Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ууганбаяр: Монголчууд ядуу зүдүү байж болно. Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хүний мөс чанар DNN.mn

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Япон улсад хэдхэн хоногийн өмнө газар хөдлөлт болж, цөөнгүй хүн амиа алдлаа. Түүгээр зогсохгүй онгоцны томоохон осол болж, олон улсыг цочирдууллаа. Тэмдэглүүштэй нь энэ аюултай нөхцөл байдлыг хохирол багатай даван туулж байна. Ялангуяа онгоцны ослын үед 90 секундэд 300 гаруй зорчигчийг аварсан ажиллагаа гайхамшигтай байлаа. Манайх ч дотооддоо шагшиж л байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагыг удирдаж байгаа гол хүмүүсийн нэг та энэ нөхцөл байдлыг арай өөрөөр харсан байх?

-Японы хоёр онгоц мөргөлдөөд маш богино хугацаанд зорчигчдоо гаргаж чадсан нь дэлхий даяар гайхширал төрүүллээ. Ослын үед хариу арга хэмжээ авах талаар онгоцны багийн бүрэлдэхүүн сургагдаж бэлтгэгддэг. Олон улсын хэмжээнд ч тэр, Монгол Улсын хэмжээнд ч тэр ялгаагүй. Хэрэвзээ тийм осол тохиолдвол онгоцны үйлчлэгчээс эхлээд нисэх багийн бүрэлдэхүүн хэрхэн ажиллах тухай аюулгүй ажиллагааны журам гэж байдаг. Түүний дагуу л нисэх бүрэлдэхүүн ажиллана. Монголд ийм том осол тохиолдож байгаагүй.

Японы энэ осол дэлхийн улсуудад өндөр хэмжээний сахилга бат, зохион байгуулалт, ур чадвар, бэлэн байдал зэргийг харууллаа. Эндээс манай үндэсний нисэх бүрэлдэхүүн олон зүйлийг олж харж цаашид аюулгүй байдлаа хангах тал дээр том сургамжит үйл явдал боллоо гэж харсан.

Эндээс харин цаашаа өргөн цар хүрээтэй харвал гамшгийн соёл гэдэг ойлголтыг сүүлийн үед их ярьдаг боллоо. Гамшгийн соёлын хамгийн тод үлгэр жишээ улс бол Япон. Японы ард түмэн маш дэг журамтай, зохион байгуулалттай, эх оронч. Ямар ч хүндрэл бэрхшээл тохиолдсон үед бид гэдэг, гэр бүлээрээ амьдарч, улс үндэстнээрээ зүтгэдэг онцлогтой улс. Тэр нь ч энэ аюулт ослын үеэр харагдлаа.

-Гамшгийн соёл гэдгийг задлаад хэлбэл юуг онцлох бол. Япончууд гамшгийг хохирол багатай даван туулдаг гол чанар нь юу юм бэ?

-Аливаа гамшиг, осол тохиолдсон үед түүнийг хохирол багатай даван туулах ганц арга зам бол зохицуулалт, зохион байгуулалт байдаг. Хэрэвзээ зохицуулалт алдагдах юм бол хор хохирол асар их хэмжээгээр нэмэгддэг. Харин зохицуулалтын үндсийн үндэс ерөөсөө л ард түмэн. Ард түмэн хэр бэлтгэгдсэн, сургагдсан, сахилга дэг журамтай, зохион байгуулалттай, хариуцлагатай, эх оронч байна, тэр хэмжээгээр хохирол бага даван туулах боломж бүрддэг. Япончууд гамшгийн соёл өндөртэй. Дэг журамтай, бусдадаа тусалдаг. Олон ч газар хөдлөлт, цунами гээд гамшигт өртөж хүний амь нас эрсдэж, их ч сургамж авсан, яаж амьд үлдэх вэ гэсэн арга ухаанд суралцсан байх. Гамшгийн соёл нь өөрийн амь насыг хамгаалахаас гадна бусдын амь насыг хамгаалах, эх орноо хамгаалах, хүндрэл бэрхшээл, зовлонгийн өмнө сөхрөхгүй тэмцэх зан заншил, ёс суртахуун, эх оронч үзлийг хэлээд байх шиг.

-Онгоцны энэ ослоос үүдэж тэгвэл бид ямар байгаа вэ гэдэг асуултыг олон нийт нэлээд өргөн хүрээнд тавьж харагдана лээ. Тэр асуултыг танд уламжилъя?

-Монгол орны хувьд ард иргэдээ сургаж бэлтгэх тал дээр Онцгой байдлын байгууллага бусад байгууллагатай хамтраад өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулж ирсэн. Гэхдээ энэ сургалт, заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө гэдэг өөр ойлголт. Өнгөрсөн хугацаанд, ялангуяа ковидын хоёр жил миний бие хүний мөс чанарын бэрхшээлтэй тулсан. Ний нуугүй хэлэхэд тэр үед монгол хүний зан чанарыг таньсан. Монгол хүн гэдэг “Би болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үндсэн том философиор амьдардаг хүмүүс юм билээ. Өчнөөн удаа хэлж сануулаад байхад л амиа л хичээгээд дайраад байдаг. Нийтийн өмнө хүлээх хариуцлага байдаггүй. Хэрэв яг ийм үзэл хандлагатай, ийм сахилга, дэг журам, боловсролтойгоор цаашаа Монгол Улсаа хөгжүүлнэ гэвэл мухар гудамж шиг л болно.

-Судлаачид, философичид яг таны энэ үгийг хэлдэг болсон. Одоо Онц гой байдлын байгууллагын бригадын генералын амнаас дахин сонсож байгаад гайхаж бас айдас төрж байна?

-Улс үндэстэнд гамшиг, ослоос гадна дахиад ч өөр хүндрэл бэрхшээл тохиолдоно. Та бүхэн дэлхий нийтэд болж байгаа бүх зүйлийг харж байгаа. Цэрэг дайны ажиллагаа өрнөж байна шүү дээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах баталгаа бол ард түмэн. Ямар ард түмэн байна тийм л улс үндэстэн байна гэдэг үг байдаг даа. Улс үндэстний аюулгүй байдлын том баталгаа, шалгуур бол ард түмэн өөрөө байхгүй юу. Бидний өмнөөс ирж зовж зүдрэх, хот хүрээ байгуулж, хийж бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөх ямар ч улс дэлхий дээр байхгүй. Монгол Улсын газар нутаг дээр болж байгаа хүндрэл бэрхшээлийг бид хамтдаа л давна. Хөгжил цэцэглэлтэд бид хамт л хүрнэ. Одоо Бигээс Бид гэдэг зарчим руу ормоор байна.

-Ковидын хоёр жилийн карентин манайдаа л онцгой нөхцөл байдал байлаа шүү дээ. Тэр үеийг нэг бүрчлэн тэмтэрч хэлэх гол хүн нь та. Монгол хүн довоо л шарлуулдаг тийм аминч үзэлтэй гэж танд бүр бат нот суужээ?

-Монгол хүний мөс чанар муудсан юм билээ. Бидэнд үндэсний дархлаа гэж байхгүй болсон. Шулуухан л хэлье. Дэлхий нийтэд хамгийн муу үлгэр жишээг монголчуудаар зүйрлэдэг болчихоод байна. Би үүнийг олон хүний амнаас олон газарт очоод сонсож байгаа шүү. Гаднынхан бидэнд итгэхээ больсон. Монгол хүнтэй ажил ярьж болохгүй, зарчим дээрээ байдаггүй, эргэж буцдаг, худалч, цаг барьдаггүй, хулгайч гэгдэж байна. Үүний төлөө сэтгэл минь их шаналж байна.

Ковидын хоёр жилд монгол хүний мөс чанар яагаад ингэж тартагтаа тултал муудаад улс үндэстнээ, хүй элэгтнээ, бусдыгаа, тусгаар тогтнолоо боддоггүй юм бол оо гэж бодогдох олон тохиолдолтой тулгарсан. Зах зухаас жишээ болгож хэлье л дээ. Зөвхөн тусгаарлах байрныхаа мөнгийг төлөөгүй өчнөөн хүн үлдсэн шүү дээ. Бусад нь төлөөд байхад ганцаараа төлөхгүй гүрийсээр үлдэх хүмүүс олон байлаа. Хижээл насны хоёр эмэгтэй бүр хэрэлдээд дийлдээгүй. Хууль хяналтын байгууллага тийм хүмүүсийн өөдөөс шаардлага тавьж чаддаггүй юм билээ. Аргаа бараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр барагдуулах хүн хүртэл авчирч байлаа. Өө тэр, хоол ундаа голох юу ч биш.

-Хилийн чанадад цар тахал хяналтаа алдаж байхад эх орондоо ирнэ гэдэг амь аврагдлаа л гэсэн үг байсан биз дээ?

-Зочид буудалд буугаад л бэлтгэсэн цагаан хэрэглэл, цахилгаан эд хэрэгслийг бүгдийг нь ухаж төнхөөд л. “Гар нь өтчихсөн юм шиг” гэдэг шиг бүгдийг нураагаад эвдлээд, зурагтыг нь хагалаад, цагаан хэрэглэлтэй орон дээр гуталтайгаа гарч хэвтээд, дээр нь хүүхдүүдээ шээлгээд матрасыг нь норгоод л. Хоол унд голно шилнэ гэж юу ч биш.

Цагаан хэрэгсэл солихгүй байна гээд гомдол гаргаад байхаар нь судлаад үзтэл өөрийнх нь гэрт цагаан хэрэглэл байгаагүй тохиолдол байсан. Хүний амьдрал их сонин юм билээ. Хэл ам хийгээд байгаа хүн болгоны ард өөрсдөө маш их асуудалтай хүмүүс байдаг. Бусдыг шүүмжлээд байдаг мөртлөө ардаа яг тийм асуудалтай. Үүнийг би бүр гайхсан. За тэгээд гаднаас цэвэр усны саванд архи оруулах, тортон дотор, варианы шилэнд архи дарс хийх юу ч биш.

Тэгээд зогсохгүй хамгийн их хүний эрх гэж ярьдаг. Би нэг тохиолдлыг бүр тод санаж байна. АНУ-аас нэг залуухан гэр бүл ирж тусгаарлах байранд байрласан юм. Хүүхдүүд нь АНУ-д төрсөн болохоор тэндхийн иргэншилтэй байсан байх. Монголд ирчихээд “Хүний эрх зөрчигдөөд байна, ийм байранд байхгүй, АНУын Элчин сайдын яам руу мэдэгдэнэ” гээд лайв хийгээд байна гэж манай хүмүүс орж ирлээ. Миний уур маш их хүрсэн. Чадан ядан байр бэлтгээд, эх оронд нь авчирчих юмсан гэж сэтгэл зовж байхад. Хариуд нь “Хэртэйхэн байгаарай, маргааш тэр АНУ руу чинь онгоцоор буцаагаад өгье. Тэндээ очоод хүний эрх яриарай. Би туурга тусгаар улсын төрийн албан хаагч, түшмэл байна. Би энэ улсад хууль дүрэм сахиулж байна. Намайг тэгж байна гэж хэлээрэй” гэж хэлүүлсэн. Хэн нэгэн захын хүн ирчихээд биднийг дайрч доромжлоод байдаг ямар учиртай юм бэ. 80 настай хөгшин хүртэл худлаа яриад л, “Хүүхэд өвчтэй” гээд уйлаад суугаад байхаар  хүүхдийг нь татаад иртэл эв эрүүл залуу давхиад л орж ирдэг юм билээ. Хэн нэгэнд эх орноо дэвслүүлж чадахгүй.

Өнөөдөр социализмын үеийг шүүмжлээд л, эрх чөлөөт нийгэм байгуулаад хөгжил цэцэглэлтэд хүрэх гээд байна гэж дур зоргоороо яриад байх шиг байна. Тэр үед чинь харин монголчууд мөс чанартай байсан шүү. Хүн хүнээ хайрладаг, хүн хүндээ тусалдаг байсан. Өнөөдрийнх шиг араатан болоогүй. Өнөөдөр хүний мөс чанар гэдэг араатан шиг болчихсон. Тэр тусмаа гарч ирж байгаа залуу үе бүр илүү араатанлаг зан чанартай болчихсон. Намайг ингэж хэллээ гээд шүүмжилнэ үү, гомдоно уу хамаагүй.

-Таны хөндөж ярьдаг үндэсний сөрөн тэсвэрлэх даван туулах чадавхын тухай манай сонин өмнө нь ярилцаж байсан. Дахиад ч энэ тухай яримаар байна. Сөрөн тэсвэрлэх чадварыг бид яаж нийтээрээ бий болгох вэ?

-Аливаа бэрхшээл, гамшиг, осол бусад үед оршин тогтнох нэг том үндэс бол үндэсний сөрөн тэсвэрлэх даван туулах чадавх. Энэ чадавхын гол үндэс нь ард түмэн байдаг. Хэрэвзээ өнөөдөр бүгдээрээ хоорондоо хэрүүл уруултай, хот айлаараа, гэр бүл дотроо, уул амаараа бүгд хуваагдчихсан байгаа үед хүндрэл тохиолдвол бид нэгдэж байгаад давж чадах уу. Саяын Японы жишээг та хар даа. Онгоцны цонхоор гал дүрэлзэж байхад үйлчлэгчийн зааврыг хараад  сууж байгаа япончуудыг. Манайх бол аль хэдийнэ ухасхийгээд нэгнийгээ түлхэж унагаад нэгэн дээрээ овоороод 300 гаруй хүн бүгд шатаж дуусна. Дараа нь хэн нэг хүн рүү дайраад л суух байсан. Тэгэхэд тэнд ямар том сахилга дэг журам, эх оронч хүний мөн чанар гэдгийг харуулав аа.Үүнийг л гамшгийн соёл гэж яриад байгаа юм.

Бид ард түмэнд гамшгийн соёлыг эзэмшүүлэх гэж хичээгээд байгаа. Ярьж байгаа яриаг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана гэгчээр тоохгүй юм аа. Бид газар хөдлөлтийн аюул заналаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах сургалтууд их л хийх юм. Сүүлийн үед Монгол Улсын газар хөдлөлтийн тоо давтамж нэмэгдэж байгаа. Сая Японд болсон газар хөдлөлт 7.6 магнитуд гэдэг ес орчим балл. Улаанбаатар хот газар хөдлөлийн мужлалаар найм, долоон баллын дотор л байгаа. Түүнээс дээш бол бид бүгд сүйрнэ. Тийм аюул тохиолдсон үед бүгд хоорондоо хэрэлдээд, уйлж хашгираад, энд тэндгүй хулгай зэлгий хийгээд, дээрэмдээд, учир зүг нь олдохгүй, удирдлагад орж өгөхгүй, хэлснийг ойлгохгүй, хүмүүнлэгийн тусламжийг булаацалдаад. Энд тэндгүй хашгиралдаад, амиа бодоод байвал яаж улс үндэстэн оршин тогтнож үлдэх юм бэ. Хэчнээн ядуу зүдүү байж болно. Туурга тусгаар улс минь байна, төр минь байна. Ядуу зүдүү ч гэсэн ард түмэн байна. Одоо бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хүний мөс чанар. Яг энэ янзаараа удах юм бол бид мөхөл рүүгээ мөлхөж байна л гэсэн үг шүү.

Хүүхэд багачуудаас эхлээд эх оронч хүмүүжил олгох, соён гэгээрүүлэх хувьсгал хийх хэрэгтэй.

-Хүн ардын хувьд гамшгийн соёлын тухай нэлээд түүхий мэдлэгтэй гэж ойлгогдлоо. Онцгой байдлын байгууллагын хувьд хэр сайн чадавхжиж байна вэ?

-Миний зүгээс нэг зүйлийг баттай хэлнэ. Ямар ч хүндрэл бэрхшээл тохиолдоход онцгой байдлын байгууллагын хэдэн албан хаагчид бид ажилладгаараа л ажиллана. Гэхдээ өнөөдрийн Япон, АНУ, ОХУ, БНХАУ-ынх шиг тийм өндөр түвшинд хүрчихсэн, олон хүнтэй, хүчин чадавхтай биш. Зохих түвшний багаж хэрэгсэл байгаа. Багаж хэрэгсэл, машин техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 20 жилийн өмнөх Онцгой байдлын байгууллагатай харьцуулахад эрс өөрчлөгдсөн. Хүний нөөцийг иж бүрнээр бэлтгэхэд анхаарч байна. Багаж хэрэгсэл байлаа гээд хүмүүсээ сургаж бэлдээгүй бол ажиллаж чадахгүй. Тийм учраас онцгой байдлын байгууллагаас хүний нөөцөө чадавхжуулах бодлого барьж байгаа. Үүнээс гадна Монгол Улсын ард иргэд өөрсдөө чадавхжих нь өргөн цар хүрээтэй асуудал болчихоод байна.

Бид сүүлийн 10 жил дэлхийн улс орнуудад нэвтрүүлж байгаа ослын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр олон чиглэлээр үзэж байна. Энэ чиглэлээр АНУ-ын Ойн албатай хамтарч байгаа. Сая өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхийлөгч үүрэг өгсний дагуу Стратегийн команд штабын сургууль гэж том сургууль хийсэн. Тэр сургуулиар ослын удирдлагын тогтолцоо, онцгой байдлын ажлын удирдлагын төвийг туршиж үзсэн юм. Энэ бол цаашид их боломжтой юм билээ. Тийм учраас энэ тогтолцоог нэвтрүүлнэ. Байгууллагууд хоорондын уялдааг хангах, бүх шатанд хийх ажил тодорхой болно.Цааш яривал их зүйл байгаа.

-Та өнгөрсөн жил Туркэд болсон газар хөдлөлтийн дараах эрэн хайх ажиллагаанд багаараа үүрэг гүйцэтгэсэн. Ковидын хугацаанд штабыг удирдлаа. Өмнө нь ч олон осол гамшгийн үед ажилласан байж таарна. Ослын удирдлагын тогтол цоог манайх хэрэгжүүлэхэд бэлэн гэж ойлгож болох уу?

-Ковидын үед Шуурхай штаб ослын удирдлагын тогтолцоогоор ажилласан юм. Би хувь хүний зүгээс сургалт хийж судалсаар байгаад жаахан дөртэй болчихгүй юу. Түүнийгээ ашиглаад ажилласан. Яг болсон. Олон байгууллага цугларсан үед тэр олон хүмүүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах гэдэг хамгийн эхний ажил байдаг. Туркэд үүрэг гүйцэтгэхээр очиход эхний гурав, дөрвөн өдөр миний ажигласнаар тэнд учраа олохгүй байсан. Хаана нь удирдлага яваа нь мэдэгдэхгүй бужигнаад байсан. Тав, зургаа дахь хоногоос эхлээд Батлан хамгаалахын сайд, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг хүмүүс ирээд удирдлагыг бий болгож аажмаар бүх зүйл хяналтад орж эхэлсэн. Үүнийг хөндлөнгөөс ажиглаж л явлаа. Яг үзсэн номон дээр байдаг зохицуулалт гэдэг хамгийн чухал юм аа гэдгийг Туркэд очоод өөрийн биеэр харсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын байгууллага бол ямар ч гамшиг, осол тохиолдсон үед үндэсний хэмжээнд зохицуулалтаар хангана гэдэг үүрэгтэй. Зохицуулалт ямар чухал юм бэ гэдгийг энэ хоёр том кейс дээр мэдэрсэн учраас албан хаагчдаа сургаж бэлтгэх нь их чухал байгаа юм. Ерөөсөө хяналтгүй хаячихаж болохгүй. Маш хурдан хяналтад аваад ард иргэдтэй ойлголцоод урагшаа явах тактик байхгүй юу.

-Сөрөн тэсвэрлэх чадавхыг яаж бий болгох тухай та дурдсангүй?

-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бүхэл систем. Ард иргэдээ тулгуурласан нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуур баганатай, эх оронч үзэл, эв нэгдэл, соёл, ёс суртахуун, нөөц, хууль эрх, тогтолцоо, стандарт, хариу үзүүлэх хүсэл эрмэлзэл юм. Нэг жишээ хэлье. Японд нэг удаа газар хөдлөлт болсны дараа хүмүүнлэгийн тусламж ирээд ус тараасан байгаа юм. Япончууд бүгд нэг шугамд жагсаад ус авч байсан. Дунд нь ус нь дуусчихсан. Ус авах гэж ирсэн хүн “Уучлаарай, би танд төвөг болчихлоо” гэсэн. Тэгсэн нөгөө ус түгээж байсан  хүн нь ч “Би бас танд төвөг удчихлаа. Маргааш ирээд ус аваарай” гэхэд “За” гээд л яваад өгсөн. Үүнийг л товчхондоо үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх гэх юм уу даа. Гэтэл манайд эсрэгээрээ.

-Монгол сэтгэхүйд буулгахад хэцүү юм…?

-Ямар ялгаа байгаа юм бэ. Адилхан толгойтой, гартай хүн шүү дээ. Ямар өндөр түвшний хариуцлага соёл ухамсар тэгж төлөвшдөг байна аа.

“Мандал даатгал” ХХК-иас надад гурван ном явуулсан байсан. Тэдгээрээс би “Менежментийн психилоги” номыг уншаад дуусч байна. Түүн дотор яг миний ажил төрөлтэй ойр, тэр зарчмыг хэрэгжүүлж явж байгаа том асуудал байна лээ. Тэр бол нөхцөл байдлын анализ, баримтлах бодлого, хэрэгжүүлэлт гэсэн гурван араа байгаа юм. Гамшгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэ зарчмаар ажилладаг юм.

Ер нь Монгол Улс хэрэв цаашид оршин тогтноё гэвэл өнгөрсөн 30 жилийнхээ амьдралд маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Харин та иргэдэд яаж сөрөн тэсвэрлэх чадавх суулгах вэ гэж том систем дотроос жижиг зүйлийг асуугаад байна. Би жижиг зүйлд хариулт өгөхөөр өчүүхэн зүйл сэтгэх гээд байна. Бүхэлд нь дүн шинжилгээг бүх шатандаа, салбарт хийх хэрэгтэй. Үүнийг улс төрийн ямар нам хүчин байсан хамаагүй хийх ёстой. Цаашдаа нөхцөл байдлын анализыг бодитоор хийгээд, ямар бодлого баримтлах, үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг гурван зүйлийг ярих цаг нь болчихсон. Гагцхүү үнэнийг ярих хэрэгтэй.

Бид бол өчнөөн сургалт хийж байна. Одоо тоож байгаа ч амьтан алга. Хамгийн сүүлийн жишээ гэхэд цаг агаарын мэдээг бид бүх мэдээллийн хэрэгслээр анхааруулж, таны гарт хүртэл мессэжээр очиж байгаа. Хэлсээр байхад зориуд, санаатай юм шиг цасан шуурганаар гараад явчихдаг. Өдөр бүр манайд хүн төөрч осгоод нас барчихлаа гэдэг мэдээлэл ирж байгаа. Дайн байлдаан болоогүй энхийн цагт өдөр бүр нэг эрдэнэт хүний амь нас үрэгдэж байна. Яагаад монгол хүний үнэ цэнэ шалдаа уначихсан, хэнд ч хэрэггүй болчихсон юм бэ. Бид ер нь яг юу болчихоод байгаа юм бэ. Үүнийг л асууж байж урагшилна.

-Нэг зүйл сонирхол татаж байна. Үндэсний дархлааг бууруулах, ард иргэдийн сөрөн тэсвэрлэх чадварыг алдагдуулахад олон нийтийн сүлжээ хамаатай юу?

-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх дотор нэг анхаарал хандуулах асуудал бол олон нийтийн сүлжээгээр дамжуулж тухайн улс үндэстний ард иргэдийн тархийг угаах ажил явагддаг. Чадавхгүй болгох олон тактикийн нэг нь энэ. Миний хамгийн их шаналж байгаа зүйл бол энэ улсын ирээдүй. Бид ямар ч хэрэггүй хов живээр хөөцөлдөөд, нэг гэр бүлийн хоёр саллаа гэхэд улсаараа хоёр хуваагдаж байгаад хэрэлдэж байна. Тэгсэн хэрнээ яг үнэ цэнэтэй, газар шороо тусгаар тогтнол дээр юу ч дуугардаггүй.

Монгол Улсыг зориуд ингэж хэврэгшүүлж, тархай бутархай байлгаж, хөөсрүүлж амьдруулах гаднын том эрх ашиг яваад байна уу гэж сүүлийн үед бодоод байгаа. Энэ нийгмийн амьдрал, улс үндэстэн, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой дуугарсан бүхнийг дэвсэлж байна. Одоо бол хяналтаа алдчихсан. Сүүлийн үед эх оронч үзэл, үндэсний дархлаа ярихаас зугтаад байгаа юм шиг. Улс үндэстэн мөхөхгүй байх үндэс Японы энэ онгоцны осол байлаа. Япон хүн ингэж л эх орныхоо төлөө зүтгэдэг юм байна. Саяхан нэг хүн надад сонирхуулж сонин жишээ ярьсан. Японы газар нутаг далайд живж байгаа. “Хэрэв улс маань живээд газар нутаггүй болчихвол та нар өөр улс орон руу нүүх үү” гэсэн санал асуулга Японд явуулж л дээ. Тэгэхэд санал асуулгад оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь “Улстайгаа хамт живж дуусна” гэсэн байдаг. Ийм жишээгээр яриагаа өндөрлөе дөө. Монголчууд маань нэгийг тунгаана биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Галаас дөрвөн хүүхдийн амийг аварчээ DNN.mn

Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14.16 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дугаа тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ. Гал түймрийн голомтоос 13 настай М, 11 настай Т, 7 настай Т, 8 настай Д нарыг аварчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрээний цагаан сарын үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас 50 ААН оролцож байна DNN.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо “Цагаан сар”-ын үзэсгэлэн худалдаа эхэллээ.

Энд манай улсаас 50 гаруй ААН оролцож байна. Тодруулбал, үзэсгэлэн худалдаанд арьс ширэн цүнх, савхин хүрэм, ноолуур, сарлагийн хөөвөр, булган дээл, гоёл чимэглэл, алт мөнгө, зэсэн эдлэл, арьсан гутал, монгол дээл, хантааз хүрэм, булган малгай зэрэг бараа бүтээгдэхүүн дэлгэж байна.

Үзэсгэлэн худалдаанд БНХАУ-аас гадна ОХУ, Пакистан, Энэтхэг улсын 150 гаруй компани, ААН өөрийн орны бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна. ”Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-ийг дуустал үргэлжлэх аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн энэ долоо хоногийн /2024.01.08-2024.01.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

ДАВАА ГАРАГ /2024.01.08/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
4 Эдийн засгийн байнгын хороо “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
5 Эдийн засгийн байнгын хороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
6 Эдийн засгийн байнгын хороо ““Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
7 Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
8 Төсвийн байнгын хороо Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их Эзэн Чингис хаан”
9 Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах  үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
10 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Их Эзэн Чингис хаан”
11 Нийгмийн бодлогын байнгын хороо Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 “Их засаг”


МЯГМАР ГАРАГ /2024.01.09/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
3 Төсвийн байнгын хороо Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
4 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Үндсэн хууль”


ЛХАГВА ГАРАГ /2024.01.10/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 “Үндсэн хууль”
3 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
4 Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх хуралдаан /хаалттай/ 12.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
6 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
7 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”


ПҮРЭВ ГАРАГ /2024.01.11/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 “Их засаг”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 Их засаг”


БААСАН ГАРАГ /2024.01.12/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Эдийн засгийн байнгын хороо Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”
2 Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 “Жанжин Д.Сүхбаат

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 99 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нийт 1621 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1294, гэмт хэргийн шинжтэй 64 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Архангай аймгийн Чулуут суманд 3.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Архангай аймгийн Чулуут суманд 3.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Нэгдүгээр сарын 8-ны 00:25 цагийн үед Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 42 км зайнд 3.7 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.19 100.44

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хятадын эрлийз гэж адлагдах вий” гэх хоцрогдсон айдсаасаа салах цаг болжээ DNN.mn

Манай төрийн түшээд, улс төрийн өндөр албан тушаалтнуудад нэг сонин үзэл байдаг. Хятадын эрлийз гэж хэлүүлэхээс үнхэлцгээ хагартал айцгаана.Хэрэв тэд хятад гаралтай болчих юм бол нэр хүнд, карьер нь уначихна гээд жигтэйхэн их ичиж, эмээх юм.Тийм болохоор улстөрчид нэг нэгнийгээ байсхийгээд л эрлийз, хурлийзаар нь “намнах” явдал түгээмэл.Архив ухаад “Тэр, тэр хятадын эрлийз юм байна шүү” гэж гаргаж тавиад нийгмээр зүхүүлдэг бохир улс төрд гаршсан хүмүүс ч бий. Тэднийхээр бол Монголын төрд хятадын эрлийз өчнөөн олон хүн сайд, дарга хийж байна гэдэг. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас өгсүүлээд Р.Гончигдорж, М.Энхсайхан, Да.Ганболд. С.Баярцогт, М.Энхболд гээд бүгд л хятадын эрлийз юм байх.Нөгөөдүүл нь ч ингэж дуудуулсандаа эмзэглэж, нүүр хийх газаргүй болж бантангуутаа буруу нүүдэл хийж орхидог. Жишээлбэл, Р.Гончигдоржийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хятадын эрлийз гэж баахан шуурсан даа. Сүүлдээ эхнэр нь хятадын эрлийз болж, ийм хүн тэргүүн хатагтай байж болохгүй гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв. Харин П.Очирбат гуай хятад эцэгтэй гэх олны хэл амнаас ухаалгаар мултарч Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй. Тэгвэл М.Энхболдыг хятадын эрлийз гээд чичлэнгүүт нөгөөх нь пайнагт орж гөлийсөөр байгаад улс төрийн карьераа дуусгасан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад нь хятадын эрлийз гэх яриа идэвхижсэн дээ. Тэгэхэд Хүрэлсүх шадар сайд байхдаа “Эрлийз адуу уралдуулахгүй” гэсэн хоёрдмол утгатай юм гаргаж ирэн өрсөлдөгчийг нь ялуулж байв. Дараа жил нь М.Энхболдыг хятадын эрлийз гэж дахиад л давшлахад айгаад хөдөлж чадахгүй байсаар байгаад УИХ-ын даргаасаа бууж, улс төрөөс явсан. Сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цахим сүлжээнд намайг хятадаар яриуллаа” гээд хоёр хүнийг шоронд хийчихэв. Ер нь анзаараад байхад энэ улстөрчид хятадын эрлийз болчихоор амьдрал нь дуусна гэж боддог юм шиг.Ийм яриа гарсны дараа заавал ялагддаг кэйс ч олон.

Монголчуудыг хятадын эрлийз гэж гадуурхаж, жигших үзэл социализмын үеэс эхтэй. Гэхдээ социализмын бүх цаг үеийн түүхэнд биш шүү. Ю.Цэдэнбалын үеэс л монголчуудыг эрлийз, хурлийз гэдэг ялгаварлал хүчтэй дэлгэрсэн. Харин 1960-аад он хүртэл Монгол Хятад хоёр улс ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн юм. Тэгж яривал “Дорно зүгээс наран мандлаа. Дорнод Хятадаас Мао төрлөө” хэмээх мөртүүдийг хүн болгоныг цээжлүүлэн дуулуулдаг байсан гэдэг. Улаанбаатар хотыг энэ дөчин мянгат, их дэлгүүр, 120 мянгат гээд хятад ах дүү нар барьж өгсөн юм гээд л хуучны ном сонин дээгүүр дүүрэн байгаа. Эндээс харахад манай хоёр улс үнэхээр зузаан нөхөрлөж ирсэн. Ю.Цэдэнбалын үед хятадын эрлийз гэгдээд буруудаж, албан тушаалаасаа унадаг байсан нь орчин цагт огт өөр болсон шүү. “Тэр намайг хятад гэж хэллээ” гээд айж чичрээд байх хэрэггүй. Энэ бол үнэхээр хоцрогдсон, тэнэг айдас.

Оны өмнөхөн Ч.Хүрэлбаатарыг хятадын эрлийз болохыг нь дэлгэлээ гээд л дээр, дооргүй амтай болгон нь ярих шив. “Бурхан минь Ч.Хүрэлбаатар чинь хятадын төд дэх үеийн хүүхэд байжээ. Ийм хүнийг өдий болтол сайд, дарга хийлгээд явж ирсэн байна шүү дээ.Даанч яав даа” гэж нийгэм даяараа халаглацгааж байгаа харагдав. Ядаж байхад Ч.Хүрэлбаатар нь хүртэл өөрөө сандарч гүйгээд барьц алдаад байх юм. Хашир улстөрч хүн байж “Би эрлийз биш” гээд дэвхцэж, цовхчиж байгааг нь харахад цочмоор байлаа. Яг үнэндээ түүнийг эрлийз гэж цоллосон хүнээс нь ч илүү энэ үйлдэл нь сэжиглэмээр санагдав. Шинэ оны эхний өдөр архивын байгууллагыг тэр чигт нь ажиллуулж, өөрийнхөө намтар түүхийг дэлгэж, мэдэгдэл хийх Ч.Хүрэлбаатарыг хүн бүхэн гайхаж харж байсан. Энэ эрлийз гэдэг яриаг нийгэмд гаргаж тавьдаг нэг нөхөр байдаг юм шиг байна. Олны ярианаас сонсоход Женко гэцгээж байна. Орчин үед эрлийз гэж ингэж хүчтэй маргалдаж байгаа хүн Женко гэгч та хоёроос өөр байгаа юм уу. Женкогийн хувьд урьд нь олон хүнийг ингэж хятадын эрлийз хэмээн зарладаг байсан нь үнэн бол ёстой бүдүүлэг байна.Тэгээд ч гаргаж тавилаа гээд яадаг юм бэ.Тоохгүй л байвал болоо юм биш үү. Та нар өөрсдөө ингэж эмзэглэж гүйгээд байхаар чинь улам л элдэв юм ухаж гаргаж ирээд ялсан баатар болж бах тав нь ханах үндэс болоод байгаагаа хардаггүй хэрэг үү. Ингэхэд та нарыг хятадын эрлийз гэдгийг тоогоод сүйд болж байгаа газар байна уу. Энэ бол дэлхий ертөнцөд энгийн үзэгдэл болсон. Жишээлбэл, Английн Ерөнхий сайд Р.Сунак гэж тус улсын колони байсан Энэтхэг гаралтай хүн байна.Тэрбээр Английн анхны өнгөт арьст Ерөнхий сайд.АНУ-ын Ерөнхийлөгч асан Брак Обамаг кени гаралтай гэдгийг бүгд мэднэ. Бас Латин Америкийн оронд япон хүн төрийн тэргүүнээр бүхэл бүтэн 10 жил ажилласан жишээ ч бий. Перу улсын ерөнхийлөгч асан Алберто Фүжимори нь тус улсад цагаачилж ирсэн япончуудын хүүхэд байв. Энэ мэтчилэн африк гаралтай америк, герман гаралтай америк, хятад гаралтай америк, япон гаралтай америк гэдэг шүү дээ. Ингээд харахаар эрлийзгүй хүн хаана байгаа юм бэ. Энэ арьс өнгө, цус ярьдаг үзэл дэлхийд байхаа болиод удаж байна. Яахав вэ, бүдүүлэг тосгон хавьцаа бол иймэрхүү яриа явж байхыг

үгүйсгэхгүй. Манайхаар бол өнөө оркууд хавиар л ийм яриа байх ёстой. Яахав вэ, хоцрогдсоноороо Женко гэдэг нь л улсуудын эрлийз хурлийзыг дэлгэж л байдаг юм байгаа биз. Тэр улс төрийн байгаа оноод ашгаа хийдэг болохоор л гаргадаг байх. Үүнийг нь та нар өөрсдөө тоохоо больчихвол хэн дахиж өдөх юм бэ. Энэ тоож байгаа цочрол чинь гаргаж байгаа хүнээсээ доор шахам эвгүй харагдаж байна. Арай ч Засгийн газрын гишүүний түвшний хүн ийм байх гэж. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийг хариуцсан сайд хүн ингэж аашлах нь дэндүү жижигхэн харагдуулаад байна. Шууд утгаараа Ч.Хүрэлбаатар нь хятадын эрлийз байхаасаа аймар ичиж байгаа юм байна гэж ойлгогдохоор. Та ингэж ичиж байгаа бол яаж Хятад руу очиж хэлэлцээр наймаа хийх гээд байгаа юм бэ. Хятад чинь дэлхийд эдийн засгаараа ноёлж байгаа, хөгжилд хүрсэн хүчтэй том гүрэн. Гэтэл хөрш орны зэргэлдээ Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд нь “Би хятад хүн биш” гэж орилоод, архив самарч тайлбар хийж байхыг өнөө хятадууд нь хараад сууж байгааг боддоггүй юм уу. “Бидний нэг байхаасаа энэ хүн яасан их ичдэг юм бэ. Бид дэлхийд тийм ичмээр үндэстэн юм болов уу” гээд өнөө хятадууд боддоггүй юм уу. Хэн ч гэсэн тэгж бодно л биз дээ. Дэлхий ертөнц даяаршсан өнөө цагт аль нэг орны дотоод асуудал нөгөө оронд ил тод байдаг болсон. Сонирхсон асуудлуудынхаа хүрээнд мэдээллийг цензургүй авах бүрэн боломжтой цаг үе. Тэгэхэд Ч.Хүрэлбаатар сайд нь ингэж дөвчигнөдөг нь буруу байна. Түүний энэ зан үнэхээр илүү байлаа. Дээрээс нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнх нь дүрсийг ашиглаж хятадаар үг хэлүүлсэн хоёр нөхөр түүнийг англи юм уу оросоор яриулсан бол хорих байсан болов уу. Хятадаар яриуллаа, үндэсний аюулгүй байдалд халтай юм боллоо гээд л дэвэн дэлхийгээр нэг шуугиад л эгээ л зурагтаар хэлээ угааж үзүүлээгүй дээ. Манай Ерөнхийлөгч байсгээд л Хятад руу элдэв тусламж хамтын ажиллагаа гээд л очдог. Цаадуул нь “Бидний хэлээр ярихыг доромжиллоо гээд иргэнээ хорьж байгаа хүн манайд ирлээ дээ” гэж бодохгүй юу. Тийм байж элдэв хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл хийе гээд гуйвал эдийн засгийн хамтын ажиллагаа чинь бүтэлтэй байх уу. Ийм энгийн наад захын асуудлуудаа хардаггүй хэрэг үү. Манай төрийн удирдлагууд юун ч хөөргөн, эмзэг болчихсон юм бэ.

Дээдчүүд нэгийгээ эрлийз хурлийз гэж дуудах нь Монгол Улсын нийгмийн харилцаанд их сөрөг нөлөөтөй байдаг. Яагаад гэвэл тэрийг нь доодчууд хүчтэй хүлээж аваад дуурайгаад нэгнийгээ пүү паа болж жигшдэг. Энэ нь нийгмийн доод давхаргад асар хорлонтой үргэлж хооронд нь дайсагнуулсан байдалд байлгавал яах юм. Ер нь дээрээ ингэж арьс, өнгө, угсаа гарлаар биенээ ялгаварлан гадуурхахаар ард түмний хоорондын харилцаанд муу уршигтай.Тэд “эрлийз байх нь гэмт хэрэг” гэж үзнэ. Улам дэвэргэнэ. Энэ хийрхэл манай эдийн засгийг боомилохоос өөр ямар ч нэмэргүй. Тэгээд ч ингэж арьс өнгө, гарал угсаа, яс үндсээр ялгаварлах үзэл дэлхийд хориотой байдаг.Одоо та нар наад хятадын эрлийз гэх хоцрогдсон айдсаасаа салах хэрэгтэй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгой орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа.

Хуваарийн дагуу маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарыг дуустал хүчин төгөлдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ

Авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа DNN.mn

Дэлхий дахинд авлига эрчимтэй нэмэгдэж буй арван орны нэгээр Монгол Улс нэрлэгдэх болов. Сүүлийн жилүүдэд авлигын индексээр байнга л ухарсаар ирсэн. “Хамгийн муу үзүүлэлттэй улс” гэж бүхэл бүтэн таван жил цоллогдлоо. Энэ бол төрийн бүх шатанд авлига, албан тушаалын гэмт хэрэг замбараагаа алдаж, дийлдэшгүй том систем ноёлсонтой холбоотой. Эрх мэдэлтнүүд иргэдээсээ, ирээдүйгээсээ ямар их боломж хулгайлсныг том, том мөнгөн дүнтэй хэргүүдээс харж байна.

Монгол Улс 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ажиллагааг түүхэндээ анх удаа манлайлж, “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж эхлэв. Тэр нь “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шил” ажиллагаа юм. Энэ хүрээнд Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн сонсголыг ард түмэнд нээлттэй, ил тод зохион байгуулахад Засгийн газар анх удаа шүгэл үлээж чадлаа.

Мөн улсын хилээр гарч зугтаасан, гадаадаас авч ирэх шаардлагатай 92 хүний нэрсийг “Шувуу” ажиллагаагаар олон нийтэд зарлаад байгаа. Эхний баривчлагдаж ирсэн хүн Т.Бадамжунай байв. Түүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авч ирэхээр холбогдох байгууллагууд бүх талын арга хэмжээ авч ажилласаар буй. Тэгвэл “Шил” ажиллагааны хүрээнд дөрвөн тусгай сангийн мэдээллийг олон ил тод байршуулсан. Мөн 975 мянган өгөгдөл мэдээллийг нийтэд болгожээ. Тусгай сангуудын мэдээлэл ил байх тусам төрийн хулгай багасна. Энэ мэтчилэн авлигыг үндсээр нь устгахын тулд Засгийн газар зоригтой бас тууштай тэмцэх ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс удаа дараа мэдэгдэж байсан. Авлигын мафижсан сүлжээг задлахад нам харгалзахгүй хариуцлага тооцох нь ч зөв. Өнгөрсөн 30 жил найз нөхөд, танил талаараа явж ирсэн авлигын гинжин хэлхээсийг тасдахад мэдээж маш их эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарна. Ерөнхий сайд тэр бүгдийг сөрөн зогсож, бугшсан авлигын системийг нурааж чадвал Монгол Улс авлигаас ангижирна.

“5Ш” ажиллагаа эхэлснээс хойш нийгэм, эдийн засагт олон эерэг үр дүн гарч байгааг судлаачид онцлох юм билээ. Эдийн засгийн хувьд ДНБ 5000 ам.доллар давлаа. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоонд хүрлээ. Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөв. Энэ бол авлигын эсрэг тэмцэл тэмцэл үр дүнд хүрч эхэлсний тод жишээ юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Аавлигатай тэмцэх тэмцлийн хамгийн том үр дүн бол төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөө ёс зүйгээр манлайлах соёлыг нутагшуулахад чиглэх ёстой.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Билэгсайхан: Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог DNN.mn

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа.


-Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье?

-Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу орсон. Ингээд ЗХУ татаас өгөхөө больж, өөрсдөө бие дааж яв гэдэг байдал руу орсон. Тэр үед Монгол Улс ургацаа хурааж авч чадахгүй байдалд орсон. Ургац хурааж авч чадахгүй байна гэдэг нь өлсгөлөнд орох нөхцөл үүснэ шүү дээ. Дэлгүүрт давснаас өөр бараагүй болсон. Газар тариалан эрхлэгчид ажилгүй болсон. Үйлдвэрүүд бүгд зогссон. Тухайн үед социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж байсан. Тэд төвлөрсөн маягаар санхүүжилт хийдэг байлаа. Мөн материалаар хангаж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, гутлын үйлдвэр байлаа гэхэд резин, цавуугаар нь хангадаг. Монголчууд дотооддоо хийдэггүй. Ийн төвлөрсөн шугамаар татаас өгч, төвлөрсөн материалын хангамж өгдөг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төвлөрсөн шугамаар тарааж өгдөг байсан. Гэтэл нэг өдөр байхгүй болчихсон. Одоо зарим хүмүүс “Манайх гутлаа өөрсдөө хийдэг, Вьетнам руу гурван сая гутал гаргадаг байсан. Ардчилал гарч ирээд больсон” гэж ярьдаг. Чанартай, чанаргүйгээс үл хамаараад хүчээр Вьетнамд өгдөг байсан юм.

-Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаар Монголд ямар ололт амжилтыг авч ирэв?

-Тухайн үед бид нэгдүгээрт, малыг хувьчилсан.

Монголын Ардчилсан намын анхны ЕНБД-ын хувьд би удирдаж зохион байгуулж байсан. Тухайн үеийн таван жилийн ерөнхий төлөвлөгөөнд 25 сая малтай болох зорилт тавьж байлаа. Тэгвэл өнөөдөр жилд 20-30 сая төл мал хүлээж авч байна. Өнгөрөгч жил нийт 79 сая мал тоологдлоо.

Үүнээс гадна барилга, үйлдвэрийн ажилчдаа яах вэ гэдэг асуудал тулгарсан. Э.Бат-Үүл гадаад паспортыг олгоё гэж анх санаачилсан. Өнөөдөр монголчууд дуртай цагтаа гадагшаа явчихаж байна. Социализмын үед Намын төв хорооноос очиж авдаг байлаа шүү дээ. Ингэхдээ ажилдаа сайн, муу байгаагаас шалтгаалж явуулах үгүйгээ шийднэ. Ингэж тэр хүндрэлээс гарч байлаа. Үүний дараа нийгмийн хямрал үүссэн. Тиймээс нийгмийн зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай болсон. 1990 онд анх сонгууль болсон. 430 депутатаас бие даагчидтай нийлээд Ардчилсан хүчнээс 49 хүн сонгуулиар гарсан. Үндсэн хууль батлах процесс их төвөгтэй явсан. Үндсэн хуулиа баталж чадахгүй бол иргэний дайн руу орно шүү дээ. Монголчуудын том ололт нь Үндсэн хуулиа баталж аваад, хуучин социализмаасаа татгалзсан. Хүн төрөлхтний шинэ жам ёсны хөгжил рүү орсон. Үүнийгээ баталгаажуулж, Зөвлөлтийн эрхшээлээс гарлаа гээд Үндсэн хуулийг баталж баталгаажуулсан.

-Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа та бүхний зорьж байсан зорилго өнөөдөр биелэгдэж үү. Та юу гэж харж байна?

-Ардчилсан намын ЕНБД-ын хувьд би зах зээлд улс төр, эдийн засгийн шинэтгэл хийх концепцыг боловсруулсан. 1991 оны нэгдүгээр сарын 7, 8-нд Монголын Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, баталж байлаа. Тэр концепцын бидний бүх зорилт хэрэгжсэн. Учир нь Үндсэн хуульд тусгасан.

Нэг зүйлийг л тусгаагүй орхигдуулсан. Тухайн үед дутуу бодсон. Нийгэм шунал дээр бүтэж байна. Тэр шунал явж явж намын дээр, Засгийн дээр, улсын дээр гарна гэж тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хулгай зэлгий дийлдэхгүй байна. Үүнийг тухайн үед хязгаарлаж чадаагүй. Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж одоо боддог юм. Эх орноосоо урвасан бол 10-12 жилийн ял оногдуулдаг. Мөн хөрөнгийг нь хурааж, хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай тэмцээд л байна. Тэдэнд өөр арга байхгүй болчихоод байгаа юм. Улс урагшаа явахгүй болчихоод байгаа. Харахаар өөрийнх нь нам, найз нөхөд нь мафи болчихсон байна шүү дээ. Биржээр нүүрс арилжаалдаг болсноос хойш 2021-2023 онд ДНБ хоёр дахин өссөн гэж мэдэгдэл хийлээ. Өөрөөр хэлбэл, 300, 400-хан гэр бүл ийм хэмжээний хулгайг хийж байж. Монголд 900 гаруй өрх бий. Үүний 300, 400 гэр бүл ДНБ-тэй тэнцэх хэмжээний хулгай хийж байж. Жирийн иргэдийн боломжийг хулгайлж гадаадад тансаглаж байна. Тэд хоёр жижигхэн амбаартай гэцгээдэг. Минийхээр бол амбаар гэж айлуудын гадаа байдаг модон амбаарыг хэлдэг. Гэтэл тэдний амбаар гурав, дөрвөн давхар 30, 40 сая долларын үнэтэй “амбаар” байгаа юм. Тиймээс бид Үндсэн хуульд төржсөн мафийг устгах заалтыг тусгаж чадаагүй.

-Үндсэн хуульд өнгөрсөн хугацаанд ойр ойрхон өөрчлөлт оруулсан. Үүнд та ямар дүгнэлттэй байдаг вэ. Үнэхээр нийгмийн шаардлага байсан учраас өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байсан уу?

-Үндсэн хууль өөрөө нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа нь харагдаад байна. Тиймээс ойр ойрхон өөрчлөлт оруулаад байна шүү дээ. 1990 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахад ардчилсан хүчин цөөхөн байсан. Бие даагчтайгаа нийлээд 49-хөн хүн байсан. Тиймээс бид Үндсэн хуульд хамгийн гол заалтаа л авч гарсан. Тэр нь хүний эрх. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн Хүний эрхийн заалтыг батлахын төлөө 330 нэгдлийн дарга нар, АИХ-ын депутатууд ажилласан. Тухайн үед Үндсэн хуульд хүн нь байхгүй харин “мал төрийн хамгаалтад байна” гэсэн заалт байлаа шүү дээ. Үндсэн хуульд оруулахаар анх бидний бодож байсан, ярьж байсан зүйлүүд биелэгдээгүй. Бид баталж чадаагүй. Учир нь дийлэнх олонх хэсэг нь гараа өргөөд баталчихаад байсан. Мал нь төрийн хамгаалалтад байдаг. Хүн нь байдаггүй. Тиймээс бид ерөөсөө л хүний эрхийг баталгаажуулж авъя. Хоёрдугаарт, Зөвлөлтийн эрхшээлээс гарсан гэдгээ тунхаглаж, ямар ч л байсан Үндсэн хуулиа баталж авъя гэсэн зорилготой болсон.

Эргээд Үндсэн хуулийг харахаар салбар хуулиуд гараад ирсэн. Өнгөрсөн хугацаанд 700 гаруй хууль батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, төрд 700 эрх өгчихсөн. Иргэнд 700 үүрэг өгчихсөн байна. Анхны Үндсэн хуулийг харвал хамгийн эхний өгүүлбэр нь “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль Монголын иргэдэд зориулсан хууль. Төрд биш. Үндсэн хуулийн гол зарчим нь төр иргэн хоёр тэнцүү эрхтэй байна. Маргаан үүсвэл түүнийг нь шүүх шийднэ. Гэтэл энэ зарчим өнөөдөр 1400 заалтаар зөрчигдөж байна. Иргэдийг үүрэгжүүлээд л байна. Үүрэгжүүлээд л байна.

Төрийн төлөө монголчууд төрөөгүй. 34 сая ам.долларыг төлөхийн төлөө төрөөгүй. Инээдтэй нь, саяхан ХҮН намынхан Эрдэнэс Таван толгойн ашгийг бүгдээрээ авахаа больё. Дулааны цахилгаан станц барья гэнэ ээ. Шинэ нам нь хүртэл ийм сонин байх гэж. Тэр цахилгаан станцын төлөө бид төрсөн юм уу. Хүн амьд явах ганцхан л эрхтэй. Энэ бол заяагдмал эрх. Амьд явахын тулд агаараар амьсгалах ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатар үхлийн хот болчихоод байна. Утаагаар амьсгалах ёсгүй. Хоол хүнс баталгаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг Үндсэн хуульд дээд зэргээр заасан. Тиймээс Засгийн газар хүний эрхийг хангахын төлөө л ажиллах ёстой. Цэрэг, цагдаа иргэний аюулгүй байдлыг хангана. Эргээд харахаар өнөөдөр бүх юм эсрэгээрээ эргэсэн байна.

Татвар нэмэгдээд л байна. 1996 онд бид бүх татварыг 10 хувь болгож байсан. Импортын татварыг тэглэсэн. Гэтэл өнөөдөр нэг хүн ажиллуулсныхаа төлөө 26.5 хувийн татвар төлж байна. Иргэд хөдөлмөрлөж хөдөлмөрлөж дэлхий дээрх хамгийн бага цалинг авч байна. Үүнийхээ 1/4 хувийг буцаагаад өгчихөж байна. Төрийн төлөө амьдарч байгаа юм шиг болчихоод байна.

-Үүнийг засахын тулд Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөг нээх хэрэгтэй юу. Тэгэхгүй бол төрд бүх юм төвлөрчихөөд байна. Зарим тоогоор ДНБ-ий 60 хувийг төр эзэлж байна шүү дээ?

-Би төрд алба хашихдаа Монголын төрд алба хашиж байна гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэтэл өнөөдөр төрд албан тушаал хаших нь амьжиргаа болчихоод байна. Мөнгө өгөхгүй бол очерлоод эмчид үзүүлэх боломжгүй. Мөнгөгүй бол ямар нэгэн лиценз авч чадахгүй. Гэтэл улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгийг хэсэг нь идэж байна. Ингээд төр гэж яг юу вэ гэж хүмүүс бодоод байна. Төр гэдэг улс буюу иргэд бид. Тиймээс л Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Үндсэн хуулийн энэ заалтыг замхаруулж байна. Өнөөдөр журмаар хүний эрхийг хязгаарладаг болсон. Хүн жагсах, үг хэлэх эрхтэй. Гэтэл үүнийг Үндсэн хуулиар биш, хуулиар ч биш. Ийм журмаар зөвшөөрөл авч жагсаж, үг хэл. Зөвшөөрөл аваагүй бол хууль зөрчсөн гэж байна. Ийм байж болох уу. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө өнөөдөр бүгдээрээ шоронд орж байна.

Төрийн албыг албажуулж байна. Торгуулиар тэдэн төгрөг улсын төсөвт төвлөрүүл гэдэг үүрэг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хуулиар 68 тэрбум төгрөг төрд төвлөрүүлэхийн тулд цагдаа болж байна. Ингээд хүний эрхийг зөрчих тухай асуудал үүсч байна. Хүний эрхийг зөрчиж байж тэр хүн торгууль төлнө. Тиймээс ямар нэгэн шалтаг хэлээд торгууль ногдуулж байна. Гэртээ байж байгаад телевизор руугаа салаавч гаргаад торгуулж байна. Тэр хүний гэр, орон байр халдашгүй дархан шүү дээ, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Австрид салаавч бид ялна гэсэн утгатай. Болгарууд толгой сэжилбэл “Оkey” гэсэн утгатай. Тиймээс тэр салаавч гаргасан иргэн ямар ч хүмүүжил, соёлтой байж болно. Манайд цагдаа нь хүртэл маш хурдан арга хэмжээ авч байна. Гэтэл өнөөх ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Хэдэн их наядаар хулгайлсан хүмүүс ял шийтгэл аваагүй байгаа биз дээ. Гэтэл хэдэн хүүхэд салаавч гаргасныхаа төлөө торгуулж байна.

Үүнээс хүний эрх ямар ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Тиймээс төр цомхон байх ёстой. Өнөөдөр төрийн 225 мянган албан хаагч амьдрах гээд л явж байгаа. Гэхдээ амьдрах арга нь өөр болчихоод байна. Төрд өөрийн хүнийг шургуулж байж бусад нь бизнесээ авардаг, тендерт ялдаг систем бий болсон. Ашиггүй ажиллаж байгаа маш олон улсын үйлдвэрийн газар бий. Хувийн хэвшилтэй давхардсан газруудыг хувьчлах хэрэгтэй.

Ард түмэн бүгдээрээ нийлж байгаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг хэдэн нөхөд хулгай хийж байна. “Хөшөө тийш хөврөх ардын зам баларсангүй” гэсэн Ш.Сүрэнжав гуайн шүлгийн мөрт бий. Үүн шиг өнөөдөр Төрийн ордон-Ганц худаг гэсэн зам нээгдчихлээ. УИХ-ын гишүүд нь бүгд хулгайчаараа дуудагдчихсан. Зармыг нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихсэн суугаа. Гэсэн хэрнээ шийтгэж дийлэхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төр гэдэг нэрийг ашиглаж 400 гэр бүл баяжиж байна. Дээр нь тэр хулгайчдыг прокурор, шүүх, цагдаа, АТГ бүгд хамгаалж байна. Энэ эрүүл зүйл үү. Үндсэн хууль өнөөдөр ингэж хэрэгжиж байна. Үндсэн хууль боловсронгуй биш байгаа учраас дахин дахин өөрчлөгдөөд байгаа юм.

Монголд хоёр танхимтай парламентын тогтолцоо тохирно. 400 депутат байсан бол хулгай хийсэн, нүүрсний хулгайд нэр нь холбогдсон Бага хурлынхаа гишүүдийг тэр дор нь хөөнө шүү дээ. Өөрсдөө оронд нь суухаа бодно. Дараа нь Бага хурал нь сайдуудаа “нясалчихна”. Манайд хяналтын систем алга. Ерөнхий сайдын эрх нэмэгдсэн нь дэвшил болсон. Учир нь манай төрийн бүтэц их сонин. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог. УИХ мөн бүх ард түмнээс сонгогддог. Ингээд эрх мэдлээ байнга булаацалдаад байгаа юм. Би харин Л.Оюун-Эрдэнийг магтмаар байна. Найман жил тэсээд, иргэдийг мунхруулаад, янз бүрийн сенсааци гаргаж найман жил торгоож байна. Иргэд яагаад “маллагдаад” байна гэхээр амьдрал нь ядуу учраас тэр. Нийт иргэдийн 27.8 хувь нь ядуу гэсэн статистик байна. Саяхан М.Оюунчимэг чуулган дээр нийт иргэдийн 80 хувь нь ядуу байна гэж хэлсэн. ДНБ таван мянган ам.долларт хүрсэн гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Өр төллөө гэсэн чинь харин ч 10 тэрбум ам.доллароор нэмэгдчихсэн байгаа. Ингэж ярьж болохгүй шүү дээ. Төр хүний төлөө байх ёстой. Иргэд төрийн төлөө төрөөгүй шүү дээ.

-Өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж та харж байна вэ?

-Эхлээд санхүүгийн хоёр дахь зах зээлээ нээх хэрэгтэй. Үүнийг боловсронгуй болгох ёстой. Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус байгууллагуудад зөвшөөрөл өгдөг байгууллага болчихсон. Гэтэл өнөөдөр Монголбанкныхан бүгд банк бус санхүүгийн байгууллагатай байна. Дээр нь ломбардтай. Өөрөөр хэлбэл, мөнгө хүүлэх бүхэл бүтэн энд систем байна. Үүнийг санхүүгийн хоёр дахь зах зээл гэж ойлгож болохгүй. Тиймээс санхүүгийн хоёр дахь зах зээлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, газар гэдэг бол эдийн засгийн үндэс суурь. Тиймээс газрын шинэтгэлээ хийж, иргэн бүрд нэг га газар өгөх ёстой. Монголын нутаг нэг сая 622 километр квадрат нутагтай. Иргэн бүрд нэг га гэхээр 36.5 километр га газрыг болно. Эдийн засагч Дэмбэрэл өрх бүрд хоёр га гэж яриад байна лээ. Анх эсэргүүцдэг байсан. Тиймээс сонгуульд хүмүүс ингэж амлаж орох байх.

0.7 га газар олголт 17-хон хувьтай байгаа юм билээ. Иргэд газар авахгүй байгаа шалтгаан нь эдийн засгийн үр ашиггүй гэж бодоод байна. Тиймээс Эрдэнэс Таван толгойн 99 хувийг хувьчлах ёстой. Бид 34 тэрбум ам.долларыг төлөхийн тулд төрөөгүй. 400 гэр бүл хууль хяналт, шүүхийнхнээр хамгаалуулчихаад бидний баялгийг идэж байна. Тиймээс бид тэднээс баялгаа авчих хэрэгтэй. Үүнийг ярихаар манай намынхан намайг бэлэн юм амлаад, коммунист байна гэсэн. Манай улс зах зээлд шилжээд 34 жил болж байна. Үхэл хатал, өвчин зовлон, өр зээл гэхчлэнгээр иргэд яаж ийгээд өнөөдрийг хүргэсэн. Тиймээс нэг удаа нөхөн төлбөр өгөх ёстой. Иргэд аргаа бараад таксинд явж байна шүү дээ. Өнөөх луйварчид бүх зах зээлийг эзэлчихсэн учраас тэр. Солонгосын компаниудыг харвал жижиг ажлуудыг нь жижиг компаниуд хийдэг. Ингэж байж цогц машин босгодог.

Гэтэл манайх бүгдийг хийнэ. ТҮЦ ч ажиллуулна. Сүлжээ дэлгүүр ч ажиллуулна. Бүгдийг нь томчууд нь авчихаж байна. Хонь хулгайлаад долоон жил шоронд явж байна. Харин их наядаар нь хулгайлбал гишүүн болж байна. Энд иргэд ч буруутай. Тухайн үед 100 мянган төгрөг авчихвал болчихоод байна. Тиймээс бидний гурав дахь алхам хувь хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстой. Төр нь зөвхөн иргэний төлөө байх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ