Categories
мэдээ нийгэм

Тээвэр зуучийн 11 терминалыг шилжүүлнэ DNN.mn

Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.

Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна. Ачаа тээвэр, логистикийн төвийг нэгдсэн байдлаар хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд дээрх ажлын хэсэг Улаанбаатар хотын төв дэх тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тэрбээр “Нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүд боомтоор дамжин ирж, Улаанбаатар хотын төвөөс есөн дүүрэг, 21 аймаг руу эргэн тараагддаг. Энэ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон эрүүл, аюулгүй орчинд нөлөөлж байгаа. Тиймээс хотын захад орчин үеийн инженерийн шийдэл бүхий тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулан ачаа барааг төвлөрүүлэх, тус төвөөс хотын дунд хэмжээний агуулах руу түгээлт хийх нь зүйтэй” хэмээн онцлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн цул мах 15.800-16.500 төгрөг байна DNN.mn

Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн /2024.03.06/ мэдээллийг хүргэж байна.

Махны үнэ ханш
Төрөл Бөөний үнэ

/ малчдаас авах үнэ /

Жижиглэнгийн үнэ

/лангуун дээрх үнэ /

          Ястай           Цул
Ямааны мах 5000-6000 8500-9000 9000-9500
Хонины мах 8000-10.500 12.000-12.500 12.000-12.500
Үхрийн мах 10.500-13.500 15.500-15.800 15.800-16.500
Адууны мах 6000-9500 11.500-12.500 11.500-12.500
Тэмээний мах 6500-7000 9000 10.000

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах 109”

Categories
мэдээ нийгэм

15 настай хүүхэд машин жолоодож, гурван настай хүүхдийг мөргөжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт гуравдугаар сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай /-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байгаа юм байна.

Тиймээс, иргэд, жолооч нар насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй, бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэн хамтарч ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд DNN.mn

Өнөөдөр /2024.03.06/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 93.142 километр зам гаргажээ DNN.mn

Цас их орж зам даваа хаагдсан газруудад урьдчилсан байдлаар 54,398 километр зам гаргахаар төлөвлөж байв. Тэгвэл одоогоор байдлаар үүнээс бараг хоёр дахин илүү буюу 93,142 километр зам гаргаад байна. Тодруулбал

  • аймагт орон нутгийн онцгой комисс 29,387,
  • төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид 43,531,
  • хувийн хэвшлээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслүүдээр нийт 20,224 километр зам гаргажээ.

Мөн одоогийн байдлаар 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Үүний дээр малчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажлын хэсгүүд 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц хүргэхийн сацуу 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн гэдгийг УОК-оос мэдээлэв.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутагт 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 53 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 107 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр нийт 1748 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1355, гэмт хэргийн шинжтэй 129 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 90 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Жилд дунджаар 6500-7000 хүн галзуу өвчний эрсдэлд өртдөг DNN.mn

Монгол Улсын 21 аймгийн 298 сум, долоон дүүрэгт мал, амьтны галзуу өвчний байгалийн голомт бий аж.

Жилд дунджаар 6,500-7,000 хүн галзуу өвчний эрсдэлд өртөж, өртөлтийн дараах вакцинд хамрагддаг. Уг эрсдэлд бүх насны иргэд өртөж байгаа ч 5-15 насныхан илүүтэй өртдөг байна.

Түүнчлэн галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлын 74% нь эзэнтэй нохойд уруулсан байдаг гэдгийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ) болон Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)өөс гаргасан баримтуудад дурджээ.

Зөвлөгөө:

Зэрлэг болон тэжээвэр амьтдад хазуулсан тохиолдолд шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаах, 5%-ийн иодын уусмалаар шархыг шавшаарай. Мөн эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдахыг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Баярцогт: Халамж авагчдыг ажил хийж байгаатайгаа адилхан түвшинд амьдардаг болгочихсон нь энэ төрийн том алдаа DNN.mn

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас танай намын мөрийн хөтөлбөрт тусгуулах тодорхой саналуудыг хэлж байсан. Саналынх нь гол агуулга юу байсан бэ?

-Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажил ид үргэлжилж байна. Үүнд төрийн институциудын болон төрийн бус холбоодын саналуудыг их авч байгаа. Ер нь бидний хувьд уламжлалт маягаар явахгүй байх асуудлыг их бодож байна. Хэрэв уламжлалт бодлого, хөтөлбөрөөр яваад байвал Монголд халамж авч байгаа нь ажил хийж байгаагаасаа ялгаагүй амьдарч, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт, тэлэлт бодитой бий болохгүй. Бидний хувьд олонх болох байх гэсэн итгэлтэй байгаа. Тиймээс мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын хэмжээнд эргэж гарч ирэх байдлаар боловсруулж байна. Үүнд шаардлагатай маш том судалгааг МҮХАҮТ бидэнд өглөө. Ерөнхийдөө мөрийн хөтөлбөрүүд бүхэлдээ алсын хараа 2050 дээр суурилж байгаа. Бид ер нь сэтгэлгээний хувьд өөрчлөгдөхгүй бол болохгүй болсон. Тэр нь юу гэхээр улс орныг том бизнесүүд л авч явж байгаа. Гэтэл тэр бизнес рүүгээ маш их дайрч байна.

Гол асуудал нь нийгмийн энэхүү сэтгэлгээг төр нь хүртэл зөвшөөрчихөөд байгаа юм. Тиймээс улс орныхоо эдийн засгийг авч яваа энэ олон бизнесүүдийн нэр хүндийг хамгаалах нь нэн чухал болсон. Энэ чиглэлд Ардчилсан нам МҮХАҮТ хамт зоригтой, эрс өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдгээ хэлсэн.

-АН-ын хувьд олонх болж Засгийн эрхийг барьж байхдаа Монголын эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг авчирч байсан бэ?

-Олон бий. Тухайлбал, 1996 онд олонх болчихоод хийсэн өөрчлөлт бол Монголын эдийн засгийг яг үндсэн зах зээл рүү шилжүүлсэн. 2004-2008 оны эдийн засгийн өсөлтүүд мөн 2012 оны хамтарсан Засгийн газрын үед хийсэн эдийн засгийн том тэлэлт, зорилтууд явсаар байгаад өнөөгийн эдийн засгийн өсөлтийг авчирсан. Цаашид эдийн засгийг өсгөх, тэлэхийн тулд уламжлалт аргаар явах маш хүнд болсон. Тиймээс парламентад суудалтай болон манай намын хувьд зарчмын шинэ бодлогыг тавина. Юун түрүүнд татварыг багасгана. Нэмээд бизнес дэх төрийн оролцоог бид эрс багасгана. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллага хийж чадаж байгаа ажил руу төр оролцохгүй гэдэг зарчим дээр хатуу зогсоно. Харин бизнесийн салбар ашгаа нөхөхөд урт хугацаа шаардагдах, мөн оролцоход хүнд байх, мөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар луу л төр орно. Бизнес хийж чадаж байгаа бүх салбарыг бизнес рүү шилжүүлнэ. Ийм зорилтоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Нөгөөтэйгүүр энэ жижиг эдийн засаг дээр гадаадын хөрөнгө оруулалт, зээлгүйгээр тэлэхгүй, өсөхгүй. Тиймээс арилжааны бус хөрөнгө оруулалтын зээлийг их хэмжээгээр бий болгох шаардлагатай. Аль болох хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох чиглэлд бодлогоо боловсруулж байна.

-Өнөөгийн эдийн засгийн өсөлт АН-ыг эрх барьж байх үед явуулсан бодлогын үр дүн гэж та хэллээ. Гэтэл өнөөгийн эрх баригчид тэгж үзэхгүй байх шиг байна. Гарч байгаа хулгай болгон АН-тай холбоотой мэт ойлголтыг өгч байна шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Эрх баригч намын ярьдаг улиг болсон сэдэв л дээ. Сонгууль болгоноор өөрсдийнхөө хийсэн алдаагаа сөрөг хүчин рүүгээ түлхдэг. Монголын улс төрийн өнгөрсөн 34 жилийн түүхийг хэдүүлээ эргээд нэг саная. Энэ хугацаанд Ардчилсан нам дангаараа засаг барьсан нь ердөө найман жил. Хамтарч засагласан үе нь зургаан жил байдаг. Үүнээс харахад манай нам өнгөрсөн 34 жилийн 14 жилд нь Засгийн газрын үйл ажиллагаанд оролцож байсан гэсэн үг. Харин үлдсэн 20 гаруй жилд нь МАН дангаараа засаг барьсан. Хамтраад 30 гаруй жил засгийн эрхийг барьж байна. Тэгэхээр асуудлын гол нь хаана байсан байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Нөгөөтэйгүүр Монголын төрд гарсан хамгийн том хулгай луйвар сүүлийн найман жилд гарсан шүү. Өнөөгийн эдийн засгийн энэ жаахан сэргэлт, тэлэлт хаанаас эхэлсэн бэ гэхээр Оюу толгойн гэрээ зурагдсан цагаас эхлэлтэй. Харин хулгай хаанаас эхлэлтэй вэ гэж. Тэгэхээр уул уурхайн салбарт маш их баялаг бий болсон. Үүнд төрийн оролцоо маш өндөр байсан учир ямар нэгэн байдлаар авлига, хулгай, луйвар гарч эхэлсэн.

-АН-ын хувьд Засгийн эрхийг дахин авлаа гэхэд төрийн хулгай, луйвартай яаж тэмцэх вэ?

-Ер нь аливаа явдлын үр дагавартай тэмцэх гэхээс илүү суурийг нь байхгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл алдаа завхрал, авлига гараад байгаа тэр суурийг нь байхгүй болгох шаардлагатай гэсэн үг. Тодорхой бизнест төрийн оролцоо байж л байвал тэнд авлига, хээл хахууль бат бөх оршиж л байна. Тиймээс манай намын хувьд хувийн хэвшил хийж чадаж байгаа бүхэнд л төрийн оролцоог халъя гэж байгаа юм. Нөгөө талдаа бид хөрөнгийн биржээ маш идэвхтэй ажиллуулна. Монголын хөрөнгийн бирж зөвхөн дотооддоо бус дэлхийд зэрэг хувьцаагаа гаргадаг, дэлхийн хөрөнгийн биржийн шаардлагыг хангадаг болох чиглэл рүү аваачина. Ингэвэл компаниуд шилэн болно. Ингэж чадвал янз бүрийн хулгай, луйвар, авлига алга болно. Бүгд л бирж дээр үнээрээ өрсөлдөнө гэсэн үг.

-АН-ын хувьд олонх болно гэдэгтээ итгэлтэй байна гэж та хэллээ. Үнэхээр танай нам олонх болоод Засгийн эрхийг барьвал өнөөгийн эрх баригчдын ямар бодлогыг цааш нь үргэлжлүүлэх вэ. Эсвэл бүр сууриар нь өөрчлөх үү?

-Мэдээж төрийн залгамж халаа гэдэг зүйл байх ёстой. Тэр утгаараа өнөөгийн Засгийн газрын явуулж байгаа бодлогоос бид гурван зүйлийг шууд үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Монгол Улс бол парламентын бүгд найрамдах улс. Үүнийг төгөлдөржүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт болон дагалдан гарсан хуулиудтай холбогдуулан улам сайжруулахын төлөө зүтгэнэ. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ажлыг улам идэвхтэй хийнэ гэсэн үг. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байгаа. Хоёрдугаарт, авлига хээл хахуультай тэмцэж байгаа бодлого, үйл ажиллагааг нь сайжруулан үргэлжлүүлнэ. Сайжруулна гэдэг нь яг одоо бол авлигын үр дагавартай тэмцэж байна. Гэтэл үр дагавар гэхээс илүү суурь агуулгатай нь тэмцэх шаардлагатай байгаа гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр манай намын хувьд авлигатай тэмцэнэ. Ингэхдээ суурь агуулгаар нь буюу авлига гарч байгаа шалтгаан нөхцөлтэй нь тэмцэнэ гэсэн үг. Ингэснээр авлигыг эрс багасгах, бүр байхгүй болгох бололцоотой гэж харж байгаа. Энэ чиглэлд хийх хамгийн эхний ажил бол бизнесд оролцдог төрийн оролцоог эрс цөөлнө. Энэ бол авлигатай тэмцэх дэлхийн жишиг. Ер нь юм нуугдах тусам тэнд алдаа завхрал байнга гарч байдаг. Үүнийгээ дагаад авлига, хулгай гарна. Өөрөөр хэлбэл, онцгой байдал тогтоогоод эсвэл БЭТ томилох нь үүний тод жишээ гэсэн үг. Үүнээс бизнесийн шийдэл огт гарахгүй. Харин дандаа улс төрийн шийдлүүд л гарна.

-Гурав дахь том асуудал нь юу вэ?

-Оюу толгойгоос хойш Монголд ганц ч гадаадын том хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Тэр битгий хэл хөрөнгө оруулж байсан компаниуд Монголоос гарч, дайжсан. Тиймээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилго байх ёстой. Ингэж байж дараа дараагийн том хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирж чадна. Бидний хувьд уран дээр боломж их харагдаж байгаа. Мөн зэс, эрчим хүчний үйлдвэрлэл дээр маш их боломж бий. Өөрөөр хэлбэл, Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний маш том нөөц газар. Дэлхийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү явж байна. 2030 оноос цааш сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдана гэж үзэж байгаа. Энэ бол маш том зах зээл. Энэ том зах зээлийг хангах суурь бааз нь Монголын говь гэж бид харж байна.

-Дотоодын хөрөнгө оруулагчдын асуудал дээр голчилж юунд нь анхаарах вэ?

-Өнөөдөр манай улсад халамж авч байгаа нь ажил хийж байгаа иргэд шиг яг адилхан амьдрах боломжтой болгочихсон. Энэ бол өнөөгийн Монголын төрийн хамгийн том алдаа. Алдааных нь үр дүнд ажил хийхгүйгээр амьдрах боломжтой гэсэн сэтгэлгээ нийгэмд хүчтэй тархаж байна. Энэ тархалтыг нэн даруй зогсоохгүй л бол бүхэлдээ энэ улс маань хөгжихгүй. Хөгжлийн тухай яриад ч нэмэргүй. Учир нь төрийн бодлогоор иргэдээ залхуу, ажил хийх сонирхолгүй болгож байна шүү дээ. Үүнийг Ардчилсан нам нэн яаралтай засна. Зассан үр дүнд ажил хийж байгаа нь халамж авч байгаагаасаа хэд дахин илүү амьдардаг боломжийг бий болгоно. Халамж авна гэдэг ойлголт бол хамгийн сул дорой хүний зан гэсэн сэтгэлгээг нийгэмд түгээнэ. Ингэхийн тулд бид татварын орчинг сайжруулна. Тэр дундаа ажил олгогч дээр хамгийн хүндээр тусаж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг шийднэ. АН-ын хувьд 2004-2008 онд 4/11 гэсэн бодлогыг хэрэгжүүлж байсан. Үүний үр дүнд дөрвөн том татварыг арван хувиар буулгасан. Татварын өршөөлийг маш их үзүүлдэг байсан. Үүнийг АН хийж чадна. Учир нь бид 1996 онд үнэ чөлөөлж чадсан. Тэр үед хүн болгон үүнийг маш эмзэг хүлээн авч байсан. Гэтэл том зургаараа зах зээлийн эдийн засгийг бодит утгаар нь бий болгож ирсэн.

-Эдийн засгийн өсөлтийг бий болгоход хөрөнгө оруулалт, тэр дундаа гадны хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг хүн бүр мэднэ. Хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлага бий. Энэ утгаараа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцсэн боловч хойшиллоо. Уг асуудлын шийдлийг танай нам ямар байдлаар тооцож байгаа вэ?

-Манай намын угшилтай гишүүд уг хуулийн төслийг эсэргүүцлээ гэж та хэлж байна уу. Ер нь бол маргалдаж байгаа асуудал нь бол байсан л зүйл шүү дээ. Тэрийг нь хамтдаа байж байгаад л бүгд баталсан. Түүнээс хойш энэ асуудал хоёр намын улс төрийн үйл ажиллагаа болчихсон нь харамсалтай. Нийт дүнгээрээ монголчууд хохирсон байдалтай байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн асуудал дээр хоёр нам эсрэг байр суурьтай байна гэж гадныхан харвал хөрөнгө оруулалтаа хойшлуулъя л гэнэ. Тиймээс монголчууд дотроо маргалдаж болно. Гэхдээ гадагшаа бид нэгдсэн байр суурьтай л болчих хэрэгтэй байгаа юм. Энэ утгаараа саяны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгийн үед гарсан маргаан тэрийг тойрсон улстөржилт бол Монголын эсрэг л болсон гэж харж байгаа. Тиймээс энэ асуудлаа засч залруулаад Монголын хөрөнгө оруулалтын орчин маш ойлгомжтой болсон гэх дохиог гадныханд өгөх шаардлагатай байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн постер бүтээлийг танилцууллаа DNN.mn

Францын төдийгүй дэлхийн алдартай музейн нэг Орсед энэ долоо хоногт нэгэн сонирхолтой үзмэр нэмэгдсэн нь “Парис 2024” олимпийн сюрреализм бүтээл байлаа. Олимпийн постер бүтээл хийх захиалгыг франц зураач Уго Гаттонид өгсөн.

У.Гаттони Францын алдарт “Hermes” брэндийн ороолтны загвар гаргадаг гэдгээрээ олонд танигдсан бүтээлч. Тэрбээр олимпийн зурагт хуудас дээр 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сарын 19-ныг дуустал ажилласан байна. Нийт 2000 цаг зарцуулжээ.

Эх сурвалж: Olympics.com

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 451 мэдээллийн хэрэгсэл байна DNN.mn

Монгол улсад тогтмол хэвлэл үүссэний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 451  мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж 4500 орчим мэргэжилтэн ажиллаж байна.