Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сард цахилгаан тоноглолд засвар хийх хуваарь DNN.mn

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-иас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг танилцууллаа.

Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-иас анхаарууллаа.

 

Гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж, засвар хийх байршлуудын мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар 10 хүнд л төрийн дээд одон, медаль олгох журам батлагдах бололтой DNN.mn

Төрийн дээд одон медальтай холбоотой янз бүрийн шүүмжлэл, байр суурь нийгэмд өрнөдөг. Нийгмийн шүүмжлэл шагнуулж буй хүн рүү бус шагналыг үнэгүйдүүлж байгаа улстөрчид, мөн зарлиг гаргаж буй Төрийн тэргүүн рүү ихэвчлэн чиглэсэн байдаг. Учир нь УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам улстөрчид төрийн одон медалийг халаасалж тараах гэлээ, төрийн дээд одон медалийг үнэгүйдүүллээ, санал авах арга хэлбэрээ болголоо хэмээх шүүмжлэл түлхүү бий.

“Алтан гадас” болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг зах замбараагүй өгдөг байсан бол сүүлдээ Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм цолыг ч үнэгүйдүүллээ хэмээх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөврөх болсон. Үүнээс улбаалж Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар олгох одон медалийн тоог багасгах хэрэгтэй гэх байр сууриуд гарах болсон.

Тэгвэл Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар 10-аас дээшгүй хүнд төрийн дээд одон, медаль олгох зохицуулалт бүхий журмыг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа бололтой. Тодруулбал, Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна. Уг хуулийн төслийн өөрчлөлт бэлэн болмогц УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хэрвээ уг журмыг УИХ-аас баталвал Ерөнхийлөгчийн нэг удаагийн зарлигаар хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон гавьяат, ардын цолыг нийтдээ 10 хүнд л олгоно гэсэн албан бус мэдээлэл дуулдаж байна. Монголын уламжлалт баяр Цагаан сар, наадам мөн Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр зэрэг төрт ёсны өдрүүдэд жилдээ 40-50 хүнд л төрийн дээд цол, одон медаль гардуулах нь.

Дашрамд дурдахад, Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед буюу 1999 онд анх батлагдсан аж. Дараа нь 2017 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед өөрчлөлт орж байжээ.

Р.ЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Энхболд: Орон нутгийн Таван толгойд дахин луйвар гарахыг үгүйсгэхээргүй болж байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой ярилцлаа.


-Нүүрсний хулгайн талаар та анх шүгэл үлээж байсан хүн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнгөрөгч намрын чуулганаар УИХ-аас нүүрсний сонсголыг хийсэн. Санаанд тань хүрсэн үү?

-УИХ-ын гишүүн байхдаа 2018 онд Монголын газрын доорх баялагт, тэр дундаа нүүрсний олборлолт, экспорт дээр ноцтой хулгай гарч байгаа талаар анх гаргаж тавьж, ярьсан. Тухайн цаг үед Монголын гаалиар нүүрс ачсан зуу зуун машиныг хоосон гэж бүртгэж гаргана гэдэг хэний ч санаанд багтахгүй асуудал байсан. Энэ талаар дуугарч байгаа нь би ганцаархнаа байсан. Нөгөөтэйгүүр нүүрсний хулгайд холбогдсон, хамаарал бүхий этгээдүүд миний яриаг хүчгүйдүүлэхийн тулд орон нутгийн Таван толгойн төсвөөс 650 сая төгрөг гаргаж Л.Энхболд худлаа ярьж байсан юм шиг мэдээлэл цацсан. Үүний үр дүнд миний яриаг нийгэмд төдийлөн хүргээгүй. Залгуулаад ковид гарсан. Миний бүрэн эрхийн хугацаа ч дуусгавар болсон. Дараа нь 2022 оноос Засгийн газар нүүрсний хулгайтай хүчтэй тэмцэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор залуусын томоохон жагсаал болж, нүүрсний хулгайг тойрсон их өртөг бүхий луйвартай дориун тэмцэж ирсэн.

Нүүрсний хулгайд холбогдсон этгээдүүдийг нийгэмд ил болгосон.

Хууль хяналтын байгууллагууд ил зарласан. Гэхдээ хууль хяналтын байгууллагад эрч нь суларсан болов уу гэж би хувьдаа ойлгосон. Ингээд Монголын Засгийн газраас УИХ-д хянан шалгах түр хороо байгуулж нүүрсний сонсгол явуулах шаардлагатай талаар асуудал тавьсан юм шиг байгаа юм. Тиймээс УИХ-аас хянан шалгах түр хороог байгуулж, сонсгол явуулсан. Ингэхдээ гурван түр хороо байгуулсан. Эхлээд УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Тэр түр хороо нэлээд ул суурьтай, судалгаа шинжилгээтэй, шинжээчид нь ч сайн ажилласан байсан болов уу. Тэр үед АТГ-аас мөрдөн шалгах процесс явж байгаа учраас сонсголыг хойшлуулах санал тавьсан гэж би ойлгосон. Ингээд түр хорооны хугацаа дуусгавар болж, татан буугдсан. Дараа нь ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатараар ахлуулсан түр хороо гарч сонсголын үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Гэтэл Х.Нямбаатар сайдыг Хотын даргаар томилох улс төрийн шийдвэр гарсан. Ингээд хянан шалгах түр хороог Б.Энхбаяр сайд ахалсан. Б.Энхбаяр сайд маш богино хугацаанд ажилласан.

2023 оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайн сонсгол боллоо. Нүүрсний сонсгол хэдий сэтгэлд хүрээгүй ч олон нийтэд нүүрсний хулгай байсан. 5.2 сая тонн нүүрсийг хоосон гэж бүртгээд хилээр гаргасан гэдгийг нотолсон. Энэ бол том нотолгоо. Мөн 329 мянган тонн нүүрсийг олборлолтын талбайгаас хулгай хийсэн гэдгийг нотолсон. Компанийг нь ч ил хэлэх шиг болсон. Сонсголоор олон асуудлыг гаргаж тавьсан.

Сонсголын дагуу хууль хяналтынхан эрчимтэй ажиллах болов уу гэсэн ч төдийлөн сэтгэлд хүрсэнгүй. Ямартаа ч сонсгол боломжийн түвшинд явлаа. Мэдээж алдаа оноо байж л таарна. Нөгөө талаас сонсголтой холбоотой зарим нэг шинжээчид асуудалд орсон. Энэ нь тухайн шинжээчийн асуудал байх. Сонсголыг тодорхой үр дүнд хүрэхээр хэмжээнд хийлээ гэж бодож байгаа.

-Сэтгэлд хүрээгүй гэдэг нь хууль хяналтын байгууллага эрчимтэй ажиллахгүй байна гэж үү?

-Өргөн цар хүрээнд тодорхой гаргаж ирсэн асуудалд хууль хяналтынхан тодорхой шийдэлд хүрэхгүй байна уу гэж харж байгаа. Гэхдээ процесс явагдаж байж магадгүй. Би мөрдөн шалгах процесс, прокурорын мөрдөн шалгалтын явц ямархуу хэмжээнд явж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллээс энэ талаарх мэдээллийг авч байгаа. Цаг хугацааны хувьд харахад удаашралтай байна уу л гэж бодож байна.

-Нүүрсний хулгайн жинхэнэ эзэд нь хариуцлагаас мултарч байна гэх шүүмжлэл нийгэмд түгээмэл байна шүү дээ?

-Тийм. Улс төрийн сонгууль дөхөж байна. Нүүрсний хулгайд холбогдсон зарим этгээд нэр дэвших гээд явж байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан анхааралдаа аваасай гэж бодож байгаа. Нэгэнт нийгэмд ил болсон, Монголын ард түмний баялгаас хулгай хийсэн нь үнэн. Хэн нэгэн нь хариуцлага хүлээхгүйгээр үлдвэл их харамсалтай хэрэг болно. Тэгвэл цаашид Монголд шударга ёс тогтохгүй. Авлигатай тэмцэх гэж зорьж байгаа Засгийн газрын ажил үр дүнд хүрэх үү, үгүй юү гэдэг асуудал үүснэ.

Нөгөө талаас 2018 онд нүүрсний хулгайг гаргаж тавьснаас хойш Засгийн газар үргэлжлүүлж тэмцсэний буянд, УИХ-аас сонсгол явуулсны үр дүнд Монголын Засгийн газраас орон нутгийн Таван толгой, Эрдэнэс Таван толгойд БЭТ томилсон. Үүнээс хойшихыг харахад Эрдэнэс Таван толгой Монголын ард түмэнд тодорхой хэмжээнд баялгийн өгөөжийг хүртээж эхэллээ. Их ч ашигтай ажиллаж эхэллээ. Хулгайгүй бол яаж ашигтай ажилладаг, ямар үр дүнд хүрдгийг харууллаа.

Орон нутгийн Таван толгойн сонсголоор та бүхэн тодорхой харсан байх. 49-ийн зарим нөхдүүд хуйвалдаж аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, эрх мэдэл буюу иргэдийн итгэлийг авч зөвхөн орон нутгийн Таван толгойг тойрч худалдан авах, хөрс хуулах, тээвэр хийх зэрэг бүх процессыг аймгийн 13 ИТХ-ын төлөөлөгчийн хүрээнд шийдэж ирснийг харсан. Би энэ процессыг зогсох болов уу гэж харж байсан. БЭТ томилогдсоноос хойш борлуулалтын орлого өссөн байна. Тухайлбал, 2021 онд борлуулалтын цэвэр ашиг 155 тэрбум төгрөг байсан. БЭТ томилогдсоноос хойш буюу 2022 онд 331 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Цэвэр ашиг нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Шинэ удирдлага томилж хугацаа нь дуусаад явсан. Тэр цаг хугацаанаас хойш 375 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүгээр маш их хулгай том луйврыг зогсоож иргэд, хувьцаа эзэмшигчдэд очих ногдол ашиг эрс нэмэгдсэн. Тиймээс ямартаа ч хулгай багасаж, газрын доорх баялаг Монголын ард түмэнд очиж эхэлж байна гэж харж байна.

-Заримдаа асуудал шийдэгдсэн юм шиг, хэргийн эздэд хариуцлага тооцсон юм шиг харагдах тохиолдол байдаг. Эрдэнэс Таван толгойгоос Монголын ард түмэн өгөөжөө хүртэж эхэлсэн. Таны яриагаар ч гарлаа. Тэгвэл орон нутгийн Таван толгойд гарсан асуудал одоо яг бүрэн зогссон уу?

-Одоогийн удирдлагууд хэрхэн ажиллаж байгаа зэрэг мэдээлэл авсан. түр хорооны дарга намрын чуулганы хаалтаас өмнө сонсголын тайланг тавьсан. Үүнтэй холбоотой тодорхой арга хэмжээ авахыг өөрийн дүгнэлтэд дурдаж, УИХ-аас тогтоол гаргасан. Энэ тогтоолд орон нутгийн Таван толгойтой холбоотой хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, ТУЗ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн. Төрийн захиргааны албан хаагч байх ёстой албыг улстөрчдөөр дүүргэсэн. Үүний үр дүнд улстөрчдийн хамаарал бүхий компаниуд орон нутгийн Таван толгойг луйвардаж байсан байна гэсэн дүгнэлт гарсан. УИХ-ын тогтоолд энэ бол хууль зөрчсөн байгаа учраас яаралтай засаж, төрийн төлөөллийг оруулах ёстой гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн. Өнөөдрийн ажиллаж байгаа ТУЗ нь хүчин төгөлдөр бус гэсэн үг. Гэтэл сайн ажиллаж байгаа удирдлагуудыг чөлөөлөхөөр одоогийн байгаа өнөөх хамаарал бүхий компаниудад ТУЗ-ийнхөн ажиллаж эхэлсэн байна.

Яагаад ажиллаж байна гэхээр, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар саяхан нэг шийдвэр гаргасан байна лээ. Урьд нь нүүрсийг Уул уурхайн биржээр борлуулах гэж байсан. Тэгвэл Эрдэнэс Таван толгой болон орон нутгийн Таван толгойн 50-иас доошгүй хувийг биржээр борлуулах чиглэл өгсөн байна. Ингэхээр ямар сонирхол бий болж байна вэ гэхээр өмнө нь шууд борлуулснаас болж гэрээний хувь хүртдэг, өөрсдийн хамаарал бүхий компаниараа худалдаж авч борлуулдаг процесс дахин орж ирж байна. Дахин ийм процесс орж ирэхээр Засгийн газрын БЭТ-ийн томилсон удирдлагыг солих үйлдэл явуулж байна. Тиймээс орон нутгийн Таван толгойд буцаад 49-ийнхөнтэйгөө нийлсэн луйвар дахин явахыг үгүйсгэхээргүй болж байна.

Биржээр борлуулахгүй гэхээр шууд гэрээгээр борлуулна гэсэн үг. Тиймээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ТУЗ-ийг чөлөөлөхийг орон нутгийн шийдвэр гаргагч нарт хүргүүлэх ёстой. Уг нь тогтоол батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр байдаг. Гэтэл УИХ-ын тогтоолыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Засгийн газрын харьяа Төрийн өмчийн хороо ажлаа хийхгүй байна. Мөн аймгийн ИТХ тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Орон нутгийн өмчийг одоохондоо төлөөлж байгаа этгээд нь аймгийн ИТХ. Тиймээс ТУЗ-ийг шинэчлэх ёстой. Үүнийг хийхгүй байгаа нь нүүрсний сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн нөхдүүд. Тэд өнөөдөр Өмнөговийг удирдаж байгаа.

Нөгөө талаас нүүрсний хулгайд нэр нь дурдагдсан хүмүүс “ажилд ороод” эхэлсэн. Та бүхэн нүүрсний хулгайтай холбоотой этгээдийн хамаарал бүхий хүн сонсголын шинжээчээр ажиллаж байна гэж сонссон байх. Тийм нөхдүүд одоо ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар тэнд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн Таван толгойд шат шатны сонгуулиас өмнө сонгуулийн мөнгөө босгодог нөхдүүд эргээд ороод ирж.

Тиймээс Засгийн газар, Төрийн өмчийн хороо, аймгийн ИТХ яаралтай засаж залруулж, хуулийн дагуу явуулах ёстой. Бүх юм ил тод явахаар ашиг нь иргэдэд яаж хүрч байгааг би дээр хэллээ шүү дээ. Цэвэр ашгийн 90 хувийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилдаг нөхдүүд бол тэд. Тэгэхээр борлуулалтыг замхруулах, хамаарал бүхий этгээдүүд орон нутгийн Таван толгой руу хуруу хумсаа дүрвэл Өмнөговь аймгийн иргэдийн өмчид дахин хулгай нүүрлэнэ.

Маш ичгэвэртэй зүйл сонсголоор харагдсан шүү дээ. Хэдийгээр сонсгол хийж олон нийтэд хүргэсэн ч дараагийн хэрэгжүүлэх шатандаа удаашралтай байна. Хууль хяналтынхан хурдтай ажиллах ёстой. Түүнийг дагаад УИХ-ын тогтоол гарсан учраас тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хууль бусаар ажиллаж байгаа ТУЗ-ийг яаралтай чөлөөлөх ёстой. Нөгөө талаас одоо ажиллаж байгаа удирдлагуудыг солих процесс нь хууль бус явагдаж байгаа учраас үүнд анхаарлаа хандуулж ажиллах ёстой.

-АТГ-аас өчигдөр Н.Наранбаатар гишүүнийг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж мэдээллээ. Та үнэн бурууг дэнслэхгүй ч нүүрсний хулгайн талаар шүгэл үлээсэн хүний хувьд мэдээлэлтэй байгаа байх. Анх нэр зарлагдсан таван гишүүнээс нэг нь л прокурорын хаалга татаж байгаа нь улс төрийн янз бүрийн зүйл энд байна уу гэх эргэлзээ үүсч байна?

-Н.Наранбаатар гишүүнийг нүүрсний хулгайд холбоотой гэж байгаад би итгэхгүй байгаа. Тийм хүн биш. Тухайн үед удирдах албан тушаал хашиж байсан уу гэвэл хашиж байсан. Удирдах албан тушаал хашиж байсан хүн алдаагүй ажиллана гэж юу байх вэ. Ганц нэг жижиг сажиг алдаа гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь хуулийн хариуцлага хүлээлгэх алдаа биш байх гэж бодож байна. Тиймээс би одоо ч итгэдэггүй. Тиймээс улс төрийн золиос битгий болгочихоосой гэж бодож байна. Би олон жил хамт ажиллаж байсан хүний хувьд нүүрсний хулгайтай холбогдох хэмжээний хүн биш гэж хардаг.

-УИХ-ын 2024 оны сонгууль хаяанд ирлээ. Та нэр дэвших үү?

-Миний хувьд дэвшинэ гэсэн бодолтой байгаа. Улс төрийн нам хэрхэн шийдэхийг би мэдэхгүй байна. Мэдээж нүүрстэй холбоотой нөхдүүд намайг улс төрд эргэж орж ирэхээс их болгоомжилж, нэлээд хориг тавьж байгаа байх. Тэр нь мэдрэгдэж байгаа. Гэхдээ энэ талаар жаахан хүүхэд шиг гоншигномооргүй байна. Үүнийг давж гарна. Би хувьдаа МАН надад итгэл хүлээлгэж дэвшүүлчих болов уу гэж бодож байна. Надаас хамгийн их болгоомжилж байгаа хүмүүс нь нүүрсний хулгайчид. Тиймээс янз бүрийн байдлаар ажиллаж, нэр дэвшүүлэхгүй байх талаас нь хөөцөлдөж буй тухай сонсогдож байгаа. Үүнийг өнөөдөр би яримааргүй байна. Баримт нотолгоотой ярих нь зүйтэй. Цаг хугацаа харуулна гэж л бодож байна даа.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Жижиг намуудын жагсаалт “босго” давбал хамгийн түрүүнд УИХ-д орох улстөрчид DNN.mn

Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байна. Бүгдээрээ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй. Одоогийн УИХ-д суудалтай гурван нам байна. Тэднээс гадна УИХ-д суудалгүй буюу жижиг 10 гаруй нам идэвхтэй буюу тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаас нь харвал ирэх зуны УИХ-ын сонгуулиар нэлээд нам суудал авах боломжтой харагдаж байна. Учир нь энэ сонгуулиас эхлээд УИХ-ын 126 гишүүний 78 нь мажоратор буюу тойргоос, 48 пропорциональ буюу жагсаалтаас гарч ирнэ. Жижиг намуудын хувьд пропорциональ буюу жагсаалтад илүү найдаж байгаа нь анзаарагдаж эхэллээ. Найдлага бол бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.2.2-т “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэсэн босго тавигдсан. Улмаар 74.2.3-т “Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын тав буюу түүнээс дээш хувийн санал авсан байх”, 74.2.4-т “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заасан.

Тэр утгаараа жижиг намуудын жагсаалтыг тэргүүлж, нэгдүгээрт бичигдэж чадсан улстөрчид нам нь босго давбал хамгийн түрүүнд УИХ-д орохоор байна. Тэдгээр намыг Улсын дээд шүүхэд бүртэгдсэн дарааллаар нь харвал Ногоон нам, МҮАН-ын Үндэсний эвслээс ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, ИЗНН-аас УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар, Эх орон намаас УИХ-ын гишүүн асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, БНН-аас УИХ-ын гишүүн асан, “Буян”-гийн Б:Жаргалсайхан, Ард түмний намаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Монголын хүний төлөө намаас Х.Бат-Ялалт, Үнэн ба зөв намаас А.Отгонбаатар, ШИНЭ намаас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Иргэдийн оролцооны нэгдлийн намаас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас НИТХ-ын төлөөлөгч Б.Жагар нарт намаасаа хамгийн эхэнд УИХ-ын гишүүн болох боломж харагдаж байна. Эдний дийлэнх нь УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байжээ. Тухайлбал Б.Жаргалсайхан 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Л.Гүндалай 2000 оноос хойш УИХ-д гурав дараалж сонгогдсон. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Б.Батбаатар 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Н.Номтойбаяр 2012, 2016 онуудад УИХ-д сонгогдсон. 2012 онд ХНХ-ын дэд сайд, 2016-2017 онд ХНХ-ын сайдын албан тушаалыг хашсан. Б.Эрдэнэбат 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Ц.Оюунгэрэл 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012-2014 онд ССАЖ-ын сайдаар томилогдож ажиллажээ. Ж.Батзандан 2012, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ийм намтартай. Тэдний тухайд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3-т заасан “Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна” гэсний дагуу “Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, “Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, “Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэх шаардлага, мөн “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, “Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно”, “Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно”, “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэснийг зөрчөөгүй тохиолдолд жагсаалтыг өнгөлөх боломжтой юм байна.

Б.ТУЛГАТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын эрх баригчдын гаргадаг хоёр нүүр тав алхалгүй тар нь танигддаг болжээ DNN.mn

Эх орны хөгжил дэвшилд хэрэг болчихоор, гялайж гялтайх төсөл хөтөлбөрүүдийг манайхан уг нь зайлуул их л санаачилдаг юм. Харамсалтай нь ямар нэг байдлаар аль нэг нь зогсоодог. Мэдээж гадны явуулга байхыг үгүйсгэхгүй ч тэдний үгээр хөдөлдөг манай эрх баригчдын балаг юм. Ингэж хардах үндэс бүрэн бий. Сүүлийн үед улам ч нэмэгдсэн. Эгийн голын усан цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах тухай яриад хэдэн жил болов. Дээрээс нь Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон 1.6 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй ураны асуудал өнөөдөр хэрхэх нь мэдэгдэхгүй ацан шалаанд орчихоод байна. Эдгээр төслүүдийг хэнээс ч айлгүй, хараат бусаар шийдчихсэн бол бид өдийд эрчим хүчний гачигдлаас бүрэн ангижраад өдгөө үйлдвэржсэн орон болчих байлаа. Мөн аль жилийн өмнө өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал ч өнөөдөр мухардмал болж, парламентынх нь дарга гарч ирээд урьд хожид байгаагүй зүйл ярьж байна. Ингэж хөмөрсөн тогоон дотроо эргэлдэж, өөр хоорондоо уралдсаар байтал хорвоо ертөнц биднийг үүд хаалгаа хэр хэмжээнд нээх нь вэ гэдгийг чих тавин харж сууна. Даанч гэрэл цухуйх төдий онгойлгосон болчихоод хөрөнгө оруулагч нарт газраа эзэмшүүлэх ч үгүй, ашиглуулах ч үгүй гээд суухаар тэдний итгэл алсарч байна. Нэг үгээр бид дэлхий нийтийн өмнө худалч, хоёр нүүртэй гэсэн нэг нэр, хоёр хочтой болчихлоо. Тэр нь ч тав алхахгүй илэрч, баригдаж байна. Учир нь бид дэлхийн бараг бүхий л томчуудыг урин залж ирээд “Гуравдагч хөрш” гэсэн сайхан нэр зүүж өгөөд, газрын ховор элемент, уран, зэс гээд тэдний сонирхдог бүхий л төслүүд дээрээ хамтарч ажиллахаа нотлон баталдаг.

Дарга нар маань ч ээлж дараагаар гадны оронд очиж улиг болсон энэ үгээ тоть шиг давтсаар ирдэг. Даанч өдий болтол бид нэгийг нь ч бодит ажил болгож хэрэгжүүлсэнгүй. Одоо дэлхий бараг биднээс цөхөрч байх шиг байна. Хэрэгжиж байгаа ганц нэгэн төслөө бараг л нуух шахам сөөм, сөөмөөр урагшлуулж байгаа нь маргашгүй үнэн. Мэдээж хойд хөршөөсөө л тас нууж байгаа хэрэг байлгүй дээ. Ер нь манай эрх баригчдын “Сайн дүү” байх гэсэн хичээл зүтгэл бараг л цусанд нь шингэчихсэн байдаг бололтой. Гэхдээ энэ ойлголт нэгэн цагт халаасаар нь дамжиж ирсэн нь ойлгомжтой. Нам нь сонгуулийн санхүүжилтээ авдаг байх. Мөн өөрсдөө ч хувь хүн танил талаараа санхүүжилт авдаг биз. Одоо ч тийм байхыг үгүйсгэхгүй. Мөн элдэв булай муухайг нь мэддэг, баримтжуулсан байдаг байлгүй. Түүндээ л барьцаалагдчихаад байдаг байлгүй дээ хөөрхий гэсэн олны үг ортой ч юм бил үү. Тийм болохоор л ард түмнийхээ өмнө бас гадаад улс гүрний өмнө гарч том ярьчихаад, хойд хөршийн бараа харагдангуут л сүү долоосон гөлөг шиг болдог биз. Одоо сүүлдээ зөвхөн ард түмэндээ худлаа ярьдаг байснаа шат ахиад дэлхийг хулхиддаг болчихоод байна.

Уг нь манай хэдийн үнэнч байдлыг болиулж, барьцаалагдсан байдлаас нь гаргах гэж бусад орны удирдагч, сайд, дарга нар худалч хүнд сардаа нэг ирж байгаа. Даанч манайхны цусанд нь шингэсэн өнөөх үнэнч зан хувиршгүй аж. Хойд хөршдөө үнэнч байх гэснээс саяхан манай нэг дарга өнгөрсөн зууны 60-аад онд армид авсан ачааны ямбий машиныг нь гарын хүчээр асааж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан даа. Бас тэрүүгээрээ бахархаад байгаа юм уу хаашаа юм гэж харахаар зүйл болж өнгөрөв. Уул нь ичмээр зүйл л дээ, ганц түлхүүр мушгиад юм уу товч дараад л асаачихдаг болоод удаж байгаа, дэлхийд бол.

Байгалийн өмнө хүчин мөхөсдөж буй хэдэн малчиндаа туслахаар явж байгаа нь сайн хэрэг ч ийм үед ашиглах сүүлийн үеийн хүчин чадалтай техник, тоног төхөөрөмж авах бүрэн боломж байсан. Даанч дарга нар маань үүнийг хүсээгүй. Үүгээрээ тэд “ах” нартаа үнэнчээ илтгэж, одоо хүртэл та нарынхаа өгсөн зэвсэг, тэргийг хадгалсаар байгаа шүү гэж хэлээд байх шиг. Тийм машинаар эх орноо хамгаалах юм гэнэ. Асаах гэж ноцолдсоор байгаад шатаад дуусах байлгүй дээ. Дээрээс нь далайсан газар нь далд орно шүү гэдгээ нотлоод ч байх шиг. Жуковын хөшөөнд цэцэг өргөж, төрийн хүндэт харуулаа зогсоосноос ч ингэж хардаж болно. Одоо бүр байтлаа хэлмэгдэгсэд, 1930-аад оны их хядлагын тухай ярьж хэлсэн Их хурлын гишүүнд хойд хөршийн Элчин сайдын яамнаас нь албан бичиг ирдэг болсон гэх юм билээ. Тэр нь явж, явж наадах чинь манай орны нэр хүндтэй холбогдож байна гэсэн утгатай гэж байгаа. Даанч үүнийг нь олон нийтэд дэлгээд, бодит байдлыг нь хэлчих эр зориг тэр нөхөрт дутагдсан байна. Тиймдээ ч хаалга үүд рүүгээ хялам хийх зуураа хүнд шивнэсэн гэсэн яриа гарах вэ дээ. Ер нь Оросоос айх, тахин шүтэх, даган дуурайх үзэл хорт хавдар мэт улам нэмэгдсээр байгаа.

Манай одоогийн дарга нар оросуудад саймширч байгаагийн бас нэг илрэл нь шатахуун, түлшний асуудал. Нөгөөдүүл нь байсхийгээд л шатахуунаа өгөхгүй хэмээн дарамталж, өөрсдийн дур хүслээ хангаж байна. Ингээд байхад л манай дарга нар өөр газраас шатахуун, түлшээ авах оролдлого огт хийдэггүй. Бусдаас авахаар оролдлого хийхээр хойд хөрш цахилгааны хязгаарлалт хийх гээд байна. Хэрэв тэгвэл бид лаа, шүдэнзээ бэлдэхээс өөр аргагүй гэсэн ухуулгыг ч хийсэн. Нэмээд энэ асуудлыг шийдэхэд нэлээд нэмэр болох Газрын тос боловсруулах үйлдвэр ч чухам юу болж байгаа нь бүдгэрч, алсарсаар байна. Улмаар өдгөө 20-иод жил ярьж байгаа дээрх төслүүд шиг болох ч магадлалтай. Энэ хугацаанд уг нь улс юм бол улс шиг байх цаг хугацаа өнгөрлөө. Улс гүрний хоорондын харилцаанд мянган сайн ах, сайн дүү гэж байдаггүйг өнгөрсөн цаг хугацаа бидэнд хангалттай харууллаа.

Түүнээс биш улс нийтээрээ “Цүнх баригч” маягтай явсаар бид юу ч хожсонгүй. Угаас “цүнх баригч” нар олигтой хожилд хүрч, өөдөлж дэвшсэн түүх ч байхгүйг манай намууд, түүнийг дагасан долдой нарын түүх бэлэн гэрчилнэ. Тиймээс бид одоо нэг талдаа бүрэн гарах хэрэгтэй байна. Нэг бол улс шиг улс болон хөгжөөд, дэлхийн бусад улс оронтой ижил тэнцүү харилцаж, өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавиад, хөдөлгөж болох бүхий л төсөл хөтөлбөрүүдээ зоригтойхон хөдөлгөх хэрэгтэй. Аль юм болгонд хойд хөршөөсөө айж, эсвэл тэдэнд саймширч гаргасан бодлого бүрээ эргэн харж, ухраан засаж явах вэ, дарга нар аа. Үгүй бол “Сайн ах” нарынхаа дагаар орох гэсэн хоёр л сонголт байна. Саяхан даа, Орос, Украины дайн эхэлсэн өдрийг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас дайныг эсэргүүцэгчдийн талд орооч ээ, байр сууриа тодорхой болгооч ээ гэсэн утгатай уриалга гаргасан нь ч бидний өнөөгийн байгаа байдлыг хэлээд байгаа хэрэг.

Ерөөс эх баригчид минь, эх орноо сайн сайхнаар удирдан чиглүүлнэ гэж бодож яваа бол удирдсан шиг удирдаад бусдын дарамт, халаас хоёрт ормооргүй байна. Үнэхээр чадахааргүй бол чадах хүмүүст нь хүлээлгэж өгөөд санаа амар хөлөө жийж суух хэрэгтэй шүү дээ. Энэ цаг үед Монгол Улс өөрийн биеэ даах эрмэлзэлтэй болж, түүндээ хүрэх эр зоригтой, ард түмэндээ ч тийм хүсэл тэмүүллийг суулгаж өгмөөр байх юм. Ард түмэн ч ингэж чадах зоригтой зоримог удирдагчдыг сонгож гаргаж ирэх хэрэгтэй байна. Бид 1989 оны ардчилсан хувьсгалыг Зөвлөлтийн нөлөөнөөс гарахын тулд л хийсэн гэдгийг одоо бүгд мартчихаад байх шиг санагдах юм.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 28, Буд гариг. Билгийн тооллын 19, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 07:36 цагт мандаж 18:33 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 28-наас 2024 оны 03 дугаар сарын 03-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-29-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Киевийн төлөөх тулаан” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч О.Батхүү “Уурхайчдын илүү цаг ажиллаад ахиу цалин авах боломжийг нь Монголын Үйлдвэрчний эвлэл хуулиар хаасан” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Өмгөөлөгч Ш.Алтангадас “Бусдын дуу, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй түгээхэд 1-6 сар зорчих эрх хязгаарлах хүртэл ял шийтгэлтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Киевийн төлөөх тулаан” хэмээн өгүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид өмнө олгосон газрыг цуцлах үйл ажиллагааг л маш сайн хийж байна” гэв.

Өмгөөлөгч Б.Баяраа “Ч.Отгочулуу хүн гүтгэхгүй гэж шазуур зуусныхаа шанг хүртэж, хоригдож байна” хэмээв.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

18 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5 зөрчилд зөрчлийн хэрэг нээв DNN.mn

Хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 12 удирдамж /СУЕБ-ын баталсан урьдчилан сэргийлэх 1, төлөвлөгөөт бус-1, аймгийн ХХААГ-ын даргын баталсан төлөвлөгөөт бус-10/ удирдамжийн хүрээнд нийт-668 /485 иргэн, 183 хуулийн этгээд/ газрыг хамруулан гүйцэтгэсэн.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд:

ХХААХҮЯ-ны СУЕБ-ын баталсан 08-00-02/03 дугаартай удирдамжийн дагуу нийт 642 /иргэн-481, аж ахуйн нэгж-161/ газрыг хамруулан хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.

  • Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөсний баяр-2024 арга хэмжээг угтан Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
  • 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нийслэл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдэд болон ил задгай худалдаа эрхэлж буй 157 аж ахуйн нэгж, 477 иргэн хяналт шалгалт хамрагдаад байна.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд:

Аймгийн ХХААГ-ын албаны даргын баталсан удирдамжийн дагуу нийт 26 /иргэн-4, аж ахуйн нэгж 22/  газрыг хамруулан гүйцэтгэсэн.

Илрүүлсэн зөрчил, шийдвэрлэлт

Шалгалтын явцад нийт 157 зөрчил дутагдал илрүүлж 95 (60.1%)-ийг арилгуулан ажилласан байна. Илрүүлсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын (ахлах) байцаагчийн 51 заалт бүхий 5 албан шаардлага, 2 албан даалгавраар хугацаатай үүрэг даалгавар өгч, 275 заалт бүхий 89 зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 18 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5 зөрчилд зөрчлийн хэрэг нээж, 14 хуулийн этгээд, 9 хүнд нийт 19.1 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, барагдуулан ажилласан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 7.6 хувиар нэмэгджээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.6, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгджээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.6 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.9, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.6, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.8, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.4, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Харин дээрх үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.3, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.