Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөх сувд-2024” мөсний баярын хөтөлбөр DNN.mn

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болно. 

Мөсний баярын үеэр мөсөн шагай, тэшүүрийн тэмцээн, сурын харваа, мөсөн урлаачдын бүтээл, дарвуулт чарганы үзүүлбэр, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон Qirwa Anka хамтлагийн тоглолт болох юм. Мөн өвлийн гоёл үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн, бөөгийн тахилга, галын наадам зохион байгуулахаар болжээ.

ТАНИЛЦ: "Хөх сувд-2024" мөсний баярын хөтөлбөрТАНИЛЦ: "Хөх сувд-2024" мөсний баярын хөтөлбөр

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасанд хаагдсан 10.009 км замыг нээж, 1528 тонн өвс, тэжээл хүргэжээ DNN.mn

Цас, зудын нөхцөл байдлаас шалтгаалан улсын хэмжээнд нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдсан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц сангаас отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Сайд нараар ахлуулсан 6 ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 250 орчим алба хаагч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 19-23-ны өдрүүдэд 16 аймгийн 44 сумын 1966 өрхөд 1528 тонн малын өвс, тэжээлийн хүргэлт хийж, 10.009 км хаагдсан замыг нээх ажлыг зохион байгууллаа.

Цасны зузаан, зам, давааны нөхцөл байдлаас шалтгаалан 30 км замыг гаргахад 4-6 цагийг зарцуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хавар хямд мах идье л гэж байвал одоо малчиддаа тусалъя DNN.mn

Түүхэнд байгаагүй гамшигт үзэгдэл хөдөө орон нутагт тохиож байна. Хамгийн олон буюу 20 гаруй сая мал хорогдсон жил болох эрсдэл бүрдлээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ хавар, зун малын үнэ тэнгэрт хадна.

Махсаг монголчууд бензингүй, тоггүй байж чадах ч махгүй бол долоо ч хонохгүй. Хичнээн үнэтэй байсан ч мах идэх гэж олсон орлогоо бүгдийг нь зарцуулж чадна. Тиймээс хавар цалиндаа таарсан боломжийн үнэтэй мах авмаар байгаа бол малчдаа тоохгүй, миний мал биш гэсэн хүниймсэг хандлагатай байж болохгүй. Хүнд хэцүү энэ үед аль чадахараа малчиддаа тусалцгаая. Зун, намрын дэлгэр цагт хөдөө очиж жаргацгаадаг хотын бид хавар, өвөл малчны хот ямар байдгийг тэр бүр мэдэхгүй.

Ажилгүй, анхиагүй хөдөөнийхөн гэж ад шоо үздэг буруу хандлагаа одоо больцгооё. Эцэст нь хямд мах идмээр байгаа бол одоо л малчиддаа тусалцгаая!

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Отгонгэрэл: Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намыг ард түмэн дэмжинэ DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө хэдийнэ боловсруулаад эхэлжээ. Ингэхэд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам ялалт байгуулах боломжтой вэ?

-Манайх дэлхийд байхгүй системээр сонгуулиа явуулах гэж байгаа. Можаритор системийг бүсчлээд томсгочихлоо. Ирэх сонгуулиар намыг сонгож таарна. Тэр дундаа олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олон мандаттай аль нэг бүсийн тойрог байлаа гэхэд тэр дотроо бас жагсах нь байна. Хэн нь нэгдүгээрт байх вэ гэдэг нь чухал болно. Дээрээс нь эмэгтэйчүүдийн квот орж ирж байна. Үндсэндээ МАН найман жил төрийн эрх барилаа. Энэ хугацаандаа Засгийн газар нь 2016-2020 онд хоёр удаа солигдов. 2020 оноос хойш бас хоёр Засгийн газар солигдлоо. Сонгогчид дүн тавих учраас саналд нь нийцсэн, сонгуулийн хуулиндаа захирагдсан мөрийн хөтөлбөр л гаргаж тавих ёстой.

Тэгэхээр сонгуульд өрсөлдөх намууд шударга, авлигатай тэмцдэг, хууль алагчилгүй үйлчилдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэх хэрэгтэй. Бас хууль шүүхийн шинэчлэлийг оруулахдаа ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэх ёстой. Манайх нэг талаараа халамжийн улс болчихлоо. Мөрийн хөтөлбөрт халамжийн бодлого байхгүй бол тухайн нам ялагдах магадлалтай. Судлаачийн хувьд хэлэхэд, хуулиа илүү тодорхой, хүний эрхийг хамгаалсан шударга ёсыг сахиулах хэрэгтэй. Парламент нь олонхи болчихоод гаргаж байгаа хуулиуд нь дандаа Үндсэн хуулийнхаа эсрэг байж болохгүй. Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ард түмэн дэмжинэ.

-Нийгэм нэлээд бухимдалтай байна. Ардын нам татвар нэмэхгүй гэчихээд хэд хэдэн татвар нэмсэн. Ардчилсан нам нь хоорондоо хэрэлдсээр байгаад сөрөг хүчнийхээ үүргийг олигтой биелүүлж чадсангүй. Ард түмнийг бухимдалгүй байлгая гэвэл намуудад ямар бодлого хэрэгтэй вэ?

-Манайх бол парламентын засаглалтай орон. Асуудлаа дотроо шийддэг. Цөөнхи буюу эрх бариагүй нам нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Эрх баригчид найман жил төр барихдаа юу амлаад, юу нь биелэгдээгүй юм. Мөн Улс төрийн намын тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихлээ. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлдэг. Тэгэхээр парламентад суудалтай сөрөг хүчний намууд энэ үүргээ маш сайн гүйцэтгэх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол эрх баригч нам дахиад сонгуульд ялна. Ардчилсан намын хувьд сөрөг хүчний үүргээ олигтой гүйцэтгэж чадсангүй. Эхний гурван жил хоорондоо хэрэлдээд таарсан. Одоо энэ шинэ намын дарга нь үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бусад жижиг намуудад ч бас хамаатай. Үнэхээр сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгч ард түмний анхаарлыг хандуулах ёстой.

Эрх баригч нам эхний дөрвөн жилд юу хийв. Дараагийн дөрвөн жилд юу хийснээ дүгнээд ярих ёстой. Авлигатай тэмцэж чадсан юм уу, ажлын байр бий болсон юм уу, татвараа нэмсэн юм уу, мөнгөний ханштай тэмцэж чадсан юм уу гээд энэ болгоныг улс төрийн намын шинээр хэрэгжиж байгаа хуулийн дагуу намуудын дэргэдэх судалгааны хүрээлэнгүүд ярих нь зөв. Тэгэхгүй бол жирийн иргэд тэр болгон мэдэхгүй. Парламентад суудалтай намууд ялангуяа сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгмөөр байна.

-МАН “5Ш”-ийн ажиллагааны хүрээнд шударга ёсыг сахиулахаар авлигатай тэмцэж байна. Ковидоос хойш эдийн засаг сүрхий өссөн үзүүлэлтэй байгаа. Гэтэл нөгөө талд ард түмэн бухимдалтай байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд, ядуурал нэмэгдэж байна. Судлаачийн хувьд энэ намын явуулж байгаа бодлогод ямар байр суурьтай байна вэ?

-Аль нэг намын явуулж байгаа бодлого бол өөрсдийнх нь үзэл баримтлал байдаг. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Ард түмэн сонгож олонхи болгосон. Тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн үгүйг парламнетад суудалтай сөрөг хүчин дүгнэх ёстой гэдгийг дахин хэлье. Тэрийгээ сонгогчдод хүргэх ёстой. Парламентад сөрөг хүчний хоёр нам төлөөлж байна. Тоглоомын дүрмийн дагуу сөрөг хүчнийхэн дүгнэлтээ өгч ажиллах ёстой.

Ер нь бол найман жил нэг нам засагладаг байдлаас сонгогчид залхдаг үзэгдэл бий. Польшийн жишээ байна. Тус улсад нэг нам найман жил төрийн эрх барьсан. Сонгогчид залхсан нь сонгуулийн үр дүнгээс нь харагдлаа. Ингээд найман жил эрх барьсан нам нь ялагдчихаж байна.

-Ирэх сонгуулиар олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олны танил гэхээр өнөө л дуучид, бөхчид гарч ирэх магадлал өндөр болоод байна уу?

-Дуучид бөхчүүд сонгогдох боломж нь нээлттэй. Парламентын засаглалтай аль ч оронд олны танил хүмүүс гарч ирдэг. Ингэхгүйн тулд манайх сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх ёстой.

-Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол Ерөнхий сайдын сонгох байгаа. Монгол Улсын гал тогоог барих хүн хэн байх вэ гэдгийг ард түмэн сонгох ёстой. Сонголтоо маш хариулагатай хийнэ гэсэн үг. Үүнийг сонгогчдод яаж ойлгуулах вэ?

-Энэ сонгуулийн онцлог нь намын даргаа сонгох. Нөгөө талдаа тухайн бүс нутгийн лидерээ сонгох юм. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гээд Үндсэн хуулиндаа оруулчихсан. Үүнийг сонгогчид ойлгож саналаа өгөх ёстой. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ялсан намын дарга Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлдөг эрх мэдлийг нь өгсөн. Гэхдээ танхимаа бүрдүүлэхэд гишүүдийн тоо хязгаартай байсан. Өөрөөр хэлбэл, 2022 онд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад тооны хувьд хязгааргүй болгосон. Ингэснээр парламентын гишүүн Засгийн газартаа давхар ажиллахыг Ерөнхий сайд шийддэг. Ирэх сонгууль Ерөнхий сайд буюу тухайн намын даргыг сонгох сонгууль гэдгээ сонгогчид маш сайн ойлгох хэрэгтэй. Нам их чухал болчихож байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 24, Санчир гариг. Билгийн тооллын 15, Их морь одтой, шар морь өдөр. Өдрийн наран 07:44 цагт мандаж 18:27 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна DNN.mn

 02-р сарын 24-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

2024 оны 02 дугаар сарын 25-наас 2024 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд зүүн хагаст, 28-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -23…-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НҮБ малчдад зориулж 6.3 сая ам.долларын хандив цуглуулахаар болжээ DNN.mn

Монгол Улсад сүүлийн 10 жилд зургаан удаа зудын гамшиг тохиожээ.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас малчдад туслах зорилгоор 6.3 сая төгрөгийн хандив цуглуулахаар ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 1.7 сая ам.доллар цуглажээ.

НҮБ-аас Монгол Улсын мал аж ахуй нь нийт орон нутгийн иргэдийн 80 орчим хувийн өрхийн амьжиргааг хангадаг учраас шилэн болон цагаан зудад нэрвэгдсэн 17 аймгийн 154 сумаас сонгож, тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайд Ричард Буанганы мэдэгдэл гаргалаа DNN.mn

Оросын Холбооны Улсын Украинд хийж буй бүрэн хэмжээний дайралтын хоёр жилийн ой болж буйтай холбоотойгоор Элчин сайд Ричард Буанганы мэдэгдэл

Монгол Улс дахь гадаадын дипломат албаныхан Украин Улсын Өргөмжит консул Т. Мөнхбат болон байнгын оршин суугч украин иргэдийн төлөөлөлтэй энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр уулзлаа. Оросын түрэмгийлэл эхэлсний хоёр жилийн ой болж буйтай холбоотойгоор дипломат албаны төлөөлөл Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

Олон улсын хамтын нийгэмлэг Украин Улстай хамтдаа байгаагаа илэрхийлэхийн сацуу ОХУ-ын өдөөн хатгалгагүй дайралтыг дахин буруушааж Оросын түрэмгийллийг нэн даруй дуусгахыг уриаллаа.

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган:

“Бид Монгол дахь Украиныг дэмжсэн үйл хэргээ үргэлжлүүлэх бөгөөд Оросын Украинд хийж буй хууль бус дайн нь Монгол улсад, мөн Орос улстай хил залгаа хөрш орнуудад нь ямар аюул занал учруулж буйг олон нийтэд анхааруулсаар байна. Оросоос түрэмгийллээ зогсоохыг шаардаж буй олон улсын зөвшилцөлд нэгдэхийг Монгол Улсын Засгийн газарт АНУ-аас уриалж байгаа”-г хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-д цахимаар бүртгүүлэхдээ бэлтгэх материал DNN.mn

Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчид www.eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд,

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт /МХБШ нь үнэ төлбөргүй бөгөөд ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг/ байна.
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй/ байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үер нүүрлэх эрсдэлтэй байна DNN.mn

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Усны газрын дарга З.Батбаяр “Өнгөрсөн 7, 8-аар сард болсон үерийн улмаас газрын доорх усны буюу хөрсний усны түвшин нэмэгдсэн байсан. Үүний үр дүнд өвөлдөө халиа тошин үүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улс орны хэмжээнд хэд хэдэн газар гарсан байгаа. Сая ярьсан цаг уурын мэдээллээр 1975 оноос хойш орж байгаагүй их хэмжээний цас орж, зудын байдалтай байна. Цас гэдгийг зүгээр устай холбож ойлгодоггүй харин устай холбоотой гамшиг гэж ойлгох хэрэгтэй. Сая ажиглагдсан шиг гэнэт нэмэх температур руу орвол улс орны хэмжээнд буюу 80-90 хувьд шар усны үер нүүрлэж болохоор байна.

Түүний дараа 4-р сард хаврын гачиг үе эхэлнэ. Тиймээс урьд урьдаас илүүтэй усны асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Өмнө нь бид ус хомсдлоо гэж ярьдаг байсан бол одоо ус хомсдохын зэрэгцээ гэнэтийн аюул болох нь гэдэг асуудал гарч эхэлж байна” гэв.