Categories
мэдээ цаг-үе

НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-нд болно DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хурал өчигдөр боллоо.

Хурлаар Тогтоолт өөрчлөлт оруулах тухай, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тухай хэлэлцсэн юм.

зураг

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.

Тодруулбал НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн  шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2,016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Эдгээр иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй, мөн үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломжгүй болсон байна.

зураг

Иймээс уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын 2022 оны “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай” 43 дугаар тогтоолын Чингэлтэй дүүргийн 12,16, 21, 22 дугаар хороотой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулсан юм.

Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэхийг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо дэмжлээ. НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Батхишиг: Монгол авторитар дэглэм рүү ойртсон 25 улсын жагсаалтаас гарах эсэх нь энэ сонгуулийн үр дүнгээс шууд хамаарна DNN.mn

УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч П.Батхишигтэй ардчиллын индексийн хүрээнд ярилцлаа.


-Тэртээ 1990 онд Ардчилсан гэгдэх орны жагсаалтад орж байсан Монголын ардчилал өнөөдөр ямар түвшинд хүрээд байна?

-Социалист системийн дагуул болон хойгуурхан бас ядруухан явж ирсэн улс бол Монгол. Манай улс ардчиллын давлагаанд өртөж бас зарим нэг хүний дүгнэлтээр ардчилсан улс болох цаг хугацааны тохиол болсноор төв Азид цэнхэр өнгөөр гэрэлтэх болсон цаг саяхан. Хоёр том хөршийн дундах ардчиллын баянбүрд гэсэн нэршлийг америк эрхэм нэгэнтээ өгч байсан. Урд хөрш энэ хугацаанд эдийн засгийн өсөлтөөр манлайлж, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг болохын зэрэгцээ улс төр, эдийн засгийн хүчтэй бодлого явуулсаар байна. Харин хойд хөрш маань байгалийн баялагт дулдуйдсан хүчирхэг эдийн засгаар дамжуулан улс төрийн тоглолтуудыг хийсээр иржээ гэж хэлж болно.

-Гэтэл манай орны хувьд эдийн засаг талаасаа урд, хойд хөршөөсөө хараат байдалтай оршиж байна, тийм үү?

-Эрчим хүч, шатахуун түлшний хувьд хойд хөршийн импортоос, харин экспорт маань худалдан авагч урд хөршөөс хамааралтай явж ирсэн нь одоо ч хэвээрээ байна.

Ойрын ирээдүйд ч том өөрчлөлт гарахгүй биз. Энэ 34 жилийн хугацаанд эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжиж чадаагүй ч оюун санааны хувьд монголчууд хэзээ ч эргэж буцахгүй олон дэвшилд хүрч чадсан гэж би хэлнэ.

-Тухайлбал, ямар дэвшилд хүрээд байна гэж та харж байгаа юм бэ?

-Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх гээд эрх 1990 оноос өмнө боломжгүй зүйл байсан гэхэд итгэхгүй хүн олон. Өнөөдөр нийт хүн амын 70 орчим хувь нь 35-аас доош насныхан байгаа тул тэд үүнийг хэзээд байсаар ирсэн зүйл гэж ойлгодгийг зэмлэх аргагүй. Гэтэл энэхүү нийгмийн дэвшлийг үл ойшоох, хуучнаа санагалзах нийгмийн хэсэг ч бий. Тэднийг ч бас буруутгах аргагүй. Учир нь өнөөдрийн амьдрал нь тэр үеэс доройтсон байж ч мэдэх. Түүхийн хуудсыг эргүүлбэл олон ургальч үзлийг зөвшөөрч шашин, соёл, улс орнуудыг холбон захирч, шаардлагатай бол дайсантай ч найрамдан, төр улсаа байгуулсан нь өнөөгийн ардчилсан дэглэмийн олон шинжүүдийг харуулдаг.

-Тэр ардчилал гэж яриад байдаг зүйл угтаа яг юу юм бэ?

-Ардчилал бол ард түмнээсээ төлөөлөн сонгогдсон олонхын засаглал. Тэр нь ардчиллаас ухрах, дарангуйлал руу шилжихгүй гэх баталгаагүй. Учир нь олонхын дэмжлэгээр басхүү сонгуулиар гарч ирсэн А.Хитлер, Муссолини хожим улс орондоо төдийгүй дэлхий нийтэд сүйрэл авчирсан дарангуйлагч болсон жишээ олон. Нэг үнэн зүйл бол ардчилсан сонгуулиар ардчилсан бус дарангуйлагч төрсөн тохиолдол цөөнгүй. Харин ардчилсан бус сонгуулиар ардчилсан улс болсон жишээ байхгүй байх аа. Бидний энэ нийгэм бол түмэн асуудлын зангилаа шүү. Түүнийг арай нааштай шийдчих болов уу гэж нэр дэвшигчийг дугуйлан, хэнээр төр бариулахаа сонгодог. Өнгөрсөн хугацаанд долоо, найман удаа төрийн сонгууль өгч, авч үзсэн иргэд одоо ч гэнэн хэвээр байгаа. Төрийн төлөө зүтгэх намууд ч өлөн хэвээр байна. Гагцхүү төлөөллийн зарчмаар хийж буй сонгууль ардчиллын гол суурь, түүнд чөлөөтэй оролцож санал өгч, нэр дэвшигчид нь санал авч буй нь ардчилсан дэглэмтэй улсуудын хувьд жирийн явдал. Харин энэ бол дарангуйлагчтай улс орнуудын хувьд хэзээ ч бүтэхгүй мөрөөдлийн нэг.

-Ардчиллыг та өөрийнхөөрөө тайлбарлалаа. Хүн болгон өөр өөрийнхөө үзэл бодлоор хэлэх байх. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд ардчиллын индексээрээ сүүлийн жилүүдэд ухарсаар байна. Үүнийг та судлаач хүнийхээ хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Сүүлийн тав, зургаан жил Монголын ардчиллын индексийг бууруулсан үнэлгээ өгч буй олон улсын хөндлөнгийн байгууллагууд 2023 оны үнэлгээг зарласныг харсан. “Economist Intelligence Unit” олон улсын байгууллага 167 улс орнуудаас Монгол Улсыг 2022 онд дөрвөн байр ухраан 66, 2023 онд долоон байр ахиулж 59-д эрэмбэлжээ. Тэдний ашигладаг үзүүлэлтүүд нь сонгуулийн үйл явц, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө юм. Энэ үнэлгээг хойш татдаг гол үзүүлэлт нь Засгийн газрын үйл ажиллагаа. Энэ нь 5.71 гэсэн үзүүлэлттэй байна. Харин улс төрийн соёлд 5.63 үнэлгээ өгч. Үүгээрээ Монгол Улс Азийн 28 улсаас 11-д эрэмбэлэгдэж байна.

-Нөгөөх нь мэдээж V-Dem байгууллагаас гаргасан эрэмбэ байх, тийм үү…?

-Тийм ээ. V-Dem олон улсын байгууллагын 2023 оны тайланд 77-д жагссан Монгол Улс дөрвөн байр ухарч 81-д эрэмбэлэгджээ. Үндсэн зургаан индексээс нэг нь тогтвортой, нэг нь өссөн, үлдэх дөрөв нь өмнөхөөс дордсон үнэлгээтэй гарсан нь Монгол Улсын ардчилал ямар шатанд байгааг харуулсан бодит үнэлгээ юм. Учир нь энэ үнэлгээг бусад олон улсын байгууллагууд ашигладаг.

-Үнэлгээгээр ийн хойшлох нь ямар сөрөг үр дагавар бий болгох вэ. Эдийн засаг талаасаа ч гэх үү…?

-Үнэлгээг хойш татсан эхний хэсгийг харвал Засгийн газрын зүгээс хэвлэл мэдээлэлд хяналт тавих, сэтгүүлч ажлаа хийхэд саад хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах гээд өнөөдрийн дүр зураг харагдана. Мөн сонгуультай холбоотой сонгогчийн бүртгэл, санал худалдан авах болон иргэний нийгмийн оролцоонд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх талаар үзүүлэлтүүд ч байна. Тодруулбал ардчиллын үнэт зүйл, зарчим хэр хамгаалагдсан байгааг л үнэлээд байна гэсэн үг.

-Бусад улс орнуудын хувьд энэхүү индексээрээ ямар байна. Мэдээж манайхтай харьцуулбал шүү дээ…?

-Монгол Улстай ойролцоо үнэлгээ авсан улс орнуудыг харвал хэдхэн жилийн өмнө эдийн засаг нь дампуурч, бослого тэмцэл өрнөж байсан Шри-Ланка 79, ардчиллаас ухарч байгаа улс орны жишээ болж буй Польш 72, иргэний дайны гал унтарч буй Сьерра Леон 85, авторитар дэглэм рүү буцах шинж орсон Индонез 87-д жагсчээ. V-Dem байгууллагын 2023 оны тайланд ардчилсан тогтолцоотой 89, автократ тогтолцоотой 90 улс орон байна гэж дурджээ. Тэр дундаа либерал ардчилалтай улс орны тоо 35 жилийн өмнөх рүү очсон нь дэлхийн нийт хүн амын 13-хан хувийг хамарч байна. Гэтэл нөгөө талд харьцангуй олон хүн амтай улсуудад хаалттай автократ, сонгуулийн автократ дэглэм ноёрхож байна.

-Ардчиллаас автократ дэглэм рүү шилжинэ гэдэг нь ямар учиртай вэ?

-Ардчилсан дэглэмээс автократ дэглэм рүү шилжсэнээр ардчиллын институтүүдийг үгүй хийх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх болон бусад эрхүүдийг хязгаарлах, халдах, хэвлэл мэдээллийн амыг барих, шүүх цагдаагаар айлгаж дарамтлах, иргэний нийгмийн байгууллагуудыг хавчих, хянах зэргээр мөнөөх ардчиллын үр дүнг үгүй хийж эхэлдэг. Ардчилал бүдгэрч буй гол бүс нутгууд нь Ази, Номхон далайн бүс нутаг бөгөөд Зүүн Европ, Төв Ази, Латин Америкт байдал хүйтэн дайны дараах түвшинд хүрснийг онцолж байна лээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн доройтол 35 улсад, ил тод нээлттэй сонгууль явуулах байдал 23 улсад, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа 20 улсад өмнөхөөсөө дордсон нь дээрх дүгнэлтийн гол тайлбар болно. Түүнчлэн авторитар дэглэм рүү тун ойртсон 25 улс, ардчилсан дэглэм рүү дөхсөн есөн улс байгаа нь энэ онд 60-аас илүү улсад болох улс төрийн сонгуулийн үр дүнгээс цаашдын ирээдүй тодорхой болох биз. Хаалттай автократ дэглэмтэй Хятад, Иран, Арабын улсууд нийт 33, сонгуульчлагдсан автократ дэглэмтэй ОХУ, Энэтхэг, Турк тэргүүтэй 55, сонгуульчлагдсан ардчилалтай Бразил, Аргентин зэрэг 46, либерал ардчилсан дэглэмтэй Япон, АНУ зэрэг 32 улс, саарал бүсэд орсон 13 улс байна.

-Асуудлын гол нь хөндлөнгийн олон улсын байгууллагуудын үнэлгээг бид хэрхэн хүлээн авч, сайжруулах вэ?

-Өнгөрсөн жилүүдэд нэг нам дангаар засаглаж, төрийн бүхий л шийдвэр гаргалт дээр сууж байгаагийн хувьд үүнийг сайжруулах юу хийв гэдгийг эхлээд асуух хэрэгтэй. Тэрнээс илүү сайжруулах хүсэл зориг байна уу гэж. Жирийн ард иргэдийн хувьд нэг л өдөр хумигдах биш, аажмаар ирэх ардчиллын үнэт зүйл болох эрх чөлөө, үндсэн хуулиар олгогдсон бусад эрхүүдийн алсралыг төдийлөн мэдрэхгүй байж ч мэднэ.

Учир нь сүүлийн 33 жил буураагүй ядуурал, ажилгүйдэл, өдөр тутмын амьжиргааны төлөө том үнэт зүйлээ анзааралгүй гүйдэг. Тиймээс ардчиллын үнэт зүйлийг хамгаалах нь сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд, идэвхтэй иргэд байдаг. Харин одоо бид өөрсдөдөө дүн тавих цаг болж. Бид ардчилсан дэглэмээс авторитар дэглэм рүү буцаж байна уу, сонгуулиар халхалсан дарангуйлал тогтож байна уу. Бид үүний эсрэг юу хийж чадах вэ. Тэгэхээр өдөр бүр сорилттой тулгардаг ардчиллын төлөө та юу хийж чадах вэ. Энэ мэт бид өөртөө дүгнэлт хийх цаг болсон. Өөрөө өөрсдөөсөө асуух цаг ирсэн.

 

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүний чимэг “Эв брэнд” DNN.mn

Монголын үндэсний хувцасны үйлдвэрлэл эрхлэгч, 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй “Үнэ цэнэ, чанарыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулав” уриатай “Эв брэнд” Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол Сангаас санаачлан зохион байгуулсан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүний ивээн тэтгэгчээр оролцлоо. Үндэсний түүхэн уламжлалт загвар, гоёл дээр тулгуурлан ур хийц, чанарыг эрхэмлэн хэрэглэгчдэдээ хүргэхийг зорилгоо болгодог тус брэндийн хамт олон цэнгүүнд оролцсон азтай аавд хийц, үнэ цэнэ, ур ухаан шингэсэн дээлээ өргөн барьсан нь зочдын талархлыг ихээхэн хүлээсэн билээ.

Үндэсний хувцасны үйлдвэрлэгчдээс өөрийн гэсэн сонгодог загвар, үйлийн уран, өнгө донжоороо эрхгүй ялгардаг тус брэндийг дотоодын төдийгүй хилийн чандаас ч захиалан урлуулдаг аж.

“Эв брэнд”-ийн хамт олон цаашид үндэсний өв соёлоо дээдэлсэн, үнэ цэнийг агуулсан олон нийтийн арга хэмжээ, сайн үйлсийн аянд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин оролцохоо илэрхийлсэнд “Дэлхийн Монгол Аавууд” төслийн багаас онцлон талархал илэрхийлж, хамтран “Аав” брэндийг бий болгохоор боллоо. Монгол донжоо, дээл хувцсаа үндсэн хэв шинжээр нь хадгалан урлаж буй “Эв брэнд”-ийнхэн ирэх зуны баяр наадмын гоёлуудаа “Зайсан Голден Будда” дахь дэлгүүр дээрээ гаргаад эхэлсэн ч “Аав” брэндээ шуурхайлан гаргахаа илэрхийлсэн юм.

 

 

Б.ЭНХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Гүндалай: “Ард түмний хүч” намаасаа нэр дэвшинэ DNN.mn

“Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд юу хийж байна вэ?

-Хийсэн зүйлгүй л байна даа. Сонгуульд бэлдээд, хэдэн залуус нэр дэвшүүлэх гээд сууж байна.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Миний бие “Ард түмний хүч” намаасаа энэ сонгуульд оролцоно. Намынхаа дарга нь буцаад би болсон. Улсын дээд шүүхэд бичгээ өгчихсөн. Энэ долоо хоногт бүх гишүүдийнх нь хурал болно гэсэн. Энэ хурлаараа миний нэрийг бүртгээд авчих байх гэж бодож байна.

-Бүртгэхгүй бол яах вэ?

-Хамаагүй шүү дээ. Бүртгэх гүй ч гэсэн дүрмийнхээ дагуу хурлаа хийгээд би намын дарга нь болсон. Тэгэ хээр даргаараа л явна. Дээд шүүх бүртгээгүй л юм байгаа биз. Гэхдээ бүртгэх байлгүй дээ гэж бодож байна. Бүх материал, баримт нотолгоогоо бүрэн өгсөн байгаа.

-Таныг энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ гэж яриад байсан. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр тийм уулзалт, яриа болсон уу?

-Болсоон болсон. Би чинь Ардчилсан намд С.Эрдэнэ намын дарга гэж байх үед эргээд орсон. Тэгээд намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан. С.Эрдэнэ чинь цахим сонгууль гэдэг зүйлээрээ намайг ялчихсан.

-Саяхан бас Н.Номтойбаярын тэргүүлж байгаа үндэсний эвсэлд орсон гээд л байсан?

-Юу гэж дээ. Би тэдэнтэй нэгэнтэй нь ч уулзаагүй. Би чинь өөрийн гэсэн намтай хүн. Худлаа яриа байна. Бусдын намд орж явах хүн мөн үү, би. Хэрэв уулзаж, ярилцсан бол эвсэх тухай л ярих байсан биз.

-Нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хугацаа энэ долоо хоногт дууссан. Танай намын мөрийн хөтөлбөр цэгцэрч байна уу?

-Энэ долоо хоногийн пүрэв гаригт манай намын хурал болно. Түүгээрээ мөрийн хөтөлбөрөө батална.

-Та тойрогт хүч үзэх бодолтой байна уу. Аль эсвэл намынхаа жагсаалтад орох юм уу?

-Одоогийн байдлаар дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймгуудад өрсөлдөнө гэсэн бодолтой, яриа хөөрөөтэй л явна.

-Өнгөрсөн сонгуульд таныг хамгийн бага зардлаар оролцож, ялалт байгуулах дөхсөн гээд л ярьдаг. Тэгэхээр танай нутгийн ард түмэн танд их хайр, хүндэтгэлтэй ханддаг шиг санагдах юм. Энэ чухам юундаа байна вэ?

-Манай Хөвсгөлийнхөн ер нь надад гайгүй шүү дээ. Би чинь бас тийм ч муу улстөрч биш. Дээрээс нь Хүүхдийн мөнгийг анх санаачилж байлаа. Одоо Монголын маань хүүхдүүд 100 мянган төгрөг аваад явж байгаа чинь миний санаачилга. Үүнийг хүмүүс мартдаггүй, мэдэх нь мэддэг юм билээ.

-Та нэлээд эрчимтэй л айвчин болсон. Мартагдахгүй байх гэсэн нэг арга уу?

-Одоогоос таван жил буюу сонгуулийн өмнө лайв хийж эхэлсэн. Сонгуулийн үеэр онгоцны суудал өгөлгүйгээр Тайландад зориуд үлдээсэн. Тэгэхээр гадаадаас лайв хийж, сонгуулийн сурталчилгаагаа хийхээс өөр арга байгаагүй. Ингээд сонгуулийн өмнөх өдөр Монголдоо ирэхэд 21 хоногийн карантинд нөхдүүд хийж авсан. Түүнээс хойш зав чөлөөгөөрөө лайв хийж байна. Миний ард чинь бусад шиг баг, студи, туслах байхгүй. Ганц гар утастайгаа л үзсээр байгаад Монголын хамгийн олон дагагчтай нөлөөлөгч болсон.

-Хэд хоногийн өмнө Д.Мөнх-Эрдэнэтэй сошиалд асуудал үүсгээд авсан. Чухам юунаас үүдсэн хэрэг вэ?

-Би уг нь огт мэдээгүй юм. Тэгсэн нэг дүү маань “Нөгөө Д.Мөнх-Эрдэнэ чинь таны дайснуудтай нийлчихсэн байна” гэсэн. Тэгээд үзсэн чинь намайг гүтгэдэг нөхдүүдтэй яг адилхан зүйл яриад байсан.

-Зайсангийн газрын асуудал байсан уу?

-Зайсангийн газрыг би л зараад, баяжаад байгаа юм байх аа.

-Таныг яагаад энэ Зайсангийн газартай холбоод байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, Зайсанд манай дүүгийн дулааны нэг шугам, хоёр га газар байдаг юм. Газар нь одоо ч бүр багасчихсан байна лээ. Дулааны шугамаас нь баахан хүн хулгайлаад бөөн хэрүүл болсон. Тэр хэрүүлдээ л намайг хавчуулж, дайрдаг. Би үүнийг нь тоодог ч үгүй. Намайг унагаах зүйлгүй болохоороо л энэ асуудлыг сөхдөг. Энэ бол цэвэр дайралт, гүтгэлэг. Үнэхээр зарж үрсэн гээд байгаа газрыг нь олоод ирэх хэрэгтэй. Тэр бас олддоггүй юм шиг байна лээ, хөөрхий.

-Та чинь уг нь шоронд хоригдож байхад нь эргэж очоод л, хуурай ах, дүү гээд байсан биз дээ?

-Шоронгоос гарч ирээд нэг л өдөр над руу дайрсан. Тэр өглөө нь би өөр рүү нь хэд, хэд залгасан. Утсаа аваагүй. Дараа нь яасан олон залгадаг юм гэж загнаад салгасан. Итгэж, тусалж, хамгаалж явсан дүү маань дайснуудтай минь нийлж араас хутгалах гэж дээ гэж бодоод л өнгөрсөн. Бодвол шоронгоос гарахдаа амлалт өгөө биз. Нэг ёсондоо МАН-ын захиалгаар л яваад байна уу гэж бодсон.

-Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Дээрээс нь шинэ тогтолцоо, системээр явагдана. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Үүнийг би зөв л гэж бодож байгаа. Гишүүдийн тоо нэмэгдсэн нь сайн болон муу талтай. Тойрог томорсны сайн нь их. Яагаад гэхээр жижиг тойргийг мөнгөтэй олигархууд мөнгөөр зодоод гарчихдаг. Харин энэ сонгуулийн үр дүнгээр нэлээн алаг эрээн парламент болох болов уу гэж харж байгаа. Тэр нь ч дээр.

-Эрх баригчдад ашигтай тогтолцоо гээд байгаа дээр юу хэлэх вэ?

-Эрх баригч нам чинь мөнгөтэй, олон гишүүнтэй. Мөнгөөр худалдаж авдаг ядуу хэсэг нь их. Угаасаа л эрх баригчид бүх л сонгуульд давуу талтай оролцдог. Тэгж л ирсэн. Энэ удаад тойрог нь том болохоор хувь нэр дэвшигчийн мөнгө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй байх. Гэхдээ л илүү санал авах боломжийг олгоно. Том болсон нь харин ч жижиг намуудад ашигтай. Хоёрдугаарт, МАН найман жил төр барьсан. Энэ хугацаанд авлига, хулгай, утаа, түгжрэл огт буурсангүй. Улам нэмэгдлээ. Илүү системтэй хулгайлж, луйвардлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ маш их өслөө. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт хэцүү болж байна. Тиймээс эрх баригчид энэ сонгуульд орох үнэхээр хэцүү. Ардчилсан нам ч гэсэн олигтой сөрөг хүчин хийж чадсангүй. Толгойгоо олохгүй баахан будилсан. Тэгэхээр гуравдагч хүчний намуудад их боломж бий. Ард түмэн ойлговол ойлгохоор л хугацаа өнгөрлөө.

-Гэхдээ л хоёр том нам нь яаж ийгээд л гараад ирэх юм байна шүү дээ?

– Герман улсад “Эсэргүүцлийн сонголт” гэж хэллэг, ойлголт байдаг. Аль нэг улс төрийн хүчин гарч ирээд ажлаа хийж чадахгүй бол ард түмэн ийм сонголт хийж, гуравдагч хүчний намуудыг дэмждэг. Тэгэхээр энэ жил монголчуудын маань хувьд эсэргүүцлийн сонгууль хийх тохироо нэгэнт бүрдсэн. Энэ хоёр нам 34 жил төр барьлаа. Бүхий л болохгүй байгаа зүйлтэй энэ хоёр нам холбоотой. Хэн нь ч үүнийг засаж, сайжруулъя гэсэнгүй. Тиймээс ард түмэн маань ухаантай учраас энэ хоёр намд шанаа өгөх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 21, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, Үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 06:52 цагт мандаж 19:06 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2024 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд   18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгууль ба “Сонгох ёслол” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-03-21-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Шинэ намын дарга,
доктор Ц.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Засгийн газарт малчдын зээлийг нэг удаа тэглэх боломж бий юү гэвэл бий” хэмээн ярилаа. Энэ тухай I, V нүүрээс уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.
  • Улаанбаатарын эвгүй үнэр нүүрсэн яндангүй приусуудын утаанаас гаралтай юу. Энэ тухай I болон “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгууль ба “Сонгох ёслол” нийтлэл хэвлэгдлээ. 

  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл манай улсад айлчилна.
  • Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцыг өчигдөр сурвалжиллаа. Төв цэвэрлэх байгууламжийн дарга О.Оюунбаяр “Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга, шугам хоолойн угсралтын ажил 85 хувьтай байна” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗАР: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр боллоо

  • Кофены тэмцээний олон улсын шүүгч “Grand Barista” Илиа Нуомо “Монголын кофены соёл өсч, хөгжсөнийг мэдэрлээ” хэмээн ярилаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Рамштайны уулзалт: АНУ Украин сүйрэхийг зөвшөөрөхгүй

  • “Сэр сэр салхи” киноны найруулагч П.Лхагвадулам “Нүдэнд үзэгддэг, эсвэл сэтгэлээс гардаггүй тийм мэдрэмжийг л үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг” гэлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Далан суваг, шуудуу руу үнс нурам, хог хаягдал хийхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

“Уруйн болон шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй байдаг” гээд УБЗАА-наас дараах зөвлөмжийг өглөө.

Далан суваг, шуудуу руу үнс нурам, төрөл бүрийн хог хаягдлыг хаяж бөглөхгүй, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй, зам товчлох, гулгах зорилгоор мөсөн дээгүүр явахгүй, зөвшөөрсөн гүүрэн замаас өөр бусад эрсдэлтэй гарц, гармаар зорчихгүй, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдиролыг өөрчлөхгүй байхыг зөвлөв.

Шар усны үерээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Орчныхоо хуримтлагдсан цас мөсийг цэвэрлэх, зөөх
  • Усны урсгалыг чөлөөлөх, шуудуу ухах
  • Шороо далан босгох
  • 4.Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай
  • Харьяа дүүргийн мэргэжлийн албан хаагчдаас нөхцөл байдлаас шалтгаалан дэмжлэг хүсэх
  • Аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах ёстой юм байна.
Categories
мэдээ нийгэм

Орон нутагт малын сэг, зэм цэвэрлэх ажилд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг танилцууллаа.

Тодруулбал орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах нэг тэрбум 800 сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасан байна.

Түүнчлэн

  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
  • 2024 оны нэгдүгээр сарын 23-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.
  • Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгууллаа.
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг хангах чиг үүрэг бүхий Ажлын албыг Гадаад Харилцааны Яамны дэргэд байгууллаа.

 

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНГ