Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Оскар-2024” наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол боллоо. 

Энэ удаагийн наадмаас “Oppenheimer” кино “Шилдэг кино”, “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” зэрэг долоон шагнал хүртлээ.

Шилдэг кино: Oppenheimer

Oscars 2024 live updates: Oppenheimer is Best Picture, Nolan finally wins too | Hindustan Times

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, Oppenheimer

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, Oppenheimer

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, Poor Things

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф, The Holdovers

Шилдэг найруулагч: Кристофер Нолан

Шилдэг анимейшн: The Boy and the Heron

Шилдэг кино зохиол: American Fiction

Шилдэг эх зохиол: Anatomy of a Fall

Шилдэг зураг авалт: Oppenheimer

Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Last Repair Shop

Шилдэг эвлүүлэг: Oppenheimer

Шилдэг гадаад кино: The Zone of Interest

Шилдэг нүүр будаг, үс засалт: Poor Things

Кинонд зориулан бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, Oppenheimer

Шилдэг киноны дуу: Билли Айлиш, “What Was I Made For?”, Barbie

Шилдэг визуал эффект: Godzilla Minus One

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшин: Мал, махыг нь эдийн засгийн эргэлтэд оруулаад өгчихвөл малчид заавал мянга хүргэх гэж зүтгэхгүй DNN.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч Б.Түвшинтэй ярилцлаа.


-Манай улсын одоогийн эдийн засгийн бодит нөхцөл байдал яг ямар байна гэж та дүгнэх вэ?

-Эдийн засаг гээд шууд ярихаасаа өмнө бид төр, засаг гэдэг ойлгоцынхоо философлиг сэтгэлгээгээ жаахан тэлэхгүй бол хагас социализм, хагас зэрлэг капитализмын дунд гацчихсан. Тэгээд төр нь бүх зүйлийг мэдээд байдаг. Өнөөдөр төр бол маш сайн эдийн засагтай. Бүр хэт баяжчихсан байгаа. Төр нь баяжаад иргэн нь баяжихгүй зүйл рүү л явчихлаа. Ингэхэд төр чинь баяждаг зүйл үү. Тийм их эрх мэдэлтэй байх хэрэгтэй юү гээд харахаар гажуудчихсан. Төр гэдэг субьектын талаас авч үзэхэд л зөвхөн татварын орлого нь сүүлийн 10 жилд 40 дахин нэмэгдсэн. Мөнгө огт дутаагүй. Одоо ганцхан орж ирж байгаа орлогуудаараа иргэдээ яаж чинээлэгжүүлэх юм гэсэн бодлогуудаа бодож эхлэхгүй бол одоогийнхоороо яваад байвал дампуурна.

-Төр нь ингэтлээ баяжсан учраас л төрийн өмчит компаниудын хулгай гараад байна уу?

-Саяхан 40 их төгрөгийн хулгай гээд баахан ярьсан. Тэр чинь жижиг Тавантолгойн жаахан хэсэг шүү дээ. Тэгэхээр төрд мөнгө огт дутаагүй гэдгийг дахин хэлье. Харин төрийг яаж удирдах юм. Төрийн санхүүг хэрхэн зөв болгох вэ гэдгийг мэргэжлийн түвшинд явуулахгүй бол энэ байдлаараа дампуурна гэж хэлээд байгаа юм.

-Тэгвэл энэ асуудлыг яаж зөв болгох юм бэ?

-Хөгжлийн банкны асуудал олон нийтэд дэлгэгдсэн. Үүн дээр сэтгүүлчдэд баярлалаа гэж хэлье. Энэ мэт асуудлыг олон нийтэд дэлгэж тавьдаг сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд цаашдаа хамтрах хэрэгтэй. Төрийн ойлголт нь гажуудсан учраас бүгдийг нуудаг болгочихсон юм. Ер нь хулгайгаас хамгаалах цорын ганц арга бол нээлттэй, ил тод төсөв санхүү. Гагцхүү үүнийг нь мэргэжлийн түвшинд гаргаж ирэх хэрэгтэй. Бүх төсөв, санхүүгийн зорилгуудыг тодорхой, нээлттэй болгох ёстой. Одоо манайд төрийн аудит гэж байна. Гэтэл төрийн аудит нь төрдөө үйлчилж байгаа цагт хулгай алга болохгүй. Уг нь шалгаад олон нийтэд танилцуулдаг, мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлт өгдөг байх ёстой юм. Жилд бид 20-40 их наяд төгрөгийг улсын төсөвт зарж байна. Гэтэл үнэ цэн хадгалсан юм байхгүй. Одоо Засгийн газрын 31 тэрбум төгрөг гээд байгаа ч яг бодитой хөрөнгө оруулалт алга. Олон улсын зээлүүд нь улам л өсөөд байдаг. Тиймээс үүнийг хамгийн үр ашигтай болгох хэрэгтэй. Улсын хэмжээнд, байгууллага, хувь хүний хэмжээнд яаж үр ашгийг тооцох вэ гэсэн олон улсын аргачлалууд бий. Энэ аргачлалуудаар хүмүүсийг мэдлэгжүүлж, мэдээлэлжүүлж байж л сайжирна. Төрөө бие даасан субьект гээд ойлгочихсон болохоор төр нь баяжаад иргэдэд хүртээмж байхгүй. Харин хүртээмжтэй болгох арга нь зөвхөн халамж болчихоод байна. Тиймээс иргэдээ чинээлэгжүүлэх загварыг гаргаж, ирээд түүнийг нь төр зохицуулдаг байх хэрэгтэй. Түүнээс биш төр нь баяжиж үзлээ шүү дээ. Ингэхээр маш их хулгай гарч, ард түмэн ядуурч, цөөхөн хэдэн олигарх улам баяжиж байна. Энэ чинь улам цаашаа явбал улсын тусгаар тогтнол алдагддаг.

-Төр засгаас эдийн засаг долоон хувиар өссөн. Дэлхийд хоёрт орлоо гээд байгаа. Гэтэл энэ өсөлт нь ард түмний амьдралд мэдрэгдэж, хаалгаар нь орж ирэхгүй байна гэх гомдол гарч байна л даа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн өсөлтийг орлогын, зарлагын, үйлдвэрлэлийн гэсэн гурван аргаар тооцдог. Манайд үйлдвэрлэлийн аргаар тооцох боломжгүй. Тиймээс орлого, зарлагаар тооцдог юм. Харин зардлын арга дотор улсын төсвийн зарж байгаа зардал дээр иргэдийн зардлыг нэмж анализ хийдэг. Гэтэл улсын орлого, зарлага нь асар их өссөн. Харамсалтай нь ард иргэдийн зардал огт өсөөгүй. Уг нь иргэдийн зардал өсвөл тэд чинээлэг байна гэсэн үг. Цөөхөн хэдэн компанийн зардал өссөнөөр тооцчихоод байна.

-Тэгэхээр манай эдийн засгийн өсөлт худлаа гэсэн үг үү?

-Тоон талаасаа үнэн л дээ. Гэхдээ мөн чанар талаасаа болохоор ямар ч хүртээмжгүй байгаа биз дээ. Тэгэхээр иргэдийн амьдрал дээшлээгүй, орлого нь нэмэгдээгүй учраас яг чанартай өсөлт биш. Бид мөн чанараас зугтаасан. Одоо аливаа зүйлийг ярихдаа ч гэсэн шийдэл нь юу юм л гээд байдаг. Гэтэл агуулга, философи нь юу вэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй юм. Төсвөө сайн хийдэг газрууд энэ төрлийн татвараар бид ийм зүйл хийнэ гэдгээ Засгийн газар нь тайлагнадаг. Гэтэл манайд тийм юм алга. Сүүлийн үед НӨАТ-ын орлого өссөн. Гэтэл үүгээр юу хийв. Тэр нь нийтийн эрх ашигт нийцэж байгаа юу гээд тайлагнаж, хэлэлцэх ёстой. Харамсалтай нь баахан татваруудаа холиод хэрэгтэй, хэрэггүй том юм яриад л дуусгаж байна.

-Тэгвэл бидэнд одоо нэн тэргүүнд хийж болох, хэрэгтэй зүйл нь юу байж болох вэ?

-Манай улс өнөөдөр 70-90 сая малтай. Дунджаар нэг жилд 20 саяар өсдөг. Иргэд, малчдын гар дээр байгаа энэ баялгийг үнэ цэнтэй болгох нь төрийн үүрэг. Энэ үүргээ ухамсарлах хэрэгтэй. Санхүүгийн инженерчлэл гэж ойлголт бий. Үүгээр харах юм бол малчид нийгэм дэх үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Тэд чинь жижиг хэмжээний үйлдвэрлэгчид. Харин тэдний өсгөж үржүүлээд, хийж үйлдвэрлээд гаргаад ирсэн бүтээгдэхүүнүүдийг яаж үнэ цэнтэй, Монгол Улсын давуу тал болгох вэ гэдэг бодлогыг төр засаг нь хийх ёстой. Даанч малаа өсгөсөн хүнийг төр нь бэлчээрийн даац хэтэрлээ, үр ашигтай цөөн малтай бол гэх зэрэг утгагүй байдлаар шахдаг. Зүй нь төр үр ашигтай болгоод өгчихсөн бол малчид тэгтлээ малаа өсгөх гээд улайрахгүй шүү дээ. Одоо чинь амьжиргаанд нь хүрэхгүй байгаа учраас л малаа өсгөөд байгаа юм. Судалгаагаар 300 богтой байж дөнгөж амьжиргаандаа хүрдэг гэж гарсан байна лээ.

-Мал, махаа үнэ цэнтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Баахан махны үйлдвэртэй болох тухай л яриад байна. Гэтэл хамгийн чухал зүйл нь малыг хураан цуглуулах тогтолцоо юм. Малчдаас хэдэн малыг нь тасралтгүйгээр цуглуулах юм. Түүнийг нь хаана боловсруулж, хаашаа гаргах вэ гэсэн зүйл нь тодорхой болж байж хүмүүс хөрөнгө оруулна. Энэ зах зээл рүү одоо орох гэхээр манай бизнесмэнүүдэд томдоод байгаа юм. Саяхан 30 мянган хонь экспортлох тухай ярихад л дийлэх хүн гараагүй. Гэтэл манай улс жилд 20 сая мал гаргаад байх боломжтой. Үүний нэгдсэн тогтолцоо гэхээр махны үйлдвэрүүд гэж бодоод байдаг. Гэтэл тэр чинь ложистикийнх нь нэгээхэн хэсэг. Бидэнд даанч ложистикийн тухай ойлголт огт алга. Хамгийн гол өртөг зардал шингэдэг зүйл чинь давтамжтайгаар цуглуулах. Сар бүр 30, 40 мянган мал нийлүүлье гэвэл худалдан авагч олдоно. Даанч арай гэж цуглуулаад 2000 хонь нийлүүлье гээд очихоор тоохгүй байна шүү дээ. Тиймээс нэгдсэн том ложистикийн тогтолцооны загварыг гаргаж ирээд малчдыг тогтмол орлоготой болгох хэрэгтэй. Түүнээс малаа зарах зах зээлийг нь бэлдэж өгөөгүй байж малаа өсгөлөө, арьс шир, ноос ноолуураа эргэлтэд оруул гэж заана гэдэг чинь утгагүй.

-Одоо чинь эрчимжсэн мал аж ахуй гэж яриад байх болсон?

-Монгол Улсын соёлын өв, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой зүйл бол нүүдэлчин аж ахуй, соёл. Цаашдаа ч дангааршлын баталгаа хэвээр байх болно. Түүнээс биш бүгд аж үйлдвэржсэн эдийн засаг руу явна гэдэг бол худлаа. Фермерүүд хөгжвөл хөгжиж л байг, хослоод л явах ёстой. Яваандаа нүүдэлчин ахуй амьдрал улам л үнэ цэнд орно. Ийм цаг үед бэлэн байгаа зүйлээ жаахан тордчих л хэрэгтэй. Бид чинь байгалиасаа маш сайхан амьдралын хэв маяг, эдийн засагтайгаа төрчихсөн ард түмэн. Айлаас эрэхээр авдараа уудлаад жаахан бодох л хэрэгтэй байна. Би өөрөө үндэсний ардчилсан үзэлтэй хүн. Тийм ч учраас үндэсний аж ахуйгаа сэргээх эдийн засгийн бодлого боловсруулах хүсэл мөрөөдөлтэй. Одоо яг судалгаан дээрээ ажиллаж байгаа. Малчин гэдэг чинь үйлдвэрлэгч гэдгийг л бид сайтар ойлгомоор байгаа юм. Нэг малчин 300 хоньтой байлаа гэхэд дараа жил нь төлөө бүрэн авбал багадаа 450 хоньтой болно. Харин төр засгаас зохицуулалтыг нь сайн хийж өгөөд тухайн айлаас жилдээ 150 хонийг нь аваад байдаг зах зээлийг бий болгочихвол тухайн малчин чинээлэгжээд л явчихна. Тиймээс малаа заавал мянга хүргэх гэж зүтгэхгүй шүү дээ. Ингэж эдийн засгийн эргэлтэд оруулж өгөхгүй болохоор малаа өсгөөд байдаг. Харамсалтай нь ган, зуд болохоор өнөөдүүл нь үхчихээд байна. Иймд Монгол Улсад байгаа бүхий л баялгийг үнэ цэнтэй болгох бодлоготой хүмүүсийг сонгох хэрэгтэй байгаа юм.

-Энэ жил нийт нутгаар зудтай байлаа. Тэгвэл малчдын дунд малаа даатгах ойлголт хэр байдаг юм бол. Даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг нь барагдуулах боломж бий юү?

-Уг нь айл өрхүүд тусдаа даатгуулдаг байдал хөгжих ёстой. Гэвч даатгалын сэтгэлгээ тэр бүр хөгжөөгүй учраас малын индексжүүлсэн даатгал буюу бүс нутгаар нь даатгуулчихдаг. Тухайн бүс нутагт малын хорогдол их гарсан тохиолдолд хохирлыг нь төлдөг. Өмнө нь Баянхонгор аймагт ганц болоод бүс нутгийн хэмжээний том хохирол гарахад нөхөн төлбөрийг нь шууд авч байсан.

-Нөхөн төлбөр нь хувь малчдад яаж очдог юм бэ?

-Даатгуулсан малчдадаа түгээгээд л өгчихдөг. Даатгуулаагүй малчид мэдээж нөхөн төлбөр авах боломжгүй. Цаашдаа даатгал манай улсад хөгжих л ёстой. Одоогоор даатгуулах соёл хөгжөөгүй учраас хувь мачлдын даатгал ч хөгжихгүй байна. Уг нь бол маш бага мөнгөөр их эрсдлийг хаадаг зүйл шүү дээ.

-Та АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн. Энэ удаагийн сонгууль бүсчилсэн тойргоор явна. Таныхаар энэ тойрог хуваалт хэр зөв зүйтэй зүйл вэ?

-Ер нь тойргийг томруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Хэтэрхий жижигхэн тойрогт усалгааны системтэй явж ирсэн. Харин бүсчилсэн байдлаар шийдсэн нь төр барьж байгаа намыг л ялах, давуу байдал олох тактик байх. Гэхдээ нэгэнт шийдвэр гаргах эрх нь тэнд байгаа учраас түүгээр нь л явна. Тойрогтойгоо уялдуулаад бүсчилсэн эдийн засаг гэж ярьж байна. Гэхдээ эдийн засгийнхаа суурь ойлголтоор бол өөр асуудал. Бид чинь хүн амын тоогоороо авч үзвэл жижигхэн эдийн засагтай. Тэгэхээр хүн амыг хэрэглэгч гэж үзвэл том үйлдвэр цөөхнийг барьж байгуулах хэрэгтэй. Харин газар нутаг, малаараа бол том эдийн засагтай. Тэгэхээр бүсчилнэ гэдэг чинь Сайншандад нэг аж үйлдвэр бариад өөр газар барихгүй. Тэндээ энэ чиглэлээ дагаж хөгжье гэж Ардчилсан намын үед бүсчлэлийг ярьж байсан. Одоо болохоор зургаан бүс болгож хуваасан. Үүгээрээ дандаа жижиг, жижиг эдийн засгийн үр өгөөжгүй, төрийн өмчит үйлдвэрүүдтэй болчих вий гэж л санаа зовж байна. Ингэвэл эдийн засгийг хорлоно. Гэхдээ төсвийг задлах, төвлөрлийг сааруулах, нийтлэг эрх ашгийн төлөө явах гэдгээрээ би дэмжиж байгаа.

-Олонд танигдсан, эсвэл мөнгөтэй нь сонгогдох магадлал их гэж яриад байна л даа?

-Богино хугацаанд, ийм огцом шийдвэр гаргаж байгаа нь угаасаа шинэ, залуу хүмүүсийг оруулахгүй гэсэн хаалт. Нэр дэвших бодолтой байгаа хүмүүс одоо явж хүмүүстэй уулзаж болохгүй. Харин УИХ-ын гишүүд, олны танил болчихсон хүмүүст боломжтой. Гэхдээ ард түмэн өөр болсон. Энэ тоглоомын чинь цаад санааг мэдэж л байгаа.

Цаашдаа сонгуулийн хууль, системийг өөрсдөдөө давуу тал олгох байдлаар огцом шийдвэр гаргадаг байдлыг болих хэрэгтэй. Жинхэнэ ашиг сонирхол гэдэг чинь энэ. Ер нь сонгууль дөхүүлж байгаад ийм шийдвэрүүд гаргах нь улс төрийн ёс зүйн хувьд маш онцгүй. Төр засаг нь тогтвортой бодлогогүй байгаагаа л харуулж байгаа явдал. Ард түмнийг доромжилж, басамжилж байгаа хэрэг. Нөгөө талд нь гэвч сонгуульд ялж, засгийг авахын тулд юу ч хийхээс буцахгүй гэдгийг ард түмэн ойлгож байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 25 иргэний амь нас, эрүүл мэнд, 6 тэрбум 90 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 27 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 25 иргэний амь нас, эрүүл мэнд, 6 тэрбум 90 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч, цас, мөс хайлан, халиа урсах нөхцөл бүрдээд буй тул шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Далайн БАТБАЯР: ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй, компаниудтай л “БАЙЛДДАГ” газар DNN.mn

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч Далайн Батбаяртай ярилцлаа.


-Хэрэглэгчийн эрх ашиг Монголд алга гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Эрх нь зөрчигдсөн иргэн сошиалд гомдоллосон пост оруулаад л хэрэглэгчийн эрх дуусчихаж байна. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагчаас хамгийн түрүүнд энэ өнцгийг сонирхмоор санагдлаа. Миний хэлсэнтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Уг нь манай улс хэрэглэгчийн эрхийг аль ерэн оноос хуульчилсан сайн түүхтэй.

Нэг хэсэг нь үндэсний ассациоци, нөгөө хэсэг нь нэгдсэн ассиоци гэсэн нэрийн дор ажиллаж эхэлснээр хэрэглэгчийн эрхийн төлөөх ажил, шийдлүүд үр дүнгүй болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн ажлууд “уначихсан”.

-Хэн нь илүү мөнгө идэх вэ гэдэг уралдаан болоод хувирчихаж дээ…?

-Тэгсэн. Төсвөөс мөнгө авах эрх олгоод тодорхой хэмжээний эрх ашиг, чиг үүргийг хэрэгжүүл гэнгүүт “Өө манайх хэрэгжүүлнэ, бид төсвөөс санхүүжинэ” гээд л хуваагдаад эхэлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал их зөвөөр, маш эрт эхэлсэн ч үр дүнд хүрээгүй шалтгаан нь энэ.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХҮЧТЭЙГЭЭР ХӨНДӨЖ ЭХЭЛСЭН УЛСТӨРЧ БОЛ КЕННЕДИ

-Өндөр хөгжилтэй орнуудыг анзаарахад хэрэглэгчийн эрхэд онцгойлон анхаарсан харагддаг. Ер нь дэлхийн улс орнууд хэзээнээс хэрэглэгчийн эрхэд анхаарал хандуулж эхэлсэн байдаг юм бол?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон нийтийн хөдөлгөөн буюу консьюмеризм АНУ-д 1920-иод оны сүүлээр өрнөж, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо 1936 онд байгуулагдсан байдаг. Хуучин консьюмеризмийн сонгодог жишээ, тухайн нийгмийн хамгийн нэр нөлөө бүхий энэ“нийгэмлэг” шинжээчийн үүрэг хүлээж байсан.Энэ холбооны гол үндсэн чиг үүрэг нь, “эрх ашгийн холбоогүй, хөндлөнгийн” лабораториудын тусламжтайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарын үнэлгээний шуурхай мэдээлэл боловсруулж, олон нийтэд түгээх явдал байсан. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийг“ сонголтын чиглэлд” соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлд сургахад анхаарч эхэлсэн гэсэн үг. Тэр үед Америкт “худалдан авагчийн лиги”-үүд олноор байгуулагдаж эхэлсэн нь одоогийн“ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-үүдийн үүсэл байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй.

Хожмоо хэрэглэгчийн эрхийг олон улсын төвшинд анхаарч эхэлсэн 1960-аад онд АНУ-ын ерөнхийлөгч Кеннеди хэрэглэгчийн эрх гэх өнцгийг хөндөж, Америк НҮБ-д нэлээн нөлөөтэй байсан учраас НҮБ-ын бодлогод хэрэглэгчийн эрх ашиг гэдгийг шууд тусгасан байдаг юм.

-Дээр дурдсан НҮБ-ын баталсан зургаан зарчмыг манай уншигчдад сонирхуулаач?

-НҮБ-ын баталсан зургаан зарчмын тухайд ерөнхийдөө тоглоомынхоо дүрмийг баталсан. Хэрэглэгч аюулгүй байдлаа хангуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үндсэн хэрэгцээгээ ямар ч тохиолдолд хангуулах, үнэн зөв мэдээлэл авах, боловсрол эзэмших-танин мэдэх мэдээлэл авах, ямар нэгэн хохирол амсвал эргэн нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн зургаан зарчмыг баталсан юм. Улс орнууд эдгээр зарчим дээр үндэслэж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг.

ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ӨГӨХ БОЛСНООС ХОЙШ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ АЖИЛ “НУРСАН”

-Манай улс хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиа шинэ нийгэмд шилжингүүтээ байгуулсан гэхээр 1990 онд баталжээ дээ?

-Яг батлагдсан он нь 1991. Тэр жил Улсын Бага хурал хамгийн анхны “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль”-ийг баталсан. Хэрэглэгч бол хаан хэмээн ойлголт ноёрхож, суурь нь их зөв тавигдсан. Хожим 2001 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлж төсвөөс санхүүжилт олгох тухай 49 дүгээр тогтоолыг Засгийн газар баталсан. Уг тогтоол батлагдсанаар мөнгөний сонирхлын үүднээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан холбоод хоёр хуваагдсан юм. Өөрөөр хэлбэл, энэ үеэс хойш хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил “нурж”, замаасаа хазайсан. Тэр жилээс эхлэн Засгийн газар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн зарим чиг үүргийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээр гүйцэтгүүлж эхэлсэн юм. Нэмж сонирхуулахад, үндсэн бодлого, чиглэл нь тодорхой болонгуут Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль үндсэн зарчмаа дагаж 2003 батлагдсан нь одоо ч үйлчилж байгаа. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл гэвэл хэрэглэгчтэй холбоотой нэлээн хэдэн хууль өргөн баригдахаар бэлтгэгдэн төслийн хэмжээнд явж байна даа.

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хамгийн зөв, идэвхтэй ажилласан жилүүд гэвэл та аль үеийг онцлох вэ?

-1991-2001 оны хоорондох 10 жилийн хугацааг онцолно. Учир нь тухайн үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр маш их ажил хийгдсэн. Товчхондоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хоёр байгууллага 2003 оныхоо хууль зарчмаар нилээн идэвхтэй ажиллаж байгаад 2008 оноос эрч нь суларсан. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаас үүдсэн асуудал л даа.

-Хуульд яг ямар нэмэлт өөрчлөлт оруулсан юм бэ?

-2008 оны нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар гэж байгуулагдсан. Шуудхан хэлчихэд ШӨХТГ байгуулснаар үндсэн зарчмаасаа ухарчихсан.

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын ажил үүрэг энэ хүрээд зогсонги байдалд орсон гэж ойлгож болох уу?

-Ний нуугүй хэлэхэд тийм.

-Сэтгүүлчийн хувьд анзаарахад ШӨХТГ хэдэн компанид дайн зарласан газар шиг л санагддаг. Яг хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийв гээд харахаар гарт баригдаж, нүдэнд харагдах юм байдаггүй?

-ШӨХТГ шударга бус өрсөлдөөнийг зохицуулах зах зээлийн судалгааны газар, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газар, хэрэглэгчийн мэдээллийн төв, өрсөлдөөнийг зохицуулах судалгааны газар, улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг газар. Худалдаа үйлчилгээний.

газрууд нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хууль гэхчлэн хуулиар олгогдсон эрх ашгийнхаа хүрээнд ажилладаг. Төрийн байгууллага учраас яалт ч үгүй бичиг цаасны л ажил хийдэг. Хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болчихонгуут анхны үндсэн буюу НҮБ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зарчим алдагдчихсан. Хэрэглэгчийн хүсэлт саналын дагуу ажиллах боломжгүй болсон гэсэн үг. Үндсэндээ дэлгүүрүүдэд шалгалт хийдэг л ажилтай болсон. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаасаа илүүтэй үнэ барих, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүргийг биелүүлдэг.

-“Мобиком”-ыг үнээ буулгаж болохгүй гэж шахаж, “Алтан тариа”-г гурилын үнээ нэмж болохгүй гэж дарамталдаг гээд яривал жишээ олон шүү?

-Монголбанк шиг ажиллаад байгаа биз. Зүй нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн

ажил өрнүүлэх учиртай байгууллага шүү дээ. Ийм чиг үүрэгтэй ажиллах ёстой байтал таны хэлсэнчлэн хэдэн компаниуддаа торгууль тавиад л, үнэтэй “байлддаг” газар болоод хувирчихсан. Угтаа шударга өрсөлдөөн үнэ дээр тогтох ёстой атал ШӨХТГ нь үнэ зохицуулдаг газар болчихсон.

-2016 оныг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарласан санагдаж байна. Тэр жил хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр тоймтой ажлууд хийгдээгүй санагдах юм?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил гэж сонгуультай холбоотой л зарлагдсан байх. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагагүй болчихсон учраас бэлгэ тэмдгийн төдий ажлууд өрнөсөн. Тэр гээд хэлчих тоймтой ажил хийгдээгүй.

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХИЙГ ӨӨРСДӨӨ ХАМГААЛАХ ОНЛАЙН ПЛАТФОРМ ХЭРЭГТЭЙ

-Одоо нэг л арга байх шиг. Олон улсын туршлагыг судлаад Монголдоо хэрэгжүүлж болох загварыг сонгож чадвал хэрэглэгчдэд эрхээ хамгаалуулах боломж бүрдэж магадгүй юм. Тийм кейсүүд байвал сонирхуулаач?

-Дэлхийн цөөнгүй оронд төрийн байгууллага нь тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн бус байгууллагатай хамтарч ажилладаг жишиг бий. Олон улсын байгууллагууд нь компаниудын монопольчлолд анхаарч, зах зээл дээр тэгш өрсөлдөөнийг бий болгох чиглэлд ажилладаг. Манайх шиг Засгийн газар нь ШӨХТГ гэж байгуулангуутаа, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын ажиллах орчныг хязгаарлачихдаггүй.

-Бүгдийг төрөөс зохицуулах,төрд төвлөрүүлэх ажил улам тэлээд байгаагийн бас нэг жишээ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал болчихлоо. Ингэхэд ШӨХТГ-тай ижил бүтэц хөгжилтэй орнуудад байдаг уу?

-Бүх юмыг төрөөс төвлөрүүлдэг гажуудал 2008 оноос эхэлсэн. Олон улсад төр нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Гүйцэтгэх үүргүүд нь ч тодорхой байдаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах дээр гэхэд л төрийн бус байгууллагууд нь хэрэглэгчийн эрх ашиг хангагдах талаас иргэдийг төлөөлж, өөрийн гэсэн тод оролцоотой ажилладаг. АНУ-д ч Шударга өрсөлдөөний газар бий. Төрийн оролцоотой ч хажуудаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь тусдаа ажиллаад явдаг. Германд гэхэд л үйлчилгээнд онлайн орчныг ашиглан стандартаа тогтоодог. Тухайн үйлчилгээний байгууллагын стандарт, үйлчилгээ ямархуу вэ гэдэг дээр үйлчлүүлсэн иргэд нь ревью бичээд явдаг. Тэр нь бүр соёл, дадал, жишиг болчихсон. Жишээ нь, би үсээ засуулах гэж байгаа бол интернэтэд ороод хүмүүсийн ревьюг харчихна. Өдрийн хоол идэх газраа ч бусдынхаа ревьюг хараад сонгочихно. Иргэдийн сэтгэгдэл, ревьюгаар үйлчилгээний байгууллагын стандартыг тогтоодог. Тэр орчныг төрөөс нь бүрдүүлээд өгчихнө. Төрийн үүрэг ердөө л энэ байх жишээний. Манайхан шиг энд тэндээс заавал нэг байцаагч ирээд шалгаж, үнэлэх шаардлагагүй. Хамгийн шударга орчныг бүрдүүлсэн байгаа биз. Зах зээлээ хэрэглэгч өөрсдөө үнэлчихнэ, эрх ашгаа өөрсдөө хамгаалчихна. Дараагийн орж ирэх хүнд “Энэ чинь ийм газар шүү” гэсэн мэдээллийг өгнө гэдэг маш зөв шийдэл.

-Онлайн орчинд ревью үлдээх хэлбэрээр хэрэглэгч эрхээ хамгаалуулна гэдэг тун аятайхан шийдэл санагдлаа. Төрөөс яг ийм орчныг бий болгоход анхаармаар юм байна. Одоо бол компани бүр өөрсдөө пэйж хуудастай, тэр хуудсанд нь бүтээгдэхүүн үйлчилгээг нь шүүмжилсэн коммент үлдээвэл устгачихаад байгаа нь анзаарагддаг…?

-Иргэдийн бичсэн ревью устгагддаггүй платформ хийчихэд л хэрэглэгчид өөрсдийнхөө эрхийг өөрсдөө хамгаалаад явчихна. Маш ухаалаг шийдэл л дээ. Хэрэглэгчийн идэвх санаачилгатай шууд холбоотой ажил. Үйлчлүүлсэн газрынхаа талаар үлдээсэн сэтгэгдэл чинь өөр бусдыг сонголтоо зөв хийхэд нөлөөлнө. Өөр бусад хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэл чамайг зөв сонголт хийхэд нэмэр болно. Энэ мэтээр харилцаагаа хөгжүүлээд явчихаар дагаад зах зээл нь хөгждөг эерэг талтай.

-Судалгаанаас харахад манайхны сошиал хэрэглээ өндөр үзүүлэлттэй гардаг юм билээ?

-Харамсалтай нь манайхны сошиал хэрэглээ шар сонины хэмжээнд л байгаа. Хэрэглэгчийн эрхтэй холбоотой санаа зовоосон асуудлын уг суурь нь иргэдийн боловсрол. Бүх юм явж явж нэг цэг дээр очдог гэдэг шиг иргэдийн боловсрол хэрэглээтэй холбогдчихоод байгаа юм. Юм болгон шар сонины сенсацитай мэдээ, нүүр номын сэтгэл хөдлөл давамгайлсан постын хэмжээнд өрнөөд байвал асуудлууд улам ужгирна. Бидэнд юмсыг арай өөрөөр үнэлэх боломж, бодитой мэдээлэл авах хэрэгцээ байна. Бүр тодруулж хэлбэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гээд нийгэмлэг хамгийн түрүүнд үнэлгээний систем хийх хэрэгтэй. Наад зах нь хүн болгоны мэддэг сошиал платформ болох шаардлага бий. Хамгийн гол нь тэр платформ ямар нэг төлбөр тооцоогүй, бие даасан байх ёстой. Тэгж гэмээнэ үйлчилгээ бүтээгдэхүүнд бодит үнэлгээ өгөх боломж бүрдэнэ. Түрүүн та хэллээ шүү дээ, манайд онлайнаар бараа бүтээгдэхүүн зардаг платформууд зөвхөн өөрсдийг нь магтсан комментыг үлдээгээд, шүүмжилсэн комментуудыг устгадаг гэж… Ревьюгээ өөрсдөө хяначихаар үнэлгээ нь бодит бус болчихож байгаа юм. Энэ мэтээр худалдааны жижиг асуудал дээр хүртэл нугалаа гараад байхаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажил утгаа алдах нь ойлгомжтой.

Товчхондоо нэн түрүүнд бие даасан, яг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах платформтой болъё. Бүр тодруулж хэлбэл, ямар нэг нөлөөлөл орохооргүй системийг хуулийн хүрээнд шинэчлэн хийе. Мөн баталгаат хугацаа, баталгааны хэлбэрүүдтэй холбоотой асуудал ч бий.Тухайлбал, манайд цэвэр зах зээлийн өрсөлдөөний онолоороо баталгаат хугацаагаа борлуулагчид санал болгоод явах боломжгүй байна.

-Юу гэсэн үг вэ, жаахан тодруулаач?

-Барааны үнийн дүнгээс шалтгаалж баталгаат хугацааны хамгийн бага хугацааг тодорхой зааж өгөх тохиолдол байдаг. Жишээ нь 5 сая төгрөгийн үнэтэй телевизорын баталгаат хугацаа хамгийн багадаа нэг жил байна гэдэг ч юм уу. Энэ бол үнэ зохицуулж байгаа хэлбэр биш, чанарын түвшинг тогтоож байгаа явдал. Үнийн дүнг баталгаат хугацаатай холбоод тогтоогоод өгчихөөр нэг жилийн дотор эвдэрчихгүй чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага борлуулагчдад тулгарна. Үр дүнд нь хэрэглэгч, зах зээл аль аль нь хожно. Цаашлаад Эрээний хог зөөх явдал тодорхой хэмжээгээр багасна. Яах вэ, үнэ өснө гэж эсэргүүцэх хэсэг бий л байх. Гэхдээ монгол хүн чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Нөгөө талаараа үнийн түвшин жинхэнэ эрэлт нийлүүлэлтийн хуулиараа шийдэгдэнэ. Товчхондоо хэрэглэгчдийн худалдан авах чадварт таарсан үнэтэй, чанартай бараа олох асуудлыг яриад байна лдаа. Хоёрдугаарт дамжуулан борлуулагч, манайхаар бол дистрибьютертай холбоотой асуудал бий. Гадаадын үйлдвэрлэгчээс санал болгож байгаа баталгаат үйлчилгээг заавал санал болгоно гэсэн хууль, журам зарим улс оронд мөрдөгддөг. Ингэчихвэл борлуулагчдад заавал сервис центр байгуулах шаардлагатай болно. Үйлдвэрлэгчтэй албан ёсны харилцаа үүсгэнэ.Баталгаат үйлчилгээтэй зэрэгцээд бүрэн хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ орж ирнэ. Хамгийн олзуурхмаар нь бидний ярих дуртай дэлхийн түвшний стандарт Монголд маань орж ирнэ.

Хэрэглэгчийн мэдээлэл авах эрхтэй холбоотой бас нэг жишээ хэлье.Бүтээгдэхүүнийг дагалдаж ирж байгаа баталгаат хугацааны хугацаа, хамрах хүрээ, баталгаат үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэр хаягийг заавал монгол хэлээр нүдэнд харагдахуйц байрлуулахыг шаардах хэрэгтэй. Шаардлага тавиад хэрэгжүүлүүлээд эхэлбэл хэрэглэгчдэд тустай. Хэрэглэгчид ямар эрхтэй, юуг шаардаж болохоо мэдэж авахад хялбар болно гэсэн үг.

ХОХИРСОН ХЭРЭГЛЭГЧИД ФЭЙСБҮҮК-Т ГОМДЛОО БИЧИЖ Л БУХИМДЛАА ТАЙЛЖ БАЙНА

-Та Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зохицуулагч гэх албыг аваад удаагүй байна. Зохицуулагчийн хувьд яг ямар хүрээнд ажиллах боломж байна вэ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах боломжууд хэр байгаа бол?

-Хэрэглэгчийн эрх ашгийн асуудал орхигдож гээгдсэн сэдэв гэдгийг хэлсэн. Хаяж гээгдэх болсон үндсэн болон дагавар шалтгааныг ч нэрлэлээ. Юуны өмнө энэ холбоог амь оруулах хэрэгтэй байна. 2008 оноос хойш үндсэндээ хэн ч ярихаа байчихсан, орхигдсон, тасалдсан сэдвийг олон түмний анхааралд оруулж байж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал хөндөгдөнө. Мэдээж эхлээд өөрөө өөрийгөө аваад явчихдаг, нийгмийг эрүүлжүүлдэг байгууллага хэрэгтэй гэдгийг иргэдэд ухамсарлуулах шаардлага бий. Нөгөөтэйгүүр юм болгоныг төр хийх ёсгүй. Төрийн бус байгууллагын хэмжээнд хийчих боломжтой гэдэг итгэл үнэмшлийг суулгах шаардлага байна. Иргэд бүх юмыг хувийн хэвшил бус төр л хийх ёстой гэсэн ойлголттой болчихсон байна шүү дээ. Мэдээж нэг үеэ бодвол бага сага ажил хийгдэж л байна. Стандарттай нүүр номын жижиг группүүд бий болж, дажгүй яваа харагддаг.

-Нүүр ном гэснээс хэрэглэгчид бараа, үйлчилгээ худалдан авчихаад хохирсноо ШӨХТГ-т хэлээд үр дүн гардаггүй. Өнөө газар нь асуудал гаргасан компанийг торгосон болоод өнгөрдөг. Гомдол гаргасан иргэний эрх ашгийг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт асуудал ор тас орхигддог нь нууц биш. Яг өнөөдрийн тухайд хохирсон иргэд нүүр номон дээрээ гомдлоо бичиж л тайвширч байх шиг байна?

-Үнэн л дээ. Нэг газар ороод хангалттай үйлчилгээ авч чадаагүй иргэд үсрээд фэйсбүүк хаягаараа лайв хийж, пост бичээд, би хохирчихлоо гэж гомдоллоод л дуусдаг. Ганц нэг пост хийсэн ч компаниас нь залгаад устгуулчихдаг. Энэ тохиолдолд иргэд чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээтэй газруудын талаар мэдээлэл авах боломжгүй болчихож байгаа юм. Нөгөө талаас нь харвал тухайн компанийг дарамтлах, шантаажлах үүднээс цацаж буй пост, лайвууд ч цөөнгүй бийг мартаж болохгүй.

-Компаниудын зүгээс хэрэглэгч бол хаан биш гэсэн мессэжийг их өгдөг болчихож. Тэр мессэжийг нь дэмжиж, дөгөөсөн хандлага ажиглагдаад байх юм?

-Анх хэрэглэгч бол хаан гэж ярьж, шаарддаг байсан бол сүүлийн үед хэрэглэгч хаан биш битгий давар гэж сөргүүлдэг болсон нь үнэн.Тэр ч бүү хэл сошиал булли гэж юм байна. Сошиал медиа, дагагчдаа ашиглаад дарамт хийдэг болсон. Мэдээж хэрэглэгч гээд зөөгчөө загнаад байж болохгүй ч тодорхой хэмжээгээр үйлчилгээний стандарт байх ёстой. Түүнээс гадна эрх зүйн учир шалтгаантай сонирхолтой жишээ олон бий. Жишээ нь, манай улсад хэрэв хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд аливаа эрх зүйн маргаан өрнүүлэх боломжгүй. Нөгөө талаар хохирлын хэмжээ иргэний болон захиргааны хэрэг үүсгэх хэмжээтэй байсан ч иргэд тэр бүр өргөдөл гомдол гаргаад хохирлоо барагдуулах гээд яваад байдаггүй. Ямар сайндаа “адгийн зарга арав хоног” гэдэг үг гарах вэ дээ.Нэг хэрэглэгчийн хувьд ялихгүй асуудал боловч нийт хохирогчдын зардлыг нийлүүлбэл маш том хохирол байх тохиолдол цөөнгүй.Европын холбоонд жишээ нь иймэрхүү маргаануудыг заавал шүүхийн замаар бус хялбарчилсан байдлаар шийддэг чиг үүрэг бүхий төрийн болон хувийн байгууллага байдаг. Одоо манай шүүхийн системд байгаа эвлэрүүлэн зуучлахтай төстэй. Арбитрын шүүхтэй ч адилхан гэж болно. Сингапурт бага хэмжээний хохиролтой асуудлыг хялбаршуулсан байдлаар шийддэг шүүх гэж байдаг. Гол шийдэх асуудал нь хэрэглэгч, бизнес

хоёрын хоорондох жижиг үнийн дүнтэй маргаануудыг шийдээд эцсийн шийдвэр гаргадаг. Аль аль тал нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.Ийм шийдэл байхад “Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг үг утгагүй болно. Аль юм болгон хананд хашгирахаас өөр гарцгүй, сошиалд лайв хийхээс өөр мэхгүй байх билээ. Өөрийн чинь зохицуулагч юу хийж чадах юм бэ гэх асуултын хариуд хэрэглэгчийн эрх ашгийг төрийн бус байгууллагын хэмжээнд хамгаалах ёстой гэдгийг бодлого хэрэгжүүлэгч, төрийн байгууллага, иргэдийн дунд, олон нийтийн анхааралд өртүүлэх л гол үүрэг болчихоод байна.

Тэр ч утгаараа энэ сардаа хэлэлцүүлэг хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

-Яг ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм бол?

-Олон улсын жишиг байдаг. Иргэд болон үйлчилгээний хооронд болж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг гол арга зам нь эрсдэлийг багасгах явдал. Эрсдэлийг даадаг гол систем нь даатгалын систем. Даатгалын систем байж гэмээнэ эрсдэл багасаж, хоорондын харилцаа нь үр дүнтэй болдог.

-Тэгвэл даатгалын системийн оролцоог ямархуу байдлаар Монголын зах зээл, нийгэмд ихэсгэж, үүргийг нь нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Өнгөрсөн сард газ дэлбэрч, орон сууц өртөхөд нийт 160 орчим өрх гэр хохирсноос 70 орчим нь ипотекийн зээлийн даатгалтай байсан учраас даатгалаар хохирлоо барагдуулсан. Энэ тохиолдолд иргэд хохиролгүйгээр асуудал шийдэгдчихэж байгаа юм. Даатгалыг амьдралынхаа нэг хэсэг болгож, өдөр тутмын амьдралдаа оруулчихвал хохирсон иргэдийн асуудлыг төрийн оролцоогүйгээр шийдчихэж болж байгаа биз.

Эцэст нь хэлэхэд, та бидний сайн мэдэх “Морьтой ч болоосой” кинон дээр арьсан дахных нь оронд салхины шил “шахсан” хэсэг гардаг даа. Инээдэм биш өнөөгийн бодит байдал л энэ. Өндөр нас, сэтгэл зүй, мэдлэггүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх зэрэг хувийн онцлог байдлаасаа болоод бизнесийн харилцаанаас хэрэглэгчид хохирох тохиолдол их.Элдэв янзын сүлжээний бизнес, өндөр ашиг амласан луйвраас болоод иргэд хохироод үлдэх тохиолдол ч бий. Манай эрх зүйн систем одоогоор энэ харилцааг тэр бүр оновчтой зохицуулж чаддаггүй учраас л цаашид иймэрхүү бизнесийн харилцааг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага тулгараад байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь ёсоор өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүргийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Тодруулбал Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн доорх байршлуудад өдрийн турш буюу 10:00-17:30 цаг хүртэл цахилгааны хязгаарлалт хийх юм байна.

Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, зохицуулалт хийхийг тус компаниас зөвлөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Суурьшлын бүсээс 3051 толгой мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өглөө DNN.mn

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна. Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн мал байхгүй.

Тодруулбал, гуравдугаар сарын 9-ний өдөр 2153, 10-ны өдөр 898 малыг суурьшлын бүсээс гаргасан бөгөөд түр хашаанд мал хонуулалгүйгээр эздийг нь тогтоож, хүлээлгэн өгсөн байна. Мөн эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, тэжээл өгсөн юм.

Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн сурагчдын амралт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ DNN.mn

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ сурагчдын гуравдугаар улирлын амралт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

БШУЯ-наас мэдээлснээр бүх ангийн сурагч энэ сарын 29-нд хичээллээд дөрөвдүгээр сарын 1-ний даваа гаригаас нэг долоо хоног буюу 8-ныг хүртэл амарна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-д “Өндөр буянтын дээрэм” гэдэг бөөн хэрүүл болж байна DNN.mn

Сүүлийн хэдэн жилд АН-ынхан л дотроо бөөн хэрүүл уруултай амьдраад байгаа тухай ярьсаар ирсэн. Одоо ч ярьж байна. Гэтэл МАН-ынхан дотооддоо илүү их хэрүүл тэмцэлтэй байгаа ажээ. Энэ хэрүүл нь хүнд хэлбэрийнх. Гэхдээ хэрүүл гэхэд хэцүү. Тэд бие биеэ дээрэмдээд эхэлжээ. Хүний мөс, жудаг яригдах хэмжээний энэ үйл ажиллагаа нь “Өндөр буянт” гэх компанийг объект болгожээ. “Өндөр буянт” компани Автомашины засвар үйлчилгээ, Аялал жуулчлал, Өрөг угсрагч,засал чимэглэгчин,сантехникийн слесарь бэлтгэх сургалт, Гадаад худалдаа, Газар тариалан, Барилга засвар, Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн эзэмшилд “Чонос мэнд”, “Булнайн ар”, “Өрнөх аадма” зэрэг компаниуд байдаг аж.

Улсын бүртгэлийн мэдээлэлд “Өндөр буянт”-ын захирлаар Зам тээврийн сайд асан Д.Ганбат, хувьцаа эзэмшигчээр Н.Өөдөс, Ц.Адъяаням, О.Төгсөө нар бүртгэлтэй байна. Өөдөс нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддоржийн хүүхэд, нөгөө хоёр нь Д.Ганбат болон талийгаач захирлыг төлөөлдөг гэх эх сурвалжуудын мэдээлэл бий. Гэхдээ өмнө нь “Өндөр буянт”-ын захирал өөр хүн байсан. Тус компани 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр шатсан МАН-ын байрыг дахин шинээр барих үед гэсэн үг. МАН-ын байр шатаж, одоогийн энэ Тусгаар тогтнолын ордныг шинээр барихдаа улсаас нөхөн төлбөр авсан. Шинээр барьснаас хойш хэдэн жил яригдсан. Тэр талаар тухайн үед тус намын генсек Ж.Мөнхбат “Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт оролцсон бүх хүмүүсийг өршөөх Өршөөлийн тухай хууль санаачлагдсан. Энэ хууль 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан. Мөн үймээний үеэр хохирч үлдсэн аж ахуйн нэгж, иргэдийн хохирлыг хэрхэх асуудал хөндөгдсөн. Ингээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тал талаас ярилцаад үймээний үеэр эд хөрөнгөөр хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахаар болсон. Тухайн онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс 216 дугаар тоот шийдвэр гарч хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөгөөр тогтоосон” гэж байв. Харин АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Ц.Хасбаатар “Ер нь татвар төлөгчдийн мөнгийг намын байр барихад зарцуулж болохгүй. Улс төрийн намын тухай хуульд нэг л заалт бий. УИХ-д суудал авсан тоогоор нь улсын төсвөөс мөнгө олгоно гэж. Мөн нам нь бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олох ёсгүй. Гэтэл МАН-ын байранд фитнесс клуб, ресторан, супер маркетаас эхлээд олон компани түрээс төлж, энэ нам ашиг олж байна. Тиймээс нэг бол улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг буцааж төлөх, эсвэл энэ байрыг хурааж аваад олон нийтийн өмч болгох ёстой. Ямар замаар 11 тэрбум төгрөгийг гаргуулан авсан нь тодорхой болсон. МАН-ынхан хохирогч хэмээн заль хэрэглээд байгаа юм. Уг нь МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан, сонгуулийг луйвардсан гэдгээрээ хохирогч бус хохироогч нам. Гэтэл хохирогчдын дүрд тоглож, байшин шатсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг авсан ийм л асуудал болсон” гэв. Мөн шатдаг цагаан байшингийн талаар “Одоогоос 20 гаруй жилийн өмнөх үйл явдал. Тэр үеийн санхүүжилтийг хөндөхөд олон юм гарна. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Соёлын төв өргөөний комплексийг барихад бүрэлдэхүүнд нь МАН-ын шатдаг байр орсон юм билээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай олон удаа хөндсөн байдаг. Тэгэхээр шатаагдсан байр нь хүртэл асуудалтай. Энэ нам байнга ард түмний халааснаас мөнгө авч орон байраа бэлддэг. Тэгэхээр одоо байгаа байрны асуудлаас гадна өмнөх байрны асуудлыг ч хөндөнө” гэж байв.

Гэхдээ МАН-ын шинэ байрыг дагасан хэл амыг тухайн үедээ “Өндөр буянт”-ын захирал өөр дээрээ нэлээд авч байсан юм. “Өндөр буянт”-ын захирал нь Зам тээврийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бүгд мэднэ. Мөн 2016 онд МАН-ын генсект нэлээд хүчтэй яригдаж байв. Тэр үед МАН-ын генсект одоогийн генсек Д.Амарбаясгалангаас гадна Б.Баярмагнай, Н.Өнөрболор, Т.Ганди, мөн талийгаач яригдаж байсан юм.

Харамсалтай нь өнгөрсөн оны наймдугаар сард “Өндөр буянт”-ын захирал асан эрхэм гэнэт нас барснаас хойш тус компанийг тойрсон маргаан эхэлжээ.

Үүнийг “МАН доторх Хотын фракцтай холбоотой” гэх яриа газар авч байна. Хотын фракц гэхээр бүгдээрээ л мэднэ. Цагтаа МАН-ыг байтугай Монголыг атгаж явсан энэ фракцынхан одоо ч амь бөхтэй оршсоор байгаа юм. Энэ зуны сонгуулиар тэд намаасаа биш өөр “эвсэл”-ээс олноороо УИХ-д орж ирэхээр бэлдэж буй юм байна. Тиймээс энэхүү “Өндөр буянтын дээрэм” гээч нь тэдний сонгуулийн зардлаа бэлдэхтэй холбоотой юу гэх зүйл ч яригдаж байна.

П.Хуяг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно DNN.mn

УИХн гишүүн Г. Дамдиннямтай ярилцлаа.


-Зудтай холбоотойгоор гишүүд орон нутагт өвс тэжээл баахан тарааж явах шиг боллоо. Танай тойрогт хаваржилт ямархуу байна. Малчид өвс тэжээлийн хомсдолтой цасан далайд хүнд байна уу?

-Би өвс тэжээл тараагаагүй. Нэгдүгээрт, ямар нэгэн зүйл тараах нь Сонгуулийн хуулиар хориотой. Улсын төсөв, УОК- оос төлөвлөсөн зүйлийг гишүүд тарааж болох байх. Гэхдээ УИХ-ын гишүүний ажлыг хивэг, өвс тарааж, цас ухаж давхих гэхээсээ ийм нөхцөлд ямар хууль эрх зүйн орчноор дэмжих, яавал малчид эдийн засгийн үр өгөөжтэй зохист тооны малтай болох вэ. Үүний тулд яах вэ гэсэн бодлогыг гаргах нь бидний ажил гэж бодож байна.

1990 оны цагаан морин жил монголчууд ардчилсан хувьсгалыг хийсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх 34 жил мал аж ахуйн салбар хэдэн мянган жил явсан нүүдэлчин хэлбэрээрээ, бахь байдгаараа байна.

Харин ч байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж улам хүнд болж байна. Зундаа үер ус, ган гачиг ихтэй, өвөлдөө цас ихтэй байдаг болж байна. Тэр бүрт нь тусламжийн бараа материал тарааж тухайн цаг үеийг аргацаасан маягаар явж байна шүү дээ. Үүнийг өөрчлөх цаг болсон. Гарц нь юу байна. Яагаад болохгүй байна. Ямар бодлого хийх ёстой юм бэ гэдгийг Мал аж ахуйгаа мундаг болгосон Канад зэрэг орны туршлагаас судлаад сууж байна.

-Тэгээд гарцыг та яаж харж байна вэ?

-Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйд системийн эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүнд аж ахуйн нэгжүүд илүү оролцоотой байх боломжийг бүрдүүлэх ёстой. Эрчимжсэн мал аж ахуй руу шилжилт хийх ёстой гэж малын тоо толгойг бууруулах, хадлан тариаланг нэмэгдүүлэх талаар хүн бүр яриад байна. Яаж хийх вэ гэдгээ харах ёстой. Ганц л гарц байна. Малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг үнэд хүргэх ёстой. Ингэж байж малчдын орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдвэл амьдрал нь дээшилнэ. Малчид олсон орлогоороо өвс тэжээлээ өөрсдөө авдаг болно. Малаа даатгуулдаг болно. Өнөөдрийнх шиг бэрхшээлийн үед менежмэнт хийж сурна. Монгол малын махны үнийг өсгөж, дэлхийд гаргадаг болгохын тулд төрийн бодлого хэрэгтэй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа хүнсний хувьсгалын цаад санаа нь энэ.

Нэгдүгээрт хүнсээ эрүүл болгоё гэдэг нь нийт хүн амынхаа эрүүл ахуйг бодъё гэсэн зорилго байна. Хэн, хаана яаж өсгөж, үржүүлсэн, яаж гаргасан мах идэж байгаагаа бид мэдэхгүй байна. Энэ аюултай. Хоёрдугаарт, эрүүл хүнсийг экспортолж үнэд хүргэж болдог. Малчид аж ахуйн нэгжүүдтэй хамтарч эрүүл малын мах, бүтээгдэхүүнийг экспортолдог болох ёстой.

Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэж орсон. Ингэхдээ Ургамал хамгааллын олон улсын конвенц, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын конвенц, Хүнсний аюулгүй байдлын конвенцод нэгдэж орсон байдаг юм байна. Малын махыг экспортолъё гэвэл Дэлхийн худалдааны байгууллагын энэ гурван конценцийг бүрэн хэрэгжүүлэх ёстой ажээ. Монгол малын махыг гадагш экспортлоход эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тиймээс дулааны аргаар боловсруулж экспортолж байна. Дулааны аргаар боловсруулсан мах дэлхийн зах зээл дээр хамгийн хямд байна. Гэтэл бид хамгийн хямдаар махаа экспортолчихоод сэтгэл ханаж сууж болохгүй. Бид махыг шинээр нь бүх төрлөөр гадагш экспортолмоор байна. Ингэж байж үнэд хүрнэ. Гадаадад очоод мах идэхээр ийм үнэтэй байна гээд бүгд ярьдаг. Тэндэх малын мах эрүүл байгаа учраас үнэтэй байна. Эрүүл махны стандартыг нь тухайн улсууд нь хангаж чадаад байна.

Тиймээс бид дээрх гурван конвенцыг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Дэлхийн Ургамал хамгааллын олон улсын байгууллага нь ургамлын гаралтай өвчин, хортон шавжийн тархалтыг хянадаг, урьдчилан сэргийлдэг байгууллага. Монгол мал эрүүл өвс тэжээл идсэн үү, үгүй юү гэдгийг баталгаажуулдаг агентлаг, бүтэц Монголд алга. Хуулиндаа өөрчлөлт оруулж бий болгох ёстой юм байна. Хоёрдугаарт, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага тухайн улс, бүс, аж ахуйн нэгжид байгаа малыг өвчингүй гэдгийг тодорхойлдог стандарт шаарддаг. Монгол мал өвчингүй гэж тодорхойлуулахын тулд бид улсаараа эрүүл байх гэж үзлээ. Болсонгүй. Дараа нь бүсээрээ эрүүл байх гэж үзлээ. Бас л болсонгүй. Вакцины хэрүүл болоод дууслаа.

Гарц нь юу вэ гэхээр эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүд бий болгох. Тэр нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд байдаггүй байсан. Үүнийг өнгөрөгч намрын чуулганаар хэлэлцэж оруулахаар боллоо. Ингэж эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангасан аж ахуйн нэгж үүсэх эрх зүйн орчныг бий болгоод, олон улсад гаргаж болох стандартын зөвшөөрөл авч, экспортолж болдог болохоор болно. Малын идсэн өвс тэжээл нь аюулгүй, өсгөсөн аж ахуй нь эрүүл, гаргасан махны үйлдвэр нь эрүүл гэж төр нь баталж бас олон улсын стандартыг хэрэгжүүлж байж хилээр гарах эрхтэй болно. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Гуравдугаарт, Хүнсний аюулгүй байдлын конвенц нь хүнсэнд агуулагдах химийн бодисын стандарт хэмжээг тогтоодог, хянадаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Монгол малын маханд шинжилгээ хийгээд баталгаажуулдаг лаборатори байх ёстой. Тэрнийх нь үр дүнг дэлхийд хүлээн зөвшөөрүүлдэг байх ёстой юм байна. Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манайд байдаггүй юм байна. Ийм лаборатори байхгүйгээс Монголын лабораторийн судалж гаргасан үр дүнг зөвшөөрдөггүй. Лабораторийн итгэмжлэлгүй махыг биднээс хэн авах вэ дээ.

Дээрх стандартуудыг бүрэн хангачихвал Монголд том хэмжээний мах комбинатууд бий болох ёстой болно. Одоогийн байдлаар Монголд байгаа махны үйлдвэрүүд жилийн дөрвөн сард л ажилладаг юм байна. Тасралтгүй явуулах гарц нь эрх зүйн орчин бий болж байж томоохон аж ахуйн нэгжүүд малчидтайгаа хамтарч ажиллаж байж бий болох юм байна. Үүний үр дүнд малчид малаа чанаржуулж эхлэх юм билээ. Тэр махны аж ахуйн нэгжүүд нь малчдаа сургах, сүргийн бүтцээ сайжруулах, инноваци хийхэд нь туслаад явдаг тогтолцоо бүрдэх юм байна. 50 үхэртэй айл байя гэхэд одоо бол тал нь эр, тал нь эм үхэртэй малчин байна. Уг нь эдийн засгийн ашигтай байхын тулд дийлэнх нь эм үхэр байх ёстой. Тэр сүргийн эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудлыг аж ахуйн нэгж, малчин хоёр хамтарч анхаарах ёстой болж байгаа юм. Ингэж байж махаа үнэтэйгээр борлуулж малчид хөрөнгөжиж эхэлнэ. Хөдөлмөр нь үнэтэй болно. Мөнгөтэй малчин байгалийн бэрхшээлд өөр менежмэнт хэрэглэж эхэлнэ.

-Нөгөө талаас бэлчээрийн асуудлыг зохицуулах бодлого хэрэгтэй байна л даа?

-Тийм. Бэлчээрийн даац хэтэрчихлээ. Малын тооны хойноос хөөцөлдөхөөр малын үр шим муу байна. Давжаа, жижиг, эрүүл биш бага үнэтэй тэгээд байгаль сүйтгээд байна. Тиймээс эдийн засгийн хөшүүрэг хийх бодлого гаргах ёстой болж байна. Бэлчээр хамгаалал, менежмэнтийн тухай хууль батлах хэрэгтэй юм байна. Энэ хуулиар малчдыг эрчимжсэн мал аж ахуй руу шилжсэн малчдыг урамшуулдаг тогтолцоог оруулаад явах ёстой юм. Өөрөөр хэлбэл, махны үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах эдийн засгийн сонирхолтой болгох ёстой. Үйлдвэрт аваачаад өгчих нь гэрийнхээ гадаа гаргаснаас илүү ашигтай байх зохицуулалтыг хийх ёстой. Тэгвэл арьс шир, дайвар бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь нэг дор цуглуулж авах боломжтой болж түүгээр дагнасан үйлдвэр, бизнес хийхэд ашигтай болно. Эрүүл аюулгүй өсгөөд, гаргасан мах гэсэн лабораторийн тодорхойлолт нь ч гарах боломжтой болно. Баталгаажуулна. Ингээд экспортолно. Үнэ нь өснө. Эргээд малчдын орлого өснө. Одоо бол гэр гэрийнхээ гадаа бой гаргаад тэрийг нь гаднаас хэн ч авахгүй. Дотооддоо л хэрэглэж байгаа юм. Яг үнэндээ бид гарал үүслийг нь мэдэхгүй мах идэж байгаа шүү дээ. Тиймээс зудаас авч байгаа сургамж нь бодлогын өөрчлөлт байх ёстой.

-Дэлхийн худалдааны байгууллагын гурван конвенцыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн ямар орчныг бий болгох хэрэгтэй байгаа вэ?

-Ургамал хамгааллын хууль, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Бэлчээр хамгаалал, менежмэнтийн тухай хуулиудаа сайжруулах, хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Татварын бодлогоор дэмжих Татварын тухай хуульд ч нэмэлт орох ёстой юм билээ. Мах боловсруулах үйлдвэрүүд бүтэн циклиэрээ бий болж байж энэ салбар дээшлэх юм билээ. Тэр салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид эхний хэдэн жил жишээ нь хөнгөлөлт үзүүлдэг, жилийн дөрвөн улиралд ажилладаг байх зохицуулалт руу орох ёстой. Малчдад сүүний урамшуулал өгдөг шиг махны урамшуулал өгдөг болох хэрэгтэй юм билээ. Улс тэр урамшуулалд өгч буй мөнгөө буцаагаад өндөр үнэтэй экспортолсон махнаас авах тарвараараа нөхөөд явчихна. Мах комбинатууд нь энэ бизнесийн суурь нь байдаг юм билээ. Бүс бүрт нэг байж болох байх. Малчид амьдаар нь аваачиж өгөх сонирхолтой болгох хэрэгтэй. Тэрийг эдийн засгийн таталцлаар бий болгох хэрэгтэй. Тэгж байж эрүүл, аюулгүй мах, түүхий эдийг бий болгоно. Үнэтэй зарна.

-Малын гаралтай бүтээгдэхүүнийг үнэд хүргэх ёстой талаар та ярилаа. Үүнд Дарханы арьс ширний цогцолбор чухал үүрэгтэй шүү дээ…

-Тийм. Арьс ширний үйлдвэрүүдээ яаралтай барьж дуусгах ёстой болчихоод байна. Дархан арьс ширний цогцолборын асуудлаар надад ажлын хэсэг байгуулаад өгчих гэж БОХХАА-н байнгын хорооны хурал дээр хэлсэн. Би Дарханы замын араас явсан шиг яваад хийе гэж ам гарсан. Дарханы арьс ширний үйлдвэр үнэхээр гацчихсан байгаа. Эхлээд хувийн хэвшил авлаа. Дараа нь төр авлаа. Хувийн хэвшлээс төр нь авъя гэхээр газрыг нь үнэд хүргэж зараад өгнө гээд тас гүрийчихлээ. Үүний дэд бүтцийг хийхээр 2024 оны улсын төсөвт багагүй мөнгө тусгасан байгаа. Малаас гардаг түүхий эд ноос, өлөн гэдсийг боловсруулж экспортолдог томоохон газар манайд алга. Өлөн гэдэс бол европт маш үнэтэй бүтээгдэхүүн байхгүй шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 11, Сумъяа гариг. Билгийн тооллын 1, Могойг хүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 07:13 цагт мандаж 18:51 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.