Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 9-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

06-наас 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2024 оны 03-р сарын 05-ны 20 цагаас 03-р сарын 06-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 510 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш  эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

2024 оны 03 дугаар сарын 07-ноос 2024 оны 03 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    07-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд говь, тал, хээрийн нут  гаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  шөнөдөө -18..-23 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10..-15 градус, өдөртөө +3…-2 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейг 68.821 хүн үзсэнээс 29.101 нь хүүхэд байна DNN.mn

Монгол орон даяар “Музейн нээлттэй өдрүүд”-д хүүхэд, багачуудын оролцоо хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд гуравдугаар сарын 4-ний байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейг 68,821 хүн үзсэнээс 42.22 хувь буюу 29,101 нь хүүхэд, багачууд байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 0-16 насны хүүхдэд төлбөргүй үйлчилдэг тул хүүхдүүд та бүхэн жилийн аль ч улиралд анги, хамт олноороо, гэр бүлээрээ музей үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьж ургуулжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ойн салбарын үндэсний чуулган “Ой 9+” II чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон Улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр мэдээлэл өгч, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгний 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Монгол Улс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж, олон улсын түвшинд олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал 2024 оны наймдугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах юм.

Түүнчлэн 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчдад туслах хандивын аянд 2 тэрбум 951 сая төгрөг цугларчээ DNN.mn

Малчдад туслах хандивын аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг цугларчээ.

Мөн  таван иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна.

Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Орон сууцны үнэ 9.3 хувиар нэмэгджээ DNN.mn

Улаанбаатар хотод орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 9.3, өмнөх сарынхаас 1.4 хувиар нэмэгджээ.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ нэгдүгээр сард 3.91 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.20 сая төгрөгийн үнэтэй байв.

Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 3.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.45 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ DNN.mn

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцууллаа.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:

  • Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
  • Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
  • Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.

Орон нутгийн нэмэгдэл:

  • Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
  • Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
  • Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангиас хоёр хоригдол оргожээ DNN.mn

Хорих ангиас 2 хоригдол оргожээ.

Тодруулбал, Өнгөрсөн шөнө Багануур дүүрэг дэх хорих 427-р ангиас 2 хоригдол оргосон бөгөөд нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан байна.

Одоо нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 290 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 309 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулалгүй томилох зөрчил гаргасан 7 албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай шаардлагыг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга “Г” нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, зээл, авто тээврийн хэрэгслийг худал мэдүүлсэн нь холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдсон тул түүнд хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Засаг даргад шаардлага хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын даргын 01 дүгээр тушаалаар “Шуурхай бүлэг” байгуулан ажиллаж байна.

Шуурхай бүлэг нийслэлийн хэмжээнд үүссэн халиа дошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, мал хаваржилтын нөхцөл байдалд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт халиа дошин үүсэж, айл өрх ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат нийслэлийн 20 байгууллага, 9 дүүргийн холбогдох албан тушаалтнуудад нийслэлийн нутаг дэвсгэрт шар усны үерээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж НОБГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Ашигт малтмал олборлосон этгээдүүдийг дрон ашиглан илрүүлжээ DNN.mn

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт явуулжээ.

Тус хяналтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт болох “35-ын ам”, “Их алт”, “Хэрээн гол” гэх газруудын таван байршилд, 35 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлож байсан үйлдлийг илрүүлсэн байна.

Улмаар байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг газар дээр нь хийлгэж, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан долоон экскаватор, алт угаах дөрвөн төхөөрөмж, зил 131 автомашин нэгийг тус тус битүүмжлэн, эвдэгдсэн талбайд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн дээрх тосгоны төвөөс 85 км зайд байрлах “Хүнгүйч”, “Толгойт”, “Агуйт”, “Ахьт”, “Залт”, “Хэрээн гол”, “Их алт”, “35-ын ам” гэх газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ой модон дунд нууж, байршуулсан эзэмшигч тодорхойгүй 35 техник, хэрэгслийн эзэн холбогдогчийг олж тогтоон Бугант тосгоны төвд татан байрлуулж, орон нутгийн төр захиргааны болон хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Дээрх хяналт шалгалт нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй бүс нутагт цаг агаарын хүнд нөхцөлд явагдсан бөгөөд техник технологийн дэвшил болох дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй төхөөрөмж буюу дроныг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлогч гэмт этгээдүүд, тэдгээрийн ашиглаж байсан техник хэрэгслүүдийг олж тогтоосноор энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон үр дүнтэй ажил болсныг мэдээлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.