Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёр жилийн хугацаанд давтан зөрчил гаргаагүй бол 10 оноог сэргээнэ DNN.mn

Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасдаг.

Тэгвэл хоёр жилийн хугацаанд давтан зөрчил гаргаагүй бол оноог нь сэргээдэг гэдгийг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.

Харин зөрчлийн оноо дууссан бол жолооч нар дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцвэл дахин олгодог юм.

Та энд дарж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авах боломжтой.

Эх сурвалж: ТЦА

Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний 2 сарын байдлаар 829.949 ширхэг амьд цэцэг импортолжээ DNN.mn

Манай улс энэ оны эхний 2 сарын байдлаар 468.2 мян.ам.долларын 829,949 ширхэг амьд цэцэг импортолсон байна.

Үүнээс 213.7 мян.ам.долларын 376,840 ширхэг сарнай цэцэг импортолсныг гарал үүслийн улсаар задалж үзвэл,

  • БНХАУ-аас 196.6 мян.ам.долларын 368017 ширхэг
  •  Эквадор улсаас 4.9 мян.ам.долларын 3,350 ширхэг
  • Нидерланд улсаас 12.1 мян.ам.долларын 5,430 ширхэг амьд сарнайг тус тус импортолсон байна.

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 443.5 мян.ам.долларын 669,676 ширхэг амьд цэцэг импортолсноос 219.0 мян ам.долларын 332,943 ширхэг амьд сарнай импортолжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголд “Март” нэртэй 953 хүн байна DNN.mn

Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3 504 741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.

Мөн Март нэртэй 953 хүн манай улсад бий.

4 хүн ба бичвэр-н дүүдл байж магадгүй

газрын зураг ба бичвэр-н дүүдл байж магадгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -3…-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийслэл болон орон нутагт 2189 сонгуулийн хэсгийн хороо байгуулжээ DNN.mn

Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д сонгуулийн хэсэг байгуулж, улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст уг мэдээллийг нэгтгэн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-д гуравдугаар сарын 6-ны дотор хүргүүлэхээр хуульчилжээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 2,189 сонгуулийн хэсэг байгуулахаар ИТХ-д шийдвэрлэсэн байна.

Тодруулбал орон нутагт 330 сум 1,643 багт 1,680 сонгуулийн хэсэг байгуулжээ. Суманд багадаа 200-гаас 2,000 сонгогчийн дунд сонгуулийн хэсэг байгуулахаар тогтоосон байна.

Харин нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд 509 хэсэг байгуулсан байна. Дүүрэгт 3,000-аас багагүй сонгогчийн дунд хэсэг байгуулахаар хуульд заажээ.

Өмнөх сонгуулиар 2,070 сонгуулийн хэсэгт санал авсан бол энэ жил хэсгийн тоо 119-өөр нэмэгдсэн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдыг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалттайгаар тухайн хэсгээс тусгаарлах болон хэсгийг нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвшөөрлөөр шийдэх боломжтой.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэнийхээ үзэл бодлыг үгүйсгэж, залруулга гаргасан цагдаагийнхны хар тамхи, мөрийтэй тоглоомд холбогдсон хэргүүд DNN.mn

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа “Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог” хэмээн бичсэн. Харин түүнийг нь Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын цахим хуудсанд “Худал мэдээлэл” хэмээн тамгалж, залруулга гаргасан нь олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэгвэл ингэж иргэдийнхээ үзэл бодлыг шүүж, зөв буруугаар нь ялгаж суугаа цагдаагийнхны холбогдож байсан хар тамхи, мөрийтэй тоглоомуудын хэргүүдээс заримыг нь товчлон хүргэж байна.

Ÿ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл нарт холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр болсон. Ингээд шүүхээс Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэж, Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байлаа.

Ÿ Ноднин жилийн 11 дүгээр сарын 16-нд ЦЕГ-аас мэдээлэл хийж, цахим мөрийтэй тоглоомын асуудалд цагдаагийн алба хаагч холбогдсон талаар мэдээлэл өгч байв. Тухайн үед Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Цахим мөрийтэй тоглоомыг үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр холбогдсон. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийн албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан.

Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлсэн” гэсэн юм.

Ÿ Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлж байсан. Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг ноднин жилийн 12 дугаар сард нэмж, ахмад цол олгосон байдаг. Түүнтэй хамт нийслэлийн Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, хурандаа М.Болдбаатар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг дардаг нь тогтоогдсон тул хэргийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн.

Ÿ Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 8-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг иргэн А.Дэлгэрдалай болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн зурагтай сэрэмжлүүлэх хуудас Их сургуулийн гудамжаар тараагдсан. Тухайн үед иргэн А.Дэлгэрдалай нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч нэр бүхий цагдаа нарын “хамгаалалт” дор дахин мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хохироож эхэлсэн гэж байв.

Ÿ Тээврийн цагдаагийн хурандаа Э.Бөхбатын түрээсэлдэг 200 м.кв байранд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг 2019 онд илрүүлж байсан билээ. Үүний улмаас тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байлаа.

З.Боргилмаа: Цагдаагийнбайгууллага өөрсдийгөө өмөөрч бусдыг гүтгэдэг

Сэтгүүлчийн үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг цагдаагийн байгууллагаас хэрхэн зөрчдөг талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаагаас тодрууллаа.


-Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн бодлоо сошиалд бичсэнийг ЦЕГ-ын цахим хуудсаар худал мэдээлэл хэмээн залруулга гаргасан нь шүүмжлэл дагуулж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэх шаардлага МСНЭ-д удаа дараа үүсч байсан. Сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэж явахад саатуулах, камер хэрэгслийг нь эвдэх, биед нь халдах явдал өмнө нь хэд, хэд гарч байсан. Харин сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх ашгийг хөндлөө, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийллээ гэсэн мэдэгдэл, сануулгыг бид тухай бүрд нь өгдөг. Гэтэл үүний дараагаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ шууд гүтгэдэг. Тухайлбал, Зайсангийн аманд байсан амралтын газрыг нураах үйл явцыг сурвалжилж байсан Парламент телевизийн сэтгүүлчийн камерыг нь эвдээд, гар утсыг нь дураараа үзэж, бүтэн шөнө саатуулсан. Үүний дараа цагдаагийн удирдлагууд тухайн сэтгүүлчийг согтууруулах зэрэгтэй байсан гэж мэдээлсэн. Гэтэл тэр сэтгүүлч эмэгтэй тухайн үедээ бие давхар байсан. Ингэж өөрсдийн хийсэн буруутай үйлдлээ нийгэмд зөв мэтээр ойлгуулахын тулд цагдаагийн байгууллага шууд гүтгэдэг. Өөр олон жишээ бий. Үндсэн хуулиараа бид чөлөөтэй үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэтэл цагдаа хүний үзэл бодлыг шууд цензурддэг. Буруу, худлаа бодож байна гэдэг. Ч.Лодойсамбуугийн посттой холбоотой асуудал ч гэсэн нэг бодит жишээ боллоо. Уг нь буруу бодсон, нэр хүндэд халдсан эсэхийг эцсийн дүндээ шүүх тогтоодог.

-Хар тамхи, мөрийтэй тоглоомын асуудалд цагдаагийнхнаас холбогдож байсан тохиолдлууд өмнө нь гарч байсан?

-Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хүмүүсийг л шийтгээд байдаг. Гэтэл ханган нийлүүлж байгаа хууль бус сүлжээг илрүүлж, тэмцэж байгаа гэсэн мэдээллийг би сүүлийн хэдэн жил огт харж байгаагүй. Үүн дээр асуудал байдаг. Ийм мэдээлэл гарахгүй байгаа нь өөрөө баримт гэж үзвэл үүнд үндэслээд иргэн өөрийн үзэл бодолтой болно. Энэ бол хий хоосноор цагдаагийн нэр хүндэд халдах гээд байгаа зүйл биш. Үүнийг чөлөөт үзэл бодол гэж зөвшөөрөхгүй, худал мэдээлэл гэж байгаа нь цензурдэж байгаа явдал. Цагдаа бусдын үзэл бодлыг шууд үнэн, худлыг нь тогтоодог байгууллага болж хувираад байгаа нь бидний зорьж байгаа ардчилсан нийгэмд харш зүйл.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүлийн жилүүдэд ухраад байгаа нь цагдаа, хүчний байгууллагуудын энэ мэт үйлдлүүдтэй холбоотой байж болох уу?

-Олон хүчин зүйл хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлж байгаа л даа.

-Нөлөөлж байгаа нэг зүйл нь мөн үү?

-Мөн шүү дээ. Төрийн нэрийн өмнөөс эрх мэдлийг авч ажиллаж байгаа хүчний байгууллага гэдэг бол нэг талын эрх ашгийг хамгаалах зорилготой боловч нөгөө талын эрх ашгийг хөндөж байдаг субъект. Тийм учраас энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн эрх чөлөөнд маш мэдрэг үзүүлэлт. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохгүйгээр гомдолтой, гомдолгүй шалгадаг. Ингэх явцдаа тухайн сэтгүүлчийн хувийн байдлыг гаргаж ирж зарладаг асуудлууд цагдаа дээр ажиглагдаад байгаа. Өөрийн албан цахим хуудсаараа биш ч гэсэн албан бус хуудсуудаар дамжуулан мэдээллээ өгдөг гэсэн гомдол сэтгүүлчдээс гаргаж тавьсан. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хүчний байгууллагын дарамт. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгах явцдаа ч гэр бүлийн байдлыг нь сошиалд гаргаж тавьсан. Гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан тэр бичлэг хүчний байгууллагад л байна шүү дээ. Харин энэ мэдээллээ цагдаа дотроосоо гаргаж тавиад байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хайрлахгүй байхын аргагүй хүн бол эмэгтэйчүүд DNN.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртөө биш ээ. Бүх өдөр, цаг, минут бүр л эмэгтэйчүүдийнх байх ёстой. Энд жендер гэж яриад ямар ч хэрэггүй.

Учир нь эмэгтэйчүүдтэй асуудал дэвшүүлж маргалдах эрчүүд сүүлдээ өөрийгөө тэнэг байдалд л оруулдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Эрчүүд зөв өнцгөө бариад маргаан үүсгэлээ гэж бодсон ч хэзээд эмэгтэйчүүд зөв гэх өнцгөөс нь бурууг харж бидний эсрэг баттай баримт олчихдог. Тэр гаргаж ирсэн баримтынх нь эсрэг бид юу ч яриад нэмэргүй. Учир нь эрчүүдийн эсрэг эмэгтэйчүүдийн барьдаг нотлох баримтуудыг хайр баталгаажуулдаг болохоор тэр. Хайрын эсрэг тэмцэнэ гэдэг инээдтэй асуудал. Ёстой нөгөө хайрын хүч гэдэг чинь эмэгтэйчүүдэд л байдаг юм биш үү гэлтэй.

Эмэгтэй хүн урт үстэй ч ухаан богинотой гэх үг бий. Үнэндээ эрчүүд бидний хэлдэг хамгийн муухай үг нь л энэ. Эннээс өөр эмэгтэйүүчдээ муухайгаар хэлэх ямар ч боломжгүй. Энэ дайны үг олдсонд эрчүүд бид харин ч баярлах ёстой. Үнэндээ энэ үг ч эмэгтэйчүүдэд тэгж их таардаг гэвэл бас л өрөөсгөл. Харин ч эсэргээрээ эрчүүд бидний үс ахар адил ухаан нь богино байх жишээ олон. Цэцэрлэгт байхдаа улаан хацартай мяраалаг шар охины гарт атгуулснаар эмэгтэйчүүдийн сүр хүчийг анх мэдэрч билээ. Дараа нь арван жилдээ тохой нийлүүлэн суусан Маралмаад атгуулсан. Бүр базуулсан. Бие засахдаа хүртэл Маралмаагаас асуудаг байж билээ. Оюутан болоод арай учиртайсан гэж бодсон ч оюутны холбооны дарга охинд жинхэнэ чангалуулдаг болсон. Төгсөөд нэг хэсэгтээ эмэгтэйчүүдийн базаанаас гарлаа гэж бодсон ч үүлэн чөлөөний нар мэт хугацаанд л жаргаж явсан юм билээ, одоо санахад.

Өдгөө насаараа базуулах эмэгтэйтэйгээ учирсандаа би баяртай байна… Баяртай гэж хэлж байгаа нь “базуулчихсаных” шүү дээ… Гэхдээ энэ ертөнцөд хайрлахгүй байхын аргаггүй хүн бол эмэгтэйчүүд билээ л…

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Одсэржмаа: Энхтайваны корпусаар дамжуулж манайд бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой DNN.mn

АНУ ба Монгол Улсын түншлэлийн нэг хэлбэр нь Энхтайваны корпус юм. Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн, “Ameri­can Conversational Eng­lish” төслийн удирдагч Д.Одсэржмаа болон АНУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын англи хэлний багш нартай ярилцлаа.


-Танай байгууллага хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Дэзэрэт олон улсын байгууллага нь дэлхийн 200 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 1993 онд байгуулагдсан. Түүнээс хойш хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор “American Conver­sational English” төсөл маань амжилттай явагдаж байна.

-Ямар чиглэлээр түлхүү сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Манай байгууллага нь боловсролын болон эрүүл мэндийн чиглэлээр ихэвчлэн төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг.

Тухайлбал, ундны усны хүрэлцээ сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, сургууль цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн хагалгааны өрөө тохижуулах, хараа зүй болон нярайн өвчлөлийн эсрэг зэрэг олон төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын хувьд англи хэл, донтолтоос ангижруулах, бие даах чадвар хөгжүүлэх, боловсрол, санхүү, ажил мэргэжлийн, сэтгэл зүйн зэрэг суурь мэдлэг олгох хөтөлбөрүүд байдаг. ACE буюу American Conversational English хөтөлбөрийн зорилго нь англи хэлний ярианы чадвар сайжруулахад чиглэсэн. Америк багш нартай гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо хэлийг орчинд нь байгаа мэт сурах боломж бүрдэж байгаа юм.

-Аль улсаас сайн дурын багш, сургагч нар ирдэг вэ?

-Сайн дурын багш нарын ихэнх нь АНУ-аас ирдэг. Жишээлбэл хоёр багш маань Флорида, Айдахо мужаас ирсэн.

-Нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөлөл, үр дүнгээ хэрхэн харж байна?

-Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи хэл дэлхий нийтийн хэл болсон өнөө цаг үед англи хэлний чадвараа сайжруулах нь өнөөгийн нийгмийн хүмүүсийн дунд буй өндөр хэрэгцээ, шаардлага. Манай сургалтад хамрагдсан хүмүүсээс олон улсын англи хэлний шалгалтаа амжилттай давж, гадаадын их дээд сургуулиудад элсэж суралцсан олон залуус бий. Мөн хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил мэргэжилдээ амжилт үзүүлэх, салбартаа манлайлах гэх мэт олон боломжууд нээгддэг.

-Иргэд ямархуу хэмжээнд хамрагдаж байна. Ямар хандлагатай байна?

-Иргэд тун нааштай хүлээн авч байна. Монголчууд бид англи хэлний бичгийн дүрмээ сайн мэддэг хүмүүс. Гэвч ярианы чадвар, дуудлагаа сайжруулах, унаган англи хэлтэй хүмүүстэй ярилцах боломж тэр бүр байдаггүй. ACE хөтөлбөр нь энэ боломжийг олгож байна. Дээр нь сургалтууд маань үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй. Хүн өөрөө л хүсвэл англи хэлээ сайжруулж, цаашид ахисан түвшний боловсролын байгууллагуудад суралцах, ажил мэргэжилдээ өсч хөгжих боломжууд асар их байна. Манай байгууллага дээр зөвхөн хүүхэд, залуус гэлтгүй бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой.

-Одоо англи хэлний сайн дурын багш нараас асуултууд асууя. Та хоёрыг хэн гэдэг вэ. Хаанаас ирсэн бэ?

Dawson K.Woolley: -Намайг Dawson гэдэг Монгол ирээд 18 сар болсон байна. АНУ-ын Флорида мужийн Понтэ Вэпрагаас ирсэн.

Marcus B. Heemeyer: -Би Айдахо мужийн Мэридиан хотоос ирсэн. Намайг Mar­cus гэдэг. Монголд ирээд 14 сарын хугацаа өнгөрсөн байна.

Манай байгууллагад сайн дурын ажил хийх боломжууд их байдаг. Бид сайн дурын ажил хийх хүсэлтээ явуулахад, Монгол Улсад ажиллахаар хуваарилагдсан байсан. Монголд ирэх болсноо мэдээд их сайхан санагдсан.

-Монголын ямар соёл, хоол хамгийн их таалагдаж байна?

-Цагаан сарын баяр маш их таалагддаг. Би хувьдаа монгол хоолнуудаас хорхогт хамгийн дуртай. Хорхог хийх арга нь их өвөрмөц сонирхолтой санагддаг. Чулуу, 40 литрийн бидон ашиглаж байгаа нь их өвөрмөц. Амт нь түүнээсээ болоод гоё байдаг. Мөн хуушуурт дуртай. Хуушуур дундаа наадмын халиартай хуушуур хамгийн гоё нь.

-Монголд ирэхээс өмнөх болон дараах сэтгэгдэл ямар байна?

-Монголын талаар ирэхээсээ өмнө сайн мэддэггүй байсан. Одоо сэтгэгдэл маш өндөр байна. Маш сайхан байгальтай, ёс заншил, уламжлалтай. Монгол үндэсний хувцас их тансаг. Миний бодлоор монголчууд их мэдрэмжтэй хувцасладаг хүмүүс шүү. Өвөрмөц соёл, ёс заншилтай. Харин уур амьсгалын хувьд хүйтэн байна.

-Хэдээс хэдэн насны хүмүүст хичээл орж байна?

-Насны хязгааргүй болохоор бид бүх насны хүмүүст хичээл заадаг. Суралцахаар ирж байгаа хүмүүс үсгээ мэддэг байхад хангалттай.

-Долоо хоногийн хэдэн өдөр хичээл ордог вэ. Ачаалал их байна уу?

-Долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад хичээл заадаг. Ачаалал бага байдаг.

-Сурагчид нь хурдан сурч байна уу?

-Хичээлийн турш ярих боломжийг суралцагчдадаа олгохыг зорьдог. Хүмүүс буруу ярих вий, зөв дуудлагаа дуудахгүй байх вий гэж бие барих үйлдэл ажиглагддаг. Тиймээс ичиж зовохгүй ярих хэрэгтэй. Хэлийг ярьж байж л сурна шүү дээ. Хүүхдүүд амархан сурдаг.

-Хичээл заах хөгжилтэй байдаг уу?

-Мэдээж хэрэг зугаатай байдаг. Хичээлийн үеэр тоглоом тоглоно, дуу сурна. Хичээлээ аль болох уйтгартай биш, сонирхолтой, бүтээлч байдлаар заахыг хичээдэг. Бас манай хөтөлбөр царайлаг багш нартай шүү.

-Гэрээ санаж байна уу?

-Үгүй дээ, одоогоор санахгүй байгаа. Монгол бол миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Би Монголд хайртай шүү. Гэхдээ Америк дахь гэр бүлээ хааяа бодож санадаг гэдгээ нуухгүй ээ.

-Монголд хийж үзмээр зүйлс бий юү?

-Морь унах хүсэлтэй байгаа. Монголд морь их байгааг мэддэг ч хараахан морь унаж амжаагүй явна. Мөсний баяр болон Бүргэдийн баяр үзмээр байна.

-Монголчуудын ямар зан таалагдаж байна?

-Монголчуудын зочломтгой зан таалагддаг. Монгол айлд орох үед өөрийнхөө гэртээ орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ирснээсээ хойш зөндөө олон найз нөхөдтэй болсон. Дахин Монголд ирэх бодолтой байгаа.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 28, Тооно одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 07:19 цагт мандаж 18:47 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 08-наас 2024 оны 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна.