Categories
мэдээ нийгэм

Халтиргаатай зам дээр гулгаснаас автомашин нь жалгын ирмэгт тэгнэсэн байжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох “Буянт-Ухаа 2″ хорооллын 1034 дүгээр байрны урд Жалга руу гурван зорчигчтой автомашин унах гэж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 4-ний 19:24 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 53 настай эрэгтэй Т, 50 настай  эмэгтэй Э, 15 настай эрэгтэй Б нар “Тоёота Приус-41” загварын автомашинтай зорчиж яваад гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, автомашиныг татан татан гаргаж аюулгүй болгосон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг анхааруулж байна.

Та бүхэн хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, анхаарал болгоомжтой зорчино уу.

Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яндангийн цонолт, ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас гал түймэр гарч байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 8, гал түймрийн 41 дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 61 иргэний амь нас, 2 тэрбум 125 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Аврах ангийн аврагчид хаалга онгойлгох, ууланд төөрсөн, өндрөөс аврах, ууланд осгосон, цогцос гаргах, лифтэнд гацсан, мөс цөмөрч автомашин голд орсон дуудлагаар шуурхай ажиллалаа.

Бүртгэгдсэн гал түймрийн дуудлага мэдээллээс үзэхэд гэр хороолол, зуслангийн бүсэд өвөл, зуны сууц, монгол гэр, амбаар, автомашин шатсан дуудлага зонхиллоо. Эдгээр нь яндангийн цонолт, ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна.

Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, ААН-ийн хүсэлтийг энэ сарын 29-нийг хүртэл авна DNN.mn

Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг энэ сарын 1-29-ний өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авах аж.

Цахимаар хүлээн авах хаяг license.edu.mn

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039-6 утсаар авах боломжтой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Таван толгойтой адил Эрдэнэтээс 1072 ширхэг хувьцаа авцгаая DNN.mn

Одоогоос 13 жилийн өмнө Таван толгойгоос иргэн бүрд 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх түүхэн шийдвэрийг Сү.Батболд тэргүүтэй эвслийн Засгийн газар гаргаж байв. Тухайн үед Монголын хүн ам хоёр сая 739 мянга байлаа. Таван толгойн орд газрын 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногдсон юм билээ. Дараа нь 2012 оны парламент 536 ширхэг хувьцааг 1072 болгохоор шийдвэрлэсэн. Ингээд Таван толгойгоос хэд хэдэн удаа иргэдэд ногдол ашиг тараасан. Түүний нэг нь өнөөдрийнх (2024 оны нэгдүгээр сард). Ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс эхэлж иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Иргэдэд дансанд орж байгаа ногдол ашгийн мөнгөн дүнг их, бага гэцгээж л байна. Гэхдээ яг энэ өдрүүдэд нийгмийн сүлжээ сайхан тогтуун, эерэг байна. Бусад үед талцаад л, баахан л хар бараан сенсаациуд ар араасаа хөвөрч өгнө. Ядармаар.

Ямартаа ч Таван толгойн орд газрын хууль ёсны эзэд өнөөдөр баялгийн сангийн хуваарилалтаа авч байна. Хүн хоцроов, Л.Оюун-Эрдэнэ ээ гэцгээж байна. Ийн монголчууд Таван толгойд бидний өмч хөрөнгө бий. Ногдол ашиг болгож авдаг шүү гэсэн итгэл үнэмшилтэй болж эхэллээ. Анхаардаг болж байна. Таван толгойг томилогдож очсон БЭТ мэдээд байдаг юм биш. “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал, эрх мэдэл бүхий улстөрчид хулгай хийж ашиг олдог компани юм биш. Миний, чиний, хүүгийн өмч байгаа гэдгээ мэдэж эхэлж байна.

Тэгвэл Таван толгойтой адил Эрдэнэт үйлдвэрээс монголчууд хувьцаа эзэмшдэг, ногдол ашиг авцгаадаг болъё. Өмнө нь ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг эзэмшдэг байсан учраас Оросын нөлөөгөөр ногдол ашиг өгөх боломжгүй байсан гэж сүржин бодъё л доо. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болоод найман жил болж байна. Цар тахлын хүнд үед Эрдэнэтээр ус, цахилгааны төлбөрөө монголчууд төлүүлсэн. Гэхдээ галын дэм өгсөн тэрхүү үйлдвэрт юу болж байгааг анзаараагүй. Эрдэнэтийн ашиг орлого, алдагдал зарлага өнөөдөр иргэдэд хамаагүй. Учир нь хувьцаа эзэмшдэггүй болохоор тэр. Тиймээс Эрдэнэтээс иргэд хэдэн ширхэг хувьцаа авах боломж байна тэр хэмжээгээр иргэн бүр хувьцаа эзэмшигч болмоор байна. Учир нь Эрдэнэт Таван толгойтой адил төрийн өмчит компани. Тэгээд ч Эрдэнэтийг ард түмэнд хувааж өгнө гэж ярьдаг л байсан. Одоо тэр ажлаа бодит болгоё.

УИХ-д суудалтай намын дарга нар уржигдар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэнэ. Сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцлоо. “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой, цаашид ашиглах ордуудын ашиг Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар тусгалаа” гэж ярьж байна лээ. Зөв л дөө. Гэхдээ тэр том хуулийг хүлээгээд мөдгүй. Өнөө маргаашгүй сонгууль болно. Улс төр өөрчлөгдөнө. Дагаад нийгэм, эдийн засаг ч өөрчлөгдөнө. Тээг саад болдог попууд гарч ирнэ. Унагаана, лоббидно. Гацаана.

Тиймээс одоогийн парламент энэ хаврын чуулганаар Таван толгойн жишгээр Эрдэнэтээс иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх хууль, тогтоол батал. Иргэд ганцхан Таван толгойг баялгийн эх үүсвэр гэж хармааргүй байна.

Ер нь Эрдэнэтийг 49 хувийг Монголдоо авч ирсэн Ч.Сайханбилэг, Сахал Д.Эрдэнэбилэг нарт гавьяаг нь үнэлж олноос арай илүү хувьцаа өгнө биз. Ингэвэл хүмүүс гавьяа байгуулах, улсынхаа төлөө зүтгэх хүсэлтэй болно байх. Тэгэхгүй бол яг л өнөөдрийнх шиг, өчигдрийнх шиг хулгай хийхийг л бодно. Шударга шагнал үгүй бол хулгай нүүрлэдэг гэдгийг монголчууд бүгдээрээ л харлаа. Тиймээс тэдэнд арай ахиу хувийг өгч болох юм. Таван толгой нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцаа байна гэж албаныхан мэдэгдсэн. Үүн шиг Эрдэнэтээс тодорхой хувь эзэмшье. Ингэж байж “Баялагтаа эзэн Монгол” болъё.

Цаашлаад Оюу толгойн 36 хувиас иргэд хувьцаа эзэмшмээр байна. Ингэвэл попордог, уул уурхайг муу хэлдэг хүмүүст орон зай үлдэхгүй. Нийгэм тэдний үгийг итгэж хүлээж авахгүй. Өөрийнх нь ногдол ашиг авдаг үйлдвэр, уурхайг эсэргүүцэхээр хэнд таалагдах юм бэ.

Ард түмэн байгалийн баялгийн өгөөжөө шууд эзэмшиж, жил бүр авдаг байх нь зөв. Гол нь үүнийг сонгуулийн жилд бус, тогтсон

хугацаанд авдаг байя. Цагаан сарын өмнө Таван толгойн ногдол ашгийг, улсын их баяр наадмын үеэр Эрдэнэтээс, хичээлийн шинэ жилийн үеэр Оюу толгойгоос ногдол ашиг авдаг болъё.

Орд газар бүрээс ногдол ашиг авах ёстой. Энэ бол шунал биш. Байгалийн баялгаас хүртэж байгаа хэлбэр. Тэгээд ч Монгол Улс ОХУ-ын дараа орохуйц эрдэс баялгийн потенциалтай, ирээдүйн төлөвтэй орон гэдгийг Европын сэргээн босголт хөгжлийн банк 2018 оны судалгаандаа бичсэн байдаг. Тиймээс яваандаа хувьцаагаа өсгөдөг, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хамаарч ногдол ашгийг өсгөдөг болъё. Ингэвэл эх орны баялгийг ард түмэндээ бодитоор жигд хүртээж байна гэсэн үг. Монголд хүн болж төрсний зол ингэж гарна. Үүгээр ч барахгүй 116-хан мянган төгрөг гэж өнөөдөр гологдож байгаа мөнгөний хэмжээ өснө. Ногдол ашиг тогтмол хүртэж ирэхээр иргэд ашигтай ажиллуулахыг шахдаг болно. Ямар хэмжээтэй бүтээгдэхүүн олборлоод ямар үнээр зараад хэдэн төгрөгийн орлого Монголд орж ирж байгааг анзаарч, анхаарч хардаг болно. Хулгай зэлгий хийх газаргүй болно. Геологийн хайгуул, судалгааны ажил өргөжнө, хөгжинө. Монголын уул уурхайн салбар тогтворжино. Үйлдвэрлэгч улс болно. Нүүрсээ угаана. Зэсээ баяжуулна.

Салбар хариуцсан сайд нарын, дараагийн Ерөнхий сайд нарын толгойн өвчин ч багасна. Энд нэг нүүрс угаах үйлдвэр барих гэдэг. Тэнд нь элдэв шалдав шалтаг олоод зогсоодог. Үйлдвэрлэгч болохын тулд эрчим хүчээр хангамаар байдаг. Уул уурхай олборлолтын ашиг тусыг мэдэхгүй, хүртэж үзээгүй харанхуй муйхраар асуудалд ханддаг, тэгж хандуулж төсөл хөтөлбөрийг зогсоодог хэсэг бүлэг хүмүүс арчигдана. Илүү ашиг авахын тулд орд уурхайн хажууд нь эрчим хүчний станц барь гэж иргэд шахна. Илүү их экспорт хийхийн тулд дэд бүтэц, тээвэр логистик, боомтын сэргэлтээ эрчимжүүл, хий гэнэ. Хориг саад тавьсан хэсэгт нь олон нийт өөрсдөө шахалт үзүүлнэ. Энэ мэтээр гацаа саад арилна.

Уул уурхайгаар л Монгол амиа зогоож, мөнгө олж байгаа гэдгийг бүгд ойлгоно. Саад тээгийг гаргаад мөнгө ороод эхлэхээр бусад салбар руу хөрөнгө оруулалт нээгдэнэ. Тиймээс ногдол ашгийг бага гэж голмооргүй байна. 116-хан мянган төгрөгийн ногдол ашгийн ард маш том хөгжил байна. Тогтмол өгөөд эхэлбэл нийгмийн хандлага дээр хэлсэнчлэн аяндаа өөрчлөгдөнө. Эдийн засаг аяндаа тэлнэ.

Яах вэ, өнөөдөр ашиг тусыг нь мэдэхгүй нэг хэсэг, улстөржиж оноо авах гэсэн мөн нэг хэсэг, 116 мянган төгрөгтэй, төгрөггүй болно гэж зүтгэх өөр нэг хэсэг үгүйсгэж л байна. Ногдол ашгийг тогтмол өг өө. Тэгж дээрх хэсэг бүлэг хүмүүсийг аяндаа арчина. Ашигтай ажиллана. Хулгай зэлгий ч байхгүй болно. Авлигын индекс ч сайжирна. Үүнийг дагаад нийгэмд шударга ёс тогтоно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Цогтгэрэл: “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн зардлыг Н.Номтойбаяр босгоно DNN.mn

Монгол үндэсний ардчилсан нам/МҮАН/-ын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-МҮАН, Монголын ногоон нам хамтран “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан. Чухам яагаад ийм шийдэлд хүрсэн юм бэ?

-Манай хоёр нам хамтарч эвсэл байгуулж байгаа юм. Энэ бол өнөөгийн нийгэм, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийгээд, улс төрийн үйл ажиллагааны нэлээд туршлагатай, түүхтэй, бодлоготой намууд хамтарч эвслийн суурийг тавьж байгаа. Манай эвсэл бусад улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, мэргэжлийн холбоотой хамтарч ажиллахаа зарласан. Дээрээс нь эвслийн гэрээгээрээ өөр бусад нам нэгдэх бололцоо нөхцөлийг нээж өгсөн.

-Монголын ногоон намыг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр худалдаж авлаа гэдэг мэдээлэл гарсан. Улс төрийн намыг мөнгөтэй хүн шууд худалдаад авч болдог зүйл үү?

-Энгийн ухамсрын түвшинд ийм яриа яваад байх шиг байгаа юм. Түүнээс биш улс төрийн намыг аль нэг мөнгөтэй хүн худалдаад авчихдаг зүйл биш. Амьдрал дээр тийм практик ч байхгүй. Тиймээс энэ бол ор үндэсгүй худлаа яриа гэдгийг хэлье. Хоёрдугаарт, миний ойлгосноор сүүлийн 10-аад жил Монголын ногоон намын удирдлага, ялангуяа О.Бум-Ялагч дарга, Н.Номтойбаяр хоёр их ойрхон явж, олон зүйл дээр хамтарч, бодлого, үзэл баримтлалаараа нийцдэг юм байна гэдгийг би олон зүйлээс ажиглаж байна. Өнгөрсөн сонгуулийн өмнө ч гэсэн Монголын ногоон намд Н.Номтойбаяр орох гэж байна гэсэн яриа гарч байсан шүү дээ. Тийм болохоор худалдаж авсан гэдэг бол худлаа яриа. Харин зүгээр Монголын ногоон намд бодлого, дэмжлэг, багаараа ороод ирэхээр Н.Номтойбаярын нөлөө өндөр болсон гэвэл илүү бодит үнэнд нийцнэ. Дээрээс нь МҮАН, Монголын ногоон нам хоёр нийлсэн нь Н.Номтойбаяртай их холбоотой. Өмнө нь тус нам зөвхөн ногоон үзэл баримтлал төвлөрч ярьдаг байсан бол Н.Номтойбаяр нэмэгдэж, улс төрийн бодлогод нь жин дарах болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярын гэсэн үзэл баримтлал гэж зүйл гарч ирж байгаа юм.

-Тэр нь юуг хэлж байгаа юм бэ?

-Энэ нь маш бадрангуй үндэсний үзэл. Улс үндэстнээ богино хугацаанд хөгжүүлье, ард түмнийхээ итгэл сэтгэлийг сэргээе, залуучуудынхаа боловсрол, ур чадварт анхааръя, үндэсний үйлдвэрлэлийг сэргээе, аугаа бүтээн байгуулалтыг өрнүүлье гэсэн чин эрмэлзэл орж ирж байгаа юм.

Үндэсний хөгжил дэвшил, сэргэн мандалтын тухай ярьж байгаа маш олон зүйл нь манай намтай бараг яв цав давхцаж байгаа. Энэ давхцал биднийг ойлголцоход маш амархан болгож байна. Өнөөдрийн нийгэмд болоод байгаа асар их ажилгүйдлийг яаж шийдэх вэ гэдэг дээр бид яг ижил байр суурьтай байх жишээтэй. Үйлдвэржилт, ажлын байр нэмэгдүүлэх, улсынхаа эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх концепци дээр бараг ижил байр суурьтай байгаа. Мөн чадварлаг монгол хүн, эх орон, үндэс угсаагаа гэсэн үзэл баримтлалтай. Тэгсэн мөртлөө дэлхийн хэмжээний ур чадвартай монголчуудыг хэрхэн, яаж бүтээх вэ гэдэг асуудал онцгой чухал. Үүн дээр бид өнөөдөр адил байр суурьтай байгаа. Ийм бодлогын давхцалууд нь хоорондоо үг хэлээ амархан олоход нөлөөлж байгаа юм. Дээрээс нь мэдээж төрийн албаны туршлага байна. Манай нам 2005 оноос Засгийн эрхэнд байсан. Өнгөрсөн 2012 онд Засгийн газрыг хамтарч байгуулж байлаа. Манай намын олон хүн засаг төрд ажилласан, сайд дарга хийж байсан туршлагатай. Харин Н.Номтойбаярын хувьд Монголын нийгмийн хамгийн чухал салбар гэж хэлж болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд, Эрүүл мэндийн яамны дэд сайд хийж, Монголынхоо амин чухал зүйлийг мэдчихсэн. Маш их бүтээн байгуулагч удмын хүн. Гэр бүлийн хүмүүжил, соёл нь хийж бүтээх тухай л байсан байх гэж би боддог. Тийм болохоор энэ хүнд маш их хүсэл тэмүүлэл, эрч хүч байна гэж харж байна. Энэ үндсэн дээр МҮАН, Монголын ногоон нам дундаасаа энэ хүнийг урьж эвслийнхээ тэргүүнээр сонгосон. Өнөөдөр бид нэг хүний тухай ярихаасаа илүү одоогийн Монголын хөгжлийн түүчээ болох, нийгмийн захиалга, шаардлага, түмэн олны хүсэл, сонгогчдын мөрөөдөл гэж ойлгох хэрэгтэй. Монголд манлайлаад үйлдвэржилт, бүтээн байгуулалтын шинэ эринг хэн бүтээж чадах вэ. Хэн хэлсэн ярьсандаа байж, амласандаа хүрч чадах шийртэй эр вэ гэсэн олон нийтийн захиалга байхгүй юу. Тиймээс энэ хүнийг өнөөгийн улс төр, нийгэм, цаг үе бүтээн гаргаж ирж байна гэж харах хэрэгтэй.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явах учраас нам, эвслээс гарах зардал нь нэлээд өндөр байна байх. Дээрээс нь олон нийт Н.Номтойбаяр гэхээр МАК гэж хардаг. Тэгэхээр “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн зардлыг МАК гаргана гэж ойлгож болох уу?

-Ингэж ойлгож болохгүй. Харин зүгээр эвслийн тэргүүний хувьд сонгуулийн кампанит ажлыг удирдан зохион байгуулах, санхүүжилт босгох үүрэг хариуцлага ногдоно. Тэр бол гарцаагүй. Үүн дээр бүтээн байгуулагчид, бизнесийн салбарынхан, үйлдвэрлэгчид дэмжинэ гэж харах ёстой. Зах зээлийн нийгэмд ороод хувийн бизнес эрхэлж байгаа ч төрийн дарамтад тамираа барж, банкуудын зээлийн хүүнд дарагдаж байгаа маш том арми бий шүү дээ. Олон мянган компани Н.Номтойбаярыг бүтээн байгуулагч гэр бүлийн хүн гэдэг утгаар нь харж, ард нь асаалттай танк байна гэж ойлгох ёстой. Түүнээс биш МАК эвслийн төлөө хамаг мөнгөө гаргаад шатаж болохгүй шүү дээ. Энэ чинь асар их эрсдэлтэй байхгүй юу. Болж, бүтэж байгаа зүйлсээ татаж унагах аюултай. Тэгэхээр ингэж болохгүй. Гол нь бүтээн байгуулалтын бодит үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод, тэнд ажилладаг олон зуун үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийнхэн ард нь байгаа нь аажимдаа харагдана.

-МҮАН өмнө нь МАХН, Ардчилсан намтай эвсэж, нэгдэж байсан. Харин одоо Монголын ногоон намтай эвсэж байна. Тэгэхээр танайхыг улс төрийн хувьд тогтворгүй, үзэл баримтлалгүй харагдуулаад байгаа юм биш үү?

-Их сонирхолтой асуулт байна. Тэгэхээр МҮАН бол түүхэндээ дандаа л эвцэлдүүлж явсан байдаг. Бусдыгаа эвлүүлж, нийлүүлж байсан. Бид өнөөдөр зөвхөн Монголын ногоон намтай нийлж байгаа хэрэг биш. Болж өгвөл бүх намыг нийлүүлмээр байгаа юм. Тэр нийлсэн үзэл нь Монголын бүх намын үзлийн охь нь, сүлд нь үндэсний үзэл байх ёстой байхгүй юу.

-Бүх намыг нийлүүлэхээр чинь бидний зорьж байгаа олон намын тогтолцоо чинь уначих юм биш үү?

-Бүгдийг нь нийлүүлэх нь мэдээж боломжгүй. Гэхдээ бүр болохгүй бол АН, МАН-аас бусад нь нэгдэх хэрэгтэй. Тэгж байж илүү бодлого чамбайрна. Ингэснээр том бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх магадлал нь өснө. Ийм ч болохоор МҮАН-ын түүхийг эе эвийн түүх гэж ойлгож болно. Манай намын анхны дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Наранцацралт гээд хүмүүс намуудыг эвцэлдүүлье, нийлүүлье гэж явж байсан. Тэртээ 1996 оны Ардчилсан холбоо эвслийг М.Энхсайхан удирдаж, олон намыг нийлүүлсэн. Улмаар ялалт байгуулсан. Дараа нь 2004 оны сонгуульд мөн л М.Энхсайхан удирдаж, МҮАН-ын цөм болж байгаа хүмүүс Эх орон-Ардчилал эвслийг байгуулан бас л ялалтад хүрсэн. Харин 2012 онд Монголын улс төрийг шинэчилье, хуучин коммунист намыг өөрчилье гэдэг үүднээс МАХН-тай нэгдэж, Шударга ёс эвслийг байгуулсан. Тэгэхдээ бид амжилтад хүрсэн. Харамсалтай нь бодлогоо бүрэн хэрэгжүүлж чадах чадвар, боломж хомс байсан. Мөн 2016 онд бид АН-ыг өөрчлөгдөөсэй, шинэчлэгдээсэй. Үүнд нь нөлөөлье гээд АН-ыг дэмжсэн. Даанч удирдаж байсан хүмүүсийнх нь алдаатай бодлогоос болоод үндсэндээ ялагдсан. МҮАН-ын даргын хувиар миний бие дараа нь 20 гаруй намыг оролцуулан Үндэсний эв нэгдлийн хуралдай зохион байгуулсан. Даанч яг бодит байдал дээр нийлэх болохоор том намуудын нөлөөлөл, удирдаж байгаа хүмүүсийн туйлбаргүй байдлаас болоод нэгдэж нийлж чадахаа больчихдог. Гэхдээ бид дөрвөн намыг нийлүүлж ШИНЭ эвсэл болгосон. Энэ 2024 оны сонгуульд АН-ыг манлайлал үзүүлээд ардчилалын төлөөх намуудаа нэгтгээд орооч гээд уриалга гаргаж, Санамж бичиг гаргаад явсан. Харамсалтай нь нөгөө эвсэж нэгдэх гэж байгаа нам маань одоо хэр нь асуудлуудаа эцэслэж шийдээгүй л байна. Бид АН-ыг цэгцрэхийг хүлээвэл сонгууль дуусна биз дээ.

Дээрээс нь улс төрийн шинэ нөхцөл байдал эрс шинэчлэл хийх, цаашид энэ байдлаараа явах нь буруу юм байна гэдэг дүгнэлт хийгээд өнөөдөр улс төрийн цоо шинэ эвслийг зохион байгуулах, эрч хүчтэй залуучуудын манлайллаар Монголын нийгэмд томоохон өөрчлөлт хийе гэсэн том амбиц бидэнд байна.

-АН-тай эвсэх гэж оролдсон хэрнээ яагаад гэнэт шинэ эвсэл байгуулсан юм бэ?

-АН-тай хамтаръя гэсэн нь бид байгаа дотроо засах гэж оролдсон сул хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Харин одоо байгуулж байгаа эвсэл маань нийгмийн захиалгаар, эрч хүчтэйгээр, олон намын дэмжлэгтэйгээр нийгэмд цоо шинэ уур амьсгалыг оруулъя. Үсрэлт үүсгэе, тэсрэлт бий болгоё, цахиур хагалъя гэсэн чармайлт. Тиймээс бид эвслийн гэрээндээ хүртэл өөр бусад нам нэгдэх нь нээлттэй, хамтарч ажиллах чөлөөтэй. Одоогоор олон нам хүсэл зоригоо илэрхийлж байна. Мөн олон салбарын мэргэжлийн холбоо бидэнтэй хамтарч ажиллана.

-Уучлаарай, сүсэгтэй хүнд эвгүй санагдаж магадгүй. Хэрэв “Үндэсний эвсэл” энэ удаагийн сонгуульд зорьсондоо хүрч чадахгүй, улмаар ялагдал хүлээвэл МҮАН энэ эвслээс гарах уу?

-Бид эвслийн гэрээндээ нэг нам болъё гэдэг зүйлийг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, хамтарч ажиллая гэж байгаа олон намыг энэ чиглэл рүү уриалж байгаа. Ер нь бид өнөөдөр нэг хэсэг нь эвсдэг. Дараагийн удаа өөр нэг хэсэг нь эвсдэг биш. Нийтээрээ нэгдэн нийлж бодлогоо томруулах шаардлагатай. Боловсон хүчний баазаа өргөтгөх хэрэгтэй. Мэдлэг чадвар, боловсрол, хүчээ нэгтгэхгүй бол жаахан тарамдаад байна. Яг үнэндээ олон намын төлөөлөлтэй гэсэн хэрнээ парламентад тийм байж чадахгүй байгаа чинь бид өөрсдөө саналуудыг хуваагаад, иргэдийн итгэл сэтгэлийг сарниулаад байгаа юм. Өгч байгаа бүх саналыг нэгтгэж, төвлөрүүлж чадах аваас ялалтад хүрэх бүрэн боломжтой. Тийм сонгогчдын хүлээлт ч байгаа. Хамгийн гол нь санал 10 хуваагдчихаад байдаг учраас нөгөө МАН, АН хоёр чинь өөрсдийнхөө хатуу саналыг аваад гарч ирээд байгаа юм. Энэ хоёр намын санал 20, 20 хувь гэж үзвэл цаад талд нь 60 хувь задгай байгаад байна. Ийм болохоор ард түмний хүсэл зориг, бизнес эрхлэгчдийн зорилго төрийн бодлого болж орж ирж чадахгүй. Үүнийг л бид төрд төлөөлөх учиртай.

-“Үндэсний эвсэл”-ийг нэг талдаа “Гомдогсдын арми” боллоо гэх хүмүүс байна. Энэ нь мэдээж эвслийн тэргүүнтэй шууд холбоотой байх. Дээрээс нь танай эвслийн ард Миеэгомбын Энхболд, Мэндсайханы Энхсайхан зэрэг хүмүүс байгаа ч гэж байна. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол маш өнгөц дүгнэлт. Баттай мэдэж байгаагаараа өөрийгөө хэлэхэд би тэгж хэн нэгний төлөөлөөд, хүмүүсийн хүсэл зоригийг гүйцэлдүүлэгч хүн биш. Тэгж чадах ч үгүй. Хоёрдугаарт, манай эвслийн тэргүүний туулсан замнал, зорьж тэмүүлж байгаа хүсэл нь энэ мэт жижиг гомдлуудаас хамаагүй давсан. Тийм болохоор жижиг сажиг гомдол, хувийн хандлагаар хандаж байгаа хүмүүсийг цуглуулах ямар ч шаардлага байхгүй. Бид том зорилго тавиад, түүндээ хүрэхийн тулд хэнд ямар бодлого байх вэ. Түүнийг нь хэрэгжүүлж чадах хүмүүстэй ажиллана гэж ярьж байгаа. Харин “Үндэсний эвсэл”-ийг МАН, АН-аас уйдсан, сүүлийн 30 жилд итгэл найдвараа алдсан сонгогчдын 60, 70 хувийн төлөөлөл гэж хараарай. Түүнээс биш орсон, гарсан хүмүүсийн төлөөлөл гэж харах нь маш өрөөсгөл бөгөөд нийгмээ ойлгоогүй, бидний том зорилгыг олж хараагүй хүмүүсийн л тайлбарууд ийм байна байх.

-Миеэгомбын Энхболд, Мэндсайханы Энхсайхан нарын хүмүүс танай эвсэлд орсон уу?

-Ороогүй байгаа. Бид эвсэл зохион байгуулаад явсан сүүлийн хоёр сарын хугацаанд тэдгээр хүмүүсийг огт хараагүй.

-Оръё гээд ирвэл хүлээж авах уу?

-Тэр бол тухайн цаг үед нь эвслийн удирдлагын түвшинд ярих асуудал. Хоёрдугаарт, бид өнгөрсөн хугацаанд алдаатай бодлогод оролцсон, хийж чадаагүй, хийсэн ч алдаа гаргасан хүмүүсийг эвсэлдээ оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

-Энэ удаагийн УИХ 126 гишүүнтэй болно. Дээрээс нь намын жагсаалт болон томсгосон тойргоос сонгогдоно. Тэгэхээр “Үндэсний эвсэл”-д үндэстний хэмжээнд нэр дэвших боловсон хүчний боломж бололцоо хэр байгаа вэ. Мөн сонгуульд хэр амжилттай оролцоно гэж харж байна вэ?

-Бид сонгуульд амжилттай оролцоно, амжилтад хүрнэ гэдэгтээ итгэл төгс байгаа. Боловсон хүчний хувьд хангалттай бий. Ер нь хоёр асуудал бий. Нэгдүгээрт, бидний гаргах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, баг болж ажиллаж чадах хүмүүс хэрэгтэй. Хоёрдугаарт, тийм түвшинд бэлтгэгдсэн туршлагатай, хувь хүнийхээ хувьд мэдлэг, ур чадвартай, тухайн салбараа маш сайн мэддэг хүмүүс байх шаардлагатай. Мэдээж хэрэг боловсролтой байх ёстой. Гэхдээ зөвхөн боловсролтой гээд явахаар ажил, амьдралын ямар ч туршлагагүй, монголынхоо нийгэм, амьдралыг ойлгодоггүй. Нөгөө талдаа туршлагатай нь ирж байгаа цагийн уур амьсгалыг мэдрэхгүй, техник технологийн ололтыг хэрэглэх талдаа дутмаг байдаг талтай. Тийм болохоор боловсон хүчин хангалттай байгаа ч чанаржуулах гэдэг маш том зорилт. Дээрээс нь гурван үеийн хэлхээсийг хангах ёстой. Энэ бол зөвхөн нэг эвслийн өмнө биш Монголын өмнө тулгамдаж байгаа асуудал болчихсон. Монголынхоо бүх оюунлаг, ур чадвартай хэсгийг бүрэн дайчилмаар байна. Өнөөдөр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр боловсон хүчин, хүн байхгүй л гээд байдаг. Мэдээж боловсон хүчнээ бэлтгэх бодлогод алдаа бий. Гэхдээ бид байгаагаа ашиглаж чадахгүй байгаа нь Монголын гамшиг. Хэд хувааж хаячихаад өөрийн намынх хүн, бусад нь хүн биш гэдэг байж болохгүй. Тийм болохоор манай эвслийн бодлого бол цөөн улстөрч, олон мэргэжилтэн гэж байгаа юм. Нэг улстөрч, хэдэн зуун инженер, мянган мэргэжилтэн байж энэ улс орон урагшаа явна. Түүнээс биш мянган улстөрчтэй байгаад ямар ч хэрэггүй гэдгийг бид хангалттай харлаа.

-Танай эвсэл сонгуулийн саналын хуудасны хэддүгээрт эрэмбэлэгдэж байгаа вэ?

-Гуравдугаарт бичигдэнэ. Монголын ногоон ном байгуулагдсан хугацаагаараа гуравт байдаг. Тийм болохоор МАН, АН, “Үндэсний эвсэл” гэж бичигдэнэ.

-“Үндэсний эвсэл”-ээ тэргүүлж, нүүр царай нь болж гарч ирсэн Н.Номтойбаяр, О.Бум-Ялагч та гурав жагсаалтад бичигдэх үү, тойрогт нэр дэвших вэ?

-Энэ асуудлыг шийдэх арай болоогүй байна. Чилийсэн гурван сар байна шүү дээ. Тэр хүртэл эвслийнхээ үндсэн ажлаа сайн хийе. Харин дараа нь хэн, хаана нэр дэвших вэ гэдгээ тодруулна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын 2 сарын 5, Сумъяа гариг. Билгийн тооллын 25, Эрхтний тэнгэрт одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 05-наас 2024 оны 02 дугаар сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16..-21 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчуудаа морин уралдаанаа өөрчилж, хүссэн үедээ уралддаг болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын айлчлал хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээнэ” хэмээснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Аврагч Д.Барсүрэнгийн нагац эгч, сэтгүүлч Д.Пэлжид “Дүү маань
аврагч болно гэсэн мөрөөдлөөрөө амьдарсан эрэлхэг хүү байлааэрсэдсэн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт”Монголчуудаа морин уралдаанаа өөрчилж, хүссэн үедээ уралддаг болъё” хэмээн өгүүллээ

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал “Манай улсын авлигын индекст чухал нөлөөтэй мэдээллийг Дэлхийн банк сүүлийн гурван жил гаргаж өгөөгүй” гэлээ.

Хуульч О.Батхүү “Галд эд хөрөнгө нь хохирсон оршин суугчид хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгэх хэрэгтэй” хэмээв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” олон улсын нисэх буудал “4 од” зэрэглэлтэй боллоо DNN.mn

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Их Британийн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.

SKYTRAX-ийн үнэлгээ нь терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг юм.

“4 од” зэрэглэлийг хангаснаар тус нисэх буудал Франкфурт, Сидней, Лондонгийн Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдэж байна.