Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ээж DNN.mn

Хэд хоногийн өмнө арга хэмжээнээс гарч ирэнгүүтээ цүнхээ уудлаад утсаа хартал арваад дуудлага ирсэн байв. Орохын өмнө хонхыг нь хаачихсан байсан болохоор тэр олон дуудлагыг мэдсэнгүй. Зарим нь бүр гурав, дөрвөн удаа залгажээ.
Ээж, дүү, ажлын хамтрагч, дэлгүүрийн худалдагч, сүлжээний бизнес эрхэлдэг хажуу айлын эмэгтэй, хөдөөнөөс ангийн хүүхэд хүртэл залгасан байлаа. Эхнээс нь бүгд рүү нь утас цохив. Олон залгасан байхыг бодоход их л яаралтай хэрэг гарч дээ гээд ангийнхаа хүүхдийн дугаарыг хийтэл дүүд, дүүд гээд ярьж байгаа дохио өгч байна.
Дараа нь ажил хэргийн шугамаар холбогдсон хүмүүс рүү залгатал утсаа Ээж авсангүй. Шинэ бараа ирэх тоолондоо ярьдаг сүлжээчин хөрш рүүгээ залгалаа. Өөдөөс тасалж байна. Орох тоолонд янз бүрийн юм асуугаад байдаг дэлгүүрийн худалдагч эгч рүүгээ залгалаа. “Өглөө ороход хүүхдийнх нь 1072 хувьцаан дансанд нь орж ирэхгүй байна. Мэддэг хүнээс асуугаад өгөөч гээд байсан. Тэгээд асуух гээд залгаж дээ. Тодруулчихсан хэлье байз” гээд залгатал бас л авсангүй. Аминд нь тулсан юм шиг л ар араасаа залгачихсан байсан тэр олон дуудлагатай буцаад холбогдох гэхэд бүгд л харилцуураа авсангүй. Харин хамгийн сүүлд залгасан дугаар маань нэг дуудуулаад л авч байна шүү. Энэ бол ээж. “Ээж нь охиноо ажилтай байхад нь залгачихсан уу” гэх дууг нь сонсоод хоолой зангираад явчихав. Ээжтэй өдөр бүр ярьдаг хэрнээ хачин их сэтгэл эмзэглэсэн мэдрэмж төрж билээ. Амьдралын жамаар найз нөхөд, ажил алба, харилцаа холбоо үргэлж өөрчлөгдөж байдаг. Харин ээж бол хүнд цор ганц. Тэд үр хүүхдээ залгах хүртэл утсаа ширтсээр сууж чадах тэвчээрийн эзэд. Тийм болохоор буцаагаад залгахад бушуухан шүүрэн авдаг билээ. Даанч хүмүүний богино амьдралд хэзээ ч ээжийнхээ дуудлагыг тасалж боломгүй гэдгийг хүмүүс хожим нь ухаардаг. Тиймээс ямар ч ажилтай байсан ээж, аавынхаа дуудлагад заавал хариу өгч байгаарай.
М.МӨНХ ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан: 14 аймгийн 47 сум цас, мөс ихтэй байгаагаас мал бэлчих боломжгүй, зам гаргах, өвс тэжээлээ татаж авч чадахгүй байна DNN.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас өвөлжилт, хаваржилтийн асуудлаар тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хаваржилтийн нөхцөл байдал амаргүй эхэлж байна. Тэр утгаараа Засгийн газрын зүгээс энэ хүнд цаг үеийг малчидтайгаа хамтдаа даван туулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдуудад энэ хаврыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлалаа. Хоёрдугаарт, орон нутгийн иргэдийн тэр дундаа малчдын орлогыг дэмжих, нэмэгдүүлэх, малын хорогдлыг багасгах, цаашлаад эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргах асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргасан.

-Тодорхой ямар шийдвэрүүд гаргасан бэ?

-Юуны өмнө импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийн татварыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр гурилын үнийг бууруулах, хөдөө хомсдоод байгаа өвс тэжээлийн хангалтыг нийлүүлэх асуудлыг ярьж байна. Нөгөөтэйгүүр, үндэсний хэмжээнд малчид, иргэдээ дэмжих аяныг зарлаж байна. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага, үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцуулан малчдад хаваржилтийг хүндрэл багатай даван туулахад нь туслах аяныг үндэсний хэмжээнд зарлаж байгаа гэсэн үг. Нийт иргэддээ хандаж хэлэхэд энэ хаврыг малчиддаа дор бүрнээ чадах чинээгээрээ туслаж, бие сэтгэлээрээ хамт байхыг уриалж байна.

-Малчиддаа туслах аян зарлалаа гэж байна. Аяны хүрээнд хандив цуглуулна гэсэн үг үү?

-Хандив гэхээс илүү бүх талын дэмжлэг туслалцаа чухал байгаа юм. Би сая хэллээ шүү дээ. Хавар хүндхэн болох нь ээ. Тиймээс хэн хүнгүй малчиддаа бие сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг уриалж байна. Нэн ялангуяа малчдын эрүүл мэндийн асуудал байна. Эрт илрүүлэг хамруулах ажлыг түргэн шуурхай хийх, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор малчдад туслах аяныг илүү зохион байгуулалттай хийх бодлогыг барьж ажиллаж байна. Мал аж ахуйн салбар гэдэг бол өөрөө хөдөө аж ахуйн эсвэл хэдэн малчдын асуудал огт биш. Энэ бол нийт монголчууд бидний амь амьжиргаатай холбоотой асуудал. Тиймээс хүнд цаг үеийг бид даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм. Зам харгуй гаргахаас эхлээд хүн хүч дутаж байгаа салбар болгонд хүний оролцоог нэмэгдүүлье. Цаашлаад шаардлагатай арга хэмжээнүүд шат дараатай авна. Үүссэн хүндрэлтэй холбоотой зарим асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг ч боловсруулан өргөн барина.

-Яг одоогийн байдлаар 21 аймгийн хэд нь зудтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байна вэ?

-Энэ хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 47 сум зудтай байна. Мөстэй, мал бэлчих боломжгүй, зам харгуй гаргаж чадахгүй байна. Өвс тэжээлээ ч татаж авах боломжгүй ийм байдалтай болсон. Мөн 135 сум цагаан зудтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 256 сум зудын нөхцөл байдалтай байгаа юм. Өнгөрсөн өвөл авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ энэ хаврын турш хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж хэлж болно. Тиймээс малчид, иргэдэд туслах аяныг Засгийн газраас уриалж байгаа юм.

-Сонгууль ойртсон энэ үед аливаа нийтийн аян зохион байгуулах, хандив цуглуулах асуудлыг хуулиар хориглодог. Энэхүү малчдад туслах аян энэхүү хуулиар хэрхэн зохицуулагдах вэ?

-Энэ бол өвөлжилт, хаваржилтийн асуудал. Нөгөөтэйгүүр бидний өв уламжлал болсон нүүдэлчин ахуй, Монгол Улсын эдийн засгийн нэгэн тулгуур салбарыг эрсдэл багатай байлгахын тулд тэр сонгууль, улс төр үүнд ямар ч хамаагүй. Бидэнд ямар боломж байна тэр бүх боломжоо дайчлаад малчид, иргэддээ тусална.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэж байна. Тэгэхээр Улсын онцгой байдлын зүгээс яг ямар арга хэмжээ авч ажиллана гэсэн үг вэ?

-Цагаан сарыг хүртэл бид бэлэн байдлын түвшинд явж ирсэн. Харин нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас цаашид шат ахиулж өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжиж байна. Учир нь цас, хур тундас их хэмжээгээр нэмэгдлээ. Шар усны үеэр болох эрсдэл өндөр байна. Тиймээс нийслэл орон нутаг гэлтгүй бүхий л газар нутагт өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм. Тэр утгаараа иргэд, малчидтайгаа хамтран хаа хаанаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулалтад орж авна гэсэн үг.

-Өвс тэжээлийн нөөц ямар байгаа вэ?

-Өнгөрсөн 10, 11 дүгээр сард хөнгөлттэй үнээр өвс, тэжээлийг аймаг, орон нутагт олгосон. Гэвч өнөөдрийн хувьд энэхүү нөөц хангалттай биш байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар импортоор орж ирж байгаа өвс, тэжээл, гурилыг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төслийг өргөн барина. Нөгөөтэйгүүр улсын нөөцөөс өнгөрсөн жил бид 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчиддаа нийлүүлсэн. Удахгүй дахиад зургаан мянган тонныг нийлүүлэх гэж байна.

-Зам харгуй хаагдсан асуудал их байна. Аймаг, орон нутгийн хувьд зам гаргах техникийн хүчин чадал ямар байдаг юм бэ?

-Яг одоогоор 21 аймгийн түвшинд зам гаргах шаардлагатай техникийг Батлан хамгаалах салбарын зохицуулалтаар шийдэж байгаа. Ер нь бол аймаг болгон харьцангуй өөр байна. Зарим аймгуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь байхад заримд нь дутагдалтай байгаа. Хэдий техник, механизмууд байгаа ч гэлээ бүх сумдад хүрч ажиллах боломж ч хязгаарлагдмал байна. Тиймээс Улсын онцгой комисс, аймгийн онцгой байдлын комисстой хамтарч ажиллах, нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлэх асуудлыг ярьж байгаа. Сая хэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд орсон гэдэг бол бүх төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой нягт хамтран ажиллана гэсэн үг.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 17, Санчир гариг. Билгийн тооллын 8, Чөлөөт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 07:56 цагт мандаж, 18:16 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 17-ноос 2024 оны 02 дугаар сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Дараах чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна DNN.mn

А-1701 дугаартай Улаангом Ховд чиглэлийн замд

Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд байна. Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин өнөөдөр /2024.02.16/ 13:00 цагийн байдлаар  хязгаарлагдмал байна.

Авто зам хариуцагч байгууллагууд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан дараах ажлууд хийж байна. Үүнд:

  • А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, авто замын зорчих хэсэгт цас ихээр хунгарлагдаж, тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.
  • Тус чиглэлийн 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч “Жол” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй уртасгасан цагаар цас цэвэрлэх ажил хийгдэж байна.
  • А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замын дагуу Бага улаан даваанд хүчтэй цасан шуургатай байна. Зам хариуцагч “Ховд АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг ажиллаж байна.
  • А1701 дугаартай Улаангом-Ховд, А1702 дугаартай Улаангом-Хандгайт, А07 дугаартай Өлгий-Ачит нуур-Байрамын даваа-Түргэн-Улаангом чиглэлд цас орж байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн Шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.
  • А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам дагуу хүчтэй цасан шуургатай байна.
Иймд иргэд та бүхнийг тус чиглэлүүд рүү зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” хэлэлцүүлэг болно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.  

Хэлэлцүүлэгт оролцох оролцогч дараах QR кодыг уншуулж, бүртгүүлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр нийт 1828 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1503, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 82 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг сум орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 12.56 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Газар хөдлөлт Завхан аймгийн Асгат сумын төвөөс зүүн зүгт 30 км, мөн аймгийн Баянхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт 52 км, Баянтэс сумын төвөөс зүүн урд зүгт 52 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2024 онд шинээр барихаар төлөвлөж буй сургууль, цэцэрлэгүүдийн байршил DNN.mn

Хотын дарга Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн бариад буй.

Энэ хүрээнд төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажилтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.

11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

  • Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу Алтай хотхон
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу Маршал таун, Кинг тауэр орчимд сургууль
  • Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Ногоон нуур орчимд 240 ортой цэцэрлэг
  • Материал имфекс хавьцаа болон Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 960 болон 640 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар төлөвлөж холбогдох хөрөнгө оруулалтыг тусгаад байна.
Categories
мэдээ нийгэм

18-34 насны гэрлээгүй малчдын 88 эрэгтэйчүүд эзэлж байна DNN.mn

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан боллоо.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 18-34 насны малчдын 88 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгааг танилцууллаа.

Нөхцөл байдал ийм байгаатай холбоотойгоор хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Жендэрийн үндэсний хорооны холбогдох гишүүдэд үүрэг болголоо.

Мөн эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг хорооны гишүүдэд даалгав.