Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ DNN.mn

Суралцагийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний туай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тогтоол батлагдаж, хэрэгжсэнээр,
·      Олон  улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний аргачлалаар бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, 2025 оны PISA үнэлгээнд бэлтгэх,
·      Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн зорилтод арга хэмжээ авах,
·      Сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, цахим хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээ авах;
·      Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хоорондын боловсролын чанарын ялгааг багасгах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жүжигчин Б.Мишээлийн ээж Ж.Цэцэгээ: Охидынхоо боловсрол, сайхан сэтгэл, хандлагад анхаардаг DNN.mn

Энэ удаагийн “Орчлонгийн сайхан ээж” буланд Жамъяндоржийн Цэцэгээтэй ярилцлаа. Тэрбээр жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Мишээлийн ээж юм. Түүний ханийг С.Буянжаргал гэдэг. Ханьтайгаа ханилаад 40 жил болжээ. Тэдний гурван охин нь урлагийн салбарт нэлээдгүй амжилттай яваа юм. Тэрбээр дөрвөн зээтэй, ээж бас эмээ. Өдрийн сонины реклам, зар сурталчилгааны албанд менежерээр 20 жил ажилласан. Одоогоор ханьтайгаа хамт хувийн бизнес эрхэлдэг.


-Таны охидтойгоо авахуулсан зургийг тань харсан. Их сайхан харагдаж байна лээ. Охид нь өөр өөр мэргэжилтэй юү?

-Манай том охиныг Б.Дөлгөөн, дунд охиныг Б.Мишээл, бага охиныг Б.Үжин гэдэг. Том дунд охин маань гэр бүлтэй. Харин бага охин одоо БНСУ-д Сөүлийн үндэсний Их сургуульд суралцаж байгаа.

Манай Мишээлийг “Нийслэл хүүхэн” киноны Гоомаралын дүрээр нь андахгүй байх. Бага охин Үжин дунд ангиасаа л клип, кинонд тоглосон. Ноднин “Шинэ монгол” сургуулийг төгссөн. Том охин Дөлгөөн маань тухайн үеийн Орос 14 дүгээр сургуулийг төгссөн. Унаган орос, англи хэлтэй. Хоёр хүүхдийн ээж. 2007 онд олон улсын миссийн тэмцээнээс Зэс эрдэнийн өргөмжлөл авч байлаа. Одоо влог хөтөлж явуулж байгаа.

-Хоёр охин нь жүжигчин мэргэжилтэй. Ээж хүний хувьд охидоо харамлах үе гарах байх. Ер нь олны танил болоод ирэхээр охидоо хэр харамлаж байна?

-Ер нь жүжигчин болгоно гэж бодоогүй явсан. Манай Мишээл “Орчлон” сургуульд сурдаг байхдаа л урлагийн үзлэгт орж, алтан медаль аваад авьяас нь тодроод ирэхээр өөрөө жүжигчин мэргэжлийг сонгосон. Бага охин болохоор эгчийгээ дуурайгаад л реклам, клипэнд тоглож эхэлснээр энэ мэргэжилд илүү татагдсан. Байгууллагаас рекламд тоглох санал ч ирдэг. Ер нь л гадаад төрх, авьяас чадвар нь урлагийн мэргэжил сонгоход нөлөөлсөн байх.

-Охид нь жүжигчин болно гэхэд та яаж хүлээж авсан бэ?

-Мишээл урлагийн үзлэгт орж амжилт гаргаад ирснээс хойш жүжигчин болохоо шийдсэн. Тэгээд СУИС-д шалгалт өгсөн. Миний хувьд урлагаар явуулна гэж огт бодож байгаагүй. Хүүхдүүдийнхээ сонирхлыг л дагасан. Тохироо нь бүрдэнэ гэдэг шиг л гоо сайхан, авьяас байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон байх. Нийгэм ч өөр болсон учраас өөрсдийнхөө хүсэл сонирхлыг нь дагаж байгаа.

-Охид нь таны санаанд хүрэхээр байж чаддаг уу. Хүүхдүүдээ өсгөх таны философи юу вэ?

-Би өөрөө таван хүүхэдтэй айлын том нь. Хүний сайн хань байх тал дээр их анхаардаг. Хүмүүс гоо үзэмж талаас нь хардаг байж магадгүй. Миний хувьд охидоо хайрлаж, дээд боловсролд нь их анхаардаг.

Тиймдээ ч гадаад хэлтэй, зөв хандлагатай болж өссөн. Хэлэх үг, гэртээ байгаа байдал, аав ээж, ханиа халамжлах гээд өөрөө охиддоо үлгэр дуурайлал байхыг хичээдэг. Аливаа зүйлд хандах хандлага, эерэг сэтгэлгээг эрхэмлэдэг. Ер нь л сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байх логикоор л хүмүүжүүлдэг.

-Багаас нь л боловсролд нь анхаарсан болохоор одоо илүү амжилттай яваа юм байна даа?

-Зах зээлд шилжих тэр үеэс л хань бид хоёр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч эхэлсэн. Үжин маань 10 жилдээ япон, англи хэл сурсан. Одоо солонгос хэл сурч байна. Дөлгөөн хуучин орос 14 дүгээр сургуульд сурдаг байсан учир унаган орос, англи хэлтэй. Мишээл ч мөн орос, англи хэлтэй.

-Та ч гэсэн залуудаа их сайхан эмэгтэй байжээ. Гоё сайхан байхын нууцыг юу гэж боддог вэ?

-Баярлалаа. Аав ээж, өвөө эмээгээсээ гоё сайхан байна гэдэг чинь нэг талаасаа хувь тавилан л гэж хардаг. Хүмүүс гадаад гоо үзэмжийг харахаас илүү дотоод гоо сайхныг харж чадахгүй шүү дээ. Гоё сайхан байхын утга учир нь сайхан сэтгэлтэй л байх хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй байна гэдэг нь цаанаа асар их утга учрыг агуулдаг. Нөгөөтэйгүүр сайхан сэтгэлтэй байна гээд юм бүхнийг уучлаад явна гэсэн үг биш юм. Зөв зүйл дээрээ зөв, буруу зүйл дээр бурууг дэнсэлж чаддаг байх хэрэгтэй. Хүний сайн хань, сайхан сэтгэлтэй хүн гэр бүлээ сайхан авч явдаг. Ханийнхаа алдаа оноог хэлж, сайн сайхнаар нь бахархаж, баярлаж чаддаг.

Хүүхдүүдийнхээ сайн аав байлгаж чадах тал дээр л анхаардаг байх ёстой. Би бол охидынхоо бахархал болсон хоёр сайхан хүргэнтэй. Миний хувьд ханьтайгаа ханилаад 40 жил болж байна. Анхны минь хайр. 10 жилээсээ үерхэж нөхөрлөөд одоог хүртэл хамт амьдарч байна. Одоо бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг.

Харин манай аав, ээж 80 хүрч байгаа. 60 жил хамт амьдарч байна. Аав, ээж маань үр хүүхдэдээ маш сайхан үлгэр дуурайлал үзүүлж өсгөсөн. Тиймээс л гэр бүл нь өв тэгш амьдарч байна. Аав ээжээс өвлөж авсан зүйлээ би одоо үр хүүхдүүддээ үргэрлэж, үлдээж явна даа.

-Аав, ээжээсээ үлгэр дуурайлал авч, түүнийгээ охиддоо зааж зөвлөдөг гэлээ. Таны аав, ээж аль нутгийн хүн бэ?

-Манай аав орос гаралтай буриад хүн байдаг. Ээж маань Увсынх. Би өөрөө Улаанбаатарт өссөн. Өвөө, эмээ, аав ээж, гэр бүлийн хүмүүжил хүүхдүүдэд их нөлөөлдөг. Ээж гэртээ ямар байхаас гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөх жишээтэй.

Эмэгтэй хүн өөрөө зөв байж аливаа зүйлийн тунг нь тааруулаад явбал тэр гэр бүл аз жаргалтай, зөв байна. Залуучууд маань ч гэсэн ийм байгаасай гэж хүсэж байна.

-Таны аав, ээж танд юуг илүү захиж, зөвлөдөг байв?

-Манай аав надад айлын эзэгтэй хүн тэвчээртэй, үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг байгаарай. Зөв эмэгтэй бол нөхрөө аваад явчихдаг. Удам угсаа үргэлжлэл гэдэг зүйл чухал байдаг, зөв авч яваарай гэж захидаг байсан.

-Та охидтойгоо уулзахдаа ихэнхдээ ямар сэдвийн тухай ярилцдаг вэ?

-Ер нь болж өгвөл хүүхдийн хүмүүжлийн талаар ярьж, зөвлөдөг. Зөв дадал зуршилтай байх тал дээр анхаардаг. Мөн үр хүүхэд, ханиас гадна бусадтай ч гэсэн зөв харьцах талаар л их ярина.

Манай охид миний яриаг их сайн ойлгож, сонсдог. Ээждээ эрхэлнэ. Манай Мишээл хааяа ээжээрээ шоглоно. Том охинтойгоо хоолны сэдвээр ярих дуртай. Мишээлтэй харилцаа, хандлагын талаар, Үжинтэй сурлага, боловсролын талаар ярилцдаг. Нас насанд нь тохируулаад л ярилцах сэдэв өөрчлөгддөг.

-Ер нь охидоо ямар кинонд тоглоосой гэж хүсэж байна?

-Мэргэжлийг нь ойлгохыг хүсдэг болохоор тийм кинонд тоглоосой гэж боддоггүй. Хүний нүдэнд харахад шиг амархан мэт харагддаг боловч хэцүү, хүнд мэргэжил. Өдөр шөнөгүй зураг авалтаар явна. Тэр үед нь чадах зүйлээрээ дэм тус болоод л явахыг хичээдэг. Монголд кино зураг авалт цаг наргүй, олон өдөр шаарддаг. Ядраад ирэхэд нь хоолыг нь хийчихсэн, үр хүүхдийг нь хараад сайн ээж, сайн эмээгийнхээ үүргийг биелүүлээд, туслахыг боддог. Миний мэргэжил багш. Орост багшийн дээд сургууль төгссөн. Жүжигчний мэргэжлийн хүнд, хэцүүг дэргэдээс нь хардаг болохоор хүйтэн голд орох ч юм уу, жаахан ажиллагаатай хүнд дүрд тоглохоор эмзэглэх гээд байдаг юм. Охидоо хайрлаад байдаг юм аа. Гэхдээ дүрээ маш сайн гаргадаг болохоор асуудалгүй. Нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон учраас ажлаа сайн хийж, дүрээ тод бүтээж чадаж байхад л болно.

 

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна DNN.mn

Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 цаг болгон нэмэгдүүлэх Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, цахилгаан станцын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлаар “Диспетчерийн үндэсний  төв” ТӨХХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний  төв”-ийн удирдлагад даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц төслийг  “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэгжүүлж буй. Барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Төслийн эхний үе шатны 150 МВт-ын блокыг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокыг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

Оны эхний хоёр сард манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь 2023 оны мөн үеэс 394.5 сая ам.доллар буюу 11.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Экспортын дүн импортын дүнгээс 644.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Экспортод 2.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурчээ.

2024 оны эхний хоёр сард экспортолсон

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувийг БНХАУ-д
  • үхэр адууны боловсруулсан ширний 100 хувийг Туркт
  • самнасан ноолуурын 82.1 хувийг Италид
  •  ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.2 хувийг эзэлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аймгийн төвүүдэд литрийн задгай сүү дунджаар 5423 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

Аймгийн төвүүдэд дунджаар:

  • Литрийн задгай сүү /л/- 5423 төгрөг
  • Элсэн сахар /кг/- 4625 төгрөг
  • Хонины мах- /кг/-11146 төгрөг
  • Үхрийн мах- /кг/- 14364 төгрөг
  • Нэгдүгээр зэргийн гурил /кг/-2660 төгрөгийн үнэтэй байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сураггүй алга болсон хүн нас барсан байжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 05-ны өдөр иргэн С сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Төв аймгийн Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр /2024.03.06/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс урьдчилсан байдлаар осголтын шинжтэй нас барсан байсныг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн, цэвэрлүүллээ DNN.mn

S’Outlets дэлгүүрийн барилгыг нураах ажлыг 2024 оны нэгдүгээр сарын 26-наас эхлүүлж, гурван давхар барилга, агуулахыг нураан, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

Харин хоёрдугаар сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.

Мөн Сэлбэ голын голдирлыг тэлэх ажлын хүрээнд түшиц ханыг нурааж, даланг тэлэхээр цахилгааны тэжээлийн кабель шилжүүлэх, зөөх ажлын зураг төслийг батлуулан, кабель шилжүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт хийхээр ажиллаж байна.

Далангийн хог цэвэрлэгээг энэ сарын 4-нөөс эхлэн хийж байгаа. Гэвч S’Outlets дэлгүүрийн барилгын буулгалтыг хийж буй “Гурван ачит” ХХК барилгын хог хаягдлаа цэвэрлээгүй, далан дотор их хэмжээний хог бөөгнүүлсэн байжээ.

Иймд тус компанид шаардлага хүргүүлэн, гуравдугаар сарын 7-ны өглөөний 04:00 цагт бүх хог хаягдлыг цэвэрлэн, 10 удаагийн рейсээр ачуулж дуусгалаа.

Одоогоор далангийн ирмэг хоггүй, суваг цэвэр байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Үндсэн хуулиас давсан эрх олгогдчихсон явж байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Ер нь парламентын отгон чуулганы гол онцлог юу вэ?

-Миний хувьд 2016 оноос парламентад сууж байгаа. Өмнөх парламентын отгон чуулганаар бол Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг эцэслэн батлаад, дагалдах хуулиуд болон цар тахлын зохицуулалтуудыг хийгээд л сонгуульд орж байсан. Харин одоо бол Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байгаа учраас тодорхой хуулиуд дээр ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаас үлдсэн асуудлууд маань үргэлжлэн хэлэлцэгдээд явах учиртай. Гэр бүлийн тухай, Шүүх байгуулах тухай зэрэг гол хуулиуд бий. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай, Газрын тухай хууль байгаа. Дээрээс нь Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбогдуулан газартай холбоотой асуудал тогтоол юм уу, хуулийн төсөл болон орж ирэх байх. Учир нь D-parliament-д энэ асуудлаар 100 мянган иргэн санал өгчихсөн. Тийм болохоор УИХ-аар уг асуудал хэлэлцэгдэж таарна. Энэ парламентын отгон чуулганы нэг гол онцлог бол 76 гишүүнтэй парламентын үе дуусч байгаа явдал. Цаашдаа 126 гишүүнтэй болоод явна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт орж, байнгын хороодын хуралдааны дэгтэй холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд орж ирж таарна. Үүнийг нь хийж өгөөд явахгүй бол болохгүй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг өөрчилснөөр газрыг эзэмшүүлэх ч үгүй, ашиглуулах ч үгүй болчих гээд байгаа юм шиг ойлголт яваад байна. Гэтэл энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боосон үйлдэл болохгүй юу?

-Ажлын хэсэгт нь манай байнгын хороог оруулсан. Тэгэхээр миний хувьд гарч байгаа хуулиуд Үндсэн хуульдаа л нийцэж байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн үүднээс энэ хуулийн тогтолцоо жигд, харилцан уялдаатай явагдах дээр л анхаарч ажиллана. Ер нь газрын харилцаа гэдэг Үндсэн хуультайгаа шууд уялдаж явах ёстой. Өнөөдөр бол 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Үндсэн хуулиас давсан эрх олгогдчихсон явж байгаа. Үүнийг Үндсэн хуульдаа нийцүүлэхгүй бол болохгүй. Яагаад гэхээр өнөөгийн мөрдөгдөж байгаа энэ хууль гадны хөрөнгө оруулагч нарт тус болох биш, харин ч төөрөгдүүлээд хор болж байгаа байхгүй юу. Тухайн хуулийг нь хараад би ийм эрхтэй юм байна гэж тэд боддог. Гэтэл Үндсэн хуулиасаа давсан эрх олгочихсон заалт учраас хэрэгжих боломжгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагч нартаа шударга хандах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор маргаан гарахад Үндсэн хуулиа л барьдаг. Иймд тэдний тооцоолж байсан эрх эхнээсээ байгаагүй болж таардаг.

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та саяхан өргөн барьсан. Уг нь ажлын хэсэг нь аль 2021 онд байгуулагдсан. Гэтэл яагаад ингэж удаж байж хуулийн төслөө оруулж ирж байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн асуудал өөрөө тийм амар, нэг далайлтаар шийддэг асуудал биш. Миний хувьд өнгөрсөн 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны дарга болсон болохоор өмнөх зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ өдий хүртэл удаашрах шалтгаан байсан байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна. Нөгөө талаас ийм суурь хуулиудыг хөндөхүйц нийгмийн зохицуулалттай холбогдсон хуулиуд бол хэлэлцэгдэхэд амаргүй явдал бий. Дээрээс нь 126 гишүүнтэй болчихвол бүр л удааширна. Би чинь 126 гишүүнтэй болоод хэрэггүй гэсэн байр суурьтай байсан. Миний байр суурь буруу байсан байгаасай гэж боддог. Хэрвээ зөв байвал би харамсана, баярлахгүй. Одоо 76 гишүүнтэй байхад ингэж удаж байгаа юм чинь 126 болж нэмэгдэхээр маш олон хууль илүү л удааширна гэж бодож байгаа. Удах тухай ярьсных би Төрийн өмчит аж ахуйг нэгийг ч нэмж байгуулахгүй тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Даанч өдий хүртэл батлагдахгүй байна. Уг нь нийгмийн суурь хандлагыг би өөрчлөх гээд байгаа юм. Тархинд суучихсан большевик сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь ийм большевик хүмүүс зөндөө байгаад байна. Төрийн өмч дээр маш их хулгай гарч байна. Төрийн өмчтэй байх нь маш их эрсдэлтэй юм байна гэдгийг үүнээс өөрөөр яаж илүү нотлох юм бэ. Одоо байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжийг алга болгох гээгүй. Харин дахиж шинээр байгуулахгүй тухай л ярьж байгаа. Үүнээс цаашаа хувийн салбараа дэмжээд яв гэдэг л юм яриад байгаа юм. Энэ тогтоолын төслийг анх санаачилсан нь нүүрсний хулгай илрэхээс 11 сарын өмнөх явдал. Төрийн өмчит аж ахуйн нэгж дээр хамгийн том хулгай гарна гэдгийг тэгэхэд хэлж л байсан. Бидний байгуулж байгаа нийгэмд чинь уг нь хувийн салбар давамгайлах ёстой. Гэтэл ДНБ-д төрийн өмчит аж ахуйн нэгж болон төсвийн эзлэх хувь хэмжээ чинь хамгийн багадаа 60 хувь байгаад байна. Харамсалтай нь Их хурал дээр надаас хувийн өмч давамгайлсан байх ёстой гэсэн хууль тогтоомж, бичиг баримт хаана байгаа юм гэж асуусан гишүүн хүртэл байна. Өдийг хүртэл хувийн салбар давамгайлсан улс орон болно гэсэн Үндсэн хуультай явж байгаагаа ойлгоогүй хүн УИХ-д сууж байна шүү дээ. Хөх, ягаан тасалбарт хувьчлалыг 1990-ээд оны туршид яах гэж хийсэн гэж боддог юм бэ. Үүнийг өөрчлөх гэсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Асуудлыг гацаагаад л байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ийм нөлөөтэй болтлоо томорсон байхгүй юу. Барьж, зогсоож чадаж байна.

-Нийслэлийн газрын асуудал, ногоон автобус, эмийн чанар гээд олон сонсгол хийх тухай ярьж байна. Эдгээр сонсголуудыг бүрэн эрхийн хугацаандаа амжиж хийж чадах уу?

-Асуудлууд маш их хуримтлагдаж байна. Яригдаж байгаанууд нь бодитоор амжихгүй байх. Гэхдээ сонсголууд явж магадгүй. Миний хувьд утааны талаар сонсгол явуулъя гэсэн санаачилга гаргаад нэлээд шахсан. Харин сая нүүрсний сонсголтой хамтатгаад явчихлаа. Гэтэл утаагаа арилгаагүй байж өөрсдийгөө шагнасан зэргээс эхлээд олон асуудал яригдсан. Тиймээс миний хувьд сонсголууд явах ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр нийгэм, ард түмэн мэдэх эрхтэй. Зарим нөхөд нь яаж дураараа тонгочиж байгааг олон нийт мэдэх хэрэгтэй.

-Сонсгол хийхийн ач холбогдол нь юунд байдаг юм бэ. Бидний өмнө хийсэн сонсголууд үр дүнгээ өгсөн үү?

-Хүссэн хэмжээнд үр дүнгээ өгөөгүй байж болно. Энэ чинь шинэ зүйл шүү дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад УИХ-ын хянан шалгах эрхийг илүү бодитой болгож нэмэгдүүлсэн. Үүний дагуу л анхны сонсголууд явагдаж байгаа. Мэдээж наана, цаана гэж бодох асуудлууд бий. Гэхдээ нэг чухал зүйл байна. Сонсголуудаар гарч ирж байгаа маш олон асуудлыг нүд аниад өнгөрөх боломжгүй болсон. Зарим нөлөөтэй нөхдүүд өөрийн асуудлаа авч үлдэхээр оролдож байж мэднэ. Өнөөдөр нөлөөлж чадаж байж болох ч маргааш чадахгүй. Учир нь энэ бүхэн чинь нэгэнт УИХ дээр сонсогдоод, нотлох баримтын хүрээнд яригдчихсан. Нотлох баримт гэдэг чинь шүүх дээр баримталдаг хамгийн гол зүйл шүү дээ. Үүнийг шалгахгүй байна гэдэг том асуудал. Өнөөдөр та ч надаас асууж байна. Тэгэхээр энэ асуулга хэзээ ч зогсохгүй. Хамгийн гол үр дүн бол олон нийт мэдээд авчихсан. Энэ мэдлэг, мэдээлэл хаашаа ч алга болохгүй. Тэр утгаараа үр дүнгээ шууд өгч байгаа. Олон нийтэд шууд хүрч байгаагаараа ямар ч шүүх хурлаас илүү. Тийм болохоор хүмүүсийг аливаа үйлдэл хийхээсээ өмнө хоёр дахин боддог болох шаардлагыг бий болгож байгаа юм. Гэхдээ бас асуудал байна. Хууль, хяналтын байгууллагуудын ажил эхлэхээс өмнө энэ сонсголууд хийгдэж байх ёстой юм шиг санагдсан. Тэгэхгүй бол хууль, хяналтынхан ажлаа эхлүүлчихсэн байхад төрийн ямар ч байгууллага хөндлөнгөөс шууд болон шууд бусаар орох ёсгүй. Зарим нөлөөтэй нөхөд сонсгол дээр ирж попроод бултаж мэдэх гарц бий болчихоод байж мэднэ.

-Сонсгол нэг талаараа улс төрийн зэвсэг болох магадлалтай. Өрсөлдөгчөө харлуулах, намнах арга хэрэгсэл болох вий гэсэн болгоомжлол байна?

-Хэдүүлээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Сонсгол бол улс төрийн л институци. Яагаад гэвэл УИХ чинь улс төрийн байгууллага шүү дээ. Үүн дээр аливаа нэгэн улс төрийн нөлөөгүй хийгдэнэ гэж горьдоод хэрэггүй. Хийж байгаа хүмүүст нь чин сэтгэл байж болно. Гэхдээ дандаа тэгж хийх үү, үгүй юү. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Харин улс төрийн аргаар хэргээ шалгуулахыг зогсоогоод байгаа дэгээг нь улс төрийн аргаар гаргах тухай л асуудал. Тэгээд дараа нь тэр хууль хяналтын байгууллага нь шалгаад эхлэх хэрэгтэй.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах боломж бий юү?

-Өнөөдөр Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бүгд шүгэл үлээж болж байгаа шүү дээ. Энэ том хэргүүд чинь бүгд л шүгэл үлээж гарч ирж байгаа. Харин энэ хууль дээр сайжруулах, засах зүйлүүд байна. Хүн чин сэтгэлээсээ шүгэл үлээж, нийгмээ засах гээд явах нэг асуудал. Үүнийг харин ашиг орлогын эх үүсвэр болгох гэж байгаа бол хаашаа ч эргэж магадгүй. Хууль нь зөв ч зарим заалтыг нь сайжруулахгүй бол ийм эрсдэл явж байгаа юм.

-Өндөр мөнгөн дүнтэй авлигын хэргийг илчилсэн бол тодорхой хувиар урамшуулах тухай заалтыг хэлээд байна уу?

-Үүнийг сайжруулж өгөхгүй бол үнэн, худлаа нь мэдэгдэхгүй маш их тоонууд яригдана. Энэ зарчмыг нь бид эхнээсээ шударга болгож өгөх ёстой. Жишээлбэл, өнөөдөр улстөрчид өөрсдөө мөнгө төлж, “Шүгэл үлээлгэж” байгаа тохиолдол бишгүй. Цаашид төсвийн мөнгөөр бие биенээ гүтгэх нь байна шүү дээ. Үүнийг мартаж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш зарчмын хувьд Шүгэл үлээгчийн хуулийг анхнаас нь дэмжиж ирсэн. Хүний үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалж байгаа хүмүүс тэртэй тэргүй Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулиар хамгаалагдаж байгаа. Шүгэл үлээсэн бүх хүмүүс хамгаалагдана. Би өөрөө энэ хуулийг санаачилж оруулж ирсэн хүний хувьд Шүгэл үлээгчийн тухай хуулийн цаад санаа, агуулгыг эхнээс нь дуустал дэмжиж байгаа. Харин оруулж ирсэн төсөл дээр нь сайжруулах шаардлагатай зүйлүүд байна.

-Гишүүд зудтай холбоотойгоор малчдад өвс, тэжээлийн хандив, тусламж аваачиж өгч байгаа нь Сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа хэлбэр мөн үү. Дараа нь нэр дэвшихээр бүртгэхгүй байх нөхцөл болох уу?

-Өөрийн чинь ярьж байгаагаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж болохгүй болчихож байгаа биз. Яагаад гэхээр сурталчилгаа гэж үзэх гээд байна. Ингэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх 3.6 жилээр баталгаажих гээд байна. Гэтэл ард түмэн дөрвөн жилээр сонгосон. Дараагийн УИХ-ын гишүүн тангаргаа өргөтөл тэр хүний бүрэн эрх Үндсэн хуулиараа байж байгаа.

-Тэгэхээр сонгуульд тэгш гараанаас оролцох байдал алдагдаад одоо УИХ, Засгийн газрын гишүүд нь илүү давуу байдалтай байна гэсэн шүүмжлэл яваад байна л даа?

-Энэ чинь 30 жил байсан зүйл. Ард түмэн зургаахан сарын ажилд хууртдаггүй юм. Тэр бүү хэл дөрвөн жилийн хугацаанд ажлаа худлаа хийсэн бол хууртахгүй. Сонгогчид аль хэдийнэ дүнгээ тавьчихсан байдаг. Сүүлд нь мянга хичээж ажиллаад, мөнгө төгрөг тараагаад ямар ч нэмэргүй. Улам л хүмүүсийн дургүйг хүргэнэ. Тэгэхээр миний барьдаг зарчим бол шударга л байх ёстой. Та угаасаа хийж байсан бол хэн ч гайхахгүй. Хийдэггүй байж гэнэтхэн үзэгдээд эхэлбэл асуудалтай.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ БЭХЖҮҮЛЭХ “ХОЁР ЧУУЛГАН” БОЛЖ БАЙНА DNN.mn

ХАУТЗЗ-ийн 14 дэх Үндэсний хорооны хоёрдугаар чуулганы нээлтийн ёслол 2024 оны 3 дугаар сарын 4-нд

Хятад улсын нийслэл Бээжин хотноо Ардын их хурлын танхимд болов. /Синьхуа/Жао Айминь/


БНХАУ-ын улс төрийн хуанлийн хамгийн их хүлээлттэй арга хэмжээ болох “хоёр чуулган” Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн (ХАУТЗЗ) 14 дүгээр Үндэсний Хорооны хоёрдугаар чуулганаар энэ долоо хоногийн даваа гарагт эхэллээ.

Дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ эхнээсээ хоёрдугаарт ордог БНХАУ нь Хятад маягийн шинэчлэлийг хэрэгжүүлж, эдийн засгийн сэргэлтийн эрчмээ бататгахыг хичээж буй энэ цаг үед зохион байгуулагдаж буй эл хоёр чуулган нь тус улсын хувьд төдийгүй дэлхийн бусад орны хувьд асар чухал холбогдолтой.

БНХАУ-ын улс төрөөр зөвлөлдөх дээд байгууллага буюу ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны гишүүд болох нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөл болсон 2000 гаруй хүнийг Бээжин хотын төвд байрладаг Ардын Их Хурлын танхимд халуун дулаан бөгөөд баяр ёслолын уур амьсгалтайгаар угтан авсан байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон тус улсын бусад удирдагч индэр орчимд байрлуулсан сандалд сууж, чуулган эхэлсэнд баяр хүргэн толгой дохицгоожээ.

ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин чуулганд ажлаа тайлагнан илтгэл тавихдаа “2024 онд ХАУТЗЗ нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад анхаарч, идэвхтэй санал санаачилга дэвшүүлж, өргөн хүрээний зөвшилцлийг хөхиүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ. Мөн ХАУТЗЗ нь улс орныхоо эдийн засаг болон нийгмийн хөгжлийн бүтэн жилийн зорилтуудыг биелүүлэхийн тулд мэргэн ухаан, хүч чадлаа нэгтгэн ажиллана гэж Ван хэлсэн байна.

УЛС ТӨРИЙН ТОМ АРГА ХЭМЖЭЭ

“Хоёр чуулган” гэж БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/ болон ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны жил тутмын чуулгануудыг хэлдэг юм. БХАТИХ-ын чуулган нь мягмар гарагт эхэлсэн.

Бээжин хотноо бараг нэгэн зэрэг болж буй уг чуулганууд нь БНХАУ-ын энэ жилийн үндэсний хэмжээний хөтөлбөрийг тодорхойлох төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татахуйц өргөн хүрээний ач холбогдолтой байх болно.

БХАТИХ нь Хятад улсын төрийн эрх барих хамгийн дээд байгууллага билээ. БХАТИХ-ын чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудын жагсаалт дахь нэг чухал асуудал бол засгийн газрын ажлын тайланд дүгнэлт хийж, өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилтыг үнэлэн дүгнэж, энэ жил болон цаашдын хөгжлийн зорилтуудыг тодорхойлох юм. Уг чуулганы үеэр БХАТИХ-ын төлөөлөгчид нь энэ жилийн хөгжлийн төлөвлөгөө болон төсвийн төсөлтэй танилцана. Түүнчлэн, БХАТИХ-ын байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газрын ажлын тайланг хэлэлцэхээс гадна Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэх юм. Даваа гарагт болсон хуралдааны үеэр улс төрийн зөвлөхүүд өмнөх чуулганаас хойших санал, санаачилгуудын хэрэгжилтийн тайланг сонссон байна. Статистик мэдээнээс үзвэл, 2023 оны ээлжит чуулганаас хойш нийт 5621 санал ирсний 4791-ийг нь хянан хэлэлцэж, тэдгээрийн 99.9 хувийг нь шийдвэрлэжээ.

Хамгийн гол нь Хятадын хууль тогтоогчид болон улс төрийн зөвлөхүүд санал, хүсэлт гаргаж, холбогдох байгууллагуудын анхааралд хүргэх замаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газрын тоо баримтаас үзвэл, 2023 онд Төрийн Зөвлөлийн харьяа газрууд БХАТИХ-ын төлөөлөгчид болон ХАУТЗЗ-ийн Үндэсний Хорооны гишүүдээс ирүүлсэн 12480 санал, хүсэлтийг авч хэлэлцсэн байна.

ЧУХАЛ ЖИЛ

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой 2024 онд тохиож, 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд (2021-2025) тусгагдсан зорилго, зорилтуудад хүрэхэд чухал жил болж буй учир энэ удаагийн “хоёр чуулган” онцгой ач холбогдолтой юм.

 ХАУТЗЗ-ийн 14 дэх Үндэсний хорооны хоёрдугаар чуулган 2024 оны 3 дугаар сарын 4-нд

Хятад улсын нийслэл Бээжин хотноо Ардын их хурлын танхимд эхлэхийн өмнө ХАУТЗЗ-ийн 14 дэх

Үндэсний хорооны гишүүд ярилцлага өгч буй нь. /Синьхуа/Ван Зяньхуа /


Хятад улсын эдийн засаг 2023 онд сэргэж, өндөр чанартай хөгжил хүрэхэд баттай ахиц дэвшил гарч буйг нотлон харуулсан. Дотоодын нийт бүтээгдэхүүн 5 орчим хувиар өсгөнө гэсэн зорилтоос давж, 5.2 хувиар өссөн. Хятад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 орчим хувийн хувь нэмэр оруулж, дэлхийн хөгжлийн амин чухал хөдөлгүүр хэвээр байна.

Цаашид тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ илүү их ахиц дэвшил гаргахыг эрмэлзэж, хөгжлийн шинэ философийг бүх салбарт тууштай хэрэгжүүлэх нь чухал болохыг Хятад улсын удирдагчид онцлон тэмдэглэсээр байна. Эдийн засгийн сэргэлтийн эрч хүчийг нэгтгэн бэхжүүлэх нь нэн чухал юм.

Хятадын эдийн засгийн сэргэлтийг цаашид ахиулахад тулгарч буй сорилт бэрхшээлүүд байсаар байгаа хэдий ч эдийн засгийн сэргэлтийн ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй, урт хугацааны хэтийн төлөв өөдрөг хэвээр байна.

“Хоёр чуулган” нь эдийн засгийн асуудлаарх зөвшилцлийг бэхжүүлж, итгэлцлийг нэмэгдүүлэх болно.

ӨНДӨР ЧАНАРТАЙ ХӨГЖИЛ

“Хоёр чуулган” нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд хүрэхэд нэн чухал шаардлага болох өндөр чанартай хөгжлийг хөхиүлэн дэмжихэд чиглэнэ.

БХАТИХ-ын төлөөлөгчид болон ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны гишүүд төвийн болон орон нутгийн эдийн засгийн ажлыг хэрэгжүүлэхэд чухалчилж буй “шинэ бүтээлч хүчнүүд”-ийн талаарх санал, санаачилга гаргахад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Хятад улсын зүүн нутгийн Зянсу мужийн Уси хот дахь ухаалаг төхөөрөмжүүдийн цехэд ажиллаж буй механик гар. 2024 оны 2 дугаар сарын 28-нд авсан зураг. (Синьхуа/Зи Чуньпэн)

БХАТИХ-ын төлөөлөгч бөгөөд Гуанжоу хотод төвтэй “Medprin Regenerative Medical Technologies” ХХК-ийн захирал Юань Юйюйгийн хэлснээр “шинэ бүтээлч хүчин” хэмээх үзэл баримтлал нь инновацид тулгуурласан дэвшилтэт бүтээлч хүчнүүдийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан болон технологийн салбарт өндөр түвшний бие даах чадвар, чадавхыг бэхжүүлэхэд гол анхаарал хандуулна гэсэн үг.

Энэ жил мөн иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх ач холбогдолтой жил бөгөөд илүү өргөн хүрээтэй шинэчлэлийн төлөвлөгөөг боловсруулах нь үндсэн зорилт юм. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх төв комиссын хурлаас энэхүү санаа гарч ирсэн. Дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх, эдийн засгийн бүтцийг илүү оновчтой болгох, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг хууль тогтоогчид болон улс төрийн зөвлөхүүд уг хурлын үеэр онцолж байлаа. Тухайлбал, үндэсний улс төрийн зөвлөх бөгөөд Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн дэд захирал асан Жан Зюнько зах зээлд чиглэсэн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, зах зээлийн шийдвэрлэх үүргийг баталгаажуулахын зэрэгцээ засгийн газрын үүргийг үр дүнтэй ашиглах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь Хятад улсын өндөр чанартай хөгжилд амин чухал хөдөлгөгч хүч бөгөөд өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтойг БХАТИХ-ын төлөөлөгч бөгөөд Бүх Хятадын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Гао Зычэн онцлон тэмдэглээд, хувийн хэвшлийн хөгжлийг хөхиүлэн дэмжих, улмаар зах зээлд итгэх итгэл, эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд шинэ зохицуулалтуудыг нэвтрүүлэхийг санал болгосон байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 7, Бархасбадь гариг. Билгийн тооллын 27, Яруу эгшигт одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 07:21 цагт мандаж 18:45 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн