Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр санаачилсан тус өргөдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Жамбаа: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлж байж айл, ААН-үүд сэргээгдэх эрчим хүч ашиглах сэдэлтэй болно DNN.mn

Эрчим хүчний бодлогын шинжээч Л.Жамбаатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нийтээрээ хэрэглэх боломж, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.


-Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудлыг илүүтэй илэрхийлж байна. Манай улсын хувьд энэ чигийн бодлого, эрх зүйн зохицуулалт ямар байдаг юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний нөөц манай улсын хувьд хаа сайгүй л байна. Тэр дундаа нарны эрчим хүчийг хүн болгон ашиглах бүрэн боломжтой улсын нэг бол Монгол. Гэтэл үүнийг бид яагаад ашиглахгүй байна вэ гэхээр олон зүйлийг хэлж болно. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хууль, эрх зүйн орчин болон тарифын бодлого сул байна. Тухайлбал, айл өрхийн хувьд нарны эрчим хүчийг ашиглая гэж бодъё. Гэтэл өөрсдийнхөө хэрэглээнээс илүү гарсанаа нэгдсэн сүлжээнд өгье гэхээр худалдаж авах үнэ нь манайд асар хямд байна. Жишээлбэл эрчим хүч худалдаж авах нэгж үнэ нь 140 төгрөг байна уу, үгүй. Нэг квт-ыг нь шүү дээ. Гэтэл энэ тарифаар хөрөнгө оруулалтаа буцааж нөхнө гэдэг боломжгүй. Өөрөөр хэлбэл тариф бага байгаа нь энэ чигийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

-Манайд тариф нь бага байдаг юм байж. Бусад улс орнуудын хувьд сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэж байгаа нь ямар учиртай вэ. Манайд тэгвэл тарифыг нь нэмчихэд л айл, өрх энэ төрлийн эрчим хүчийг хэрэглэж эхэлнэ гэсэн үг үү?

-Бас зөвхөн тарифаас шалтгаалахгүй л дээ. Бусад улс орнуудын хувьд яагаад энэ төрлийн эрчим хүчийг хэрэглээд байгаа вэ гэхээр нэгдсэн сүлжээнээс авч байгаа цахилгааны тариф нь өндөр байдаг. Өөрөөр хэлбэл нэг квт эрчим хүчийг сүлжээнээсээ 300-400 төгрөгөөр авдаг.

Тиймээс сүлжээнээс ийм өндөр үнээр авч байхаар нарны станцтай болчихвол нэгжийн үнэ нь хоёр дахин хямд тусна гэсэн үг. Харин Монгол Улсад сүлжээнээс авч байгаа цахилгааны үнэ хямдхан учир нарны станц ашиглах шаардлагагүй гэсэн хандлагатай байдаг. Нөгөөтэйгүүр хувьдаа нарны станцтай болчихлоо гэж бодоход улсаас авч байгаа цахилгаанаас нь илүү өртөг өндөр гэсэн үг. Тиймээс энэ чигийн эрчим хүчийг хөгжлүүлэх, нийтээрээ хэрэглэдэг болохын тулд нэгдүгээрт, сүлжээний тарифыг өсгөх. Хоёрдугаарт төрийн дэмжлэг хэрэгтэй. Тэгж байж айл өрх бүр нарны болон салхины станцтай болно гэсэн үг.

-Төрөөс хэрхэн дэмжих ёстой юм бэ?

-Сүлжээнээс авч байгаа үнээс өндөр өртөгөөр сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа айл өрх бүрд зөрүүг нь төрөөс олгох хэрэгтэй. Нэг ёсондоо төрөөс татаас авна гэсэн үг. Татаас гэдэг нь тухайн айл өрхөд сэргээгдэх эрчим хүчийг анх суурилуулахад гарах зардлын 20-30 хувийг төрөөс хангадаг байх. Яг энэ тогтолцоо бол сэргээгдэх эрчим хүч идэвхтэй ашигладаг бусад улс орнуудын шалгарсан жишиг гэж хэлж болно. Одоо ч гэсэн зарим улс орнуудад 30 биш бүр 50 хувийн хөрөнгө оруулалтын дэмжлэг өгдөг систем хэрэгжиж байна. Манай улсын хувьд энэ системээр сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн жишээ бий. Тухайлбал 2000-аад оны үед 100 мянган нарны толийг хөдөө, орон нутгийн айлуудад олгох төслийг хэрэгжүүлж байсан. Тэр үед Засгийн газраас тавин хувийг нь өгч байсан санагдаж байна. Энэ төслийн үр нөлөөгөөр манай малчид, хөдөөнийхөн тодорхой хэмжээний эрчим хүчний хэрэглээтэй болсон байдаг. Яг үүнтэй адил айл, өрхүүдэд дэмжлэг үзүүлж байж л энэхүү асуудал цаашид илүү бодитой, үр дүнтэй байна.

-Та сая айл өрхийн түвшинд асуудлыг хэллээ. Тэгвэл том зургаараа буюу улс орны хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг яаж хөгжүүлэх шаардлагатай юм бэ?

-Том түвшинд авч үзье гэвэл техникийн зарим нэг асуудал гарч ирдэг. Тухайлбал, усан цахилгаан станц болон хийн станц эхлээд барьж байж нар, салхины станцуудыг бий болгох шаардлагатай. Энэ нь юу гэхээр нар, салхигүй үед усан болон хийн станцаар хэрэглээгээ нөхөх асуудал. Гэхдээ баттерейн технологи сайн хөгжсөн учир заавал усан болон хийн станц барих шаардлага байхгүй л дээ. Яг энэ технологиор Сонгинохайрханд сая барьж дууссан. Энэ мэт сэргээгдэх эрчим хүчийг хурдтай хөгжүүлж, энэ төрлийн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагатай.

-Яаж дэмжих вэ?

-Юуны өмнө дэмжих дээ тендер зарлаж буюу өрсөлдөөнт худалдан авалтуудыг шалгаруулах хэрэгтэй. Хуулиар ч ийм. Хэрэв ингэж чадвал манай улсад нарны станц нэг квт нь 5-6 цент, салхиных нь 6-7 цент байх боломжтой. Тиймээс Эрчим хүчний яамнаас энэхүү тендерийг яаралтай зарлаж, хэрэгжүүлэх шаардлагатай. 2019 онд хууль нь батлагдчихсан. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг одоо хангуулах ёстой гэсэн үг.

ӨРХИЙН ТҮВШИНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ БОЛОХОД 15-20 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ 

-2019 онд шинэ хууль батлагдсан гэлээ. Тэгвэл түүнээс хойш таван жил өнгөрөхөд яагаад тариф огт хөдлөхгүй байна вэ?

-Энэ хуулиар тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо дангаараа буюу 100 хувь шийднэ гэж заасан байдаг. Тухайлбал, одоо яг ямар тарифаар явбал болохоор байна гэдгийг энэ хороо дангаараа шийдээд явах боломжтой болсон. Эрчим хүчний сайдаас ч асуухгүйгээр шийднэ гэсэн үг. Гэвч ийм эрх зүйн орчин нь байхад хэрэгжихгүй байна гэхээр цаанаа улс төрийн ямар нэгэн нөлөө байна гэсэн үг шүү дээ. Би бол тэгж л хардаж байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний тарифыг хөдөлгөе гээд шийдвэр гаргах гэтэл улс төрийн нөлөө орж ирчихээд хөдлөхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр тариф өөрчлөгдөхгүйгээр шинэ станц, шинэ хөрөнгө оруулалт ярих ямар ч боломжгүй. Цаашид одоо ажиллаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдийн найдвартай ажиллагаа алдагдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл одоо ажиллаж байгаа станцууд дээр завсар үйлчилгээ хийх санхүүжилт байхгүй болно гэсэн үг. Зөвхөн тарифын асуудлаас болж.

-Эрчим хүчний эх үүсвэр гэснээс одоо ашиглалтад орох ямар шинэ эх үүсвэр байна вэ. Мэдээж Бөөрөлжүүтийн станцыг та ярих байх…?

-Бөөрөлжүүтийн станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орно гэж ярьж байгаа. Гэтэл энэхүү станц маань өөрөө 28 жилийн хугацаанд нэг квт-ыг нь 8.8 центээр  улсад зарах гэрээтэй. Тэгэхээр ойролцоогоор 1.4 тэрбум квт цаг цахилгааныг улсад нийлүүлнэ гэсэн үг. Тэр утгаараа улс ийм их хэмжээний цахилгааныг тогтвортой буюу 8.8 центээр 28 жилийн турш төлбөрийг нь төлөх үүрэг хүлээж байгаа юм. Гэтэл одоо байгаа тарифын тогтолцоогоор энэ төлбөрийг төлөх ямар ч боломжгүй. Үүнээс болоод хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаа. Жишээлбэл, 10 дугаар сард эхний блокоо ашиглалтад өгөхөд улс надад төлбөрөө төлж чадах уу. Тариф нь ийм бага байхад нэмэхгүйгээр төлбөр өгөх боломжтой юу гэж эргэлзэнэ. Тэгэхээр цаашид төлбөрөө авч чадахгүй учраас хөрөнгө оруулалт нь зогсоно. Тэгвэл дараа дараагийн 150, 150ийг хэрэгжүүлэх боломжгүй болно.

-Тэгвэл тарифаа л зайлшгүй нэмэх шаардлагатай юм биш үү?

-Тийм. Энэ аравдугаар сараас өмнө тарифыг нэмэх шаардлага бидэнд тулгарч байгаа юм. Ингэснээр тус станцыг ашиглалтад оруулж, ирэх өвлийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрээ баталгаажуулах шаардлагатай. Нэг ёсондоо цаашид бид тарифаа нэмж цахилгаантай байх уу эсвэл нэмэхгүйгээр цахилгааны хязгаарлалтад орж амьдрах уу гэдэг сонголтоо хийх цаг. Ирэх жилүүдэд бүр 1990-ээд оны нөхцөл байдал руу ч орж болзошгүй.

-Эрчим хүчний зохицуулах хороо тариф нэмэх эсэх асуудлыг дангаараа шийддэг юм бол түүгээрээ шийдээд явж болохгүй юм уу. Та улс төрийн нөлөө байна гэж хэллээ. Яг ямар нөлөө байдаг юм бэ?

-Эрчим хүчний зохицуулах хороо таван зохицуулагчтай байдаг. Таван гишүүнтэй гэсэн үг. Энэ тавын гурвыг нь Эрчим хүчний сайдын санал болгосноор Ерөнхий сайд томилдог. Нэгийг нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал болгосноор Ерөнхий сайд. Үлдсэн нэгийг нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Ерөнхий сайдад санал болгосноор томилдог. Хуулиараа энэ таван зохицуулагчийг Ерөнхий сайд томилдог гэсэн үг. Тэгэхээр үнэ тариф тогтоох процесс мэдээж Эрчим хүчний зохицуулах хороо дээр явагдана. Суурь судалгаагаа ч хийчихэж байгаа. Улмаар тариф нэмэх эсэх асуудлыг Эрчим хүчний сайд Ерөнхий сайдтай зөвшилцөнө. Яг энэ процесс дээр л улс төрийн дэмжлэг дутдаг юм болов уу гэж ойлгодог.

-Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчин сул байгаа талаар та ярианыхаа эхэнд хэлсэн. Яг ямар зохицуулалт дутаж байна вэ?

-Юуны өмнө одоо мөрдөгдөж байгаа хуулийг ягштал хэрэгжүүлэх шаардлага бий. Хуулиар хэрэгжүүлээд эхэлбэл ойрын хугацаанд энэ асуудал идэвхтэй өрнөж эхэлнэ. Хууль батлагдаад таван жил болж байхад нэг ч тендер зарлаагүй байна гэдэг бол хууль хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр тендерээ зарлах хэрэгтэй. Жижиг сэргээгдэх эрчим хүчний журмыг сая 2021 онд гаргасан байдаг. Гэхдээ энэхүү журам үнэхээр ерөнхий байдлаар батлагдсан. Төвийн сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний журам. Энэ нь айл өрх гэхээсээ илүү аж ахуйн нэгжүүдэд хамаатай журам гарсан гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд бүгд төвийн сүлжээнд холбогдсон байдаг. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүүд өдрийн цагаар нарны эрчим хүч ашиглаад явах боломжтой байгаа. Гэвч энэхүү журмаар зөвхөн айл өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гээд заачихсан. Өөрөөр хэлбэл хуулиасаа давсан журам гаргачихсан гэсэн үг. Тэгэхээр томоохон худалдааны төв болон аж ахуйн нэгжүүд өдрийн цагаар сэргээгдэх эрчим хүч ашиглая гэхээр журмаа зөрчих болж таардаг. Тиймээ энэ хууль, журмын зөрчлийг арилгах шаардлагатай. Нөгөөтэйгүүр тарифыг нь нэмж өгсөнөөр айл өрхийн сэргээгдэх эрчим хүч хэрэглэх сэдлийг нь бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй сэргээгдэх эрчим хүч ашигласнаас бага тариф төлж байгаа энэ цаг үед айл өрх хэзээ ч нарны болон салхины станцтай болъё гэж бодохгүй.

-Угтаа айл өрх болгон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болоод өөрсдийнхөө хэрэглээнээс давсан эрчим хүчээ улсад зардаг эдийн засгийн тогтолцоо руу оръё гэж байгаа шүү дээ. Ер нь ийм боломж манайд бий юу?

-Юуны өмнө хууль гэхээс илүү хуулиас давсан журмуудыг эхлээд янзлах хэрэгтэй. Таны хэлдэг шиг хэрэглээнээсээ давсан эрчим хүчээ улсад худалдах боломж манайд бүрэн бий. Мөн ийм болгохын тулд тарифын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дараа нь олон улс болон төрийн дэмжлэг орж ирэх шаардлагатай. Тэгэж байж яг таны хэлснээр айл өрх бүр эрчим хүчний бизнес эрхлэх боломж бүрдэнэ. Гэхдээ тэр болтол асуудал олон байгааг би хэллээ шүү дээ. Эдгээр арга хэмжээ бол олон улсад шалгарсан арга технологи. Тиймээс манай улс ч гэсэн энэ чигийн бодлогын өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.

-Нийтээрээ бид сэргээгдэх эрчим хүч ашиглаад хэвшчихвэл ямар ач холбогдол гарах вэ?

-Том зургаараа харвал мэдээж агаарын бохирдол алга болно. Учир нь айл өрх бүрд цэвэр эрчим хүч хэрэглэж байгаа болохоор. Нөгөөтэйгүүр өөр дээрээ эрчим хүчтэй байна гэдэг бол ямар нэгэн цахилгааны тасралт байхгүй болно. Хараат бус эрчим хүчний хэрэглэгч болно гэсэн үг. Цахилгааны чанар сайжирна. Ирэх жилүүдэд Бөөрөлжүүтээс эхлээд томоохон цахилгааны эх үүсвэр нэмэгдэнэ. Тэр утгаараа тариф зайлшгүй өсч таарна. Тэгэхээр тэр үед та өөр дээрээ сэргээгдэх эрчим хүчтэй бол цахилгааны үнийн өсөлтөд өртөхгүй болно гэсэн үг. Ерөнхийд нь хэлбэл ийм байна. Гэвч манайд жижиг түвшинд буюу айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төрийн бодлого эсвэл ямар нэгэн төсөл, хөтөлбөр одоогоор алга байна. Зарим нэг айлууд л хувьдаа энэ төрлийн эрчим хүчийг туршиж үзэх, ашиглах тохиолдол л байна шүү дээ.

-Мэргэжлийн хүний тань хувьд нэг зүйл тодруулъя. Жишээ нь нэг айлд нарны станц суурилуулъя гэвэл нийт төсөв, өртөг нь ямар хэмжээнд гарч ирдэг юм бол оо?

-Их олон янз л даа. 100 хувь хэрэглээгээ хангадаг болно гэвэл баттерейтай болох шаардлагатай. Учир нь орой нар орсны дараа баттерей дахь нөөц эрчим хүчээ ашигладаг болно гэсэн үг. Тэр утгаараа баттерейтай болчихоор төсөв, өртөг нь нэмэгдэнэ. Сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчтэй болъё гэж бодъё. Өөрөөр хэлбэл өдөр нь сэргээгдэхээ ашиглаад, орой нь сүлжээний цахилгаанаа холбочихно. Ийм байдлаар эрчим хүчээ шийдье гэвэл нэг айлд ойролцоогоор 5 квт станц суурилуулахад 15-20 сая төгрөг болно. Харин 100 хувь хэрэглээгээ хангадаг болъё гэвэл 30-40 сая болох жишээтэй. Нэг зүйл хэлэхэд үүнийг бизнес талаас нь харвал маш хэцүү. Учир нь яг өнөөгийн түвшинд гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөх маш хэцүү байна. Тиймээс өөртөө буюу өрх гэртээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаараа харах нь илүү дээр болов уу.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.БАТЖАРГАЛ: Гамшгийн үед ашиглах тусгай зориулалтын хүчирхэг техникүүдийг нисэх буудалд хадгалсаар зэвэрч дууслаа DNN.mn

Нийтийг хамарсан гал түймэр, гамшгийн үед нисэх буудлын тусгай зориулалтын техникүүдийг дайчлан ашиглах бүрэн боломжтой ажээ. Энэ талаар нисэхийн доктор (Ph) Т.Батжаргалтай ярилцлаа.


-Саяхан газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас болж урьд өмнө нийслэлд гарч байгаагүй аймшигтай явдал боллоо. Үүний улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдсэн.  Энэ үеэр бүхэл бүтэн ОБЕГ орон сууцны барилгын есөн давхараас дээш ассан галыг унтраах техникийн боломжгүй гэдгийг харлаа. Олон давхар орон сууц галд авалцахад зүгээр харж байгаад л шатаачихав. Гэтэл  Олон улсын нисэх буудлын өндөр хүчин чадалтай  гал унтраах машинууд байдаг гэв үү. Эдгээрийг нийслэл хот дотор нийтийг хамарсан ахуйн болон объектын гал түймрийг унтраахад ашиглаж болдог уу?

-Ер нь нийгэмд учирч байгаа нийтийг хамарсан гамшиг, гал түймэр, хорт хийн дэгдэлт, онц их хэмжээний агаарын бохирдол, олныг хамарсан гэнэтийн осол, байгалийн гамшиг үер ус, цас зудтай орон нутгийн ард иргэд, онцгой байдлын тангараг өргөсөн албан хаагчид бүхий л боломжоо шавхан тэмцээд ч хүч мөхөстөх тохиолдол гарч байна. Ийм аюул гамшгийг давж гарахад улс нийтээрээ нэгдэн тэмцэх хэрэгтэй. Ялангуяа төрийн байгууллагууд идэвх санаачилга гаргаж дотоод нөөц бололцоо, хүн хүчээ гарган зохион байгуулалтад орж хамтын хүчээр тэмцэх хэрэгтэй. Дараа нь иргэдэд учирсан хор хохирлыг барагдуулахад ч гэсэн нийгэм олон нийт хандив тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ард түмнээрээ нэгдэн нягтрах хэрэгтэй л байгаа юм. Саяын гарсан шиг их хэмжээний объектын болон ахуйн гал түймэр нийслэлд тэр дундаа орон сууцны хороолол дунд гарахад Буянт-Ухаа нисэх буудлын галын машинуудыг нэмэлтээр гарган унтраалгаж байсан туршлага байдаг.

Би тодорхой баримт хэлье. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр жагсагчид Тусгаар тогтнолын ордон руу дайрч галдан шатаасан балмад хэрэг гарсан даа. Энэ галыг унтраахаар очсон  хотын гал командын автомашин техник хэрэгсэл үнэндээ хүчин мөхөстсөн. Тухайн үе бид ажил дээрээсээ энэ бүхнийг зурагтаар үзэж байв. Тэр өдрийн нислэгүүд ч явагдаад дууссан байсан л даа. Тэгэхэд миний санал болгосны дагуу манай ИНЕГ-ын С.Батмөнх дарга их зоримог шийдвэр гаргаж байлаа. Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Гал унтраах албаны “OSHKOSH” T-1500 маркийн АНУ-д үйлдвэрлэсэн гал унтраах хоёр автомашиныг нисэх буудлын хамгаалалтын бүсээс гадагш гаргаж МАХН-ын байр руу хөдөлгөсөн. Тэр өдрийн ээлжийн ахлагч Б.Мөнгөнжигүүр гал сөнөөгчдийг ахалж очсон юм. Манай техник хэрэгслүүдийг очиход гал хэдийнээ МАХН-ын байрны дээд давхарт авалцаж байв. Ингээд галыг 100 метрийн зайнаас шүршин  унтраасан юм шүү дээ. Энэ хоёр машин бол аюулд орсон агаарын хөлгийн галыг унтраах зориулалттай. Ус, хөөс, химийн хуурай нунтгаар цэнэглэгдсэн маш оновчтой хүчтэй шүршдэг өндөр хүчин чадалтай машинууд. Саяын шатсан цестирийг галын хөөсөөр л хучаад унтрааж чадна. Одоогоор БуянтУхаа нисэх буудал тогтмол нислэггүй, гал унтраах авран туслах албаны гал сөнөөгчид нь зөвхөн өдрөөр ажилладаг. Тэр хоёр “OSHKOSH” T-1500 машин бэлэн байдалд байдаг юм. Тэгэхээр, цаашид нийслэлд баригдсан өндөр барилгуудын ахуйн болон объектын томоохон хэмжээний болзошгүй гал түймрийг унтраахад одоо Иргэний нисэхэд ашиглаж байгаа гал унтраах хүчирхэг автомашинууд шиг галын техник хэрэгслүүдийг хотын гал командад авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эдгээр нь олон улсын нисэх буудлын стандарт, категор хангасан, Австри улсад үйлдвэрлэсэн машинууд юм.

-Хойшид нийслэлд баригдсан 20, 30 давхар өндөр барилга, объектод гал гарлаа гэхэд ийм машинууд гарсан галыг унтрааж хүчрэх үү, ер нь ямар техник төхөөрөмж нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

-Манай нөхцөлд тийм өндөр 20, 30 давхар барилгад гарсан галыг унтраахад газрын техникээр тэмцэж чадахгүй нь мэдээж хэрэг. Шаардлагатай шинэ техник технологийг нэн дариу нэвтрүүлж хүн хүчээ сургаж бэлтгэх хэрэгтэй. Орчин үед өндөр барилга, байгууламжид гарсан гал түймэрийг унтраахад нисдэг тэрэг ашигладаг. Нэн даруйдаа гэвэл энэ зориулалтаар ОХУ-д зохион бүтээгдсэн олон талын зориулалттай “Кa-32А11ВС” гэдэг давхар сэнстэй, таван тонн дүүжин ачаа даах чадвартай, дотроо усны банктай,  өндөр даралтын усан буутай нэмэлт цахилгаан мотортой нисдэг тэргийг ОБЕГ-т авч ашиглах хэрэгтэй. Эсвэл одоо манайд байгаа “Ми-8”, “Ми-171” маягийн 5-6 тонн ачаа тээвэрлэх даац сайтай нисдэг тэргэнд гал унтраах тусгай тоног төхөөрөмж нэмэлтээр суурилуулж байнгын бэлэн байдалд байлгаж энэ мэт болзошгүй гал түймрийг бага дээр нь газар авахуулалгүй агаараас шуурхай унтраах боломжтой. Буянт-Ухаа нисэх буудлаас хөөрсөн гал унтраах нисдэг тэрэг 8-15 минутын дотор л нийслэлийн аль ч өнцөгт хүрч чадна.

Ер нь ОБЕГ-т ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 10-25 гал сөнөөгчдийг багаж хэрэгсэл, хоол хүнстэй нь тээвэрлэх даац, багтаамжтай, олон талын зориулалттай нисдэг тэргээр хангаж өгөх хэрэгтэй. Энэ жил Франц Улсын засгийн газрын зээлээр ОБЕГ-т 24 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах болсон гэж сонссон. Сангийн сайд болохоор 38.9 сая еврогийн зээлийг ОБЕГын тоног төхөөрөмж авахад зориулна гэж ярьж байна лээ. Тэгэхээр эдгээр зээлийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Франц улсад үйлдвэрлэдэг “АirBus Helicopter 332” маркийн даац сайтай том нисдэг тэргийг тэр зээлийн хөрөнгөөр авсан ч болно. Хамгийн гол нь өндөр ур чадвартай нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, дадлагын нислэг сургуулилалтыг сайн хийлгэж бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Өмнө Онцгой байдлын газарт “ЕС145С2” маркийн гурван нэгж, сургалтын зориулалттай “Cabri-2” нисдэг тэрэг нэг нэгж авсан байдаг. Эдгээр “ЕС-145С2” маркийн жижиг нисдэг тэргүүд нь ашиглалтын зардал бага. Бас багахан хэмжээний ослын газарт тусламж үзүүлэхэд  ач тустай. Олныг хамарсан томоохон хэмжээний аюул гамшигт авран хамгаалах ажиллагаа явуулахад учир дутагдалтай.

-Одоо осол болсон газар орчны агаарт хий тархаж агаарын чанарыг ихээр муутгасан гээд тэр орчмын сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа. Ингэхэд агаарын бохирдлыг бууруулах боломж, тоног төхөөрөмж техник манайд байдаг уу?

-Өвлийн улиралд төв Ази, Сибирь, Монгол орны агаар мандлын доод хэсэгт инверсийн үзэгдэл ажиглагддаг. Иймд салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн тогтдог. үүнийг дээр цагт “байнга”, “байнгатай байна” гэдэг байсан юм билээ. Иймд утаа хуримтлагдаж бохир агаар тогтоод байгаа юм. Биднийг хүүхэд байхад Улаанбаатарын агаар ийм ч бохир байгаагүй. Гэтэл одоо салхи гарахгүй л бол агаарын энэ бохирдол арилахгүй. Тэгэхлээр “газ” дэлбэрсэн гамшгийн орчинд нь зохиомлоор салхи үүсгэн бохирдсон агаарыг албадан хөдөлгөөнд оруулж  сарниулах хэрэгтэй. Саяын  хийн дэлбэрэлтийн улмаас хэдэн хоногийн турш энэ хэсэгт бохирдсон агаарыг сарниулахад ашиглаж болох техник төхөөрөмж Иргэний нисэхэд байна.  Тодруулбал, нисэх онгоц бууж хөөрөх нислэгийн зурвас, зам талбайн цас мөс цэвэрлэх зориулалттай “ТМС-65” хэмээх “Урал” машин дээр “МиГ-15” сөнөөгч онгоцны “ВКА1А” хөдөлгүүр суурилуулж тоноглосон тусгай зориулалтын автомашиныг ашиглаж болох юм. зөвлөлтийн зохион бүтээгчид нисэх онгоцны тийрэлтэд хөдөлгүүрээс гардаг асар хүчтэй халуун хийн урсгалын хүчийг ашиглан химийн зэвсэг хэрэглэсэн үед хорт утааг сарниулах, бохирдсон машин техникийн гадаргууг цэвэрлэж ариутгах зорилгоор энэ машиныг бүтээсэн байдаг. Мөн аэродром дээр их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэхэд, ялангуяа цас маш ихээр унадаг Сибирийн нисэх буудлууд, цэргийн аэродромуудад өргөнөөр ашиглаж ирсэн.

-Ийм машин манайд хичнээн байдаг юм бэ?

-ИНЕГ-ын мэдэлд гурван ширхэг байдаг. Буянт-Ухаа, Мөрөн, Дорнодын нисэх буудалд тус бүр нэг, нэг байгаа.

-Тэгвэл энэ их цас, зудтай үед зам харгуй гаргахад хамгийн  их хэрэгтэй эд байна шүү дээ. Яагаад ашигладаггүй юм бол?

-Ер нь бол цас, мөсийг халуун агаараар хуу үлээнэ. Тэр байтугай адуу зоогдсон өндөр цасыг  юу ч үгүй үлээх  хүчин чадалтай. Цас зуд нүүрлэж байгалийн гамшиг тохиосон газарт бэлчээрийн талбай хүртэл гаргаж болно. Цас их орохоор завханы загастайн даваа, Архангайн Цагаан даваа,  Эрдэнэтийн Хөшөөтийн даваа хаагдчихдаг шүү дээ. Хүний хөдөлгөөн ихтэй эдгээр даваануудад дээрх техникийг аваачиж зам гаргах бүрэн боломжтой. Гэвч ашиглалтын зардал нь их гээд ажиллуулахгүй хадгалсаар байгаа юм. “ТМС-65” машин дээр суурилуулсан “ВКА1А” тийрэлтэт хөдөлгүүрийг хөөрөлтийн их горим дээр нь ажиллуулахад нэг цагт 900 л “ТС” нисэх онгоцны шатахуун зарцуулдаг. Өндөр зардалтай гээд сул зогсоож байгаад ашиглалтгүй нэрийдлээр актлуулж хувьдаа авах гэж тодорхой хүмүүс завдаж байсныг нь миний бие таслан зогсоож байсан ч удаатай.

-Ямар учраас хувьчилж болохгүй гэж. агуулахад зэвэрч байхаар хувийн хэвшилд өгчихвөл илүү үр ашигтай юм биш үү. Энэ техникүүдийг өөр юунд ашиглаж болох вэ?

-Дээр хэлсэнчлэн эдгээр “ТМС-65” машинуудыг гэнэтийн их хэмжээний цас орж хөдөө орон нутгийн зам харгуй, уул даваа цас мөсөнд хаагдаж ердийн багаж техник, хүн хүч арилгаж дийлэхгүй хүчин мөхөстөх газарт ашиглаж болно. зөвлөлтийн “Урал” машин гэдэг бол их хэмжээний цас, мөс, намаг шавар устай бартаа саадтай газар туршигдсан, туулах чадвар асар өндөр. Гагцхүү тийрэлтэт хөдөлгүүрийг ажиллуулахад шаардагдах өчүүхэн хэмжээний шатахуун “ТС” (керосин)-ыг нь нийгмийн хариуцлагын хүрээнд нисэхийн компаниуд, нисэх онгоцны “ТС” шатахуун имфортлогч аж ахуйн нэгжүүд зохих хувиар хариуцах зэргээр шийдэж болно. Тэгэхээр “ТМС-65” автомашиныг ажиллуулдаг нарийн мэргэжлийн инженер, оператор, техникчдэд илүү цагийн ажлын хөлс, урамшуулал олгож, техник үйлчилгээг тогтмол хийлгэн асааж, ажиллуулж байнгын бэлэн байдалд төрийн өмчид байлгах шаардлагатай. Жишээлбэл, зүүн бүсийн автозам үе, үе цасанд хаагддаг. Тэр үед нь Дорнодын нисэх буудлаас, мөн баруун бүс болон Хангайн бүсийн зам даваа хаагдаж онц байдал тогтоосон үед Мөрөн нисэх буудлаас энэ “ТМС-65” машиныг дайчлан гаргуулдаг байж болно. Энд зөвхөн төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, удирдлагуудын эх оронч сэтгэл зүтгэл байхад л шийдэж болох зохион байгуулалтын асуудал байгаа юм.

-Та энэ бүхнийг сайн мэддэг мэргэжлийн хүний нэг байж саяын газ дэлбэрсэн ослын үед яагаад дээрх техник хэрэгслүүдийг хэлээд гаргуулж болоогүй юм бэ?

-Надад тийм эрх мэдэл байхгүй л дээ. Тэгээд ч би шинэ он гарахын өмнөхөн орон тооны цомхотголоор ажлаас халагдсан. Ажилгүй яваа хүний үгийг хэн сонсох билээ. Би ажил албан тушаалтай байхдаа энэ мэт санал санаачилга гарган эрх бүхий хүмүүст хэлж зөвлөж л байлаа. Тухайлбал, би 2017 онд “ТМС-65” машинуудыг хөдөө орон нутгаас татан авч ирж техник үйлчилгээг нь хийлгээд өвөл хотын утаа агаарын бохирдол өндөр үед Баянхошуу, Дэнжийн 1000, зурагт, 100 айл, Долоон буудал гэх мэт тодорхой нэг байрлалд энэ машинуудаа нэгэн зэрэг ажиллуулж зохиомлоор салхи гарган бохирдсон агаарыг хөдөлгөөнд оруулж угаарын хийг саармагжуулах боломж байна гээд хотын ерөнхий менежер Т.Гантөмөр гуайтай уулзаж байсан юм. Миний саналыг Т.Гантөмөр дарга сонирхон дэмжиж Ус цаг уур, орчны шинжилгээний газарт очиж тэдний супер компьютерт “ТМС-65” машины техникийн үзүүлэлтүүдийг оруулж тооцоолол хийлгэж үзэхэд хоёр км.хавтгай дөрвөлжин талбай газрын тогтмолжсон агаарыг хөдөлгөөнд оруулна гэсэн урьдчилсан тооцоо гаргаж өгч байсан. үүнийг үндэслээд нийслэлийн утааны бохирдол хэт ихэссэн нэг газрыг сонгож туршилт явуулах ёстой болсон. Гэвч манай дарга нар шатахууны зардал их гарна гэх мэтээр шалтаглан дэмжээгүй. Хүнд суртал гарган аргацаасаар хаврын сар гарч утаа ч арилсан даа. Ингээд миний сэдэж хөөцөлдсөн ажил тэгсгээд орхигдсон. Энэ ажилд нэг их зардал хөрөнгө ороод байхгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байх хугацаандаа гадаад улсад оргон зайлсан “Г” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.

Дээрх этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Автобус компанид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тохиолдолд 24 сарын цалингийн урамшуулал олгоно DNN.mn

Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо.

Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна.

Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргана. Түүнчлэн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгоод байна DNN.mn

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа.

-“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ?

-Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт өртсөн 207 дугаар байрны хийц бүтээц, ашиглаж болох эсэхэд эцэслэн дүгнэлт гаргах 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Гуравдугаар сард дүгнэлт эцэслэгдэн гарна. Тухайн барилгыг үргэлжлүүлэн ашиглаж болно гэсэн дүгнэлт гарвал сэргээн засварлаж эхлэх юм. Сэргээн засварлах ажил нь хэрэг хянан шийдвэрлэх үйл явцын нэг хэсэг болдог. Тиймээс тухайн ослыг хянан шийдвэрлэх явцад аль нэг этгээд буруутай болох нь тогтоогдвол нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулна. Даатгалд хамрагдсан тодорхой хэдэн орон сууцны засварыг даатгал нь хариуцна. Энэ хугацаанд 207 дугаар байрны 60 гаруй өрхийн 190 орчим иргэнийг түрээсийн орон сууцанд оруулах ажил үргэлжилж, түрээсийн төлбөрийг олгоод байна. Мөн ёмкость дэлбэрч, мөргөсөн 830 дугаар байрны 200 орчим айл өрхийн орон сууцны цонх хагарсныг засварласан. Тухайн барилгын хийц бүтээцэд мөн дүгнэлт гаргахаар үзлэг шалгалт хийж байгаа.

-Түрээсийн төлбөрт дунджаар хэдэн төгрөг олгож байгаа вэ?

-Иргэд түрээсийн байраа өөрсдөө олох юм. Нийслэлийн зүгээс төлбөрөө төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Энэ хүрээнд 1-3 өрөө, тавилгатай байр түрээслэх сарын 2,200,000-3,250,000 төгрөгийг энэ оны есдүгээр сарын 20-н хүртэл байхаар тооцон олгож байна. Гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

-Тухайн орон сууцны барилгуудыг цаашид ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал засварыг хэрхэн хийх вэ?

-Эцсийн дүгнэлт гарсны дараа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэгч компанийг шалгаруулж, гэрээ байгуулан, засварын ажлыг шуурхай гүйцэтгүүлнэ. Нийслэлийн харьяа инженер хангамжийн байгууллагууд ашиглах боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн дагуу тал талын оролцоотойгоор бүх мэргэжлийн байгууллага ажиллан, дүгнэлт гаргах ёстой.

-Цаашид энэ төрлийн аюул ослоос урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо шиг хүн амын нягтаршил, барилга ихтэй байршлуудад стандартын бус хашаа, хайсыг буулгах, орц, гарцыг нэмэгдүүлэх замаар гал команд, түргэн тусламж цаг алдалгүй ирэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс Баянзүрх дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд байгаа СӨХ, аж ахуйн нэгжүүдэд стандартын бус хашаа, хайсыг буулгах мэдэгдэл хүргүүлж байгаа. Хотын стандарт, барилгын норм дүрэм, хууль тогтоомжийг зөрчин, чанаргүй барилга ашиглалтад оруулж байгаа төрийн болон хувийн байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага, ашиглалтад орсных нь дараа хариуцах СӨХ-ны үүрэг зэргийг тодорхой болгох шаардлагатай байна. Нөгөө талаас иргэд ч мөн хариуцлагатай байж, худалдан авч буй байраа стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, дүгнэлтэд үндэслэх, орон сууцаа даатгуулах, СӨХ-дод шаардлага тавьж байх хэрэгтэй. Тал талдаа хариуцлагатай байх нь зүйтэй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн өдрүүдэд авто замын боомтууд ажиллахгүй DNN.mn

Цагаан сарын баяраар хилийн боомтуудын ажиллах хуваарийг хүргэж байна. Хуваарь ёсоор, Чингис хаан олон улсын нисэх буудал болон Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана.

Харин Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Гашуунсухайт зэрэг авто замын боомтууд 2024 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд түр хааж, 13-наас ажиллах хуваарь гарчээ.

Монгол Улсад нийт 39 боомт байгаагаас 28 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын зургаа, ОХУ-тай авто болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг байна.

Сар шинийн өдрүүдэд авто замын боомтууд ажиллахгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгаан барааны дэлгүүрээс хулгай хийсэн этгээдийг шуурхай илрүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Цахилгаан барааны дэлгүүрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалгалтыг шуурхай зохион байгуулж, сэжигтэй этгээдийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу зорчих үед нь баривчилж, уг этгээдээс хулгайн эд зүйл болох 25 ширхэг гар утас, 4 ширхэг зөөврийн компьютерыг эд мөрийн баримтаар түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ DNN.mn

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 15-аас эхэлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудаа морин уралдаанаа өөрчилж, хүссэн үедээ уралддаг болъё DNN.mn

Уяачид сар шинийн баяртай залгуулаад “Дүнжингарав-2024” хаврын морин уралдаан зохион байгуулах талаар зар түгээгээд эхлэв. Үүнийг эх оронч тэмцэгчид, жирийн иргэд жигтэйхэн их эсэргүүцэж байгаа харагдлаа. Тэд “Өвөл, хаврын үед морин уралдаан явуулахыг 2019 оноос хойш хориглодог болсон. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор тас хориглосон байгаа. Тиймээс “Дүнжингарав-2024” уралдааныг цуцлах ёстой” гэж мэдэгдсэн. Манай “Өдрийн сонин”-ы хувьд анхнаасаа насанд хүрээгүй хүүхдээр морь унуулдаг явдлыг эсэргүүцэж ирсэн. Томчууд хүүхдүүдээр морь унуулж зугаацан сэтгэлийн ташаал авч байгааг олонтаа хөндөж, шүүмжилж тавьдаг. Бид хурдан морины уралдааныг эсэргүүцээгүй. Гагцхүү унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж бичдэг. Өнөө цагт хурдан морины эзэн, унаач хүүхэд хоёрын харилцааг харахаар яг л феодалын нийгмийг санагдуулам. Ингэж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, морь уралдуулдаг ярга манайхаас өөр хаана ч байхгүй.

Хурдан морины уралдаан бол дэлхийд хамгийн их мөнгө эргэлддэг спорт болж хөгжсөн. Энэ уралдаан хамгийн олон хүнийг татаж чаддаг, дандаа чинээлэг баячууд оролцдогоороо онцлог. Дэлхийн морин уралдааны шагналын нийт сан бараг дөрвөн тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Морин уралдааны бүтэн жилийн нийт бооцооны дүн 100 гаруй тэрбум ам.доллар байдаг гэсэн. Мэргэжлийн бэлтгэгдсэн, хурдны морь унах тусгай эрх бүхий унаачтай. Тэр нь мэдээж насанд хүрсэн хүн байна. Судалгаанаас харахад мэргэжлийн унаачийн жилийн цалин 120 гаруй сая төгрөгтэй тэнцдэг юм билээ. Ерөнхийдөө морин спорт дэлхий дахинд хүчээ авсан. Ази тивийн хувьд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонгконг зэрэг орнууд арай хол тасраад байгаа. Морин уралдаан хөгжсөн улсын эдийн засагт морин спортын үр өгөөж асар их жин дардаг. Тухайлбал, АНУ-д энэ салбар 1.4 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Улсынх нь эдийн засагт тусч буй шууд нөлөө нь 40 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. Ингээд харахаар хурдан морины уралдаан нь улсдаа өндөр ашиг өгдөг спорт болж хөгжсөн байгаа биз. Харин Монголд эсрэгээрээ, хамгийн хөгийн спорт болчихсон. Төр нь юм болгонд оролцдог зангаараа бас л морин спортод эрх мэдлээ тамгалчихсан. Дээрээс нь мориноос насанд хүрээгүй хүүхэд унагаж хөнөөдөг. 1996 оноос хойш өнөөг хүртэл 50 гаруй хүүхэд хурдан мориноос унаж нас барсан харамсалтай тоо яригддаг. Дэлхийн топ спортыг Монголд төр засаг нь хориглоод, ялтай шийтгэлтэй болгочихсон. Манайхан дэлхийн топ спортыг ийм л юм болгоод удлаа. Яагаад дэлхийд үр өгөөжөө өгөөд хөгжөөд байгаа зүйлс манайд яг энэ морин спорт шиг уруудаж доройтож улны зүйлс болдог юм бол гэж гайхаш тасрахаар. Уг нь үүнээс гарах зам бий шүү дээ. Үнэндээ төрд гарсан хөрөнгө мөнгөтэй улсууд өөрсдийнхөө хүсэл сонирхлыг тэргүүнд тавьж, унаач хүүхдүүдийн амийг юман чинээ бодохгүй байгаа болохоор хурдан морины уралдааныг спортын түвшинд хөгжүүлэхгүй байгаа юм. Тэд “Өнө эртнээс улбаатай хурдан морины уралдаан бол Монголын том өв соёл. Тийм болохоор энэ уламжлалаа үгүй хийж болохгүй” гэсэн халхавч дор төрийн наадамд хурдан морио цоллуулж, өөрийнхөө нэрийг мандуулах туйлын хүсэлтэй.

Одоо хэдүүлээ морин уралдаанаа өөрчлөх хэрэгтэй байна. Хамгийн эхлээд морь малаа эрлийзжүүлж бие хааг нь том болгоё. Сэрвээний өндөр үзэж, эрлийз морь байна гээд хасч хориглох биш, уралдуулдаг байя. Ингэсний дараа амьтны нялх үрсийг биш 16-гаас дээш насны хүнээр морь унуулдаг болгомоор байна. Дэлхийн морин спортын унаачид нь нас биед хүрсэн хэрнээ туранхай, жижигхэн биетэй, авсаархан улсууд харагддаг. Яваандаа унаачгүй морь уралддаг болж ч мэднэ. Арабууд хурдан тэмээгээ тохой хэртэй хэмжээтэй роботоор унуулдаг болчихсон байна шүү дээ. Бас манайхан хурдан морио уралдуулахдаа бараа нь үл харагдах газраас тавьдаг. Тэр олон морьд ухаан жолоогүй тоос манаргасаар 30-аад км газрыг бахардаж унатлаа туулна. Ихэнх нь замынхаа талдаа ч оролгүй тамир нь суучихдаг. Унаач хүүхэд нь морьтойгоо усан хулгана шиг болоод хөлс, шороотойгоо холилдоод шогшоод ирж байгааг харах тийм сайхан байдаг юм уу. Тэгэхээр хурдан морины уралдааныхаа зайгаа багасгая. Ер нь их насны морь уралдах зай 15 км байхад л хангалттай юм биш үү. Ингээд бичингүүт “Монгол морины тэсвэр байхгүй болно” гэцгээх байх. Өнөө цагт монгол морины тэсвэртэй байх ямар ч хэрэггүй болчихсон. Магадгүй 13 дугаар зуун байсан бол өөр л дөө. Монголчууд дэлхийд

ноёрхож байхдаа хүлэг морьдынхоо шандсаар л ялалтад хүрч байсан. Харин өнөө үед монгол адуу стратегийн амьтан биш шүү. Ийм болоод

300 жилийг үдсэн байна. Моторт хөлөг, буу шийдэм гараагүй байхад морь бол яалт ч үгүй стратегийн унаа байсан нь үнэн. Үүнийг манай төр зориуд мэдэхгүй байна гэж байх уу. Эсвэл мэдээгүй царайлж худлаа жүжиглэдэг юм уу. Ингэж тэнэглэж байдгаа болиод олон юмнаас татгалзмаар байна. Үүний нэг нь адууг стратегийн хамгаалал гэж боддог явдал. Төрийн тэргүүнээсээ өгсүүлээд жирийн хөдөлгөөний удирдагч нь хүртэл “Адуу бол стратегийн амьтан” гэж ирээд л шүтэх юм. Стратегийн унаа гэдэг чинь явж, явж дайны унаа, бас дайснаасаа зугтах хөсөг гэсэн үг байлгүй дээ. Одоо адуу унаад дайнд явна гэж бодоход ч ичмээр биз дээ. Бас нэг зүйл хурдан морьдынхоо давхих зайг хоёр дахин багасгаад 15-18 км болгох нь зөв. Тэгээд морь унаачаа 16-аас дээш насны иргэн болгож томруулаад тойруулгын зарчмаар уралддаг болбол аль морь нь яаж давхиж байгааг ард түмэн үзмээр л байна шүү дээ. Өөрийнхөө дэмжиж байгаа адуундаа бооцоо тавьдаг болж, дэлхийн жишигт аваачвал морин спорт жинхэнэ утгаараа хөгжиж чадна. Төр засаг зүгээр л хууль дүрмээ гаргаад өгчих л дөө.

Хөдөө очоод захын малчин айлд ороход “Төдөн хувийн цус орсон тэдэн хувьтай адуу” гээд л ярих юм билээ. Энэ нь эрлийз болж байгаа адуугаа л ярьж байгаа хэрэг юм. “Сая улсад уралдаад түрүүлдэг тэр үрээ 50 хувьтай. Сумын наадамд айрагддаг хонгор даага 75-тай” гэх маягаар хуучилцгаадгийг сонсож л байсан байх. Үнэхээр эрлийз адууны хувьд хэмжээг яаж тогтоодгийг нь бид мэдэхгүй. Хар ухаанаар бодоход монгол гүү, цэвэр англи, араб азарга хоёрын дундаас гарсан төлийг 50 хувийн цустай гэж тооцоод байх шиг. Хэрэв цэвэр англи гүү, 50 хувьтай азарга хоёрын дундаас гарсан унагыг 75 хувьтай гэж үздэг бололтой юм. Үүнийг биологийн ухаандаа яаж ч тогтоодгийг бид үнэндээ мэдэхгүй. Манай уяачдын л гаргаж ирсэн томьёо юм шиг байгаа. Монголд эрлийзгүй адуу гэж байдаггүй байгаа биз. Гэтэл манайхан сэрвээний өндөр хэмжинэ гэж нэг хачин юм бас зохиочихсон. Энэ дүрэм мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн адуунд үйлчилдэггүй. Хэмжээндээ багтахгүй байсан ч гэсэн уралддаг. Тэгэхээр нуруу сээр хэмжихээ болих хэрэгтэй. Зүгээр сайхан том биетэй эрлийз адуугаа насанд хүрсэн хүнээр унуулсан нь шулуухан. Дээр нь унаач хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигддөг гол харлам мэдээ өчнөөн дуулддаг. Хүүхдээр олон жил морь унуулахын тулд өсөлтийг нь зогсооход нөлөөлөгч тариа хийдэг л гэнэ. Хүүхдэд хоол өгөхгүй, өлсгөлөн байлгаж байгаад мордуулж байна ч гэх шиг. Энэ бүхнээс зайлсхийх шийдэл нь дээр хэлсэнчлэн 16-аас дээш насны хүнээр морь унуулж, морио чөлөөтэй уралдуулдаг болох. Яагаад гэвэл хөдөө нутагт залуучуудыг тогтоон барьж байгаа зүйл нь хурдан морь болчихсон нь худлаа биш. Тэд морио уяж, хурдлуулж баясч байна шүү дээ. Тэгвэл энэ хэдийгээ зугаатай байлгая л даа.

М.МӨНХЦЭЦЭГ