Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш буюу гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэрэг 29 хувиар буурчээ DNN.mn

Улсын хэмжээнд хоёрдугаар сард 237,615 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 72 хувь нь нийслэлд, 27.9 хувь нь орон нутагт гарсан байна.

Нэгдүгээр сартай харьцуулахад зөрчлийн хэрэг 4.4 хувиар буурчээ.

Хоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргүүдийн гаралт буурсан байна. Тодруулбал:

  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн зөрчил 60.5 хувь
  • Хулгайлах зөрчил 29.2 хувь
  • Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 18 хувь
  • Гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон зөрчил 12.2 хувь
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 15.7 хувь
  • Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж танхайрсан зөрчил 12.3 хувь
  • Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 9.2 хувиар тус тус буурчээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Баярзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр дараах байршилд цахилгааны хязгаарлалт хийх хуваарьтай байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ DNN.mn

2024 оны 2 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.8 хувиар өссөн байна.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг харин  хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.78 сая төгрөг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар:

-“Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

-Монгол Улсын Ерөнхий сайд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажилласан талаар,

-Шинэ төмөр замын төслүүдийн явцын талаар танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

С.Зулпхар: Ажил олгогчийг дэмжих зохицуулалт нийгмийн даатгалын шинэ хуульд туссан DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С.Зулпхартай ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шинэчлэлийн багц хуульэнэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуульд ямар, ямар өөрчлөлт оров?

УИХ-аас 1994 онд Нийгмийн даатгалын багц хуулийг баталснаар Монгол Улс 1995 оноос шимтгэлтэй нийгмийн даатгалын тогтолцоонд шилжсэн түүхтэй. Энэ тогтолцоо нь иргэдийг өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, эрүүл мэндээрээ хохирох, ажилгүй болох, тэжээгчээ алдах зэрэг санхүүгийн баталгаа нь алдагдсан үед  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгож ирсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулинд 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орж байв. Харин өмнөх оны долдугаар сард баталсан Нийгмийн даатгалын багц хуулинд олон зохицуулалтыг шинээр тусгасан. Тухайлбал, тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хийсвэр бичилтийг мөнгөжүүлэх, тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх,олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх, тэтгэврийг өвлүүлэхийг хуульчилсан. Мөн багц хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй санхүүгийн хэрэгсэлд оруулах, хуулиудын уялдааг хангах, ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт оруулж иргэд, даатгуулагчид чирэгдэлгүй үйлчлэх, ажил олгогчдод олгох хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны зардлын хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын засаглалыг оновчтой болгох юм.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт оров уу?

Энэ талаар хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй, шимтгэлийн хувь нэмэгдээгүй. Харин ажил олгогчийн даатгалын төрөл бүрт шимтгэл төлөх хувь хэмжээг хооронд нь гүйлгэсэн. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 0.8-2.8 хувиар ялгаатай ажил олгогчоос төлдөг байсан. Энэ хувь хэмжээнээс 0.3 пунктийг ажил олгогчийн төлөх ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээн дээр нэмж 0.5 хувь болсон. Өмнө нь ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоодог байсан бол хуулийн шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааралтайгаар 0.5-2.5 хувиар тогтоодог болсон.

-Ингэхэд ажил олгогчийг дэмжих ямар зохицуулалт шинээр туссан юм бол?

Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор ажил олгогчид хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Энэ нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 10 хүртэл хувиар үзүүлдэг байсан. Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд дээрх хоёр хөнгөлөлтийг хэвээр мөрдөнө. Үүний зэрэгцээхөнгөлөлт үзүүлэх хувь хэмжээг 15 хувь болгон өсгөсөн. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийг 12 сар хүртэлх хугацаагаарүзүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн дээр хэлсэнчлэн ажил олгогч үйл ажиллагааны чиглэлээсээ хамаарч 0.5-2.5 хувиар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг төлдөг байсан бол энэ оноос эхлэн ажлын байрны нөхцөлөөс нь хамаарч 0.5-2.5 хувиар шимтгэл төлөхөөр зохицуулсан. Ингэснээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ багасгах юм.

-Та сая олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлнэ гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?

Даатгуулагчийг улсын нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдаж, тэтгэвэр авахаас гадна хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд давхар даатгуулж хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авдаг байх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулах хуулийн төсөл юм. Энэ хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

Энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар 2023 оны намрын чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор тус тус хэлэлцэж дэмжсэн. Манай яамны зүгээс энэ оны хаврын чуулганаар хэлэлцүүлэх саналаа хүргүүлээд байна.

-Тэтгэврийн бодолт тогтоолт дээр иргэд шударга бус байна гэж их шүүмжилдэг. Ер нь тэтгэврийг яаж бодвол шударга байх вэ?

Манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо нь хуваарилалтын зарчмаар буюу одоогийн даатгуулагчийн төлсөн шимтгэлээр тэтгэвэр олгодог. Тэтгэвэр бодолтын хувьд одоо цалинд суурилсан аргаар, шимтгэлд суурилсан аргаар гэсэн хоёр сонголттой болсон. Цалинд суурилсан арга нь бол та бидний сайн мэдэх дараалсан таван жилийн цалингаа сонгож тэтгэврээ бодуулах. Хуулийн шинэчлэлийн хүрээнд 1960 оноос өмнө төрсөн даатгуулагч энэ аргаар, 1960-1979 оны хооронд төрсөн даатгуулагч дээрх хоёр аргаас сонгох боломжтой. Харин 1979 оноос хойш төрсөн даатгуулагч зөвхөн шимтгэлд суурилсан аргаар тэтгэвэр бодуулахаар зохицуулсан. Шимтгэлд суурилсан арга нь ямар учиртай вэ гэвэл даатгуулагч хэр их хэмжээний шимтгэл төлсөн байна түүнтэй уялдаатай тэтгэвэр авна гэсэн үг. Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох үеийн нэрийн дансны үлдэгдлийг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэврийг бодно гэж ойлгоно. Энэ нь өөрөө тэтгэврийг бодитой, шударга тогтоох зарчим гэж бодож байна.

-Монголчууд насаараа НДШ төлж, төлчихөөд тэтгэвэрт гараад удалгүй нас бардаг. Тэтгэврийг өвлүүлэх асуудал багц хуульд багтсан уу?

Гадуур иргэдийн дунд зөрүүтэй ойлголт яваад байх шиг байна. Тэтгэвэр өвлүүлэх асуудлыг өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт буюу 20 хувьтай андуурч асууж лавлаж байна. Энэ 20 хувийн нэмэгдэл олгох харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар зохицуулж байгаа. Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан хүн нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг авч байсан тэтгэврийнх нь 20 хувиар нэмэгдүүлэн олгох юм. Мөн өвлөлтийн нэг элемент бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр юм. 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 20.5 мянган тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид 119.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгоод байна.

-Нийгмийн даатгалыг иргэд зөвхөн тэтгэвэр л гэж хардаг. Нийгмийн даатгалаас хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ?

Нийгмийн даатгал бол зөвхөн тэтгэвэр биш л дээ. Нийгмийн даатгал нь дөрвөн төрлийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгодог. Тэтгэвэр гэх агуулгын доор тэтгэврийн даатгалын сангаас гурав, цэргийн төрлөөр гурав, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэврийг тогтоож олгож байна. Тэтгэмжийн хувьд тэтгэмжийн даатгалын сангаас гурав, ажилгүйдлийн даатгалын сангаас нэг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хоёр төрлийн тэтгэмж олгодог байх жишээтэй. Мөн төлбөр, зардал, ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийг үзүүлдэг. Мэдээж дээрх үйлчилгээг авахын тулд холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл болзолыг хангасан байх шаардлагатай шүү дээ. Өнгөрсөн оны байдлаар гэхэд 205.6 мянган даатгуулагчид нийтдээ 182.2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна.

-Өнгөрсөн онд тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний дараа иргэдийн дунд итгэлцүүр гэх яриа их гарсан. Ямар аргачлалаар боддог юм бэ?

Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох жилүүдийн цалинг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан өнөөгийн үнэ цэнд ойртуулах коэффициентийг итгэлцүүр гэж хэлээд байгаа. Итгэлцүүрийг 1997 оноос хойш зургаан удаа баталсан. Хамгийн сүүлд буюу одоогийн мөрдөж байгаа итгэлцүүрийг есөн жилийн өмнө буюу 2014 онд 2011 оныг “1” гэсэн, 1990 оны хувьд “715” суурьтайгаар баталж байсан. Харин 2023 онд шинэчлэн тооцсон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан 2022 он суурьтай тооцож гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулинд итгэлцүүрийг жил бүр Засгийн газар шинэчлэн баталж байхаар, тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлж байх зохицуулалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хуульд тус тус тусгасан. Тэгэхээр цаашид тэтгэвэр бодох итгэлцүүрийг жил бүр шинэчилж, зөвхөн тухайн жилд шинээр тэтгэвэр тогтоолгосон хүнд ашиглана.

-Нэрийн дансан дахь хуримтлалыг шимтгэл төлөгч хэзээнээс ашиглаж болох юм бэ?

Нэрийн дансны харилцааг зохицуулсан хууль анх 1999 онд батлагдаж, 2000 оноос эхлэн 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад нэрийн данс нээж байсан. Одоогийн байдлаар нэрийн дансанд бүртгэлтэй 1.5 сая даатгуулагч байна. Мөн түрүүн хэлсэнчлэн 1960-1979 оны хооронд төрсөн даатгуулагч тэтгэвэр тогтоох аргаас сонгоно. 1979 оноос хойш төрсөн даатгуулагч шимтгэлд суурилсан аргаар тэтгэвэр тогтоолгох юм. Тэгэхээр тэтгэвэрт олгох санхүүжилт нь тухайн даатгуулагчийн нэрийн данс дахь орлогоос санхүүжүүлэх юм. Шинэ хуулиар нэрийн дансны орлогыг 2030 оноос эхлэн мөнгөжүүлэхээр тусгасан.

-Ер нь олон улсадтэтгэврийн даатгалын тогтолцоонд ямар шинэчлэлийг чухалчилж байна вэ?

Улс орон бүр л өөрийн орны онцлогт нийцсэн нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлдэг. Дэлхийн ихэнх улс орнууд нэгдүгээрт параметрийн шинэчлэл хийж байна. Энэ нь нас, тэтгэвэр бодох аргачлал, шимтгэл төлөх доод хэмжээ, хугацааг өөрчилж байгаа гэсэн үг юм. Мөн тогтолцооны өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл, нэг давхаргат тогтолцооноос олон давхаргат тогтолцоонд, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих зохицуулалт юм.

Дэлхий нийтийн чиг хандлага тухайн хүн хэр хэмжээний шимтгэл төлнө түүнтэй уялдаатай тэтгэвэр авах чиглэл рүү тогтолцоогоо өөрчилж байна. Манай улс ч ялгаагүй хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхний алхмыг хийсэн.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм. Өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн Төрийн албаны ерөнхий шалтгалт өгснөөс 5200 нь тэнцжээ.

2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт гуравдугаар сарын 13-15-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Анхзаяа: Намуудын дотоод ардчилалд асуудал их байна DNN.mn

Жендер активист, улс төр судлалын магистрант Б.Анхзаяатай сонгууль тойрсон асуудлаар ярилцлаа.


-Монголчууд бид төлөөллийн ардчиллыг сонгосноос хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Ер нь бид төлөөллийг хангаж ирсэн үү гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье?

-Төлөөллийн байгууллага нь мөн чанараараа ажиллаж ирсэн эсэхийг тухайн институтэд итгэх олон нийтийн итгэлээс харж болно. 2023 онд хийгдсэн “Монголд төлөөллийн ардчиллын институтүүд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?” гэх судалгаа байдаг. Тэнд УИХ-д итгэдэггүй гэж хариулсан нь 2010 онд 44 хувь байсан бол 2023 онд 66 хувь болж өссөн байдаг. Харин улс төрийн намуудад итгэдэггүй гэсэн үзүүлэлт 2010 онд 58 хувь байсан нь 2023 онд 71 хувь болж нэмэгдсэн байгаа юм. Энэ үзүүлэлт манай төлөөллийн ардчиллын хөгжилд бодит бэрхшээл тулгарсныг тод харуулж байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд олон түмнийхээ санаа бодлыг тусгахгүй, оролцоог нь хангахгүйгээр өнөөдрийг хүрсний хор уршиг гэж болно.

Эндээс бид алдаа оноогоо дүгнэж, цаашид арай өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй гэдгээ ойлгох хэрэгтэй болов уу. Парламент бага ард түмэн гэж бид хэлдэг. Нийгмийн бүлгийн төлөөллийг хангах бүх арга замыг намууд эрэлхийлэх нь магадгүй энэ гацаанаас гарах том боломж ч байж магадгүй юм. Залуучууд, эмэгтэйчүүд, мэргэжилтнүүд, нийгмийн цөөнх гээд бүхий л бүлгийн төлөөлөл парламент болон бусад төлөөллийн байгууллагад сууж байх учиртай.

Ард түмний амьдралаас хол тасарсан парламентыг бидэнтэй “ойртуулах” ганц боломж л энэ гэж харж байна.

-Өнгөрсөн жилийн хуулийн томоохон өөрчлөлтүүд нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхээр хийсэн өөрчлөлтүүд гэж ойлгож байсан. Гэхдээ бүсчилсэн тойргийн тогтолцоо нь энэ бүгдээ үгүйсгэж байгаа юм биш үү?

-Иргэн хүний хувиар өнгөрсөн хавар хийгдсэн органик хуулийн өөрчлөлтүүдэд ихээхэн найдлага тавьж байлаа. Гэтэл нэг өөрчлөлтөө нөгөө гараараа үгүйсгэсэн сонгуулийн тойргийг зурчихсан. Сонгуулийн зардлыг багасгаж, шинэ улстөрчдөд боломж олгоно, нэг саналын үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж ярьж байсан ч бүх зүйл эсрэгээрээ байх нь хэнд ч ойлгомжтой байна. Мөнгөтэй, танигдсан, хуучин улстөрчдөдөө ээлтэй сонгууль болно. Тэгэхээр нөгөө төлөөлөх чадвар гэдэг зүйл чинь мянга ная дахь асуудал болж хувирсан. Аль нэг хүйсийн төлөөллийг хангах квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн ч одоогийн 17 хувь нь 126 гишүүний 20 орчим хувь болж л нэмэгдэхээр дүр зураг харагдаж байна. Тоо нь нэмэгдсэн ч чанарт өөрчлөлт орох эсэх нь бас л эргэлзээ төрүүлж байна.

-Хүйсийн квотыг 30 хувь болгосон, жагсаалтын тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байхаар байгаа шүү дээ. Гэтэл үзүүлэлт хуучнаасаа өөрчлөгдөхгүй гэхээр?

-Жагсаалтыг тавь, тавин хувиар эрэгтэй, эмэгтэйчүүд гэж оруулах болсон нь дэвшил үү гэвэл мөн. Жагсаалтын 48 хүний 24 нь эмэгтэйчүүд байх нь, олон хүн гарах нь гэж байгаа. Гэхдээ тойрогт ердөө 14 эмэгтэйг явуулах талаар намууд сонгуулийн зураглалаа гаргаж байна. Эргээд үр дүнг нь харвал өнөөдрийн 17 хувиасаа айхтар өсөхгүй дүр зураг харагдаж байгаа юм. Тэгэхээр заавал жагсаалтад 24, тойрогт 14 гэж 30 хувийн квотыг тааз гэж үзэлгүй харин босго буюу доод тал нь гэж үзэх хэрэгтэй. Одоогоос жилийн өмнө улс төрийн намуудын удирдлагууд нэгдэж байгаад тэгш оролцоог 40 хувьд хүргэнэ гээд өөрсдөө амласнаа санаж л байгаа байх. Үүнийг нь олон нийт мартаагүй ажиглаж байгаа шүү.

-Намуудын удирдлагууд амласан 40 хувьдаа хүрэхгүй байх магадлалтай юу?

-Магадгүй өмнө нь амлаад биелүүлэхгүй орхидог байсан байж болно. Гэхдээ одоо сонгогчид хэрсүү болсон. Жилийн өмнөхийг байтугай л санаж, нэхэх болов уу. Харин ч намуудад зөв улс төр хийх орон зай нь байна. Намын сайн дурын квотыг санаачлаад хэрэгжүүлээд түүгээрээ ялгарч зөв улс төр хийх орон зай байна, хүлээлт ч байна. Одоогийн УИХ-д суудалтай намуудын хувьд эмэгтэйчүүдийн нуруун дээр тогтож байдаг мөртөө тэдний улс төрийн оролцоог бодитоор хангаж чадахгүй байгаа нь намын дотоод ардчилалд асуудал байгааг илтгэж байна. Ер нь хамгийн том асуудал, завхрал намуудын дотоод ардчилалд байна. Намын жагсаалтыг хүйсээр сөөлжүүлэх болсноос гадна тойрогт нэр дэвшигчдийг хүйсээр сөөлжүүлэх санаачилга ч гаргаж болно. Ингэж чадвал улс төрийн намууд улс төрийн тавцнаа тогтвортойгоор оршиж, олон нийтийн итгэх итгэл сэргэж, хүлээн зөвшөөрөгдөхөд дөхөм болно гэж сонгогч хүний хувьд харж байна. Хүлээлттэй ч байна, анхааралтай ч ажиглаж байна.

Ер нь амлалтаа биелүүлэхгүй намд дахин итгэл хүлээлгэх цаг хугацаа ч бидэнд алга шүү дээ.

-Хуулийн шинэчлэл нь тойрог зурахдаа үгүйсгэгдсэн гэж байгаа бол ямар шийдэл байна гэж та харж байна вэ?

-Одоо ерөөсөө ганц л боломж байна. Улс төрийн намууд сонгуульд хэрхэн оролцохыг харж сонголтоо хийх л үлдлээ. Нийгмийн хамгийн таагүй институци болтлоо унасан нэр хүндээ аварч, ялгарах, улс төрийн зөв соёлыг бий болгох боломж намуудад байна. Дээр дурдсан судалгаанд яагаад улс төрийн институци, намд итгэдэггүй вэ гэхэд амлалтаа биелүүлдэггүй учраас гэж олон нийт хариулсан байгаа юм. Бид одоог хүртэл мөрийн хөтөлбөрийг хаа хаанаа үл ойшоож, амлалтыг биелүүлдэггүй, амныхаа зоргоор бурдаг улс төрийн соёлд дассан байна. Гэтэл одоо нийгэм өөрчлөгдөж, технологийн үр шимээр бүх улстөрчдийн ул мөр, намын амлалтууд тодоос тод бичигдэн үлдэж байна шүү дээ. Сонгогчид өөр болсныг олон судалгааны үр дүн харуулж байна.

Харин намууд нь өөрчлөгдөхгүй, хуучин соёлоороо сонгуульд оролцох нь өөрсдөд нь ч халгаатай. Одоо жижиг эрх ашгаа хөөлгүй улс орны хөгжлийг чирэх, ухамсарлах үүрэг улс төрийн намуудын нуруун дээр байна шүү дээ.

-Намуудын жагсаалтад багтахын тулд их хэмжээний мөнгө яригдаж байна. Мөнгөнөөс ангид байх боломж үнэхээр байхгүй гэж үү?

-Сонгуулийг мөнгөнөөс ангид байлгах боломж бол мэдээж байгаа. Гэхдээ энэ нь олон талын хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална. Улс төрийн намын тухай шинэ хуулиар энэ зохицуулалтыг нэлээд хийсэн ч хэрэгжүүлэх субьект нь нөгөө л улс төрийн нам шүү дээ. Өөдрөг төсөөллөөр харж баталсан хуулиа алт болгох уу, гууль болгох уу гэх хүч нь ч намуудад байна. Бүсчилсэн тойргийн сургаар намын жагсаалтын үнийн тухай яриа ч газар авсан. Бидний зориод байгаа бодлогын нам болох мөрөөдөл салхинд хийсчихэж байгаа хэрэг үү? Нэг хувь хүнээс гарахад хэтэрхий их мөнгийг гаргаж сонгогдох гэж зүтгэх нь ямар зорилго байгаа нь ойлгомжтой шүү дээ. СЕХ-ноос нэг тойрогт нэг нэр дэвшигчийн зарцуулах мөнгөн дүнг батлахдаа 800 саяас 1.5 тэрбум гээд нэмэгдүүлээд баталчихлаа. Энэ бол наанаа үзүүлдэг үнийн дүн бодит байдал дээр хэд нугалардаг гэдэг.

Мөнгөний босго өндөрсөх тусам эрх мэдэл багатай, төлөөлөл нь хангагдаагүй бүлгийн улс төрийн оролцоо улам бүр хумигддаг. Шинэ залуу улстөрчид хаанаасаа тэр их мөнгө байх вэ. Эдийн засгийн эрх мэдэл доогуур эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнх гээд энэ нийгмийн бүрдүүлэгч бүлгүүдийг улс төрийн намуудад бодлогоор дэмжиж төлөөллийг нь хангах боломж байна. Энэ нь улс төрийн намын нийгэмд хүлээдэг үндсэн үүргүүдийн нэг нь шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм

Ж.Отгонболд: Амны хөндийн өвчлөлийн 75 хувь нь иргэн танаас хамаарна DNN.mn

– Монголчууд, үрс минь эрүүл байгаасай –


Анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Отгонболдтой ярилцлаа. Тэрбээр Өмнөд Солонгосын “Yonsei” их сургуулийн резидент эмч нарын төгсөгчдийн холбооны гишүүн цөөхөн шүдний эмнэлгүүдийн нэг болох “Монсей” эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байна.


-Танай  эмнэлгийн үүдээр ороход ханан дээр нь “Yonsei” их сургуулийн резидент эмч нарын төг­сөгчдийн холбооны гишүүнч­лэл нүдэнд тусч байсан. Азидаа тэргүүлэх, дэлхийд 76 дугаар байрт эрэмбэлэгдэх энэ том сур­гуульд суралцаж, докторын зэрэг хамгаалж, мөн резидент эмчээр ажиллаж байсан туршлагын талаар яриагаа эхлэх үү?

-Би АУИС-ийг 1999 онд шүдний эмч мэргэжлээр төгссөн. 2008 онд Солонгос улсын “Yonsei” их сургуульд элсэж, 2008-2013 онд анагаах ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан. 2010-2013 онд “Yonsei” их сургуулийн Шүдний эмнэлгийн нүүр амны согог заслын тасагт резидент эмчээр ажиллаж байсан. Нэр хүндтэй, өндөр шалгууртай уг босгыг алхаж, гал тогоонд нь буцална гэдэг хүнд асар их эмнэлзүйн туршлага, мэдлэг өгөх нь гарцаагүй. Тэр болгоныг шүүрдэн авч, оюун бодолдоо шингээж,  эргээд ажил үйлсдээ нэвтрүүлэхийн төлөө зорьж ирлээ.

Миний хувьд 2013-2020 онд АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуульд анх багшаар орж, эмнэлгийн  дарга, сургуулийн захирлаар дэвшин  ажилласан.  2020-2022 он хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой эмч хүн байна.

-Монголчуудын хувьд амьдралын буруу дадал хэвшил, тааламжгүй орчин нөхцөл, амьдралын хэв маяг нь өвчлөлийн нэг шалтгаан болж байна. Тий­мээс нийгмийн эрүүл мэндийн асуудалд оновчтой бод­лого хэрэгжүүлэх нь ихээхэн чухал юм болов уу гэж харагддаг? 

-Монгол хүний зонхилон тохиолдох өвчлөлүүд тодорхой. Монгол хүн хэдэн насандаа ямар өвчнөөр өвчлөх “зураглал” тодорхой шахуу харагддаг. Би мэргэжилтэйгээ холбож зарим баримт хэлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээл­лээр амны хөндийн өвчлөлийн 75 хувь нь иргэн танаас хамаарна. Үлдсэн 25 хувь нь эрүүл мэндийн байгууллагаас хамааралтай. Энэ 75 хувь гэдэг хүнд аливаа өвчлөлөөс сэргийлэх хангалттай боломж байгааг илтгэнэ. Мэдээж өвчлөл хоёр янз. Удамшлын болон олдмол гэж хуваана. Удамшлын гаралтай, тухайлбал эцэг, эх нь зүрх судасны өвчлөлөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол үр хүүхэд нь уг өвчлөлөөс сэргийлэхэд илүүтэй анхаараад явж болно. Олдмол гэдэг нь дам нөлөө буюу таны хэлсэнчлэн хотжилтоос үүдэлтэй бэрхшээл, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой. Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг мэдээлэлтэй байж, хувь хүн өөрөө өөртөө, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьж явахаас өөр аргагүй.

Өнөөдөр хамгийн чухал зүйл бол нөхөн үржихүйн эрүүл мэндээс эхэлж яригдах ёстой. Жирэмсэн болж, хэвлийдээ хүн бүтээж төрөх үе хүртэлх хугацаа нь ургийн өөрийнх нь мэдэх зүйл биш, аав ээжийн амьдарч байгаа орчин, ууж буй ундны ус, хүнс тэжээл, сэтгэлзүй, үйл хөдлөлөөс хамаарч бүрэлддэг. Тухайлбал, жирэмсний хордлого гэж бэрхшээлтэй зүйл тохиолддог. Шүд цоорох үндсэн хоёр шалтгаан бий. Үүний нэг нь цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэгээс болоод сүүн шүд бүтцийн алдагдалд ордог. Манай хүүхдийн цахиур цухуйж гарч ирэхдээ л цоорсон байсан гэж ярьдаг шүү дээ. Би чихэр идээгүй гэдэг. Тэгвэл ургийн үед ээж нь маш их жирэмсний хордлоготой байснаас болж ийм нөхцөл байдал үүсэх нэг хүчин зүйл болдог.Тэгэхээр жирэмсний хордлого ихтэй яваад байж болохгүй байх нь.

Нөгөөх нь цоорлын гарал­тай. Судалгаагаар хоёр сартай хүүхдийн амны хөндийгөөс бидний ярьдгаар шүдний цоорлыг үүсгэж буй хорхой илэрч байсан. Монголд хүүх­дээ амаараа хооллох тохиолдол байсаар байна. Бор хоолонд оруулахдаа хал­бага­тай хоолыг нь амаараа үлээж хөргөдөг. Энэ чинь халдварт өвчин. Халдвар тарааж байна.

Миний хэлэх гээд байгаа санаа бол хүүхдийг ураг байх цагаас нь эхлээд эрүүл өсгөн бойжуулахад эцэг, эх болгон мэдлэгтэй, хариуцлагатай байж, зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Наад зах нь гэхэд шүдний сойзуудаа нэг саванд хийдэг. Хэдийгээр сойзны үс шүргэлцэхгүй байгаа ч гэсэн халдвар дамжих боломжтой. Ахуйн соёл гэдэг маш чухал зүйл.

Монгол Улс хүссэн хүсээгүй хотжиж байна. Улаанбаатарт агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл зэргээс үүдэлтэй бэрхшээл их бий. Шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ бүхэнд буруу өгөөд суухаас илүү та өөрөөсөө эхлэх ёстой, эрүүл мэндээ хамгаалах дадал хэвшлийг уйгагүй мөрдөх хэрэгтэй. Эрүүл байх эрхэм баян шүү дээ.

-Хувь хүн зөв дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалах гол хөшүүрэг юм байна. Тэгвэл төрөөс нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ. Тухайлбал, шүдний өвчлөлийг бууруулахад чиглэсэн ямар оновчтой бодлогыг хийх ёстой вэ?  

-Монгол Улс жил бүр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд өвөрмөц дархлаажуулалт гэж ханиад томууны дэгдэлтийн үед 250 орчим мянган хүн тун вакцин авчирч бага насны хүүхдэд хийдэг. Үүнтэй адил нэгдүгээр ангийн бүх хүүхдийн байнгын нэгдүгээр их араа шүд шүдлэхэд нь ховилыг нь битүүлээд өгчих. Төр, хувийн эмнэлэг хамаагүй хаана ч үзүүлсэн зургаан настнуудын байнгын нэгдүгээр их араа шүдийг эрүүл мэндийн даатгалаар нэг удаа ховилыг битүүлж, ясан шүдийг нь төр засгаас хамгаалах боломжтой.

-Гэхдээ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр ихээхэн шүүмжлэлийг дагуулсан. Төсвийн мөнгө уйлах биш гэсэн шиг нийгмийг хавтгайруулж энэ мэт арга хэмжээг авах нь хэр оновчтой юм бол?

-Би энэ салбарын хүний хувьд, хилийн чанадад мэдлэг туршлага хуримтлуулсан, олон судалгааны баримт материалтай танилцаж, оролцож явдаг эмч, судлаач хүний хувьд дээрх алхмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Дөнгөж шүдлэх ясан шүд буюу байнгын нэгдүгээр их араа шүд цоорохгүй бол бусад шүд нь цоорохгүй байх боломж маш өндөр байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдээс гаргасан Монгол Улсын түвшинд хийгд­сэн судалгаанууд бий.

Таны хэлсэн шүүмжлэлтэй холбогдуулж, зарим зүйлийг тайлбарлая. 2000 оноос нүүр ам судлалын үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн. Нийт гурван хөтөлбөр хэрэгжсэн. Би 2018 оноос хэрэгжсэн “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт орж ажилласан. Тухайн үед АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Бид саналаа хэлсэн. Гэвч хөтөлбөрт шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтэй байгаагүй. Бидний санал тусгалаа олоогүй. Тухайн үед хэт өргөн хүрээнд хамруулж байгаа нь алдаа байсан. 2-12 насны бүх хүүхэд гээд өргөн хүрээтэй заачихсан. Миний санаж байгаагаар 725 мянган хүүхдийн шүдийг эрүүлжүүлнэ гэж төлөвлөгөө гаргаад нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн төсөв тавьсан байсан. Хоёр настай хүүхдэд эмчилгээний төлбөр нь илүү гараад байхад 12 настай хүүхдэд хүрэхгүй байх жишээтэй. Нэг удаагийн арга хэмжээ болоод дууссан. Гэтэл өнөөдөр шүдний өвчлөл нэмэгдсэн байдалтай байна.

Харин миний ярьж буй зүйл өөр. Зургаан настнууд гэхээр 60-70 мянган хүүхдийн асуудал л байгаа. Хүрээллийг нь ингэж багасгаж, нэгдүгээр ангид ороход нь байнгын нэгдүгээр их араа шүдний ховилыг нь битүүлээд өгчих­вөл оновчтой бодлого болно. Нэг хүүхдэд 15 мянга орчим төгрөгийн зардал гарна. Хэрэв ингэж чадвал шүдний өвчлөл 20 орчим хувиар буурах тооцоо бий. Өнөөдөр Монгол Улсад шүдний цоорол 97 хувьтай байна. Бараг хүн болгоны шүд ямар нэг байдлаар цоорсон гэж ойлгож болно. Тэгвэл бодлогыг шинжлэх ухаанд суурилж оновчтой хэрэгжүүлснээр 20 хувийн бууралт маш том дэвшлийг авчрах юм.

Японд шүдний цоорол гэсэн ойлголт байхгүй. Манайд 97 хувь байхад тэнд бараг тэг хувь байна. Энэ бол оновчтой бодлогын үр нөлөө. Иргэдийн эрүүл мэндэд хотжилт хэрхэн нөлөөлдөг вэ, гэр бүлийн хүрээнд ямар сургалт мэдээлэл явах ёстой юм, эрүүл мэндийн боловсролыг ямар арга замаар хүргэх нь хамгийн оновчтой байдаг юм гэдэг нь олон жилийн судалгаа, амьдралын шалгуураар ороод тодорхой болчихсон. Бэлэн загвартай гэсэн үг. Их тодорхой зүйл шүү дээ.

-Таны өгөх хамгийн энгийн зөвлөгөө юу вэ?

-Хүүхдийг өдөрт тогтмол цагт гурван удаа зөв хооллох нь ихээхэн үр дүнтэй. Өглөө сэрээд 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Ялангуяа, 2-5 насны өөрийгөө илэрхийлэх чадварт бүрэн суралцаагүй хүүхдүүдийг өдөрт гурван удаа тогтмол цагт цадтал нь хооллож хэвшээрэй. Ингэж хооллож чадвал хүүхэд хоол хооронд чихэр амттан тоодоггүй. Үнэхээр хүүхэд тогтмол цагт цадтал идээд байвал хоол хооронд элдэв амттан, чихэр, жигнэмэг иддэггүй, сонирходоггүй. Өөрөөр хэлбэл, чихэр идэж болохгүй гэж загнахаас илүүтэй чихэр идэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь зөв хоололт бол хүний бүх биеийн эрүүл мэндэд асар чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл шүү дээ.

Мөн хүүхдийг багаас нь зөв хооллох дэглэмийг нь эцэг, эхчүүд зааж өгөх хэрэгтэй. Яг хажууд нь суугаад зурагт үзэхгүйгээр зажилуулаарай. Хоёрдугаарт, бид нийтийн хоолонд ороход бага насны хүүхдэд хүүхдийн сандал өгдөг. Энэ сандал дээр суухаар хүүхдийн хөл сул унждаг. Уг нь хөл заавал тавцан дээр байж зөв хооллох, зажлах ёстой. Та хөлөө өргөөд идээд үзээрэй. Зажилж чаддаггүй. Тэгж ярих юм бол тохойны түвшинд ширээ байх ёстой. Зөв түвшинд цэх байж хоол иднэ гэдэг чухал. Монгол ахуйд завилж суугаад хоол иддэг. Завилж суухаар гэдсээ шахна. Хоол бага иднэ. Мөнгөн аяга долоох нь бас ач холбогдолтой.

– Нийтийн хоолны эрүүл мэндийн тухайд ямар бэрхшээл байна вэ. Болж өгвөл гэртээ хоолоо бэлдээд явах нь эрүүл мэндэд тустай байна?

– Ер нь тийм. Гэхдээ асуудал бий. Нэгэнт цаана нь бизнес явж байгаа учир нийтийн хоолны газруудад огт битгий ороорой гэж хэлэхэд төвөгтэй. Нийтийн хоолны газруудаас хүсэх хамгийн чухал зүйл гэвэл аяга таваг угаах стандартыг нарийн чанд баримтлаач ээ. Манайхан угаагаад дээр дээр нь давхарлаад тавьчихдаг. Уг нь угаагаад эгнүүлж өрөөд хатаах юм бол Доржийн хеликобактер Батад дамжихгүй. Харахад ач холбогдолгүй мэт харагдаж болох ч  цаагуураа амьдралаар туршигдсан, нарийн учир шалтгаантай байдаг, энэ стандартууд. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тухайн салбарын стандартыг нарийн мөрдөж, байгууллагын соёл болж төлөвшсөний ачаар нийт хүн амын дунд өвчлөл буурч, энэ хэрээр эдийн засгийн үргүй зардал багасч, амьдралын чанар сайжирдаг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал ийм чухал үр нөлөөг авчирдаг.

-Улс оронд өвчлөл бага байх нь амьдралын чанар, аз жаргалыг илэрхийлэх чухал үзүүлэлт. Та Японд шүдний цоорол гэж бараг байхгүй тухай хэллээ. Тэгэхээр бусад төрлийн өвчлөл ч гэсэн дагаад бага байх нь ээ. Харамсалтай нь бид өвдсөн хойноо эрүүл мэнддээ асар их зардал гаргаж, зарим тохиолдолд тэр зардлыг гаргаж чадах­гүйгээсээ болж амиа алдаж байна шүү дээ?  

-Маш харамсалтай зүйл. Гэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг. Өнөөдөр бид япон хүнтэй яг адил I phone -15 барьж байна. Ланд крузерийг нь унаад явж байна. Яг үүнтэй адил эрүүл мэндийн боловсролыг нь нутагшуулъя. Дээр би хэлсэн шүү дээ. Бүр 1970-аад оны Япон орны бэлээхэн туршлагууд нь байна. Монгол хүн аливааг хүлээж авахдаа хурдан, сэргэлэн. Хоол хүнсэнд миксер тогтмол хэрэглэж болохгүй юм байна. Сурагчдаар дамжуулаад эцэг, эхэд нь шүд угаах зөвлөгөөг хүргэх нь хамгийн оновчтой юм байна. Эрүүл шүд арга хэмжээ хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ насны ийм бүлгийн хүүхдийг сонгож, ийм арга замаар хэрэгжүүлэх нь зардал багатай, өгөөж ихтэй юм байна. Нийгмийн хөгжлийг дагаад ийм эрсдлүүд бий болдог юм байна. Үүнээс сэргийлэхийн тулд жишээ нь сүлжээ хоолны газруудад соруулыг хориглох ёстой юм байна гэх зэргээр тодорхой туршлага, мэдлэгийг гаргаад иржээ. Бид суралцах, нэвтрүүлэх л асуудал юм. Бид Ланд крузерийнхээ дугуйг хагарахаар Япон руу очиж янзлуулдаггүй биз дээ. Монголдоо л засна. Үүнтэй адил эрүүл мэндийг нутагшуулах гэж нэг юм бий. Эцэст нь эрүүл мэндийг худалдан авч чадахгүй. Хэчнээн их мөнгөтэй байлаа гээд өвчний өмнө сөгддөг. Эрүүл мэндийг хамгаалах ганц л зүйл бий. Тэр бол зөв дадал, амьдралын хэв маяг урьдчилан сэргийлэлт. Зөв бодлого. Сайхан амьдралын үндэс эндээс л эхлэнэ.

-Төрийн бодлого гэдэг дээр миний ойлгосноор хамгийн эмзэг хэсгүүд дээр нь төр оролцох, бодлогоо чиглүүлэх явдал бололтой?

-Жирэмсэн ээжүүд, ерөн­хий боловсролын бага ангийн сурагчид, өсвөр насны охидын боловсролыг төр засгаас онцгой анхаарч, Алсын хараа-2050 хөтөлбөртөө шигтгээд илүү нарийвчилсан  бодлого боловсруулж, яам, тамгын газарт үүрэг өгч ажиллах ёстой. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БШУЯ, Эрүүл мэндийн яам, тэдгээрийн харьяа байгууллагуудын бодлогыг зангидчихвал олон дэвшил гарна. Маш энгийн жишээ хэлье. Ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль дээр 2018 онд 1,2 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан угаалтуур суурилуулж өгч байсан юм. Энэ насны хүүхдүүд ойролцоогоор 1.1 метр өндөртэй. Нийтийн хоолноос гарч ирээд шүдээ угаадаг. Баярмаа очиж шүдээ угаахаар ангийнхаа охиныг хараад шүдээ угаахгүй ч гэсэн дүр үзүүлээд амаа зайлаад явдаг. Ингэхэд ядаж амны хөндийн орчин өөрчлөгдөнө. Улмаар дадал болно. Ямар замаар үлгэр дуурайлал үзүүлж, нөлөөлөх вэ гэдэг чухал.

-Та одоо  үзлэг шинжил­гээ хийдэг үү?

-Шүдний эмч бол миний мэргэжил. Хэдийгээр би төр, хувийн хэвшилд удирдах албан тушаал хашиж бай­сан ч эмчийнхээ ажлыг тасалдуулж байгаагүй. Би 2013 онд Монголд ирсэн. 11 дэх жилдээ өдөр тутамдаа хүн үзэж байна. Долоо хоногийн дөрвөн өдөрт илүү цагаар хүн үздэг. Харамсалтай нь монголчуудын шүдний өвчлөл өмнө нь ямар байсан яг хэвээрээ байгаа. Би 10 гаруй мянган хүнд хүрч ажиллажээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт шүдний үнэгүй   үзлэг  эмчилгээг хий­дэг. Ингээд харахад ковидын 2-3 жилийн хугацаанд ерөнхий биеийн өвчлөлөөс гадна шүдний өвчлөл орон нутагт тулгамдсан асуудал болсон байна. Эрүүл мэндийн систем гурван жилийн хуга­цаанд хагас саатлаа шүү дээ. Иргэд орон нутгаас Улаанбаатарт зорчих эрх нь хүртэл хязгаарлагдаж байсан үе бий. Улаанбаатараас 1500 км алслагдсан бүсэд очоод амны хөндийн үзлэг хийхэд 24 шүднийх нь 12-оос дээш нь цооролттой байх жишээтэй. Өмнө нь аймгаас ядаж урьдчилан сэргийлэх үзлэг жил бүр явдаг байсан бол хөл хорионоос болоод өвчлөл нэмэгдчихсэн. Тэгэхээр эрүүл мэндийн суурь боловсрол учир дутагдалтай байгааг эндээс бас харж болно.

Ний нуугүй хэлэхэд, түгжрэл ч бас эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Шүдний өвчлөлд тодорхой хувь эзэлж байхыг ч үгүйсгэхгүй. Жишээ нь, хүүхдээ сургуулиас нь аваад харих замдаа 2-3 цаг түгжирдэг. Сайн хоол­лоогүй хүүхэд чихэр, жигнэмэг эргүүлдэг. Зарим нь гараа нойтон алчуураар арчсан болж, нян бактериас хамгаалах гэж оролддог. Чихэр, жигнэмэгийн араас ус уулгах гэхээр хэцүү. Хаана шээлгэх билээ. Ингээд л нөгөө амны хөндийн орчин өөрчлөгдөж шүд хорхойтох асуудлууд бүрэлдэж эхэлдэг. Цаашлаад түгжрэлд 2-3 цаг явж байгаа хүмүүсийн шээс давсагны асуудал ямар байх уу гэхээр сонирхолтой тоо гарна.

Бас нэг зүйлийг хэлэхэд, Монгол Улсад анхан шатны эрүүл мэндийн байгууллагад олгох нэг иргэний санхүү­жилтийг ялгавартай хуваа­рилах байтал ижилхэн хуваарил­сан. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Мандах сум 500 өрх буюу 1500 гаруй хүнтэй. Тэр хүн бүгд өвдөж байж тэр сумын эрүүл мэндийн төв ашигтай ажиллана. Цалин­гаа тавьж, ус дулааны мөнгөө хийнэ. Яагаад гэвэл нэг иргэний санхүүжилт 60 мянган төгрөг. Гэтэл Баянзүрх дүүргийн 26 хороо 32 мянган хүнтэй. Ганц хоёр хүн ханиад хүрээд ирсэн ч санхүүжилт нь орж ирнэ. Хүссэн хүсээгүй тэр санхүүжилтээ олчихно. Хамгийн гаж тогтолцоо бол энэ юм. Бүсчилсэн хөгжилдөө тулгуурлаад ялгавартай эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хийх ёстой.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Би эмч хүний хувьд хэлж, зөвлөмөөр олон зүйл байдаг. Би өнгөрсөн хугацаанд 10 гаруй мянган хүнд үзлэг шинжилгээ хийжээ. Гэвч яаж ч хичээгээд 3.5 сая хүндээ хүрнэ гэдэг боломжгүй зүйл. Үүнд би харамсдаг. Багахан өөрчлөлт хийж, урьдчилан сэргийлэх мэдлэг өгөхөд л цаана нь эерэг үр дүн хүлээж байгааг мэддэг учир олон хүнд хүрэх юмсан гэж яардаг. Сүүлийн үед подкаст хийж энэ бүхнээ түгээе гэж бодох болсон. Миний хувийн фэйж Жамъяндоржийн Отгонболд. Үүгээрээ хүүхдийн сүүн шүд бүрэлдэн бий болох гээд ургийн хөгжлөөс эхэлсэн эхний подкастаа хүргэнэ. Цаашлаад зөв хооллолт, 2-3 насны хүүхдэд зориулсан, мөн бага сургуульд ороход амны хөндийг хэрхэн арчлах ёстой юм. Дунд, ахлах ангид ороход яаж арчлах,  хүүхдийн хамар битүүрэх үед хэрхэх зэргээр шатлалтай мэдээлэл өгнө. Яаж л хүрч, тэлж чадахаар байна тэр хэмжээгээр мэргэжлийнхээ үр өгөөжийг гаргамаар байна. Монголчууд, үрсийн минь шүд эрүүл байгаасай.

Ж.Отгонболд эмчээс зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Жамъяндоржын Отгонболд Otgonbold Jamiyandorj фэйсбүүк хаягаар холбогдож болно.

 

Г.Батзориг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Генсекүүд солигдох уу DNN.mn

Улс төрийн намууд шат шатандаа багаа удирдан зохион байгуулж, оролцох хүмүүсээ тодруулсаар байна. Намуудын сонгуульд оролцоход хамгийн гол ажлыг нугалах хүн бол генсек. Өнөөгийн эрх баригч МАН-ын генсекээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ажиллаж байгаа. Түүний хувьд Засгийн газрын гал тогоог бариад гурван жил болж байна. Анх засагт орж ирэхэд нь л түүнээс намын гал тогоог шилжүүлэх асуудлыг МАН дотроо цөөнгүй удаа ярилцсан. Учир нь МАН-ын дүрмээр тэрбээр давхар улс төрийн албан тушаал хаших эрхгүй юм. Гэвч өдий болтол энэхүү дүрмээ зөрчин генсекийн ажлаа хийсээр байна гэсэн яриа мэр сэр гараад дарагддаг. Яг энэ шуугианыг ашиглаад генсекээ түлхэх сонирхолтой бүлэг байдаг бололтой. Юутай ч сонгуулиас өмнө МАН-ынхан шинэ генсектэй болно гэдгээ зарим нэг нь ил тод хэлж байна. Харин генсек солигдвол хэн болох уу гэдэг нь сонирхолтой. Өмнө генсекийн асуудал яригдаж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын нэр хүчтэй яригдаж байсан. Тиймээс МАН-ын генсек солигдох нь тодорхой бол Я.Содбаатар болох магадал өндөр гэсэн үг. Гэхдээ улс төрийн хүрээнд саяхан Үндэсний аюулгүй байдлын ажлаа өгсөн Ж.Энхбаярыг генсек болгох тухай ярьцгааж байна. Юутай ч МАН сонгуулиас өмнө генсекээ солино. Тэр нь Я.Содбаатар уу, Ж.Энхбаяр уу гэж ярих хүн олон байна. Гэхдээ улс төр гадарладаг хүмүүс бол үүнийг худал яриа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сонгуульд нэр дэвших хүмүүсийг голлон мэддэг албан тушаал бол генсек юм. Төдийгөөс өдий хүртэл намын гал тогоог барьж байсан хүнээ сольж шинэ хүн тавина гэдэг бол нэр дэвшилтийг шал өөрөөр хийнэ гэсэн үг юм. Хэдийгээр шинэ хүмүүс нэр дэвшинэ гэсэн яриа намуудад байгаа ч зуун хувь солигдохдоо тулаагүй гэцгээж байна. Тиймээс энэ яриа горьдогсдын мөрөөдөл л гэж таамаглаж байна. Харин сөрөг хүчний хувьд генсекийн асуудал шуугиантай байгаа. Угтаа олон жилийн маргааныг цэглэж Лу.Гантөмөр дарга болсон. Түүнийг дарга болсноос нь хойш ямар хүнээр намынхаа гал тогоог бариулах бол гэсэн асуудал олны анхаарлын төвд байсан. Чамгүй цаг хугацаа өнгөрсний дараа тэрбээр Э.Одбаяр гэх залууг томилохоор болсон. Э.Одбаяр гэж хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Түүнийг том улстөрчийн нөлөөллөөс гардаггүй нэг талыг барьдаг гэцгээдэг. Тиймээс АН-ынхан түүнд итгэж намын гал тогоогоо хариуцуулаад энэ сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй гэж гаднаас нь дүгнэцгээж байгаа. Гэвч саяны ажилласан хугацаандаа бүлэг фракцуудын эв эеийг олох гэж чамгүй хөөрхөн ажилласан гэх хүмүүс ч байна. Хэрэв солигдвол сонгууль хүртэл намынхаа эв эеийг олж нэр дэвшигчдийг гаргаж ирэх хүн энүүхэн хугацаанд бий болох уу гэдэг нь асуудал дагуулж байна. Тэртэй тэргүй хэрүүл шуугиан бүлэг фракцаараа хуваагдаж бужигнадаг энэ намын генсек хийх бол амаргүй ажил. Ажилдаа дөнгөж дөр сууж байгаа хүнээ явуулчихаад шинэ хүн гаргаж ирээд сонгуульд оролцож ялалт байгуулна гэх бол арай л хөнгөн бодож байгаа мэт харагдаж байна.

Э.МӨНХТҮВШИН