Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ манай эдийн засгийг тодорхойлно DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Монгол Улс зах зээлд шилжээд 30 гаруй жил боллоо. Өнгөрсөн хугацааны эдийн засгийн ололттой болон сул талуудыг товчхон дүгнэхгүй юу?

-1991 онд Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн юм. 1993 онд шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулснаар өнөөгийн санхүүгийн тогтолцооны суурийг тавьсан. Хөрөнгийн зах зээл үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дэлхийн Банкны “ядуу буурай орны” ангиллаас, өндөр-дунд орлоготой орны тоонд багтсан гээд дурдвал эерэг жишээ олон. Гэвч хамгийн чухал нь түүхэн богино хугацаанд Монгол Улсын эдийн засаг, социализмын үеийн зогсонги байдал, шилжилтийн үеийн гүн хямрал, уналтаас бүрэн гарч чаджээ. Хэдийгээр хэд хэдэн удаа томоохон хямралтай нүүр тулсан боловч манай улсын эдийн засаг ойрын ирээдүйд аажимдаа тэлж, өснө гэсэн ерөнхий дүгнэлт хийж болохоор байна.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ямар эерэг өөрчлөлт гарав?

-Нийслэлийн гудамжинд багтахаа байсан машин тэрэг, тохилог орон байр, лангуу дүүрэн супермаркетууд, эдэлж хэрэглэж дадсан чамин тансаг хэрэглээ зэргийг дурдаж болох ч, энэ нь учир дутагдалтай. Харин дэлхийн улс орнууд ДНБ хэмжээ, гадаад худалдаа, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгаагаар харьцуулж дүгнэлт хийдэг.

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1991 онд 364 ам.доллар байсан бол өнгөрсөн жил 5000 ам.доллар давлаа. Эдийн засгийн өсөлтийн бас нэг хэмжүүр нь ДНБ байдаг. 2022 оны статистикээр Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 53 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 1990 онд ДНБ 788 сая ам.доллар байсан бол өдгөө 17 тэрбумыг давжээ. Гадаад худалдааны эргэлт 1990 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 24.4 тэрбум болж хэд дахин өсчээ. Төсвийн орлого 6.5 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 25 их наяд төгрөгөөр яригдаж байна. Эдийн засгийг тодорхойлох макро үзүүлэлтүүд ийнхүү суга өссөн ажээ. Гэхдээ энэ бүхэн манай орны хувьд өөрийн бүх боломж, дотоод нөөц баялгаа бүрэн ашиглаж чадсан гэсэн үг огт биш. Иргэдийн асар их хүлээлт, итгэл найдварт бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй байна.

Туулж өнгөрүүлсэн богино хугацааны түүхээс харахад, эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй, манай орны хөгжил дэвшил шулуун шугам, өндөр хурдаар явсангүй. Монголын эдийн засагт цаашид ч өөдлөх-уруудах, тэлэх-хямрах мөчлөгүүд тулгарах нь гарцаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа тохиож байсан эдийн засаг, санхүүгийн гүн хямралд гадаад хүчин зүйл хүчтэй нөлөөлж байсан нь үнэн. Байгалийн асар их баялгаа зарж байгаа боловч тэр нь өрх гэрийн амьдралд огт орсонгүй. Нэн ядуу иргэдийн тоо ч өндөр хэвээр байна.

-Ингэхэд бид ардчилсан чөлөөт эдийн засгийн зарчмаар явж ирж чадав уу?

-Харамсалтай нь чадсангүй. Улсын төсөв ДНБ-хээ 40 орчим хувийг эзэлдэг. Манай дэд бүтцийн дулаан, цахилгаан, эрчим хүчний салбар бүгд улсын мэдлийнх. Санхүүгийн салбарт Төрийн банк, Хөгжлийн банк бий. Экспортын үндсэн тээвэр хийх төмөр зам улсын мэдэлд байна. Хөрөнгийн бирж дийлэнх хувь төрийн өмч. Өнөөдөр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнес хийгээд зогсохгүй тэднээс бүх талаараа давуу эрхтэй, давуу боломжтой. Монголын төр компани ажиллуулж, хувийн хэвшлийнхээ орон зайг булааж тэдэнтэй өрсөлдөж байна. Нийт төрийн өмчит 108 компани, тэдгээрийн охин болон хараат 170 аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит 275 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны байдлаар Дэлхийн банкны гаргасан судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг “тэг” хувь гэж үнэлсэн. Ашигт ажиллагаа ердөө 5.9 хувь байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт” ТӨҮГ-аас бусад нь ерөнхий дүнгээрээ дөрвөн хувийн алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл, маш олон алдагдалтай компаниудыг төр ажиллуулж байна. Манайд төрийн өмчийн хэмжээ маш данхар байгаа. Төр сайн менежер байх хэцүү. Эдийн засгийн хуулиараа боломжгүй зүйл. Төрийн өмч аль болох бага байх ёстой.

-Улс төрийн намууд талцаж байгаад эдийн засгийг унагаж ирсэн шүү дээ. Намууд улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч нэгдэж ажиллах ёстой баймаар. Гэвч намынхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байх шиг харагдах юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Намууд талцахаас илүүтэй, манай улсын амин судас болсон “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” болон бусад ТӨК-ын удирдлагад, ТУЗ-д мэргэжлийн хүмүүс байдаггүй. ТУЗ-д төрийн яамдын хэлтэс, газрын дарга нар очдог. Тэр утгаараа тухайн хүн хэн нэгэн даргын цүнх баригч байна уу гэхээс бизнесийн туршлага, мэдлэг, боловсролтой нэгэн байдаггүй. Ингээд төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа асуудал бол өндөр дүнтэй гэрээ, хэлцэл. Үүний цаана маш том авлига, хулгай үүсэх нөхцөл бүрдчихсэн. Ийм буруу системийг нураалгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй.

-Өнөө жилийн эдийн засаг ямар байх бол. Ковидоос хойш манай улсын эдийн засаг огцом өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн онд 6.8 хувиар өссөн эдийн засаг өнөө жил долоон хувиар тэлнэ гэсэн төсөөллөөр улсын төсвөө баталсан. Эдийн засгаа тэлэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Аливаа улсын төсөвт дөрвөн дүрэм буюу тусгай шалгуур үзүүлэлтийг мөрдөх ёстой байдаг. Манай улсад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа тодорхой заасан хэдий ч огт мөрдөж байсангүй. Төсвийн дээрх дөрвөн дүрмийг ихэвчлэн улс төрийн хүчнүүдийн эвслийн үр дүнд эсвэл эдийн засгийн томоохон хямралын дараа улсын санхүүг хатуу хянах зорилгоор баталж ирсэн. 2000-аад оны эхэн үеэс хөгжиж буй зах зээл болон бага орлоготой орнуудад ийм тусгай хязгаарлалтуудыг хуулиндаа оруулах давалгаа өрнөсөн. Хөгжиж буй орнуудын хувьд хямралын дараа төсвийн зохицуулалт хийх, шинэчлэлийн ололтыг баталгаажуулах, байгалийн баялгийн үнийн савалгаанаас шалтгаалсан зарлагын хэт өсөлтөөс зайлсхийх зорилгоор дээрх дүрмийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид нар олсон хэрээрээ дураараа зарцуулж улс орныхоо хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн. Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, хэт данхар төсөв баталж, халамжаа хамаагүй нэмж, гадаад зээлд дулдуйдаж байгаа тохиолдолд хичнээн байгалийн баялгаа зараад ч нэмэргүй юм байна гэдгийг ойлговол ойлгох цаг ирсэн баймаар юм.

-Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрчлээ. Цаашид 10 тэрбум ам.долларт хүргэх боломж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолж байсан. Үүнд хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Энэ үзүүлэлт бол гайхуулах статистик биш. Монгол банк Хятадын Ардын Банкнаас авсан хоёр тэрбум ам.долларын свопоо эхлээд  төлөх учиртай. Арваад жил луу унжиж сунгасаар ирлээ. Одоо төлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс таван тэрбумд валютын нөөц хүрлээ гэдэг бас тийм бодитой тоо биш шүү.

-Өнөө жил бид 60 сая тн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Мөн боомтуудын сэргэлтийн хүрээнд Монгол Улсад орж ирэх орлогыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа бараг 70 сая тн нүүрс экспортолж зөвхөн нүүрснээс есөн тэрбум ам.доллар олсон. Өнөө жил энэ хэмжээндээ барьж чадвал гадаад өрөө үе шаттай төлөх цаг болсон. Боомтын сэргэлт энэ тэрийг мэдэхгүй. Ч. Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа 2018 оноос хойш “боомтын сэргэлт” гэж багагүй мөнгө төсөвт суулгаж байсныг санаж байна. Одоо бид Хойд Солонгос шиг элдэв уриа лоозонгоо болиод бодит ажлаа хийх цаг ирсэн дээ, уг нь.

-Шинэ оны босгон дээр манай улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарласан. Энэ нь эдийн засагт ямар эерэг үзүүлэлтийг авчрах вэ?

-Гадаад өрийн удирдлагын тухай хуульд Монголбанк, ҮСХ, Сангийн яам Монгол улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээг нийтэд ил тодоор мэдээлэх үүрэгтэй. Дээрх байгууллагын сайтаас ороод өр хасагдсан байна уу, үгүй юу гэдгийг мэдэх бүрэн боломжтой. Миний пэйж хуудас, твитерт ч маш тодорхой тайлбарласан тайлбар бий. Манай улсын ойрын ирээдүйд гадаад өрийн нэн хүнд асуудалтай тулгарна. Өр тодорхой хэмжээнд төлж байгаа боловч түүнээсээ их гадаад өрийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа. 3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 17 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөөгийн эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Ер нь улсын нийт өрийг нэг хүнд оноож тооцдог тооцолол байдаггүй. Гэвч эрх баригч хүчин энэ алдааг засна хэмээн гарч ирсэн ч энэ үзүүлэлт өнөөдөр аль хэдийн 34 сая төгрөг хол давжээ. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 2018 онд босгосон 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, төрийн өмчит бусад компаниудын өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувь давна. Өнгөрсөн онуудад Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсан. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдсэн. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Иймээс ч УИХ-ын дарга Г. Занданшатар Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдлыг уулын уруу өнхөрч, өнхрөх тусмаа томорч буй цасан бөмбөлөгтэй зүйрлэж хэлсэн нь тун оновчтой дүгнэлт болсон юм.

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг эрчимжүүлэх талаар ямар бодлогууд баримтлах вэ?

-Манай намаас ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Миний хувьд байгалийн баялгийн хуваарилалтыг нийт иргэдээрээ дамжуулж хийх ёстой гэж үздэг. Өнгөрсөн 30 жилд УИХ-аар дамжуулж хийсээр ирсэн. Энэ нь юунд хүргэснийг бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Сонгуулийн жил гэдэг утгаараа 2024 онд эдийн засгийн эерэг болон сөрөг тал юу байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, БНХАУ-ын өсөлтийн төлөв удаашрах хандлага ирэх жилүүдэд үргэлжлэхээр байна. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас шалтгаалан олон улсын зах зээлд металлын үнэ буурах эрсдэл нэмэгдсэн. Холбооны Нөөцийн сан Европын төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Орос, Украйны дайн сунжирлаа. Оросод шатахууны үнэ өсөж байна. Иймд гадаад нөхцөл байдал сайнгүй байна. Бидний дотооддоо хэрэгжүүлж буй бодлого сонгуультай давхцан бэлэн мөнгө тараах чиглэлд галзуурч байна. Иймээс ямар ч байсан инфляц өснө. Үнэ өндөр түвшинд хадгалагдана. Валютын ханш нүүрсний борлуулалт өнгөрсөн жилийнх шиг байж чадах эсэхээс шалтгаална. Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ ханш манай эдийн засгийг тодорхойлно. Бид уул уурхайгаас улам бүр хараат болсоор байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Цагаан сараар ажлын таван өдөр амардаг болвол амьдралд арай ойр байх болов уу DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-Цагаан сарын амралтын өдрийг уртасгах тухай асуудал сая хүчтэй босч ирлээ. Та олон нийтийн саналыг дэмжинэ гэдгээ цахим хуудастаа мэдэгдсэн. Уртасгавал хэдэн хоногоор уртасгах боломж байгаа вэ?

-Амьдралд хууль нийцэж байгаа эсэх нь их чухал. Битүүний өдөр монголчууд ажлаа хийдэг үү, үгүй юу? Хийдэг нэртэй байгууллагууд боломжоороо ажилчдаа эрт тараадаг. Шинийн дөрвөн, таванд ажил хийдэг үү, үгүй юу гээд бодвол бүтээмжгүй байдаг. Хоёрдугаарт, үндэсний өв соёлыг дэлгэрүүлэх, хамгаалж үлдэх нь чухал. Цагаан сар, үндэсний их баяр наадам монголчуудад яагаад чухал вэ гэхээр үндэсний дархлаагаа баталгаажуулдаг. Монгол гэрт орж үзээгүй байранд өссөн хүүхдүүд байна. Монголоор сайхан мэнд ус ч асууж мэддэггүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс бид хойч үеийнхэндээ ингэж золгодог. Босго дээр гишгэж болдоггүй гэхчилэнгээр монгол уламжиллаа баяр наадмын өдрүүдээр л зааж өгч байгаа шүү дээ. Тиймээс улсын баяр наадам, цагаан сард онцгой ач холбогдол өгч, тэр талаас нь харж шийдвэрээ гаргавал зөв юм болов уу гэж бодсон. Манай ээж аав хоёр өндөр настай хүмүүс бий. Өдөрт 100-аад хүн ирж золгосон. Бид ээлжээр очиж тусалж байгаа юм. Цагаан сарын гурван өдрийн золголтын дараа хүмүүс маш их ядарч байна. Хууль гэдэг бол амьдрал дээр байгаа зүйлийг цаасан дээр буулгадаг. Тиймээс хүмүүсийг ажлаа, төлөвлөлтөө хийх боломжийг эрх зүйн хүрээнд олгох ёстой.

Цагаан сарын бэлтгэлд их хугацаа шаардагддаг. Дотоодын эдийн засгийн идэвхжил тэр хэрээр бий болдог. Жижиглэн, хүнсний худалдаа дагаж өсдөг. Гэтэл олон нийт ойлгохдоо амрахаар хамаг юм зогсдог гэж ойлгодог. Дотоодын эдийн засгийн идэвхжил, борлуулалтыг нэмэгдүүлдэг. Баяр наадмын үе нэгдүгээрт дотоодын худалдааг идэвхжүүлдэг. Хоёрдугаарт, тодорхой хэмжээнд стрессийг тайлдаг. Энэ жилийн цагаан сар хагас, бүтэн сайн өдрөөр таарсан. Орон нутаг руу явсан хүмүүс ирэх, очихдоо их түгжирлээ шүү дээ. Тиймээс үүнийг засаж, магадгүй ажлын таван өдөр амардаг болгож битүүний өдрийг амралтын өдөр болговол амьдралд арай ойр байх болов уу гэж бодсон.

-Эдийн засгийн утгаараа ч өгөөжтэй юм байна шүү дээ?

-Жижиг дунд үйлдвэрлэл болон үндэсний үйлдвэрлэлийг ихээр дэмждэг.

Цаг хугацаа явах тусам үндэсний брэндүүдийг бэлгэнд өгдөг болж. Трэнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэрлэлийг бодитой дэмждэг баяруудын нэг нь цагаан сар. Хоёрдугаарт, цаашдаа цагаан сарын урт хугацааны амралтыг өвлийн аялал жуулчлалыг дэмжих боломжтой. Магадгүй цагаан сарын барилдааныг хоёр, гурван өдрийн барилдаан болгодог. Томхон зааланд барилдуулдаг. Өвлийн морины уралдаанд хүүхэд биш, том хүнээр унуулж уралдааныг явуулдаг зэргээр өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс мөсөн уул бариад аялал жуулчлал нэмэгдэхгүй. Монголын өв соёл, онцлогийг харах гэж л жуулчид ирнэ. Орон нутагт хэрхэн яаж цагаан сар хийдэг. Хэрхэн золгодог. Энэ бүх суурь, бүтэц нь бэлэн бий. Тиймээс зохицуулалтыг нь хийгээд дэмжхэд аялал жуулчлалын том эвент болох боломжтой.

-Та үүнийг хууль болгож өргөн барих уу?

-Хоёр хувилбар бодож байна. Багтайгаа зөвлөлдөнө. Хамгийн хурдан нь D-Parliament руу оруулж иргэдийн саналыг авах нэг хувилбар байна. Хэрвээ 30-аас дээш мянган хүний саналаар дэмжигдвэл УИХ-ын Тамгын газарт ажлын хэсэг байгуулагдаж хууль боловсруулж эхэлнэ. Хоёрдугаарх хувилбар нь УИХ-ын гишүүн хуулийн төсөл өргөн барих. Энэ нь хуулийн төслөө бичиж, судалгаа хийгээд түүндээ үндэслэж Засгийн газраас санал авна. Ингэж явахаар хугацаа их орох магадлалтай. Тиймээс хугацаануудаа харьцуулж үзээд арай хурдтай явах боломжийг нь харж байж шийднэ. Хэрвээ D-Parlia­ment дээр санал авна гэвэл хоёрдугаар сарын сүүлээр байршуулж, чуулган эхэлтэл иргэдийн саналыг авна.

-Тантай ярилцах дараагийн сэдэв энэ УИХ-ын үйл ажиллагаа. Шинэ залуу туршлагагүй хэмээх шүүмжлэл таны сууж байгаа парламентад их ирсэн. Та ер нь энэ намрын чуулганаар УИХ хэр ажилласан гэж бодож байна?

-Шинэ залуу гишүүд олноор нэмэгдсэнээр энэ парламентын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тогтолцооны өөрчлөлт хийж чадсан. 24 жилийн хугацаанд хийж чадаагүй өөрчлөлтийг хийж чадсан. Нэг ёсондоо дараагийн сонгуулиар би гарах гарахгүйгээр үл хамааран улс эх орныхоо төлөө шийдвэр гаргаж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй болов уу гэж бодож байна. Өмнөх үеэ үгүйсгэмээргүй байна. Гэхдээ энэ удаагийн парламент хувь хүнийг бодсон шийдвэр гаргаагүй.

Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн концепциор тойргуудаа хуваарилсан. Жалга, сум дагасан соёлын төв, конторын барилга зэрэг зүйл улсын төсөвт нэг их орж ирэхгүй болов уу гэж бодож байна. Магадгүй төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийдэг зарчим руу шилжих байх. Хүн ам цөөтэй суманд хүчин чадал нь ахадсан сургууль, цэцэрлэг барихаа болих болов уу гэж бодож байна. Бусдыг нь ярилгүй орхиход энэ хоёр том өөрчлөлт нь урагшаагаа харсан том алхам болсон. Үүнийг өмнөх парламентууд ярьдаг байсан ч хийж чаддаггүй.

Авлига албан тушаалын асуудал өмнөх цаг үеийн асуудлуудтай холбоотойгоор илүү гаргаж ирсэн. Угаасаа ч хэзээ нэгэн цагт задрах л байсан байх. Ковидын хоёр жилийн хугацаанд эдийн засаг уналттай байсан үе. Ер нь уналтад орохоор иймэрхүү асуудлууд задардаг. Энэ бол дэлхийн бүх л улсад байдаг. Хямралтай нүүр тулж байж л эмчилгээ хийдэг. Тийм хямрал гараагүй бол ийм эмчилгээ хийгдэхгүй байх байсан. Тийм том хэмжээний эдийн засгийн уналтад орж байж, том хэмжээний хямралыг үзэж байж болохгүй байгаа зүйлсийг эмчилж эхэлж байна гэсэн үг. Мэс засал, эмчилгээ гоё сайхан байдаггүй. Үргэлжид ямар нэгэн байдлаар зовуурьтай хийгддэг. Зовуурь өгөөд байгаа өвчнийг, хавдрыг авч хаяж байж л эрүүл болно. Түүнээс хавдраа нуучихаад яваад байвал эрүүл болохгүй.

Авлигын индексээр унасан байна гэсэн. Тэр асуудал ил болсноор авлигын индекс унасан нь үнэн. Гэхдээ энэ асуудал цаашид гарахгүй байхаар эрх зүйн орчноо засаж чадлаа. УИХ-ын сонсголыг хоёр ч удаа хийлээ. Цаашдаа хүмүүст ийм асуудалд орооцолдож болохгүй юм байна гэсэн том сургамж боллоо. Өөрөөр хэлбэл, хатуу зарчим болж эхэлж байна гэсэн үг. Иргэд ч илүү хэрсүү болж байна гэсэн үг. Төр бизнес хийж болохгүй юм байна. Төрийн өмчит компаниуд нэмэгдэхээр хулгай бий болдог юм байна. Төрийн өмчит олон компани байж болохгүй юм байна гэдгийг бүгдээрээ л ойлголоо. Энэ бол цаашдаа илүү өсөх, хөгжих том үндэс болсон болов уу гэж бодож байна. Би УИХ-д нэг удаа сонгогдсон. Өмнөх болоод одоогийн парламентын шүүмжлэлтэй хандах зүйлдээ хандаж ирсэн. Гэхдээ энэ удаагийн парламент том асуудлуудыг шийдэж чадсан парламент гэж харж байгаа.

-Аймгуудын эдийн засгийн таталцал дээр суурилсан бүсчилсэн хөгжлийг бий болгож чадсан уу. Та юу гэж харж байна?

-Бүсчилсэн тойргоор сонгууль явсны дараа хүн амыг дагасан томоохон хотууд бий болох, дэд бүтэц, ажлын байрыг бий болгох үндэс тавигдах болов уу гэж бодож байна. Учир нь төсөв гэдэг дандаа хязгаартай байдаг. Хязгаартай эх үүсвэрийг соёлын төв, барилга байгууламж болгож жалганд аваачиж хаяад байхаар улс хөгжихгүй. Бүсчилж хөгжихөөр хөрөнгө оруулалт илүү сайн эрэмбэлэгддэг болно. Мөн пропорционалиар орж ирсэн УИХ-ын гишүүд хяналтаа давхар тавина. Тиймээс хөрөнгө оруулалтын эрэмбэ нэгдүгээрт, улс эх орон. Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалт хийгддэг болно. Ингэж хөрөнгө оруулалтын эрэмбэ өөрчлөгдөж, хөгжил рүү чиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та эдийн засагч хүн. Тиймээс сонгуулийн дараа ер нь Монголыг эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байна гэж харж байна?

-Бид энэ цаг хугацааг хэрэлдэж биш, ашиглаж явах цаг үе ирсэн. Хөрөнгө оруулалтын хуулийг зөв зохистой хийсэн бол ямар боломжууд байна вэ гэхээр манай хойд хөршийн буюу 100 гаруй сая хүн амтай зах зээлийг ашиглах алтан боломж, алтан үе. Ингэж хэлж байгаа учир нь төв Азид байгаа бусад хөршүүдийн ОХУ-аас орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь 3-5 дахин нэмэгдсэн. ОХУ руу гарч байгаа экспорт нь 5-10 дахин нэмэгдсэн. Хатуухан хэлэхэд бид сүүлийн 34 жил хоригт байсан. Бидэнд ийм алтан боломж одоо л олдож байна. Одоо л Засгийн газар чөлөөт худалдааны хэлэлцээр, ямар бараан дээр тарифгүй, ямар бараан дээр бага тарифтай байх вэ гэдэг хэлэлцээрийг ОХУ-ын талтай хийж байна. Энэ цаг хугацааг бид ашиглах хэрэгтэй. Бидэнд зөвхөн БНХАУ биш хоёр том зах зээл байна. Бид Хятадын зах зээлийг л хараад байна. Гэтэл ОХУ бол дэлхийн 7, 8 дахь эдийн засаг хэвээрээ л байна шүү дээ. Тиймээс оросын зах зээлийг нээх, Сибирийн бүс нутаг зэрэг рүү бид бараа бүтээгдэхүүнээ экспортлох хэрэгтэй байна. Гэхдээ зөвхөн ноос ноолуур махаар хязгаарлагдахгүйгээр инновац шингэсэн бүтээгдэхүүн ч гаргах боломж байна. Тиймээс нэгдүгээрт энэ чиглэлээр ажилламаар байна.

Хоёрдугаарт, хятадын эдийн засгийн ойлгомжгүй байдлаас үүдэж зарим хүмүүс санаа зовниж байгаа зүйл бий. Бидний хувьд ч гэсэн бодож байх ёстой асуудлууд бий. Гэхдээ ойрын хугацаанд түгшүүрийн хэмжээнд хүрээгүй байгаа. Тиймээс ойрын хугацаанд манай эдийн засаг гайгүй байна. Эдийн засгийн өсөлт энэ жил хадгалагдах болов уу гэж горьдож байна. Бид цаг алдалгүй оросын талын зах зээлийг нээх, гадаадад сууж байгаа Элчин сайдын яамдыг ашиглаж илүү эдийн засаг, бизнесийг дэмжсэн байдлаар ажиллуулдаг болгох хэрэгтэй байна. Тухайн орноос эдийн засаг татсан хэмжээгээр нь худалдаа, экспорт хийсэн хэмжээгээр нь Элчин сайдын яамдад үнэлгээ өгдөг болох шаардлага байна. Ингэж байж бид урагшилна. Түүнээс зөвхөн улс төрийн харилцааг хадгалж үлдэх байдлаар Элчин сайдын яамдыг хадгалж үлдэх нь өрөөсгөл байгаа юм.

Тиймээс цаашид Элчин сайдын яамд эдийн засгийн ачаалал өгдөг, энэ чиглэлээр хийсэн ажлынх нь хэмжээгээр үнэлгээ өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж хувийн хэвшлийнхэн тийшээ очиход наад зах нь уулзалтуудыг зохион байгуулж өгөх хэрэгтэй. Саяхан би Казахстан яваад ирлээ. Казахстан улс Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдаа тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Монголоос тат. Худалдаагаа тийм хэмжээнд хүргэ гэж даалгавар өгсөн байгаа юм. Өгөх өгөхдөө энэ компаниудтай уулз. Ийм компаниудаас хөрөнгө оруулалт татахыг хичээж ажиллана шүү гээд чиглэлтэй нь, хөрөнгө оруулалтын хэмжээтэй нь заагаад үүрэг өгч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Элчин сайдын яамдууд нь манай орны зах зээлийн судалгааг нь ч хийж байна. Компаниудын хүчин чадлыг нь ч судалж байна. Ингэж Элчин сайдын яамдууддаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит даалгавруудыг өгч байна. Бид ийм байдал руу орох ёстой. Энэ бүс нутагт бид Казахстантай өрсөлдөх ёстой.

-Тоон үзүүлэлтээр манай эдийн засаг өссөн. Энэ өсөлтийг иргэд, өрийн бодит орлогод наалдуулахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Хүссэн хүсээгүй зах зээл цалингийн үнэлэмжийг өсгөхөөр харагдаж байна. Ажлын байр асар их хэмжээгээр бий болсон. Ажилтан олдохгүй байна гэж компаниуд их ярьдаг болж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цалингаа нэмж ажилтантай болно гэсэн үг. Гэхдээ бид хүний нөөцийнхөө чадамжийг сайжруулах ёстой болно. Чадамжийг сайжруулна гэдэг нь боловсролтой холбоотой гэсэн үг. Ингээд харахаар ноднин жил батлуулж чадсан англи хэлний заалт гэхэд монгол хүний үнэлэмжийг цалингийн илэрхийлэмжээр бодоход 50-60 хувиар өндөр цалин авах боломж яваандаа бий болно. Бүх юм хоорондоо уялдаатай л даа. Жаахан хугацаа орно. Гэхдээ энэ зүйлүүд зөв тал руугаа нэлээд сайн явж байна гэж харж байгаа. Том зургаар харвал боловсролын салбарт том алхам хийж чадсан. Өмнө нь улсын төсвийн есөн хувийг боловсролын салбарт зарцуулдаг байсан бол 14, 15 хувь руу орсон. Зөвхөн Баянгол дүүргээр харахад сургуулийн хүртээмжийг 100 хувь шийдэх хэмжээнд ирсэн. Дараа нь чанарын асуудал руу орно. Тооны ухаан, англи хэл, байгалийн ухааны плотфорумуудыг нэвтрүүлж байгаа. Тиймээс багш нараа чадавхжуулах, нэг багш 60 биш 30 хүүхэд дунд ажиллаад ирэхээр багш сурагчидтай тулж ажиллах боломжууд нээгдэнэ. Хими, физикийн лабораторитой төвийн сургууль их цөөхөн байна шүү дээ. Тиймээс байгалийн ухааны хичээлүүдийг сургуулиудад стандарт болгож лабораторитой болгох, цахимын лаборатори хамгийн сүүлийн үеийн код, программ бичих, хиймэл оюун ухааны хичээл ордог лабораториудыг бий болгож байж дараагийн үе шатанд очно. Тэрийг бий болготол хугацаа орно. Гэхдээ тийшээ алхам алхмаар ойртож чадах болов уу гэж харж байна. Мэдээж энэ бүгд мөнгөтэй л холбоотой.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 7, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 07:58 цагт мандаж, 18:15 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 1 хэм хүйтэн байна DNN.mn

02-р сарын 16-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар Фён салхины нөлөөгөөр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Эг, Үүр, Улз, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -7…-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -12…-17 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -14…-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сум сумынхаа малчдадаа хариу нэхсэн тус хүргэцгээе” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Цагаан сараар ажлын таван өдөр амардаг болвол амьдралд арай ойр байх болов уу” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж “Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ манай эдийн засгийг тодорхойлно” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сум сумынхаа малчдадаа хариу нэхсэн тус хүргэцгээе” хэмээн өгүүллээ.

УОК: Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтын хуваарьт зохицуулалт хийхийг үүрэг болголоо.

Мал зүйч Т.Зоригтбаатар “Түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна” хэмээн өгүүллээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“Парис-2024” олимпийн медалыг Эйффелийн цамхгийн төмөр ашиглан бүтээжээ DNN.mn

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны XXXIII Олимпийн наадам ирэх 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохиогдох билээ.

“Парис 2024” Олимпийн шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийн эх бүтээлийг зохион байгуулах хорооноос танилцууллаа.

Олон улсын олимпийн хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпийн наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаажээ. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Франц улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.
“Парис 2024” Олимп болон Паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх ба медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 г төмөр агуулах бөгөөд алтан медаль 529 г /цэвэр алт 6 г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийгдэх аж.

Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн Чаумет /Chaumet/ брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдол, мэдээллийг хянан шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 525 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 284 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 31 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар 1 материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 96.0 хувьтай байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Ehalamj.mn цахим сайтаар зохион байгуулна.

Түвшин тогтоох шалгалтаас нийт 4261 хүнийг сонгож авна.
• Нэгдүгээр ээлжийн шалгалт 2024.03.19-2024.04.23
• Хоёрдугаар ээлжийн шалгалт 2024.06.10-2024.06.28

• Гуравдугаар ээлжийн шалгалт 2024.07.24-2024.08.06

Categories
мэдээ нийгэм

Морин хуурын чуулгыг “Морин хуурын их найрал” болгон өргөжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгыг “Морин хуурын их найрал” болгон өргөжүүлэх тогтоол гаргалаа.

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймд

– Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх

– Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

– Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах

– Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх

– Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг зөвлөж байна.

May be an image of text