Categories
мэдээ спорт

Б.Ганхайч Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Энэ жилийн жүдогийн эхний Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Францын нийслэлд болсон тус тэмцээнд 107 орны 621 жүдоч (365 эрэгтэй, 256 эмэгтэй) өрсөлдсөн юм.

Манай улсаас 18 жүдоч (найман эрэгтэй, 10 эмэгтэй) хүч сорив.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн нь манай тамирчдын оргил амжилт нь болов.

Categories
мэдээ нийгэм

С.Батдөл нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо DNN.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэхээр болсон.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн магадлалтай С.Батдөл нарын 7 хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ. Тодруулбал, шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Categories
мэдээ спорт

Фьюри-Усик гэх том тэмцээн цуцлагдлаа DNN.mn

Бокс сонирхогчдын хувьд тэсэн ядан хүлээж байсан тэмцээн болох Фьюри, Усик нарын хооронд дахь хүнд жингийн бүх холбооны нэгдсэн бүсийн төлөөх тулаан цуцлагдлаа. Тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө зарлагдаж буй уг цуцлалтын гол шалтгаан нь Ирландын боксчин Тайсон Фьюригийн бэлтгэлийн үед авсан бэртэл гэж бичжээ.

Тэр баруун зовхиндоо томоохон хэмжээний зүсэлтийг бие халаагч тамирчнаасаа хүртсэн нь мөддөө эдгэрэхээргүй гэж дүгнэж. Boxing News-д мэдээлснээр бол Украины боксчин Усик Эр-Рияд хотод хоёрдугаар сарын 17-нд зохиогдох байсан уг тулаанд өөр хэн нэгэн боксчинтой тулахаас өөр гарц үлдсэнгүй гээд нэгэнт тийз нь зарагдаж,  зар сурталчилгааны төлбөр тооцоо нь хийгдсэн уг тэмцээнд хэн нэгнийг орлуулан тоглуулна, горилогчдоос сонголт хийхэд хамгийн том хувилбар нь Хорватын Филип Хргович байх магадлалтай гэжээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
гадаад мэдээ

Дэлхийд плагиат, манайд доктор бүр эрдэмтэн DNN.mn

Уг нь эрдэмтэн болох тун энгийн зүйл. Хэн ч байсан эхлээд судлах хэрэглэгдэхүүн буюу тухайн сэдвээр материал цуглуулна. Дараа нь арга зүйгээ сонгоно. Тэгээд энэ хоёрыгоо нийлүүлэнгүүт танаас хамаарахгүй үр дүн гарна. Үүнийг шинжлэх ухаан гэнэ. Шинжлэх ухаан өөрөө бичиж, ярьж чаддаггүй учир гарсан үр дүнг та өөрийнхөө нэр дээр бичиж хэвлүүлэхээс өөр аргагүй. Харин гарсан үр дүн чинь урьд нь мэдэгдээгүй байсан зүй тогтол байвал та олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эрдэмтэн болдог.

Яг л хэн ч мэддэггүй байсан, их сургуульд багшлах өргөдөл өгөөд дөрвөн ч удаа тэнцэлгүй Патентын албаны гуравдугаар зэргийн жижиг түшмэлээр олон жил ажилласан алдарт физикч Алберт Айнштэйн шиг. Иймээс л олон улсад плагиат гэх оюуны хулгайд онцгой анхаарал хандуулдаг.Плагиат гэдэг нь, шинжлэх ухааны хэл болох латинаар plagiatus болов ч Францын plagiat буюу хулгайлагдсан гэсэн үгийг олон улсад амарчилж хэрэглэх болсон.

Монголчууд бид докторуудыг эрдэмтэн гэж андуурч, эндүүрээд удаж байна. Учир нь энэ нь “та докторын зэрэггүй бол дуугүй сууж бай” гэсэн үг болж улсын маань хөгжилд маш том хохирол учруулсаар байгаа билээ. Үнэндээ бол Боловсролын доктор /PhD/нь их, дээд сургууль, коллежид багшлах, харин Шинжлэх ухааны доктор /ScD/ нь хамгаалсан сэдвээрээ цаашид судалгааны ажил хийх “бүрэн эрх” юм. Гэтэл бид докторуудыг эрдэмтэн гэж андуурч цалинг нь 15 хувь нэмснээс болж докторын үнэмлэхтнүүд олширч, манай улс олон улсад плагиат буюу бусдын бичсэнийг хуулан өөрийн нэрийг тавин өөрсдийгөө эрдэмтэн хэмээн иргэдээ хуурдаг оюуны хулгайч нар олшров. Үр дүнд нь хичээл заалгасан оюутнууд төгсөөд ажил хийх чадваргүй болчих нь тэр. Иймээс манай Боловсрол, шинжлэх ухааны яам шинэ журам гаргаж докторын зэрэг хамаалах хүмүүсийг өөрсдөө мөнгө төлдөггүй буюу олон улсын шинжлэх ухааны жинхэнэ сэтгүүлд ядаж нэг судалгааны өгүүллэг, өөрийн нэрийг хамтрагчдынхаа урд нь тавьж хэвлүүлсэн байхыг шаардаж эхэлсэн байна. Харин жинхэнэ докторууд аль хэдийнээ шинжлэх ухааны жинхэнэ сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлчихсэн байгаа. Иймээс удахгүй манай их дээд сургууль төгсөгчид ажлын чадвартай болж, эрдэм шинжилгээний ажлын үр шимийг иргэд маань хүртэж эхлэх нь байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль барина DNN.mn

БЗД-ийн 26 дугаар хороон дахь Сентюри Ландмарк ХХК-ийн орон сууцны барилга барихаар төлөвлөсөн газраас 4000мкв талбай албадан чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барина.

Энэ талаар  Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга. Түгжрэлийн гол шалтгаан нь хүүхдээ зөөх, дэлгүүр хоршоо орох, ажилдаа явах зэргээс болж байна. Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4,002 м.кв газрыг авч, сургууль цэцэрлэг барьж байгааг хэлье.

Олимп хотхоны урд талын Сэнчири ланд компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоо тус компанийнхантай очиж, уулзана.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна. ААН-үүд газраа чөлөөлөх зөвшилцөлд хүрэхгүй бол сонсгол явуулах юм байна.

“Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд шамбаарсан барилгууд буюу бетонон ширэнгэтэй болсон” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахгүй DNN.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталж, нэгдүгээр сарын 16-нд хаалтаа хийсэн.

Намрын хаалтын чуулганаар “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг бүх иргэнд эзэмшүүлэх тогтоолын төслийг баталсан юм.

Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд хуралдахаар төлөвлөж байсан ч одоог хүртэл албан ёсны захирамж гараагүй тул өнөөдөр УИХ чуулган хуралдахгүй болж таарав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн баяраар боомтуудын ажиллах хуваарь DNN.mn

Боомтууд Сар шинийн баяраар хэрхэн ажиллах хуваарийг танилцуулж байна.

Тодруулбал,

Буянт-Ухаа агаарын автозамын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомтууд:

Шинийн 1-3-ны өдөр буюу энэ сарын 10-12-нд Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат боомтууд гурав хоног амарна.

Монгол-Оросын хилийн боомтууд:

Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Улвхан-Дээд ульхан шинийн 1-3-нд амарна.

Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын автозамын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Цагааннуур автозамын боомт сар шинийн баяраар гурав хоног амарна. Тодруулбал,

Монгол Улсын Баян-Өлгий, Оросын Холбооны Улсын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож хилийн “Цагааннуур-Ташанта” боомтуудын 2024 оны нэгдүгээр улирлын амралтын өдрүүдийн хуваарийг тогтоожээ. Тус хуваарийн дагуу боомтууд сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 10-12-ны өдөр амарна. Харин энэ сарын 13-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Э.Мөнхжаргал: Манай улсын авлигын индекст чухал нөлөөтэй мэдээллийг Дэлхийн банк сүүлийн гурван жил гаргаж өгөөгүй DNN.mn

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2023 оны Авлигын төсөөллийн индексийг гаргасан. Энэ удаа манай улс 180 улсаас 33 оноо авч 126 дугаар байрт орсон. Тиймээс “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргалаас энэ талаар тодрууллаа.


-Дэлхийн улсуудын 2023 оны авлигын төсөөллийн индексийг саяхан гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Авлигын төсөөллийн индексийг энэ оны нэгдүгээр сарын 30-ны Улаанбаатарын цагаар 14:01 цагт зарласан. Энэ нь дэлхийн 180 улсад яг нэгэн зэрэг зарласан гэсэн үг. “Транспэрэнси Интернэшнл” байгууллага 1995 оноос хойш авлигын индексийг гаргаж байгаа. Манай улсын хувьд яг энэ үеэс л энэхүү жагсаалтад орж эхэлсэн. Тус байгууллага аргачлалдаа 2012 онд нэг удаа өөрчлөлт оруулсан.

-Ямар улсууд тэргүүлж, ямар нь сүүл мушгисан бэ?

-Энэ жилийн хувьд хамгийн өндөр оноо болох 90 оноог Дани, Финлянд 87, Шинэ Зеланд 85, Норвеги 84, Сингапур улс 83 оноос авснаараа тэргүүлж байгаа. Тэгвэл Йемен 16, Судан, Сир 13, Сомал 11 оноос авч, 180 орноос хамгийн сүүлийн байруудад орсон.

-Авлигын индексийг ямар шалгуураар гаргадаг юм бэ?

-Дэлхийн 180 улсыг хамарч гаргадаг болохоор 13 байгууллагын тухайн улсын эрсдэл, бизнесийн орчин, эрх зүйн тогтвортой байдал зэрэг судалгаануудад үндэслэдэг. Харин манай улсын хувьд хамгийн ихдээ есөн эх сурвалжаас мэдээллээ цуглуулж гаргадаг байсан. Гэтэл Дэлхийн банк сүүлийн гурван жилийн хугацааны Монгол Улсын дата мэдээллийг гаргаж өгөөгүй.

-Чухам яагаад гаргаж өгдөггүй юм бэ?

-Би хувьдаа Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагыг манай улсад салбартай учраас манай мэдээлэл илүү бодитой байна байх гэж итгэдэг байсан. Харин яагаад гаргаж өгөхгүй байгааг нь тухайн байгууллагаас асуух хэрэгтэй.

-Танай зүгээс энэ мэдээллээ өгөөч гэж албан ёсоор ханддаг уу?

-Транспэрэнси Интернэшнл байгууллагын Монгол дахь салбарын хувьд энэхүү үнэлгээн дээр ямар нэгэн зүйл хийх боломжгүй. Тухайн мэдээллээ гаргаж өгөөч гэх зэргээр байгууллагуудад хандаж болохгүй. Учир нь бид өөрсдийнхөө ажлыг үнэлүүлэх гээд байгаа юм шиг болчихдог. Харин яаж гаргадаг вэ гэхээр Дэлхийн банкаас гаргасан судалгаан дээрээс нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, ил тод байдалтай холбоотой хэсгүүдийг нь харж байгаад Транспэрэнси Интернэшнл байгууллагын төв дээр байдаг судлаачид хувьчилж, оноог нь гаргадаг юм. Мөн тус байгууллагаас авлигын барометр судалгааг явуулдаг. Энэ судалгааны асуултууд нь их энгийн. Бүх аймаг, сум, багийн 1500 иргэнээс та болон таны ойр дотнын хүн сүүлийн удаа эмнэлэг, шүүх, цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд авлига төлөх хэрэгцээ гарсан уу. Хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөх, тог, дулаанд холбуулахад авлига өгсөн үү гэсэн асуултаар судалгааг авдаг. Энэ бол төсөөлөл бус жинхэнэ бодит зүйлийг асууж байгаагаараа өмнөхөөсөө ялгаатай. Уг судалгааг 2020 онд манай улсад хийсэн. Энэ жил хийх байх гэсэн хүлээлттэй байна.

-Манай улс энэ жил хэдэн оноо авч, хэдэд жагссан бэ. Манай улсын хувьд хамгийн өндөр оноог хэзээ авч байсан бэ?

-Сүүлийн таван жилийн хугацаанд авч үзвэл манай улс 2018 онд 37 оноотойгоор 93-т жагссан. Үүнээс хойш 2019-2021 онуудад 35, 2022 онд 33 оноо авч 116 дугаар байрт орсон. Энэ жилийн хувьд мөн 33 оноотой ч гэсэн 121 болж таван байраар ухарсан. Манай улс нэг, хоёр оноогоор нэмэгдлээ, буурлаа гээд яриад байдаг. Гэтэл хөгжилтэй, авлигагүй улс орнууд 50 онооноос доош бол хангалтгүй гэж үздэг. Авлигатайгаа тэмцэж чадахгүй, улс орны хөгжлийг хойш татаж байна гэж хардаг. Тэгэхээр бид 50-иас доош оноотой л бол муу гэж ойлгох хэрэгтэй.

-Транспэрэнси Интернэшнл байгууллагын гаргасан индексийг дэлхийн улс орнууд хэр үнэн, зөв гэж хүлээж авдаг юм бэ?

-Би түрүүн 13 эх сурвалжаас мэдээллээ авдаг гэж хэлсэн. Эдгээр нь бүгд бие даасан, хараат бус байгууллагууд. Тэд нар тухайн оронд хөрөнгө оруулбал ямар эрсдэл учирч болох вэ, эрх зүйн орчин нь ямар вэ, татварын орчин гэсэн судалгаа хийдэг. Улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаанаас ч зарим мэдээллүүдийг авдаг. Тэгэхээр манай улсад хөрөнгө оруулах гэж байгаа улс орнууд манайд ирэхээсээ өмнө эдгээр байгууллагуудын судалгааг харчихдаг. Ингээд эцсийн шийдвэрээ гаргадаг гэсэн үг. Миний хувьд дэлхийн өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд Транспэрэнси Интернэшнл байгууллагын энэхүү индексийг хүлээн зөвшөөрдөг гэсэн ойлголттой явдаг.

-Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, илрүүлэлт нэмэгдсэн нь авлигын индексээр ухрах шалтгаан болж болох уу?

-Нэг талаараа ингэж харж, ойлгож болно. Энэ чинь авлигын төсөөллийн индекс шүү дээ. Танд бизнес эрхлэхэд ямар байна, төрөөс дарамт байна уу гэх зэрэг асуултыг судалгааны байгууллагууд бизнесийн салбарын төлөөллүүдээс асуудаг. Харин энэ асуултад хариулж байгаа хүний төсөөлөл гэсэн үг. Уг нь авлигын тухай ярихгүй байвал авлига бага байгаа мэт санагдаж болно. Ийм ч хэрэг, тийм ч хэрэг илрүүллээ гээд хэвлэл мэдээллээр шуугиад байхаар асуултад хариулж байгаа хүнд авлига өссөн мэт төсөөлөл бууж болно. Мэдээж зарим нь өөрийн амьдралд учирсан зүйлээ бичсэн байж магадгүй. Миний мэдэхээр л сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой ажлын хэсэг байгуулаад авлигатай тэмцэж, зарим хуульд өөрчлөлт оруулж байгаа. Үүнээс тодорхой үр дүнгүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль баталлаа гээд шууд нөлөөлөл гараад индекс сайжирна гэж байхгүй. Сайн хууль гаргах хэрэгтэй. Дараа нь хуулийн хэрэгжилтийг сайн хангаж байж илүү үр дүнд хүрнэ. Өнгөрсөн хоёр жилд хийсэн ажилд эерэг үр нөлөө байгаа бол энэ нь 3-4 жилийн дараа үр дүн нь гарч эхэлнэ. Дээрээс нь зарим байгууллагуудын судалгаа хоёр жилд гардаг. Энэ жилийн долоон эх сурвалжийн нэг нь энэ оны нэгдүгээр сард гарсан судалгаа байх жишээтэй.

-Авлигын индекс гаргачихаад ямар нэгэн зөвлөгөө, зөвлөмж өгдөг үү?

-Жил бүр л ямар нэгэн зөвлөмж өгдөг. Эндээс хуультай холбоотой зөвлөмж гэвэл 2022 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод болгооч гэж байсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Улс төрийн намын тухай хууль л батлагдсан. Нөгөө хоёрыг нь УИХ-аар хэлэлцсэнгүй. Уг нь миний санаж байгаагаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Ерөнхий сайд өөрийн гараараа УИХ-д даргад өргөн барьсан. Хөгжлийн банкны, автобусны гээд олон хэрэг ил болж байна. Эдгээр нь зохион байгуулалттай гэмт хэрэг ч байж мэднэ. Ер нь олон улсад энэ төрлийн гэмт хэрэг гэнэт гардаггүй. Зохион байгуулалттай, тооцоо судалгаатай байдаг гэж үздэг. Харин ийм гэмт хэрэг Шүгэл үлээгчийн хуультай, олон нийтэд мэдээлсэн хүнийхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй байж илэрдэг. Тиймээс энэ хуулийг матаас, мөнгөний гэх зэргээр гоочлохоос илүү нийгэмд сайн зүйл авч ирнэ гэдэг талаас нь хараасай гэж боддог. Мөн Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулиараа орд баялгийн эцсийн өмчлөгч нь хэн юм. Тэдгээр нь улс төрд нөлөө бүхийн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбоотой юу гэдгийг л ил болгох юм. Манай улс авлигын индексээр байр ахихад энэ гурван хууль нэн тэргүүнд шаардлагатай байна.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Пялзай: Л.Ванган маань бусдыг өөртөө уусгаж, өөрөө ч уусдаг хүн байсан DNN.mn

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Л.Ванганы гэргий Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, найруулагч Түмэнбаярын Пялзай гуайтай ярилцлаа.


-Та сайхан өвөлжиж байна уу. Урин цаг наашилж, хөхөө өвлийн хүйтэн шувтрах аястай. Энэ өвлийг тавтай давсан тань Таны лагшнаас гэрэлтэж байна аа?

-Туулай жилийн өвөл жихүүн, цас ихтэй хэрнээ нуруутайхан болж өнгөрөв үү гэж бодож сууна. Би Хөвсгөл аймгийн Бүрэн сумын малч, нүүдэлч айлын хүүхэд л дээ.

-Аан, алдарт Эрчимийн нурууны үр сад юм байна шүү дээ, Та?

-Завханы Их-Уул сумтай залгаа. Дэлгэр мөрөн рүү орохоороо Эрчимийн нуруугаа давдаг юм. Үзэсгэлэнт, дагшин уул усандаа 1931 онд төрж, 15 нас хүртлээ Дэлгэр мөрнийхөө дэнж дээр, Эрчимийн нурууныхаа суганд ээж аавынхаа нөмөр дор дөрвөн улирлаараа өлгийдүүлж өссөн дөө.

-Төрсөн бууцын тань алдар сүрийг сонсъё?

-Дулаанхан уулын зүүн суган дахь Өгөөмөр толгойн өвөрт 1931 оны модон хонин жилийн хавар төрсөн байдаг юм.

-Танайх голдуу ямар малтай байсан бэ?

-Тэмээнээс бусад нь.

-Нүүж суухдаа үхэр тэрэг л хөллөдөг байж таарах вий. Данхайсан хайнагийн шар гээд л?

-Ай даа. Хайнагийн шар уу. Сайхаан. Сарлаг, монгол үнээ холимог саана. Хонь ямаагаар дунд зэрэг. Адуу, үхэр гээд урт хөлийн мал ихтэй.

Москва.Кремлийн тайзнаа. Л.Ванган, Т,Пялзай нар.1967 он.

-Энэ жил хаа сайгүй цас их уналаа. Танай нутагт цас лавсаа биз?

-Манай Эрчимийн нуруунд унадаг цасыг эндхийнхтэй яаж зүйрлэх вэ. Тэр их цасыг ердийн хөсгөөрөө туулна. Урт хөлийн мал нь бог малаа дагуулаад л цас хагалж зам, харгуй гарган нүүдэллэнэ. Хурга, ишигний хөлд л хөөцөлдөж өслөө. Овоо томрохоороо тугал бяруунд хөл гараа гишгүүлээд, тэдэнтэйгээ “зодолдоод” л. Номховтор морио унаж мал хуйгаа эргүүлэх сайхан шүү.

-Та эдүгээ монгол насаар 94 насыг зоогложээ. Тун ануухан, хөнгөн шингэн байгаа тань хөдөөнөө өссөний л үр шим буй за?

-Байгаль, агаар, ус.. Тэр үеийн мал сүргийн мах сүү, цагаан идээний шим байна. Ижий аавын өсгөсөн, хүн болгосон ачлал нь миний маханбодид шингэсэн байна. Би маш сайн ястай, чөмөгтэй (инээв). Эндээс цус эрүүл, ухаан саруул байгаа хэрэг. Нүүдэлчин монголчуудын малтайгаа харьцаж байгаа ухаан гайхамшгийг бүтээдэг юм. Монгол мал тун ухаантай. Ухаандаа түүчээ шар гэж байх.

-Тэргүүлдэг, магнайлдаг гэсэн үг ээ дээ?

-Тийм ээ. Ээжийн дүүгийн хар тарлан түүчээ шар байв. Араас нь арваад шар хөллөж зүүгээд Мөрөнгийн төвөөс мод буулгачихаад тавихад тухайн үеийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаагаа төвөггүй олчихно. Завод өнгөрөөд л дөрийг нь толгойд эвхээд түүчээ шараа явуулчихна.

-Малч охины хувьд хайртай шар байсан байж таарна?

-Миний хайртай бор эрээндүү хүрэн халзан шар байлаа. Аав, ээж хоёр надад зүсэлж өгсөн юм. Бяруунаас нь түүнтэйгээ ноцож зодолдож, унаж босч зэрэг өсөв. Мориноос ойчихоос илүү шарнаас унах их хатуу шүү. Яагаад гэвэл шар эврээ дэвсдэг, морь дэлээ дэвсдэг гэж ярьдаг шүү дээ.

-Ер нь хайнагийн шарыг гүйцэх амьтан бий гэж үү дээ?

-Монголын үнээ, сарлагийн бух хоёрын дундаас төрсөн хайнагийн шар маш хүчтэй. Хүнээс ч илүү ухаантай байж мэднэ. Монгол шарыг бодоход жаахан ааштай ч эзэнтэйгээ ойлголцоно. Монгол хүн, монгол мал хоёрын бүтээсэн хөдөлмөртэй ертөнцөд юу эгнэх билээ. Дөрвөн улирлыг томж, сүлжиж байна. Нүүдэлчин монголчуудыг яагаад яргай ухаантай гэж нэрлээд байна вэ гэхээр малтайгаа, байгальтайгаа харьцаж ирсэн уламжлал, нүүж сууж, саалиа боловсруулж ирсэн өв соёлтой холбоотой.

-Яах аргагүй монгол үндэстний дархлаа нь эндээс л ургадаг, энд оршдог шүү?

-Монголоо аврах хэдэн мянганы туршид бий болсон дархлаа юм. Эрт цагаас улам хөгжиж, дэвшиж, нарийсч төгөлдөржсөн ухаан. Яргай ухаан гэдэг чинь энэ.

-Хотгойд хүн ходоодондоо санаатай гэдэг үг бий шүү. Та хотгойд уу, халх уу?

-Үүнд би хоёр хариулт өгч таараад байдаг юм. Миний төрсөн ээж, аав бол Зэвэг, Дуламсүрэн гэдэг халх хүмүүс юм. Зургаа, долоон хүүхэдтэй айл. Намайг өргөж авсан айл бол ёстой хотгойд доо. Хотгойд хүн ходоодондоо санаатай гэдэг нь аливаад хашир, нэлээд гүнзгий боддогийг нь хэлээд байх шиг санагддаг юм.

-Та бид хоёрын яриа яах аргагүй Цагаан сар руу дөхөж байна. Хэдхэн хоногийн дараа золгох нь дээ. Багад тань Цагаан сарыг хэрхэн тэмдэглэж байв?

-Манай Хөвсгөлд дугуй хэвийн боов гэж мэддэггүй шүү дээ. Хавсай боов гэж гурилыг дөрвөлжлөөд дунд нь нэг хоёр зүснэ. Жаахан чангаагаад хэд эргүүлчихнэ. Самнаа гэдэг чинь тэр. Бас зүгээр хагалаад хайрах нь бий. Хавсай юм л даа. Харин миний багад лав хэвийн боов тавьж байгаагүй.

-Манай Хан Хөхүйн элжигэн халхчууд мушгиа боовоо хийдэг л дээ. Тэр үед хэр нүсэр тэмдэглэдэг байв. Одоо “минималист” тэмдэглэх гээд уриалж байна?

-Үндэсний баяр, ёс заншил болохоор хэрдээ л нүсэр цагаална. Тус тусын өвөлжөөндөө л тэмдэглэнэ. Айлын бэр болж, уул давж, ус гатлаад хэдэн өртөө холдсон бүсгүй үр чинь хавар амжихгүй зун ирж золгодог тохирол олонтаа шүү дээ. Нүүдлийн ая дагаж Цагаан сараа тэмдэглэхээс өөр аргагүй. Одоотой адилгүй. Харин бууз гэдгээ ёстой хийнэ шүү. Банш хийхгүй. Өөр цагт хуушуураа ч сайн хийнэ. Сүү, тараг, айргаа аль намар цагт юм царцдаг болонгуут бэлдэж эхэлдэг. Өрөм, ээзгий, хайлсан тос гээд л. Өвлийн пүнзэндээ хураачихна. Ууцаа тавина. Харин манай нутагт бусдаас өөр заншил яах аргагүй гарна.

-Тэр нь юу билээ?

-Бөөгийн шашин тархсан болохоор арай өөр. Манайх бол буддын мөргөлтэй. Бэр маань дархад ястан учраас Цагаан сараа ёс заншлын хувьд “хольж” тэмдэглэж таардаг байв. Ууцаа тавихдаа адил ч бөөгийн шашны хийх зан үйл нь өөр. Битүүнд, шинийн нэгэнд бөөлнө. Хотгойд айл хэрнээ бөөг дагана. Бөөгийн шашинтай айлтай худ ургийн холбоотой болохоор тэгж л таарна. Бие биеийнхээ ёс журмыг тун хүндэлнэ. Дархадаас оргуулж ирсэн Яйшил гэдэг эмэгтэй удган маань халх, хотгойдуудтайгаа тун эвсэг байсан даа. Бөөлөхийн өмнө хоёр гурван хоног гэр бүлээрээ бэлдэнэ. Сааль сүүгээ тусгайд нь саана. Бөөлөх нь тун хүчтэй шүү. Хүмүүс нам гүм болно. Их бөөлж, онгод нь орохоороо сүрдэм, бас хүчтэй, шидтэй. Чигээ зайран гэж Яйшил удганыхаас дээр нутагладаг бөө байв. Тэд маань байгаль дэлхийгээ их аргадаж хавар, зун, намарт бөөлж байсныг би мэдэх юм. Намар цагт Эрчимийн нуруунаас эх авсан Чигжийн гол зэрэг олон голоо гаталж нутаглаад Сүүжийн урд гуяны урт цагаан хамар дээр Яйшил удган бөөлж байсныг би мартдаггүй юм.

-Манай Хан Хөхүйд бас Чигжийн гол гэж байдаг шүү. Тэндээ бас бөөтэй байсан юм билээ?

-Сонин юм аа.Чигээ зайран болохоор Загийн аманд бөөлнө. Тултын тохойд ч бөөлдөг байсныг санаж байна.

-Тул ихтэй тохой байж дээ?

-Манай Мөрөнд тул маш их байсан юм. Одоо байхгүй дээ. 1960 онд аймаг бүхэнд хөх хувцастай хятадууд урдаас ирж хуваарилагдлаа шүү дээ. Намайг хотод байхад Бүрэнд олон хятад очсон юм билээ. Бүрэн суманд байх хугацаандаа Тултын тохойн тулуудыг бүгдийг нь бариад идчихсэн юм байна лээ. Манай Мөрөнгийнхний хайрлаж, дээдэлж ирсэн сайхан тул загасны сүргийг хятадууд дуусгасан юм.

-Таны бага насан дахь Цагаан саруудаас санагдаж байна уу?

-Сургуульд орсон жилийнхээ Цагаан сарыг ер мартдаггүй юм. Биднийг Мөрөнгөөс морь хөтөлж ирээд аваачна. Ойр хотнынхон нэг гэртээ цуглаад ямар сайхан битүүлнэ гээч. Өглөө маш эрт босч цай сүү, идээ будааныхаа дээжийг уул хангайдаа өргөж аргадна. Хотоо тойруулж ганга өвсөөр утаж ариулна. Бас намар хатаасан хүнхээлийг аргалын гал дээр ногооноор нь шатаахад мөн сайхан үнэртэй шүү. Хоолонд ч хэрэглэдэг ургамал.

-За яриагаа таны хотод хөл тавьсан үе рүү хандуулъя. Яагаад хот бараадах болов?

-Би 15 настайдаа Улаанбаатарт хөл тавьсан л даа. Ээж бид хоёр хавар малаа авчирч төллүүлдэг Улаантолгой гэдэг газарт өвөлжиж байв. Сургуульд сурдаг хүүхэдтэй айлынхан нэг гэр гаргаж Мөрөнд ойрхон өвөлжүүлдэг байсан. Аав үндсэн малтайгаа Олон голын бэлчир рүү хол өвөлжинө. Хамаатныхаасаа гараад Дэлгэр мөрний мөсөн дээгүүр гүйгээд л харьчихдаг байсан. Манай ангийн багш Чиенпил гэдэг бүсгүй. Нөхөр нь сургуулийн захирал Нанзад. Тэд маань хотоос томилогдож ирсэн юм. Би хоёрдугаар ангид байхдаа гэрээ санаад олонтаа оргох болсон. 15-16 км ойрхон газар. Гуравдугаар ангид байхад миний ижий Түмэнбаярыг сургуулийн хашааны нэг буланд буулгасан. Охин чинь оргож яваад юу эс болох вэ гээд болгоомжилсон хэрэг. Энэ үеэр ижий маань Чиенпил, Нанзад нартай их дотноссон. Намайг тавдугаар ангид байхад тэр хоёрын томилолтын хугацаа дуусав. Тэд ижийг маань охиноо авч яваад хот үзээч гэж. Аав шууд дэмжээд л. Малын буянаар нүүртэй ч, мөнгөтэй ч байж дээ. Одоогийн Нэгдүгээр эмнэлгийн зүүн урд талд маш том хашаанд Нанзадын ээж Өлзий гуайнд хөдөөнөөс ирээд буулаа.

-Тэнд Хатанбаатар Магсаржав, Амар сайд гээд томчууд амьдардаг газар байсан юм байна лээ?

-Үнэн. Монголын гайхамшгийн эзэд тэнд амьдардаг байсан. Хамгийн эхэнд миний хань жүжгийн их зохиолч Ванганы маань аав Ламзав амьдардаг байв. “Выставка”-гийн суурин дээр. Тэгээд л үргэлжилнэ. Тэнд Ерөнхий сайд П.Гэндэн гуай хүртэл амьдарч байсан юм байна лээ. Хөндий шалтай, дээгүүрээ бүрхүүлтэй маш том гэрүүд байдаг сан. Хавар болонгуут хөндий шалныхаа хаяавчийг авчихна. Хананыхаа давхарласан эсгийг авна. Хажуудаа галлагааны болон зочид хүлээн авдаг бага гэрүүдтэй. П.Гэндэн гуайн гэх улаан дүнзэн сайхан байшинг сүүлд нураахад их харамссан. Түүний охин Цэрэндулам ШУА-ийн эрдэмтэн Б.Содномын гэргий байсан шүү. Түдэвийн Кайлас уулын нууцыг судалж байсан Рерих гэхэд Лениний музейн хойно амьдардаг байсан. Түүний улаан дүнзэн байшинг саяхан арав гаруй жилийн өмнө бас нураачихаж байгаа юм.

-Түүхийн дурсгал шүү дээ?

-Тэр хүн Монгол бол аугаа гайхамшгийн, нууцын орон, Чингисийн үр сад мандан бадрах ёстой гэж судалж, тэмцэж байсан хүн л дээ.

-За, ингээд та хотод хөл тавьжээ. Соёлыг “гайхаж” эхэлсэн биз?

-Нанзад гуайн ижий Өлзий манай ижийг дагуулж “Бөмбөгөр ногоон”-д “Учиртай гурван толгой”-г үзүүлж л дээ. Ээж буцаж ирчихээд охиноо яаж ийм сайхан жүжигчин хүн болгох вэ гэсэн юм билээ. Чиенпил багш бүжгийн багш шүү дээ. Шууд дэмжээд л намайг хөгжим бүжгийн сургуульд аваачиж шалгуулав. Тэнцдэг юм байна. Тэгээд тэр чигээрээ Улаанбаатарт үлдээд 1947 оны есдүгээр сарын 1-нд бүжгийн ангидаа суралцаж эхэлсэн дээ. Азтай хүн шүү, би. Бөмбөгөр ногоон театрын бүжгийн найруулагч Рамоновский гэж хүн байлаа. Монгол бүжгийн багш нь Лувсангунгаа гэдэг хүн байсан. Зургаан эмэгтэй, зургаан эрэгтэй сурагчтай.

-Хэн хэн байв?

-А.Очирбат, Хишигт, Энхтуяа, Цэрэндулам нар алдарт Ц.Цэгмид, З.Цэндээхүү нарын багштайгаар 12-уулаа жүжгийн ангид суралцаж байсан. Мөн театрын мэргэжилтэн Сболновский гэдэг хүн байлаа. Хөгжмийн ангид Санжмятав гээд лут багштай. Ийм сайхан 60 гаруй хүүхэдтэй сургуульд орсон. Гурван жил суралцаад төгссөн.

-Та нар “Бөмбөгөр ногоон” руу л “зүглэсэн” үү?

-Эмэгтэйгээс би, Лхам, Дуламсүрэн, эрэгтэйгээс “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ буюу Н.Баатар, Гунгаажав, Агваандаш бид хэд “Бөмбөгөр ногоон” руу хуваарилагдаж бусад нь Ардын болон Цэргийн ансамбльд очсон. Ингэж л ээжийнхээ хүслийг биелүүлж чадсан даа. “Манай аялгуу”-д бүждэг алдарт “үелзүүр” С.Дашдуламын шавь болж бүжигчин болов оо.

-Энэ үед л та Л.Ванган зохиолчтой танилцсан байх гэж таамаглаж байна?

-Яг тийм. Бүжигчнээр ажиллаж байхдаа л ханийнхаа нүдэнд өртөж гэргий нь болсон доо.

-Та түүний нүдэнд хэрхэн “өртсөн” тухайгаа сонирхуулаач?

-1951 онд Л.Ванган маань хойно найруулагч мэргэжил эзэмшээд төгсөж ирээд театрт уран сайхны удирдагч хийж байв. Завхан аймгийн Түдэвтэй сумын Галуутайн голын хавьд Бор эрэг гэдэг газар төрсөн хүн шүү дээ.

-Түүний дүү Л.Нацаг гуай Ж.Раднаабазар нарыг Монголын циркийг үндэслэгчид гэдэг байх аа?

-Тийм. Бас Гомбо гэж хүн бий.

-“Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяны эхнэр болон “Хүргэн хүү” киноны Жамц баяны эхнэрийн дүрд тоглодог Л.Цэндсүрэн гуай бас дүү нь бил үү. Удмаараа авьяастай юм даа?

-Өргөмөл дүү нь л дээ. Говь-Алтайн Хөх морьтын охин. Хотод аав ээж нь Д.Ламжав гуайнхтай айл аймаг байхад дасаад урвачихсан юм гэнэ лээ.

-Тэгэхдээ төрх царай нь Л.Ванган гуайтай адилхан л юм байна лээ?

-Учрал гэж тэр байхгүй юу (инээв).

-Бид хоёрын яриа яльгүй өргөжих нь. Л.Ванган гуайтай танилцсан түүхийг тань дахиж сөхье?

-Л.Ванганы аав нь Шүүх яамны сайд байхдаа хилс хэргээр шоронд арван жил суугаад гарч ирсэн байв. (1946 онд). Хэлмэгдүүлэлтийн үеийг бид мэднэ. Гэндэн-Дэмидийн эсэргүүний бүлгийн гишүүн гээд 1937 оны есдүгээр сарын 2-ны шөнө баригдсан. Японы тагнуул гэдэг “онош”-тойгоор. Яс цоожны ягаанд ялаа эдэлсэн. Сүүлд бүр яр хүйтний ягаан болсон. Тэнд хоригдогсод цаазлуулах гэж явахдаа “Баяртай аа, нөхөд минь” гээд туугдан явдаг байсан гэдэг, хөөрхий. Манай хадам аав, Дорнод аймгийн дарга Шагдар хоёр өнчин хүүхдүүдтэй гэдэг шалтгаанаар цаазын ял сонсогчдоос амь гарсан юм билээ.

-Хүүхдүүд нь “аварч” дээ?

-Үрийн буян юм даа. Л.Ванган маань ээжийгээ 1936 онд алдсан байв. Хань маань Рабфакт сурч байхад нь эсэргүүний хүүхэд гээд арваннэгдүгээр сард хөөгдсөн. Гэр хашаандаа очиход нь өндөр цагаан хүүхэн гарч ирээд “Манайх худалдаж авсан” гэхэд нүд нь харанхуйлж хаалга түшин, хөлдөж үхэх шахан уйлж суусан гэдэг.

-Л.Ванган гуай хэдтэй байсан юм бол?

-17-хон настай хөвгүүн манаачийн шовгорт хоноглосон юм билээ. Ламзав гуайн дүү бол гавьяат жүжигчин Алтан-Өлзийгийн аав Чүлтэм шүү дээ. Сурагласаар байгаад арайхийж олж л дээ. Дунд голд байсан хашаанаас нь хамсаатан гээд бас хөөсөн байж. Хоёр охин нь хүйтнийг даалгүй хатгаагаар бурхан болсон гэдэг. Ай, хэцүү цаг байж. Гэргий Ц.Отгон нь зовж шаналаад нэг үе үс гэзэг нь сэгсийсэн энгэр задгай, галзуу юм шиг болчихсон байсан гэж л Л.Ванган маань гашуунаар дурсан ярьдаг сан. Ийм хэцүү замыг туулсаар хойно сурч ирээд “Бөмбөгөр ногоон”-д ажилласан хэрэг.

-Анхны уулзалтаа ярих уу, Та?

-Манай хүн дүү Л.Нацагаар дамжин цирктэй холбогдож, бүр алдарт Волошины хэлмэрч, орчуулагч хийж байсан юм. Циркийн дарга Хичээнгүй Л.Ванганыг хойно сургуульд сурахад их тус хүргэсэн. Тэднийх одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль байгаа газарт орших “Ухаантны шар” гэдэг найман айлын нэг нь байж.

-Ухаантны шар гэдэг нь манай урлаг, соёлын мундгууд байсан учраас тэгж дууддаг байсан хэрэг үү?

-Эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай, жүжигчин С.Гэндэн, С.Гончигсумлаа, З.Цэндээхүү гээд л алтан үеийнхэн, урлагийн их тэнгэрүүд тэнд амьдардаг байв. Бид хөгжим бүжгийн сургуулиа төгсөж ирээд “Бөмбөгөр ногоон” театртаа нэг удаа мосакт оров.

Үүний дараа “Учиртай гурван толгой”-гийнхоо мосакт гарав. Дөрвөн давхарт байдаг үйлчлэгчийн өрөөнд ороод л Ө.Эрэнцэнноров, Ц.Цэгмид, Б.Мижиддорж нарын тухай шагшин шуугин ярьж байлаа.

 

БИТОГТОХЫН ЦОГНЭМЭХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Пэлжид: Дүү маань аврагч болно гэсэн мөрөөдлөөрөө амьдарсан эрэлхэг хүү байлаа DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвар дээр газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэнээс үүдэж үүргээ гүйцэтгэж явсан гурван сайхан залуу гал сөнөөгч амиа алдаж олон гэр бүлд хагацал, өнчрөл ирэв. Галд энгийн иргэд ч өртөж, эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр иргэн өөд болоод байна. Таван хүний амь насыг авч одсон, өөр олон хүний эрүүл мэндийг хохироосон энэ аюулт ослын талаар, шалтгаан нөхцөлийг одоо ч нийгэмд ярилцсаар байна. Үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад амь эрсэдсэн аврагчдыг өнгөрсөн долоо хоногт хөдөөлүүлсэн. Тэдний нэг, аврагч Д.Барсүрэнгийн эгч, сэтгүүлч Д.Пэлжидтэй ярилцлаа.


-Дүүгээ цаг бусаар алдсан явдалд эмгэнэл илэрхийлье. осол гарснаас хойш өнөөдрийг хүртэл байгалийн хий буюу газтай холбоотой ослын үед онцгой байдлын байгууллага яаж ажиллах ёстой юм бэ гэдэг асуултыг олон нийт хамгийн их тавьж ирлээ. Ар гэрийнхний хувьд ч тодруулахыг хүссэн олон асуултын нэг энэ болов уу?

-Хэцүү, хүнд өдрүүд үргэлжилж байна аа.

-Ар гэрийнхний хувьд ч тодруулахыг хүссэн олон асуултын нэг энэ болов уу?

-Хэцүү, хүнд өдрүүд үргэлжилж байна аа. Юм бүхэнд дуудагддаг онцгойгийнхон. Гэхдээ тэр том айлд зүтгэж буй аавын хөвгүүдийн амь нас ийм баталгаагүй байдаг юм байна. Энэ харамсалтай үйл явдлаас хойш манай онцгой байдлын байгууллага болон гаднын улсын энэ төрлийн байгууллагад ямар дүрэм журам, стандарт байдаг болохыг тодруулахыг хүсч, мэдээ мэдээлэл судалж үзлээ. Уг нь энэ бол нууцын зэрэглэлтэй мэдээлэл биш шүү дээ. Ил тод нээлттэй байх ёстой.

Нөгөө талаар өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гэтэл манайд аль дээр үеийн ЗХУ-ын үеийн нэг стандарт Стандарчлал хэмжилзүйн төвийн вэб сайтад байна. Гэхдээ түүнийг үзэхийн тулд мөнгө төлөх ёстой юм байна. Уг нь манай Онцгой байдлын байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Тусдаа дүрэм, журам, стандарт боловсруулж хэрэгжүүлж байх ёстой газар. Гэвч Онцгой байдлын байгууллагын цахим сайтаас, монгол хэл дээр энэ талаар мэдээлэл олж чадсангүй.

Гэр бүл дотроо ярилцаж үзлээ. Бэрийн маань хэлж байгаагаар талийгаач дүү маань байнга сургалтад хамрагддаг. Туркэд болсон газар хөдлөлттэй холбоотойгоор сүүлийн нэг жилийн хугацаанд газар хөдлөлтийн сургалтад суусан гэдгийг хэлж байсан. Тиймээс албаны хүмүүсээс асуусан. “Газ, хийтэй холбоотой ослын үед яаж ажиллах талаар сургалт ордог байсан уу” гэхэд “Газар хөдлөлтийн сургалтын үеэр тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой яаж ажиллах талаар сургалт бий” гэдгээс өөр зүйл яриагүй.

-Бас л тодорхой бус хариулт байна шүү дээ. Энэ осол бол амиа алдсан гурван аврагчийн ар гэрээр тогтохгүй улс орны хэмжээний том асуудал болж байна. Нийтээрээ айдастай байна?

-Гурван сайхан хүүгээ энэ ослоор алдлаа. Энэ бол гурван өрх айлын асуудал биш. Монгол Улс түүгээр зогсохгүй дэлхий нийтийн анхаарал татсан шүү. Метрополис том хот дотор 60 тоннын газ ямар ч хамгаалалтгүйгээр ачиж явдаг. Гэтэл манайд АТМ цэнэглэх мөнгөтэй машиныг ард, урдгүй хамгаалж явдаг. Бид мөнгөндөө маш өндөр хамгаалалттай явдаг хэрнээ хүн ардынхаа амь насанд халтай зүйлийг огт хамгаалдаггүй ард түмэн юм байна. Нэг байр байтугай хэдэн арван байрны оршин суугчдыг хөнөөж болохуйц аюултай ачааг хотын төвөөрөө ямар ч хамгаалалтгүй зорчуулж байсан байна.

Яах вэ, бидний уй гашууг хуваалцаж Төрийн өндөрлөгүүд, онцгой байдлын байгууллагын удирдлагууд гээд олон хүмүүс ирлээ. Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар ирэх үед “Маш аюултай дэлбэрэлт рүү, улаан гал руу гал сөнөөгчид яагаад тийм ойрхон зайд явж очив. Тэднийг яаж ажиллах заавар, үнэлэлт дүгнэлтийг тухайн үед хэн өгөх ёстой байсан бэ” гэж асуусан. Мэдээж бидний уй гашууг хуваалцаж ирж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Гэвч тэд миний тэр асуултад тодорхой хариулт өгөөгүй. Шадар сайд С.Амарсайхан “Хэдэн стандарт, дүрэм зөрчигдсөн бэ. Стандартаа дагаж мөрдье” гэдэг шаардлагыг хэлж байсан. Г.Ариунбуян генерал толгой дохиж байсан. Нээрээ л бид ямар стандарт, дүрмийг зөрчив. Дахиад нэг аврагчаа алдахгүйн тулд хэн нэгэн рүү чичлэхээс илүү алдаа мадагаа засч, дүрэм журмаа мөрдөх цаг болсон байна.

-Гаднын улсад энэ төрлийн ослын үед яаж ажилладаг талаар та судалж үзсэн гэлээ. Жишээ нь, хийн дэлбэрэлт рүү ус цацаж болдог, болдоггүй гээд л талцаж байна. Танд тодорхой хариулт олдов уу?

-Ослын эхний өдөр нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй ар гэрийнхэнд маш хүнд байсан. Хоёр дахь өдрөөсөө шөнө нойр ч хүрэхгүй, үйл явдлыг анзаарч “Ийм юм болчихлоо, юу болчихов” гээд бодож эхэлсэн. Энэ төрлийн осол гадаадад болдог эсэхийг интернэтээр судалж үзлээ. Ахуйн зориулалттай хэрэглэгддэг газ дэлбэрсэн ослууд дийлэнх байдаг юм байна. Яг зам дээр, тэр дундаа дөрвөн замын уулзвар дээр газ тээвэрлэж яваад дэлбэрсэн тохиолдол тун ховор. 1920-иод онд л АНУ-д болж байсан ганц нэг тохиолдол байна. Гэх дээ зарим оронд санаатайгаар буюу зохион байгуулалттайгаар дэлбэлсэн кейс ч  байдаг аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад бол осол гардаггүй. Ядуу буурай, дайн байлдаантай оронд л энэ төрлийн осол гардаг юм байна. Бид аль ангилал руу орж байгаа нь ойлгомжтой.

Олон улсад галыг class A, class B, class C гэж ангилдаг. Газаар үүсгэгдсэн гал нь class B  ангилалд ордог. Энэ төрлийн галыг унтраахдаа зөвхөн хуурай төрлийн powder ашигладаг. Хэзээ ч ус ашигладаггүй. Хөөс ч ашигладаггүй. Тухайн үед манай аврагчид осол дээр ус, хөөстэй очсон гэж бидэнд хариулсан.

Түүнээс гадна бас нэг ноцтой зүйл бол тээвэрлэж явсан газны хэмжээ. Олон нийтэд мэдээлж байгаагаар 60 тоннын машин л гэж яриад байгаа. Дотроо хэчнээн хэмжээний газ тээвэрлэж явсан нь дүгнэлтээр тодорхой болох байх.  Олон улс дахь мэдээллээр бол газны хэмжээнээс шалтгаалж гал авалцах хэмжээ өөр өөр. 10 тонн газ дэлбэрвэл өөр нэг хэмжээтэй бүсийг хамарна. 30, 40 тонн бол хэмжээ нь томроод явчихна. Ингээд дэлбэрэлт болж дуусаад галын хүч саарсны дараа гал унтраах ажиллагаа эхлэх ёстой юм байна.

-Энэ осол дээр аврагчид шуурхай ч ирсэн. Шууд л гал руу яваад орчихсон харагддаг?

-Тэгсэн. Газ тэсэрч дэлбэрч дуусаагүй байхад эхний есөн аврагч явж очсон. Салааг ахалж явсан хүн нь гурван аврагчид усан хөшиг татах үүрэг өгсөн. Ингээд талийгаач гурав усан хөшиг татахаасаа өмнө галын орчимд хүн байгаа эсэхийг харж орчноо анзаарах гэж явсан гэсэн. Ингээд л осолдсон. “Усан хөшиг татна гэж юу гэсэн үг вэ” гэхэд “Агаарт дэгдсэн хийг газарт буулгах гэж байгаа юм” гэж албаныхан хариулсан. Эндээс алдаа хаана гарав гэдэг нь харагдаж байгаа байх аа.

Олон улсын хэвлэлүүд ослыг мэдээлснийг та бүхэн анзаарсан байх. Маш сонин өнцгүүд харагддаг.

-Тодруулахгүй юу?

-Washington post, BBC, Al Jazeera, South China Morning Post зэрэг дэлхийн том хэвлэлүүд ослыг мэдээлсэн. Тэр дундаас BBC-гийн мэдээлэл нэлээд анхаарал татсан. Мэдээллийн төгсгөлд “…Энэ ослын байж болшгүй нэг зүйл нь маш олон сургууль, олон оршин суугчтай бүс дотор 60 тонн газ тээвэрлээд аялж явсан байна. Нэг асуулт байна. Хэрэв ийм их хэмжээний газтай машин өдрийн цагаар түгжрэлтэй үед, эсвэл оройн ажил тарах цагаар явж байгаад осолдсон бол яах вэ” гээд дүгнээд дуусгасан байдаг.

-Аврагчид ямар зайд ойртож очих ёстой вэ, энгийн иргэд яах ёстой байсан бэ гэх зэрэг асуултыг албаныхнаас тодруулж ирсэн ч яг таг хариулт авч чадаагүй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бидэнд 30-50 метрийн зайд ойртох ёстой байдаг гэж хэлсэн. Камерын бичлэгт аврагчид маш ойрхон, 10 хүрэхгүй метрт явж байгаа нь харагддаг. Галын дүгнэлтээс тодорхой болох байх. Дээр хэлснээр газны хэмжээнээс хамаарч аюулгүйн бүс тодорхой болдог. Ер нь шатах дэлбэрэх ослын үед 100-150 метрт аюулгүй бүсийг тогтоож дотогшоо хэнийг ч нэвтрүүлэхгүй байх ёстой юм билээ.

60 тонны машин гурван удаа дэлбэрсэн. Гурав дахь буюу хамгийн хүчтэй дэлбэрэлт гал сөнөөгчид амиа алдах гол хүчин зүйл болсон. Тиймээс бид “Та нар яагаад тэсэрч дэлбэрсэн осол руу 30 ч хүрээгүй залуучуудыг ус ачуулаад явуулчихав аа” гэж асуусан. Тэгэхэд “Гал гарлаа гэсэн дуудлага ирдэг. Бид ямар нөхцөл байдал дээр очиж байгаагаа мэддэггүй. Мэдэх ч боломжгүй” гэж байна лээ. Нэг талаар тийм. Гэхдээ яг дүрэм журмаараа бол галын дуудлага ирлээ гэхэд гал сөнөөгчид замдаа гарлаа. Ард нь шуурхай алба гэж байх ёстой. Тэд мэдээлэл өгсөн хүн рүү дахиж залгаад асуумж авах ёстой юм байна. “Танд юу үнэртэж байна, галын хэмжээ их үү, бага уу, тусламж эрж байгаа хүн харагдаж байна уу” гэх зэргээр тогтсон асуумжийг асуух ёстой. Тэр асуумжаа аваад гал сөнөөгчид рүүгээ мэдээллээр хангадаг. Тэр зуур тагнуул, цагдаагийн байгууллага нь шуурхай ажиллаад “Дашваанжил” ХХК руу холбогдмоор юм. Тэгэхэд “Манай жолооч тийм хэмжээтэй газ тээвэрлэж, тэр зам дээр явж байгаа” гэх мэдээллийг аваад дахиад гал сөнөөгчид рүүгээ мэдээлнэ. “60 тоннын газтай машин явж байгаа юм байна. Хамгаалалтаа тийм байдлаар аваарай” гэх нөхцөл байдлын үнэлгээ хийгдэх ёстой байж. Тэр ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн үед салааг Тамир гэж залуу ахалж явсан. Сонсох нь ээ, бас л олон хүүхэдтэй аав юм билээ. Тэр хүнийг амьд үлдлээ гээд буруутгаад шийтгээд байж болохгүй. Нүдэн дээр нь аврагчид нь амиа алдсан. Сэтгэл санаа  хүнд байгаа нь мэдээж. Гол нь тэр хүнийг мэдээллээр хангах ёстой байсан.

-Энэ өдрүүдэд гал сөнөөгчид, аврагчдын нийгмийн байдал, ажлын техник хэрэгслийн асуудлыг ярьцгааж байна. Хүнд л нөхцөл байдал дуулдах юм?

-Гал сөнөөгчид маш бага цалинтай. Дүү маань нойтон гуталтай гэртээ ирэх тохиолдол байсхийгээд л гардаг байсан. Гутал нойтон, даарч байна гээд л орж ирдэг. Сэлгэдэг хувцас хэрэглэл муу. Шижигнэсэн сайхан залуусаар баг бүрдүүлж байгаагийн хувьд тэднийгээ хайрламаар байна. Нийгмийн хангамж сайтай, удирдлагын сайн чиглүүлэгтэй, техник тоног төхөөрөмж сайн байх ёстой. Амиа алдсан аврагчид бүгд хүүхэдтэй, айлын сайхан эзэд байлаа. Дахиж хүүхдүүд бүү өнчрөөсэй.

-Дүүгийнхээ талаар дурсахгүй юу. Айлын ганц хүү байсан гэв үү?

-Дүү маань 1995 оных цэл залуухан хүү байсан. Бага байхын гөл сөнөөгч болно гэж мөрөөдөж ярьдаг хүүхэд байлаа. Яг л тэр мөрөөдлөөрөө амьдарч явсан хүү. Ээж нь ганц хүүгээ мэргэжилтэй, сайхан амьдралтай болгохын төлөө өөрийгөө зориулж ирсэн баатарлаг эмэгтэй байдаг. Сайхан аав, ээжийн эрэлхэг хүү байжээ. Нэг харахад шүдээ хугалчихсан байна, эсвэл толгой нь хавдчихсан байдаг. Яасан бэ гэхээр “Гал унтрааж яваад утаан дундаас угаартаж гарч ирээд ухаан алдаад уначихаж. Унахдаа юм мөргөчихөж” гээд тоох ч үгүй явдаг хүү байсан. Тиймээс дүүдээ “Хэцүү ажил хийдэг юм бэ. Өөр ажил хий, ар амьдралаа бод” гэж үе үе зэмлэдэг. Гэвч нэгч удаа гундаж үзээгүй “Манай ажил сайхан шүү дээ” гээд л өнгөрөөнө. Дүү маань бусдад туслахын төлөө л явдаг, ажилсаг, зөөлөн зантай, ээжийн сайн хүү байлаа.

Ийм сайхан эрэлхэг залуус ажиллаж байсан болохоор ажил явдалд олон ч хүн ирлээ. Төрийн төлөө ажиллаж байсан болохоор төрийнх нь хүмүүс бүчиж бүх зүйлийг хариуцаж дуусгадаг юм байна. Хэдий тийм ч хүний сайхан охины амьдрал тал болж, хоёр хүүхэд аавыгаа алдаж, нэг ээж амьдрахад маш хүнд нөхцөл байдалд орлоо шүү дээ. Маш том сургамж боллоо. Аврагчид өглөө ажилдаа гарсан бол орой харьдаг байгаасай. Ийм осол дахиж битгий давтагдаасай. Дахин өөр нэг аавын хүү улаан гал руу орж, амиа өргөхгүйн тулд бие биенээ чичлэхгүйгээр, стандарт, дүрэм, журмаа өмнөө гаргаж ирээд  ажил хэрэгчээр бүх зүйлээ яриасай билээ. Бид ийм л зүйлийг хүсч байна. Бидний уй гашууг хуваалцсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.