Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунтай ярилцлаа. Тэрээр Эрхүүгийн их сургуулийн химийн ангийг дүүргэж ирээд Геологийн төв лабораториос эхлээд ШУА-ийн Геологийн хүрээлэнд ажиллаж, улмаар Технологийн дээд сургуульд Хими, геохимийн лабораторийг үүсгэн байгуулж хөл дээр нь босгосон эрдэмтэн юм.
-Лаборатори гэдэг өнөөдөр улс үндэстний аюулгүй байдал, оршин тогтнол, ирээдүйн хөгжлийн том суурь гэж харахаар төв юм. Гэтэл манай лабораториуд ямар бүтээмжтэй, хэр чадалтай ажилладаг нь тодорхойгүй. Ядаж л хүн амын эрүүл мэндэд хорт бодис агаарт цацагдлаа гэхэд ямар бодис яаж тархав. Сургуульд хүүхдүүд учир битүүлэг шалтгаанаар хордлоо гэхэд юунаас болов гэдгийг тогтоож чаддаггүй юм байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Хятадуудыг жишээ аваад харъя л даа. Тэд бол миний үеийн эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсээ гаргадаггүй шүү дээ. “Та өөртөө байгаа мэдлэг боловсрол, чадвараа залуу үеийнхэндээ сургачихаад яв” гэдэг. Өөрийнх нь мэдлэг чадварыг өвлүүлж байж явуулдаг. Манайх бол бушуухан яв гээд хөөчихнө.
Төгсөөд гарч байгаа хүмүүс нь юм мэдэхгүй шүү дээ. Сургах гээд ч сурахаа больчихсон юм билээ. “За за багш аа, мэднэ ээ мэднэ” гээд гараад явдаг. Шалгалт авна, уначихдаг. Тэгээд “Мөнгөө өгсөн ш дээ” гэж байгаад гурав тавиулдаг. Тийм л болсон. Нуугаад байх зүйл байхгүй. Би арга ядаад оюутнууддаа хэлдэг байлаа. “Та нар юунд технологиос зугтаана вэ. Орчин үеийн шинжлэх ухаан бол физик, хими, биологи гурав дээр үүссэн болохоос цоо шинэ зүйлээс гараагүй” гэж хэлдэг. Гэтэл “Хэцүү шүү дээ багш аа” гэнэ. Тэгвэл та нар юм сурахгүй, хүний цүнх бариад гүйцгээ гэдэг юм. Ингээд энэ салбар руу орохоо байсан. Багш нар ч бас сайн зааж чаддаггүй.
-Боловсон хүчин тийм байж. Лабораторийн нөхцөл байдлын хувьд мэргэжлийн хүний нүдээр ямар түвшинд байна вэ?
-Геологийн төв лабораторийг л лаборатори гэж хэлж болно. Учир нь инженерийн ажил тэнд хийгддэг юм. Стандартчилал хэмжил зүйн төвийн лаборатори овоо л байх ёстой. Гэвч байхгүй болсон. Химийн хүрээлэн ч тэр урагшгүй.
-Химийн хүрээлэн чинь тусдаа лабораторитой, судалгаа шинжилгээ хийж байна гэж л дуулддаг шүү дээ?
-Нэг байтугай нэлээд хэдэн лаборатори байгаа. Ургамлынх, чулууных, эм зүй гээд л байгаа. Академич Б.Лувсанданзан гуай надад хэлж байсан. “Чи нэг юм анхаар. Химийн хүрээлэн чинь худлаа хийгээд байдаг. Түүнийгээ геологитой холбож бүр худлаа бичдэг. Ийм болохоор улс орон шинэ нээлт, технологи гэж юм байдаггүй. Лаборатори сайтай байж л улсын нэр гарна. Түүнээс биш дарга нар болж хашгичаад юу ч гарахгүй” гэж байж билээ. Үнэхээр ч гайгүй юм сурсан, судалсан хүмүүсээ юу юугүй дарга болгочихдог алдаа манайд бий. Дарга бол юу ч хийхгүй.
Лабораторийн хүнийг шүүрч авч дарга болгодог буруу. Чи ямар мэргэжилтэй юм түүнийгээ л хий. Чи тэрийгээ бүр онц сайн хийгээд юм нээсний дараа өөр юм бодож болно гэдэг зарчимтай ажиллах ёстой юм.
Лаборатори байх юм бол маш өндөр хяналт шалгалттай байх ёстой. Лабораторийг сургууль сая төгссөн, эсвэл хэдэн жил дампуураад энд тэнд дарга хийгээд явж байсан хүмүүс удирдахгүй. Жинхэнэ лабораторид ажиллаж байсан хүн л удирдаж байж технологи бий болгодог.
-Та бол нэлээд чамлаж байх чинь. Нээлт, судалгаа, амьдралд хэрэгжүүлсэн технологи ховор санагдах юм?
-Тэр гээд өмнөө барих технологи байхгүй шүү дээ. Уг нь монголчууд хими, физик, байгалийн ухаан судлал, одон орон судлалаар үнэхээр гайхалтай түүхтэй үндэстэн. Одоо бол байхгүй. Бид Оросоос сурсан юмаа яг түүгээр нь ч хийж чаддаггүй.
Оросууд өөрсдөө бас балагтай. Сайн багш нар, эрдэмтэд, мэргэжилтнүүд бий л дээ. Манайх бол тэндээс хальт мульт сураад л болчихлоо гэж боддог. Хүнсний лаборатори байгуулчихлаа гэхэд хажууд нь мэддэг хүмүүс тойроод шалгаж авах ёстой байдаг. Олон дахин давтаад зөв болсон, эсвэл алдаа гарсан бол юунаас болсныг тогтоодог. Ийм байж лаборатори болдог. Түүнээс биш “Чи нэг лаборатори байгуулаарай” гэчихдэг. Нөгөөх нь нэг төхөөрөмж авчраад хийж байна аа гээд хутгаад байдаг. Тэр нь шал худлаа байдаг юм.
-МУИС-ийн багш нар хавдар устгадаг эм бүтээлээ гэж нэг хэсэг шуугьсан. Сүүлд сонсох нь ээ явцгүй болж таарах шиг дуулдана лээ?
-Тэгж л хэлдэг юм. Хүн харахад хийгээд л байдаг. Түүнийг шалгаж байгаа хүн байхгүй шүү дээ. Мөнгө төлөөд л олон патент авчихдаг юм.
-Та өөрөө лабораториор амьдарсан хүн. Геологийн төв лабораториос эхлээд өөрийн гараар лаборатори бий болгосон түүхтэй гэдэг. Үнэхээр ч улс оронд лаборатори ямар чухал хэрэгцээтэй болохыг та хэлэх хүн?
-Би 1966 онд Эрхүүгийн их сургуулийг төгсөж ирээд Геологийн төв лабораторид ажилласан. 1974 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнд шилжиж ажилласан байдаг юм. Ингээд 1990-ээд оны эхээр ШУА дундын Улаанбаатарын Технологийн сургууль байгуулна, академи дундын лабораторитой болно гэж яригдаж эхэлсэн. Химийн хүрээлэнгээс Бадарч, Геологийн хүрээлэнгээс Оюун багш өөрөө явна гээд л тухайн үед хурал хийж, 1992 онд байгуулсан.
Тал талаас цугласан бид хов хоосон байшинг, сургууль болгон тохижуулж байлаа. Намар нь хүүхдүүд ч олноор элссэн. Миний сонирхол бол лаборатори байгуулах. Тиймээс лабораторид хэрэгтэй байж болох юу байна энд тэндээс цуглуулж явдаг. Хойно аспирантурт суралцаж байхдаа шил сав, вакум, үздэг хардаг, тэмдэг тавьдаг гарын дор юу байна байнга нааш зөөнө. Ингэж л лабораторийнхоо суурийг тавьж эхэлсэн.
-Томоохон тоног төхөөрөмж шаардлагатай биз дээ?
-Тэгэлгүй яахав. Лабораторийн тоног төхөөрөмж авахаар би юугаа ч мэдэхгүй хүн Хөх хот руу явж байлаа. Тэнд очоод их сургуулийн багш нартай танилцаж, лабораторийн талаар ярилцлаа. Хөх хотын лабораториуд бол тухайн үед нэлээд өндөр хөгжчихсөн. Тиймээс тэдгээрийг сонирхвол Бээжин рүү өөрийн биеэр яв гэж зөвлөлөө. Заавар зөвлөгөө бичүүлж аваад л харанхуй хүн Бээжин рүү явж байлаа. Тухайн үед надад сургуулиас 10 сая төгрөг өгч явуулж, би өөрийнхөө хэмжээнд боломжийн төхөөрөмж захиалж авчруулж байв. Одоо бодоход бас л их зориг шүү. Сүүлд Физикийн хүрээлэнгийнхэн лабораторидоо төхөөрөмж авна гээд Монголоос авчихаад урдаас авсан гээд тооцоо хийсэн гэдэг юм билээ. /Инээв/.
-Танай лабораторид ямар ямар шинжилгээ, туршилт хийгдэж байв?
-Байгалийн ухааны чиглэлийн бүхий л шинжилгээ, туршилтууд хийх боломжтой. Хүнсийг ч үзвэл үзчихнэ. Би өөрөө ус, хөрс, шороогоо үзнэ. Миний үндсэн мэргэжил учраас чулуугаа янз бүрээр үзнэ. 2012 он гэхэд лаборатори маанд нэлээд бойжчихсон үе. Боловсон хүчин, тэр лабораторид ажиллах залуус хэрэгтэй. Тэднийг тогтоохын тулд би янз бүрээр үзнэ. Хөх хот руу найман залууг сургаж байлаа. Би байнга тэнд ажиллаад байхгүй шүү дээ. Миний мэдлэг чадвар тэр лабораторийг үргэлжлүүлээд авч явах хүмүүст үлдэх ёстой. Би тэгж л их бодож ирсэн.
-Гэвч өнөөдөр тэр лаборатори бүр хаагдсан гэв үү?
-Сургууль байгуулагдах үед Академийнхан л тал талаас цуглаж босгож байлаа шүү дээ. Нэлээд хэдэн удаагийн элсэлт аваад үйл ажиллагаа жигдрэх шинжтэй болж эхлэхэд Б.Чадраа гуай хувьдаа авах мэдээ дуулдаж эхэлсэн. Бид эсэргүүцсэн. Энэ бол сургууль бол ШУА дундын сургууль, лаборатори. Хувь хүнийх болчихвол урагшлахгүй гэж бид тухайн үед үзэж байв. Энэ асуудлаар Б.Чадраа гуайтай нэлээд маргалдсан даа.
Ингээд 2010-аад оны үед манай сургуулийг Улсын их сургуультай нэгтгэх тушаал гарсан дуулдаж эхэлсэн. Тухайн үед С.Байгалсайхан сургуулийг удирдаж байсан үе. С.Байгалсайхан бол нэлээд сүүлд сургуульд орж ирсэн хүн шүү дээ. Технологийн хүн биш. Эхлээд бидний харилцаа хэвийн, өөр өөрсдийн ажлаа хийж ирсэн. Гэтэл 2012 оны үеэс уур амьсгал өөр болж, хөл дээрээ босчихсон лабораторийг маань нэг талдаа бөөрөлхөх шинжтэй болж эхэлсэн. Лаборатори гэдэг мөнгө төгрөг шаарддаг эд шүү дээ.
Гэвч санхүүжилт олгохгүй байхаас эхлээд асуудал үүсч эхэлсэн. Одоо бол лаборатори маань бүрэн хаагдаж, зарим тоног төхөөрөмж, нарийн туршилт судалгааны багажийг маань эвдэж сүйдэлсэн дээ.
-МУИС-тай нэгдэхэд юу нь болохгүй байсан хэрэг вэ?
-Тэр тушаал гарах үед Их сургуулийг С.Төмөр-Очир гуай удирдаж байсан. Тэдний лаборатори бол худлаа шүү дээ. Нэгэнт бойжиж байгаа юмаа үгүй хийх хүсэл хэнд байх вэ дээ. Тэдний лаборатори шаардлага хангахгүй. Дөнгөж төгсөж ирсэн хүүхдүүдийг дарга болгочихдог. Тэд нар нь юм хольж хутгаад л, чанарын шинжилгээ гэж өнгөөр үздэг юм байдаг. Тийм л юм хийгээд суудаг шүү дээ.
2022 онд сургууль маань 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Лаборатори маань ч 30 жилийн нүүрийг үзлээ. Гэвч 30 жилийн ойн дээрээ лабораторийн багаж төхөөрөмжүүд актлагдчихсан угтсан даа. Сургуулийн удирдлагуудын зүгээс бүх багаж төхөөрөмж дээр нь акт гээд бичиг наачихсан. Гэтэл тэр чинь маш олон жилийн хөдөлмөрөөр боссон, шинэ багаж төхөөрөмжүүдтэй, юу бол юуг ч шинжилж судалж болохоор маш сайхан лаборатори. Шинжлэх ухаан, технологийн үр шимийг мэддэггүй хүмүүс ийм л зүйл хийдэг юм байна.
-Лабораторийн багаж төхөөрөмжөө яасан бэ?
-Одоо нэг өрөөнд бүгийг нь овоолоод хуччихсан л байна даа. Чадвал тэндээ эмийн чулууны судалгаагаа дуусгаж, технологи гаргачих хүсэл мөрөөдөлтэй гэртээ сууж байна даа.
Б.ЭНХЗАЯА