Categories
мэдээ нийгэм

Чансаа өндөр шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаанд болно DNN.mn

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр шилдэг 64 бөхийн энертайнмент барилдаан 15:00 цагаас болно.

Тус барилдаанд улсын цолтой 40 бөх, аймгийн цолтой 20, сумын цолтой 4 бөх барилдах аж.

Бөхчүүд барилдахдаа учраа бөхөө сугалаа сугалж барилдах юм.

Түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүр бөхийг 5 сая төгрөгөөр, шөвгийн 4 2.5 сая, 3 давсан бөхийг 500.000, 2 давсан бөхийг 400.000, 1 давсан бөхийг 300.000 төгрөгөөр шагнах юм байна.

Барилдаанд,

  • Улсын аварга Н.Батсуурь
  • Улсын арслан Р.Пүрэвдагва,
  • Улсын гарьд Ц.Бямба-Отгон
  • Улсын заан Б.Батмөнх
  • Улсын заан Б.Серик
  • Улсын заан Б.Бат-Өлзий
  • Улсын заан Д.Анар
  • Улсын заан Ц.Одбаяр
  • Аймгийн арслан М.Баяржавхлан
  • Аймгийн арслан Н.Өсөхбаяр
  • Улсын начин Б.Даваа-Очир
  • Улсын начин Б.Чимэдвандан
  • Улсын начин Д.Амаржаргал
  • Улсын начин Д.Амарсайхан
  • Улсын начин Д.Хүдэрбулга
  • Улсын начин Н.Баярбаатар
  • Улсын начин Ө.Батзул
  • Улсын начин Х.Цогтгэрэл
  • Улсын начин Э.Даш
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Г.Бадрах
  • Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
  • Улсын харцага Н.Золбоо
  • Улсын харцага Т.Баасанхүү
  • Улсын харцага Х.Гантулга
  • Улсын харцага Ш.Пүрэвгарьд
  • Цэргийн заан Ө.Батсуурь нар оролцохоор болжээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Замын-Үүд”, “Хавирга”, “Бичигт”, “Шивээхүрэн” хилийн боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо DNN.mn

Монгол Улсын “Замын-Үүд”, “Хавирга”, “Бичигт”, “Шивээхүрэн” хилийн боомтуудаар 8-аас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо.

Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор 8-аас доош хүний суудалтай автомашиныг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн.

Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм.

Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-42 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 80 см хүртэл зузаан цастай.

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.2 хэмээр дулаан, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-1.7 хэмээр хүйтэн, хур тунадас 60 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 29-55 насны 10 иргэн нэг дор угаартаж нас баржээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт энэ сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага иржээ.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Сэр сэр салхи” киноны найруулагч П.Лхагвадулам: Нүдэнд үзэгддэг, эсвэл сэтгэлээс гардаггүй тийм мэдрэмжийг л үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг DNN.mn

Наадмын үеэр найруулагч П.Лхагвадуламтай ийнхүү хөөрөлдөв.


-Японд анх удаа ирээд Осакагийн кино наадамд оролцож байна. Ямар санагдаж байна?

Өнгөрсөн жилийн 9 дүгээр сард Венецийн Олон Улсын Кино Наадамд дэлхийн нээлтээ хийж удалгүй Торонто, Пусаны гээд томоохон наадмуудад шалгаран оролцлоо. Африк тивийн хамгийн том наадам Морокко улсад болдог Марракеш Олон Улсын Кино наадамд бас оролцлоо. Анх удаа Японд ирлээ. Азийн орны үзэгчдээс бас огт өөр мэдрэмж авлаа. Илүү хүлээцтэй, гүн тусгаж хүлээж авч байх шиг санагдаж байна. Гадаадын үзэгчдэд бол сонин содон санагдаж, сонирхон үзэж байгаа боловч яг утгыг нь мэдэрч, цаана орших философийг нь ухаж ойлгож үзэж байгаа нь азиуд болов уу. Нүдэнд харагдахгүй ч бидний дунд байгаа сүнслэг оршихуй, биет бус зүйлийн тухай азиудад их ойрхон ойлгогддог болов уу? Барууны болон Европын орнуудад монотеиз буюу нэг бурхантай гэсэн ойлголт илүү давамгай оршдог. Энэ амьдралдаа бус үхсэний дараа бурхантай уулзана гэдэг ч юм уу сүнсэн амьдрал дараагийн ертөнцөд бий гэсэн ойлголттой байхад Азид бол бидний дунд сүнсэн оршихуй бий гэж үздэг. Ертөнцийг харах өнцөг арай өөр өөр юм л даа.

-Монгол, Франц, Португал, Нидерланд, Герман, Катар улсын хамтарсан “Сэр сэр салхи” кино олон улсын хамтын уран бүтээл. Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад ямар байдаг вэ?

-Шилүүс” гэдэг киноны зураглаач маань магистрт хамт сурч байсан энэтхэг хүн байсан. Бид хоёрын арга барил хамт сураад бие биенээ ойлгодог болчихсон байсан учраас ч тэр үү ажиллахад их амар байсан. Бүрэн хэмжээний кинондоо бол Португалын компаниас хөрөнгө оруулсан учир португал зураглаач ажилласан. Гайхамшигтай байсан. Гадаадаас хамтран ажиллах хүмүүсээ зүгээр нэг авьяастай, сайн гэдгээр нь сонгохгүй. Хэр гар нийлж, ажиллаж чадах уу гэдэг л хамгийн чухал байдаг. Авьяас бол мэдээж байх ёстой. Дээр нь олон улсын төсөл дээр ажилласан туршлагатай, португал зураглаач маань Африк болон Европын нэлээд олон орноор ажиллаж байсан, өөр хэл соёл, зан заншилтай хүмүүстэй ажиллаад сурчихсан, улс орон бүрийн киноны ажлын арга барил, дадал нь өөр, өөр байдаг гэдгийг ойлгоод тухайн хүмүүсийн аясаар ажиллаж бас тэднээс суралцаж, ажиллахыг мэддэг хүмүүстэй хамтарч ажиллах нь их чухал. Дууны оператор бас франц хүн. Их олон төсөл дээр, хамгийн сүүлд Киргиз улсад ажилласан туршлагатай мэргэжлийн улсууд байсан юм.

-Манай Монголын кино уран бүтээлчид тэднээс юугаараа давуу, эсвэл сул тал ч юм уу ер нь юу ажиглагддаг вэ?

-Монгол уран бүтээлчид үүрэг гүйцэтгэхдээ маш сайн. Ажлыг маш сайн хийдэг. Кино урлагт чин зүрх сэтгэлээсээ хайртай, бор зүрхээрээ, хувийн амьдралаа хаяад ч хамаагүй зүтгэдэг хүмүүс. Үнэхээр кино урлагт үлдэж, оршин байхыг тэд хүсдэг, ажил гэдэг утгаар нь ч биш, кинондоо дурлан, чин сэтгэлээсээ ажилладаг. Сэтгэх, бүтээлч байх тал дээр л жаахан учир дутагдалтай байдаг. Туршлага дутдаг гэх үү. Ихэнх найруулагч яг энийг, энийг гээд хэлээд, тушаагаад тогтчихдог. Тэрийг л багийнхан нь яс гүйцэтгэдэг байх жишээний. Миний арга барил бол багийн уран бүтээлчдээсээ нэг кадр авах боллоо гэхэд гурван өөр хувилбарын санал бодлыг сонсохыг хүсдэг. Би багийн уран бүтээлчдээсээ криэтив буюу бүтээлч сэтгэлгээ, санаа оноог нь хүсээд байна гэсэн үг л дээ. Найруулагч хүн бол мэдээж аль хувилбар гэдэг дээр эцсийн шийдээ өөрөө гаргана. Өөр өөр сэтгэсэн сонголтуудыг би аль болох сонсохыг хүсдэг л дээ. Магадгүй надтай ажиллахад энэ нь яршигтай санагдаж магад. /Инээв/ Мэргэжлийн хүний санааг нь сонсох гээд л тэднээс юм л хүлээгээд байдаг. Тэдний санаа оноон дээр тулгуурлаж би шийдээ гаргахыг хүсдэг.

-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад ямар бэрхшээл тохиолддог вэ?

-Тэдний арга барил нь огт өөр, цагийн хувиарлалт зэрэг зүйлүүд дээр зөрөлдөх тохиолдол гарч байсан л даа. Найруулагч хүн мэдээж боломжийнхоо хэрээр л зургаа авахыг хичээнэ. Гэхдээ би нэг тийм хийсвэр баримтлал, төлөвлөгөө, цагийн давчуу хөтөлбөрт баригдах дургүй л дээ. Цагийн төлөвлөгөө хэдэн долоо хоногийн өмнө гарчихна. Зураг авалт эхлэхэд гарцаагүй өөрчлөлт энэ тэр орох нь ойлгомжтой. Тэгэхэд хэдэн долоо хоногийн өмнө гаргачихсан төлөвлөгөөндөө амьд процессыг багтаах гээд байдаг яршигтай зан бас гадаад уран бүтээлчдэд байдаг. Уян хатан байдал жаахан дутагддаг гэх үү. Зураг авалтын талбай дээр гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломжийг Монголд илүү их болгомоор санагддаг юм. Маш их зүйлийг харилцан суралцдаг. Одоогоор бидэнд туршлага солилцох хамтын ажиллагаа их дутагдаж байна. Европт бол хил хязгаар нь ойрхон болоод ч тэр үү уран бүтээлчид нь их олон улсаар аялаад ажиллачихсан байдаг. Арга барил, мэдээлэл солилцоо, амьд хөгжил тэр уран бүтээлчдийн дунд халуунаар өрнөөд буцлаад байдаг. Харин монгол уран бүтээлчдэд минь олон улсын уран бүтээлч нартай хамтарч ажиллах нөхцөл бололцоо сайн бүрдэхгүй байна.

-Найруулагч гэдэг багын л мөрөөдөл байсан уу?

-Ээж шигээ эмч болъё гэж боддог байсан ч эцсийн сонголт минь найруулагчаар сурах болоод алс холын Турк улсад сурч төгсчихөөд хэдий аав ээждээ амласан эмч болоогүй ч хүний сэтгэлийг эмчилж, илааршуулах кино урлагт хөл тавьсандаа маш их баярлаж байсан юм. “Шилүүс” богино хэмжээний киногоо 2019 онд хийж, Каннын кино наадамд анх удаа дэлхийн нээлтээ хийж байсан. “Есдүгээр сарын цас” кино маань 2021 онд Венец, Торонто наадамд дэлхийн нээлтээ хийсэн. Киноны орчинд байж зураг авалтын талбайд ажиллана гэдэг жинхэнэ өөрийгөө мэдэрч, маш онцгой санагддаг юм л даа.

-Киногоо “Сэр сэр салхи” гэж нэрлэсний учир юу вэ?

-“Сэр сэр салхи” киноны зургаа гуч гаруй хоногт авсан. Кино дууны найруулгадаа эндээс тэнд хүртэлх нүдэнд үл үзэгдэх салхи сэвэлзэж байгаа амьд орчинг бүтээхийг хичээсэн. Салхи гэдэг бол харагддаггүй, агаарт хийн орчинд гарцаагүй орших байгалийн үзэгдэл. Бидний амь амьдралын эх үүсвэр хий агаар, орон зай. Гол утга санаа нь бидний дунд харагдахгүй ч гэсэн онгод тэнгэр, сахиус оршиж л байгаа гэдгийг үзүүлэх гэсэн юм. Сэр, сэр гэдэг үгэнд бас сэрч, сэхээрэх, босох гэсэн утгыг агуулж буй. Энэхүү киногоороо Монголын залуучууддаа хүч энерги өгөхийг хүссэн.

-Чухам юу тэдэнд дутагдаад байна?

-Орчин үед бие биенээ тогтож, чин сэтгэлээсээ харахаа байчихсан, зарим нь хүний нүд рүү эгц харахгүй, дальдчаад байдаг. Залуучууд бие биенээ тогтож харж, дотно сайхан харилцаа үүсгээсэй, кинон дахь өвөг дээдсийн онгод тэнгэртэй харьцаж байгаа бөөгийн зан үйл нь харагдахгүй, байхгүй хүмүүстэй холбоо үүсгэхийг хэлдэг шүү дээ. Түүнтэй адил бидний дунд ч сүнсэн харилцаа байгаа. Чин зүрх сэтгэлийн харилцаа ялангуяа хотын залуучуудад их дутагдаж байна гэдгийг киногоороо дамжуулан хэлэх гэсэн юм.

-Киноныхоо санааг хэрхэн олдог вэ?

-Зүгээр нэг гоё санаа олох бус өөрийн сайн мэддэг, холбоотой зүйлээ хийхийг хүсдэг. Киноны санаа надад бол дүрсээр бууж ирдэг. Саяны кино гэхэд нэг залуу хүүхэд бөөгийн нүүрний халхавчаа хуулаад зогсож буй дүрсээр түүнтэй холбоотой олон мэдрэмжүүд хамт орж ирсэн. Манай залуучууд их олон юманд санаа зовж, өөртөө ачаа үүрч, сэтгэлдээ их юм тээж явдаг. Гэтэл барууны залуучууд бодож санах юмгүй зүгээр хөгжиж баясаж, залуу насаа өнгөрөөдөг. Энэ бол бидний дүр төрх. Энэ олон мэдрэмжүүд ой санамжнаас миний оюун санааны гүнд бас сэтгэлд ч бууж ирдэг. Болоод өнгөрчихсөн зүйлийг эргэн санаж байгаа юм шиг санагдтал сэтгэлд ороод тогтсон юм шиг болдог. Түүнийг барьж авах ёстой юм байна гэж бодоод кино зохиолоо бичиж эхэлдэг. Киноны хэллэг өөрийн хэлэмжтэй. Зөвхөн кино урлагаар юуг илэрхийлж болох билээ? гэж үргэлж би өөрөөсөө асуудаг. Уран зохиол, уран зураг, бүжгээр илэрхийлж, өгүүлж болох зүйлийг би кино урлагаар хийхийг хүсэхгүй байна. Кино урлагт хамгийн чухал зүйлийн нэг цаг хугацаа. Мэдээж хөгжим бол байна. Кино олон урлагийн төрлийг агуулдаг болохоор хүний сэтгэлд их хүчтэй нөлөөлдөг.

-Цаг хугацаа гэдэг нь?

-Цаг хугацаа миний хувьд хувьсгалыг мэдрүүлдэг. Үгээр илэрхийлж болохгүй зүйлийг кино урлагаар хайж, эрэлхийлэхийг хүсдэг. Үгээр хэлэхгүй ч гэсэн киноныхоо үйл явцаар өгөх мэдрэмж, яг энэ юмны тухай гэж хэлэхэд хэцүү, гэхдээ дараа нь бодогддог. Нүдэнд үзэгддэг, эсвэл сэтгэлээс гардаггүй тийм мэдрэмжийг л үзэгчидтэй хуваалцахыг хүсдэг. Цаг хугацааг үндсэн элементээ болгосон. “Сэр сэр салхи” кинондоо өсвөр насны хүүхэд нэг өдөр босоод л нэг охиныг үнсээд л том хүн болчихгүй. Цаг хугацааны урсгалд олон зүйл тохиолдож, даван туулж байж том хүн болно. Тэрхүү хувьсалыг л харуулахыг зорьсон юм. Киноны эхэн дэх Зэ, төгсгөлд гарч буй Зэ хоёр тэс ондоо болчихсоныг үзэгчдэд өөрийн эрхгүй мэдрүүлэхэд л оршиж байгаа юм. Хүүхдээс том хүн болсон тэрхүү хувьслыг үгээр тайлбарлахад хэцүү зүйлийг л кинондоо илэрхийлж явахыг хүсдэг дээ.

Осака дахь манай сонины сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

А.Адъяасүрэн: Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогыг эхэлж гаргах ёстой DNN.mn

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Үндэсний хэмжээнд эрчүүдийн асуудлаар хэлэлцсэн чуулган өмнө нь огт болж байгаагүй. Үүнийг санаачлагч нь эмэгтэй гишүүн гэхээр сонирхол татаж байгаа юм. Эрчүүдийн асуудлыг Үндэсний хэмжээнд гаргаж тавих санаачилга танд анх хэрхэн төрсөн бэ?

-Хүн ам зүйн статистикуудыг харж байхад манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 жил байгаа нь миний санааг зовоосон. Орон нутагт ажиллаж байхад эрчүүдийн эрүүл мэндийн асуудал, ганц бие эрчүүдэд болон залуу гэр бүлүүдэд тулгарч байгаа бэрхшээл шууд нүдэн дээр харагдана л даа. Энэ бүхэнд дэмий санаа зовоод суухаар үндэстнээрээ нэг хэлэлцээд шийдэл гаргаад явах ёстой юм гэж бодогдох болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө миний бие авто тээврийн салбарт 50 гаруй мянган мэргэшсэн жолоочийг бэлтгэсэн бизнес эрхлэгч байсан. Энэ салбарт 90 гаруй хувь нь дан эрчүүд байдаг. Тиймээс нийгэм дэх эрчүүдийн тулгамдсан асуудлыг мэдэхийн дээдээр мэддэг болсон. Үнэхээр бид жендер гэж ярихдаа байнга эрчүүдийг орхигдуулдаг. Тиймээс эрэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа эрх, үүрэг оролцоог Үндэсний хэмжээнд хэлэлцэх чиглэлээр багагүй хугацаанд судалгаа хийсэн. Ингээд УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэхүү судалгаагаа Ерөнхийлөгчид танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд энэ санаагаа хэлэхэд маш эерэгээр хүлээн авч, чи манлайлаад шууд ажил болго гэж урам өгсөн. Тэгээд хоёр жилийн өмнө анхны чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн дээ. Сая хоёр дахь чуулга уулзалтыг ч Ерөнхийлөгч дэмжиж, холбогдох байгууллагууд идэвхтэй оролцож зохион байгууллаа.

-Анхдугаар чуулганаас гарсан үр дүн, эерэг өөрчлөлтүүд юу байна вэ?

-Асуудлыг нийгмийн анхааралд өртүүлж, хэлэлцүүлэг, харилцан яриа үүсгэсэн нь гол ач холбогдол гэж хэлнэ. Зарим орон нутгийн удирдлага чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудаар орон нутагтаа тохирсон шийдлүүд гаргаад тэр нь их үр дүнтэй болсон байна лээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг дурдаж болох юм. Юу гэхээр мань хүн орон нутагтаа “80+” гэх хөтөлбөр санаачилж, эрчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, дундаж наслалтыг дээшлүүлэх чиглэлээр маш үр дүнтэй ажиллаж байгаа. Энэ мэт эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан олон хөтөлбөр, уриалгууд нийгэмд хүчтэй яригдах болсон нь л энэ чуулганы гол үр дүн гэж хэлнэ. Чимээгүйгээр асуудлыг харж суух нь өөрөө асар том хохирлыг бүрдүүлж байдаг. Тиймээс нийгмийн бүтэц тэр дундаа эрчүүдийн асуудлуудын талаар өнөөгийн нийгэмд хэн ч дуугардаггүй. Тэр утгараа энэ бүх асуудлыг Үндэсний хэмжээнд хэлэлцэж, тулгамдсан олон асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зорилгоор энэхүү чуулганыг санаачилсан гэж ойлгож болно.

-Хоёр дахь чуулганы эрчүүдэд хүргэх гэсэн гол мессэж, дохио юу байв. Өнөөгийн монгол эрэгтэй хүний тулгамдсан асуудал юу байна вэ?

-Юуны өмнө энэ жилийн чуулганы цар хүрээ нэлээд өргөжлөө. Энэ юуг харуулж байна гэхээр өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүдийн эрх, үүрэг, оролцоо, тэдний өмнө тулгамдсан асуудал асар их байгааг илтгэж байгаа юм. Тиймээс цаашид ч энэхүү Үндэсний хэмжээний чуулган улам өргөжинө. Өргөжих тусмаа гарах үр дүн, ач холбогдол нь өснө. Энэ жилийн хувьд улс даяар зуд турхан ихтэй, малын хорогдол их явагдлаа. Энэ бол зөвхөн малын асуудал биш. Малчин өрхийн асуудал. Тэр дундаа өрх гэрээ тэргүүлж, авч явдаг эрчүүдийн асуудал гэж би шууд хэлнэ. Тиймээс энэ жилийн чуулганыг орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар төрөөс тусгайлсан арга хэмжээ авах, ялангуяа залуу малчдыг суурин орон сууцаар хангах зорилтот бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг Үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зэргийг л түлхүүр мессэж болголоо.

-Чуулган дээр эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг их ярилаа. Сүүлийн үед 70 хүрэлгүй нас барж байгаа хүмүүсийн дунд эрчүүд давамгайлж байна гэнэ. Хамгийн харамсалтай нь эрчүүдийн нас баралт залуужиж байгаагийн шалтгаан юунд байдаг юм бол?

-Эрчүүдийн эрт нас баралтын үндсэн шалтгааныг эрэмбэлбэл осол гэмтэл, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, хамгаалалтгүй хүнд хүчир ажлаас болж эрсдэлд өртөх нь түгээмэл байна. Жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрэгтэйчүүд байдаг нь судалгаагаар гарч ирсэн. Мөн нас барж байгаа шалтгаанд эрэгтэйчүүдийн архи, тамхины зохисгүй хэрэглээ том хувьтай байна. Зөвхөн тамхидалтаас хамааралтай өвчлөлөөр гэхэд жилд 4300 хүн нас барж байна гэдэг бол анхаарахаас аргагүй хэмжээнд хүрчээ гэсэн үг мөн биз. Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хямрал амиа алдах бас нэгэн шалтгаан болж байна. Эрэгтэйчүүд гэмт халдлагад өртөн амиа алдах, зам тээврийн осолд орж нас барах нь эмэгтэйчүүдээс 6.9 дахин, амиа хорлох нь эмэгтэйчүүдээс 5.8 дахин их болжээ. Эрүүл мэнддээ тогтмол анхаарал тавьж чаддаггүй, эрсдлээс зайлсхийх, буруу зуршлаас татгалзах дадал, сэтгэл зүйн зөвлөгөө авах ойлголт, мэдлэг байхгүй нь бүх эрсдлийн суурь шалтгаан болж байна даа.

-Жендерийг ихэнх хүмүүс эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх асуудал гэж ойлгодог. Угтаа эр, эм хүйсийн тэгш байдлыг л хангах тухай ойлголт. Тэр утгаараа яг ямар салбар дээр эрчүүдийн эрх зөрчигдөж байна гэж та харж байгаа вэ?

-Үнэн. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө 2011 он хүртэлх хугацаанд жендерийн бодлого төлөвлөлт тэр чигтээ эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад чиглэгдэж байлаа. Яахав, “Эмэгтэйчүүд ба хөгжил” чиг хандлага давамгайлснаар тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг орхигдуулсан. Жендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатуулж ирсэн бодлогоо бид эргэн харах зайлшгүй шаардлагатай. Бүх шатандаа эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулсан гэж ч хэлж болно. Тиймээс эрэгтэйчүүдийн эрхийг хангах, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд энэхүү чуулган үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Монгол цэргийн баяр боллоо. Таны санаачилсан энэхүү чуулган тус баярын өмнөхөн болдог. Цаашид уламжлал болоод явах уу?

-Хоёр жил тутамд чуулдаг уламжлал тогтоох санаатай байгаа. Хоёрдугаар чуулганаас гарсан зөвлөмж, уриалга санаачилгуудын хэрэгжилт зэргээс харж байгаад дараагийн чуулганыг төлөвлөх байх.

-УИХ-ын гишүүний гол хийх ёстой ажил юу юм бэ?

-Юу хийх нь УИХ-ын тухай хуулинд тодорхой заачихсан байгаа. Хамгийн гол ажил бол сонгогчидоо төлөөлөх. Тэдэнтэйгээ байнга холбоотой байж, орон нутагт гарч байгаа асуудлууд, цаашид анхаарах зүйлсийн талаарх иргэдээс гарч байгаа санал, шаардлагыг УИХ-ын индрээс төрийн анхааралд өртүүлэх, бодлого шийдвэрт тусгуулахыг би өөрийн үндсэн ажил гэж хичээн зүтгэдэг. Энэ зорилгын хүрээнд шаардлагатай хуулийг санаачилж өргөн барих ёстой. Иргэд олон нийтийн зүгээс төрийн бодлого, шийдвэр зөв буруу гарч байгааг анзаарч хэлнэ, шаардна. Тэр болгонд дуугараад байхгүй ч яалт ч үгүй олон хүнээс ирүүлж байгаа хүсэлт шаардлагыг бол дамжуулаад, өмнөөс нь хэлээд шаардаад явах л ёстой. Саяхан Хөрөнгө оруулалтын хууль нэрээр гадаадынханд газрыг 100 хүртэлх жилээр урамшуулал болгон өгөх заалтыг батлуулах, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох бусармаг санаархал зарим гишүүдээс гарлаа. Үүнийг иргэд үй олноороо эсэргүүцэх үед би иргэдийнхээ талд зогссон. Би ажлаа зохих ёсоор хийж байгаа л хэрэг, тэр бол.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар хоёулаа хойшоо ярина аа. Танаас УИХ-ын гишүүн яг юу хийх ёстойг яагаад асуусан гэхээр нийгэмд УИХ-ын гишүүнийг сургууль, эмнэлэг, цэцэрлэг, зам барих ёстой мэтээр ойлгох нь түгээмэл ажиглагддаг. УИХ-ын гишүүн гэдэг барилгачин, бизнес эрхлэгч, эмч, багш биш. Тиймээс л танаас энэ асуултыг асуусан юм…?

-Тойргийн сонгогчид манай суманд сургууль, эсвэл эмнэлэг байхгүйгээс асуудлууд үүсээд байна гэж шаардвал барих төсвийг Улсын нэгдсэн төсөвт суулгуулах тал дээр бусад гишүүдтэй хамтраад ажиллах үе ч гарна л даа. Гэхдээ тэрийг өөрийн хөрөнгө, өөрийн чадлаар бариулчихсан, төсвийг нь гаргачихсан юм шиг ярих, сурталчлах нь цөөнгүй тохиолддог. Тэр бол буруу. Ер нь бол улсын мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тэдний татвараас бүрдсэн төсвийг тэдэнд зориулах нь огтхон ч буруу зүйл биш.

-Хаврын чуулган, сонгуулийн өмнөх чуулган гэдгээрээ онцлог. Таны хувьд сөрөг намын эмэгтэй гишүүн. Парламентын бүрэн эрхийн хугацаанд гаргасан амжилт, алдсан боломжууд юу байна гэж асуувал та юу хэлэх вэ?

-Мэдээж энэ парламент хууль тогтоох эрхээ боломжийн сайн хэрэгжүүлсэн гэж хэлнэ. Гэхдээ бид шийдэж болох олон асуудлыг орхигдууллаа. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах чиглэлд дутуу ажилласан гэж ойлгож байна. Хулгай, авлига, хууль бус асуудлыг ярьсан ч хариуцлага тооцох ажил удаашралтай байгаа нь үнэн. Энэ хаврын чуулган гишүүдийн хувьд маш их ачаалалттай чуулган болно гэж бодож байгаа. Миний хувьд ч санаачлах, хэлэлцүүлэх, батлуулах олон хуулийн төсөл байна. Тиймээс их завгүй атлаа нийгмийн хүсэлт, шаардлага, хариуцлага нэхэгдсэн чуулган болох болов уу гэж бодож байна. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд сайн, муу ажилласныг удахгүй ард түмэн дүнгээ тавина. Тиймээс миний хувьд үүнд байр суурь, үнэлгээ өгөх боломж алга байна. Мэдээж улстөржилт сонгуулийн өмнө ч гэлтгүй цаг үргэлж л явагдаж байдаг. Гэхдээ эцсийн эцэст хэн улс төр хийгээд байна, хэн нь худлаа ярьж, хуулийн хариуцлагаас зугтаж байна. Хэн нь шударга ёсны төлөө, иргэдийнхээ төлөөллийг ханган ажиллаж байна гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

-Энэ УИХ-ын үед нийтийн өмчийн хулгай маш их яригдлаа. Өчнөөн сонсгол хийгдлээ. Иргэд хулгайн талаар УИХ дээр хоосон улстөржиж ярихаас биш бодитойгоор хариуцлага тооцсонгүй гэсэн шүүмжлэл давамгай байгаа. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Олон улсад “kleptoc­racy” буюу хулгайн засаглал гэж нэрлэдэг зүйл Монголд бодитойгоор нүүрлэчихсэн болохыг бид бүгд харж байна. Нэг хачирхалтай зүйл нь эрх баригчид найман жил дангаар, бүх шатанд бүх эрх мэдлийг атгаж байгаа атлаа ямар ч эрх мэдэлгүй, шийдвэр гаргах боломжгүй сөрөг хүчнээ гарч байгаа хулгай бүрт хамаатуулах гэж оролддог. Энийг сонгогчид харж л байгаа шүү дээ. “Нүүрсний хулгай” гээд сүржигнэх атлаа нүүрстэй ямар ч холбоогүй, хоёр хүний хоорондын зээлийн асуудлыг хамаатуулаад гүтгэнэ. Яг хулгай хийсэн нь нотлогдсон өөрийн намынханд болохоор хийсэн үйлдэл, хулгайн хэмжээтэй нь харьцуулахад үндэслэлгүй ял оноолгож, олны хэл амыг дарж байгаа нь бүгдэд ил байгаа. Хөгжлийн банкны хулгай бас л хэлбэрдсэн, аргацаасан байдалтай жүжиг болоод л дууссан. Олны дүгнэлт зөв. Би санал нийлдэг. Найман жил эрх барина гэдэг бага хугацаа биш. Найман жилийн өмнө сонгууль өгсөн 20-хон настай залуу одоо гуч хүрч байна. Гучтай нь дөч. Тэгэхээр энэ бол хүний амьдралд тийм бага хугацаа огт биш. Хийж чадсан бол үр дүн нь харагдах хугацаа.

-Сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрчдийн хувьд тойргоос уу, намаас уу гэдгээ хэдийнэ сонгочихсон байх шиг байна. Таны хувьд тойрогт нэр дэвших үү?

-Хаана, ямар байдлаар нэр дэвших гэдэг шийдвэр надаас маш бага хамаардаг. Намын бүтэц, дүрэм журмаар зохицуулагддаг болохоор ингэнэ тэгнэ гэж хэлэх нь одоогоор боломжгүй, хуулийн хувьд ч хязгаарлалттай.

-Баянхонгорчуудын хувьд энэ удаад Архангай, Өвөрхангайтай нэгдэн сонгуульд оролцоно. Таны хувьд энэ том тойргийн хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Хөгжлийн асар их боломж, нөөцтэй бүс нутаг. Засгийн газар эдийн засгийн зоригтой, бодитой шийдвэр гаргаж чаддаг байсан бол өдийд хүн амын төвлөрлийг татсан, нийслэлээс дутахгүй хүн татагддаг хөгжилтэй бүс болчих бүрэн боломж, цаг хугацаа байлаа. Даанч орон нутгийн хөгжлийг орхигдуулдаг, орон нутгийн эрх мэдлийг хумьдаг бодлого хэрэгжүүлсээр ирлээ. Сүүлийн жилүүдэд нутгийн өөрийн удирдлага, бие даасан байдал бүр алга болсон.

-Хаврын чуулганы өмнөхөн танай нам, таны хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн. Ардчилсан нам бол барууны үзэлтэй нам. Тэр утгаараа хөрөнгө оруулалтыг дэмждэг, бизнесийн эрх чөлөөг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг нам атлаа яагаад энэ хуулийг эсэргүүцэв гэсэн шүүмжлэлийг зарим хүмүүс хэлж байна. Уг хуульд яг ямар алдаа байгаа болоод та бүхэн эсэргүүцээд байгаа юм бэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг манай нам хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Харин Хөрөнгө оруулалтын хуулиар гул барин харийн хүмүүст газраа наймаалах санаархлыг л тас цохисон. Хөрөнгө оруулагчийн статус авах босгыг алга болгохыг зөвшөөрөөгүй. Ийм хоёр зүйл бидний байр суурь. Гадаадын хөрөнгө оруулагчийн статус нь татварын болон эрх зүйн тогтвортой байдлын үлэмж давуу талыг олгох учраас хөрөнгийн босгогүй байж болохгүй. Хөрөнгөгүй хөрөнгө оруулагч гэж юу байхав дээ. Нөгөө нь нэг ч хөрөнгө оруулагч газар өгөхгүй бол хөрөнгө оруулахгүй гэж хэлдэггүй. Тэдэнд тогтвортой байдал, оруулсан хөрөнгийг нь хамгаалах баталгаа, ашиг олох нөхцөл зэрэг л чухал байдаг. Ч.Хүрэлбаатар гол зүйлээ шийдэхийн оронд далимдуулж газар зарах гэж л оролдсон учраас монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Дэлхийн туршлага бол хөрөнгө оруулалтын босго байна. Хөрөнгө оруулсны төлөө аль ч улс газар бэлэглэдэггүй.

-Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар байдлаар өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Хуулиасаа өмнө Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогын бичиг баримтаа гаргамаар юм билээ. Ирээдүйд Монгол Улсын өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлэх ямар салбарт, ямар нөхцөлөөр хөрөнгө оруулалт татах бодлогоо гаргаад түүнийхээ хэрэгжилтийг хангах, эрх зүйн баталгааг бий болгох байдлаар Хөрөнгө оруулалтын хуулийг гаргах ёстой. Бодлого тодорхойгүй байхад мянган хөнгөлөлт, чөлөөлөлт амлаад хөрөнгө орж ирэхгүй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Даваасүрэн: Хоолны газруудын том, жижгээс үл хамааран аяга таваг угаагч төхөөрөмжтэй байхаар стандартад заасан DNN.mn

Хотын төвөөр байрлах хоолны газрууд аяга таваг угаагч төхөөрөмж ашигладаг эсэхийг сурвалжиллаа.


Хеликобактери ходоодонд байх хэмжээ хэвийн түвшнээс их байвал эмгэг гэж үздэг. Дутуу угааж, ариутгасан аяга таваг, халбага сэрээ зэрэг нь хеликобактери халдварлах гол зам. Тиймээс халдвар дамжих замуудаас зайлсхийх гол арга нь зориулалтын аяга таваг угаагч төхөөрөмж юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлагад зааснаар бүх төрлийн хоолны газрууд аяга таваг угаах төхөөрөмжтэй байх ёстой.

Жижиг цайны газруудаас эхлээд өндөр зэрэглэлийн ресторануудаар явж станпартад нийцсэн аяга, таваг угаагч хэрэглэж буй эсэх талаар сурвалжиллаа. Нийт 14 газар орсоноос тэдгээр дөрөвт л зориулалтын аяга таваг угаах, ариутгах төхөөрөмж байлаа.

Лакшми энэтхэг хоолны газар, Веранда ресторан, Каннам чикэн, Гэтэй 6 гэсэн газрууд зориулалтын аяга таваг угаах төхөөрөмжтэй байсан юм. Харин Бага тойргийн зам дагуух ихэнх газар зориулалтын аяга таваг угаах төхөөрөмжгүй байлаа. Яагаад аяга таваг угаагч төхөөрөмж авдаггүй шалтгаан нь янз бүр байв. Зарим цайны газруудын гал тогоо нэгээс хоёр хүн ажилладаг, хэтэрхий жижиг учир аяга таваг угаагч төхөөрөмж тавих зай байдаггүй аж. Нэг буузны газар зөвхөн нэг удаагийн аяга таваг, халбага сэрээ ашигладаг байх жишээтэй. Үйлчлүүлэгч багатай газруудад аяга таваг угаагч төхөөрөмж авах зардал байхгүй. Тулга төхөөрөмж хэмээх гал тогооны тоног төхөөрөмж борлуулдаг газраас  аяга таваг угаалгын машины үнэ тодруулахад, 380В хүчдэл шаарддаг МПК1100К гэдэг аяга таваг угаагч машин 12 сая 800 мянган төгрөг. Цагт 700 ширхэг таваг угаах хүчин чадалтай. Хамгийн хямд буюу цагт 400 аяга таваг угаах хүчин чадалтай нь 6 сая 850 мянган төгрөг байв. Хэдий үнэтэй байсан ч ресторан, кафе, баар, буфет, түргэн хоолны газрууд аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юм.

Стандарт, хэмжил зүйн газрын ажилтан Д.Даваасүрэнгээс “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага”ын тухай тодрууллаа.


-Өндөр зэрэглэлийн ресторанууд гэлтгүй түргэн хоолны газар, цайны газрууд аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юу?

-Бид гэлтгүй дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд халдварт өвчнөөс үүдэлтэй өвчлөл, нас баралтад өртсөн. Халдварт өвчин нь шууд, илэрхий мэдэгддэг. Тэгвэл бид халдварт бус өвчнөөс үүдэлтэйгээр нэлээдгүй өвчинд өртөх эрсдэлтэй байдаг. Жишээ нь, нийтийн хоолны газрын аяга, таваг, халбага, сэрээ бол бүх хоолны газрууд зориулалтын аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юм байна, тийм үү?- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь иргэдэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэхийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг. гэх хувь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой багаж хэрэгслүүдийг сайн цэвэрлээгүйгээс үүдэлтэй хеликобактераас эхлээд халдвар үүсгэгчид олон. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд дээрх стандартад хоол үйлдвэрлэлийн газрын хүчин чадлаас үл хамааран аяга таваг угаагч төхөөрөмжтэй байхаар стандартад заасан. MNS 4946:2019 стандартад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын гадаад орчин, дотоод зохион байгуулалт, үйлчилгээний танхим, хоол үйлдвэрлэлийн байр, туслах байр, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлчилгээний сав багаж хэрэгсэл, хүний нөөцөд тавих шаардлагыг тогтоосон.

-Стандартынхаа дагуу бол бүх хоолны газрууд зориулалтын аяга таваг угаагч төхөөрөмжтэй байх ёстой юм байна, тийм үү?

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь иргэдэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэхийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг.

Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангасан байх нь хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагаанаас хамаардаг. Энэхүү чанар, аюулгүй байдлыг хангуулах г ол баримт бичгийн нэгэнд стандарт зүй ёсоор хамаарна.

-Дагаж мөрдөх ёстой стандарт маань бидэнд байна, үүнийг хэрэгжүүлэх л дутагдаад байгаа юм аа даа? 

– Өнөөгийн нийгэмд стандарт гэж их ярих болжээ. Гэхдээ энэхүү үгийнхээ утгийг бүгд зөв хэрэглэж ярьж байна уу гэвэл үгүй. Зарим нь зүгээр амны уншлага болгож бусдыг дуурайж өөрийн ярианд хэрэглэх болжээ. Иймд стандарт гэдгийг хэн бүхэнд ойлгомжтой энгийнээр тайлбарлавал тухайн бүтээгдэхүүн (жишээ нь мах, ундаа гэх мэт), үйлчилгээ (жишээ нь дэлгүүр, ресторан гэх мэт) чухам ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдгийг заасан баримт бичиг юм. Стандарт нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа эсвэл ажил, үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага болоод түүнийг хянах хяналтын байцаагч нарт л зориулсан зүйл гэвэл өрөөсгөл ойлголт болно. Учир нь энэ бол хэрэглэгч танд ч хамаатай баримт бичиг юм. Яагаад гэвэл хэрэглэгч та аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдгийг мэдэж байх ёстой. Стандартчилал, хэмжил зүйн газраас стандартыг хэн бүхэнд нээлттэй байлгах үүднээс www.estandard.mn цахим хуудсанд байршуулсан. Эрүүл ахуйн дадлын стандартыг хэвшүүлэх хэрэгтэй байна.

Хотын төвд байрлах нэгэн зоогийн газрын зохион байгуулагчтай яагаад аяга таваг угаах төхөөрөмж авдаггүй талаар тодрууллаа. (Зоогийн газрын нэрийг өөрийнх нь хүсэлтээр нууцлав).


-Танай хоолны газар их хүнтэй байна. Аяга таваг угаагч машинтай юу?

-Одоо бол цайны цаг болохоор их хүнтэй байна. Харин бусад цагуудаар харьцангуй ачаалал бага байдаг. Аяга таваг угаалгын зориулалтын машингүй байгаа. Аяга таваг угаагч  маань ажлаа сайн хийдэг. Эхлээд хөөстэй усанд угаагаад дараа нь цэвэр усанд зайлж цэвэрлэдэг.

-Яагаад аяга таваг угаалгын машин авдаггүй вэ?

-Өдөрт нэг удаа ашиглах гэж аяга таваг угаах машин авахгүй. Аяга таваг угаалгын машин авлаа гээд угаагч хийж байгаа хүний ажлыг тэр машин 100 хувь гүйцэтгэхгүй. Тэр угаалгын машиныг хэн нэгэн хариуцаж ажиллах хэрэгтэй. Тиймээс санхүүгийн хувьд хэмнэлттэй зүйл байхгүй. Манайх шиг өдөрт 100 хүрэхгүй хүн орж гардаг газар бол мөнгөний гарз. Манайх авах гэж үнэ сурагласан ч нэг удаадаа 400 ширхэг аяга таваг цэвэрлэдэг нь 6 сая 850 мянган төгрөг гэж байсан. Тэгээд ч аяга таваг угаагч шингэн ялгаагүй ашиглана.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

2024.03.23 / БЯМБА ГАРИГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН
ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 06.48-19.09
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 3 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 13, Бага морь одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:48-19:09. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2024 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд   18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

 2024 оны 04 сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 4-р сарын 01-нд говь, талын нутгаар, 30-нд тал, хээрийн нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.