Categories
мэдээ нийгэм

“Түмэн тэмээний баяр” үргэлжилж байна DNN.mn

Өвлийн аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэмээн сүргээ өсгөн хамгаалж, үндэсний өв, соёлыг тээж байгаа тэмээчид, малчдаа алдаршуулах зорилготой “Түмэн тэмээний баяр” 25 дахь жилдээ Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-т Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Дорноговь зэрэг 7 аймгийн тэмээчид хүрэлцэн ирж, оролцож байна.

Энэхүү баярын хүрээнд тэмээчид хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн, тэмээн поло, тэмээтэй богино зайны уралдаанд оролцож, “Тэмээтэй сайхан хос”, “Сайхан ингэ”, “Шилмэл буур” шалгаруулах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж, наадамчин олныг баясгаж байна.

Өмнөговь аймгийн тэмээн сүрэг 160 мянга буюу 16 түмд хүрсэн тул энэ жил “16 Түмэн тэмээний баяр” хэмээн нэрийдэж, говь нутгийн бахархал болсон тэмээн сүргээрээ бахархан, алдаршуулан тэмдэглэж байгаа билээ.

Энэхүү баяр нь анх 1997 онд Сэврэй суманд зохион байгуулагдсан бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарын анхны тэмээний эвент гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Мөн 2016 онд 1108 тэмээ барианд оруулж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэмээний баяр нь Олон улсад Тогтвортой аялал жуулчлалын үлгэр жишээ загвар хэмээн өндрөөр үнэлэгддэг гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн DNN.mn

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 250 сум, хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрджээ DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Говь-Алтайн Булган, Чандмань, Үенч, Алттай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Хүрээмарал, Эрдэнэцогт, Гурванбулаг, Богд, Галуут, Жинст, Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Өлзийт, Хархорин, Гучин-Ус, Арвайхээр, Хайрхандулаан, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Улаан-Уул, Рашаант, Баянзүрх, Бүрэнтогтох, Ренчинлхүмбэ, Мөрөн, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Могод, Бүрэгхангай, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Баянцагаан, Цээл, Баянжаргалан, Жаргалант, Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Баянгол, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд, Мандах, Эрдэнэ, Хатанбулаг, Дундговийн Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Мандалговь, Хулд, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Баяндалай, Цогт-Овоо, Ханбогд, Мандал-Овоо, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өндөрхаан, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Дорнодын Гурванзагал, Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Увсын Завхан, Ховдын Дарви, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Халиун, Алтай, Цогт, Төгрөг, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Шилүүстэй, Улиастай, Баянхонгорын Баян-Өндөр, Бууцагаан, Баацагаан, Баянговь, Жаргалант, Өвөрхангайн Сант, Уянга, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Цагаан-Уул, Арбулаг, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ (Хатгал), Булганы Хангал, Баян-Агт, Булган, Бугат, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Мандал, Орхон, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баян, Дэлгэрхаан, Аргалант, Батсүмбэр, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Гурвансайхан, Луус, Өмнөговийн Баян-Овоо, Говьсүмбэрийн Чойр, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дадал, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж буй байршлууд DNN.mn

Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна.


ШИНЭ 100 АЙЛ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр гарах аж.

Цагийн хувьд 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.

Тус худалдаанаас хэрэглэгчид үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн, хүнс, цагаан идээг ямар нэгэн нэмэгдэл өртөггүй авах давуу талтайг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолжээ.

ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ХУДАЛДАА МИШЭЭЛД

Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа энэ жил төрөлжсөн болж байгаагаар онцлогтой. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-25-нд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүн, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2 хүртэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хоёрдугаар сарын 3-9 хүртэл үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа гарч байгаа аж.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд зорьж очиж буй хүмүүс долоо, долоо хоногоор гарах хөтөлбөрийн дагуу очсоноор өөрт хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг илүү оновчтой, түргэн шуурхай, нэг дороос сонгох боломжтой.

Зохион байгуулагчдын зүгээс мөн хэрэглэгчдийг урамшуулах зорилгоор өдөр бүр үнэ төлбөргүй сугалаа явуулж, гурван азтанг шагнаж байгаа гэсэн юм.

ХОТЫН ТӨВ РҮҮ ТҮГЖРЭХ ШААРДЛАГАГҮЙ “ХҮННҮ”-ГИЙН ЭКСПО

Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг “Хүннү молл” худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байна. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.

Нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 8-нд дуусах юм байна.

Зөвхөн хүнснээс гадна бэлэн хувцас, гоо сайхны дотоод болон импортын бараа бүтээгдэхүүнийг тус худалдаанаас авах боломжтой.

НАРАНТУУЛ, ДЭНЖИЙН 1000-Д ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ГАРЧ БАЙНА

Дээрх төвүүдээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийнэ эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ. Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Учир нь түгжрэлд цаг заваа зарцуулахгүйгээр өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ бэлтгэх нь эдийн засгийн хувьд болон цагийн хэмнэлттэй байгааг иргэд олон нийтийн хуудаст бичиж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ломбардаас 60 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, гар утас хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 1-ний шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий гурван этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлэн, эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг сайтар хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” захын зүүн болон урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна DNN.mn

Бямба, ням гаригт буюу хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Дэнжийн мянга дахь Хүчит шонхор худалдааны төвийн зүүн болон урд талын замыг 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон.

Цагаан сарын баярын өдрүүд ойртсонтой холбоотой зах, худалдааны төвийг чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс хуулийн дагуу уг зохицуулалтыг хийхээр болжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг хэмээн Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас мэдээлж байв..

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн бүс хөгжлийн тэргүүлэх салбараа тодорхойллоо DNN.mn

Монгол Улс хэтийн хөгжлийн ирээдүйгээ тодруулах зорилгын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн-Эдийн засгийн форум”-ыг боллоо.

Тэгвэл Төвийн бүсийн салбар хуралдаанаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн тэргүүлэх таван чиглэлийг тодорхойллоо.

Тодруулбал, эрчимжсэн хөдө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластерууд, эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг хөгжлийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлов. Мөн шинжлэх ухаан технологийн төв, аялал жуулчлалын бүс нутаг, хүнд хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудыг нэрлэлээ. Эдгээр тэргүүлэх салбарыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгах юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мөнхжин: Хүн мэдэхгүй зүйлээсээ айж түгшдэг DNN.mn

Өнөөгийн нийгэмд иргэд олон хүчин зүйлээс шалтгаалж түгшүүртэй амьдрах болжээ. Түгших эмгэгийн тухай сэтгэл судлаач А.Мөнхжинтэй ярилцлаа.


-Түгших эмгэг гэж юу вэ?

Түгших айдас гэдэг бол энгийн үгээр сэтгэл тавгүйрхэх, аюулаас сэргийлэх мэдрэмж юм. Түгших айдас дангаараа гэхээс илүү бусад эмгэгтэй хавсарч илэрдэг. Дийлэнх сэтгэцийн эмгэгийн суурь шалтгаан бол сэтгэл түгшилтийн асуудалтай холбоотой. Сэтгэл түгшилтийн тухай ярихын тулд бид эхлээд түгшүүр гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй. Түгшүүр гэдэг ойлголт бол гаднын өдөөгчид үзүүлж байгаа хариу үйлдэл. Тухайн хариу үйлдлээсээ хүн айдас, сөрөг болон тухгүй мэдрэмж авч байгааг түгшүүр гэдэг. Өдөөгчид хариу үйлдэл үзүүлж байгаа нь тухайн хүн айдастай байгааг илэрхийлж байна гэсэн үг.

-Тэгвэл түгшүүр гэж юу вэ?

-Түгшүүр гэх ойлголт хоёр янз. Нэгдүгээрт бодит буюу химийн түгшүүр. Химийн түгшүүр бидний өдөр тутмын амьдралд тохиолддог. Тухайлбал, оюутнууд шалгалтаас, харин оффисын ажилтан чухал илтгэл, тайлангийн өмнө түгшүүрийн мэдрэмж авдаг гэх мэт. Яагаад гэвэл түгшиж байгаа шалтгаан нь тодорхой. Эрүүл амьдралд байх ёстой сэтгэл хөдлөл явагдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, невротик түгшүүр юм. Өдөөгч нь тодорхойгүй, хаанаас ямар шалтгаанаас түгшүүр үүсэж байгааг тодорхойлоход бэрх. Өдөөгч хүчин зүйл байгаа ч түүнийг анзаарахад хэцүү юм. Энэхүү шинж тэмдгийг ужгарсан түгшүүр гэж нэрлэдэг. Үүний шалтгаан нь урт хугацааны стресс. Стресс нь депрессийн хэмжээнд хүрэх, мэдрэлийн ядаргаа, зарим тохиолдолд бусад эмгэгтэй хавсарч үүсдэг.

-Түгших айдас хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Жишээ нь, сэтгэцийн эмгэгийн салбарт дэмийрэл буюу эмгэг бодол санаа гэж байдаг. Паранойд буюу хардах бүлгийн дэмийрэл, өөрийгөө буруутгах, аугаа ихийн дэмийрэл гэх мэт эмгэгүүд үүсээд эхэлдэг. Хардах гэдэг нь хэн нэгэн өөрт нь аюул занал учруулах гээд байна гэх болгоомжлох айдсаас үүдэлтэй байдаг. Түгшүүр өөрөө болгоомжлох айдсаас бий болдог. Хүн юунаас түгшдэг вэ гэхээр хүн мэдэхгүй зүйлээсээ айж түгшдэг. Жишээлбэл, шалгалтандаа сайн бэлдсэн оюутанд түгшүүр үүсэхгүй. Шалгалтандаа бэлдээгүй оюутанд бол шууд түгшүүр үүсдэг учир нь мэдэхгүй зүйлийг нь багш асуух гэж байна шүү дээ. Түгшүүрийн тухай хамгийн тод жишээ нь “Ковид-19”.

Тухайн үед дэлхий нийтээрээ түгшүүрт автсан. Яагаад вэ гэхээр “Ковид-19” халдварт өвчин нь шинэ төрлийн халдварт өвчин байсан. Хүмүүс энэхүү өвчний тухай ямар ч мэдлэг мэдээлэлгүй байлаа. Халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадалгүй үхэх эрсдэлтэй, эмчлэх эм, вакцин байгаагүй болохоор хүмүүс түгшүүрт автсан. Хүмүүс аливаа үйл явдлын сөрөг талыг өнгөцхөн хүлээж авдаг. Үүний үр дүнд тухайн зүйлийн талаар бодит бодолгүй мэдээлэлгүй байдаг. Сэтгэл хөдлөлд тулгуурласан бодол санаа нь сэтгэл түгшилтийн үндэс.

-Өөр нийгмийн хүчин зүйлсээс үүсэх боломжтой юу?

-Хүүхэд насны трауманаас үүдэлтэй түгшил мөн байдаг. Таагүй дурсамжийг өөрөөсөө чөлөөлж, салж чадаагүй тохиолдолд тэр дурсамж нь хүний ухамсарт бус сэтгэц рүү нэвтэрдэг. Энэ нь хүний түгшүүрлэхэд хүргэдэг. Практик амьдрал дээрээ чанга дуу чимээнээс, амьтнаас айдаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс хүүхэд насандаа чанга дуу чимээ, амьтан холбоотой таагүй дурсамжтай. Жишээлбэл, багадаа нохойнд хазуулж байсан бол нохойноос айх түгшүүртэй байна гэсэн үг. Гэмтлийн дараах сэтгэл гутралын үед сэтгэл түгшилт гэдэг зүйл үүснэ. Хүчтэй осол аваар, гэмтэл авсан шалтгааныг нь санагдуулам өдөөгч байгаа тохиолдолд сэтгэл түгшилт үүсдэг.

-Түгших айдсаас хэрхэн ангижрах вэ?

-Сэтгэл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээд сурчихсан хүмүүс сэтгэлзүйчид хандах тохиолдол өндөр байдаг. Харин манай нийгмийн ихэнх хүмүүс мэдрэмжээ нуун дарагдуулах хандлагатай. Нийгэм соёлын онцлог юм. Учир нь монголчууд нүүдэлчин ард түмэн байсан болохоор нийгмийн харилцаанд харьцангуй бага ордог байсан. Монгол хүний хувь хүний онцлог нь мэдрэмжээ илэрхийлж сураагүй байдаг. “Эр хүн уйлж болохгүй, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэх эдгээр үгс нь хүнийг зоригтой, тэвчээртэй байхад сургаж байгаа ч нөгөө талаасаа хүнийг мэдрэмжээ илэрхийлэхэд хааж боогдуулаад байдаг. Хүн мэдрэмжээ илэрхийлж, хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэр нь ужгарсаар түгшүүрийн төрлийн эмгэг үүсгэх шалтгаан болдог. Иргэд өөрийнхөө мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй.

-Хүүхдийг түгших айдастай болохоос эцэг эхчүүд хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхдийн хүмүүжлийн асуудалд хүүхдийн нас зүйн онцлогийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийн зан төлөв өсвөр насанд хүрэх хүртлээ харьцангуй тогтвортой байдаг. Өсвөр насандаа хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, батлах, мэдрэмжээ илэрхийлэх хэрэгцээ маш их байдаг. Харин эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн шаардлагад нийцүүлэх гэж хүүхдийнхээ бодол санаа, мэдрэмжийг сонсолгүй хаалт тавьчихдаг. Хүүхэд мэдрэмжээ, тулгамдаж байгаа асуудлаа ярилцах гэж оролдох үед сонсдоггүй.

Энэхүү үйлдэл нь хүүхдээ үл хайхарч байна гэсэн үг. Хүүхэд эцэг эхдээ мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлээд идэвхтэй харилцаа үүсгэж байна гэдэг тэдний дундах ээнэгшил бат байна гэсэн үг. Харилцаа дутмаг байгаа тохиолдолд мэдрэмжээ нуудаг. Хүүхэд асуудалд орлоо гэхэд ээж ааваасаа нууна. Хамгийн ойр дотны хүмүүсээсээ нууж байна гэсэн үг. Насанд хүрсэн хойноо асуудалд орлоо гэхэд түүнийгээ нуудаг болно. Хорт хавдартай хэрнээ гэр бүлийнхэнээс нуудаг хүмүүс байдаг шүү дээ.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүний амьдралд санаа тавих нь өөрийнхөө амьдралыг сүйрүүлдэг DNN.mn

Гадаадад очиж хар бороор олон жил амьдарч яваад ирсэн нэг нөхөр маань дээрх үгийг ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ солонгос хүмүүсийн амьдралын философи нь ийм юм билээ.

Ер нь суурин газар амьдардаг хүмүүсийн соёл бидний ярьж хэлдэг сургаалаас их өөр гэдгийн нэг жишээ нь энэ гэв. Анх сонсоход ихэд хувиа хичээсэн өөдгүй үг мэт санагдана.

Манайд чинь юу, юу гэж сургадаг билээ дээ. “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ”, “Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй явсан нь дээр” гэх мэтчилэн. Энэ сургаалууд нэг бол амьдрал нь төгсөрчихсөн, юугаар ч дутахгүй болчихсон хүнд таармаар. Бас гэгээрээд бодьсадва болчихсон хүнд тохирмоор санагддаг. Үхэх үйлтэй өнөө маргаашаа яая гэж яваа, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж явдаг мань мэтэд давын өмнө зуун төгрөг нь хэрэгтэй болоод байдаг нь гачлантай.

Сургаал бол зуун нөхөр нь зөв гээд байдаг. Ингээд зөрчилдөөд эхлэхээр дотоод сэтгэлээ хуурахаас өөр арга үгүй болно. Дотоод сэтгэл буюу өөрийн “би”-гээ хуураад эхлэхээр хэнийг ч хуурахад бэлэн болчихдог золиг шиг байгаа юм.

Найз нөхдөөр хүрээлүүлсэн, тэднээсээ юугаа ч харамладаггүй хүнийг олонтаа харж явлаа. Ийм хүнд найз нөхдийнх нь ач буян нь эргэж тусалсан тухай ч олонтаа сонсож байв. Гэхдээ л дийлэнхдээ өөрөө л хоосон ядуу, байгаа юмгүй, амьдрал нь нэг тийм орон гаран л байдаг даа.

Хүнд санаа тавихдаа өөрийгөө битгий мартаарай л гэсэн үг юм болов уу, дээрх үг. Яадаг ч байсан өөрийн амьдралаа эхэлж бүтээх нь тухайн хүний үүрэг хариуцлага байдаг гэдгийг хэлсэн байх. Тэгэхээр тийм ч муу үг биш аж.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Бүрэнтэгш: Малдаа яваад алга боллоо гэсэн дуудлагаар хайгаад очиход саахалтындаа архи уугаад сууж байсан DNN.mn

  1. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгштэй өвөлжилтийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Нямаагийн Бүрэнтэгш гэдэг. Алтанширээ сумандаа 1983 онд төрсөн. Хөдөө аж ахуйн их сургуулийг 2005 онд нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирээд сумандаа гурван жил ажилласан. Тэгээд аймагтаа санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, улсын ахлах байцаагчаар нийтдээ 16 жил ажиллаад сумандаа ирсэн.

-Сумандаа ирж ажиллах санал тавьсан уу, эсвэл тийм хүсэл ер нь байсан уу?

-Ер нь нутагтаа ирж ажиллах хүсэл байсан. Дээрээс нь холбогдох хүмүүс ч санал тавьж таарсан. Тэгээд л өөрийн сурсан мэдсэн, чаддаг зүйлээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулъя гэж зориглоод л ирсэн.

-Гэр бүлийн хүн тань аль нутгийн хүн бэ?

-Сайншанд сумын уугуул хүн бий. Бид одоо хоёр хүүхэдтэй.

-Дагуулаад сумандаа ирсэн үү?

-Үгүй ээ, эхнэр маань хоёр хүүхэдтэйгээ аймагт амьдарч байгаа. Одоохондоо тусдаа л байгаа.

-Өнөөгийн залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал байх, тийм үү?

-Үнэхээр тийм, хааяа эхнэр хүүхдүүд ирж, заримдаа би очоод л явж байна.

-Нутагтаа буцаж ирээд ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байв?

-Манай сум 2023 оны тоогоор 1400 гаруй хүн амтай гэж гарсан. Намайг бага байхад 2000 гаруй хүн амтай, маш том сум байсан. Сүүлдээ улс орны нөхцөл байдал, хүмүүсийн хандлагаас болоод хүн амын шилжилт хөдөлгөөн их болсон. Тэгэхээр хөдөө орон нутагт боловсон хүчний дутагдал их. Залуучууд нь төгсөөд хот явдаг, тэндээ үлддэг. Ер нь суманд багш, эмч хоёр нь л сайн байвал болдог юм шиг байгаа юм. Ирснээсээ хойш иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж их хичээлээ. Миний хувьд нутгийн хүмүүсээ нутагт нь ажилтай, орлоготой байлгахад л нутаг маань хөгжинө гэж боддог.

-Залуучуудын ая тухтай амьдрах нөхцлийг хангахын тулд тэгвэл юу хийж байна вэ?

-Манай сум 2021 онд монгол хэл, математикийн багшгүй хүртэл болсон. Энэ бол эмгэнэл шүү дээ. Манай малчид, орон нутгийнхан гэлтгүй хүмүүс чинь хаана чанартай боловсрол байна. Тэнд үр хүүхдээ сургахыг боддог. Тийм болохоор тавдугаар анги төгсгөөд л аймаг руу шилжүүлдэг. Ингэхдээ ээж нь хүүхдүүдээ аваад явдаг. Тэгээд боловсролын чанарт анхаарч, дөрвөн багшийг сумандаа гурван жил ажиллуулахаар авч ирсэн. Амьдрах байраар нь хангаж, жилд таван толгой мал өгөх, ажиллах хугацаандаа сурах бол төлбөрт нь дэмжлэг үзүүлье гэсэн амлалтууд өгсөн. Дээрээс нь залуучуудыг сумандаа тогтвортой ажиллуулах гээд санал тавихаар галладаг уу, усаа зөөдөг үү л гэж асуудаг. Тэгэхээр үүнийг нь шийдэхийн тулд 2023 онд аймгийн ЗДТГ-аас тодорхой санхүүг нь шийдээд төрийн албан хаагчдынхаа 24 байшинг дулаан, цэвэр бохирын шугамд холбосон. Мөн төрийн албан хаагчдын орон сууц дөрвийг нэмж барьсан.

-Төр засгаас “Хот-хөдөөгийн тэнцвэр”-ыг хангах бодлого хэрэгжүүлж, орон нутагт цалингийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Энэ бүхэн боловсон хүчнээ авч үлдэхэд хэр нөлөө үзүүлж байна вэ?

-Засгийн газрын тогтоолоор 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувь нэмсэн. Харин үлдсэн 80 хувийг нь сум, орон нутаг өөрсдөө бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Тийм болохоор өнгөрсөн онд 80 хүртэлх хувийн нэмэгдлийг сумаас бүгдийг нь олгосон. Хамгийн гол нь би ажилчдадаа өөрсдөө орлогоо ол. Харин олсон орлогоосоо нэмэгдэл цалинг чинь хангалттай тавина гэж хэлдэг. Одоогоор манай ЗДТГ-ын жижүүрүүд гар дээрээ 1.6 сая төгрөг, төрийн захиргааны албан хаагчид 2.3 сая төгрөгийн цалин авч байна. Ингэхээр хүмүүс ирж ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж байгаа. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс сумын төсөвт байгууллагууд буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэсэн газрын ажилчдадаа сар бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг олгож эхлээд байна.

-Танай сум төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Монгол Улсын 21 аймгаас улсаас татаас авахгүйгээр харин ч мөнгө төвлөрүүлдэг долоон аймаг байдгийн нэг нь манай аймаг. Үүнтэй адил манай аймагт өөрөө өөрийнхөө санхүүжилтийг бүрдүүлдэг долоон сум байдгийн нэг нь өнгөрсөн 2022 оны долдугаар сарын 1-нээс манайх болсон. Би өөрөө нягтлан бодох, санхүүгийн чиглэлийн хүн. Тийм болохоор хаана мөнгө олох боломж бололцоо байна, түүнийг эрэлхийлж явдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр манай сумын нутагт баригдаж байна. Мөн төмрийн, гангийн, нүүрс угаах, хорголжингийн гээд олон үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Үүн дээр Засгийн газрын бодлого шийдвэр ч маш сайн явж байна. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлнэ гэсэн заалт Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай хуульд орсон. Үүнийг дагаад өмнө нь аймгийн дансанд ордог байсан Хувь хүний орлогын албан татвар/ХХОАТ/-ыг ноднин жилийн гуравдугаар сарын 1-нээс сумын орлогод оруулдаг болсон. Тийм болохоор дээрх үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн цалингаас суутгаж байгаа ХХОАТ-ыг манай суманд тайлагна гэж шахдаг. Хоёрдугаарт, манай суманд одоогийн байдлаар ашиглалтын 12, хайгуулын 17 тусгай зөвшөөрөлтэй компани байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудынхаа газрыг нь баталгаажуулж өгөөд газрын төлбөрөөс тодорхой хэмжээний орлогыг мөн төсөвтөө төвлөрүүлдэг.

-Уул уурхай, малчин хоёрын хооронд багагүй зөрчил гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Манай суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 12 компани байгаа боловч яг одоогийн байдлаар жоншны гурван уурхай л ажиллаж байгаа. Гэвч тэд маань ч гэсэн цар тахал гээд олигтой ажиллаагүй. Бусад нь огт ажил эхлээгүй. Тэгэхээр малчдын хувьд харьцангуй гайгүй. Ер нь төрөөс малчид уул уурхай хоёрыг зөв зүйтэй байдлаар нь холбож өгнө. Би өөрөө уул уурхайг дэмждэг. Нэг суманд нэг том уурхай байхад л хөгжөөд явна. Гэхдээ хяналт шалгалтын ажил олон жил хийсэн болохоор үйл ажиллагаагаа хариуцлагатай, байгальд ээлтэй явуул. Сум орон нутагтай хамтар, нөхөн сэргээлтээ хий, Монгол Улсын хууль тогтоомжийг чанга мөрдөж ажилла гэсэн шаардлага тавьдаг.

-Алтанширээ сумын бэлчээрийн даац хэр болсон бэ. Энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Намайг анх ажил авахад сумын хэмжээнд 126 мянган малтай байсан. Гэтэл жил тутам нэмэгдсээр 2022 онд 196 мянга болсон. Сая жилийн эцсийн тоогоор 145 мянган толгой малтай болж буурсан. Бэлчээрийн даацын хувьд 196 мянга болоход л 2-3 дахин нэмэгдсэн гэж гарсан. Ер нь сүүлийн үед толгойтой болгон л мянгат болж байна шүү дээ.

-Малаа хэр бодит тоолж чаддаг вэ. Учир нь малынхаа тоог баримжаалж тоолдог, малчид нь нэмж хэлээд банкаас өндөр зээл гаргуулдаг гэх яриа явдаг?

-Жил бүрийн 12 дугаар сарын 7-15-ны хооронд суманд мал тооллого явдаг. Дөрвөн баг гараад малчдаараа тойрдог. Гол онцлог нь манай сум малчны яг хотонд нь очоод дандаа нүдээр үзэж тоолдог. Малчид маань ч малын тооллогод хүндэтгэлтэй ханддаг. Хоёрдугаарт, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Малын хөлийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн болохоор малаа нэмж тоолуулбал өндөр татвар л төлнө.

-Монгол орныг хамарсан зуд энэ жил болж байна. Танай суманд хэр өвөл болж байна вэ?

-Ноднин жилийн 11 дүгээр сарын эхээр манай суманд анхны цас орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл их, бага хэмжээгээр 20 гаруй удаа ороод байна. Мөн дөрвөн удаа, нэг удаадаа 2-3 хоногийн хугацаатай маш хүчтэй шуурга болсон. Үүнээс болоод манай сум зуд, тэр дундаа мөсөн зуд гэсэн ангилалд багтсан. Цас ороод дулаараад, дахиж хүйтэрч хөлдөөд байхаар ийм болдог юм байна. Цасан шуурганы дараа манай ЗДТГ-ын ажилчид үхсэн малыг нь гаргаж, хороо хотыг нь цэвэрлэхээр гурван айлд очсон. Тэгэхэд жоотуугаар цохиход яг л мөс нүдэж байгаа юм шиг хагарч байсан. Цас нь нийтдээ дөрвөн үе үүсгээд хөлдчихсөн. Ингээд хөлдүү газарт мал хэвтээд байхаар ямар сайн байх вэ дээ. Нөгөө л шилжилт хөдөлгөөнөөс болоод хүүхдүүд нь төв бараадсан болохоор яг ийм хэцүү цагт малчид маань хүн бүлгүй үнэхээр зутарсан. Хоёрдугаарт, сүүлийн хэдэн жил ган, зуд болоогүй сайхан байсан учраас малчдын маань хороо хот ихээхэн муу байсан юм билээ. Үүнээс харахад энэ чигээрээ дахиад хэдэн жил явах юм бол мал малладаг, малчин хүнгүй болж мэдэхээр байна.

-Зудын үед ямар арга хэмжээ авч ажиллав. Малчид, баг руугаа зам гаргасан уу?

-Цасан шуурга болоход эмнэлэг, ЗДТГ-ын гээд ердөө хоёр машинтай. Одоог хүртэл нийтдээ 84 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа хийгдсэн. Нүдгүй шуурч байхад л мал руугаа яваад төөрдөг. Энэ үед нь төрийн албан хаагчид л араас нь эрэн хайдаг. Ямар ч байсан нэг ч хүний амь нас эрсдээгүй. Харин тодорхой тооны мал шуурганд уруудсан. Тийм болохоор энэ хүнд цагт нь ноднин жил Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-ийн хөрөнгөөр авсан 4000 боодол өвс, 500 гаруй шуудай тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олголоо. Мөн энэ оны ОНХС-ийн мөнгөөр 2000 боодол өвс, 500 гаруй шуудай тэжээлийг энэ өдрүүдэд татаж авлаа. Дээрээс нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Нутгийн зөвлөлөөс малчдад хүнс, өвс тэжээл, шатахууны тусламж үзүүлсэн. Дээрээс нь сумын Иргэдийн хурал ЗДТГ-аас санаачилан иргэдийнхээ дунд “Сайн үйлсийн аян” зохион байгуулсан. Энэ аянаар цугларсан мөнгөөр 160 өрхөд нийтдээ 1300 боодол өвс, 300 шуудай тэжээлийг үнэгүй өгсөн. Үүнээс гадна бид ирэх өвлөө бодох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс одоо ирэх өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдахаар ярилцаж байна. Сүүлд цас орноос хойш Сайншанд сумаас Алтанширээ хүртэлх 63, Тойг багт 53 километр газарт цас хусаж зам гаргасан. Одоо Хаяа багт хоёр чиглэлд 100 гаруй километр зам гаргахаар төлөвлөж байна.

-Цаг хүндэрсэн үед өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн байна уу?

-Намар 7-8 дугаар сард гэрээ байгуулаад өвс авахад 10 мянган төгрөг байсан. Гэтэл одоо манай суманд зарагдаж байгаа өвс 20 мянга байгаа. Ноднин жил манай аймагт өвс 35 мянган төгрөг хүрснийг бодоход бас ч гайгүй байна. Тэжээл олдохоо больсон. Гэхдээ улсын болон аймгийн Онцгой комиссоос энэ тал дээр шат дараатай арга хэмжээнүүд авч л байна. Зам гаргахад хэрэгцээтэй түлшээр хангаж, техник хэрэгсэлээр тусалсан.

-Одоо та бүхэнд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Хойшдоо дахиад цас нэмж орвол техникийн тусламж нэн шаардлагатай болно. Дээрээс нь улсын болон аймгийн Онцгой комиссоос тусламжуудаа цаг тухайд нь өгөөд байвал хүн, малгүй эсэн мэнд хаврын урьтай золгох боломж бүрдэнэ. Гэхдээ мэдээж байнга үнэгүй байна гэж юу байхав. Тодорхой төлбөртэй байхад үлдсэнийг нь бид хэд зохицуулаад байж дөнгөнө шүү дээ.

-Хэдхэн хоноод хаврын сар гарах гэж байна. Говь нутгийн хавар ер нь хэр болдог вэ?

-Ер нь л нэлээд чанга болно, нүдгүй шуурдаг юм. Ноднин, уржнан өвөл нь сайхан болсон ч хавартаа их хүндэрсэн. Маш хүйтэн салхиар нүдгүй шуурахаар малын тамирыг бардаг юм билээ. Дээрээс нь сүүлийн жилүүдэд анхны бороо 7-8 дугаар сард л ордог болсон.

-Бороо цагтаа орохоо байсан нь үүл бууддаг болсонтой холбоотой гэх юм билээ?

-Тийм ч байж мэднэ. Ноднин жил 30 минутын дараа Алтанширээ суманд маш их хэмжээний бороо орно гээд цаг агаар зарлаад байдаг. Үүл гараад байсан хэрнээ ороогүй. Тэгсэн чинь Говьсүмбэр аймагт үүл буудчихсан байсан. Ийм зүйл бас байна. Одоо нэг үеэ бодоход цаг агаар үнэхээр үнэн зөв мэдээлдэг болсон. Харамсалтай нь манай малчид их хариуцлагагүй байна. Цаг агаарын мэдээгээр цасан шуургатай гэж зарлаад байхад л аймагт ажилтай гээд гараад явчихдаг. Тэгээд хоорондоо бүр болохгүй бол Онцгой комисс дуудна гээд ярьдаг гэж байгаа юм. Энэ жилийн цасан шуурганаар дуудлагад явж байхад гурван машинтай 10 хүн, гурван жаахан хүүхэдтэй явж байсан. Тэгэхээр нь машинуудыг үлдээгээд хүмүүсээ аваад яв гэж Онцгой комиссынхондоо хэлэхэд машинтайгаа л явахгүй бол явахгүй гээд гүрийгээд байсан. Мөн малдаа гарч яваад гэртээ буцаж ирсэнгүй гэсэн дуудлага ирсэн. Бид хэд шатахуун, түлш гарздаад цас ухсаар байгаад очиход 2-3 километрийн зайтай саахалт айлдаа архи уучихсан сууж байгаа юм. энэ мэтчилэн ухамсар дорой, хариуцлагагүй, аминдаа хайргүй хүмүүс бас төрийн ажилд их хүндрэл учруулдаг.

-Ийм хариуцлагагүй хүмүүсээр адаглаад шатахуун, түлшнийх нь зардлыг гаргуулдаг биз дээ?

-Би онцгойгийн дуудлагыг эрэмбэлье гэж байгаа юм. Дуудлагын дагуу яваад очихоор малаа алдаагүй ч гэсэн үнэхээр хүнд байдалтай байгаа хүмүүстээ бид цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл үнэхээр хариуцлагагүй хүмүүсээс шатахуун түлшний төлбөрийг гаргуул гэсэн чиглэлийг өгч байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ