Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид “Мона Лиза”-гийн хөрөг рүү шөл цацжээ
Month: January 2024
Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101,
- Өмчлөх эрхийн эсрэг 75,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15,
- Хүний амьд явах эрхийн эсрэг найм,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр,
- Авлига, албан тушаалын хоёр,
- Үндэсний эв нэгдлийг бусниулах нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Г нь тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр төсөвт өртгийг хувааж “Н” болон “Т” ХХК-тай гэрээ байгуулан санхүүжилт олгуулж, давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- БНХАУ-ын иргэн Я.Ф нь 2021-2023 оны хооронд нэр бүхий гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл ногдох 878.530.154 төгрөгийн орлогыг худал мэдүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдийг 2023 оны 6 дугаар сард “GS25” сүлжээ дэлгүүрт, 9 дүгээр сард “Ө” нэртэй зочид буудалд тус тус хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн С.Н нь Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болоход 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долдугаар байрт орлоо. Ийнхүү манай улсын хоёр жүдоч хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 15 дугаар байр эзэлсэн байна.
Халиа тошин үүсдэг байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас тогтмол үзлэг шалгалт хийн, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ хүрээнд нэгдүгээр сарын 26-28 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд
- Сэлбэ голд 1.2 метр өргөн, 1 метр гүн, 145 метр урт суваг татан, бобкат ашиглаж 70 метр урт мөс хөрөөдөн, авто замын гүүрэн доорх дулааны шугамын доогуур 6 метр өргөн, 0.6 метр гүн, 20 метр урт суваг гаргалаа.
- 100 айлын гүүрний хойд тал орчмын Сэлбэ голын хэсэгт 1.2 метр өргөн, 1.6 метр гүн, 80 метр урт суваг татав.
- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1 дүгээр сувагт 1.2 метр өргөн, 1.4 метр гүн, 150 метр урт суваг шинээр татлаа.
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай Ногоон нуурын сувагт 1.2 метр өргөн, 1 метр гүн, 148 метр урт суваг татаж, явган хүний гүүрний бөглөрсөн хэсэгт 1 метр өргөн 1.2 метр гүн, 3 метр урт мөсийг хөрөөдөж, онгойлгох зэргээр аюулгүй байдлыг ханган ажиллав.
АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч эхэллээ.
Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.
Нэгдүгээр сарын 27, 28-ны өдөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан, албан хаагч авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийн, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85 тонн бодис, 34 тонн давс цацаж, 656 тонн хар цас ачиж тээвэрлэлээ.
Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж байна.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
“Нарантуул” олон улсын худалдааны төв Сар шинийн баярыг дуустал амралтгүй ажиллах юм байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны мягмар гарагт ажиллахаар болжээ.
Харин хоёрдугаар сарын 9-нд буюу битүүний өдөр ажиллаад амарна.
FOMO буюу “хоцрох айдас”-ын тухай сэтгэлзүйч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хоцрох айдас гэж юу вэ?
-Орчин үед анхаарал татаж байгаа, маш сонирхолтой асуудлыг хөндөж байгаад талархаж байна. Хоцрох айдсыг “Fear of Missing Out” буюу Fomo гэж нэрлэдэг. Сэтгэл судлаачид 2000 оны эхээр хүмүүс интернэтийг идэвхтэй ашиглах үзэгдлийг тайлбарлахдаа хүмүүс аливаа үйл явдлаас хоцрох айдас мэдрэмжтэй холбоотой болохыг тогтоож энэхүү нэр томьёог ашиглах болсон. Сүүлийн жилүүдэд хоцрох айдсын үр нөлөөний талаар судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Гэхдээ нэр томьёоны хувьд сүүлийн 20 гаруй жил хэрэглэгдэж байгаа ч анхнаасаа хүмүүст байсан мэдрэмж юм.
-Сүүлийн жилүүдэд ШУ-д энэ зүйл хэр их байр суурь эзлэх болсон бэ?
-Өнөөгийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж нэрлэгдэж байгаа мэдээллийн эрин зуунд хүмүүс улам бүр олон нийтийн сүлжээг ашиглах нь нэмэгдэж байна. Хосолмол нийгмийн хүмүүс гэж би нэрлээд байгаа. Яагаад гэвэл хүмүүс өөрт оногдсон цаг хугацаагаа бодит харилцаа болон цахим нийгмийн харилцаанд хослуулан зарцуулж байна. Үүнтэй холбоотой хүмүүс олон нийтийн сүлжээнээс их хэмжээний шүүлтүүргүй мэдээллийг хүлээн авдаг. Жишээлбэл хүмүүс бусдыг хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг, ямар ажил, карьертэй явна, тэр ч байтугай гэр орон, хувцас, хэрэглэл, ямар хоол идэж байгааг харж байдаг. Энэ бүгдийг харах нь өөрийгөө бусадтай харьцуулах, ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг мэдрэмжийг хүнд хүчтэй төрүүлдэг гэсэн үг.
Цахим сүлжээг идэвхтэй ашиглах нь хоцрох айдсыг бий болгодог эсвэл тухайн хүн хоцрох айдастай учраас цахим орчинд олон цагийг өнгөрөөдөг гэж судлаачид үзээд байгаа юм. Сэтгэлзүйч Эрин Вогелийн хэлснээр Fomo хүмүүс дараах шинж чанартай.
Аливаа зүйлд цаг хэтрүүлэх буюу удаан хугацаагаар цахим орчинд байх. Биеийн ядаргаа, ядарч сульдсан мэдрэмж үргэлж мэдрэх. Төвлөрөх чадвар муудах, нойргүйдэх гэх мэт.
-Хоцрох айдас хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
-Fomo бол сэтгэл зүйн эмгэг биш. Өөрөөр хэлбэл эмгэг, өвчин огт биш. Гэхдээ хүний ажил, амьдрал, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй, бие махбодид сөрөг нөлөөтэй. Хэт бусдын тухай, ялангуяа өөрөөс нь амжилттай яваа хүмүүсийн мэдээллийг байнга өдөр тутам авах нь сөрөг нөлөөтэй. Ялангуяа тэр хүний амьдралд шийдвэрлэх асуудал их байх тусмаа Fomo-д их автана. Интернэтээс өмнө хүмүүст өөрийгөө бусадтай харьцуулах, хоцрох айдаст автах тохиолдол байсан ч орчин үеийн мэдээллийн хурдтай нөхцөлд улам бүр нэмэгдсэн. Ингэснээрээ өсвөр насныхны сэтгэл зүйд илүү их хор хөнөөл учруулах болсон.
Хүн бүрийн амьдрал адилгүй шүү дээ. Бид заавал хэн нэгэнтэй адил байх албагүй. Өөр өөрийн хувь тавилангаар амьдралыг туулаад дуусна. Гэвч олон нийтийн сүлжээ энэ ойлголтыг өөрчлөөд байна л даа. Зарим хүмүүс олон мэдээллийг өдөр бүр авах бүрдээ өөрийн нөхцөл байдалтайгаа харьцуулж, санааширч байдаг байна. “Түүн шиг гоё, сайхан байж чадахгүй, би хичээгээд ч ийм болж чадахгүй” гэж өөртөө урам хугарах, гутрах, шантрах гээд олон асуудалтай тулгарна. Асуудалд бодит бусаар хандаж ямар нэг зүйлээс хоцорч байна мэдрэмжтэй больчихдог. Үүний үр дүнд урам нь хугарч, өөрийгөө дутуугаар үнэлдэг, өөртөө сэтгэл дундуур болчихдог.
Энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал болчихдог. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүн бусдаас суралцах, үлгэр дуурайл авах эрхтэй, гэхдээ хоцрох айдаст автаж болохгүй. Өөртөө талархаж, өөрийн сайн талаа ямагт зүлгэж, өөрийн гэсэн эрхэмлэх үнэт зүйлтэй, өөрийн амьдралаараа л амьдрах нь сайхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдрал олон өнгөтэй. Олон нийтийн сүлжээнд байгаа гоё сайхан бүхэн гоё биш. Дийлэнх хувь нь бизнес зорилготой гэдгийг л анхаарах нь чухал шүү гэж хэлмээр байна.
-Энэхүү айдсаасаа салж чадахгүй бол юу болох бол?
-Хэрэв хүн хоцрох айдастай болчихвол бусдын амьдрал, хувийн асуудлыг хэт их сонирхож эхэлдэг. Батаа яасан бол, Дулмаа яасан бол гэх мэт бусдын тухай илүү их боддог, сонирхдог. Өөрөөр хэлбэр би өнөөдөр юу хийх вэ гэж бодох биш Батаа юу хийж байгаад илүү анхаарч эхэлдэг. Тиймээс орхигдсон, хоцрогдсон мэдрэмжийг авч бүх зүйлд сэтгэл ханамжгүй болж эхэлдэг. Цаашлаад амьдралын идэвх бүтээмж буурах, түгшүүр, айдаст автах, бие махбодийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
-Хүн мэдлэг боловсролгүй байх нь хоцрох айдас их хэмжээгээр байх шалтгаан болдог уу. Нийгмийн ямар бүлэгт энэ шинж тэмдэг их илэрдэг вэ?
-Fomo үүсэх нь мэдлэг боловсролоос илүү хүний сэтгэл зүйн төлөв байдалтай холбоотой. Хоцрох айдасыг үүсгэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт гар утас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь өөрийгөө бусадтай харьцуулах нөхцөлийг өөрийн эрхгүй бүрдүүлж байгаа нь голлох шалтгаан юм. Хоёрдугаарт тухайн хүний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь доогуур байгаа бол аливааг энгийн зүйл хэмээн хүлээн авч чадахгүй өөрийгөө бусдаас муу байна гэж боддог. Fomo өөртөө сэтгэл ханамжгүй байдаг, өөрийнхөө давуу тал, үнэ цэнэ, сайн сайхан зүйлийг олж харахгүй байгаа бүлгийнхэнд илүү илэрнэ.
-Хоцрох айдас дээр тулгуурлан компаниуд хэрхэн бараагаа борлуулдаг вэ. Жишээ нь шинэ кино нээлтээ хийх үед бүх нийтээрээ шуурдаг, Iphone шинэ загвар гарах үед зайлшгүй шаардлагагүй ч авах зэрэг үйлдэл нь хоцрох айдас мөн үү?
-Яг тийм. Энэхүү жишээ нь хоцрох айдас үүсгэх нэг шалтгаан. Гадны орнуудад Fomo маркетинг гэдэг нэр томьёо ч байдаг. “Та хоцорлоо, яараарай” гэдэг сурталчилгаа элбэг байдаг даа. Энэхүү маркетингийн арга нь “Би бусдаас хоцроод байна, хоцорчихвол яана аа” гэх дотоод айдсыг бий болгодог. Компаниуд хэрэглэгчдийн энэ сул тал дээр маш сайн ажилладаг. Fomo үүсгэх сурталчилгаа яаж явдаг вэ гэвэл хүмүүс бүтээгдэхүүн худалдан авч байгааг харуулах, урамшууллын хугацаа дуусах хүртэл тоолох цагийг харуулах, хүмүүс хэрхэн бужигнаж байгааг харуулах зэргээр явагддаг. Энэхүү худалдаанд оролцохгүй бол хоцрох айдас хүмүүст бий болно.
-Хоцрох айдастай байхад давуу тал бий юу?
-Хоцрох айдас нь зарим хүмүүст мотиваци, өөрийгөө хурцлах, илүү хичээх шалтгаан болно. Гэхдээ илүү хичээдэг, хүчирхэг, өөрийн үнэ цэнээ мэддэг хүмүүст яг үнэндээ хоцрох айдас байхгүй. Тиймээс Fomo давуу тал гэж байхгүй, сөрөг үр дагавар л гэж бий.
-Эсрэгээрээ Jomo буюу баяр баясал гэдэг ойлголтыг хоцрох айдастай зэрэгцүүлж ярьдаг болж. Эдгээрийн ялгаа юу вэ?
-Fomo-той хүний хийдэг зүйлсийн эсрэг үйлдэл хийх. Таныг аз жаргалтай болгодог тэр зүйлдээ төвлөр. Таныг юу аз жаргалтай болгодог вэ түүнийгээ хий. Аз жаргал, баяр баясгаланг бүтээ гэсэн үг. Бүх зүйлд оролцох гэж гүйх биш хамгийн ач холбогдолтой, баяр баясалтай зүйлдээ заавал цаг гаргаж бай гэж энгийнээр хэлмээр байна.
-Монголын нийгэмд Fomo-той хүмүүс давамгайлдаг уу?
-Fomo-г өдөөгч гол хүчин зүйл бол цахим хэрэгцээ. Монголчууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг маш идэвхтэй ашигладаг. Цахим орчин нийгмийн харилцаанд маш том зай эзэлдэг. Ялангуяа манай улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд, цалин бага, баялгийн тэгш бус хүртээмжтэй, авлига гээд нийгмийн олон асуудал нь цахим орчинд иргэдийг бухимдалд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр ч хоцрох айдас үүсч байгаа.
-Хоцрох айдсаа хэрхэн давж туулах вэ?
-Fomo-г ялна, даван туулна гэдэг нь өөртөө сэтгэл ханамжийг өгнө гэсэн үг. Тиймээс амьдралын сэтгэл ханамжаа нэмэгдүүлэх алхмууд хийх явдал юм. Өөрт тань хоцрох айдас байна уу гэдгийг мэдэр. Түүний дараа өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөр. Хэрэв таны ажилтай гарцаагүй холбоотой биш л бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээс завсарлага ав. Тухайн цаг мөч, хүрээлэн буй хүмүүс, хүрээлэн буй орчинд илүү их анхаарал хандуулахыг хичээ. Амьдралд дутагдаж байгаа зүйлийнхээ оронд одоо байгаа зүйлд анхаарлаа хандуулах нь маш чухал. Хөгжилтэй дурсамж, туршлагаараа тэмдэглэл хөтлөх, аялах гэх мэтээр аз жаргалтай, хөгжилтэй зүйлүүдийг амьдралдаа бий болгох хэрэгтэй. Ялангуяа байгальд гарч, бүтээлч хөдөлмөр хийх зэрэг нь тустай.
-Хоцрох айдсыг эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдэд өгөх тохиолдол байдаг уу. Тухайлбал “үеийнхэн чинь мундаг байхад чи ямар ч урагшгүй” гэх мэт хандлага зөв үү?
-Манай эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцах, тэднийг ойлгох тал дээр алдаа дутагдал гаргах нь түгээмэл. Аль ч насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг. Гэтэл хүүхдийнхээ нас, сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйгээс гаргадаг алдаануудын нэг бол бусад хүүхдүүдтэй харьцуулах, адил байхыг шаардах, эсвэл өөрийн дутуугаа хүүхдээрээ гүйцээх нөхөх гэж шахах зэргээс үүдэлтэйгээр хүүхдүүдэд хоцрох айдас бий болдог. “Чи бусадтай адил байх ёстой” гэх нь нэг талаас хоцрох айдас үүсгэх шалтгаан мөн. Хүүхдээ бусадтай адил байхыг шаардах бус илүү өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, өөрийнхөө хүсэл, зорилгоор эрч хүчтэй хичээдэг хүн болгон өсгөхөд анхаарах ёстой. Үүний тулд хүүхдийнхээ бодит хичээл зүтгэлийг магтан урамшуулдаг, илүү итгэж найдаж байгаагаа илэрхийлдэг, хайрладаг, хүндэлдэг, ярилцдаг байх хэрэгтэй. Шүүмжлэх бус дэмждэг, хамтардаг, загнах зэмлэх бус сонсож зөвлөдөг байх маш чухал. Учир нь эерэг хандлагын үр дүнд хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэхээс урьдчилан сэргийлдэг юм. Хүүхдэдээ дахин давтагдашгүй цорын ганц үнэ цэнэтэй хүн гэдгийг нь ойлгуулж, амьдрал олон янз гэдгийг мэдрүүлж өсгөх нь чухал.
Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг МҮБХ-оос мэдээллээ.
Тодруулбал,
- Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,
- Хоёрдугаар сарын 04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
- Хоёрдугаар сарын 05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/
- Хоёрдугаар сарын 06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
- Хоёрдугаар сарын 07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
- Хоёрдугаар сарын 08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,
- Хоёрдугаар сарын 09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,
- Хоёрдугаар сарын 17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:
- Хоёрдугаар сарын 26-нд 15:45 цагаас Орхон – Өмнөговь
- Хоёрдугаар сарын 26-нд 19:45 цагаас Увс – Завхан
- Хоёрдугаар сарын 27-нд 15:45 цагаас Сүхбаатар – Архангай
- Хоёрдугаар сарын 27-нд 19:45 цагаас Булган – Баян-Өлгий
- Хоёрдугаар сарын 28-нд 15:45 цагаас Төв – Дорноговь
- Хоёрдугаар сарын 28-нд 19:45 цагаас Ховд – Баянхонгор
- Хоёрдугаар сарын 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр – Өвөрхангай
- Хоёрдугаар сарын 29-нд 19:45 цагаас Хөвсгөл – Сэлэнгэ