Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт цас их орсны улмаас зам даваа хаагджээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Цагаан-Асгат багийн “Хар нуур” орчимд цас их орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан дуудлагаар алба хаагчид очиж, зам давааг нээхээр ажиллаж байна.

Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаагийн гудамжинд айлын хашаа байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг өчигдөр /2024.04.23/ 16:18 цагт ирүүлсэн.

Дуудлагын дагуу алба хаагчид ажиллан 6х5 метр хэмжээтэй байшинд орсон таван тонн усыг мотопомпоор соруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийнхаа 4 давхрын цонхоор унасан охины биеийн байдал хэвийн байна DNN.mn

Өчигдөр /2024.04.23/ Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн дөрвөн давхрын цонхноос дунд ангийн охин унасан хэрэг гарсан.

Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад, “Хүүхэд дөрвөн давхрын цонхноос унасан нь үнэн. Одоогоор хүүхдийн биеийн байдал ямар байгааг мэдэхгүй байна. Эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Мөн цагдаа нар сургууль дээр ирчихсэн, шалгаж байна” гэсэн.

Харин өнөөдөр /2024.04.24/ охины биеийн байдлыг тодруулахад “Цонхноос унасан охины биеийн байдал хэвийн байна. Асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гартал өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Охин 14 настай бөгөөд толгой нь эргэж, дотор муухайрсны улмаас цонхоор агаар амьсгалах үедээ унасан гэх нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав DNN.mn

“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Уг барилдаанд нийт 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдэд өгөх шагнал урамшууллаа зохион байгуулагчид урьдчилж тохирчээ. Гэсэн ч одоог хүртэл өгөх ёстой шагналаа өгөөгүй байгаа тухай Улсын аварга Н.Батсуурь нүүр хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “тэд өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямар нэг үйлдэл гаргаагүй. Бөхчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэн барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд уг асуудлыг яаралтай шийдвэрлэж, бөхчүүдийн эрх ашгийг хангөж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхбаатар:Үндэсний баялгийн сангийн тухай хууль уул уурхайн салбарт том ойлголцлыг авчирна DNN.mn

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Хуулийнталаар судлаач, уул уурхайн инженер Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-УИХ-аас нэн яаралтай горимоор баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэхүү хуулийг баталсан нь маш чухал цаг үеэ олсон гэж хэлмээр байна. Учир нь, Үндэсний баялгийн сангийн хууль батлах тухай сүүлийн арав гаруй жил ярьсан ч бодит ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн.Хүний хөгжлийн сангийн тухай хууль, дараа нь Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан. Өнөөдрийг хүртэл Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний өмч гэсэн заалтын хэрэгжилтийг бодитоор хангах буюу уул уурхайгаас олж байгаа орлогыг ард иргэдэд бодит утгаар нь хүртээхэд учир дутагдалтай байсан.

Монгол Улс газар доорх арвин нөөц баялгаа одоо болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө ашиглахэдийн засгийн хөгжлийн чухал үе шатанд бид байна.Энэхүү хөгжлийн хамгийн чухал алхам бол байгалийн баялгийннөөцийн үр ашигтай менежмент, зохицуулалтын зөв тогтолцоог бий болгох явдал юм. Энэ хуулийн гол учир холбогдол нь иргэддээбайгалийн баялгаас тэгш хүртээх, хуримтлал үүсгэх.

-Үндэсний баялгийн сан байгуулагдсанаар байгалийн баялгийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломжтой боллоо гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Монгол Улсын Үндэсний баялгийн сан нь газрын доорх баялгаас олсон ашгийг нэгтгэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх,тодорхой ашгийг иргэдэд тэгш хуваарилах зорилготой.Үндэсний баялгийн санд байгаа 3 сангаас иргэдэд хамгийн их хамааралтай сан нь Хуримтлалын сан юм. Иргэдэд өөрийн дансан дахь хуримтлалаа захиран зарцуулах эрх мэдлийг олгож байгаа нь хамгийн чухал зүйл. Хуримтлалын сангаас иргэд эрүүл мэнд, боловсрол,орон сууц зэрэг нэн тулгамдсан асуудлаа шийдүүлэх боломжтой болжбайна. Таны гэр бүлийн хэн нэгэнд нь эрүүл мэндийн асуудал тулгарлаа гэж бодоход ах дүү, хамаатан саднаараа нийлээд Хуримтлалын санд төвлөрсөн өөрсдийн хөрөнгөөр шийдчих боломж бүрдсэн. Үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихдөг цаашлаад орон сууцны урьдчилгаагаа ч энэ сангаас бүрдүүлж болно. Хуримтлалын сан дахь өөрийн хөрөнгөө  ч хуримтлуулах сонголт бас бий. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаасзарласан бодлогынхүүгээс ихгүй хүүгээр найдвартай хадгалуулах боломжтой болж байна.

Тодруулж  хэлэхэд, Монгол Улсын иргэн бүр стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 34 хувийг шууд бусаар эзэмшиж, ногдол ашгийг нь Хуримтлалын санд авах боломж бүрдсэн. Монгол Улсын иргэн бүр тус сандаа хуримтлалын данстай болж, уул уурхайн баялгийг ашиглахад иргэдийн шууд бус оролцоог ханган, эх орныхоо баялгаас хүртэх боломжийг энэ хууль бүрдүүлсэн.

Олон улсад ч газрын хэвлийн баялгийн ашиг шимийг иргэддээ тэгш хүртээх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талт сангуудын жишээ олон байдаг. Жишээ нь, Кувейт улс 1953 онд эдийн засгаа тогтворжуулах, БНХАУханшийн зөрүүний эрсдэлээс хамгаалах Хөрөнгө оруулалтын корпорац2007 онд, Саудын Араб улсынхаа хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэх зорилгоор мөн хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн амжилттай авч явж байгаа. Үүнээс гадна зөвхөн иргэдийн боловсролд чиглэсэн сан ч АНУ-ын Нью-Мексико мужид байдаг.

-Иргэдийн наад захын амин хэрэгцээ болсон эрүүл мэнд, орон байр, боловсролын асуудлыг сангаас шийдэх нь бусад халамжаас юугаараа ялгаатай вэ?

-Иргэд өөрийнхөөдансанд хуримтлагдсан орлогыг захиран зарцуулах эрхээ авч байгаа нь энэ хуулийг дэмжих маш том шалтгаан гэдгийг дахин тодотгоё. Өнгөрсөн хугацаанд дарга төвтэй төлөвлөлт явж ирснийг хэн бүхэн мэдэж байгаа.Ганцхан тоо хэлэхэд гэр бүлийн аль нэг гишүүн хүндээр өвчиллөө гэхэд дундаж орлоготой тэр өрх энэ зардлаас болж орлогоо бүрэн алдаж байна.Яг ийм шалтгаанаар Монгол Улсад жилд 20 мянга гаруй хүн эрүүл мэндийн ядууралд орж байгаа статистик байна.

Хүндээ хөрөнгө оруулна гэдэг бол ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Эрүүл биетэй, боловсролтой тэгээд амьдрах тухтай орон байртай Монгол хүн л хөгжил дэвшлийн тухай ярих боломжтой шүү дээ. Сангийн эцсийн зорилго нь нийт иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахявдал.

Саяхан бид Эрдэнэс Тавантолгойгоос олсон орлогоо иргэддээ эзэмшүүлсэн 1072 хувьцааны ногдол ашгийг тараасан. Бэлэн мөнгө тараалаа, томоохон бүтээн байгуулалт хийх ёстой зэрэг шүүмжлэл гарч байсан. Хуримтлалын сан бол өнөөдрийн хувьцааны ногдол ашиг 100-200 мянган төгрөгөөс илүү иргэн бүрд тэгш, асуудлыг нь шийдэх боломж олгож байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн Хөгжлийн сангаар дамжуулаад улс орны хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг тодорхой хуульчлаад өгчихлөө.Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас олж байгаа орлогоо иргэддээ зүй зохистой хуваарилдаг, улс оронд үр ашигтай том төслүүдээ санхүүжүүлчихдэг болох нь. Ингэснээр улс төрийн, сонгууль угтсан элдэв поп амлалтууд хумигдаж, сангийн орлого, зарлагадаа тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүд дээр эрүүл мэтгэлцээн өрнүүлэх замаар зөв хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэнэ гэж харж байна.

-Хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад, бас эдийн засагт ямар эерэг дохио өгч байна вэ?

-Манай улсын нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Улсын төсвийг УИХ баталдаг. Тухайн тойргийн гишүүдийн саналаар тойрогт хуваарилалт хийгддэг. Иргэд уул уурхайн салбараас буюу байгалийн баялгаас асар их хэмжээний ашиг олж байна хэмээн хардаг хэдий ч уул уурхайн салбараас олж байгаа орлогын хуваарилалт нь иргэдийн амьдралд нөлөө үзүүлэхгүй, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл, гарт нь баригдаж, нүдэнд нь харагдахгүй байна. Иргэдийн хувьд төсвийн үр ашгийн талаар нийтээрээ үзэл бодлоо илэрхийлж байна. Бид байгалийн баялгаас олсон орлогыг хэрхэн зарцуулж буй талаар олон нийтэд зөв ойлгуулбал иргэдэд баялаг бүтээгчдээ зөвөөр ойлгох суурь бүрдэх юм.Үүгээрээ Үндэсний баялгийн сангийн тухайхууль уул уурхайн салбарт том ойлголцлыгавчирна гэж харж байна. Сан хөрөнгөтэй байж иргэд илүү их хувь хүртэнэ. Хүссэн хүсээгүй бид хөрөнгө оруулагчид буюусангийн хөрөнгийг бий болгох баялаг бүтээгчдээ дэмжихээс өөр аргагүй.Хөгжлийн сангаас стратегийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлын байрыг бий болгож, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.Энэ нь Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн тулгуур болох аж үйлдвэржилтийн сэргэлтийн угтвар нөхцөл болно.

Хоёр дахь том эерэг дохио нь Монгол Улс Үндэсний баялгийн сангаа олон улсын жишгээр байгуулсан явдал.Хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын бодлого нэг алхамтодорхой болж байна.

Гурав дах нь төсвийн бодлого төлөвлөлтөд сайнаар нөлөө үзүүлнэ.Хэн нэгэн хувь улстөрч жалга довын үзлээр биш хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу санхүүжилтээ зөв удирдаж, зарцуулах боломжтой болж байна.

Засгийн газар энэ хуульд ихээхэн анхаарлаа хандуулж байсан. Энэ хуулийг дэмжихгүй байгаа гишүүддээ хандан хатуу үг чулуудаж байж батлууллаа. Улс төрийн хувьд бас эсэргүүцлүүд ч хэлэлцүүлгийн явцад гарч байгаа харагдсан энэ тухайд?

-Хэлэлцүүлгийн явцад бусад хуулийн адилаар зөрүүтэй санаа бодлууд байсан байх. Харин уул уурхайн салбарт 15 жил ажилласан хүний хувьд анхааралтай ажиглаж байсан. Хэдэн сарын өмнө уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид МҮХАҮТ-аас улс төрд уул уурхайн салбарыг ашиглахгүй, улстөржүүлэхгүй байхыг уриалсан байсан. Салбарынхны энэ хүсэлтийг Засгийн газар сонгуулийн өмнө хуульдаа тусгаад өгчихлөө гэж харж болохоор байна.

ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн гарцын 70 хувь, нэгдсэн төсвийн татварын орлогын 30 орчимхувь, нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа том салбар бол эрдэс баялаг уул уурхайн салбар. Энэ салбарын орлогыг хэрхэн хуваарилах вэгэдэг хэрүүлийн алим болсоор ирсэн. Ялангуяа томоохон ордуудыг тойрсон асуудал илүү их өртөөд байгаа харагддаг. Иргэдийн байгалийн баялгаасаа хувь хүртэж чадахгүй байна гэх байнгын гомдол үүгээр зогсох болов уу гэж харж байна. Сонгууль болгоны өмнө олон жил ярьсан Баялгийн сангаа байгуулснаар энэ сэдэв цэгцрэх шатандаа орлоо.

-УИХ-аас банк санхүүгийн салбар дахь монополыг задлахын тулд арилжааны банкнуудын хувьцааг олон нийтэд гаргасан. Энэ удаагийн Үндэсний баялгийн сангийн тухай хууль уул уурхайн салбар дахь монополыг задлах зорилготой гэж харж байна. Уул уурхайн салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндэсний баялгийн сангийн хуультай зэрэгцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэг хүн, нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдийн стратегийн орд газар эзэмших хувийг 34 хувиар хязгаарлаж өгсөн. Одоогийн хуулийн зохицуулалтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Төвлөрлийг хүчээр бус олон нийтэд хувьцаа гаргах энэхүү зохицуулалт нь эдийн засгийн тулгуур болсон салбараа улс төрөөс ангид байлгах зарчмыг хуульчилж өгсөн гэж харж болно. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улс төрийн үйл ажиллагаа болон намын үйл ажиллагаа санхүүжүүлэхийг хуулиар хориглосон зохицуулалтыг нэмж оруулж өглөө.Цаашлаад дан стратегийн ордыг ашиглахтай холбоотой бустүүнийг ашигласантай холбоотой үүссэн үүсмэл ордыг ашигласнаас үүссэн ашгийг иргэд хүртэх боломж бүрдсэн.

Та бидний сайн мэдэх“Рио Тинто” групп бол олон улсад нээлттэй хувьцаат компани. Энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцааны 15 хүрэхгүй хувийг эзэмшиж байна. Энэ агуулгаар нь авч үзэхийн бол Монгол Улс стратегийн орд газруудынтусгай зөвшөөрлийг эзэмшигч компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааны 34 хүртэл хувийг хамаарал бүхий этгээдүүд эзэмшихээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь бид олон улсын жишиг рүү нэг алхам ойртлоо гэж харж байна.

-Хуримтлалын сангаас гадна Ирээдүйн өв сангийн тухай асуудал яригдсан. Энэ сангийн үйл ажиллагааны зохицуулалтыг та хэрхэн харж байна вэ?

-Сангийн нэрээс нь харсан ч гэсэн энэ сан тэр чигтээ Монгол Улсын ирээдүйд чиглэсэн байх ёстой гэж харж байна. Байгалийн баялаг бол шавхагдах нөөц.Үүнийг шавхагдашгүй нөөцөөр орлуулж, энэ нөөцийг удирдах нь гол зарчим гэж би харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан ногоон санхүүжилтийн зарчмуудыг баримтлахаас өөр аргагүй. Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалт уул уурхайгаас олсон орлогыг эдийн засгаа солонгоруулахад чиглүүлсэн байвал илүү үнэ цэнтэй өгөөжтэй болов уу. Эрчимжсэн мал аж ахуй, мод тарьж ургуулах,ойжуулах Тэрбум мод санаачилгыг дагасан ойн бүтэн аж үйлдвэрлэл бий болгох чиглэлд хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна.

-Үндэсний баялгийн санд төвлөрөх хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлд төр, засаг ямар алхам хийх ёстой гэж харж байна вэ. Энэ чиглэлд хамгийн сайн туршлага аль улсынх байдаг вэ?

-Сангийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал байгаа тухай би өмнө ньмэдээллийн сайтуудаар санаа бодлоо илэрхийлсэн. Төр 34 хувийг нь аваад байх биш АМНАТ-ын татвараа харин ахиухан авч байх нь чухал гэж үздэгээ илэрхийлсэн. Цаг хугацааны явцад хуульдөөрчлөлт оруулах хүлээлттэй хэвээр байна. Баялгийн сан томрохын хэрээр стратегийн бус орд газруудаа хэрхэх вэ гэдэг дараагийн асуудал болно.Баялгийн санг баяжуулах хамгийн эхэнд хүлээгдэж байгаа Зөөвч-Овоо төслийг ч дахин авч үзэх хэрэгтэй болох байх. Стратегийн гэх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшин санд хөрөнгө төвлөрүүлэх гол ажлыг “Эрдэнэс Монгол”ХХК дээр хийх болов уу?Стратегийн гэсэн бүх ордтой Засгийн газар хэлэлцээрийн ширээний ардсууж таарна. Одоо хэрэгжихээр бэлэн байгаа Зөөвч-Овоо төслийг 2 улсын оронд хийсэн тохиролцоонд 34 хувийн эзэмшлийн асуудлыг ашигт малтмал нөөц ашигласны тусгай төлбөрийг авах замаар орлуулж шийдвэрлэхээр эрмэлзэж байна. Энэ тохиолдолд ашигт малтмал нөөц ашигласны тусгай төлбөрийг Хуримтлалын санд бус Ирээдүйн өв сан болон бусад санд орох талтай байна. Иймд бидасуудлыг одоогоосанхаарчхуримтлалын санд АМНАТ-ын тусгай төлбөрийг оруулах нь зүйтэй болов уу.

-Та өмнө нь Уур амьсгалын өөрчлөлт ба алдагдсан боломж гэсэн нэртэй нийтлэл бичсэн байсан тэгвэл. Баялгийн сан байгуулчихсан бол гэдэг дээр алдагдсан боломжийн тооцоолол хийж үзсэн үү?

-Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийт 2 их наяд төгрөгийг ямар нэгэн байдлаар иргэддээ тараажээ. Энэ хэмжээний мөнгөөр бид нийслэл болон аймгийн төвүүдэд 10,000 айлын орон сууцны хорооллууд барьж байгуулан,435,000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, илүү сайхан хотод амьдрах боломжтой байсан байх. Гэхдээ бид оройтоогүй жирийн иргэний түвшинд, улс орны хэмжээнд баялгаасаа ямар арга замаар хувь хүртэж болохыг энэ хуулиар тодорхой заагаад өгчихлөө шүү дээ.

-Иргэдийн хувьд сонгуулийн өмнө хийлээ гэж эсэргүүцдэг ч ямартай ч иргэд хувьцааны ногдол ашгаа авч бас ирээдүйд авах ашгаа хуулиар баталгаажуулж авлаа.Манай улсад ер нь уул уурхайн салбар хэр хурдацтай хөгжиж байна вэ?

-Уул уурхай гэлтгүй мал аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбар эерэг тал руугаа хөгжсөөр байгаа гэж би бардам хэлнэ. Би Санкт Петербург хотын Уул уурхайн сургуулийг 2008 онд төгссөн юм. Ирээд “Тавантолгой” төсөлд ажилд орж байлаа. Бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийгхоёр өрөө орон сууцанд оффисоос ажлаа эхэлж байсан. Үүнээс хойш “Тавантолгой”төсөл шинээр эхэлжөнөөдрийн том уурхай боллоо. Иргэддээ хувьцаа эзэмшүүллээ. Ногдол ашиг тараалаа.Харин одоо сан байгуулаад хөрөнгөоруулалтын том төслөө санхүүжүүлж, иргэдийнхээ амин чухал хэрэглээг шийдвэрлэх хуримтлалыг үүсгэх гэж байна. Баялгийн сан болох үйл явц алдаа оноотой явж байсан хэдий ч засаж сайжран урагшилж байгаа нь сайшаалтай.Энэ бүхэнтэй хамтдаа урагшилж яваадаа би баяртай байна. Ирээдүйд нь итгэл төгс байдаг.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3….+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, Хангай нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна. Улаанбаатарт үлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй DNN.mn

Либертари намын дарга, комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.


-Үзэл баримтлал нийцсэн учраас танай нам АН-тай хамтрав уу, эсвэл эрх ашгийн хамтрал байв уу?

Зургаан нам бидэнтэй хамтарч оролцох санал тавьсан. Намын удирдлагууд болон хамгийн идэвхтэй гишүүдээ цуглуулж байгаад 14 хоног мэтгэлцэж, хэлэлцсэн. Мөн бусад намуудтай ярилцсан. Манай намын гишүүд, намын удирдлагын олонх АН-тай хамтарч орох нь хамгийн зөв гэж үзсэн.

Бид 2024 оны сонгуулийг л алдаж болохгүй гэж бодож байна. Учир  нь хэт их төвлөрчихсөн байгаа эрх мэдлийг саармагжуулахгүй бол болохгүй байгаа юм. Тэгэхгүй бол 2028 оны сонгууль ардчилсан сонгууль биш болж магадгүй. Эрх мэдэл төвлөрчихсөн байгаа энэ нам дахиад дөрвөн жил засаглавал Монголд яах аргагүй дарангуйлал тогтоно. Яг л хойд, урд хөрштэй ижил дарангуйлалтай орон болж, бид ардчиллаасаа ухарна.

Манай улс ардчиллын индексээр өмнөх жилийнхээсээ хэдийнэ дөрвөн байраар ухарчихсан байгаа шүү дээ. Манай нам албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Тиймээс ямар нэгэн байдлаар сонгуульд оръё гэж зорьсон. Бие дааж нэр дэвшье гэхээр 801 хүн гарын үсэг зурах, Дээд шүүхээс тодорхойлолт авах ёстой. Гэтэл бид саяхан Дээд шүүхтэй асуудалтай болчихсон. Дээд шүүх манай намд зориулаад бүхэл бүтэн А4-ийн нүүр дүүрэн мэдэгдэл гаргасан. Хоёрдугаарт, 801 хүний гарын үсгийг долоо хоногийн дотор цуглуулаад өгтөл хаягийн бүртгэл нь зөрүүтэй байх ч гэдэг юм уу асуудал үүсвэл яах вэ гэдэг болгоомжлол гарсан. Ингээд нам, эвслүүдтэй хамтарч орох нь зөв гэж үзсэн.

Үүнээс гадна эрх баригч нам эрх мэдлийн хувьд үнэхээр данхайчихаж. МАН-ыг сөрж зогсох хүч чадалтай нам аль нь вэ гэдгийг харсан. Судалгаанууд ч үзсэн. МАН-тай тулж чадах нам нь Ардчилсан нам л байсан. Бусад намууд бүгд Ардын намтай тулна гэж зорьж, бодож байгаа байх. Гэхдээ иргэдийн өгсөн бодит судалгааг харахад Ардын намтай тулж чадах нам нь Ардчилсан нам байна. Тиймээс хүчээ энд нэгтгэе. Өөрсдөө бие даах ч юм уу, эсвэл бусад намтай хамтарвал Ардчилсан намын саналыг хувааж, Ардын намд өгөх юм байна гэсэн санал манай намын нэлээд олон гишүүнээс гарсан. Тиймээс АН-тай хамтарч орох шийдвэрийг гаргалаа.

-Гаднаас харахад АН нэгдмэл биш, дотроо хуваагдалтай юм шиг харагддаг. Гэтэл та бүхэн сүүлийн жилүүдэд хамгийн шуугиантай байсан АН-тай хамтарч байгаа нь сонин байлаа?

Аль ч нам дотроо хуваагдалтай байдаг. Тэгэх нь бүү хэл Ардын нам ч ялгаагүй. МАН дотроо маш олон бүлэг, фракцуудтай. Тэд нь хоорондоо байнгын “зодоонтой”. Тэрнээсээ болоод бие биенийгээ шоронд хүртэл хийж байна. Гэхдээ үүнийгээ олон нийтэд ил харагдуулахгүй байна. Сүүлийн үед тэр зодоон нь маш ширүүн явж байгаа. Ардчилсан намынхан МАН-тай яг л ижилхэн. Бөөн бүлэглэл, фракцтай. Тэд нь дотоодын зөрчлөө олон нийтэд ил мэдээлдэг. “Зодоон” олны нүдэн дээр явагддаг. Цаашид ч ил тод явагдах байх.

Ардчилсан нам бол том шүхэр. Тэр шүхэр доор өнөөх Женко нь ч, Н.Алтанхуяг нь ч, Ц.Элбэгдорж нь ч бүгд явж байгаа. Бид тэр шүхрийг баруун тийшээ чирдэг бульдозер болъё гэж байгаа юм.

-АН барууны үзэл баримтлалтай гэдэг ч зүүний бодлого явуулаад байна гэж зарим хэсэг шүүмжилдэг шүү дээ…?

Монголд зүүний бодлого явуулдаггүй нам байдаг юм уу. Цэвэр зүүний бодлого явуулдаг нам хүлээвэл бид хэзээ ч сонгуульд орохгүй юм билээ. Учир нь иргэд нь ч зүүний бодлого хүлээдэг. Намууд нь ч зүүний бодлого явуулдаг. Тиймээс хэн нэгэн нь орж үүнийг өөрчлөх ёстой. Тэр нь манайх. Хаашдаа бүгд зүүний бодлого явуулдаг гээд хараад суувал энэ улс орон хаашаа явах вэ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зүүний бодлогыг шүүмжилж ирсэн. Ном ч хэвлүүлсэн.

Монголд МАН болон бусад нам гэсэн хоёр хуваагдал байдаг юм байна. Бусад намууд нь бие биеийхээ саналыг хуваадаг юм байна. Тэр нь АН байна уу, ХҮН байна уу ялгаагүй. Тиймээс өмнө нь АН-ынхан ХҮН намтай эвсээд оролцчихооч ээ гэж санал тавиад байсан шүү дээ. Ер нь жижиг нам хүчнүүд АН-ын саналыг хуваадаг. АН-ын саналыг хуваана гэдэг нь МАН дахиад дөрвөн жил эрх барина гэсэн үг. Би Ардын намыг дахиад дөрвөн жил эрх бариасай гэж хүсэхгүй байна. Эрх мэдэл нягтраад, данхайгаад ирэхээр аяндаа дарангуйлал тогтоно. Үүнийг одоо ч бид тод харж байгаа. Хотын дарга очоод хүний өмчийг хураана, дээрэмдэнэ гээд юу ч болоогүй юм шиг ярьдаг болчихож. УИХ-ын индэр дээрээс Ерөнхий сайд нь миний үгэнд орохгүй бол би та нарын өмчийг хураана шүү гээд юу ч болоогүй юм шиг ярьж байна. Энэ юуг хэлж байна гэхээр өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх баригч намд эрх мэдэл төвлөрчихжээ. Үүнийг хэн нэгэн зогсоох ёстой биз дээ. Үүнийг зогсоох хүчгүй мөртлөө зогсооно гэж ярьж байгаа хүн, зогсоох потенциалтай нам хоёр өөр.

-Танай нам ч, ан ч ардчилал, хүний эрхийг хангах чиглэлд тод дуугардаг. Үзэл баримтлал нь ч тийм. Тиймээс найман жилийн хугацаанд ардчилал, хүний эрхийн чиглэлд өнгөрсөн ямар өөрчлөлт гарсан талаарх таны дүгнэлтийг сонсъё?

Эрх баригчид чухам авлигатай тэмцэж байгаа гэж яриад байна. Гэтэл 2016 онд манай улс авлигын индексээр 87 дугаар байрт жагсаж байсан. Тухайн үед энэ нь 2015 оныхоос 15 байраар ухарсан үзүүлэлт болсон. Гэтэл энэ жил 2016 оныхоос 34 байр ухарч 121-т жагслаа. Авлигатай яаж тэмцээд байгаа нь энэ вэ.

Үүнээс гадна өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчний дуу хоолой байсангүй. АН дотроо хагаралтай байлаа. Дотно, гадны нам эвслүүд хагаралдуулсан. Сөрөг хүчингүй нам улам л данхайгаад байдаг юм байна. Улам л эрх мэдэл төвлөрөөд байдаг юм байна. Институци биш, хувь хүмүүс л үүний эсрэг дуугарч байсан. Гэтэл нөгөө хүмүүсийг шорон оронд хийдэг. Айлгаж ичээж, есөн шид болгодог. Янз бүрийн хэрэг зохиож жил хорьсноо дараа нь өршөөл үзүүллээ. Өөрөөр хэлбэл, эрх баригч намыг шүүмжилсэн хүмүүсийг хэрвээ болохгүй бол та нарыг ингээд “цовдолчихож” чадна шүү гэж олны нүдэн дээр үзүүлж байна. Үүнээс ямар нөхцөл байдалд хүрчихсэн байгааг маш тод харуулж байна. Тэд эрх мэдлээ авч үлдэхийн тулд шүүмжилсэн хүмүүсийг залхаан цээрлүүлж байна.

Гэтэл нөгөө авлигын индекс 121 рүү орчихсон байна. Авлигын мөнгөөрөө өнөөх тэжээврүүдээ тэжээхийн тулд тэд эрх мэдлээ энэ мэт аргаар хадгалж үлдэх гэж байна. Тиймээс тэдний эсрэг АНтай хамтарч зогсохоос өөр сонголт байсангүй.

-Манай улсын эдийн засаг өсч байгаа хэмээн эрх баригчид мэдээлсэн. Гэтэл иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй, ядуурал улам л гаарч байгааг та юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн өсөлтөөс илүү инфляцийн өсөлтийг олон нийт анхаарч хараасай. Инфляци бол үнийн өсөлт биш. Төгрөгийн худалдан авах чадварыг илтгэж байгаа тоо. Инфляци хамгийн өндөр үедээ 14 хувь байсан гэж мэдээлсэн. Яг бодит байдал дээр 14 биш, дунджаар 30 хувийн инфляцитай байлаа. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ ихээр унаж байсан. Эдийн засаг долоон хувийн өсөлттэй хэрнээ инфляци 20, 30 хувь байна гээд бодоод үз дээ. Эдийн засаг өссөн үү гэдэг маш том асуулт.

Ер нь төрийн зардлыг нэмэхээр эдийн засаг ихээхэн өсөлттэй гардаг. ДНБ-ий өсөлтөд төрийн зардал ордог. Эдийн засгийн үр ашиггүй зарцуулалтад инфляцийн бүтээгдэхүүний өсөлт орчихдог. Тиймээ яг ийм өсөлт явсан болов уу гэж харж байна.

Үүнээс гадна эдийн засгийн өсөлтөд хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь нүүрс. Өөр юу ч биш. Нүүрсний үнэ уначихвал эдийн засаг дагаад уначихна. Хятадын эдийн засаг дараа жил яах вэ гэдэг нь эргэлзээтэй. Хятадын эдийн засагт том нөлөөтэй үл хөдлөхийн салбар нь унаж байна.

-Гэтэл эрх, эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөнөөс шууд хамааралтай шүү дээ?

Хүн аливаа зүйлийг өмчлөх эрхтэй. Тэр өмчийн эрх халдашгүй байх ёстой. Хэн нэгэн ирээд дээрэмдээд авчихдаггүй. Хэн нэгэн ирээд хүссэн татвараа ногдуулчихдаггүй. Татвар гэдэг бол дээрэмдэж байгаа нэг хэлбэр. Таны хийж бүтээсэн зүйлийн 30, 50, 60 хувийг нь би авна гэж байгаа шүү дээ. Монголчууд нийт цалингийнхаа 60 хувийг нь төрд өгчихдөг. Энэ дээрэм биш үү. Уг нь 10, 20 хувийн татвар өгөөд төрийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа биз дээ.

Эрх чөлөөний хамгийн суурь эрх нь өмчийн эрх байдаг. Өмчийн эрхийг батал гаажуулдаг эдийн засгийн тогтолцоо нь капиталист тогтолцоо. Тиймээс бид чөлөөт зах зээлийн тогтолцоо чухал гэж онцлоод байдаг юм. Эдийн засаг дахь төрийн оролцоо бага байна гэдэг нь таны өмчлөх эрхэд төр бага оролцоно гэсэн үг.

Categories
гадаад мэдээ

Гэнэтийн их хэмжээний цэргийн тусламж DNN.mn

Энэ долоо хоногт АНУ-ын Сенат Украины тусламжийн тухай хуулийг хэлэлцэн баталж ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурна. Учир нь Төлөөлөгчдийн танхим хагас жил саатуулсны эцэст Украиныг шууд болон шууд бусаар дэмжих зорилготой 61 тэрбум орчим ам.доллар хуваарилах тухай хуулийн төслийг олонхын саналаар дэмжин баталсан билээ. Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын 311 гишүүн дэмжин, 112 нь татгалзсан санал өгсөн бөгөөд Ардчилсан намаас уг чуулганд оролцсон 210 гишүүн бүгд дэмжсэн санал өгсөн байна. Бүгд найрамдахчуудын 101 нь дэмжсэн ч талаас илүү хувь нь буюу 112 Конгрессын гишүүн эсрэг санал өгчээ.

Хууль батлах үйл явц дууссаны дараа Вашингтон хэдэн сарын турш тасалдсан Киевт үзүүлэх цэргийн тусламж сэргэх боломжтой болсон юм. Мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украиныгдэмжих хуулийг нэг багцаар бус тусдаа хууль болгон хэлэлцэж баталсан учир энэ хуулийг Сенат дахин шинээр хэлэлцэн баталж, дараа нь ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж байж хэрэгжиж эхлэх юм. Тэгвэл Сенатын олонхын удирдагч, Ардчилсан намын гишүүн Чак Шумер олон нийтийн сүлжээнд сенаторууд “эхний санал хураалтаа мягмар гаригт дуусгана” гэж бичжээ. Энэ нь сүүлийн санал хураалт биш ч уг хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан Сенат батална гэсэн үг аж. Дараа нь Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурах ёстой бөгөөд тэрээр “Уг баримт бичиг ширээн дээр ирмэгц нэн даруй баталж гарын үсэг зурна” гэж амлажээ.

Украиныг дэмжих тухай хуулийн төсөлд нийт 60.84 тэрбум ам.долларын зардал багтаж, Киевт нийлүүлсэн АНУ-ын цэргийн хангамжийг нөхөхөд 23,2 тэрбум доллар, Украины цэргийн албан хаагчдыг эх орноос нь гадна сургах, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад явуулж буй АНУ-ын цэргийн үйл ажиллагаанд 11.3 тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд Израильд 26 тэрбум гаруй ам.доллар, Тайваньд найман тэрбум ам.долларын тусламж өгөхөөр болжээ.“Politico” болон “Washington Post” сонинд мэдээлснээр Пентагон Украинд үзүүлэх шинэчилсэн цэргийн тусламжийн томоохон багцыг урьдчилан бэлтгэсэн тул уг төсвийг эцэслэн батлагдмагц Украины армид зэвсэг нийлүүлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа шаардагдана гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шийдвэрийг урьдчилан таамаглаж байсан зүйл” гээд “Энэ нь АНУ-ыг улам баяжуулж, Украиныг улам бүр сүйрүүлж, Киевийн дэглэмийн буруугаас олон украинчуудыг үхэлд хүргэнэ” гэсэн тайлбар хийжээ.

Тэрээр мөн АНУ дахь Оросын засгийн газрын хөрөнгийг хураах өөр нэг хуулийн төслийн тухай “Хэрэв энэ үнэн бол Америк үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Энд ямар нэг түр зуурын арга хэмжээ гэж байхгүй” гэжээ. Мөн ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн талаар “АНУ Украин, Израиль, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх нь дэлхийн хямралыг улам хурцатгана. Киевийн дэглэмд цэргийн тусламж үзүүлэх нь террорист үйл ажиллагааг шууд ивээн тэтгэх, Тайваньд цэргийн тусламж үзүүлэх нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Израильд үзүүлэх цэргийн тусламж. Бүс нутагт урьд өмнө байгаагүйгээр нөхцөл байдлыг хурцатгах шулуун зам” гэж өөрийн телеграм сувагт бичжээ. Тэгвэл ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Ихэнх нь тэдний ханаж цаддаггүй цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт орох 61 тэрбум цуст долларыг үл харгалзан бид мэдээж ялах болно. Бидний талд хүч чадал, үнэн байна. Оросын эсрэг шийдвэрийг хараад би АНУ шинэ иргэний дайнд аль болох хурдан ороосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэж өөрийн Telegram хуудсанд бичжээ.

АНУ-ын цэргийн тусламж ийнхүү удаж байж шийдэгдсэн нь Украинд АНУ төдийгүй Европын Холбоо, Их Британи зэрэг бусад ардчилсан улсаас их хэмжээний цэргийн тусламж нэгэн зэрэг авах боломж бий болгов.Энэ нь барууны улстөрчид иргэддээ тэдний татварын мөнгийг дэмий зүйлд зарцуулаагүй гэдгээ батлах боломж олгоно. Өөрөөр хэлбэл, удахгүй болох Европын сонгуулиас өмнө Оросын арми том ялагдал хүлээж, ирэх 11 сараас урд Кремлийн дэглэмийн хувь заяа шийдэгдэж, Оросын нөлөөнд байсан улсууд тэдний “ил жорлон”-гоос үүрд сална гэсэн үг билээ. Учир нь барууны зарим судлаачид ОХУ-ыг “Европын ил жорлонтой үлдсэн ганц улс” гэх болсон билээ.

Г.Амарсанаа

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын хадгаламж 1.5 их наяд төгрөгөөр буурчээ DNN.mn

Валютын хадгаламж энэ оны нэгдүгээр улиралд 4.5 их наяд төгрөг болж өмнөх сараас 379.3 тэрбум буюу 7.8 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 их наяд төгрөгөөр буюу 24.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Харин төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж өмнөх сараас 500.5 тэрбум төгрөг буюу 2.8 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5 их наяд төгрөг буюу 38.3 хувиар нэмэгдсэн дүн юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо DNN.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын бизнесийн орчин 2023 онд муу үнэлгээтэй гарсан талаарх судалгааг МүХаүТ саяхан танилцуулсан. Эндээс ярилцлагаа эхэлье. Бизнесийн орчныг таагүй болгож байгаа хүчин зүйлүүд юу байна вэ?

-Бизнесийн орчны судалгааг МҮХАҮТ гурван жил тутам явуулдаг. Энэ судалгааны сүүлийн үр дүнг харахад бизнесийн орчинд хамгийн ихээр тулгамдаж байгаа гурван асуудлыг авч үзсэн байна.

Нэгд, төрийн байгууллагуудаас бизнестэй холбоотой тусгай зөвшөөрөл авахад хүндрэлтэй. Хоёрт, бизнесээ санхүүжүүлэх эх үүсвэрүүд, хөнгөлөлттэй зээл зэргийг авахад бэрхшээлтэй. Гуравт, бизнесийн маргаан шийдвэрлэх байдал нь хангалтгүй гэсэн байгаа юм.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой онцлог гэж бий. Учир нь манайх дотоод үйлдвэрлэл багатай.

Манай судалгааны төв хамгийн сүүлд аж ахуйн нэгжийн судалгааг хамтран хийсэн. Үүн дээр нэг онцлогтой зүйл харагдсан нь бизнесийн салбар хүйсээр ялгаатай байдал өндөр хувьтай. Эрэгтэйчүүд ихэнхдээ ашиг ихтэй салбаруудад буюу уул уурхайн зам тээвэр, барилга гэх зэрэг ашиг өндөртэй салбарт голдуу ажилладаг. Харин эмэгтэйчүүд ашиг бага олдог жижиглэн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд түлхүү ажилладаг дүр зураг гарсан. энэ нь тухайн бизнесийн орчинд нь таарсан зээлүүдийг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг. Мэдээж зээл гэхээр уул уурхай, жижиглэн худалдааны зээлийг нэг тогоонд шидээд, адилхан хүүтэй, хугацаатай олгох нь тохиромжгүй. Үүн дээр ялгаатай, уян хатан байдлуудыг бий болгох ёстой. Салбар салбарын онцлогт таарсан асуудлуудыг гаргаж ирэх, үүнд нь зориулсан бодлогууд боловсруулах тухай ярьж байна. Өөр нэг сонирхолтой судалгаа гэвэл 2019 онд Үндэсний статистикийн хорооноос Азийн хөгжлийн банктай хамтран Монгол улсад өмч хөрөнгийг хэн хамгийн их эзэмшиж байна вэ гэсэн судалгаа хийсэн байдаг. Өмч гэхээр үл хөдлөх, газар, мал зэрэг орно. зүйлсийг ихэнхдээ эрэгтэйчүүд эзэмшдэг. эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа болохоор бизнесээ томруулах зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байдаггүй. Үүнээс болж томоохон асуудал тулгамддаг гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, бизнесийн онцлогийг шингээсэн, тулгамдаж байгаа асуудлууд дээр чиглэсэн бодлогууд явуулж байж бизнес хөгжих боломжийг нээж өгнө. Жишээ нь, итгэлцлийн зээл, сургалтууд гэх мэт.

-МҮХаҮт-ын судалгаа-наас бизнесийн орчны маргаан шийдвэрлэх асуудал тулгамдаж байна гэж та хэллээ. ямар маргаа-ныг хэлээд байна вэ?

-Бизнесийн маргаан гэдэг зөвхөн компани хоорондын маргаан биш, төр засагтай үүсч байгаа маргаанууд байдаг. Өнөөдөр хүссэн хүсээгүй гадаад дотоодын хөрөнгө оруулалттай шууд холбогдоно. Жишээ нь, уул уурхайн томоохон компаниуд дээр маргаанууд үүсдэг. Хан Ресурс гэх мэт томоохон маргааныг та бүхэн санаж байгаа байх. ихэнхдээ асуудал нь лондонгийн Арбитр руу явдаг. Түүн дээр ялсан, ялагдсанаас үл хамааран Монгол улсын Засгийн газраас өндөр зардал гарч байдаг. дээр Монголын тал яллаа гэдэг ч яг үнэндээ ялсандаа чухал биш. тухайн компанийнхаа итгэлийг алдаж байгаа асуудал л харагддаг. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагчид анзаарч байгаа. Монголд орвол шүүхийн маргаан үүсэх магадлалтай юм байна. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй юм байна гэж эмээнэ.

Өнөөдөр бид ардчилсан, чөлөөлт зах зээлийн эдийн засагтай. 30 жилийн өмнөх ардчилсан нийгэмд шилжихэд бий болсон чухал зүйл бол хувийн өмч. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлыг харж байхад манай улсын чухал үзүүлэлтүүд буурсаар байна. ардчиллын индекс, эдийн засгийн өрсөлдөх чадвар, авлигын индекс уруудаж байгаа. Ялангуяа томоохон хэмжээний авлига буурахгүй байна гэсэн дүгнэлт байдаг. Саяхан уиХ дээр эмийн сонсгол хийхийг харлаа. Тэнд хувийн хэвшил орж ирж байгаа шүү дээ. Эм гаднаас оруулж ирж байгаа, тэр нь хугацаа дууссан, чанаргүй байна гэх мэт асуудлууд гарч ирж байна. Үүнтэй холбоотой нөхцөл байдлыг харахад манайх зах зээлийн эдийн засгаа бий болгож чадаагүй юм байна. 90-ээд оны ганзагын наймааны сэтгэхүйнээсээ салж чадаагүй юм байна.

Уг нь бизнес орчноо аль болох хайрлаж хамгаалж байх ёстой. Мэдээж бизнесийн тодорхой хэмжээний зохицуулалт байх ёстой. Гэхдээ төрийн зохицуулалт аль хүртэл явах ёстой вэ. Энэ заагаа зөв гаргаж өгч чадаагүй юм болов уу.

-Бизнесийн орчныг төр хайрлаж хамгаалах ёстой гэлээ. Гэвч үүний эсрэг үйл явдлууд өрнөж байна. Хувийн хэвшил рүүгээ дайрч, халдаж байна. Хурааж, нурааж байна. Эздийг нь шалгаж, баривчилж байна. Стратегийн ордоо төр буцааж авна гэж мэдэгдэж байна. Мэдээж хууль зөрчсөн хуулийн байгууллага шалгах нь зөв. Гэхдээ хууль сахиулах гэхээс илүү бизнесийнхнийг дарамталсан, нухчин дарсан бодлого гэж шүүмжлүүлж байна шүү дээ?

-Монголын улс төрд улстөржиж болдог сэдэв, болдоггүй сэдэв гэж байх ёстой. Улстөржиж бодлоггүй сэдэв бизнес. Стратегийн орд гээд ярихад өнөөдрийг хүртэл ямар ордыг хэлдэг юм бэ гэдгээ тодорхойлоогүй. Яахав, жагсаалт бий. Бизнесийнхэндээ энэ ордыг ашиглахыг зөвшөөрчихөөд тодорхой хугацааны дараа буцааж аваад байх нь бизнесийн орчинд, цаашлаад гадаад хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй.

Монгол Улсын хувьд улс төрийн болон хууль эрх зүйн орчин тогтвортой байдаггүй. Улстөрчдийнх нь үйлдэл тогтвортой биш байна гэдэг том мессэж болж байдаг. Энэ нь эргээд Монгол Улс ардчилсан улс мөн үү гэдэг эргэлзээнд хүрэх асуудал үүснэ. Учир нь ардчилсан улс оронд компани аж ахуйн нэгж буруутай үйл ажиллагаа явуулсныг тогтоодог газар нь шүүх л байдаг. Шүүх тогтоож байж өмч хөрөнгийг хураах эрх нь нээгддэг. түүнээс сэжүүр гарангуут шууд очоод тухайн хүн байгууллагыг нэгжиж шалгаад байж болохгүй. Салхитын мөнгөний орд дээр ингэсэн шүү дээ.

-Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нэгдээд төрийн өмчөө дээрэмдэж байна гээд үү?

-Шүүх эрх мэдэл, хэрэгжүүлэх, хяналт тавих эрх мэдлүүд холилдоод байна. Эдгээр нь нэг нэгэндээ үйлчилдэг механизм болчихоор юу гэж тодорхойлоход хэцүү. Бид төвлөрсөн эдийн засагтай улс орон шиг, хоёр хөршөөсөө ялгаагүй болчих гээд байна. уг нь Монгол Улс хоёр гүрний авторитар дэглэмийн дунд байгаа ардчиллын арал гэж өөрсдийгөө сурталчилдаг. үйлдлээрээ бид нэр хүнд бүх зүйлсээ үгүй хийж байна. Үүнийг гадны байгууллагууд, дэлхий нийт зүгээр хараад суухгүй. Үр дагавар гарч л таарна.

-Яагаад өнөөдөр ийм байдалд хүрэв гэдгийг та харж байна уу?

-Төр сайн менежер үү. Хэзээ ч байгаагүй. асуудал эхлээд хөндөгдөнө. Төрийн өмчит компаниуд байнга алдагдалтай ажиллаж байгаа. Тэд ашигтай ч ашиггүй ч, төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр тэд нарыг тэжээж байна. тийм зүйл байж болохгүй. Өөрөө өөрсдөө үр ашгийн тооцоогоо гаргаж, ашигтай ажиллаж чадахгүй бол татан буулгах хэрэгтэй. эсвэл хувьчлах ёстой. Тэгэхгүй байнга дусал залгаатай, өөр өөрсдийнхөө санхүүжилт, засаглалыг бий болгож чадахгүй байна шүү дээ. Дээрээс нь төрийн өмчит компаниудын ил тод байдал байхгүй болчихоод байна. жилийн хувьд сонгуулийн жил гээд ард түмэнд хоёр удаагийн ногдол ашиг тараалаа. Иргэдийн эзэмшиж байгаа хувьцаа харилцан адилгүй байгаа. 2012 онд оюутны төлбөрт суутгасан, 2021 онд зээлгүй тэтгэврийн насны ахмадуудад нэг сая төгрөг өгөх нэрийдлээр хувьцааг нь авсан. Гэхдээ өнөөдөр энэ талаар нарийн тодорхой мэдээлэл алга. Энэ зохицуулалт хаанаас ямар шийдвэрүүдээр гарч байгаа нь ойлгомжгүй. төр ямар хэмжээний менежмент хийж байна гэдэг энэ үйлдлүүдээр харагдаж байгаа юм.

-Төр бизнесүүддээ халдаж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг айл-гаад зогсохгүй дотоодын бусад бизнесүүдэд сэрэмжлүүлэг, айдас бий болгож байна гэж харж болох уу?

-Мэдээж. Дотоодод ийм хүнд нөхцөлд бизнес эрхэлснээс гаднаас хямд бараа оруулж ирээд зарж ашиг олъё гэдэг байдлыг л бий болгоно.

-Тэгвэл гаргалгаа нь юу байх боломжтой вэ?

-Үүн дээр МҮХАҮТхүчтэй дуугарч манлайлал үзүүлэх ёстой. Бизнес эрхлэгчдийг өмгөөлж хамгаалдаг гол байгууллага нь энэ. Бизнесийнхэн өөрсдөө ч нэгдэж, үүний эсрэг дуу хоолойгоо өргөх ёстой. Манай компанийг оролдоогүй юм чинь гээд дуугүй сууж болохгүй. уучлаарай, маргааш танай компанийг хааж ч мэднэ.

Үүнээс гадна улс төрийн намууд шинэ соёлыг бий болгож, бизнесийн орчныг, компаниудыг улстөржилтөөс хол байлгана гэсэн зөвшилцөлд хүрэх ёстой.

Б.ЭнХЗаяа

 

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.