Categories
мэдээ нийгэм

“GS25” сүлжээ дэлгүүрээс “Choco pie” хулгайлсан этгээдийг 10 хоног баривчилжээ DNN.mn

Өнгөрсөн сарын 27-ны өдөр “GS25” дэлгүүрээс “Choco pie” хулгайлсан бичлэг цахим орчноо түгсэн билээ. Тухайн хэргийн ЦЕГ-аас хяналт шалгалт хийж, тус хэргийг үйлдсэн этгээдүүдийг 10 хонон баривчлах санал гаргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, нэг иргэн нас баржээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Зээлийн гуравдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 06.59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07.11 цагт очиход таван ханатай гэр бүрэн шатаж нурсан байжээ.

Улмаар 20 минут ажиллаж галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас баржээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд энэ сарын 27-нд тодорно DNN.mn

Соёл, урлагийн салбарын 2023 оны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах уламжлалт “Мөнгөн мод-2023” наадмын цом гардуулах ёслол  УДБЭТ-т энэ сарын 27-нд болно.

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон энэхүү наадмаар үндэсний болон сонгодог орчин үеийн урлагийн төрөл зүйлийг уран сайхан, дүрслэл, ур чадварын өндөр түвшинд бүтээн туурвисан шилдэг 13 бүтээл, тайз, дэлгэцийн бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үзэгчдийн талархлыг хүлээсэн шилдэг 12 уран бүтээлчид Мөнгөн мод цомыг тус тус гардуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна DNN.mn

Сурагчид энэ долоо хоногт хичээллээд ирэх даваа гаригаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ.

Амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Б: Угаартаж амиа алдсан иргэн ганцаараа амьдардаг ч хашаагаар нь согтуу хүмүүс байнга л орж гарч харагддаг байсан DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд олон хүн нас барсан байна гэх дуудлага өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн шөнө дунд тус дүүргийн цагдаагийн газарт иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар ирэхэд 10 иргэн амиа алдсан байжээ. Улмаар цагдаагийн байгууллага уг хэргийн дагуу шалгалт явуулахад урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан байсан аж. Гол шалтгаан нь яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн. Энэхүү харамсалтай хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга С.Очиртой холбогдож тодруулахад “Харамсалтай хэрэг болсон нь үнэн. Талийгаачийн хувьд манай хороонд ганцаараа амьдардаг байсан юм билээ. Сүүлийн үед хэдэн хүмүүстэй нийлж, архи уугаад салахгүй байна гэх мэдээллийг бидэнд хөршүүдээс нь ирүүлж байсан. Харамсалтай нь өнгөрсөн бямба гаригийн шөнө хамт архидаж байсан хүмүүстэйгээ угаартаж, амиа алдчихлаа. Одоогийн байдлаар хэргийн газар холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа. Тэр шөнө цогцсуудыг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн авч явсан. Бидний хувьд тун харамсалтай байна. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” хэмээв.

Энэхүү хэргийн талаар тус хорооны иргэн Б-ээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Талийгаач манай хорооны иргэн. Уулзаж ярьж байгаагүй. Тэдний хашаагаар согтуу хүмүүс байнга л орж гарч харагддаг байсан. Зарим үед хэрүүл шуугиантай. Заримдаа цагдаа ирчихсэн архи уучихсан хүмүүсийг нь авч явдаг байсан. Хашаандаа жижиг байшин, ганц гэртэй. Миний бодлоор тэр хавийн хүмүүстэй нийлж архидсан байх. Уг нь оройдоо дулаахан хонож байгаа. Айлууд өдөрт нэг л удаа галлагаа хийж байгаа байх. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ сайжруулсан түлшийг гадаа дулаахан байх үед түлэхэд угаартах эрсдэл нь илүү өндөр байдаг гэлцдэг. Тэр орой их дулаахан, бас салхигүй байсан. Өдөржингөө гал түлээгүй айлд шөнө гэнэт гал түлэхээр утаа, угаар гарах нь тодорхой байх. Манай зуух ч гадаа дулаахан, салхигүй байхад утаа их гардаг. Учир нь ханан пийшингээ буруу өрсөн гэдэг. Тэднийх ч гэсэн ийм зуухтай байсан байх. Ер нь гадаа дулаарчихсан үед шөнө орой гал түлэхгүй байх хэрэгтэй болов уу. Тэрнээс гадна түлшний хор их байна. Нүүрс, модноос угаартдаг. Гэхдээ сайжруулсан түлшний угаарын хорт чанар нүүрс, модноос илүү хөнөөлтэй байдаг гэх юм билээ. Энэ үнэн байх аа” гэв.

Ямартаа ч энэхүү хэргийн учир шалтгаан одоогоор тогтоогдоогүй, холбогдох албаныхан шалгалт явуулж байгаа гэх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Н.Учрал: Ашигт малтмалын лицензийн мэдээллийг “Chat GPT”-ээс авах боломжтой DNN.mn

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.  

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн ажиллагаа эхэлснээс хойш 975 мянган мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон.  Мэдээлэл ил тод болж, олон нийтийн мэдэх эрх хангагдсанаар нийт 97 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Шилэн ажиллагааны дараагийн шатны ажил болох shilen.gov.mn-2 системийг өнөөдөр албан ёсоор нээж байна.

Шилэн мэдээлэлд олон нийт, хувийн хэвшил, төрийн байгууллагууд эх сурвалжид анализ хийх боломж нээгдсэн. Үүний үр дүнд хувийн хэвшлийн санаачилсан Монгол GPT-г системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хувийн хэвшлийн компанитай хамтран shilen.gov.mn-2 системд Монголын төр анх удаа GPT-г нэвтрүүлж байна.

Энэ удаа бид ашигт малтмалын лиценз буюу 2512 лицензийн мэдээллийг өнгөрсөн 3 сарын хугацаанд сургасан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид болон иргэд олон нийт ашигт малтмалтай холбоотой асуултыг чат GPT-с асуухад хиймэл оюун ухаанаар дамжуулан шууд хариулт өгөх боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Одоогоор Монгол GPT есөн настай хүүхдийн хэмжээнд сэтгэж байна. Цаашид асуугаад байх тусам суралцаж, насанд хүрсэн хүний хэмжээнд суралцах бололцоо бүрдэнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1666 малчинд 2.6 тэрбум төгрөгийг сүүний урамшуулал болгон олгожээ DNN.mn

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг мөрдөж байна.

Уг журмын дагуу 2024 оны 01 дүгээр сард 2,613,586 литр сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд тушаасан 1,666 малчин, мал бүхий этгээдүүдэд олгох 2,613,586,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.

Түүхий сүүний гарцыг нэмэгдүүлэх, импортын хуурай сүүний хэрэглээг бууруулахаар хүйтэн, сэрүүний улиралд түүхий сүү бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд урамшууллыг олгон дэмжиж байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Алвес, Робиньо, Погба гээд шүүхийн өмнө зогсож буй хөлбөмбөгчид DNN.mn

Цагтаа цалгиж (зарим нь одоо ч тоглож байгаа) цалингаа буухаар наргиж явсан дэлхийд данстай лут мундаг хөлбөмбөгчдөөс нэлээн хэд нь сүүлийн үед элдэв хэрэг төвөгт орооцолдож ял эдлэх үүд хаалга нь онгойх гээд тун хэцүү байх шиг. Олны анхааралд маш их өртөж байгаа зарим нэг хэргүүдийг нь тоймлоё.


Данни Алвес

2022 оны арванхоёрдугаар сард Барселон хотын Sutton хэмээх шөнийн клубт нэгэн эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэг цагдаад бүртгэгдсэн. Улмаар уг хэргийг Бразилийн хөлбөмбөгийн од Данни Алвес үйлдсэн нь батлагдаж шүүхээс түүнд 4.5 жилийн ял оноолоо. Данни Алвес өөрийгөө хамгаалж мэдүүлэг өгөхдөө тэр эмэгтэй өөрөө зөвшөөрсөн, харилцан тохирцсон гэж байгаа ч хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг түүнийг нь үгүйсгэсэн байдаг. Алвес өөрөө согтуу байсан, гэмт хэргээ нийтийн бие засах газар үйлдсэн гэх мэт баримтууд нь батлагдсан гэх юм.

Робиньо

Бас л Бразилийн хөлбөмбөгийн од. Цагтаа Реал Мадрид, Ман Сити, Милан багуудад гялалзаж явсан том од. Уг нь гэмт хэргээ тэртээ 2013 онд Италийн Милан хотод үйлсэн юм билээ. Таван найзтайгаа нийлж албани эмэгтэйг хүчирхийлсэн. Хэрэг бишдэх үед оргон зайлж нутаг буцаад одоог хүртэл Бразильдаа орогнож байгаа. Саяхан Милан хотын шүүх түүнд есөн жилийн ял оноожээ. Уг нь Робиньо “би буруугүй, намайг цагаан арьстай байсан бол ингэж гүтгэхгүй” гэх зэргээр удаа дараа ярилцлага, мэдүүлэг өгч байсан ч гэлээ нэгэн найзтайгаа утсаар ярьж буй бичлэг нь энэ бүгдийг үгүйсгэдэг. Тиймээс энэ жилээс эхлэн тэр ялаа Бразильд эдлэхээр болж байна.

Погба

Францын шижир алт гэгддэг Поль Погба даанч нэг асуудалгүй амьдарч чаддаггүй хүн юм аа. 2018 оны ДАШТ-ий алтан бөмбөгийн эзэн,Францын шигшээ багийн гол тоглогч Поль Погба хүний хувьд “чигчий хуруу шигээ өчүүхэн амьтан” гэж ярьдаг. Ганц жишээ татахад л багийн анд Мбаппегийн эсрэг бөө ашиглан хараал илгээсэн, түүндээ их хэмжээний мөнгө төлсөн гэдэг яриа бий. Тэгвэл энэ хүн тестостероний түвшинг нэмэгдүүлдэг DHEA гэдэг сэргээш хэрэглэсэн нь баригдаж дөрвөн жил хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа. Одоо 31 настай гэж бодохоор Ювэнтүүс багийн хөлбөмбөгч маань ингээд дуусч байгаа юм биш үү.

Промес

Квинси Промес гэж Нидерландын шигшээ болон Москвагийн Спартак багт алба хашдаг голланд залуу бий. Ер нь бол Орос нутагт үлдсэн цорын ганц гэж хэлж болох од хөлбөбөмгч. Түүнд ч учир бий. Тэр хэдэн жилийн өмнө дүү рүүгээ хутга барьж дайрсан хэргээр Нидерландын шүүхээс хоёр жилийн ял сонсож нутаг буцалгүй Орост бүгэх болсон. Гэтэл өнгөрөгч жилээс эхлэн түүнийг хар тамхи зөөвөрлөж дамлан зарах хэрэгт буруутгаж эхэлсэн билээ. Бразилиас 1362 кг хар тамхи зөөвөрлөж зарах гэж оролдсон бүлэг гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдсан 200 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг Нидерландын шүүх баталсан. Гэтэл тэр Оросоос гардаггүй ээ. Харин өнгөрөгч өвөл Спартак багийн бэлтгэлийн цугларалт Арабын Эмиратад зарлагдах үед “намайг баривчлахгүй биз” гэж баталгаа авч байгаад тийшээ очсон боловч хар тамхины хэрэг сөхөгдөж шоронд орлоо. Одоо Арабын хойгоос хойд Европ руу зөөгдөх цагаа л хүлээх нь.

Эдгээрээс гадна Грийнвуд, Мэнди, Виссам Бен-Йеддер гээд залуучуудын ихэвчлэн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд цуурайтаж байгаад намжсаныг бас сануулъя.

 

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Москва хотод амьдарч буй иргэдийн анхааралд DNN.mn

Энэ сарын 22-ны орой ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 137 хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан талаар мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Москва хотод амьдарч буй иргэд, оюутнуудад манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлжээ.

Үүнд:

  • Онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх,
  • Ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх,
  • Өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Мөн шаардлагатай тохиолдолд тус Элчин сайдын яамны (495) 690-67-92 утсанд хандахыг зөвлөв.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн парк үйл ажиллагаагаа нээлээ DNN.mn

Парк зуны үйл ажиллагаагаа өчигдөр (2024.03.24)-өөс нээлээ.

Өдөр бүр 12.00-18.00 цагийн хооронд ажиллах юм.

Дараах тоглоомууд ажиллана:

  • Саран савлуур
  • Агаарын дугуй
  • Хөгжилтэй аялал
  • Мөргөлддөг машин
  • Нархан
  • Хөгжөөнт баавгай
  • Амьтны хүрээлэн