Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Мөнхбатыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Шинэбаатарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Отгочулууг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Н.Мөнхбатыг нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, нийт биеэр эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар, Б.Шинэбаатар, Ч.Отгочулууг нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.953.954.890.35 төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгож, Хөгжлийн банкны нэхэмжлэлээс 29.596.480.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нар, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь бусдад төлөх төлбөргүй, “Мон Лаа” ХХК нь хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар, тэдгээрийн өмгөөлөгчид Ч.Хүрэлбаатар, Н.Цэцэгмаа, Б.Баяраа, Л.Дашравдан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Э.Саранболор нарын өмгөөлөгч Г.Золзаяа, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаа, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Харин анхан шатны шүүх Н.Мөнхбатын гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан, Б.Шинэбаатар, Т.Отгочулуу нарын хувийн байдлыг харгалзан үзэж тэдгээрт оногдуулсан ял шийтгэлд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь “Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Шүүгдэгч Н.Мөнхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял…” гэж,
“Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих” гэснийг “Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох” гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Н.Мөнхбатад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн,
Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг