Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ намаржин аймгуудаар, хаваржин хотоор… DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намаржин 21 аймгаар тойрсон. Түүний хувьд Ерөнхий сайд нараас анх удаа аймгуудаар нэг бүрчлэн явсан. Тэрээр ингэхдээ “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого дахь “онол”-оо хэрхэн практикт буулгах судалгаа, басхүү бүсчилсэн хөгжлийг ойлгуулах сурталчилгаа хийсэн бололтой. Тэгж явж ирээд 2024 оны Төсвийн хуулийг УИХ-д өгөхдөө “Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн уулзалтуудын үеэр биечлэн мэдэрлээ. УИХ-ын гишүүд ч хамт байсны хувьд надтай дүгнэлт ижил байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бид 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. Тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог” гэсэн. Гэхдээ аймгуудаар явсан нь ганц төсөвтэй холбоогүй байв. Ирээд аймгуудыг бүсчилсэн. Зөвхөн эдийн засгийн хувьд л гэхэд ямар “зураг” гаргаснаа тэрбээр олон нийтэд танилцуулсан. “Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн ХАА, газар тариаланг шинэ түвшинд гаргаж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу. Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүсэд гурван аймгийн 320 мянган хүн амьдарч, ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Мөн улсын хэмжээнд үр тарианы 70.2, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангаж байна. Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ. Хэрхэн аж үйлдвэржсэн улс болох вэ. Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг яаж шийдэх вэ. Энэ бүсийн хүн ам 207 мянга, ДНБ нь дөрвөн их наяд төгрөг. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна. Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу. Хүн ам 473 мянга, ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5, хүн амын 16 орчим, мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал. Хүн ам 295 мянга, ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг. Энэ бүс нутаг 13.7 сая малтай. Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс. Хүн ам 535 мянга, ДНБ дөрвөн их наяд 849 тэрбум төгрөг. Улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах тухай ярилцмаар байна. Хүн ам 229 мянга, ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг. Зүүн бүсэд нийт адууны 23, үхрийн 18 хувь бий. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлдэг. Энэ бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүнхойд Азийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол нутаг болох боломжтой. Нийслэл хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан. Улаанбаатарт нэг сая 539 мянган иргэн амьдарч, ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49, ДНБ-ий 65 хувийг бүрдүүлдэг” хэмээсэн. Улмаар он солигдохын өмнөхөн УИХ-аас 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойрогт явуулахаар болсон. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч УИХ дахь намынхаа бүлгийн хуралдаан дээр “Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтооход харшлах хууль эрх зүйн зөрчил, хуульд нэмэлт өөрчлөх оруулах шаардлага гарахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, нийгмийн сегмент бүрийн төлөөлөл, олон нам парламентад сонгогдох боломжийг бүрдүүлж, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн хуулийг өөрчилдөг асуудлыг эцэс болгож, сонгодог парламентын засаглал төгөлдөржиж, шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрмийг тогтоож чадсан. 2024 оны улсын төсвийн реформын гол концепц нь тойрог шүтсэн төсвийн тогтолцоог халж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, улсын төсвийг төлөвлөж, санхүүжүүлдэг тогтолцоонд шилжиж, үндэсний хэмжээнд нийгэм эдийн засгийн үр өгөөж, ТЭЗҮ-д тулгуурлаж, шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн төслүүдийг үр ашигтай дуусгах зорилт байсан.2024 оны улсын төсөв бол УИХ-ын тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих үндсэн зорилготой. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж, өнөө маргаашийн эрх ашиг бус, хөгжлийн ирээдүйн бодит зорилгын төлөө нэгдэхийг уриалж байна” гэж байв.

Харин одоо хотоор “холхиод” хэд хонолоо. Хот, тэр дундаа хороодоор явж ажиллаж байгаа аж. Мөн л Ерөнхий сайдын хувьд анх удаа Л.Оюун-Эрдэнэ ингэж хороодод ажиллаж буй юм байна. Хамгийн гол нь энэ бас л бүсчилсэн хөгжилтэй холбоотой. Аймгуудыг бүсчилсэн, хот ч адилхан. Наад зах нь сонгуулийн тойрог хуваарилалтыг харахад аймгуудад долоо, хотод зургаа, нийлээд 13 тойрогтой болсон. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ ингэж явсныхаа үр дүнд хоттой холбоотой томоохон шийдлүүд гаргах бололтой.

Ө.Бааст

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бумдарь: Намууд манлайлал үзүүлэх, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчээ таниулах боломж бол мэтгэлцээн DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Сошиал сүлжээ цензургүй, үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээллээр дүүрэх болсон. Удахгүй улс төрийн том сонгууль болно. Нэр дэвшигчдийн талаарх бодитой мэдээллийг сонгогчдод хүргэх үр дүнтэй суваг, арга юу байдаг вэ?

-Орчин үеийн нийгмийн амьдрал, ялангуяа улс төр үйл ажиллагаа, сонгуулийн кампанит ажилд дэлхий нийтээр ашиглах нэгэн шинэ харилцааны суваг нутагшиж байгаа нь цахим хэрэгсэл, сошиал сүлжээ. Манай улсын хувьд 2012 оны сонгуулийн үеэс эхлэн цахим орчныг ашиглаж эхэлсэн байдаг.

Харамсалтай нь бидний хувьд сошиалын зөв хэрэглээ, дадал, аюулгүй хэрэглээний асуудал нухацтай хандах хэмжээнд хүрсэн гэж хувьдаа үздэг.

2024 оны сонгуулийн хувьд цахим сонгууль, AI, өгөгдөлд суурилсан сонгуулийн кампани өрнөх төлөв харагдаж байгаа. Учир нь фэйсбүүкийн хэрэглэгч манай улсын хувьд өндөр үзүүлэлттэй байдаг. Тиймээс нэр дэвшигчийг таниулах, сурталчлах сувгийн хамгийн чухал нь байна. Гэхдээ сошиал сүлжээгээр нэр дэвшигчийн талаарх бодитой мэдээллийг хүлээн авах байдал харилцан адилгүй байх болно.

Ер нь нэр дэвшигчийг тодруулах тал дээр гадны улс орнуудын намууд сонгогчийн далд ухамсар дахь хүсэмжит, хүлээн зөвшөөрөхүйц, төлөөлөхүйц бие улстөрчийн дүр төрхийн судалгааг түгээмэл хийдэг. Судалгааны үр дүнд суурилан нэр дэвшиж буй улстөрчийн хувьд өөрийгөө “зөв” таниулах, сурталчлах ойлгуулахад хүндрэл багатай юм. Нөгөө талаар маш сайн сонгуулийн кампанит ажлын мэргэжилтэнтэй бол сонгогчдын хүсэмжит улстөрч байх боломжтой. Улс төрийн шинжлэх ухаанд сонгуулийн кампанит ажлын технологи тэргүүлэх чиглэлд хөгжиж байгаа. Тиймээс улс төрийн коммуникацийг ашиглахад улс төрийн маркетинг, улс төрийн сэтгэл судлал, улс төрийн социологи, хэвлэл мэдээлэл, их өгөгдөлд суурилах зэрэг олон салбар дундын шинжтэйгээр хөгжиж байна.

Үр дүн нь нэр дэвшигчийг маш “гоё сайхнаар” бүтээж чадах юм. Иймд нэр дэвшигчийг танихын тулд намын бодлого, намаас нэр дэвшүүлж байгаа журам, дотоод ардчиллыг сайн харах хэрэгтэй. Тухайн намын алсын хараа, урт хугацаанд оршин тогтнох, төлөвших зэрэг нь ямар нэр дэвшигч, улстөрчийг бэлдэж бойжуулж байгаагаас шууд хамаарах тул хамгийн чухал суваг нь нам хэнийг санал болгож байгааг анхаарах ёстой. Мэдээж мэдээллийг нягтлах дадал сурах аваас ямар ч сувгаар орж ирсэн мэдээлэлд цензуртэй хандаж сурна. Сонгуулийн кампани нь хүний сэтгэл зүй дээр маш сайн туршсан технологи ашигладаг тул аливаа төрлийн мэдээллийн үнэнийг эрэлхийлж сурах ёстой болов уу.

-Нэр дэвшигчдийн нүдийг нээхийн тулд намууд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг олноор хийвэл хэр үр дүн гарах бол?

-Улс төрийн сонгуульд мэтгэлцээнийг ашиглах байдал түгээмэл болсон. Тодорхой түвшинд тухайн хүний үнэн дүр төрх, улс төрийн хүсэл эрмэлзэл, бие хүний талаар таних боломжийг улс төрийн мэтгэлцээн олгодгийг 60-аад онд Америкийн ерөнхийлөгчийн сонгууль нотлоод үзүүлчихсэн. Тиймээс намуудын хувьд манлайлал үзүүлэх, мөрийн хөтөлбөрөө таниулах, хүсэмжит улстөрч, нэр дэвшигчийг дэвшүүлж байгаагаа таниулах боломж бол мэтгэлцээн юм.

-Сонгогчдын улс төрийн боловсрол маш чухал. Ер нь сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх үр дүнтэй арга юу вэ?

-Сонгогчийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, үргэлжлүүлэх ёстой. Ардчилсан засаглалтай улсын хувьд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бодлогоор сонгогчдын боловсролыг тогтмол дээшлүүлж байх ёстой. Хамгийн үр дүнтэй байх нь таны амьдралд хамааралтай бүх шийдвэрийг сонгогдсон улстөрчид, улс төрийн намын мөрийн хөтөлбөр шийдэж байна гэдгийг ойлгуулах асуудал юм. Тиймээс аль болох ерөнхий боловсролын сургуульд байхаас эхлэх нь зүйтэй болов уу.

-Намуудын мөрийн хөтөлбөр ерөнхийдөө худал амлалт байдаг гэсэн дүгнэлт нийгэмд түгээмэл болчихлоо. Татвар нэмэхгүй гэсэн амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгачихаад татвар нэмчихэж байна л даа. Бас халамжийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Өнөөдөр сонгогчид сонголтоо хийхээсээ өмнө юуг чухалчлах ёстой вэ гэсэн эргэлзээнд орчихоод байх шиг?

-Худал амлалт гэдэг нь гурван сонгуулийн өмнөх зүйл байж магадгүй. Үндэсний Аудитын газарт намууд сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөө шалгуулдаг болчихсон. Тодруулбал, мөрийн хөтөлбөр нь манай улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төсвийн хуульд нийцэхүйц байхыг нягтлан үзэж дүгнэлт гаргадаг болсон. Хэрвээ мөрийн хөтөлбөр нь хэрэгжихүйц бус амлалт дэвшүүлсэн, төсвийн төлөвлөлт давсан байх аваас сонгуульд оролцох эрх нээгдэхгүй байхаар хуульчилсан байдаг. Сонгогч хамгийн түрүүнд намын институцичлал, мөрийн хөтөлбөрийн хэрэгжих боломж, арга замаа хэрхэн тайлбарлаж байгааг харах нь чухал.

-Улстөрчид сонгогчдод мөнгө амлах, тараахын гор нь улс оронд яаж нөлөөлж байгаа талаар та ярихгүй юу?

-Санал худалдан авалт бол төр улсын хөгжлийг сааруулах, шударга ёс, эрх зүйт төрийг төлөвшүүлэх хугацаа маань алсрах болно. Нийтийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл. Манай улсын хувьд бэлэн мөнгөөр санал худалдан авалт, хууль зөрчсөн байдал тун цөөхөн тогтоогдсон байдаг. Гэтэл нийгэмд санал худалдан авалтын талаарх төсөөлөл, яриа их байдаг. Энэ бүхэн улс төрийн санхүүжилтийн орчин тунгалаг болоогүй байгааг илэрхийлж байгаа хэрэг. Нөгөө талаас улс төрийн тогтолцоо, нийгмийн ядууралтай шууд хамааралтай. Манай улс төрийн тогтолцоо мөнгөтэй хүмүүст боломж өгдөг. Тиймээс санхүүгийн хувьд илүү боломжтой нь сонгогдох, далд хэлбэрийн сонгуулийн санал худалдан авалтыг хийх чадвартай хэсэг “бизнес-улстөрч” болох нь элбэг байгаа нь бодит үнэн.

Иргэдийн улс төрийн боловсрол дээшилж, орлогын түвшин нэмэгдэж байж сонгуулийн далд хэлбэрийн санал худалдан авалт ямар ч байсан багасна. Гэхдээ хөгжингүй улс орнуудын хувьд улс төр-мөнгө хоёрыг салгах тал дээр байнга анхаарч, эрх зүйн зохицуулалтаа сайжруулж байдаг. Учир нь улс төр дэх мөнгөний урсгалыг хаахад шинээр дахин урсгал гарч байдаг голын урсгал шиг гэдгийг нийгэм мэддэг байх хэрэгтэй.

Р.Жаргал

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 6, Буд гариг. Билгийн тооллын 26, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:23 цагт мандаж 18:44 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 06-наас 2024 оны 03 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

06-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10..-15 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Киевийн төлөөх тулаан II” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Үндсэн хуулиас давсан эрх олгогдчихсон явж байгаа” гэснийг  II нүүрнээс уншаарай.

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Халамж авагчдыг
ажил хийж байгаатайгаа адилхан түвшинд амьдардаг болгочихсон нь энэ төрийн том алдаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол ”Нэрт нийтлэлч Баабар “Киевийн төлөөх тулаан II” хэмээн өгүүллээ.

Л.Оюун-Эрдэнэ намаржин аймгуудаар,  хаваржин хотоор…

“Оюу толгой” компани: “Бид ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалинг огт өөрчлөөгүй, мөн бусад нэмэгдэл, олговор хөнгөлөлтүүдийн хувь хэмжээ ч хэвээр байгаа”гэв.

 


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт-2024” үндэсний чуулган болж байна DNN.mn

МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооноос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт-2024 үндэсний чуулганыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Чуулганд аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо болон анхан шатны ҮЭ-ийн хороодын Эмэгтэйчүүд, залуучуудын хорооны гишүүд, төлөөлөгчид 308 эмэгтэйчүүд оролцож байна. Чуулганаас Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөвлөмжийг батлан гаргана гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 50 зөрчил бүртгэгдэж, 116 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны гуравдугаар сарын 04-ний өдөр нийт 1778 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1376, гэмт хэргийн шинжтэй 115 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 50, хүний биед халдсан 48, эрүүлжүүлэх байранд хоносон 116 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлэв DNN.mn

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас Улсын дээд шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдөл нь “Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай байна.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ нийгэм

Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 57 хувьтай байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт нь 57 хувьтай байна. Цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ” хэмээлээ.

Улс болон нийслэлийн төлөвлөлтийг бүх шатны нэгж хамтран хийх хэрэгтэй тул анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох нь чухал болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Сүхбаатар дүүрэгт 39,984 өрхийн 141,537 иргэн амьдарч байна. Анх 1965 онд байгуулагдсан бөгөөд 20 хороо, 20,800 га газар нутагтай. Тус дүүргийн 1-8 дугаар хороо орон сууц, 9-11 дүгээр хороо гэр, байшин хороолол хосолсон, 12-16 дугаар хороо гэр хороолол бүхий хороо бол 17-20 дугаар хороо нь бүхэлдээ зуслангийн бүс юм.

Хороодод оршин суух хүн амын тоо нэмэгдэж, төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай болоод байгаа тул нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтад ирсэн албан хаагчид хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчихдоо анхаарах зүйлс DNN.mn

Вьетнам улс руу дипломат, албан болон энгийн гадаад паспорттой монгол иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих хэлэлцээр 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс мөрдөгдөхөөр болсон билээ.

Харин 30-аас дээш хоногийн хугацаагаар Вьетнам улсад зорчих бол зохих ангиллын виз авах ёстой юм байна.

Тус улс руу визгүй зорчиход юуг анхаарах ёстойг ГХЯ-наас тодруулахад “Гадаад паспортын дуусах хугацааг сайн шалгах, Вьетнам улсад очсон хойноо хууль тогтоомжийг зөрчихгүй байх, визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй” байхыг зөвлөлөө.

Тус улсад зорчиход анхаарах зүйлс:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах
  • Гадаад паспорт нь визийн тамга дарах хоёроос доошгүй хуудастай байх
  • Аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад байх хугацаагаа паспорт дээрээсээ нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх
  • Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх
  • Хилээр 5,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад гадаад валют авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, торгууль ногдуулдаг болохыг анхаарна уу)
  • Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх

Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд (2024.03.01-ний байдлаар)

Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30

2 Филиппин Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13
/Зөвхөн бизнес болон аялал жуулчлалын зорилгоор зорчих паспортын хугацаа 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай, нутаг буцах эсвэл дараагийн улсад зорчих нислэгийн тийзтэй энгийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй/
3 Малайз Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израил Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг

/БНХАУ/

Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04

/180 хоногт/

8 Куба Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Сингапур Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08
18 Украин * /Албан ёсны урилгатай тохиолдолд/
Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл
19 Аргентин Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19
20 Уругвай Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10
21 Чили Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29
22 Эквадор Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23
23 Перу Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01
24 Узбекистан Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2022.06.03
25 Барбадос Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2022.07.28
26 Арабын Нэгдсэн Эмират Улс Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2023.12.28
27 Мальдив Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2024.01.12
28 Парагвай Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2024.01.17
29 Вьетнам Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2024.03.07