Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс гиннесийн дээд амжилтыг тогтоов DNN.mn

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн мазаалай баавгайг хамгаалах зорилтын хүрээнд “Мазаалай” олон улсын цас мөсний наадмын нээлт өчигдөр боллоо.

Энэхүү наадмын нэгэн онцлох үйл явдал нь хамгийн багадаа 200 хүн нэг цагийн дотор мөсөн гулгуураар гулсах гиннесийн амжилтыг тогтоох юм.

Монгол Улс Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Тэгвэл чадварлаг мөсөн урлаачдын бүтээсэн 12 метр өргөн, 18 метрийн урттай гулсуураар 408 хүн гулсаж Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоолоо.
May be an image of harp and text that says "GUINNESS ORI| RECORO TORLD CERTIFICATE The most people down an ice slide in one hour was achieved by the Ministry of Environment and Tourism and the Ministry of Culture (both Mongolia), organised by Mongolia Tourism Organization (Mongolia) in Ulaanbaatar, Mongolia, on 14 January 2024 OFFICIALLY AMAZING GUINNESS RECORD HOLDER"

Гиннесийн амжилт тогтоох энэхүү арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

ЛУВСАНДАШИЙН ДАШДОРЖ

(1961-2024)

Бидний хайрт аав, халамжит хань, өвөө, ах, дүү, дотнын найз, эрхэм хүн, төрийн зүтгэлтэн, эдийн засагч Лувсандашийн Дашдорж 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Дашдорж нь 1961 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Сэдгочоогийн Лувсандаш болон Цагааны Дуламсүрэнгийн гэр бүлд отгон хүү нь болон мэндэлжээ. Тэрээр 1969-1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд суралцаж төгссөн. 1979-1984 онд Москва хотын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцан хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлийг эзэмшиж, 1994-1995 онд Японы Сайтамагийн Их сургуульд суралцаж эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан. Л.Дашдорж нь ажил хөдөлмөрийн гараагаа Сангийн яамнаас эхлүүлсэн бөгөөд 1984-1992 онд тус яамны Улсын нэгдсэн төсвийн газарт мэргэжилтнээр, 1992-1994 онд тус яамны Валют, эдийн засгийн газарт эдийн засагчаар, 1994-1996 онд Төрийн сангийн газарт ахлах эдийн засагчаар, 1996 онд Төсвийн бодлогын газарт Төрийн сангийн хэлтсийн даргаар, 1996-2000 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан. Тэрээр 2000 оноос “Галт Гарьд” санхүүгийн зөвлөх компанийн ерөнхий захирлаар ажиллажээ. Л.Дашдорж нь 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн сахилга батыг сахиулах, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг дэмжсэн томоохон хууль, санаачилгуудыг хариуцан ажилласан юм. Үүнд, 2011 онд шинэчлэн батлагдсан Төсвийн тухай хуульд иргэдийн оролцооны талаар тусгайлан тусгаж, Орон нутгийн хөгжлийн сан байгуулах тогтолцоог бий болгосноор иргэд төсвийн төлөвлөлт, шийдвэр гаргалтад шууд оролцох, улмаар төсвийн төвлөрлийг бууруулах, иргэдийн дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй байв. Мөн улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтыг ил тод болгож, олон нийтийн хяналтыг тогтоох зорилготой Шилэн дансны тухай хуулийг санаачлан 2014 онд батлуулж байсан бол Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг ахалж, байгалийн баялгаас үүсэх орлогыг хуримтлуулах замаар ирээдүй хойч үедээ өвлүүлэх тогтолцоог бий болгосон уг хууль нь 2016 онд батлагдсан юм. Талийгаачийн Монгол Улсын хөгжил дэвшил, төсөв, санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, нөр их хөдөлмөр, шулуун шударга, эелдэг нөхөрсөг, хошин зан чанар, гэр бүл, найз нөхдөө эрхэмлэсэн амьдрал нь бидний сэтгэлд үүрд санан дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Цэнгүүн: Ардчилсан нийгэмд өсч торнисон эрх чөлөө, чөлөөт зах зээлээс өөр зүйлийг биеэрээ мэдрээгүй бүхэл бүтэн үе бий болсон учир томоохон өөрчлөлтүүдийг зоригтой хийх хөрс үүссэн DNN.mn

Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Таны хувьд АН-ын удирдлагын багт орж ирсэн “GEN Z” үеийн төлөөлөл гэдгээр нийгмийн анхаарлыг татсан. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Саруулсайханы Цэнгүүн гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Одоо 26 настай. Би ШУТИС-КТМС- ийн Бизнесийн удирдлага, Маркетинг менежментийн ангийг төгссөн. Маркетингийн менежерээр төгссөнөөсөө хойш дэд бүтцийн салбарт ажиллаж байсан туршлагатай. Манайханд нийтлэг байдаг ойлголт нь Маркетингийн менежер хүнийг зөвхөн гоё чамин зураг авалттай зар сурталчилгаа хийдэг хүн гэж боддог. Зар сурталчилгаа болон маркетингийн доторх идэвхжүүлэлтэд ашигладаг нэг л зүйл бол “маркет”. Энэ үгийн цаад утга нь зах зээл юм. Үүнээс харвал маркетингийн менежер нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг харж хэрэглэгчийн зан байдлыг тандаж, мөнгөний урсгалыг анализ хийж тухайн бүтээгдэхүүн, санааг амжилттай зах зээлд нэвтрүүлж ашиг орлого олох боломжийг бүрдүүлдэг. Тэр утгаараа би өөрийн ажиллаж байсан салбаруудад мэргэжлийн онцлогоор зах зээлийн судалгааг байнга хийдэг байлаа. Инженерийн дэд бүтцийн салбарын тухайд халаалт, цэвэр, бохир усны бие даасан болон төвийн нэгдсэн системийн шугам сүлжээнд ямар асуудлууд тулгар ч байгаа талаар олон жил дотор нь явсан туршлагатай. Улаанбаатарын нүхэн жорлон, утааны асуудлыг анхандаа технологийн шийдэл байхгүй учраас тэр талаас нь шийдэх ёстой гэж олон судалгаа бүтээгдэхүүн туршиж үзсэн. Үүний дараа Засгийн газрын бодлогоор дэмжих ёстой гэж монголчууд бүгд бодож олон төрлийн төслүүд санаачилж татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлсэн.

Гэтэл дэд бүтэц шиг үр өгөөж нь маш урт хугацаанд гардаг төслүүдэд улсаас хөрөнгө мөнгө оруулах нь эрэлт нийлүүлэлтээ гүйцэж чадахгүй, цаашид тэдгээр төслүүдийг бүрэн хэмжээнд энэ хурдтайгаар хийх боломжгүйг нотолсон. Үүний дараа хувийн компаниуд банкуудтай нийлж хэрэглээний ногоон зээл хэлбэрээр айл өрхүүд хашаандаа жорлон, халаалтаа шийдэх боломжийг гаргасан боловч амьжиргааны түвшин хэт бага тул ахиц муутай уриа лоозон болж хоцров. Энэ бүхнээс харахад утаа, нүхэн жорлонгийн асуудал технологи, улс төрийн асуудал огт биш. Улаанбаатрын асуудлууд бол цэвэр ядуурал гэсэн ганцхан хариулт надад үлдсэн юм.

-Таны улс төрд орох болсон шалтгаан, итгэл үнэмшлийг сонсмоор байна?

-Би багаасаа индивидуал, эрх чөлөөтэй байх үзэл санаанд их ач холбогдол өгдөг хүүхэд байсан. Бусдаас хараат бишээр, ямар нэг бүлгийн шахалт дарамтаас болж аливаа зүйлийг хийхийг маш их эсэргүүцдэг байлаа. Энэ дээр манай ардчиллын сул тал гардаг болов уу. Нийтийн эрх ашгийг хангахын тулд нэг хувь хүний эрх ашгийг няцаадаг. 2021 оны зун “Liberty summer school” гэж манай Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшингийн жил бүр зохион байгуулдаг тав хоногийн сургалтад очсон юм. Тэнд “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн, МУГЖ Д.Сосорбарам, Да.Ганболд гуай гээд эрх чөлөөний төлөө хүчтэй дуугардаг олны танил хүмүүс байсан. Мөн Монголд либертари үзэл санааг нутагшуулахад хүчтэй нөлөө үзүүлж байгааг Ц.Мөнхбаяр, Н.Хасар, Х.Билгүүнбаяр, Оргил-Эрдэнэ нар гэх оюунлаг залуустай танилцах боломж олдсон юм. Энэ сургалт миний хувьд сэтгэл дотроо бачуурч явсан, нийгэмд болохгүй зүйл байна гэдгийг үргэлж мэдэрч бухимддаг байсан ч яаж илэрхийлэхээ ойлгодоггүй байсан тэр бөглөөг авч хаях шиг болсон юм. Миний мэдэрч бухимддаг, бусдаас арай ондоошиж байсан зүйлс хойноо философи, эдийн засгийн онол гэх мэт зүйлстэй нэгдэхийг мэдрэх гайхалтай байсан. Түүнээс хойш эдгээр хүмүүстэй уулзаж илүү уншиж явах замдаа улс төрийн идэвхтэй хүн болж хувирсан болов уу. Одоо ч маш их зүйл уншиж судлах дутуу байгаа. Аваад уншиж амжаагүй номуудаа хараад маш их догдолдог. “Мизес” сангаас орчуулж гаргадаг Австрийн эдийн засгийн онол, эрх чөлөөний тухай номууд улс төрд орох чиглүүлэх луужин болсон гэж би хэлнэ.

-Улс төр гэдэг бол цаг зав, хөрөнгө хүчээ зарцуулдаг салбар. Ялангуяа эмэгтэй хүний хувьд ар гэрийн асуудал тэр чигтээ орхигддог шүү дээ. Гэр бүлийнхэн тань таныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өөрийнхөө сонголтыг хийгээд орж байгаа учир гэр бүлийнхэн маань хүндэтгэж байгаа. Мэдээж байгалийн хуулийг бид өөрчилж чадахгүй. Эмэгтэй хүн учраас арай өөр нюанс байгаа. Улс төрд эмэгтэйчүүд бага байна, иймд олон болгохын тулд хүчээр квот тогтооё гэж зүүний улс төрийн хүчин үздэг. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь хувь хүний сонголтын талаар бид ярихгүй байгаа. Эмэгтэй хүн байгалиасаа илүү хариуцлагатай бас болгоомжтой. Улс төрд ороод амжилттай явах эсэх, хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхойгүй. Авсан байлаа ч хоёр сая төгрөг гэх энэ дүнг сонсоод Монголын топ компанид гүйцэтгэх захирал хийж байгаа эмэгтэй сонголтоо өөрчилж улс төрд орно гэж бодохгүй байна. Манай орон бол соёлын хувьд эмэгтэйчүүдэд асар ээлтэй улс билээ. Дийлэнх монгол эмэгтэйчүүд гэр бүлийнхээ санхүүг хэрхэн зарцуулахыг шийддэг. Энэ бол бусад үндэстэнд байдаггүй маш том эрх мэдэл. Хэн санхүү барина, тэр хүнд эрх мэдэл байна гэсэн үг. Ээжийн тухай дуу үргэлж хит болдог. Мөн монголчуудын секс эрх чөлөө маш өндөр, эхнэр нөхөр болоход заавал онгон эмэгтэй байх ёстой гэж нийгмийн дарамт бүсгүйчүүдэд өгдөггүй. Хүн хүнээр дутдаггүй юм гээд, ээжтэй нь суугаад аав нь гээд өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрлаад өсгөж чаддаг соёлыг бусад улсад төсөөлж ч чадахгүй байх нь их. Энэ бүхнийг хэлж байгаа шалтгаан нь манай монголчууд соёлоороо эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг бас хайрладаг. Олон хүний цугларал болсон нийгэмд мэдээж тодорхой хувьд бэлгийн дарамт, хүчирхийлэл байдаг үүнтэй бид тэмцэх ёстой. Гэсэн ч баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан намын хувьд хуулиар дамжуулж эрх тэгш хүмүүс аль нэг хүйстэй болж төрсөний төлөө давуу юм уу сул тал үүсгэх нь байж боломжгүй үйлдэл гэж үзнэ. Эмэгтэйчүүдийг улс төрд хувь хэмжээ хүчээр тогтоох замаар оруулах нь бидний хүсээд байгаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер биш. Зүгээр л эмэгтэй хүн гэдэг утгаараа орж ирсэн гэсэн мессэж нийгэмд түгж, хүчтэй эмэгтэйчүүдэд цаад утгаараа хүлээн зөвшөөрөгдөл бий болгох, нөлөөтэй улстөрч болоход саад болно хэмээн боддог. Иймд миний хувьд аль нэг хүйсийг зайлшгүй байлгах гэж хувь тогтоосныг болиулж хүлээн зөвшөөрөгдсөн эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хүчтэй лидерүүд ороосой гэж боддог.

-Ингэхэд яагаад заавал Ардчилсан намыг сонгов. Энэ намд орсоноор ирээдүйн улс төрийн карьертаа ямар зорилт тавьсан бол?

-Сонгуульд саналаа өгөхдөө үргэлж Ардчилсан намд нэр харахгүйгээр дугуйлдаг байсан. Эрх чөлөө гэдэг үг Ардчилсан намтай үргэлж цуг явдагтай холбоотой болов уу. Сонгуулийн үер орон нутагт ажиллаж байсан. Тэгэхэд морь унасан Ардчилсан намын залуучууд “Өөрчил” гээд давхиад явахыг хараад их огшиж байлаа. Миний бодлоор одоо Ардчилсан нам улс төрийн үзэл баримтлал баруун, зүүнээ ялгахгүй байдал гишүүдэд нь их байгаа ч Ардчилал, өөрчлөлтөд итгэсэн итгэл нь их гоё дотортой санагддаг. 1990-ээд онд хувьсгал хийсэн партизанаас эхлээд залуучуудтай нь очоод уулзаад үзэхээр юм хийчих юмсан, өөрчилчих юмсан гэсэн зориг нь харагддаг. Тэр зоригт би итгэж Ардчилсан намд орсон.

-Ардчилсан нам шинэ нарийн бичгийн дарга нараа танилцуулсан хэвлэлийн бага хурлын үеэр та “Бид зориг гаргаж шинэ реформ хийнэ. Хувь хүнд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллах болно” гэж байсан. Монголын улс төрд ямар шинэчлэл хийх ёстой гэж харж байна вэ?

-Манай улс социалист системээс гарч Ардчилсан үндсэн хуультай улс болсон. Гэтэл одоог хүртэл дутуу алсан могой шиг социализмын үеийн ойлголтууд амь бөхтэй байсаар байна. Социал демократ үзэл санаатай нам төрийн оролцоотойгоор бүх асуудлыг шийднэ гэсэн суртал ухуулга хэт их явсаны үндэс дээр хувь хүний эрх чөлөө болон хариуцлага алга болсон. “Ядуу амьдарч байна, 76 хулгайч. Мах супермаркетад үнэтэй байна, ченжүүдийг болиул” гэх мэт. Улстөрчид хууль санаачлахдаа чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөөнд суурилсан үзэл баримтлалтай байсан ч хүлээж авах иргэд нь одоог хүртэл чөлөөт зах зээлийнхээ зарчимыг ойлгоогүй гэж үзсээр байна. Иймд улстөрчид зориг гаргаж трансформын чанартай том өөрчлөлтүүдээ хийлгүй, ард түмэнд таалагдах цаг зуурын зүйлс хийж ирсэн. Миний бодлоор одоо ардчилсан нийгэмд өсч торнисон эрх чөлөө, чөлөөт зах зээлээс өөр зүйлийг биеэрээ мэдрээгүй бүхэл бүтэн үе бий болсон учир томоохон өөрчлөлтүүдийг зоригтой хийх хөрс үүссэн гэж бодож байна. Чимээгүй масс их, бид иргэддээ итгэж томоохон шинэчлэлүүдээ хамтдаа эхлүүлэх цаг нь болсон.

-Өмнөх сонгуулиудаас харахад залуучуудын ирц хангалтгүй дүнтэй байдаг. Тэгэхээр ирэх сонгуульд залуучуудын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд та бүхэн хэрхэн манлайлж ажиллах вэ?

-Бүх л улсад залуусын сонгуулийн оролцоо бусад үеийнхэнтэй харьцуулахад арай бага байдаг юм билээ. Энэ нь тогтмол суурин нэг газартаа байдаггүй завгүй амьдралын хэмнэлтэй нь бас холбоотой байх. Түүнчлэн манайхан оршин суугаа хаягаа шинэчлэхэд их хойрго ханддаг. Иймд сонгуулийн өдөр хол газарт очиж өгөх боломжгүй тул санал нь хасагддаг мэт зүйлс ажиглагдаж байсан. Гэхдээ 2024 онд нийт иргэдийн тэвчээр тасарсан учраас урьд өмнө харж байгаагүй залуусын том давлагаа явна гэж харж байна.

-Улс төрд гурван үеийн хэлхээ холбоо маш чухал. Таны хувьд АН-ын ахмад, дунд үеийнхэнтэйгээ хамтарч ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл тулгарч байна уу?

-Уг үнэнийг хэлэхэд энэ зүйлээс их айж байсан. Гэхдээ яг дотор нь ороод үзсэн чинь маш нээлттэй сэтгэлгээтэй, зарим тохиолдолд надаас ч илүү зоригтой, шийдэмгий хүмүүс байгааг хараад бахархсан. Миний ажигласнаар манай залуус өөрсдөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дуу хоолойгоо гаргахаас санаа зовоод тодорч харагддаггүй юм болов уу гэж бодсон. Ардчилсан намын тухайд эрс шинэчлэлт хийж байгаа энэ цаг үе нь 1990-ээд онд бүрэлдэж байсан шиг том боломжууд үүсгэж байна гэж харж байна.

-Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг залуу хүний хувьд яаж хардаг вэ?

-Монгол Улсын хөгжлийн чиг хандлага бол суурь асуудлуудаа шийдэхээс эхэлнэ. Энэ нь эрчим хүчний реформоос эхлэх ёстой. Ямар ч бүтээн байгуулалт, хөгжил эрчим хүчгүйгээр явах боломжгүйг бүгд мэднэ. Гэтэл манай эрчим хүчний систем дотоодын хэрэглээг хангах битгий хэл, сүйрэлд орчихсон. Бид эрчим хүчний үнийг зах зээлийн индексжүүлэх зарчмаар алдагдалгүй ажилладаг болох боломжоор хангах хэрэгтэй.

-Сүүлийн үед төр хувийн өмч рүү халдах явдал хэрээс хэтэрсэн. Аливаа бизнест төр оролцохоор дампуурдаг кэйс олон. Үүнд төр ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Монголд одоогоор өмчтэй төрөөд, өмчтэй нас барсан бүтэн үе гараагүй байгаа. Тийм учраас бидний өмчийн талаар ойлголт маш дутуу. Өмчийг дан ганц үл хөдлөх хөрөнгөөр ойлгож байгаа. Үүний цаана өмч бол эрх чөлөөний суурь, чөлөөт зах зээлийн хөдөлгөгч юм. Жишээ нь: 2012 онд авсан хоёр өрөө байр 50 сая төгрөг байж. Тухайн үед нэг ам.доллар 1340 төгрөгтэй тэнцэж байв. Ингээд бодохоор хоёр өрөө орон сууц 37.313 ам.долларын үнэтэй байсан гэсэн үг. Харин өнөөдөр байрны үнэ 108 сая төгрөгийн үнэтэй гэж нэрлэгдэж байгаа ч ам.доллароор харвал 31.358 болж байна. Тэгэхээр өнөөдөр нэг ам.доллар 3440 төгрөгтэй тэнцэж байгаа шүү дээ. Зөрүү 6000 ам.доллар хаачсан бэ гэдэг асуулт гарна. Үл хөдлөх хөрөнгөний үнэ цэнэ нь нэмэгдэнэ гэж бид итгэдэг. Төгрөгөөр харахаар үнэхээр нэмэгдсэн мэт боловч энэ бол бодит өсөлт биш юм. Доллароор бодохоор харин ч алдагдалтай байгаа учраас манайд гаднын ямар ч хүн хөрөнгө оруулахгүй байгаа хэрэг. Таны өмчөөс 11 жилийн хугацаанд улстөрчид төв банкаар мөнгө хэвлэх аргаар монгол төгрөгийг ямар ч үнэ цэнэгүй болгож бодитоор танаас 6000 ам.долларыг хулгайлжээ. Инфляци бол төр таны өмчөөс чимээгүй хулгай хийж байгаа гэсэн үг юм. Иймд засаг зардлаа нэмж төсвөөс хулгай хийх гол ажлаа хийхийн тулд мөнгө хэвлүүлж байгааг хараад өөрийнхөө өмчийн үнэ цэнийн төлөө, чимээгүй хуульчлагдсан хулгайд өртөхгүйн төлөө хүчтэй эсэргүүцэх ёстой

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд АН ямар бодлого баримталж орох вэ?

-Ардчилсан нам 2024 оны сонгуульд хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо реформ хийх нь зарим тохиолдолд жижигдэж байна. Хувьсгал хийх нь томдож байна. Иймд трансформ хийх буюу бүтэн сууриар нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг зоригтой өөрчилье гэсэн бодлого баримталж байгаа. Мэдээж эдгээр нүсэр том өөрчлөлтүүдийг хийхэд урт хугацаандаа үр дүн харагдана. Гэсэн ч найман жил дангаар засагласан МАН ямар ч салбарт дорвитой өөрчлөлт хийгээгүй тул эдгээр аминд тулсан трансформ хийх ажлыг Ардчилсан нам хийх үүрэгтэй болоод байна. Тиймээс 2024 оны сонгуульд бид иргэдэд сонголт санал болгох биш зайлшгүй өөрчлөлт хийх ёстой хатуу үнэн шийдлүүдийг танилцуулна.

 

Categories
story-news

ТОЙМ: “Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хятадууд хүрз, зээтүүгээ бариад танктай орж ирнэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хятадууд хүрз, зээтүүгээ бариад танктай орж ирнэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 15, Сумъяа гариг. Билгийн тооллын 4, Шувуун хошуут одтой, шар бар өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан, 17:25 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -31…-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -26…-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хятадууд хүрз, зээтүүгээ бариад танктай орж ирнэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн “Ардчилсан нийгэмд өсч торнисон эрх чөлөө, чөлөөт зах зээлээс өөр зүйлийг биеэрээ мэдрээгүй бүхэл бүтэн үе бий болсон учир томоохон өөрчлөлтүүдийг зоригтой хийх хөрс үүссэн ” хэмээн ярьсныг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Мөрийтэй тоглогч “Ар гэрийнхэн уурлаж, бухимдан хүчээр харьцаж эхлэхээр л улам цаашаа явж, хамаг байдгаа тавьж эхэлдэг юм билээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л хятадууд хүрз, зээтүүгээ бариад танктай орж ирнэ гэдэг айдсаасаа салах хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Л.Оюун-эрдэнэ “Нийслэлийн газар, нийтийн тээврээр сонсгол хийе” гэж УИХ-ыг шахаад эхэлжээ

Зурхайч “Битүүртлээ идэх гэдэг буруу ойлголт манайханд байдаг”  гэлээ.

Хоршооны нягтлан Ц.Лхагва-Очир “Орон нутагтаа өөрийн дуртай фермийн аж ахуйгаа хөгжүүлж, мэргэжлийн ажлаа хослуулан сард 10 гаруй сая төгрөгийн тогтмол орлоготой болж чадлаа” гэв.

 


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хангайн хасар” тэмцээнийг Архангай аймагт зохион байгууллаа DNN.mn

Монгол банхар нохойг олон улсад таниулан сурталчлах, орон нутагтаа монгол банхар үржүүлж буй иргэдээ дэмжих зорилгоор WINTERLAND ICE FESTIVAL 2024-ын үеэр “ХАНГАЙН ХАСАР” тэмцээнийг Архангай аймгийн банхар сонирхогчдын дунд зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Аубакир, Т.Энхтүвшин нар энэ сарын 12-нд Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. УИХ-аас 2007 онд “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” баталсан бөгөөд уг бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө (2008-2015 он)-г Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 111 дүгээр тогтоолоор батлан 96,97 хувийн үзүүлэлттэй хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлөвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын хүн амын тоонд эзлэх хувь дунджаар хоёр дахин буурах төлөвтэй байгаа бөгөөд дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь бидний өмнө тулгамдсан гол асуудал болоод байна гэж хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Уг ажлын хэсэг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн болон орон нутаг дахь Цусны салбар төвийн ажилтнууд, Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин, зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гэв.

Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох; иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэх; цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах; цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болох; цусны донорын нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал нэмэгдэж, цусны донорын тоо нэмэгдэх; мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэлээ.

Categories
мэдээ улс-төр

“Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт боллоо DNN.mn

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуралдай” зөвлөлдөх танхимын гишүүдийг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан, тус танхимын ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулсан. Өнөөдрийн уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцов. Уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр зохион байгуулагдаж байгааг тодотгоод Зөвлөлдөх танхимын гишүүдэд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, холбогдох хууль тогтоомжуудын талаар Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүдэд мэдээлэл өглөө.  Дараа нь  “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоол, төлөвлөгөөний талаар “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд  дарга Л.Мөнхбаатар танилцуулга мэдээлэл хийж, Хуралдай зөвлөлдөх танхимын гишүүд асуулт асууж, харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Дашрамд дурдахад УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын механизм юм. “Хуралдай” зөвлөлдөх танхимын  гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд  зөвлөлдөх танхимын үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажилладаг.