Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Наранбат: Амлалтын шинжтэй зүйл ярихгүй л бол сонинд ярилцлага өгч болно DNN.mn

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас сонгуульд нэр дэвшигчид хууль зөрчихгүйн тулд юун дээр анхаарах талаар тодрууллаа.


-Сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс хууль зөрчихгүйн тулд юун дээр анхаарч ажиллах ёстой вэ?

-Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдах гэж байна. Сонгуультай холбоотой бүхий л харилцааг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж өгсөн. Харин горилогч гэдэг нэр томьёо энэ хуульд байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэр дэвшигчийн тухай асуудал хөндөгдөнө. Гэвч одоогоор ийм статус байхгүй. Учир нь хуульд заасан болзол, шаардлагыг хангаад, цаг хугацаандаа нам, эвслээсээ нэр дэвшүүлээд, СЕХ-ноос бүртгэснээр нэр дэвшигч гэж яригдана.

Мэдээж энэ жил нэр дэвшинэ гэсэн санаа, зорилго агуулж яваа хүмүүс бий. Эдгээр хүмүүс маань Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд Хууль бус сурталчилгааг хориглох гээд зааж өгснийг л баримтлах хэрэгтэй. Энэхүү заалтад ээлжит сонгуулийн жил эхэлснээс санал авах өдрийг дуусталх буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд найман багц үйлдэл, үйл ажиллагааг хориглосон. Тиймээс эдгээрийг хийх ёсгүй. Хэрэв хийсэн бол тухайн хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болж болно.

-Тэгвэл нэр дэвших бодолтой яваа хүмүүс хурал цуглаан, уулзалт хийх боломжтой юу?

-Болно, гэхдээ хоёрхон зүйлийг л анхаарах ёстой. Энэ уулзалт, цуглаан танай байгууллагын энэ жилийн ажлын төлөвлөгөөнд орсон байх нь чухал. Түүнээс биш гэнэт л нэг нөхөр уулзалт хийгээд байж болохгүй. Дээрээс нь тухайн уулзалт, цуглаанд гарах зардлыг хэн гаргаж байгаа вэ. Энэ их чухал асуудал. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой 36 жагсаалтыг гаргаад 2020 оны Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулж өгсөн. Үүнийг эрх бүхий есөн байгууллага хянаж шалгадаг. Мөн хуулийн 48.1 дэх хэсэгт заасан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүх эцэслэн шийдвэрлэдэг. Дээрх зөрчлийг гаргасан нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчээс хасах эрх зүйн үр дагавартай.

-Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлээгүй энэ үед сонин, хэвлэлд ярилцлага өгвөл хууль зөрчих вий гэсэн болгоомжлолтой байна. Ингэж ярилцлага өгөх нь нээлттэй юү?

-Ярилцлага өгч болно шүү дээ. Гэхдээ нөгөө л сонгогчийн саналд нөлөөлөх амлалтын шинжтэй зүйл ярихыг хуулиар хориглосон зохицуулалттай. Түүнээс биш тухайн хүн өөрийнхөө удам судар, ажлын тайлангаа ярихад нээлттэй. Харин телевиз, сонин, сайтад өгсөн ярилцлагыг нь тавдугаар сарын 14-нөөс хойш давтан гаргахыг хуулиар хориглож өгсөн. Дээрээс нь хуучин бол маш олон шторк явдаг байсан.

Тэгвэл сонгогчдын авах мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор энэ удаад мэтгэлцээн гэдэг арга хэлбэрийг оруулсан. Гэхдээ мэтгэлцээн учраас хоёр ба түүнээс дээш хүн оролцох ёстой. Ингээд тухайн нэр дэвшигч, эвсэл ямар бодлого гаргаж байгаа юм. Үүнийгээ яаж хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ гэсэн бодлогын өрсөлдөөн байдлаар явуулна. Тийм ч учраас сонгуулийн нэвтрүүлгүүдийн 50-иас доошгүй хувь нь мэтгэлцээний хэлбэр, форматаар байна гэдгийг хуульчилж өгсөн байгаа.

Монгол УлсынИх хурлынсонгуулийнтухай хуулийн48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.2.Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

48.1.3. Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

48.1.4.Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

48.1.5.Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

48.1.6. Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

48.1.7.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх;

48.1.8.Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах.

 

Categories
мэдээ цаг-үе

Шар усны үерээс сэргийлэх арга хэмжээ авч байна DNN.mn

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс сулран, 0 хэм рүү орж дулаарч байгаа тул нийслэл, дүүргийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 21 алба хаагч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс есөн ажилтан, бусад аж ахуйн нэгж, байгууллагаас 13 ажилтан буюу нийт 43 алба хаагч 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй юм. Энэ хүрээнд халиа тошингоос үүссэн мөсийг  зөөвөрлөх, сувагчлал татаж ус урсгах зэрэг арга хэмжээг авч байна.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, уулархаг нутгаар орсон цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дэлхийн Монгол аавууд” хүндэтгэлийн цэнгүүн болно DNN.mn

“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд болно.

Цэнгүүнд Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Дуучин МУГЖ Л.Болдбаатар,Соёлын элч, СТА Б.Нарандэлгэр буюу /Beatbox Ray/, СТА П.Идэржавхлан Ч.Алтантүлхүүр, СТА Б.Амархүү, Э.Дашням, С.Гантогоо Э.Болор-Уянга “B1” амьд хөгжмийн хамтлагийн хамтаар, S4 хамтлаг болон “Зэтү” нэгтгэл, Циркийн шилдэг үзүүлбэрүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцоно.

Мөн аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна.

Эрхэм та бүхэн аавуудаа баярлуулж, аавтайгаа хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 88118871, 99097968 дугаарт холбогдох буюу www.ticket.mn-ээс тасалбараа захиалан, хүргүүлээд авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэр дэвшигчид эхлээд сонинд ярилцлага өгч бодлогоо цэгцлэх хэрэгтэй DNN.mn

Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй санаатай санаандгүй ярилцлага, ярианууд олон нийтийн сүлжээ, шууд лайваар их харагдах юм. Тэгээд л эргүү тэнэг гэсэн шошгыг нүүрэндээ наалгаад сошиал сүлжээн дэх сенсацийн эзэн болох нь тэр. Элдэвлэж шоглосон meme-ий эзэн болж хусавч арилахгүй имижийг өөртөө бүрдүүлж байна.

Тэр ч бүү хэл олны танил улстөрчид ч ийм эвгүй байдалд орох юм. Хамгийн сонгодог жишээ, өвөл болохоор хүйтэрдэг гэх “афоризм”. Толгой доторх бодлоо цэгцэлж чадаагүй учраас сэтгүүлчийн асуултад цэгцтэй, бүтэн өгүүлбэрээр хариулж чадахгүй толгойгоо маажиж түгдчиж хэсэг зогсох, ямар ч утга авцалдаагүй хачин сонин хариулт хэлж шившиг болцгоож байна.

Хүний толгойд өдөрт багадаа 60 мянган бодол эргэлддэг гэдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэй тоо. “USA nation­al science foundation 2005” судалгааны товхимолд нийтлэгдсэн баримт. Юу хэлэх гээд байна вэ гэхээр толгой доторх бодлоо, бодлого хөтөлбөрөө цэгцэлж гаргах хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Үүний шалгарсан арга нь бичих. Үүнийг мөн л шинжлэх ухааны факт нотолгоотой гаргачихсан. Тиймээс эрдэмтэд, эмч мэргэжилтэн, лекторууд бодлоо цэгцлэх, сэтгэл гутралаас гарахын тулд бич гэж зөвлөдөг. Тиймээс хэн бүхэнд зөвлөхөд бич. Тэр дундаа дөрөвхөн сарын дараа улс төрийн том сорилтод орох гэж байгаа улстөрчид сонинд ярилцлага өгч өөрийнхөө бодлого, хөтөлбөрийг цэгцэл. Ундуй сундуй, орон гаран яриаг хүлээж авах сонгогч хаа ч байхгүй. Хялайж ч харахгүй. Учир нь монголчууд биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэсэн шүүлтүүрээр нэр дэвшигчдийг шүүдэг.

Тиймээс сэтгүүл зүйн хатуу дэг соёл, шүүлтүүртэй өдөр тутмын сонинд эхлээд ярилцлага өгч цэгцрэх хэрэгтэй. Нэгэнт бүтцээ гаргачихсан, тархиндаа цэгцэлчихсэн бодлогыг хаана ч, хэзээд ч торохгүй ярьчихна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Хүлгэн: Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй байдаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….

Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй ярилцлаа.


-“Номтой нөхөрлөе” клубийг яагаад байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголын залуучуудын холбооны судалгааны багаас эхлүүлж байлаа. Энэ нь оюутан байх үеэсээ л бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө санаа тавьдаг, нийгмийн идэвх сайтай оюутан байсантай холбоотой байх. Бид залуучуудад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанч үүднээс судалсан. Монголын арван иргэн тутмын долоо нь залуу учраас тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл Монгол Улсын асуудлыг шийдчихэж байгаагаас ялгаагүй. Өнөөдөр залууст архидалт, гэр бүл салалт их байна. Орон сууц худалдан авах хөрөнгөгүйгээс гадна чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газаргүй зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байгааг тогтоосон юм. Энэ асуудлууд бүгд хоорондоо холбоотой. Ажилгүй хүн архи ууна, архи уудаг хүн гэр бүлгүй. Гэр бүлгүй хүн хувийн орон сууцтай болж, амьдралаа төвхнүүлэх сонирхолгүй байх нь мэдээж.

Монголын залуучуудын холбооны гишүүн залуустайгаа хамтран эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрүүлдэг болгох тал дээр анхаарч ажиллахаар болсон. Оюутан залуус тэр бүр кино театраар үйлчлүүлж, тэнд попкорн идэж, кола уугаад байхгүй. Тэгээд ч сардаа хэдхэн шинэ кино нээлтээ хийдэг шүү дээ. Спортоор хичээллэе гэхээр дунд сургуулиудын биеийн тамирын заалыг томоохон компаниуд бүтэн жилээр түрээсэлчихсэн байсан. Гэтэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд Улаанбаатарын төв хэсэгт л гэхэд 10 мянга гаруй архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллаж байсан. Түүнээс гадна арав алхам тутамд мөн тооны ресторан, паб бий. Тиймээс залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх альтернатив маягийн клуб байгуулах санаа төрж, 2012 оны сүүлээр”Номтой нөхөрлөе” клубээ байгуулсан. Мөн клубийнхээ фейсбүүк группыг нээсэн. Эхэндээ би өөрөө өөртөө юм бичээд, түүнийг нь залуус ойшоохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Харин өнөөдөр манай фейсбүүк группт 100 мянга гаруй залуус нэгджээ. Анхандаа зөвхөн би уншсан мэдээг оруулдаг байсан бол өдгөө номын хэлэлцүүлэг, дуудлага худалдаа, номын солилцоо группт маань болохоос гадна нэгнээсээ зөвлөгөө тусламж ч авч болно. Ингэж цахим ертөнцөөр дамжуулж залуусыг номтой нөхөрлүүлж, ном уншдаггүйг нь номонд дурлуулах гэж, ном уншдаг залуусыг нь хооронд холбож, мэдээлэл солилцуулахын тул сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш идэвхтэй суртал ухуулгын ажлуудыг хийлээ.

Танай клубийг бямба гариг бүр уулзалт зохион байгуулж, шилдэг номын талаар ярилцдаг гэж сонссон юм байна?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бямба гариг бүр номын уулзалт буюу бага хуралдай зохион байгуулсаар ирсэн. Эхэндээ бид зөвхөн өөрсдийн уншсан шилдэг ном зохиолын талаар ярилцдаг байсан бол өдгөө оюун ухаанаараа нийгмийнхээ түүчээ болсон эрхмүүдтэй уулзалт зохион байгуулдаг болсон. Нөгөөдөр буюу энэ сарын 31-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай залуусыг уулзуулахаар болсон. Өмнө нь СГЗ, нэрт зохиолч Г.Мэнд-Ооёо, Пост панк яруу найрагч Б.Галсансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг 30-аад эрхмүүдтэй клубийнхээ гишүүдийг уулзуулж байлаа. Монголынхоо оюун санааны түчээлэгчдийн илтгэл, лекцийг сонсоод гарах бүрт цээжинд халуу шатдаг юм. Тэр нь энэ сонссон, мэдсэнээ гудамжинд сэлгүүцээд, баар сав хэсээд явж байгаа залуустаа хэлэхийг, тэд нарыг эгнээндээ элсүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс уулзалтууд маань маш их үр дүнтэй болсон гэж бодож байна.

Үүнээс гадна танай клубийн зүгээс “Шинэ жилийн шидэт ном” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагдсанаасаа хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн байх аа?

-Өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган номыг хандивын аянаараа цуглуулсан. “Шинэ жилийн шидэт ном” хэмээх сайн үйлсийн аяныг сүүлийн гурван жил дараалан оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Баярын өдрөөр эмнэлэгт хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмсч ороод, өвчин туссан хүүхдүүдийг хөгжөөж баярлуулан, бэлгэнд нь ном өгөхөөр тэд маш их баярладаг. Баярын дараахан “Хүүхдийг минь өвчин зовлонтой байхад хүүхэлдэйн баатрын дүрээр эмнэлэгт ирж, ном бэлэглэж, хөгжөөнт тоглоом тоглуулсан тань бие нь эдгэрэхэд маш их дэм боллоо. Хамгийн гол нь хүүхэд маань ном унших дуртай болсон” гэсэн урмын үгтэй олон захидал ирсэн шүү. Үүнээс гадна эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүдэд хүртэл хорих анги дээр нь очиж ном тарааж байсан. 2013 оны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хорих ангид ял эдэлж байгаа эхчүүд эмэгтэйчүүддээ 600 ном, 600 сарнай бэлэглэсэн.

Ер нь манай клуб байгуулагдаж, фейсбүүк групп нээгдсэнээр олон залуусыг ном уншуулахын тулд ятгаж чадсан. Манай гишүүд дунд ном уншихыг эрмэлздэг хэрнээ ямар номноос эхлэхээ мэдэхгүй олон залуус байсан. Ямар ч өгөөжгүй, сонирхолгүй ном уншвал мөнгө, цагаа дэмий үрэхээс гадна дахин ном унших хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс клубийн зүгээс тэдгээр залууст ямар мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаагаас гадна уран зохиолын ямар төрлийн ном зохиол унших сонирхолтой гэдгийг нь мэдсэний үндсэн дээр тэдэнд “тохирох” номыг санал болгодог. Эсвэл фейсбүүк групп дээрээ уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлийг гишүүд маань нээлттэй бичдэг учраас тэндээс өөрийн уншихаар төлөвлөсөн номоо үр өгөөжтэй эсэхийг мэдэж болно. Ер нь клубийн зүгээс залуу хүний уншвал зохих 10 номын жагсаалтыг удахгүй гаргана. Цаашлаад унших ёстой биш уншвал зохих гэх нэрийн дор 100 номын жагсаалт гаргана.

Хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэх, номонд дуртай болгохын тулд яах ёстой вэ?

-Эцэг эхчүүд “Хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ” гэж их асуудаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрснөө ном уншдаг байж хүүхэд түүнийг нь үлгэрлэн дагана уу гэхээс өөрснөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шаардвал утгагүй хэрэг. Гэхдээ хүүхэд ном уншиж суух нь бус ямар ном, юу унших нь чухал учраас номын агуулгад томчууд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн номын агуулгад Социализмын үеийнх шиг цензур хэрэгтэй байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг илгээхээр төлөвлөсөн. Ер нь одоогоос арав гаруйхан жилийн өмнө хүүхдүүд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор дамжуулж хүрээлэн буй орчноо таньж мэддэг байсан бол одоо “Уолт Дисней”-н эсвэл “Миша Маша хоёр” зэрэг хүүхэлдэйн киногоор дамжуулж ертөнцтэй танилцаж байна.

Интернэт, телевизор, радио зэрэг мэдээ, мэдээлэл олж авах асар олон суваг бий. Гэсэн ч ном байр суурь, үнэ цэнээ алдалгүй өнөөдрийг хүрсний гол нууц нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Өмнөх үеийнхээ ололт амжилтыг дараагийн үедээ өвлүүлэх маягаар үргэлж хөгждөг учраас хүний нийгэм урагшилдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь ердөө л энэ. Хүн төрөлхтний түүх бол урагш үргэлж тэмүүлсэн хөгжлийн түүх. Тэрхүү түүхийн амьд гэрч нь ном. Яагаад гэвэл хүн төрөлхтний бүхэл бүтэн хөгжил дэвшлийн түүхийг номноос уншиж мэдэж болно.

Номноос олж авдаг шиг гүн гүнзгий өргөн дэлгэр мэдээ, мэдээлэл, мэдлэгийг цахим ертөнцөөс олж авч чадахгүй. Хамгийн гол нь номноос уншсан, ойлгосон бүхэн мэдлэг болон хуримтлагддаг бол интернэтээс олж авсан, твиттерээс уншсан мэдээ хэрэгцээтэй байх нь тун ховор учраас хэн нэгний амнаасаа гаргаж хаясан шүлстэй хоолыг идэж, газраас хог түүж идэж байгаагаас ялгаагүй. Цахим ертөнцөд хүний тархи угаах гэсэн явуулга гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл ихээхэн байдаг. Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй гэсэн үг. Дээр нь номноос тухайн сонирхсон сэдвээр чинээнд нь тултал мэдлэг мэдээлэл авна. Телевиз сайн үйлчлэгч муу багш бол ном муу үйлчлэгч сайн багш. Ганц ном хувь хүн бүү хэл улс үндэстний хувь заяаг өөрчилсөн түүх бий шүү дээ.

– Хоёр жилийн өмнө танай клубийн зүгээс Чингэсийн талбай дээр “Чимээгүй хашгираан” хэмээх суулт хийж байсан. Чухам ямар зорилгоор энэ суултыг зохион байгуулсан юм бэ?

-Өнөөдөр сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хэдэн номын сантай байна вэ? Цөөн хэдхэн номын санд нь сүүлийн үеийн, хэрэгцээтэй ном тун цөөн бий. Өнгөрсөн хугацаанд засаг ээлжилж барьсан төрийн түшээд нэг ч номын сан бариагүй хэрнээ 10 мянган баар, ресторанд архи зарах зөвшөөрөл олгосон. Азийн бар улс болно гээд баар улс болсон шүү дээ. Энэ байдлыг эсэргүүцэн “Номтой нөхөрлөе” клубээс 2013 онд Чингэсийн талбайд суулт хийж, тэнд ном уншсан. Үүний үр дүнд Сүхбаатар Дүүргийн долдугаар хороо буюуАНУ-ын элчингийн хажууд 11 тэрбум төгрөгийн өртгөөр 12 давхар Үндэсний номын ордон баригдахаар болж, шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орох ёстой. Түүнчлэн Монгол Улсын түүхэнд анх удаагаа “Номын Сангийн Тухай Хууль” УИХ-д өргөн барилаа.

Сар шинийн баярыг угтан номын хямдралтай худалдаа зохион байгуулна гэсэн байх аа?

– Ном хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Ном уншдаг хүн үргэлж ухаарч, гэгээрч бас мэдлэг оюунаа тэлж боловсролоо дээшлүүлдэг. Гэтэл ийм зүйлийг хямдруулна, хямдхан зарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Зун нь зарагдаагүй ботинкийг өвөл борлуулах гэж, хадгалах хугацаа нь дуусах дөхчихсөн хүнсний бүтээлдэхүүн бөөнд нь зарах гэж, чанар муутай барааг өндөр үнээр зарах гээд бүтэлгүйтсэн үедээ хямдрал зарладаг гэж би ойлгодог. Номыг эдгээр бараатай харьцуулж, жиших үнэхээр утгагүй. Харин хүн тоож уншихааргүй муу номын тэнгэрт хадсан үнийг агуулгынх нь хэмжээнд хүртэл хямдруулж болно.

Ер нь зөвхөн Цагаан сар гэлтгүй баяр болгоноор хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн нь архи дарс болчихдог. Баяр тэмдэглэсний маргааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өчнөөн хүн осгож, автомашины осолд өртөж эсвэл хэрэг төвөгт орооцолдох зэргээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Тэдгээрийн дийлэнх нь залуучууд байдаг нь тун харамсалтай. Тиймээс Сар шинийн баяраар нэгэндээ бэлэг бэлгийн дээд номоо бэлэглэе гэсэн уриалга гаргасан. Өөрт хэрэггүй, өрөөлд ч ашиггүй Хятадын шампунь, сандаал, нусны алчуур хоорондоо дамжуулж, Хятадын үйлдвэрүүдэд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн оронд нэгэндээ ном бэлэглэж, цэцэн оюун бэлэглэхийг манай клубийн зүгээс уриалж байна. Тиймээс Цагаан сарын баярыг угтан номын хямдралтай бус харин өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандан юу хэлэх вэ?

-“Уншигч хүн үргэлж хождог”, “Өнөөдрийн уншигч маргаашийн удирдагч”, “Уншиж байгаа бол сэтгэж байна гэсэн үг” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе дөө.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

2024.03.10 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ДӨРВӨН НОГООН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 07.15-18.50
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 10, Адъяа гараг. Билгийн тооллын 30, Шувуун хошуут одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:15-18:50. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр  шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +1…-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол болж, 36 настай эрэгтэй амиа алджээ DNN.mn

Архангай аймаг, Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэд бэртэж гэмтсэн тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 04:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ын “Бонго-3” загварын ачааны автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан А-гийн “Королла” загварын суудлын автомашин мөргөж тус автомашины жолооч А /36 настай, эрэгтэй/ бэртсэн байсныг Эмнэлгийн байгууллагад, иргэн Н /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг 06:10 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

10-14 насны охидын үр хөндөлт нэмэгджээ DNN.mn

Монгол Улсад 2023 оны судалгаагаар нийт 941.500 өрх байна.

Эдгээрээс:

  • Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн: 17574
  • Гэр бүл цуцлалт: 4553 гэр бүл цуцлалт,
  • Үрчлэгдсэн хүүхэд: 1478
  • Өрх толгойлсон эх: 66648

Өсвөр насны хүүхдүүд, охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарах цаг болсныг ХЭҮК-оос анхаарууллаа.

Бага насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтийн талаар ХЭҮК-т ирсэн тоон мэдээллээр:

10-14 насны охидын хувьд:
2021 2022
Жирэмслэлт 26 26
Төрөлт 35 41
Үр хөндөлт 16 21
Categories
мэдээ нийгэм

ХНХЯ: Эрүүл мэндийн яамтай даатгуулагч, хүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг цахимаар солилцоно DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.4-д “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм, энэ хуулийн 43.3-т цагийн хөлсний хэмжээг Засгийн газар батална” гэж заасан.
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 448 дугаар тогтоолоор баталсан.
Даатгуулагч, хүнийг ирүүлэхгүйгээр, цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан учир эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгууллагатай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох шаардлагатай байна.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллахаар боллоо.

Энэхүү уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Магадлалын төв зөвлөлийн төлөөлөл оролцлоо.