Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд нөөцийн махыг гулуузаар нь худалдана DNN.mn

Өнөөдрөөс/2024.04.25/ эхлэн дөрөвдүгээр сарын 26, 27, 28-нд нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Өргөтгөсөн худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг байна.

Нөөцийн махны үнийг “Хүчит шонхор” захын бөөний үнэтэй харьцуулахад дунджаар 12-15.2%, бусад зах худалдааны төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8%-аар хямд аж.

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 204.9 тонн буюу нийт махны 3.2%-ийг борлуулсан байна. Үүнийг 2022, 2023 оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 0.7%-аар нэмэгдсэн болохыг Захирагчийн ажлын албанаас мэдээлж байсан юм.

Гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой DNN.mn

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо олон толгой, олон фракцтай нам бол Ардчилсан нам. Аливаа асуудлаа ардчиллын зарчмаар буюу олонхын саналаар шийддэг энэ намын маргаан, үзэл бодлын тэмцэл өмнө ч байсан одоо ч хэвээрээ. Үүсэн байгуулагдаад өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ намын эв нэгдэл коммунистуудын ойлгож байгаа шиг цул болсонгүй. Коммунистууд зангидсан гар шиг ч гэж ярьдаг.

Гэтэл ардчилсан нам ийм байх үзэл санааны хувьд боломжгүй. Аль талдаа олонхоороо үзэл бодол нэг байна тэр талдаа эв нэгдэл нь хэлбийдэг гэсэн үг. Үнэн гэж байдаггүй, харин үнэнд ойрхон явах нь чухал гэдэг шиг цул эв нэгдэл гэдэг бол дарангуйлал дор л оршдог байх. Энэ утгаараа Ардчилсан намд дарангуйлал тогтох боломжгүй учир үнэмлэхүй эв нэгдэл орших боломж хэцүү юм. Тиймдээ ч байсхийгээд л маргаан өрнөдөг. Савхийвэл нэгнээ гөвдөг. Энэ зодооноосоо болоод сүүлдээ “сэхээнд” орсон цаг саяхан. Тэр үеэ бодоход өнөөгийн Ардчилсан нам нэлээд эвэндээ оржээ. Одоо энэхүү эв нэгдлээ сонгууль хүртэл хадгалах нь энэ намд юу юунаас илүү чухал байгаа. Энэхүү ажлыг гардан гүйцэтгэх гол хүн бол намын генсек. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд намынхаа генсекийг томилох гэж багагүй хугацаа өнгөрүүлсний дараа Э.Одбаярыг томилсон. Тухайн үедээ буруу хүнээ томиллоо, намын эв нэгдэл дахиад задарлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ намын эв нэгдэл шүүмжлэгчдийн хэлж байсан шиг задарсан уу. Харин ч эсрэгээрээ өмнө нь байгаагүй эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцох гэж байгаа нь үйл ажиллагаанаас нь тодорхой харагдах боллоо. Үүнийг намын генсек нь олон фракцуудынхаа учрыг олоод намынхаа даргатай гар нийлж ажиллаж байгаагийн илрэл гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр нам дотроо хүн болгонтой уулзаад, фракц болгоны аяыг тааруулж чаддаг хүн л Ардчилсан намыг эвтэй байлгана.

Тэр утгаараа нэг хэсэг бусдын хэл амны бай болоод байсан генсек Э.Одбаярын хувьд олон фракц, бүлэглэлтэй энэ намын эв нэгдлийг түүртэлгүй ханган ажиллаж чадаж байгаа юм биш үү. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын даргатай гар нийлж ажиллаж чадаж байгаа бол Лу.Гантөмөр зөв хүнээ намынхаа генсект томилсон бололтой.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black элемент агаарт хяналтгүй цацагдаж байна DNN.mn

Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч хар хөө буюу carbon black ялгардаг тухай мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Олон жилийн насжилттай автобуснуудаас эхлээд ачааны, суудлын зэрэг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувийг дизель хөдөлгүүртэй автомашинууд эзэлж байгаа юм. Гэтэл тэдгээрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч өөр нэгэн хорт бодис хяналтгүй, стандартгүй байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс хөдөлгүүрээс ялгарч байгаа хар хөөний хэмжээнд стандарт тогтоож, шаардлагад нийцсэн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах санаачилгыг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Механик: Шинэ, хуучин бүх автобус шүүлтүүргүй, трактор шиг л байгаа

Бид энэ талаар ярилцахаар нийтийн тээврийн нэгэн томоохон баазын механиктай ярилцсан юм.


-Автобус баазуудын дизель хөдөлгүүрээс ялгарах утаанд хэр анхаардаг юм бэ?

-Яахав, өнөөдөр баазууд парк шинэчлэл нэлээд хийж байна. Шинэ, хуучин ялгаагүй хар утаа хаядаг. 2003 оны автобуснууд 6D22 хуучны мотортой. Нэг ёсондоо энэ чинь трактор л гэсэн үг. 2010-аад оны үед автобусны яндан дээр DPF шүүлтүүр тавьж үзсэн. Энэ нь яндангаас гарч байгаа хар утааг шүүж, багасгадаг

Автобуснууд тэр төхөөрөмжийг тавьсан. Гэхдээ автобусны мотор хүчгүй болоод яндангаар утаа гарч чадахгүй болоод эхэлсэн. Утаа шүүсээр байгаад DPF шүүлтүүр бөглөрчихдөг гэсэн үг. Хүнээр бол хамар нь таг болчихоор агаар амьсгалж чаддаггүйтэй адил. Тиймээс шүүрээ аваад хаячихдаг болсон.

-Хар утаа ялгаруулах нь олон түмний эрүүл мэндэд хортой гэдгийг баазууд мэднэ биз дээ?

-Бааз битгий хэл энгийн иргэн ч мэдэж байгаа шүү дээ. АТҮТ ирээд утааг хэмжиж үздэг л юм. Багажаар хэмжихэд 60 хувиас дээш гардаг. Өөрөөр нарийн хэмждэг газар байхгүй.

-Бас газан автобусыг дизель хөдөлгүүртэй болгох ажил нэг хэсэг явсан. Энэ нь утааны ялгаралтад хэр нөлөөлсөн юм бол?

-Мэдээж муугаар нөлөөлнө шүү дээ. Газан хөдөлгүүрээрээ л явах ёстой байсан. Нэг ёсондоо эко гэсэн үг. Газ утаагүй, шахуу эвдрэл багатай. Гэвч манайд байдаг газын үйлдвэр нь байсхийгээд газ нь тасарчихдаг. Тиймээс шууд дизель хөдөлгүүртэй болгочихсон. Стандартын биш гэсэн үг. Ингэснээр нөгөө л хар утаагаа ялгаруулж эхэлсэн.

-Баазууд парк шинэчлэл хийсээр байна. Хар утаа ялгаралт багасч байгаа гэж ойлгож болох уу?

-Яалаа гэж. Ялгаагүй л гарч байгаа. Шүүлтүүр нь холбогдоогүй оруулж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө трактор л гэсэн үг. Шинэ автобус ч апартуртай энгийн дизель тэрэг л гэсэн үг.

-Манай автобуснууд олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, насжилт өндөртэй гэдэг. Тэгэхээр яаж сэлбэг хэрэгслийг нь тавьж, засч сэлбэдэг юм бэ?

-Мэдээж олон жилийн насжилттай учраас сэлбэг хэрэгсэл муу. Солонгост явж байсан автобусны мотор оруулж ирж сэлбэдэг.

Энэ тухай засварын газрын механикууд “Манайд автомашиныг стандартын дагуу засвар үйлчилгээ явуулдаг газар маш ховор. Ихэвчлэн монголчилж засдаг. Автобус ч ялгаагүй. Аль эрт үйлдвэрлэгдээд зогсчихсон автобусны сэлбэг хэрэгсэл олдохгүй. Тиймээс нэгээс нөгөөд сэлбэж, тааруулж тавиад л хөдөлгөдөг. Аль ч төрлийн авто машин, автобусанд зүрх болсон эд анги порсунк гэж бий. Түлшийг тоосруулж цацах үүрэгтэй. Порсунк ганц мм-ийн зөрүү гарахад л утаа хаялт, түлш идэлт, хүчинд нөлөөлдөг” гэсэн мэдээллийг өгч байлаа.

Доктор Д.Нарансүх: Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаа нүүрсний утаанаас дутахааргүй хортой

Тэгвэл “carbon black” гэгч ямар хор хөнөөлтэй, манайд хянадаг эсэх талаар анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.


-Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд хорт хавдар үүсгэгч хар хөө ялгардаг талаар та мэдээлсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ бол хот суурин газруудад байдаг асуудал л даа. Манайд л орхигдсон, хүн тоодоггүй, мэддэггүй сэдэв юм. Дизель хөдөлгүүрийн тоосонцор дотор элемент нүүрстөрөгч агуулагддаг. Дизель хөдөлгүүрийн шаталтаас ялгардаг энэ нүүрстөрөгч нь уушгины хавдар үүсгэдэг болохыг саяхан ДЭМБ-ын харьяа Хавдрын олон улсын судалгааны агентлагаас мэдээлсэн. Тиймээс хот суурин газар ашиглагдаж байгаа дизель хөдөлгүүртэй автомашины утаанд хяналт тавих ёстой болж таарч байгаа юм. Монголоор бол үүнийг хар хөө гэж нэрлэдэг. Англи нэршил нь “carbon black”. Дизель хөдөлгүүрээс хар утаа ялгарч л байгаа бол тэнд “carbon black” байгаа гэсэн үг.

Үүнийг хэзээ тогтоосон талаар жижигхэн түүх сөхөхөд 1800-гаад оны үед Англид яндан хөөлдөг хүүхдүүд гэж байсан. Тухайн үед нүүрс түлдэг зуух хөө тортог их болдог. Зуухны яндан жижиг учраас том хүн хөөлж чаддаггүй. Тиймээс хүүхдүүдэд хөлс өгч, зуухан дотор оруулж хөөлүүлдэг байсан. Тэр үеэс хүүхдүүдийн дунд хавдар бүртгэгдэж эхэлсэн байгаа юм. Судлаад үзтэл хөө тортгоос үүдсэн гэж тогтоогдсон байдаг.

-“Сarbon black”-ийг манайх хэмждэг үү. Үүнд ямар нэгэн хяналт байдаг уу?

-Хяналт тавих ёстой олон газар бий. АТҮТ автомашинд үзлэг хяналт хийхэд ямар стандарт барьдаг болох. Хар хөө буюу элемент нүүрстөрөгчийг хэмждэг үү. Оношилгооны төвүүд яндангаас гарч байгаа утаанд үүнийг шалгадаг уу. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хэмжилтийн станцууд бий. Тэд хар хөөг хэмждэг үү. Ялангуяа төв зам дагуу хэмждэг үү гээд цаашлаад насжилт өндөртэй автомашин гаалиар оруулж ирдэгт хяналт тавьдаг уу гээд тодруулах олон зүйл бий.

Хар хөө нийтийн тээврийн автобуснаас гадна ачааны төрөл бүрийн машин, уул уурхайн хүнд даацын машин, зарим жийпүүд гээд дизель хөдөлгүүр бүрт бий. Яахав, манайх хэдэн жилийн өмнө автобусны дизель хөдөлгүүрт утааны шүүлтүүр тавьж байсан. Тэр төхөөрөмж нь үнэтэй гэж шүүмжлэгдээд компаниуд суурилуулахаа больсон гэж дуулдсан.

Солонгост гудамжинд цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн дунд хавдрын гаралт нэмэгдсэн байдаг. Судлаад үзтэл тэр хүмүүс нь дизель ачааны машин дагаж хогоо цэвэрлээд явдаг юм байна. Тиймээс Солонгос дүрэм журмаа сайжруулаад асуудлыг шийдчихсэн. Манайд ч ялгаагүй. ТҮК-ийн ажилчид байна, цагдаа нар, засварын газрын ажилчид үүнд түрүүнд өртөж байгаа шүү дээ. Уурхайнуудад дизель хөдөлгүүртэй автомашин олноор ашиглаж байна. Ганц нэг томоохон уурхай л утааг нь хэмжиж стандартыг мөрдүүлж ажилладаг. Үүнээс бусад нь жишээ авах ёстой.

-Тиймээс нэн тэргүүнд хяналт стандартыг бий болгох ёстой байх нь ээ?

-Үүн дээр олон нийтийн хяналт бас их чухал байх ёстой. Цахим цагдаагийн аппликэйшн шиг мэдээлэл дамжуулах суваг байдаг бол хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг АТҮТ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар руу ч юм уу хүргүүлж, хариуцлага тооцуулдаг байх ёстой. Үнэндээ энэ юун нүүрсний утаа гэмээр л асуудал байгаа юм. Нүүрсний утаа аюултай гээд байгаа ч дизель хөдөлгүүрийн хар хөө жинхэнэ уушгины хавдар үүсгэгч. Мэргэжлийн байгууллагууд үүнийг тоодоггүй, мэддэггүй.

Тиймээс яндангаас ялгарч байгаа тоосонцор, хар утааны ялгарлын түвшинд хамгийн түрүүнд хяналт тавих ёстой. Оношилгооны төвүүд дээр яндан руу нэг төхөөрөмж хийгээд шалгаж харагддаг. Гэхдээ энэ нь хар хөөг хэмждэггүй болов уу гэв.

Нийтийн тээврийн автобуснууд хөдөлгүүр нь шүүлтүүргүй учир хорт хавдар үүсгэгч “car­bon black” хяналтгүйгээр агаарт цацагдаж байгаа гэж ойлгогдож байна. Цаашлаад ачааны төрөл бүрийн олон зуун машинууд, дизель хөдөлгүүртэй жийп гээд автобуснаас дутахгүй хорт утаа ялгаруулагч эх үүсвэрүүд Улаанбаатар хотын зам дээр 24 цагаар түгжрэн явсаар байна. Дизель хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд “carbon black”-ийг хэмждэг, түүнийг хянах тогтолцоог бий болгох шаардлагатай юм байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 25, Бархасбадь гариг. Билгийн тооллын 17, Хонгорцог одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 05:44 цагт мандаж 19:56 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1….-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан,

өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2…+3 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3….+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хөдөө гэхээрээ МАНГАР байх уу?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-25-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АНУ-ын Стэнфордын их сургуулийн магистр, боловсрол судлаач Э.Сүндарьтай Баялгийн сан болон Боловсролын сангийн талаар ярилцлаа. Тэрбээр “Боловсролын зээлийн сангийн зарцуулалт хөгжлийн бодлоготойгоо уялдаагүй явж ирсэн” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн”Ардчилалд хүрсэн зам-бодит түүх” нийтлэл хэвлэгдлээ.

МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарь “Олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцичлал сул байгаагийн илрэл болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо Хөдөө гэхээрээ МАНГАР байх уу?” хэмээн өгүүллээ

Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black
элемент агаарт хяналтгүй цацагдаж байна

Монгол Улсын хэмжээнд зуданд үрэгдсэн малын сэг зэм устгах, ариутгах ажлын үйл явц болон мал, амьтны халдварт өвчний нөхцөл байдлын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатартай ярилцлаа.

А намын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ: ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилна

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уул, усны сайхныг “бүүстэлж”
суухаар улсаа хөгжүүлэх бодлого, шийдлээ л танилцуул л даа


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд 47.7 хувьтай хэрэгжиж байна DNN.mn

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд эхэлж, хяналтын инженер, багийг томилон ажиллуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 21 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 13 төсөл арга хэмжээний барилгын ажил эхэлж, талбай дээр 30 хяналтын инженер техникийн ажилтан ажиллаж, барилга угсралтын ажлын хувь нь 47.7%-тай хэрэгжиж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ DNN.mn

Украины Гадаад хэргийн яам гадаадад амьдарч буй цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг мягмар гаргаас буюу өнөөдрөөс тавдугаар сарын 18-ныг хүртэл зогсоожээ.

Цэргийн насны хэдэн зуун мянган украин эрчүүд хилийн чанадад амьдарч байгаа бөгөөд Оросын цэргийн дайралт эхэлснээс 26 орчим сар өнгөрсний дараа тус улс цэргийн албан хаагчдын хомсдолд ороод байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Дээд Рада украинчуудыг Зэвсэгт хүчинд дайчлах үйл явцыг шинэчилж, илүү үр дүнтэй болгох хуулийг баталсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, цэрэгт татах журам нь Оросын цэргийн давшилтыг зогсооход тулгарч буй гол асуудал болжээ.

“Цэргийн насны эрэгтэйчүүд хүнд хэцүү цаг үед улс орноо үл тоомсорлон гадаад руу гарсныхаа дараа төрөөс үйлчилгээ авахыг хүсэж байна. Ийм байж таарахгүй. Манай улс дайны байдалтай байна. Гадаадад байх нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө гэсэн үг биш ээ” гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба олон нийтийн Х сүлжээнд бичжээ. Ихэнх тохиолдолд цэрэг татлагаас зайлсхийгчид эх орноосоо зугтан гарсан байна. Европын статистикийн байгууллагын мэдээллээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар Европын Холбооны орнуудад Украины 4.3 сая иргэн амьдарч байгаагаас 860 мянга орчим нь насанд хүрсэн эрэгтэйчүүд аж.

Консулын үйлчилгээ үзүүлэхийг зогсоосноор гадаадад байгаа цэргийн насны эрэгтэйчүүд хугацаа нь дууссан паспортоо сунгуулах, шинээр авах, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг албан ёсны бичиг баримт авах боломжгүй болно гэсэн үг юм.

Дайчилгааны тухай хууль болон түүний заалтууд тавдугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжих хүртэл консулын үйлчилгээг зогсоосон хэвээр байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ. Дайчилгааны тухай хуульд зааснаар цэргийн насны бүх эрчүүд 60 хоногийн дотор цэргийн бүртгэлийн газарт бичиг баримтаа цахимаар болон өөрийн биеэр ирж шинэчилнэ. Гадаадад байгаа цэргийн насны эрчүүд консулын үйлчилгээ авахад эдгээр бичиг баримт шаардлагатай болох бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө яаралтай консулын үйлчилгээ авах гэж буй хүмүүс бичиг баримтаа шинэчилж амжихгүй гэсэн үг юм.

Оросын цэргийн дайралт эхлэх үед Украинд дайны байдал тогтоож, 18-60 насны эрэгтэйчүүдийг тусгай зөвшөөрөлгүйгээр эх орноосоо гарахыг хориглож, энгийн иргэдийг Украины Зэвсэгт хүчинд үе шаттайгаар дайчилж эхэлсэн юм.

Оросын цэргүүд Украины зүүн нутаг руу аажмаар давшиж байгаа бөгөөд Украины арми их бууны сумны хомсдолд орж, Оросын довтолгоо эхэлснээс хойш тулалдаж буй цэргүүд ядарч байгаа зэрэг нь давшилтыг зогсооход сөргөөр нөлөөлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Морьт эргүүл ажиллаж байна DNN.mn

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Эргүүл хяналтын хэлтэс “Морьт эргүүл”-ийг  өчигдрөс ажиллуулж эхэллээ.

Ингэснээр гудамж талбай, Туул голын ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлт гардаг.

Морьт эргүүл тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.

 

Categories
мэдээ нийгэм

Их Британийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлахаа мэдэгдлээ DNN.mn

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчлахаар болжээ. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нь Төв Азийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Казахстан, Монгол Улсад айлчлахаар болсон тухай Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Харин Монголд хийх албан ёсны айлчлал нь дөрөвдүгээр сарын 25-26-ны өдөр болох бөгөөд Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээллээр Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бүс нутгийн удирдагчидтай уулзаж, терроризмын эсрэг тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал ярилцаж байгаа аж.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчлахаар болжээ. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Дэвид Камерон нь Төв Азийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Казахстан, Монгол Улсад айлчлахаар болсон тухай Их Британийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Харин Монголд хийх албан ёсны айлчлал нь дөрөвдүгээр сарын 25-26-ны өдөр болох бөгөөд Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээллээр Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бүс нутгийн удирдагчидтай уулзаж, терроризмын эсрэг тэмцэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал ярилцаж байгаа аж. Ташрамд дурдахад, өдгөө 59 настай Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон 2010-2016 оны хооронд Ерөнхий сайдын албан тушаалд томилогдон ажиллаж байсан туршлагатай бөгөөд “Брексит”-ийн санал хураалтыг эхлүүлж байсан дэлхийн нөлөө бүхий улстөрчдийн нэг юм байна.