Categories
гадаад мэдээ

Башкортостаны иргэдийн жагсаал DNN.mn

ОХУ-ын Башкортостаны Баймакийн дүүргийн шүүх энэ сарын 17-нд байгаль хамгаалагч, идэвхтэн Фаил Алсыновыг 2023 оны хавар алт олборлогчдын эсрэг жагсаал дээр үндэстэн, ястны хооронд үзэн ядалт өдөөсөн үг хэлсэн гэж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж, Фаил Алсыновыг дэмжсэн жагсаалд оролцсон есөн хүнийг 8-15 хоногийн хугацаагаар баривчилсан нь тодорхой болжээ. Иймээс Башкортостаны нийслэл Уфа хотод энэ сарын 19-ний баасан гаригт эрх чөлөөний тэмцэгч, ардын баатар Салават Юлаевын хөшөөний өмнөх талбайд 2000 орчим хүн оролцсон Фаил Алсыновыг дэмжсэн жагсаал болжээ. Цагдаа нар жагсаалд оролцогчдоос баривчилсан тул олон хүн автобусны замыг хаасан ч цагдаа нар жагсагчдыг талбайгаас шахан гаргаж чадсан байна. Баривчлагдсан хүмүүсийн нарийн тоо тодорхойгүй байна. Энэ бол Алсыновыг дэмжсэн гурав дахь зөвшөөрөлгүй жагсаал юм. Эхний хоёр нь энэ сарын 15, 17-нд Баймак хотод болсон билээ. Цагдаа нар зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хэргээр долоон хүнийг торгож, найман хүнийг баривчилжээ.

Хэргийн учир нь, олон улсын улс төр судлаачид нэгэн дуугаар “Одоо ОХУ-д сөрөг хүчний, ард иргэдээ нэгтгэх улс төрийн нам байхгүй болсон тул олныг хамарсан ямар ч жагсаал цуглаан болохгүй” гэж үзэж байсан нь ийнхүү няцаагдсанд байгаа юм.

ОХУ гэгдэх шинэхэн бас залуу улсын түүхийг “харахад” М.Горбачевын төрийг ЗХУ-ын тусгай хүчний гол байгууллага болох алдарт КГБ сулруулан ЗХУ-ыг задлан СССР-ийн коммунист намын гадаадын банкинд байсан асар их хөрөнгийг өөрийн болгосон байна. Дараа нь КГБ ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельциний төр, засгийг мөн л сулруулж түүний оронд өөрийн хүнийг тавьсан нь тодорхой байна. Харин В.Путин КГБ-г бие даасан таван байгууллага болгон “өргөжүүлэв”. Энэ нь В.Путин КГБ-г хүчирхэг болгож буй хэрэг бус олон хэсэг болгон хооронд нь өрсөлдүүлэн сөргөлдүүлэх замаар өөрийг нь авч хаях аюулыг зайлуулж буй хэрэг юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн суудалд КГБ-ын дэд хурандаа гарснаар Чечень, Гүрж, Украинд дайн дэгдэв. Харин дайныг дайн гэж нэрлэвэл В.Путин төдийгүй түүний төр, засгийнхан бүгд НҮБ-ын дүрэм журмаар дайны гэмт хэрэгтэнгүүд болох учир Украины дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж буй хэрэг. ОХУ-д нэгэнт дайн болоогүй байгаа учир ээлжит ерөнхийлөгчийн сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Иймээс В.Путин дуртайдаа энэ гуравдугаар сард дахин сонгогдох гээд байгаа юм биш. Гэтэл энэ сонгуулийн өмнө олон улсын судлаачдын дүгнэлтийг зөрчин Кремль “Башкирстан” гэдэг байсан ч харин өөрсдөө Башкортостан гэх болсон ОХУ-ын захын мужид олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж, жагсагч эмэгтэй “Эх нутагт чинь Росгвардынхан болон цагдаа нар эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүүсийг чинь бороохойдон зодож, баривчлан хорьжээ. Украины фронтод байлдаж байгаа эрчүүд минь ирж биднийгээ авраач!” гэж олон нийтийн сүлжээгээр уриалав.

Башкортостаны иргэдийн жагсаал ингэсхийгээд дарагдах байх. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал орон нутагт хаа сайгүй өрнөх биз ээ. Үүний шалтгаан нь олон зуун жилийн турш орон нутгийн бүх эрх мэдэл, мөнгө хөрөнгийг Москва дангаараа эзэмшиж, Украины дайнд Москва, Питербург хотын иргэд бус бага үндэстэнүүд амь үрэгдэж байгаа явдал байх болно. Тэр цагт Оросын олон үндэстэн төдийгүй орон нутгаас татагдсан орос цэргүүд ч зэвсэгээ барин Украины фронтын шугамыг орхин эх нутаг руугаа буцах болно. Яг л дэлхийн I дайны үе шиг. Энэ нь Кремлийн гэгдэж буй “КГБ-ын засаглал”-ын төгсгөл байх болно.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар газар олгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгав DNN.mn

Хууль бусаар газар олгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ шалгажээ.

Тодруулбал, 2006 онд СХД-т 72 га газар хууль бусаар олгогдож үүнээс 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалган тогтоож, хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцлуулжээ.

Ингэснээр тухайн газарт орчин үеийн төлөвлөлт бүхий улсын эмнэлэг баригдах аж.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 105 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нийт 1528 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1185, гэмт хэргийн шинжтэй 72 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дундын зуучлагчгүй арилжаалж эхэлжээ DNN.mn

Засгийн газрын өнгөрсөн оны 233 дугаар тогтоолын хүрээнд мал, махны арилжааг биржээр эхлүүлжээ.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгожээ. Мөн захиалгад тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах аж. Тус биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдаалах боломжтой юм.

Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, нийт 238,7 сая төгрөгийн арилжаа хийжээ. Үүнд 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжигдсан байна. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.

2024 оны нэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -29-34 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.


2024 оны нэгдүгээр сарын 23-наас 2024 оны 01 дүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 хэм, өдөртөө -23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн сэргээсэн 71 чиглэл DNN.mn

Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо.

Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэв.

Иргэд та бүхэн нийтийн тээврийн чиглэлийн мэдээллийг imap.mn сайт болон аппликэйшнээр авах боломжтой.

 

Categories
мэдээ нийгэм

Д.Пүрэвбаяр: Цахилгаан эрчим хүчээ хэмнэх биш элбэг, хүртээмжтэй байлгаснаар үйлдвэрлэл хөгжинө DNN.mn

“Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг”-ийн захирал, судлаач Д.Пүрэвбаяртай ярилцлаа.


-Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Тэгэхээр бүсчилсэн хөгжилд сүүлийн үеийн эрчим хүчний чиг хандлага ямар байна вэ?

-Улаанбаатар хотын түгжрэл, утаа, бохирдлын асуудлыг бүгд мэдэж, харж байгаа. Үүнд хөдөөнөөс нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжилт, хөдөлгөөн ихээхэн нөлөөтэй гэж үзэж байгаа. Энэ нь хөгжиж буй улс орнуудад, ялангуяа Зүүн-Өмнөд Азийн орнуудад сүүлийн хоёр арванд гарч буй нийтлэг үзэгдэл, асуудал бөгөөд дэлхий нийтийн, олон улсын байгууллагуудын анхааралд байх боллоо. Хүн амын суурьшилт сийрэг, нүүдлийн соёлтой, том газар нутагтай, далайд гарцгүй манай орны хувьд энэхүү шилжилт, хөдөлгөөнийг зогсоох шийдэл нь орон нутгаа бүсчлэн хөгжүүлэх арга зам юм. Дараагийн 100 жилийг манай төр засгаас хөдөөгөө хөгжүүлэх бодлого зорилтод чиглүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд тухайн орон нутгийн онцлогтой нь уялдуулж, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалахад нь анхаарал хандуулах ёстой гэж үздэг.

Сүүлийн үеийн дэлхий нийтийн эрчим хүчний техник технологийн хөгжил, чиг хандлага нь манай орны газар зүй, цагуурын нөхцөл, эрчим хүчний салбарын онцлогт ихээхэн нийцэх байдалтай байгааг нь ажиглагдаж байгаа. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, цөм, устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх технолгийн судалгаануудад томоохон ахиц дэвшил гарч байна. Эдгээр эрчим хүчний анхдагч нөөцөөр манай орон машид баялаг тул бид улс орныхоо хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийг тэнцвэртэй, солонгоруулж ашиглах боломж бүрдэж байна. Ялангуяа, дэлхийн тэргүүлэгч орон АНУ, түүнийг араас яваа (runner up) БНХАУ, Япон зэрэг орны эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагад гарч буй чиг хандлага, хөгжлийн загварыг судлаж  үзэхэд Эрчим хүчний системээ ногооруулах,  нэгтгэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бусад эх үүсвэрүүдтэй хослуулан ашиглахад бүхий л нөөц бололцоо, санхүүгийн болон бусад нөөцөө зарцуулж, Засаг төрөөс нь ихээхэн дэмжлэг үзүүлэх боллоо. Үүнийг АНУ-ын жишээн дээр тайлбарлая. Газар зүйн байршил, цаг уурын давуу талаа ашигладаг АНУ-ын Техас муж бол нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг маш их ашигладаг бие даасан эрчим хүчний системтэй билээ. Гэтэл 2021 онд цас их хэмжээгээр орсноор салхин сэнсүүдэд нь асуудал, гэмтэл үүсч эрчим хүчний нь хангамж тасалдсан байдаг. Энэ асуудлын үндсийг судалж үзээд цахилгаан эрчим хүчний хангамжаа найдваржуулах, эх үүсвэрээ солонгоруулан нөхөн ажиллуулах үүднээс АНУ бараг 100 гаруй жил тусдаа оршин тогтносон эрчим хүчний дөрвөн системээ нэгтгэх  судалгаа тооцоог гаргаж, хэрэгжүүлэлтийн шатандаа ороод байгаа. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа ЭХС-ийн шинэчлэл  ба инфляцийг бууруулах хууль гэсэн маш өндөр зардалтай хоёр том хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний дөрвөн тусдаа системийг нэгтгэж сэргээгдэх эрчим хүчний бие биеэ нөхөж ажиллах бололцоог бүрдүүлэх томоохон цахилгаан дамжуулах шугамуудыг барьж байгуулж байна. Эрчим хүчний анхдагч нөөцийн хувьд болон газар зүйн бүтцийнхээ хувьд Америк, Монгол маш төстэй. АНУ-ын баруун хойд мужууд нь өндөр уулс болон гадаргын усны ихээхэн нөөцтэй бол өмнөд мужууддаа СЭХ-ний нөөцтэй. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байданы одоогийн хэрэгжүүлж буй эрчим хүчний бодлого нь манай улсын хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д суусан Монгол Улсын баруун болон хойд хэсэгт Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын УЦС-ыг байгуулж говийн СЭХ-ний эх үүсвэрүүдтэй хослуулан үр ашигтай ажиллуулах хэвтээ тэнхлэгийн  УБ-Улиастайн 500кВын ЦДАШ болон босоо тэнхлэгийн 220кВ-ын шугамууд, ДЦС-уудаас бүрдсэн Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх замаар улс орныхоо өнцөг булан бүрийг хамарсан хүртээмжтэй, үр ашигтай, бие даасан систем байгуулах хөгжлийн бодлоготой яг таг нийцэж  байгаа юм.

-Манай улсын хөгжлийн баримт бичигт энэ талаар хэрхэн тусгасан талаар тодруулж өгнө үү?

-Бид “Алсын хараа-2050”-ийг боловсруулж байх явцад есдүгээр бүлэг нь Бүсчилсэн хөгжлийн бүлэг байсан. Гол санаа нь хөтөлбөр хэрэгжих 2050 он хүртэл хугацаанд дэд бүтцийн хэвтээ болон босоо тэнхлэгүүдийг байгуулж улс орны хөгжлийг дэмжиж суурь бүтцийг бүрдүүлэх тухай байсан. Эрчим хүчний хувьд эрчим хүчний нэгдсэн систем байгуулснаар одоогийн системийг нэгтгэн хүчжүүлж, аль бүсэд эдийн засгийн аливаа үйл ажиллагааг саадгүй явуулах, хүн ам суурьшин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болох байсан. Түүнчлэн, нүүрсний, ураны, цөмийн, сэргээгдэх  анхдагч эх үүсвэрүүдээ солонгоруулан, хамтруулан, нөхөн ажиллуулах замаар хангамжийн найдвартай, үр ашигтай системийг бүрдүүлж эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн. Улмаар, анхдагч эрчим хүчний болон эцсийн бүтээгдэхүүн болох цахилгааныг экспортлогч орон болох том зорилт дэвшүүлэн батлуулсан. “Алсын хараа 2050” батлагдахад энэ томоохон зорилтын хэрэгжилтийг нарийвчлан оруулсан энэхүү бүлэг хасагдсан.

Дэд бүтэц гэж томсгон яриад байгаа нь зөвхөн цахилгаан эрчим хүч биш бусад дэд бүтэц нь ЦДАШ-ын трасстай  давхцаад байгаатай холбоотой. Улаанбаатар-Завханы Улиастайн хоорондох 500кВ-ын өндөр хүчдлийн шугам нь Монголын ЭХНС-ын гол магистрал бөгөөд. Шинэ нийслэлийг дайрч өнгөрөхөөр байгаа. Шинэ нийслэл хүртэл төмөр зам тавигдах ба тэр нь цахилгаанжсан өндөр хурдны галт тэрэг аялах зориулалттай гэж ойлгож байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 2024 онд 15 мянган цахилгаан автомашин оруулж ирж ашиглая гэж шийдлээ. Тэгэхээр яг тэр зам дагуу цахилгаан хангамжийн систем байх ёстой. Энэ бүхнийг тооцож үзвэл УБ-Улиастай хооронд гарцаагүй дэд бүтцийн коридор бий болно. Ингэж ч төлөвлөсөн бөгөөд одоо энэ нь Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн гол чиглэл болно гэж хүлээж байгаа.

-Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтууд юу, юу байх вэ. Сүүлийн жилүүдэд манай улсад эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж байна. Оргил ачааллын улиралд эрчим хүч хязгаарлах хэмжээнд хүрсэн шүү дээ?

-Ерөөсөө гарц нь тодорхой байгаа. Монгол Улс өөрийн гэсэн эрчим хүчний нэгдсэн систем барих ёстой гэдгийг 2001 онд анх баталж байсан. Дараа нь 2007 онд дахин баталсан. Тийм системийг бүрдүүлж байж бид гадны хараат байдлаас гарна. Нэмээд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлнэ гээд батлагдаад явж байсан. Сүүлд төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт энэ нэгдсэн сүлжээ хөтөлбөрөө хүчингүй болгочихсон. Буцаагаад “Алсын хараа- 2050”-д суулгаж өгсөн. Одоо Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр бүр нарийсгаад хаана, хаана яг юу барих талаар оруулна. Эрчим хүчний систем гэдэг бол зүгээр нэг станц барих ажил биш. Олон улсын жишигт эрчим хүч бол монопол салбар байхаа больчихсон. Төр юу хийх вэ гэхээр яг төмөр замтай адилхан. Одоо урагшаа хувийн хэвшлийнхнийг төмөр замаар нүүрсээ гаргах бололцоог бүрдүүлсан. Тэрэнтэй адилхан дамжуулах чадвар сайтай эрчим хүчний томоохон шугамуудыг барих ёстой. Гол шугам нь Улаанбаатар-Хархорум, Завханы Улиастайг холбосон 500 кВын шинэ шугам юм. Цахилгаан эрчим хүчний либералчлалын онолын үүднээс авч үзвэл төр Нэгдсэн системээ барьж, хувийн хэвшил нь станцуудаа барих ёстой. Нар, салхи, усан цахилгаан станцын алиныг ч барьж болно. Тухайлбал, ОХУаас 50-100 орчим МВт ЦЭХ авахыг Дорнодын ДЦС-ын 80 МВт-аар хааж болох боловч тийм хэмжээний чадлыг дамжуулах бололцоо байхгүй байна.

Уул нь 110кВ-ын шугам байгаа боловч техникийн стандарт норм алдагдсанаас ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр 220 кВ-ын шугамаа яаралтай барих хэрэгтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихлоо гэхэд Улаанбаатар-Улиастайн 500кВ болон бусад 220кВ-ын шугамуудаа барихгүй бол мөн ижил асуудал үүснэ. Өөөрөөр хэлбэл бид эрчим хүчний хангамжаа шийдвэрлэх гол шийдэл нь төр өөрөө Эрчим хүчний нэгдсэн систем буюу хэвтээ босоо тэнхлэгийн шугамуудаа барьж ашиглалтад оруулах ёстой. Энэ нь цахилгаан хангамжийг хүчитгэн, найдваржуулснаар хөдөөгийн хөгжлийг тэтгэх болно. Одоо бид 330 сумаа цахилгаанаар хангачихсан боловч зөвхөн тэр нь гэрэлтүүлэг, зурагт үзэх хүрээнд байгаа. Үйлдвэр, үйлчилгээ барья гэхээр хүчин чадал хүрдэггүй.

-Тэгэхээр цахилгаан станцгүйдээ биш шугамын дамжуулах чадвар нь хүрдэггүй байх нь ээ. Бүсчилсэн хөгжлийнхөө бодлогоор энэ хүрээнд юу хийх вэ?

-Сая хэлж байгаа бүсчилсэн хөгжлийнхөө бодлогоор байгаа хэвтээ, босоо тэнхлэгийн шугам сүлжээгээ байгуулснаар Монголын эрчим хүчний системийн дамжуулах чадвар сайжирч, хүчирхэгжинэ. Үйлдвэр үйлчилгээ хөгжүүлэх, уул уурхай ашиглах бололцоог нь бүрдүүлэх дэд бүтцийн хангамжийг  нийцлийн судалгаагаар тооцоолон бодлогод суулгаж өгч байгаа юм.

-Систем нь гаднын импортгүй ер нь яаж ажиллах ёстой юм бэ?

-Эрчим хүчний нэгдсэн систем гэхээр эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчид нийцсэн байдлаар оролцож байж бие даан, найдвартай ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Системийн суурь ачааллыг одоогийн станцууд, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станцууд хангаж, УЦС-ууд маневрлах чадварыг хангаж, орчин үеийн системийн автоматикууд хяналт удирдлагыг зохицуулж, томоохон үйлдвэрийн газрууд ачаалалд оролцож, тоолуурын найдвартай, зөв систем тэдгээрийн чадлын урсгалыг бүртгэж, мэдлэг чадвартай шуурхай ажиллагааны болон бусад инженерүүд оролцсоноор жинхэнэ утгаараа систем болж ажиллана. Нар салхи бол суурь ачаалалд байнга оролцдоггүй шүү. Бид нэгдсэн системээ бүрдүүлэхийн тулд Тавантолгой ДЦС, Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Тэлмэний ДЦС-ыг барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.

-Эрчим хүчний салбарын хөгжил ярихаар үнэ чөлөөлөх асуудал байнга хөндөгддөг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Харин ч үнийг нь бууруулах ёстой. Дэлхий дээр эрчим хүчээ либералчлаагүй үлдсэн хоёр улс үлдсэний нэг нь манайх байх. Нөгөө нь Хойд Солонгос байж таарна. Африкийн болон бусад буурай орнуудад хувийн систем ажиллаж байгаа. Төр яаралтай ложистикийн системийг буюу ЭХНС-ийг бүрдүүлж өгснөөр өрсөлдөөнийг үүсгэх боломж бүрдэх ба хөрөнгө оруулагчид үнээрээ өрсөлдөөд орж ирэх боломжтой. Түүнийг онцгойлж төрөөс дэмжих шаардлага байхгүй. Ард түмэн аль болох хямд цахилгаан хэрэглэх ёстой.

Тэгэхээр төр эрчим хүчний нэгдсэн системээ байгуулаад хуулиар либералчилж өрсөлдөөнийг үүсгэх юм бол үнэ унана. Дээрээс нь энэ салбарт хөрөнгө оруулалт орохгүй байна гэдэг. Уг нь гэрээ хийгддэг боловч тэр нь бусад бүтээн байгуулалтаа чөдөрлөчихдөг. Жишээлбэл, Багануурт 700 МВтыг,  “ТЭЦ-5” 350 МВт-ыг барина гэхээр 1000 МВт болчихож байгаа биз. Тэгэнгүүт “1000 мвт станц баригдах юм байна. Бусад станцуудад зөвшөөрөл өгөхгүй шүү” гээд шийдвэр гарчихдаг. Гэтэл нөгөө хоёр нь баригдахгүй байхаар юу ямар ч бүтээн байгуулалт нэмэгдэхгүй. Ийм байдлаар чөтгөрийн тойрогт оруулаад байдаг. Иймд энэ салбарт онцгой гэрээ байгуулах хэрэггүй. Эрдэнэбүрэнгийн УЦС дээр сайн гэрээ байгуулаад Оюу толгой руу эрчим хүч нийлүүлж болно шүү дээ. Үүн дээр Засаг оролцоод байх хэрэггүй. Олон улсын жишиг ингэж л явж байгаа. Одоо дэлхий нийтээр сүлжээний ухаалаг байдлыг тоолуурын тоогоор хэмждэг болсон. Манайд ийм ухаалаг тоолуурын систем Багануур зүүн өмнөд бүс, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээнд Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж байгаа. Гэтэл ашгийг нь гаргаж чадахааргүй харагддаг. Учир нь “Та залгуураа салгаарай” гэж хэлэх биш. Харин “Та угаалгын машинаа тэдэн цагт ажиллуулах юм бол цахилгааны үнэ ингэж хямдарна. Эрчим хүч, эдийн засгаа ингэж хэмнэнэ” гээд гар утасны операторууд шиг санал болгох ёстой. Өнөөдөр 21 дүгээр зуун гарчихаад байхад тогоо тасал, гэрлээ унтраа гээд байж болохгүй. Энэ болгоны шийдлийг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгаж байгаа. 40, 50 жилийн дараа гэхэд эрчим хүчний салбар либералчлагдан жам ёсныхоо горимд орж, түгээх сүлжээнүүд ухаалаг сүлжээнүүд нь болж, Монгол Улс экспортлогч орон болно. Дотоодын сүлжээндээ үнэ хямд эрчим хүчээр хангана гэдэгт итгэлтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялал жуулчлалаас гурван их наядаас ч их орлого олох боломжтой DNN.mn

Манай улс өнгөрсөн жилд аялал жуулчлалаас гурван их наяд гаруй төгрөгийн орлого олжээ. Ингэхийн тулд мэдээж төр засгаас шат дараатай олон арга хэмжээ авсан. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, визний тодорхой нөхцөлүүдийг чөлөөлж, заримыг нь сулруулсан нь ихээхэн түлхэц болсон. Дээрээс нь салбар яамнаас Монголыг олон улсад сурталчилсан эвентүүд зохион байгуулж, дэлхийд танигдсан инфлүүнсерүүдийг урьж авч ирсэн нь дэлхийн аялагчид манайхыг сонирхох хүслийг өдөөсөн. Бид өнгөрсөн хугацаанд эдийн засгаа солонгоруулна, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж их ярьсан. Гэвч тэр бүр дорвитой ажил хийж байгаагүй нь харамсалтай. Аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа уялдаа холбоотой, судалгаа тооцоотой гаргавал амжилттай болдогийг аялал жуулчлал харууллаа. Манай улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн том суурь нь болсон байгалийн сайхан нь байна. Даанч аялагчдад зүгээр нэг онгон дагшин, хүний хөл хүрээгүй үзэмжит байгалийн сайхан байгаад хангалтгүй. Тэд тав тух, боломжийн үнэ, сайн үйлчилгээ, эелдэг харилцаа, үнэнч байдлыг хүсдэг. Энэ бүхнийг нь цогцлоож чадвал цаашид бид гурваар тогтохгүй, их наядын орлого олох бүрэн боломж байна.

Үүн дээр нэмээд дотоод болон гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн том хөшүүрэг бол дэд бүтэц. Үүнийгээ бид эхнээс нь хийж хэрэгжүүлж л байна. Харамсалтай нь санхүү мөнгөний асуудлаас үүдэн тэр бүр богино хугацаанд шийдэж чадахгүй байгаа нь гачлантай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн орон нутгуудыг холбосон зам харгуйгаа сайтар барьж, жуулчдын сонирхлыг татах олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд бүс нутгуудыг холбосон авто замууд ч барина гэнэ. Ингэснээр аялал жуулчлалын шинэ бүсүүд бий болох нь гарцаагүй. Харин үүн дээрээ нэмээд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хувийн хэвшлийнхний үнэ ханшийн уян бодлого, үйлчилгээний сайтар анхаарах хэрэгтэй. Нэг удаа ахиу орлого олоод дуусах биш, нэг ирсэн жуулчин дахин олон жуулчин дагуулж ирдэг тогтолцоо, хандлагыг бий болгож байж Улсын төсөвт аялал жуулчлалаас төвлөрүүлдэг орлогыг нэмэгдүүлж, энэ салбарт ажлын олон байр нэмэгдүүлж чадна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Олон юм ярилгүй, олдсон дээр нь ногдол ашгаа авцгаая DNN.mn

Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрд хуваарилсан 1072 хувьцааны ногдол ашгийг тараах сураг гарч эхэллээ. Өнгөрсөн лхагва гаригт болсон УИХ-ын намрын сүүлчийн чуулганаар энэ тухай хэлэлцээд, шийдвэрийг компани өөрөө гаргахаар тогтох шиг боллоо. Тодруулбал, тогтоолын төсөлд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлнэ. Хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болно” гэжээ.

Харин Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-д томилогдож очсон БЭТ Ж.Ганбат “Ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурал дээр танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг судлаад, шийдвэрлүүлэх талд байгаа. УИХ-аар шийдэгдвэл бүх хүнд өгөх үү, эсвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая хүнд өгөх үү гэдэг асуудал яригдана. Нэг хүнд 110-120 мянган төгрөг олгогдохоор байгаа. УИХ тогтоолын төсөл баталбал Цагаан сараас өмнө ногдол ашиг тарааж амжина” гэж ярилаа.

УИХ-ын чуулганаар ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах эрхтэй гээд тогтоол баталчихсан учраас 1072 хувьцаа амь орох уу, монголчууд Таван толгойн ордын ашгийг хүртэх үү, үгүй юу гэдгийг компанийн ТУЗ шийдэхээр болчихлоо. Аль нь ч бай, 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид жил бүр хүртэх эрхтэй юм. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж л байгаа бол ямар ч хувьцаа эзэмшигч их, бага хамаагүй ногдол ашгаа хүртэх ёстой.

Гэтэл энэ ногдол ашгийг тараах сургаар үүнийг зогсоох, болиулах гэсэн оролдлого орон даяар эхэлж байна. Хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гишүүдээс эхлээд нийгэмд инфлүүнсер гэгдэж өөрсдийгөө хөөрөгддөг нөхөд “Иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу. Энэ хөрөнгөөр нүүрс угаах үйлдвэр барья. Тавдугаар цахилгаан станцыг эхлүүлье. Метроны санхүүжилт болгосон ч болж байна. Хархоринд нийслэл байгуулахад санхүүжилт хэрэгтэй” гэх зэргээр “эх оронч” санаачилгууд бичиж эхэллээ. Бүр уриалж ч байна. Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү гэгчээр ингэж бичээд, уриалаад байгаа нөхдүүд хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гэдгээ баталж байгаа явдал юм. Монголын төр, эрх баригчид л “1072” хувьцааг сонгуулийнхаа жилд санал худалдан авалт болгож, бусад үед нь хав дардаг. Хөрөнгийн биржид бүртгүүлж амь оруулдаггүй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн эдийн засагтай нийгэмд төр нь өөрөө фашист, зэрлэг гэмээр үйлдэл гаргаж байгаа болохоос хөрөнгийн зах зээл аливаа улс орны санхүүгийн зах зээлийн гол гурван тулгуурын нэг болж хөгжиж, дэмждэг учиртай.

Аливаа компани нээлттэй болж, хувьцаа гарган иргэд, олон нийтэд эзэмшүүлдэг. Түүнийхээ төлөө хариуцлагатай, ашигтай ажиллах үүрэгтэй. Ингээд олсон ашгаа шударга тэгш хуваарилдаг зарчимтай. Энэ зарчмаар бол 1072 хувьцааг анх эзэмшүүлсэн 2012 оноос эхлээд жил бүр иргэд ногдол ашгийг хүртэж байх ёстой байлаа.

Улс орны мега төслийг хэрэгжүүлэх гэдэг тусдаа асуудал. Олон нийтэд нээлттэй болсон, иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн ашгаас санхүүжилтийг татах ёсгүй. Харин манайд эсрэгээрээ, “Том том үйлдвэр барьж, улс орныг хөгжүүлнэ” гэж амлаад иргэдийнхээ халаасан дахь хувьцааны орлогыг булаагаад авчихдаг. Хэзээ ч тэр үйлдвэр, паркууд нь баригддаггүй. Тавдугаар цахилгаан станц барих гэж 20 жил болоход ямар их хөрөнгийг энэ нэрээр урсгаж, угаасан бол доо. Метроны төсөл ч тэр. 10 жилийн өмнө л ашиглалтад орчихоор амлаж, улсын төсвөөс хэдэн арван тэрбумаар судалгаа, ТЭЗҮ нэрээр хулгайлсан. Таван толгойн цахилгаан станц барих гэж хэдэн жил гацав. Таван толгойн цахилгаан станц нэртэй компани байгуулаад, нэжгээд олон хүн ажилласан нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр хуваарилж ирлээ. Өнөөдөр тендерээ зарлаж, гүйцэтгэгчээ сонгож чадахгүй, үрэлгэн зардал гаргаад сууж байна шүү дээ.

Хамгийн ойрын жишээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашиг тараах болоход 2023 оны дөрөвдүгээр сард БЭТ Ж.Ганбат гэж нөхөр “2022 онд ЭТТ 1.3 их наядын ашигтай ажилласан. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байна. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулан орлогоо нэмэгдүүлэх нь чухал” гэж мэдэгдэж байлаа. Ингээд 2022 оны ногдол ашгийг тараахыг зогсоож, Монгол Улс нүүрс угаах үйлдвэр барих юм болсон. Үүнээс хойш жил орчмын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр нүүрс угаах үйлдвэрийн тухай хэн ч дурсахгүй байна. Дурсах ч боломжгүй, үйлдвэрийн шав битгий хэл ТЭЗҮ ч яригдсангүй. Харин нүүрсний мөнгөнөөс дарга нар 40-өөд их наядаар хулгай хийснийг энэ өвөл бид мэдэх шив дээ. Юун Ж.Ганбат нүүрс угаах үйлдвэр барих вэ дээ. Ингэдэг гэдгийг бид харлаа. Энэ жилийн ногдол ашиг тараах болоход үүнийгээ л ярьж байна. Дараа жил ч ярина. “Мөрөөдлийн баг” гэдэг мөрөөдлийн мега төслүүдийн цувааг нэгээр нэмсэн үлгэр болж л үргэлжилнэ.

Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны дараа ажилгүйдэл 14 хувиас давж, нийгэм тогтворгүйтэх байдалтай байлаа… Ажилгүйдлийг бууруулах гэж зогсолтгүй тэмцэж ирсэн бидний хувьд аж үйлдвэржилт бол асуудлыг шийдвэрлэх цорын ганц зам гэдгийн сайн ойлгож байлаа… гэж Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю дурдатгалдаа бичсэн нь бий. Өнөөдрийн Монгол Улс 60 жилийн өмнөх Сингапурын нөхцөл байдалтай нэлээд төстэйдүү харагдана. Зөрүүтэй нь манайд ажилгүйдлийн түвшин 17, 18 хувь руу орчихоод байхад сэхээ авч, иргэдээ ажил орлоготой болгоход бодлого уралдуулдаггүй. Аж үйлдвэржилт хэрэгтэй гэдгээ мэддэг ч ажил болгодоггүй.

Иргэдээ хуурч, үйлдвэр барих нэрээр өөрсдөө хөлждөг төр засагтай, эрх баригчидтай ийм нэгэн улс 21 дүгээр зуунд аж төрж байна шүү дээ.

Тиймээс одоо бол итгэхгүй ээ, хүмүүс ээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа авъя. Эрх баригчид, МАН-ынхан жил бүр бүтэхгүй төслүүд ярьж, тэрбумаар биш их наядаар нь хулгайлдаг, хөлждөг болох нь нэгэнт ил болсон. Одоо бид хууртаж болохгүй. Авах ёстой зүйлээ авдаг, нэхэх ёстойгоо нэхдэг хариуцлагатай, хэрсүү иргэд байцгаая. Бүр өмнөх жилүүдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөж авах хэрэгтэй байна. Нэгэнт ярьсан төслүүд нь бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтсэн ч гэж дээ, эрх баригчид ард түмнээ хууран мэхэлж өөрсдөө хулгайлж, хөлжсөн нь ил болсон болохоор бид хувьцааны ногдол ашгаа нэхэх эрхтэй. Шүүхэд дуудсан ч болно.

Ногдол ашиг тараахгүйн тулд янз бүрээр л үзэж байх шиг байна. Зуун мянган төгрөг тараавал иргэд баас болгоод л дуусна гэв үү. Дарга нар хувааж идээд бас л баас болгох биш үү. Энэ улсад шударга, зарчимтай, эх оронч бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ гэж байхгүй болсон шүү дээ. Хэн нь илүү идэх вэ, хэн нь нууж идэх вэ гэсэн уралдаан л болсныг МАН-ын эрх барьсан жилүүдэд ард түмэн харж байна. Тиймээс ядаж ард түмэнд хаягласан хувьцааныхаа ногдол ашгийг авцгаая. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д энгийн хувьцаа эзэмшигчид олноор төлөөлж суумаар байгаа юм. Дарга нар, эрх баригчдыг санхүүжүүлдэг, нүүрсний хэрэг мэтийн хулгай гарахаас хамгаалж, ашигтай ажиллахад ташуур болж суух хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

2024.01.22 / ДАВАА ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 08.32-17.35
Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Уул

Аргын тооллын 1 сарын 22, Сумьяа гариг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.