудыг барьж хорьж хураалаа. Одоо “Ачит эх”-ийг хураана гэж байгаа. Мөн сая батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар хувийн компаниудын эзэмшиж буй стратегийн есөн ордын 34 хувийг төр шууд эзэмших эрхтэй болж байгаа. Ингэснээр МАК-ийг хураах, “Энержи ресурс”-ийг хураах, жижиг Таван толгойг “Ажнай” Д.Бат-Эрдэнээс хурааж авна гэж яригдаж байна. Эрх баригч Ардын нам Засгийн эрхэнд гарангуутаа л “Салхитын мөнгөний орд”-оос аваад мөнгөтэй бүхэн рүү дайрч, эзлэн түрэмгийлж хураасан. “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлан Засгийн газрын тусгай төлөөлөгч тавьж булааж авсан. “Эрдэнэс Таван толгой” компанид мөн тусгай төлөөлөгч тавьж эзэн суусан.Дээрээс нь банкнаас зээл авсан бүхнийг баалж доромжилж, гутааж, онц гэмт хэрэгтэн мэт үзэж хичнээн олон хүнийг хичнээн олон сараар шүүж, заримыг нь барьж хорьж ялласныг бид харж байна.

Зээл авах бол гэмт хэрэг биш. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид банкнаас зээл авч бүтээн байгуулалт босгож, ажлын байр бий болгон, улс орны эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулдаг. Монголд яг одоо бизнес эрхлэгчдийг бараг л өдөр бүр сүр дуулиантайгаар баривчилж шоронд хийж байгаа. Ингэж баячуудын хөрөнгийг хураан, тэдний босгосон бүтээн байгуулалт руу төр засаг улангасан дайрч байгааг хараад ард түмэн, нийгэм тэр чигтээ түрхрэн дэмжиж байна. Хэвлэл мэдээлэл ч баячуудыг өмөөрсөнгүй. Шулуухан хэлэхэд, Монголд хөрөнгөтнүүдээ өмөөрөх хэвлэл мэдээллийн байгууллага үлдээгүй. Яагаад гэвэл Монголын баячууд өөрсдөө хэвлэлийг байхгүй болгосон.

Яаж байхгүй болгосныг одоо хэлье. Монгол хоёр гурван сайн телевизтэй болох байсан. 25 дугаар суваг, Ийгл гээд. Тэгтэл Монголын мөнгөтэй болгон телевиз байгуулаад эхэлсэн. Учир нь рекламны мөнгөө аль нэг телевизэд өгч тэднийг баяжуулж, тэтгэн дэмжихийн оронд өөрсдөө телевиз байгуулаад, реклам сурталчилгаагаа үнэгүй явуулаад, өөрсдийгөө өмөөрүүлээд дээрээс нь мөнгө олоход боломжтой гэж үзсэн. Ингээд телевизийн олон сувгууд зэрэг зэрэг байгуулагдан, нөгөө босч байсан, өнгө төрхөө олох гэж зүтгэж байсан телевизүүдээс гол гол боловсон хүчнийг нь аваад, хүчийг нь тарамдуулан яйруулаад хаячихсан.

Борооны дараах мөөг шиг хэдэн зуун телевиз бий болсон нь ийм учиртай.Баячуудын өөрсдийнх нь байгуулсан телевизүүд босч ирж чадаагүй, чадах ч үгүй. Эрх мэдэлтэй улстөрчийн юм уу, олигархийн, эсвэл нэг албан байгууллагын телевизийг хэн үзэх билээ. Ёстой тоох ч үгүй. “Тэр телевиз байгуулж байгаа гэнэ” гэж ярихаас цааш хэтэрдэггүй. Ингэж Монголын баячууд рекламны хэдэн төгрөгөндөө горойсноос болж Монголд телевиз гэдэг зүйл байхгүй болсон. Хэн хэн хувийн телевизтэй гэдгийг бүгд мэдэх учир нэрлээд байх ч шаардлагагүй байх. Эзнийгээ өмөөрч гон гон хийсэн тэдний мэдээ, албан байгууллага компаниа сурталчлахаас өөр үзэж харах юмгүй телевизүүд ямар ч үзэгч, урамгүй байдаг. Тухайн компани эзэндээ л хэрэгтэй байдаг биз.

Телевизийг байхгүй болгосон энэ байдал сонинд яг давтагдсан. Сонин ашигтай юм байна, рекламаар ёстой цөм хийдэг юм байна гээд шүлсээ гоожуулсан нөхдүүд, мөнгөтэй болгон сонин гаргаж, сонины зах зээл рүү орж ирсэн. Эхлээд шар сонины үер буусан. Дараа нь өдөр тутмын сонин гаргаад эхэлсэн. 15, 16 өдөр тутмын сонин гарч байлаа шүү дээ. Ингээд дөнгөж тогтож байсан, хөл дээрээ босч байсан сонины редакцийг салгаад, шилдэг нийтлэлч сэтгүүлчдийг нь хэдэн хэсэг хуваагаад, мөнгө төгрөг, байр сав амлаж тэр олон сонин гарч эхэлсэн. Гэтэл одоо хар, нөгөө хорь шахам өдөр тутмын сониноос ганц нь ч алга. Хүн уншихгүй, захиалагчгүй учир дампуурахаас өөр аргагүй.

Хамгийн хорлонтой нь босох гэж, хөл дээрээ тогтох гэж зүтгэж байсан редакциудыг мөн л яйруулаад хаячихсан. Тогтсон редакциудыг самарч, боловсон хүчнүүдийг нь тал тал тийш нь зулгааж, хамгийн гол нь реклам сурталчилгаа өгөхгүй, цусны эргэлтийг нь хааж, сонин хэвлэлийг байхгүй болгох гэж зүтгэсний гороор өнөөдөр баячуудыг өмөөрөх хэвлэл байхгүй болсон. Сонин хэвлэлийн хамгийн гол зүйл ерөөсөө эдийн засгийн дэмжлэг байдаг. Мөнгөгүй бол, рекламгүй бол сонин хэвлэл гарна гэж бодоод, мөрөөдөөд ч хэрэггүй. Уншигч олонд, ард түмэнд үнэн бодит мэдээллийг хүргэхийн төлөө өдөр тутмын сонин асар өндөр зардлаар гардаг. Цаасны зардал, хэвлэх үйлдвэрийн зардал гээд сонин бол ёстой мөнгийг ууж өгдөг. Тиймээс мөнгө санхүү, эдийн засгаар бодитой дэмжлэг үзүүлэхгүй юм бол Монголын баячууд, хөрөнгөтнүүд сонин хэвлэл, чөлөөт хэвлэлийн тухай яриад ч хэрэггүй.

Телевизийг, сониныг ингэж устгасныхаа горыг өнөөдөр баячууд амсаж байна. Тэднийг өмөөрөх хэвлэл мэдээлэл Монголд үлдсэнгүй. Дэлхийн жишгээр бол үндэсний томоохон хөрөнгөтөн, үндэсний том компани, аж ахуйн нэгжүүд хэвлэл мэдээлэлдээ мөнгө өгч, тэднийг бодлогоор дэмжиж, хэвлэл мэдээллээ улам хүчирхэг болгодог. Яг энэ жишгээр явсан бол 25 дугаар суваг телевиз, Ийгл телевиз дэлхийд нэртэй Монголын хамгийн хүчирхэг телевизүүд болох байлаа. Өдөр тутмын хориод сонин байгуулагдаж редакцийн хүчийг тарамдан сулруулаагүй байсан бол Монголын хамгийн олон уншигч захиалагчтай “Өдрийн сонин” өдөр бүр 32 нүүрээр хэвлэгддэг тэр жишгээрээ явах байлаа.

Гэвч мөнгөтэй бүхэн сонин байгуулж хэвлэл мэдээллийн дуу хоолойг хүн бүр хувьдаа ашиглан, үндэсний том компаниуд, баячууд реклам сурталчилгаагаа өгөхөө больсны учир 32 нүүрээр хэвлэгддэг “Өдрийн сонин” 8 нүүрээр, дээд тал нь 12 нүүрээр хэвлэгдэж байна. Солонгосын үндэсний том компаниуд “Самсунг”, “Хьюндай” өдөр тутмын сониндоо байнга хөрөнгө оруулалт хийдэг. “Хэвлэл мэдээллийн хүчээр бидний бизнес ийм амжилтад хүрсэн” хэмээн сониндоо хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь өөрсдийгөө муулуулахгүй гэж хийж байгаа манайхны хэлдгээр хаалтын гэрээ биш. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэлдээ өгч байгаа хөрөнгө оруулалт. Олон улсын жишиг ийм байтал манай хөрөнгөтнүүд рекламны таван халтар төгрөгийн төлөө үхэж хатан хэвлэл мэдээллээ өөрсдөө устгасан.

Хэрвээ Монголын баячууд хэвлэлдээ ингэж хандаагүй байсан бол өнөөдөр үндэсний том телевиз, сонин тэднийг өмөөрч, өмгөөлж, эрх баригчидтай тэмцэж байх байлаа. “Монгол Улс баялаг бүтээгч, үндэсний хөрөнгөтнүүдийнхээ хөрөнгийг хурааж байна” гээд л зогсоо зайгүй мэдээлж, шуугиан болгох байлаа. Хэвлэл нь ийнхүү дампуурангуут баячууд цахим сайт байгуулаад, сошиалд пэйж хуудсаа нээгээд цахим руу шуураад орсон. Гэвч бодит байдал дээр цахим ертөнц бол үнэндээ найдах юм биш. Яагаад гэвэл албан газрын пэйж хуудас, сошиал хаяг руу ордог, тэрийг үздэг хүн гэж байхгүй. Тухайн компанид ажилд орох гэсэн хүн л харна уу гэхээс бусдаар тоож шагайхгүй. Гар утас авах гэсэн хүн Мобикомын пэйж хуудас руу орж болох юм. Гэхдээ утсыг ил задгай зарж байдаг болохоор орох ч шаардлага байхгүй.

Мобикомын пэйж хуудас 1 сая дагагчтай юм гэсэн. Түүндээ найдаад хэвлэл мэдээлэлд мөнгө хялайлгахаа байсан. Нэг сая дагачтай байлаа гээд тэр хуудас руу нь хэн ч тоож ордоггүй учир ямар ч үр дүнгүй. Ийм юманд найдаад тухайлбал, Мобиком гэхэд олон түмэнтэй харилцах замаа хаасан. Ер нь ингэхэд сошиалд ажилгүй, залхуу, хий дэмий сэлгүүцэж хов живээр хооллодог нөхдүүд л байдаг. Ажилгүй, ядуу гуйлгачин байгаадаа бусдыг буруутгадаг, хөрөнгөтэй мөнгөтэй бүхнийг үзэн яддаг тэдэнд баячуудын хөрөнгийг хураана гэдэг бол ёстой бах нь ханасан мэдээ байлгүй яахав. “Хөрөнгийг нь хураа, наадуулаа шоронд хий. Бууд, дүүжил” гээд нийгмээрээ түрхрэн босоод орилолдоод ирнэ.

Ийм л нийгмийг баячууд та нар өөрсдөө бий болгосон. Хэвлэл мэдээллээ хүчирхэг байлгахын оронд харин ч хорлож, харгисаар амыг нь барьсан. Тиймээс та бүхнийг өмөөрөх, өмгөөлөх хэвлэл Монголд алга. Эдийн засгаар дэмжиж байж хэвлэл хүчтэй болдог. Гол хөшүүрэг нь ердөө мөнгө. Мөнгөтэй хэвлэл мөнгөтэй хүнийг, үндэсний хөрөнгөтнүүдээ өмөөрдөг. Тэдний өмнөөс босдог. Гэвч хоосон гуйлгачин учир хөрөнгө мөнгөтэй хүний төлөө зоригтойгоор дуугарахгүй хүнгүй болжээ. Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй гэж хэлээд байгаа маань ийм учиртай.

Д.Батболд

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 05:47 цагт мандаж 19:53 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэнбэлчир орчимоор –8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар –3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө –6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Д.Амарбаясгалангийн “коммун” амжилт олох уу?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-23-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй” Энэ тухай II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Увс, Завханд хаваржилт хүндэвтэр байгаа бол Ховд, Говь-Алтайд хэвийн байна

Хуульч Ч.Өнөржаргал “Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Д.Амарбаясгалангийн “коммун” амжилт олох уу?” хэмээн өгүүллээ.

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхийг нэмэгдүүлэх нь яллах, цагаатгах талын баримтыг бүрэн цуглуулахад дөхөмтэй” гэв.

Монгол орны байгалийг нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хувь хүний орлогын албан татварыг бууруулчихад яах вэ дээ…


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Бага насны охин руу чат бичсэн 36 настай эрэгтэйг саатуулан шалгаж байна DNN.mn

Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн охин руу нь насанд хүрсэн этгээд хуурамч хаягнаас чат бичсэн тухай нийтэлсэн.

Тэрээр “Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал хуурамч хаягтай хүн охин руу минь чат бичиж зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзья гэсэн байна. Энэ чатыг нь би уншаад шууд BLOCK хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ. Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн I хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчлав. Нэмж зөвлөхөд, аль болох хүүхдийнхээ зураг бичлэгийг сошиал дээр тавихгүй байх нь зөв санагдлаа. Манайхан хонхны баяр, есдүгээр сарын 1 нд сургуулийн гадаа зураг оруулдаг анхаармаар юм байна лээ шүү. Одоо хүүхдүүдээ ангид нь оруулж өгч, ангиас нь авч байх болно” гэж нийтэлсэн юм.

Хуурамч хаягаас бага насны охид руу чат бичиж, уулзах оролдлого хийсэн 36 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Оны эхний улиралд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 7.2 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 859 (13.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Үүнд уул уурхай олборлолт 641.6 (14.5%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 125.4 (9.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын шуудан илгээмжээр мансууруулах бодис хүлээн авсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын ахлах байцаагч И.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-д татварын хяналт шалгалт хийгдэх талаар урьдчилан мэдэгдэж, татвараас зайлсхийхэд тусалж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “А” ТББ-д бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талаар албан бичиг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус газрын ажилтан С.Э-ийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаас илүү хэмжээний архи, тамхийг “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн өр төлбөртэй “Д” ХХК-аас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д” ХХК-аас нэхэмжилж буй өр төлбөр болох 612.1 сая төгрөгийг 427.8 сая төгрөг болгон бууруулж, эвлэрлийн гэрээ байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Иргэн О.Т нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Бүгд Найрамдах Сингапур улсаас 100 гр мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.У нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” ХХК-ийн ачаа бараанд 8.6 сая төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,

– Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй.

Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Ховд, Ховдын Дарви, Говь-Алтайн Шарга, Бугат, Тонхил, Баянхонгорын Богд, Баацагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сант, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Өмнөговийн Цогт-Овоо, Булган, Цогтцэций, Даланзадгад, Манлай, Мандал-Овоо, Гурвантэс, Ханбогд, Дорноговийн Сайншандад 28-34 м/с, Ховдын Зэрэг, Баянхонгорын Жинстэд 36-38 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, Дундговийн Гурвансайханд 1.1-4.5 градусаар хүйтэн, хур тунадас баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджаас ахиу, тал хээр говийн нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Завханы Цэцэн-Уул, Тэлмэнд 3-9 см зузаан цастай байна.

Categories
мэдээ нийгэм

УДШ Э.Оюунболдын хүсэлтээс татгалзлаа DNN.mn

Э.Оюунболдыг Улсын дээд шүүхэд хандаж, хамгийн анхны буюу 2019 оны допингийн шинжилгээний хариу дээрээ маргаан үүсгэсэн бөгөөд уг гомдлыг өнөөдөр хэлэлцсэн. Улмаар УДШ Э.Оюунболдын хүсэлтээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, Э.Оюунболд 2019 оноос хойш хоёр ч удаагийн допингийн шинжилгээнд бүдэрсэн. Харин 2019 оны шинжилгээний хариуг эсэргүүцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан байсан.

“Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хэлэлцэх” агуулгатай тус хуралдаан өнөөдөр хамгийн эхэнд боллоо. Улмаар шүүгчид хэлэлцэн, Э.Оюунболдын хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга үргэлжилж байна DNN.mn

БНХАУ-ын Шаньси мужын Ши Ань хотоор сэтгүүлчдийн баг аялаж, туршлага судалж байна.

Аяллын хүрээнд Хятадын онцлогт хөгжил дэвшил, тариалан аж ахуй, олон улсын боомт, Тан гүрний соёлын онцлогт гудамж, технологийн шинэчлэл, уламжлалт газарт тариалангийн ололт, экологи байгаль орчны хамгаалалт гэхчлэн хөгжлийн туршлага, бодит ажлуудтай танилцах юм.

Шаньси  муж нь нүүрс, цахилгаан эрчим хүч, металлурги, химийн  үйлдвэрлэл голлосон хүнд аж үйлдвэрийн салбартай. Мөн цахилгаан бараа, барилгын материал, нэхмэл сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэл зэрэг хөнгөн болон хүн үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байна. Тэр дундаа хүнсний үйлдвэрлэлтээрээ БНХАУ-д тэргүүлэх байр суурьтай.

Ши Ань хот нь 1000 гаруй жилийн түүхтэй. Тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан. Монголчуудын дийлэнх нь   “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор” -оор  нь тус хотыг илүү мэднэ. Бунхлагдсан морьт цэргийн олдвор нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд үүгээрээ дотоод, гадаадын жуулчдыг ихээр татдаг.

Сэтгүүлчдийн баг эхний өдөр Лүжи ногоон эрчим хүчний компани, Айжюи хүнсний групп, Ша Ань хотын Датун шөнийн гудамж, Хятад-Европын галт тэрэгний Ши Ань дахь төв, Чан -Ань арван хоёр цагийн гудамжаар зочлов.

Мөн 2021 онд бүх Хятадын спортын улсын аваргыг зохион байгуулсан Ши Ань хотын спортын ордонтой танилцав.  60000 хүний багтаамжтой нийт 200 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг цогцолбор.

Тус спорт цогцолборт сагсанбөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт гэх мэт бүх төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг.

Лүнжи ногоон эрчим хүчний компани нь”Нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно” уриатайгаар дэлхийн бусад компанитай өрсөлдөж байна. Монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт, гурван жил дараалан модулийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсч буй томоохон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр гэнэ. Тус үйлдвэр нь нарны эрчим хүч үйдвэрлэлийн судалгаанд жилдээ 300 гаруй сая юань зарцуулдаг.   Хамгийн сүүлд айл өрх, аж ахуй, үйлдвэрүүдийн дээвэрт зориулсан нарны эрчим хүчний хавтан бүтээжээ. Тус хавтан нь тоосгоны адил бат бөх гэнэ.
Шаньси муж эрчим хүчний нөөцийн хувьд баялаг, өөрийгөө төдийгүй бусад хот, мужийг эрчим хүчээр хангадаг байна. Тухайлбал, Бээжин хотын хэрэглээний эрчим хүчний ихэнхийг энэ мужаас хангадаг. Тус муж нийтдээ 8,5 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Олон Ажиюи хүнсний группийн худалдааны ложистекийн төвөөр зочиллоо. Тус худалдааны цэг нь Ши Ань хотын 13 сая хүн амын хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлээс оруулж ирэн борлуулах цогц үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал ургамлын тосны хэрэгцээний 60 орчим хувийг савлаж борлуулдаг. Монголоос мах, сүү, цагаан идээг худалдан авахад борлуулах зах зээл энд байгаа гэдгийг дурдаж байлаа.

Тус компани нь Олон улсын боомтын бүсийн Хятад-Европын галт тэрэний Ши-Ань дахь төвтэй нягт хамтын ажиллагаатай. Тус төв нь анх 2013 онд нээлтээ хийсэн. 2022 онд галт тэрэгний аяллын тоо 4639-д хүрсэн нь “Бүс ба зам” зам дагуух хотын иргэд, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж буй юм. Ши-Ань олон улсын боомт нь 59төмөр замын шугамтай.

Жил бүр 5.4 сая тонн контейнер хүлээн авах хүчин чадалтай, 66 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Тус боомт ОХУ-аас модон материалаа Алтанбулаг-Эрээн хооронд төмөр замаар татдаг.

Илүү их ачааг ОХУ-аас тус маршрутаар татах хүсэлтэй нь Монголын УБТЗ-ын хүчин чадал хүрдэггүй гэдэг шалтгаанаар хамтран ажилдаггүй тухай дурдагдаж байв. Уг нь Монголын бусад боомт төмөр замтай болчихвол ОХУ, Европоос ачаа барааг Монголын нутгаар татах, мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдаж байв.

Их тан гүрний нойргүй хот нь Үндэсний жишээ  үзүүлэх явган хүний гудамж бөгөөд Ши Ань дүүргийн төвдөө байрладаг. Нийт 2100 метр урт, 500 метр урттай юм. Эртний Тан гүрний үеийн соёл, уламжлал энэхүү гудамжид нэвт шингэсэн байдгаас жуулчдын  хөл тасардаггүй байна.

Чан Ань арван хоёр цагийн гудамж нь хятадын анхны Тан гүрний үеийн амьдралыг тусган харуулсан гудамж юм. 24 мянган ам дөрвөлжин талбайд худалдааны гудамж байршиж соёл, аялал жуулчлалын брэндийг бий болгожээ.

Сэтгүүлчдийн баг үдэш нь Ши Ань хотын алдарт шөнийн гудамжаар алхлаа. Тус гудамж нь өдөрт 100,000 гаруй хүн ирдэг байна. Тан гүрний хувцас өмссөн залуусаар дүүрэн байлаа. Тус гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн 02:00 хүртэл гэрэлтэж байдаг.