Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“GLSDB” гэх нисдэг бөмбөг DNN.mn

Удахгүй албан тушаалаа өгөх гэж буй, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд Киевт айлчилж “Манай улсаас Украинд шилжүүлсэн өндөр нарийвчлалтай “GLSDB” пуужингууд аль хэдийнэ замд гарсан” гэж мэдэгдсэн нь олон улсад шуугиан тарьсан билээ. Учир нь GLSDB (Ground Launched Small Diameter Bomb буюу Газраас хөөрдөг нарийн диаметртэй бөмбөг) нь Америкийн “Boeing” болон Шведийн “Saab” компаниудын шинэ зэвсэг гэдгээр онцлог юм. Эдгээр бөмбөг одоогоор АНУ-ын зэвсэглэлд ч ороогүй байгаа билээ. Иймээс л Виктория Нуланд “Би тулааны талбарт Путинд зориулан түүнийг “баярлуулах” гэнэтийн бэлэг үлдээж байна” гэж хэлсэн хэрэг. Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Украины арми Херсон муж дахь Подо-Калиновка суурингийн ойролцоох сургалтын талбайд жагсаж, бөөгнөрсөн Оросын цэргүүдэд “HIMARS” пуужин харвах системээр цохилт өгч нэг дор 68 цэрэг амь үрэгдсэн. Энэ явдлаас хоёр хоногийн өмнө Украины Зэвсэгт хүчин Волноваха хотын ойролцоох Трудовское тосгоны дэргэд байдаг Оросын армийн бэлтгэлийн талбайд 200-300 орчим цэрэг хошууч генерал Олег Моисеевийг ирэхийг угтан бэлтгэлийн талбайд жагсаж байхад нь мөн л “HIMARS” пуужин харвах системээр цохилт өгч нэг дор 60 гаран орос цэрэг амь үрэгдсэн юм. Хэд хоногийн өмнө Донецк мужийн Еленовка суурингийн орчим талбайд жагсаж байсан Оросын 155 дугаар тэнгисийн тусгай бригадын цэргүүд цохилтод өртөн, нэг дор 19 нь амь үрэгдэж, даргатайгаа хамт 12 цэрэг шархадсан. Эдгээр нь “HIMARS”-аас хөөргөсөн “GLSDB” буюу Газраас хөөрдөг нарийн диаметртэй, өндөр ончтой задардаг бөмбөгний цохилт юм. Үнэндээ “GLSDB” нь үнэхээр шинэ зэвсэг мөн боловч харин энэ зууны буюу шинэ технологи биш юм. Учир нь “GLSDB” нь одоо хэрэглэж буй онгоцноос салж хол зайд нисэн очиж байгаа онодог “GBU-39” бас “SDB” ч гэдэг өндөр ончтой залуурт бөмбөг болон “M26” гэх хуучин пуужингийн хөдөлгүүрийн нийлбэр юм. Осло хотод 2008 онд бөөнөөр хөнөөх зэвсгийг хориглох НҮБ-ын конвенц батлагдсанаар “кластер” гэх бөөнөөр хөнөөх бөмбөгийг баруун Европын улсууд үе шаттайгаар зэвсэглэлээсээ хасаж, Европын эдгээр улсуудад зөөх хөдөлгүүрүүд нь агуулахад үлдсэн байна. Иймээс Америкийн “Boeing” болон Шведийн “Saab” компаниудын мэргэжилтнүүд одоо хэрэглэж буй зөвхөн нисэх онгоцноос хаядаг “GBU-39” гэх өндөр ончтой бөмбөг, “M26” гэх хуучин пуужингийн хөдөлгүүрийг нийлүүлэн “GLSDB”-ийг бүтээн, үйлдвэрлэж эхэлжээ. Ингэж “GLSDB” нь нисэх онгоц болон нисэх буудал, үүнд үйлчлэх алба хэрэггүй бас үйлдвэрлэхэд нарийн мэргэжлийн хүмүүс, шинэ суурь машин шаардагдахгүй, бусад шинэ зэвсэгтэй адил удаан хугацааны туршилт хэрэггүй хямд, үйлдвэрлэхэд хялбар маш хэрэгцээтэй зэвсэг болж чадсан байна. Иймээс энэхүү шинэ бөмбөг нь HIMARS, эсвэл M270 системээс харвасны дараа байнаасаа эсрэг зүг нисгэсэн ч өөрийн далавчны ачаар 150 км хүртэлх зайд байг маш ончтой устгадаг зэвсэг болж чаджээ. Харин Америкийн “Boeing” болон Шведийн “ Saab” компаниудын мэргэжилтнүүд “GLSDB” бөмбөгийг хос удирдлагатай болгосон учир энэ бөмбөг Оросын радио, электроны эсрэг зэвсгийн нөлөөнд оролгүй байгаа төвөггүй онох чадвартай болсон аж. Энэ нь Украины арми 150 км зайд Оросын цэргийн удирдлагын штаб, зэвсэг, шатахууны агуулах болон ямар ч техник хэрэгслийг устгахаас гадна ямар ч довтолгоог нь няцаах чадвартай болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, олон сар жилээр байлдаж буй Украины армийн дайчдад “ амарч” хүчээ сэлгэн төвлөрүүлэх боломжийг энэ бөмбөг олгох аж.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ DNN.mn

Өмнөговь аймаг, Ноён сумын Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр 11:50 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хүлээн авсан байна.

Гурвантэс сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Киа Гранбөрд” загварын автобусны хөдөлгүүр шатсан тухай мэдээллийг тус автобусны жолооч У мөн өдрийн 17:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэдэд 54 төрлийн виз цахимаар олгоно DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар виз олгох ажлыг цахимжуулснаар 54 төрлийн визийг цахимаар олгохоор журамд өөрчлөлт оруулжээ. Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгодог бөгөөд цахимаар виз олгосноор гадаадын иргэдэд хүндрэл багатай, цаг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
Тодруулбал, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж байгаа юм. Ингэснээр Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 2024 оны хаврын чуулган эхэллээ DNN.mn

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд болж байна.

Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр Булганы төв, Сэлэнгийн өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүй байгааг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлож буй хүмүүсийн 86 хувийг эрчүүд эзэлж байна DNN.mn

ДЭМБ-ын судалгаагаар 100 мянган хүн тутамд дунджаар 9.2 хүн амиа хорлож байгаа талаар дурджээ. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 17.9 байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт нас баралтын 2.4-3 хувь нь амиа хорлосон шалтгаантай байна. Тэр дундаа эрэгтэйчүүд 80-аас дээш хувийг эзэлж байна.

100 мянган амд оногдох нас баралтаар БНСУ тэргүүлж, Монгол Улс удаалж байна.

Амиа хорлож буй хүмүүсийн 86.1 хувийг эрчүүд эзэлж байна

Амиа хорлож буй хүмүүсийн 86.1 хувийг эрчүүд эзэлж байна

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Доктор Б.Эрдэнэдалай: Улс төрийг мөнгөөр хийсээр байвал ардчиллын индексээрээ бид ухарсаар л байна DNN.mn

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор, улс төр судлаач Б.Эрдэнэдалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улс төр судлаач хүний хувьд хэн бүхний аман дээр гарч ирдэг ардчиллын мөн чанарыг хэлэхгүй юү?

-Ардчилал гэдгийг, хүн бүр өөрийнхөөрөө ойлгож хүлээж авдгаараа тайлбарлаж чадна. Ардчилсан орны иргэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, төр засгийн буруу бодлогыг шүүмжилснийхээ төлөө шийтгэл хүлээхгүй, эрхээ хязгаарлуулж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг бид хэн нэгний хязгаарлалт, дарамтгүйгээр эдэлж чадах улсад амьдарч байна. Гэхдээ ингээд шууд дүгнэе гэхээр зарим эрхүүдээ бас чөлөөтэй эдэлж чадахгүй байгаа. Үүнийг олон улсын болон дотоодын хийгдэж буй судалгааны дүнгүүдээс харж болно. Улс төрийн намуудын бидэнд санал болгодог мөрийн хөтөлбөрүүд биелдэг, бодлого шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо ямар ч асуудалгүй тусдаг, хэрэгждэг байх ёстой.

-Ер нь Монгол Улсад ардчилал ямар хэрэгтэй юм бэ. Геополитик талаасаа ямар ач холбогдолтой юм бэ. Ардчилал байгаа учраас л Монгол Улс өнөө цагт тусгаар тогтнолоо бүрэн бүтэн хамгаалж чадаж байгаа гэдэгтэй та санал нийлдэг үү. Ямар учраас ингэж үзэх болов?

-Монгол Улсыг бүс нутгийн хувьд ардчиллыг тогтвортой хэрэгжүүлэх нөөц ихтэй, ардчиллын баянбүрд гэж судлаачид дүгнэдэг. Эндээс бидэнд ардчиллын чанарыг хангалттай түвшинд аваад явах, хамгаалах боломж байгаа нь харагдаж байна. Хөрш орнуудын хувьд ч, бусад улсуудын зүгээс ч биднийг ардчилсан улс гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрч хамтран ажиллаж байна. Бид бүгд найрамдах засаглал бүхий тусгаар тогтносон улс шүү дээ. Үндсэн хуулийнхаа хүрээнд засаглалын тогтолцоогоо тогтож, түүнийхээ дагуу хэрэгжүүлж ажиллаж байна. Монгол Улс иргэний ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулж, хүний эрх, эрх чөлөөг хүндэлсэн, хуулийг дээдэлсэн, ардчилсан улс болох хүсэл эрмэлзлээ 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиндаа тусгаж, баталгаажуулсан шүү дээ.

-Олон улсын байгууллагаас саяхан Монгол Улс ардчиллын индексээрээ дөрвөн байр ухарч 81-т орлоо гэж мэдэгдсэн. Ер нь жил бүр хойшоо ухарч байна. Ардчиллын индекс өсөх тусам ямар сөрөг нөлөөлөл бий болох вэ?

-Дэлхийн улсуудыг ардчилал, авлига, хүний эрх, эрх чөлөө гэх мэт олон үзүүлэлтүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр судалдаг судалгаанууд тогтмол хийгдэж байдаг. Манай улс ардчилалд шилжсэнээс хойш 34 жилийн хугацаанд олон ургальч үзэл, иргэдийн эрх чөлөө, улс төрийн соёлыг хэмждэг таван багц ойлголтыг хамруулсан 60 төрлийн үзүүлэлтээр гаргадаг нэгдсэн индексээр “гажуудсан ардчилалтай улс”-ын тоонд багтсан хэвээр л байгаа. Сонгууль шударга, чөлөөтэй явагдаж байгаа эсэх, сонгогчдын аюулгүй байдал, Засгийн газарт гадаад улсуудын нөлөө байгаа эсэх, төрийн албаны бодлого хэрэгжүүлэх чадамж зэрэгт гарч буй алдаа дутагдал хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судалдаг. Ардчиллын индекс өмнөх жилээс дөрвөн байраар ухарч 81 дүгээр байрт энэ жил орлоо. Бид цаашид анхаарах ёстойг л харуулж байна даа.

-Ямар шалтгаанаас болоод манай улсын ардчиллын индексийн үзүүлэлт унаад байдаг юм бэ. Яавал бид энэ үзүүлэлтээрээ урагшилж чадах вэ?

-Дээр дурдсан маш олон үзүүлэлтүүдийг одоо ямар нөхцөлд очсон, яагаад ингээд унаад байна гэдгийг уг сууриар нь харж засах хэрэгтэй. Төрийн бүх түвшний бодлого гаргах байгууллагууд, улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл жил бүр буурч байгаа. 2016, 2017 оноос хойш авлигад автсан байгууллагуудыг жагсаахад гааль, шүүх, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын урд улс төрийн нам орж ирсэн. Иргэдийн ашиг сонирхлыг төрд бодлогоор дамжуулж байх ёстой улс төрийн намууд авлигад автах, улс төрийг мөнгөөр хийх болсонтой холбоотойгоор ардчиллын суурь зарчмуудаа тоохгүй, тэдгээрт чиглэсэн бодлого гаргахгүй, анхаарахгүй байгаатай холбоотой юм. Сонгуулийн суурь зарчмуудаа маш сайн баримталж ажиллах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гээд олон аргуудыг ашиглаж болно.

-Ардчиллын индекс, хүйсийн эрх тэгш байх үзүүлэлтээр манайх байнга ухарч байна. Энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутсанаас болдог уу. Та эмэгтэй хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид олон жил шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ярьж, ажиллаж ирсэн. Сонгуулийн тухай хуульдаа жендерийн квотыг амжилттай тусгасан. Гэтэл нөгөө талаас энэ удаагийн сонгуулийн тойргийг бүсчилсэн том тойрог болгосонтой холбоотойгоор олон жил хэрэгжүүлэхээр зорьсон асуудал үр дүн тааруу гарах нь ойлгомжтой боллоо. Намын жагсаалтаар эмэгтэй гишүүд сонгогдоно. Мөн эмэгтэйчүүдийг дэмжих байдал бидэнд бас дутагдаж байгаатай ч холбоотой. Эмэгтэйчүүд зөвхөн эрүүл мэнд боловсролын асуудлаас гадна бүх талын бодлого боловсруулах ажилд амжилттай сайн оролцож чадна гэдгийг бүгд ойлгож дэмжээсэй гэж хүсч байна.

-Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байгаа. Энэ хэнд ашигтай вэ?

-Сонгуулийн сурталчилгааг 18 хоногт хийхээр сонгуулийн тухай хуульд заасан. Энэ дээр дахиад л сул тал гарч ирж байгаа юм. Ийм цөөхөн хоногт гурваас дөрвөн аймагт, эсхүл том дүүргүүдэд олон сонгогчийн дунд сурталчилгаагаа хийх шаардлага нэр дэвшигчдэд үүсч байна. Тэрийг хэн хийж чадах вэ гэхээр Засаг захиргааны анхан шатны нэгжүүдэд намын анхан шатны нэгж нь байдаг улс төрийн намууд. Өөрөөр хэлбэл, сум, багуудад намын хороо, үүр нь байдаг намуудад давуу тал болно гэсэн үг. Эсвэл ухуулагчаа олон байлгаж, сонгуулийн кампанит ажилдаа маш их мөнгө зарлагадаж чадах нэр дэвшигчдэд ашигтай. Жишээлбэл, тухайн тойрогт буй өрх бүрээр орж сурталчилгааны материал тараах, тэдэнтэй уулзана гэвэл 18 хоногт ер нь л боломжгүй.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаа сонгуулийн дүнд нөлөөлөх үү?

-Манай улс өмнөх сонгуулиудын сурталчилгааг 18, 21 хоногт хийгээд явж байсан. Тэр үеэс сонгуулийн тойргийн газар нутгийн хүрээг нь томсгосон хэрнээ сурталчилгааны хоног хэвээрээ байна гэдэг учир дутагдалтай. Энэ жил анх удаа нэр дэвшиж байгаа нэр дэвшигч сонгуулийн кампанит ажил эхлэхэд сурталчилгаагаа эхлүүлэх, өмнө нь хоёр удаа сонгогдож олон жил тойргоо усалсан гишүүн хоёрын хооронд ялгаа маш их. Үүнээс харахад сонгуулийн үр дүн тодорхой хэмжээнд шийдэгдчихсэн байхыг үгүйсгэхгүй. Эрх баригч нам нэлээд хэдэн хувиа халаасандаа хийчихсэн мэт дүр зураг ажиглагдаж байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Шар усны үер халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй DNN.mn

Шар усны үер нь хаврын улирал эхэлж, дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг болон суурин газар  нутгаар тохиолдох их хэмжээний үер юм.

Шар усны үерийн ус нь ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал маш өндөр.

Бохирлогдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг бөгөөд тухайлбал цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг аж.

Иймд:

  •  Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  • Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
  • Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх
  • Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах
  • Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
  • Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах хэрэгтэй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Нийт хорогдсон малын 49 хувийг хонь, 36 хувийг ямаа эзэлж байна DNN.mn

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна.

Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.

2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Л.Амар: Банкны зээлийн хүүг 12 хувь руу аваачих боломжтой DNN.mn

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Банкны салбарын үзүүлэлт өнгөрсөн онд тогтвортой өсөлттэй байсан талаар танай байгууллагаас гаргадаг тайланд дурджээ. Энэ нь IPO гаргасантай холбогдож байна уу?

-Өнгөрсөн 2023 он банкны салбарт онцлох жил байлаа. Банкны салбарын шинэтгэлийн хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн банк буюу 75 мянган хүний эзэмшилтэй болов. Сүүлийн жилүүдэд багасаад байсан бизнесийн зээл өнгөрсөн оны эцсээр 27 хувийн өсөлттэй байлаа. Нэг ёсондоо банкны салбар эдийн засгаа дэмжих, бизнесүүдийг тэтгэж чадсан жил байлаа.

Хөрөнгийн бирж дээр банкууд хувьцааныхаа 5-10 хувиа гаргаж, 450 орчим тэрбум төгрөг босгосон нь манай хөрөнгийн биржийн багтаамжийг гурав дахин тэлсэн. Жижигхэн өрөөнд том заан орж ирсэн юм шиг нөхцөл байдал үүссэн. Бусад компаниудын хувьцааны үнэ цэнийг унагаасан тохиолдол ч байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах дээр байсан хөрөнгүүдийг нь шавхтал татсан байна гэсэн үг. Гэхдээ банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн ихэнх нь хадгаламж эзэмшигчдээсээ татсан мөнгө буюу хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг хувьцааны хэлбэр рүү шилжүүлсэн. Харилцагчдаасаа хадгаламж эзэмших үү, хувьцаа эзэмших үү гэж асууж байгаад хувьцаа авч байх жишээтэй. Хөрөнгийн бирж дээр гарсны дараа ихэнх банкуудын хувьцаа унасан. Банкны индексийг дундажлаад харахад 3.8 хувь унасан байгаа юм. Гэхдээ том зургаараа банкны үйл ажиллагаа нь 20 хувийн ашигтай байна.

-Зах зээл нь өсөөд томроод байхад хувьцааны үнэ унаад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Манай улсад хангалттай хөрөнгө оруулагчийн суурь байхгүй байна. Богино хугацааны ашиг гэдэг талаас нь хардаг болохоос урт хугацааны хөрөнгө оруулагч гэдэг өнцгөөр орж ирж байгаа хөрөнгө оруулагчдын тоо бага байна. Монголд мэргэжлийн хөрөнгө оруулагч байгууллага тун дутмаг. Гадаадад бол тэтгэврийн, хөрөнгө оруулалтын, нийгмийн даатгалын зэрэг том сангууд нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг хийж байдаг. Гэтэл манайд аль нь ч алга. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалт зогсчихсон байна.

Ийм нөхцөлд банкууд дахиж хөрөнгө оруулалт татах бололцоо маш хязгаарлагдмал. Нийт хувьцаа эзэмшигчдийн 20 хувийн хязгаарыг хангахын тулд дахиад 2.2 их наяд төгрөгийг татаж олж ирэх дотоодын нөөц бололцоо байхгүй. Тэгэхээр гаднаас энэ хөрөнгийг олж ирэх байх гэж найдаад гадагшаа чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Банк тус бүр өөр өөрийн хөрөнгө оруулагч нар руу хандаад явж байгаа. Зохицуулагч байгууллагуудын зүгээс гадагшаа айлчлал хийх болгондоо манай банкуудад хөрөнгө оруулаач гэсэн хүсэлт тавьж байна. Монголын банкны холбооноос гэхэд Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад Хонконгийн хөрөнгийн биржид Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудыг хувьцаагаа зарж, давхар бүртгүүлэх бололцоог нээж өгөх чиглэлээр ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод Монголын банк, санхүүгийн салбарыг гадны хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилготой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллаж байна. Харамсалтай нь манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад нэр нүүрээ барчихсан, орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдаа нийлээд балбадаг. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо шинэчлэх гэхээр ямар их эсэргүүцэлтэй нүүр тулж байна гэх мэтчилэн олон хүчин зүйлүүд маш сөргөөр нөлөөлж байна.

-Банкны зээлийн хүү өндөр байна. Хүүг нь буулгах ямар боломжууд байна вэ?

-УИХ-аас “Банкны зээлийн хүүг бууруулах стратеги 2020-2023”-ийг баталсан. Суурь үзүүлэлтүүдээ 2019 оноос аваад 2023 оны эцэс гэхэд зээлийн хүүг сарын нэг хувь буюу жилийн 12 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хөтөлбөр 2020-2024 оны хооронд хэрэгжих ёстой. Гэвч хэрэгжилт нь хангалтгүй байна. Нийт дөрвөн бүлэг, 47 дэд ажил хийгдэхээр зааснаас гуравны хоёр нь хэрэгжсэн байгаа юм. Гэтэл бодит үр дүнгээр нь харахад хүү буураагүй, 2019 оны түвшин дээр байна. Тухайн үед банкны зээлийн хүү 16.9 хувь байсан бол одоо 16.7 хувь байна.

Зээлийн хүүг бууруулах дөрвөн бүлэг ажил нь юу юу байна вэ гэвэл, нэгдүгээрт, банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлнэ гэж байгаа. Макро орчин маш савлагаатай явж ирсэн. Төсвийн алдагдал хасах долоо руу орсон байсан. Одоо буцаад өссөн. Мэдээж тухайн үед Ковид-19 цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдал нөлөөлсөн. Гэхдээ УИХ-аас Засгийн газарт өгсөн үүрэг даалгавар хэрэгжсэнгүй. Инфляци таван хувь гарантай байснаа хасах руу орж, буцаад 13 хувь болж өсөх маягаар савлаад байгаа юм. Ийм тогтворгүй орчинд зээлийн хүү буурахгүй. Дээрээс нь валютын нөөцийг хангалттай бүрдүүлж чадаагүй. Энэ мэтчилэн нөхцөл байдалд банкны салбар ажилласан. Эх үүсвэрийн зардлыг ковидын түр хуулиар богино хугацаанд шийдсэн. Тэрийг уг нь урт хугацаанд хэрэгжих суурь хуулиуддаа оруулж өгөх ёстой байсан юм. Үр дүнд нь 2021, 2022 онд буурсан зээлийн хүү буцаад 2019 оных дээрээ ирчихсэн. Банкны бүх үзүүлэлт эргээд 2019 он дээр оччихсон байгаа юм. Хоёрдугаарт, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулна гэсэн. Тэр дотор гадаад валютаар авах хадгаламжийн даатгалын хураамжийг тэглэнэ гэсэн. Тэрийг зөвхөн ковидын түр хуулинд тусгачихсан. Хадгаламжийн даатгалын тухай хуулиндаа байхгүй. Тэр байтугай үйл ажиллагааны зардалдаа нэмэлт зардал болгоод тогтворжуулалтын сан гээд маш их хэмжээний мөнгийг системийн банкуудаас авч байна. 2021, 2022 онд бууж ирж байсан зардал буцаад 2019 оны түвшиндээ очсон байна. Гуравдугаарх нь банкны эрсдэлийг бууруулж өгөх бүлэг ажиллуулах байсан. Эцсийн үр дүнг нь харахад 2020, 2021, 2022 онуудад эрсдэл нь өсчихсөн байгаа. Тэр нь банкны эрсдэлийн сангаас шууд харагдаж байгаа юм. Одоо мөн л 2019 оны түвшиндээ ирсэн. Дөрөвдүгээрт, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд банктай өрсөлдөхүйц болгох. Банктай өрсөлдөхүйц хэмжээний хүүг хөрөнгийн зах зээл дээрээс татаж чаддаг болох тал дээр нэлээд сайн ажлууд хийгдсэн. Харамсалтай нь одоо өрсөлдөхүйц түвшинд хүрч чадаагүй байна. Одоо сонгууль гэсээр зургадугаар сар гарчихна. Цаана нь хагас жил л байна. Энэ хугацаанд шаардлагатай байгаа зарим ажлууд хийгдээгүй. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхээр шийдвэрлэхтэй холбоотой багц хууль байна. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл шүүх дээр очоод маш их хугацаа зарцуулж байгаа. Нэг зээлийн хугацаа шийдэгдэхэл 4.2 жил болж байна. Эргүүлж олж авч чадаж байгаа нь 20 хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр ийм шүүхийн ялзарсан тогтолцоотой болчихоод байгаа юм. Шүүхийн процедурыг хурдасгаж, богино хугацаанд асуудлыг шийдэж, зээлийг хурдын төлөх зөвшөөрөл бий болгох хэрэгтэй. Ийм ажил дутуу байна. Мөн Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, шинэчлэх хэрэгтэй байна. Монгол Улсад дампуурсан компани бараг байхгүй. Өрөө төлж чаддагүй бол дампууруулдаг тогтолцоо хэрэгтэй. Гуравдугаарт, цар тахлын түр хуулиндаа тусгасан зардлуудыг бууруулж өгөх заалтуудаа үндсэн суурь хуулиуддаа хийж өгөх хэрэгтэй байна. Иймэрхүү ажлуудыг нэн яаралтай хийх шаардлагатай. Тэгж байж 2024 онд банкны зээлийн хүүгийн түвшинг 12 хувь руу аваачих боломжтой гэж харж байгаа.

-Манай улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж байгаа. Валютын нөөц нөлөөлөхгүй юү?

-Абсолют дүнгээрээ түүхэн дээд хэмжээндээ хүрч болно л доо. Гэхдээ валютын нөөцийн импортын дүнд хувааж үздэг. 2019 оны эцэст манай валютын нөөц дөрвөн сарын хэрэглээ хангахуйц байсан. Одоо ч мөн адил тийм дүнтэй байна. Тэгэхээр хангалттай нэмэгдэж чадаагүй.

-Зээлийн төлөлт. Шүүх дээр уддаг талаар та сая ярилаа. Ер нь голдуу ямар зориулалтаар авсан зээл зонхилдог юм бол?

-Жижиг дүнтэй иргэний зээл шүүхээр маш хурдан шийдэгдэж чадаж байгаа. Харин том дүнтэй компанийн зээлүүд олон сар жилээр яваад байдаг. Яагаад вэ гэхээр төлөх хөшүүрэг нь байхгүй. Эсэргээрээ шүүх дээр очоод маргаан үүсгэх юм бол зээлийн хүүг нь зогсоочихдог. Тэрбум төгрөгийн зээлтэй хүн байя гэж бодъё. Банкинд жилийн 16 хувийн хүү төлдөг гэхээр 160 сая төгрөг хүүнд төлдөг гэсэн үг. Ингэж зээлийн хүү төлж байхаар авлигад 100 сая төгрөг өгөөд шүүх дээр таван жил гацаах нь тэр ашигтай байна.

-Тэгэхээр хуулийн цоорхой ашигладаг энэ үзэгдэл банкны салбарынханд том эрсдэл учруулдаг байх нь. Олон улсад ямар туршлага хэрэгждэг вэ?

-Манайх шиг ингэж шүүхээр гурван шатанд явдаг улс байхгүй. Хууль тогтоогчдод ийм цоорхойг өөрчлөх сонирхол алга. Бизнестэй улсууд үе үеийн парламентад суусаар ирсэн. Тэд үүнийг хэвээр хадгалах сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Энэ зовлонг амсаж байгаа тод жишээ бол Хөгжлийн банк. Том зээлдэгч нар ямар нэг байдлаар зээлээ төлөхгүй байх арга механизм ашиглаад л явж байгаа. Тэрийг шүүхийн систем хамгаалаад явж ирсэн. Олон улсад хэрэгждэг сайн туршлага гэвэл иймэрхүү хэргийг 30 хоногт шийдэж байна. Нэг шийдсэн асуудлыг олон шатны шүүхээр явахгүй байна. Дээд шүүх хуулийн хэрэглээ зөв байна уу гэдгийг хянадаг болохоос кейс рүү ордоггүй. Хамгийн гол арга нь заавал төлөх хүү гэж тогтоож өгдөг. Тэр нь бодлогын хүү байж болдог. Маргаж байх хугацаанд ямар нэг хэмжээний хүү төлж байх ёстой. Өндөр хүүтэй баталчихвал банк маргааныг удаашруулах сонирхол төрж магадгүй. Тэгэхээр банкны хүүгээс доош байна. Огт хүүгүй байхаар зээлдэгч нь маргаанаа удаашруулах гээд байх талтай. Огт хүүгүй биш хадгаламжийн хүүнээс арай дээр. Хадгаламжийн хүүнээс бага байх юм бол мөнгөө хадгаламжинд хийчихнэ шүү дээ. Зээлээ эргэн төлж байснаас хадгаламжинд хийгээд хүүгээ аваад яваад байна. Энэ маягаар бодлогын хүүгийн төвшинд тогтоогоод өгчих юм бол хурдхан асуудал шийдэх сонирхол аль алинд нь байна. Ийм эрх зүйн орчныг хуулийн системд хийж өгөх ёстой.

Харин манайд шүүх дээр маргалдах гэж байгаа бол гэрээгээ цуцалчихаад хүрээд ир гэдэг кэйс байна. Гэрээгүй юм чинь яаж шүүхээр маргаанаа шийдүүлэх юм бэ. Шүүхийн системд эдийн засгийн суурь ойлголтуудыг өгдөг баймаар байна. Яаж эдийн засгаар хөшүүрэгдэж шүүхийн системийг үр ашигтай болгох тал дээр мэргэжлийн сургуулиудынх нь хичээлийн хөтөлбөрт оруулах ёстой.

-Ингэхэд банкин дахь иргэдийн хадгаламж ямархуу үзүүлэлттэй байна вэ?

-Иргэдийн хадгаламж өссөн үзүүлэлттэй байгаа.

-Нийгэмд банкны талаар сөрөг мэдээлэл их байдаг. Иргэдийг шулдаг, луйварддаг гэх нь их. Банкинд итгэх иргэдийн итгэлийг яаж дээшлүүлэх вэ?

-Иргэд банкны хувьцаа эзэмшигч болсноороо банкинд итгэх итгэл нь дээрдэх ёстой. Банкныхаа мэдээллийг нээлттэй авдаг болно. Банкууд хувьцаа эзэмшигчдээ хуралдаа оролцуулах нь байна.Засаглалын ил тод байдал нь сайжирна. Ийм нөхцөл байдалд хуучин шиг улстөрчид дотоодоосоо дайсан олох гээд банкийг хүүлэгч гээд дайрдаг байдал арилна. Ер нь хүн бусдаас мөнгө зээлэхдээ сайхан ааштай байдаг. Төд хоногийн дотор төлнө гээд амладаг. Амласандаа төлж чадахгүй байгаа хэсэг нь мөнгөө нэхлээ гээд зээл өгсөн хүндээ дургүй болчихдог. Энэ бол хүн төрөлхтний нэг онцлог байх. Уг нь тохь тухтай байр саванд амьдрахын тулд зээлээр авч байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Иргэд таван жил мөнгөө цуглуулж байгаад байр авахын оронд ирээдүйн тэр тохь тухтай орчноо одоо бүрдүүлж хүүгийн төлбөр төлж байгаа. Гэтэл тэр төлбөрөө төлөх болохоор уур нь хүрээд байдаг. Энэ бол монголын банкны системийн хүүтэй холбоогүй. Төв банк нь бодлогын хүүгээ 13 хувь болгочихоор арилжааны банкууд зэх зээлийн зарчмаараа тэрнээс доошлох боломжгүй. Ер нь иргэдэд буруу ойлголт төрүүлэх хөтөлбөрүүдийг аль болох багасгах ёстой. Эсвэл ил зарладаг баймаар байна. Жишээлбэл, “Таны ипотекийн зээл 16 хувийн хүүтэй шүү. Би 10 хувийг нь төлж байгаа. Та зургаан хувиа төл” гээд төр өөрөө ил болгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр татаасыг нь банкинд өгчихөөр банк зургаан хувиар зээл өгөөд байгаа юм шиг ойлгоод байдаг. Тийм зүйл хаана ч байхгүй.

-Монголчуудыг яавал хуримтлалтай, хадгаламжтай болгох вэ. Энэ тал дээр банкуудын зүгээс ямар санаачлага, боломжуудыг иргэдэд санал болгох вэ?

-Энэ тал дээр бид маш их хичээж байгаа. Олон улсын санхүүгийн боловсрол олгох өдрүүд гэж байдаг. “Дэлхийн хуримтлалын өдөр”, “Дэлхийн мөнгөний долоо хоног” зэрэг тэмдэглэлт өдрүүдийг угтаад бид санхүүгийн боловсрол олгох ажлуудыг зохион байгуулдаг. Хүн гэнэт мөнгөний хэрэгцээ гарангуут тодорхой хэмжээний хуримтлалтай байхгүй бол эрсдэлтэй алхам хийдэг. Өндөр хүүтэй мөнгө зээлэх, эд хөрөнгөө зах зээлийн ханшаас доогуур худалдаалах нь элбэг. Тийм болохоор хүмүүс эрсдэлээ даах хадгаламжийн мөнгөтэй байх ёстой. Хажуугаар нь мөрөөдлөө биелүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалттай байх нь чухал. Энэ хоёрыг ямар нэг хэмжээгээр хангаж чадсан хүмүүс санхүүгийн хувьд дарамт багатай амьдардаг. Санхүүгийн хувьд амжилтад хүрсэн 100 хүний намтрыг аваад үзэхэд бүгдэд нь ганцхан онцлог адилхан суусан байсан. Тэд хуримтлуулах хандлагатай хүмүүс байсан. Хүн нийгмийн амьдралд орохдоо мөнгөтэй харилцана. Тэгэхээр тэр ухааныг сурчихаад нийгэмд хөл тавих ёстой. Аав ээжүүд мөнгөө яаж удирдахаа мэдэхгүй болохоор хүүхдүүддээ зааж сургаж чаддаггүй. Ийм байдалтай явахаар буцаад санхүүгийн дарамтад орно. Тэр дарамтаа хэн нэгний буруу гэж хайдаг. Тиймээс санхүүгийн сахилга баттай байж, санхүүгээ зөв удирдах ёстой.

-Системийн таван банкийг олон нийтийнх болгох хууль хэлэлцэхтэй зэрэгцээд иргэд хадгаламжаа их татаж байсан. Яагаад гэвэл нийгэмд “Таны хадгаламжийн хүүнээс татвар авч эхэлнэ. Хадгаламж хүүгүй болно” гэхчилэн сөрөг мэдээллүүд дийлсэн. Ингээд коины луйвар эрчимжсэн шүү дээ. Энэ салбарын мэргэжилтний хувьд тэр процессыг яаж хардаг вэ?

-Тэгэхэд манай улсад бодлогын хүүгийн төвшин буурч эхэлж байсан үе. Ерөнхийдөө суурь нөхцөл нь бүрдээд бодлогын хүү нэг оронтой тоо руу ороод ирсэн. Гэтэл хүмүүс банкинд мөнгөө байлгаад байхаар олигтой өсөхгүй байна. Өндөр ашиг хардаг хэрэг гээд эрсдэлтэй сонголт хийж эхэлсэн. Хамаг мөнгөө алдсан. Тэр үед үл хөдлөх хөрөнгийн салбарт ч бас бүүм болсон. Баахан хадгаламж эзэмшигчид банкнаас мөнгөө татаад байр худалдаж авцгаасан. Өгөөжтэй юм байна гээд сонголтоо хийцгээсэн. Койны хувьд санхүүгийн луйвар гэдгийг мэргэжлийн улсууд өчнөөн сануулж хэлээд байхад иргэд хохирцгоосон. Иргэн Доржтой ойрын хүн “Би коин аваад байр худалдаад авчихсан” гэнгүүт шууд татагдаад ордог. Энэ маягаар дараа дараагийн хүмүүс татагдаж орсоор байгаад илүү их хохирсон.

-Ипотекийн зээл банкин дээр гацчихлаа гэсэн ойлголт иргэдэд бий. Хэзээнээс хэвийн болохоор байна вэ?

-Үнэндээ ипотекийн зээл бол банкны мэдлийнх биш. Засгийн газрын хөтөлбөр. Энэ хөтөлбөр банкуудад их дарамттай байдаг. Банкууд ашиг олдоггүй. Нийгмийн сайн сайхны төлөө гээд л хэрэгжүүлдэг. Гэтэл буцаад балбуулдаг. ШӨХТГ-ын үе, үеийн дарга нар “Банк ипотекийн зээлээс нэг хувийн шимтгэл авдаг нь буруу” гээд иргэдийн талд баахан дуугарч байгаад сайд болчихдог. Нэг гараараа Засгийн газар банкуудаа ингэж балбаад байна. Нөгөө гараараа та нар наад ипотекийн зээлээ олгочих л доо гээд гуйгаад байдаг. Энэ нь манай банкуудад их дарамттай. Монголбанкийг энэ хөтөлбөрөөс гар гэж ОУВС их шахсан. Хууль эрх зүйн хувьд өнгөрсөн 2023 оны дундаас гарах ёстой байсан юм билээ. Хүлээж авах Засгийн газрын байгууллага байхгүй. Тиймээс төв банк үргэлжлүүлээд авч явах байх. Харин сонгуулийн дараа шинэ Засгийн газар яадаг юм бол доо. Ипотекийн зээл оочир дараалал ихтэй болохоор банкны ажилтнууд авлига авч зээл гаргалаа гээд буцаад муу нэр нь банкин дээр ирдэг. Уг нь бол Засгийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөр шүү дээ.

-Зудтай холбоотой малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан. Энэ нь банкуудын үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна вэ?

-Байгалийн гамшигт үзэгдэл манай улсад анх удаа болж байгаа юм биш. Үер ус, цас зуд хэдэн жилийн давтамжтай тохиолдсоор ирсэн. Сүүлийн үед дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой ойр, ойрхон тохиох магадлалтай байна. Тэр дундаа Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орон. Тэгэхээр байгалийн гамшигт үзэгдэлд бэлтгэх санхүүгийн механизмууд бэлэн байдаг. Үүн рүү чиглүүлэх асуудал бий. Малын индексжүүлсэн даатгал гэж бий. Одоо нийт малчдын арав хүрэхгүй хувь нь даатгуулсан байдаг юм билээ. Банкууд зээл олгохдоо малчдыг даатгалд хамрагдсан байхыг шаарддаг болох хэрэгтэй. Цар тахлын үеийн ипотекийн зээлийг хойшлуулснаас өөр нөхцөл байдал. Ковид дэгдэнэ гэж хэн ч бодож байгаагүй. Харин сонгуулийн өмнө зээл хойшлуулна, хөнгөлнө, чөлөөлнө гэхээр иргэдэд буруу дадал суулгаж байгаа нь харамсалтай. Эдийн засгийг тэлэхэд сонгуулийн өмнөх популист шийдвэрүүд их хортой байдаг.

М. МӨНХЦЭЦЭГ