Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Малчдад одоогоор 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хандив цугларсан байна DNN.mn

Малчдад туслах хандивын аянд 2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар 50 иргэн, 31 ААН, 91 төрийн байгууллага, 31 ТББ, гадаадад хоёр байгууллагаас нийт 3 тэрбум 570 сая 497 мянган төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т хүлээлгэн өгчээ.

Мөн зургаан иргэн, 29 ААН-ийн 828.8 сая төгрөгийн үнэ бүхий 74.250 ширхэг бараа материал буюу нийт 4.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хандив тусламжийг УОК-т ирүүлсэн байна.

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү “Хандив тусламжийн зарцуулалтыг ОБЕГ-ын цахим хуудасны “Хандив тусламж” гэсэн цэсэнд тухай бүрд нь нээлттэй байршуулж байгаа.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд 3.6 сая ам.долларын хандив босгож, долоон аймгийн давхардсан тоогоор 64 сумын 165 мянга орчим малчин өрхөд малын тэжээл, бэлэн мөнгө, эрүүл мэндийн багц, охид эмэгтэйчүүдийн багц гэх мэт хэлбэрээр тусламж үзүүлэх ажлыг өөрсдийн шалгуур, шаардлагыг дагуу олгосон. Цаашид хүмүүнлэгийн байгууллагууд зудын хохирлыг бууруулах чиглэлээр нэмэлт санхүүжилт босгох зорилгоор ажиллаж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэх террорист ажиллагаа DNN.mn

Сүүлийн хэдэн сард тариаланчдын эсэргүүцлийн хөдөлгөөн Европ даяар тархаж, хурдацтай хүчээ авч, энэ тивээс зөвхөн Австри, Дани, Финланд, Швед улсад уг явдал гарсангүй. Тариаланчид Парис зэрэг томоохон хотуудыг бүсэлж, Берлин зэрэг хотын төвүүдийг хааж, өтөг бууц асгаж, өндөг шидэж, бухалдсан өвс, сүрэл шатааж, хурдны замын хөдөлгөөнийг зогсоон, хүнсний супермаркетуудыг сүйтгэн цагдаа нартай мөргөлдөв.

Эсэргүүцэн жагсагч фермерүүд янз бүрийн шалтгаан тоочжээ. Тухайлбал, Нидерландад засгийн газар 2030 он гэхэд малын тоог бууруулах замаар азотын ялгаруулалтыг хоёр дахин бууруулах гэж байгааг, Италид 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн орлогын албан татварын хөнгөлөлтийг зогсоохоор төлөвлөж буйг, Европын Холбооны байгаль орчны дүрэм чангарсан явдлыг, дизель түлшний үнэ нэмэгдсэн, хүнсний үнэ унасан, жижиглэнгийн худалдаачид илүү ашиг олж байна, гадаадын хямд импортыг эсэргүүцэж байна хэмээн фермерүүд “шударга бус, явдал”-тай тэмцэх шийдвэр төгс байгаагаа харуулсан нь энэ юм. Тариаланчид жагсаалдаа олон зуун трактор ашиглав. Болгарт л гэхэд Хөдөө аж ахуйн сайд Кирилл Ватевыг огцрохыг шаардан нийслэл Софи хотод хөдөө аж ахуйн 26 байгууллагын тариаланчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, “Засгийн газартай байгуулсан гэрээ бидний асуудлыг шийдэж чадахгүй байна” гэж мэдэгдэв.

Үндэсний хэмжээнд засгийн газрууд эсэргүүцлийн жагсаалд хариу өгөх гэж сандралдаж, Берлин дизель түлшний татаасыг бууруулах шийдвэрээ зөөлрүүлсэн бол Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони наад зах нь орлого багатай фермерүүдэд татварын хөнгөлөлтийг хэсэгчлэн сэргээхээр болов. Парис дизель түлшний татварын нэмэгдлээс татгалзаж, тариаланчдад 400 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээс гадна нэмж 200 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ амлав.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр Грекийн Засгийн газар тариаланчдад нэмэлт дэмжлэг үзүүлэхээр болж, ерөнхий сайд Кириакос Мицотакис тариаланчдын төлөөлөлтэй уулзаж “Та бүхний зүй ёсны санаа зовоосон асуудлыг харгалзан тариаланчид дөрөвдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд хямд цахилгаан эрчим хүч авах эрх олгоно” гэж мэдэгджээ

Эрүүлээр сэтгэдэг хүн болгоны хамгийн их санаа зовоосон, эдгээр жагсаалын сүүдэртэй тал нь хэт барууны популист намууд тариаланчдын хөдөлгөөнийг хүчтэй дэмжиж, тэд энэ “бослого”-ыг өөрсдийн төр, засагт байгаа ардчиллыг баримтлагч намуудын эсрэг урт удаан дайн хийх ирээдүйн шинэ фронт гэж үзэж буй явдал байв. Иймээс эрх баригчид Европын парламентын сонгууль болохоос хэдэн сарын өмнө Европын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 1.4 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн асуудалд анхаарал хандуулахаас аргагүй байдалд оров. Учир нь Нидерландад гэхэд л иргэдэд хортой бордоо тариаланд ашиглахыг хориглосноос болж гарсан тариаланчдын “азотын дайн”-ыг чадварлаг ашиглан “Тариачид ба иргэдийн хөдөлгөөн” намыг хэт барууны популистууд шинээр байгуулав. Мөн хэт барууны үзэлтэй “Германы төлөө альтернатив” нам тариаланчдыг тууштай дэмжиж, Францад Марин Ле Пенийн популист нам жагсаал цуглаанд оролцов. Бүр Европын парламентын Хөдөө аж ахуйн хорооны хурал дээр “Копа Когека” гэх тариаланчдыг дэмжигч лобби бүлгийн гишүүн Кристиан Ламберт “Сүүлийн сар, жилүүдэд Европын фермерүүд тэдэнд тулгарч буй хүндрэлийнхээ талаар “сэрүүлэг тавьсан” ч энэ танхимд сонсогдсонгүй” гэж популизмдаад амжив. Товчхондоо тариаланчдын эсэргүүцлийн давалгаа Европын улсуудын нийслэл төдийгүй бүр Брюссельд түгшүүр төрүүлэв. Европын Комисс хурцадмал байдлыг намжаахын тулд олон буулт хийсэн бөгөөд ерөнхийлөгч Урсула фон дер Лейен фермерүүдийн санаа зовнилыг ойлгож байна гээд пестицидийн хэрэглээг бууруулах төлөвлөгөөгөө зогсоож, энэ бол “туйлшралын бэлэг тэмдэг байсан” гэж мэдэгдэв. Ийнхүү “CAP” гэх ирээдүй хойч үеэ бодож, хөрс, цэвэр ус, байгалиа хамаалж, эко хүнс үйлдвэрлэх Европын бодлого хөсөр орхигдов.

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэх аваас: Европын холбооноос батлаад удаагүй байгаа “CAP” гэх “The Com­mon Agricultural Policy-Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого” буюу “Ногоон бодлогын хэлэлцээр” нь экологи, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Европын фермерүүдэд олон шинэ нөхцөл, дүрэм хэрэгжүүлэх шаардлага бий болгосон. Тухайлбал, пестицид, химийн бордооны хэрэглээг хязгаарлах, усны хэрэглээг эергээр зохицуулах, ногоон байгууламжийг өргөжүүлэн зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах хариуцлага үүрүүлсэн. Энэ бүхэн нь мэдээжийн хэрэг нэмэлт зардал шаардаж, бүтээгдэхүүний өртөгийг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийн халаасыг танана. Үр хүүхдүүд, улсынхаа ирээдүйг бодсон энэ арга хэмжээ нь улсаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр татаас авахын тулд шинэ хяналт, тайлан нэхэх болсон нь Европын тариаланчдын эмх замбараагүй байдлын эхний бөгөөд гол шалтгаан болов. Хоёр дахь гол шалтгаан нь геополитиктэй холбоотой эдийн засгийн хямрал. Эхлээд COVID-19 тахал, дараа нь Оросын Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж, барууны болон Оросын харилцаа эрс муудан дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, харилцааны тасалдал, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц, амьдралын өртөг нэмэгдсэн нь тариаланчдыг жагсахад хүргэв. Гурав дахь гол шалтгаан нь Европын Холбооны өндөр стандартыг дагаж мөрддөггүй орнуудаас Европ руу хямд үр тариа, хүнсний бүтээгдэхүүн импортолсон гэх явдал байв. Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид ийм гэрээ хэлцэл нь чанар муутай хүнсний бүтээгдэхүүнийг демпингийн үнээр Европ руу нэвтрүүлэх боломжийг олгосон явдал гэжээ. Энэ явдал Бельги, Франц, Испани, Герман бүр Польшийн фермерүүдийн эсэргүүцлийн уриа лоозон болов. Польшийн Сеймийн өмнө болсон тариаланчдын жагсаалын нэгэн зурагт хуудсанд “Украины хортой бүтээгдэхүүнийг Польшийн дэлгүүрүүдэд дахин оруулахгүй” гэж бичсэн бол өөр нэгд нь Брюссельд хандаж: “Европын бодлого тариаланчдыг устгаж байна. Украинаас хүнс авах ёсгүй” гэжээ. Гэтэл Украин нь наранцэцгийн тос, арвай, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг хөдөө аж ахуйн тэргүүн зэрэглэлийн түүхий эд экспортлогчдын нэг юм. ОХУ-ын цэргийн довтолгоо, Украины Хар тэнгисийн боомтуудыг бүсэлсэн нь тус улсын гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрс хязгаарлаж, орлогын чухал эх үүсвэргүй болгосон. Иймээс Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Оросын үр тарианы бүтээгдэхүүнийг Европын холбоонд импортлоход гаалийн татварыг нэмэгдүүлэх Европын комиссын саналыг зарлав. Энэ бүхэн үнэндээ улсын төсөв гэх татвар төлөгчдийн мөнгөөр хүүдэгнэж, сонгуулийн саналаа нэмэгдүүлэх гэж фермерүүддээ элдэв хөнгөлөлт үзүүлсэн улстөрчдийн популизмын үр дүн юм. Гэтэл популистууд гэдэг нь үнэндээ сайхан юм ярьж улс бас иргэдээ хорлогчид билээ.

Фермерүүд нь жагсаж цуглаагүй, чөлөөт зах зээл баримталж буй Дани улсын хувьд нэг хүнд ногдох хүнсний үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт ордог. Дани нь Европын Холбооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний тав дахь том экспортлогч бөгөөд тус улс үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг экспортоор борлуулдаг. Мөн Шведийн хөдөө аж ахуйн салбарт 72 мянган ферм ажилладаг. Харин Шведийн эдийн засагт хөдөө аж ахуйн хамгийн том салбар нь сүүний аж ахуй бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үнийн дүнгийн 20 хувийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь1989 онд Швед улс хөдөө аж ахуйн бодлогоо шинэчилж, улсаас өгдөг элдэв татаас, үнийн хяналтыг устгасан. Швед улс 1995 онд Европын холбоонд элссэн бөгөөд Шведийн хөдөө аж ахуйн салбар өнөөдөр Европын “САР” гэх “Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого”-ын дагуу бүх стандартыг төвөггүй биелүүлэн жагсаал, цуглааны оронд орлогоо нэмэгдүүлэх инновац хайцгааж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарт элдэв хөнгөлөлт үзүүлдэг улстөрчдийн популизм нь фермерүүдийг цаг алдуулж, зах зээлд өрсөлдөх чадваргүй “тэжээмэл амьтад” болгон эцэст нь жагсаал, цуглаанд хүргэж байна. Иймээс ерөөс улстөрчдийн аливаа популист бодлого бол улсынхаа эсрэг явуулж буй террорист ажиллагаа мөн гэдэг нь тодорхой байна. Аль ч террорист ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй гэдгийг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин” импортыг хааж, гурил, малын тэжээлийн үнийг хэд дахин нэмж зудтай хамтран гамшиг тарьсан манай авлигач, мунхаг улстөрчид санаж явахад ер илүүдэхгүй.

Тариаланчдын эдгээр “бослого” болон Монголтой харьцуулашгүй муу байгалийн нөхцөлтэй Дани, Швед улсын туршлага бидэнд татвар төлөгчдийн мөнгөөр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэх коммунист терроризм үйлдэхээ таслан зогсоож, чөлөөт зах зээлээ хөгжүүлэх явдал ганц зөв зам гэдгийг ойлгуулав.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Н.Жанцанноров: Дэлхий бидний соёлын бүтээлийг сонсох гээд хүлээж байна DNN.mn

“Хүслийн төвөргөөн” тоглолтоо СТӨ-нд өчигдөр толилуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой цөөн хором ярилцлаа.


-Тоглолтыг “Хүслийн төвөргөөн” гэж нэрлэсний учир юу вэ?

-Хөгжимчин хүн миний хувьд монголчуудын урагш тэмүүлэх тэмүүлэл морьдын давхиагаар илэрхийлэгддэг. Тэр давхиан, төвөргөөн монголчуудыг аз жаргал, сайн сайхан өөд хөтөлдөг. Тиймээс “Хүслийн төвөргөөн” гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүрч очихыг хүсч байгаа зүйлсийнхээ төлөө бид довтлох хэрэгтэй гэсэн үг.

-Энэхүү тоглолтыг анх хэдэн онд хийж байсан бэ?

-1990 онд удирдаач Ч.Жамсранжавын за хиалгаар төрийн концертонд тоглосон санагдаж байна. Үндэсний их найрал хөгжимд 1990 онд би зөвлөх хөгжмийн зохиолчоор хоёр жил ажилласан. Тухайн үедээ хоёр концерт т олилуулж байлаа. 2001 онд Японы Куширо хотод их найрал хөгжим япон удирдаачтай энэхүү концертыг хөгжимдсөн. Үндэсний урлагийн их театр надад “Хүслийн төвөргөөн” гэдэг удиртгалаар жил бүрийн гуравдугаарын сарын 25-нд буюу төрсөн өдрөөр маань концерт хийх санал тавьсан.

-Жил бүр ижил дуунууд дуулагдах уу?

-Жил бүр тоглогдож байх нь сайн хэрэг. Учир 300 гаруй дууг давтагдахгүйгээр дуулвал 25 цаг дуулна. Нэг концертонд нэг цаг дуулахаар хуваарилбал 25 жил нэг ч дуу давтагдахгүй байх боломжтой. Мэдээж хөгжмийн бүтээлүүд оролцоно. Жишээлбэл, 30 гаруй киноны хөгжмийн зохиол байна. Зарим бүтээлийг давтаж тоглохгүй байхаар хийх нь нэг талаасаа дутагдалтай. Сайн бүтээлүүдээ давтах нь зөв. “Хүслийн төвөргөөн” гэх удиртгалаа тоглолтын төгсгөлд нь үргэлж тоглогдоно.

-Орчин үед залуус амьд хөгжим сонсох нь багасжээ. Энэ тухай таны бодол?

-Хохирч байна. Жинхэнэ, бодит хөгжмийн зэмсэг, хүний дуу хоолойг дэргэдээс нь үзэх нь амьд харилцаа үүсгэж байгаа юм. Амьд харилцаа үгүй болж байна гэсэн үг.

-Ирээдүйн хөгжимчид, хөгжмийн зохиолчдоос юуг хүлээж байна?

-Би хойч үедээ гүн итгэдэг. Тэд биднээс хоёроос гурав дахин чадвартай хөгжимчид болно. Үүний нэг шалтгаан нь бид дэлхийд нээлттэй болсон. Мөн дэлхий бидэнд нээлттэй байна. Гар утаснаасаа дэлхийн хамгийн шилдэг концерт хаана болж байна, хамгийн шилдэг хөгжим хаана гарч байна, хамгийн сод хөгжмийн зохиолч хаана байна, чадварлаг хөгжимчин яаж хөгжимдөж байна гэдгийг сонсож, тэдгээрээс суралцах боломжтой болсон байна. Бүх боломж нээлттэй. Бидний үед ийм боломж харьцангуй бага байсан. Мөн СУИС-ийн сургалтын чанар маш сайжирсан. Тиймээс бид 100 хувийн баталгаатай хойч үеэ гайхалтай байх болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Б.Шарав, Х.Билэг жаргал, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг … гэхчлэн олон томчуудын орой зай Монголын хөгжмийн урлагт үгүйлэгдэж байна уу?

-Мөнхөд үгүйлэгдэнэ. Тухайн үеийн нийгэм, соёлын хүрээнд гарч ирсэн сод авьяастнууд давтагдана гэж байхгүй. Энэ утгаараа эдгээр хүмүүсийн орон зай алга болохгүйгээр, Монголын хөгжмийн урлагт байсаар байх болно. Энэхүү орон зайг шинэ нийгмийн хөгжмийн зохиолчид нөхөж чадахгүй. Харин тэд өөр өөрийнхөө орой зайг бүтээнэ, бий болгоно. Үгүй болсон хүмүүс, тэдгээрийн орон зай байсаар байх болно.

-Тэгэхээр орой зай хоосрохгүй, алга болохгүй харин үлддэг байх нь?

-Хүний нийгэмд зарим уран бүтээлчид нийгмийн үзэл суртал, явуулж байгаа бодлогын төлөө дуу, хөгжим хийх үйлдэл байдаг. Авьяасаа үзэл сурталд зориулж гайхамшигтай бүтээл хийдэг. Эсрэгээрээ зарим нь өөрийн хүсэл эрмэлзэл, зүрх сэтгэлээ дагаж уран бүтээлээ хийдэг. Үүгээр ирээдүйд эзлэх тэдний орон зай өөрчлөгддөг. Жишээлбэл, ямар нэгэн үзэл сурталд зориулж хийсэн бүтээл тухайн үзэл санаатайгаа ижил наслана. Үзэл суртал намжихад дагаад тоглогдохгүй. Харин өөрийн зүрх сэтгэлээсээ хийсэн бүтээл мөнхөд өөрийн орон зайг эзлэх юм.

-Уран бүтээлчид нэгнээсээ илүү байх боломжтой юу?

-Үгүй ээ, хэн ч хэнээс илүү биш. Р.Чойном Б.Лхагвасүрэнгээс илүү юу. Б.Шарав Ц.Нацагдорж хоёрын хэн нь илүү мундаг вэ. Ийм асуулт байх ёсгүй. Тэднээс хэнийг ч хэнтэй ч харьцуулах нь утгагүй хэрэг. Тиймээс миний хэлэх гэсэн санаа бол илүү эсвэл дутуу гэж байхгүй. Тэд бүгдээрээ өөр өөр дахин давтагдашгүй ертөнцүүд.

-Даяаршлагдсан дэлхий ертөнцөд Монголын урлаг юугаараа онцгой вэ?

-Хэдий бид хотжоод, суурьшмал амьдарч байгаа ч гэсэн нүүдэлчин соёлоос хөндийрсөөр  байвал уран бүтээгчидын сэтгэлгээ хумигдана. Гэсэн хэдий ч ийм нөхцөлд хөгжмийн зохиолчдоос жинхэнэ монгол хөгжмийн зохиол ямар ч асуудалгүй төрнө. Тиймээс монгол хүний дэлхийд сонсгох аялгууны мессэж хэр зэрэг хүчтэй очих вэ гэдэг л сонирхолтой.

-Дэлхийд бидний дуу хоолойгоо, хөгжмөө хүргэх чухал уу?

-Мэдээж, энэ зөвхөн хөгжимчин, урлагийнхны бодох асуудал биш. Хаа хаанаа бодох хэрэгтэй.  Улс төрийн түвшинд ч анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ерөнхийлөгч зарлиг гаргаад Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгосон нь сайн хэрэг. Дэлхий бидний соёлын бүтээлийг сонсч, үзэх гээд хүлээж буй. Учир нь Монголын урлаг бол эрүүл саруул, язгуур урлаг юм. Энэ бол маш том үнэт зүйл. Манжийн дарлалд байх 200 жилийн хугацаанд дэлхий бүх урлаг холилдоод, үндсэн мөн чанараасаа халиад даяаршиж байхад зөвхөн бидний өвөг дээдэс тэр хугацаанд өөрсдийн урлаг, сэтгэлгээг алдалгүй, хадгалан авч үлдсэн. Бид ийм л онцгой соёл, урлагтай. Тиймээс Монголын урлаг бол дэлхийд хүргэх ёстой үнэ цэнэ, үнэт өв юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв DNN.mn

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат дараах дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ковидын үед бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэр зуучийн ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.

Цар тахлын үед нэг чингэлэг ачаа 50-60 мянган юань хүрч байсан. Харин өнөөдөр 8500 юань буюу 5-6 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээвэрчид өөрсдийн дураар тээврийн үнэ, ханшаа нэмээгүй. Ихэнх барааг бөөгнүүлж, тээвэрлэгчдэд олгодог ачаа илгээгч нар нь БНХАУ-ынх байдаг учраас тээврийн ханшийг юаниар хэмждэг.

Ковидын өмнө юань 300 гаран төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр 470 юанийн ханштай байна. Үүнийг дагаад тээвэрлэлтийн ханш өссөн юм шиг харагдаад байгаа.

Өнөөдрийн байдлаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан.

Өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлж байгаа. Хилээр олон тээврийн хэрэгсэл гарах тусам, ачаа барааны эргэлт сайжирч, үнэ тогтвортой байдаг.

Тиймээс тээврийн хэрэгслийг аль болох шуурхай, саадгүй нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хянан шалгах түр хороо хаалттай хуралдлаа DNN.mn

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Уг хуралдаанаар Хянан шалгагч шинжээч томилох тухай болон Хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа DNN.mn

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг “Компанийн дүрэмд бус хүсэлтэд үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг хувь хүний 100 хувь эзэмшилд бүртгэсэн. Энэ бүртгэл хүчин төгөлдөр бус бол түүнээс хойш “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөс гарсан шийдвэрүүд ч мөн хууль бус. Түүнчлэн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаа огт зарладаггүй. Тиймээс уг бүртгэлийн асуудлыг АТГ-т шалгуулах гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч мөн хандсан бөгөөд хуулийн хугацаандаа хариу өгөх байх.

Нийслэлийн эзэмшлийг 49 хувь болгосон асуудлаар 2006 онд тухайн үеийн НИТХ-ын дарга хуулийн байгууллагад хандсан боловч амжилт олоогүй. Үүнд ч мөн нийслэлээс гарсан хуулийн баг дүн шинжилгээ хийж байна. Дүрэмдээ нийслэлийн эзэмшил 49 хувь ч бүртгэл дээрээ 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил байгаад байгаа юм. 2020 онд энэ маргааны асуудлаар мөн ажлын хэсэг гарч ажиллаж байсан ч тодорхой үр дүн гараагүй байна. Иймд өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бид дээрх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм” гэлээ.

Дашрамд, Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлж буй энэ үед Канад Улс ийнхүү Монгол Улсад тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Элчин сайд Сандра Шуфани цаг зав гарган уулзсан Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ зүтгүүр туршилтын анхны аяллаа эхлүүллээ DNN.mn

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн  хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн.

Тус зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052-р галт тэрэг 4963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдөллөө.
Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар 2024.03.25-ны өдрийн 15 цаг 06 минутад амжилттай эхлүүллээ. Зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явж байна.

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн  хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн 2 зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд хийгдэж, зүтгүүрийн бригадууд болон засварын инженер, техникийн ажилчдад сургалтад хамрагдаж дууссан.

 

 

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийгэм

Үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрчээ DNN.mn

Баянзүрх дүүрэгт өчигдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, танхайрсан хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоон, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэжээ.

Түүнийг шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Уг иргэн өмнө нь архидан согтуурч найман удаа зөрчил гаргаж байжээ.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг анхаарууллаа.

“Зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал, хайч, сэрээ, сүх, хөрөө, халив (отвёртка), хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м./ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгсэл багтдаг.

Танхайрах явцдаа хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах, түүнчлэн танхайн үйлдэлдээ хүч оруулах, айлган сүрдүүлэхэд чиглэсэн шууд санаагаа өөрийн хүсэл зоригоос үл хамааран туйлд нь хүргэж чадаагүй бол тухайн этгээдэд гэмт хэрэг үйлдэхээр завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль топгоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон талаар тогтоолын төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын уг тогтоолд нэмэлт оруулах бодит нөхцөл, судалгааг танилцуулсан юм. Үүнд, олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байна. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн бөгөөд иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсзн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой гэв.

Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдпаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.

Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.