Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарын өвлийн наадамд 80 гаруй гадаад тамирчин оролцоно DNN.mn

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скай резорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Хөтөлбөр:

  • Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ

Наадмын үеэр хоол унд,, цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.

Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Тува улс зэрэг Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин “Улаанбаатарын өвлийн наадам”-д оролцохоо илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн монгол удирдлага Оюу толгойдоо элэггүй хандах юм DNN.mn

Монголын эдийн засаг өнөөдөр гуравхаан уурхайн нуруун дээр байгаа. Үүний нэг нь Оюу толгой. Учир мэдэх, арай эрүүл сэтгэлгээтэй, Монголын төлөө цохилох зүрхтэй бүхэн үүнийг хэлж ярьж, уйгагүй мэдээлж, бичиж яваа. Явсаар ч байна. Учир нь Оюу толгой бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт.

Гэтэл сонгууль дөхөж, улстөрчид идэвхжихээрээ үеийн үед Оюу толгойг л зүхэж эхлэх юм. “Монголын хамаг баялгийг өм цөм, ёнхийтол нь ухаж байна… бидэнд наалдаж байгаа юм юу ч алга… Монголоос олж байгаа орлогоосоо хэд дахин бага татвар төлдөг…” гэхчлэнгээр Оюу толгойг зүхсэн, буруутгасан улстөрчид, ТББ-ууд ёстой л борооны дараах мөөг шиг олширдог. Элдвээр хэлж, яаж л харлуулж болох тэр бүхнээр Оюу толгойг “буддаг”. Эсэргүүцэл, жагсаал акц хийдэг. Тэдний энэ үйлдлийг нийгмийн тодорхой хэсэг итгэж хүлээж авч байгаа учраас улстөрчдийн оноо авах, нийгэмд танигдах арга нь Оюу толгой болчихсон.

Оюу толгойн ТУЗ, хэвлэл мэдээллийн албанд монголчууд ажилладаг. Мэдээж дэлхийн том уурхайн стандартаар цалинжина. Монголд сарын 20, 30 сая төгрөгийн цалин авна гэдэг бол мөрөөдлийн зүйл. Ядуу хоосон байгаа өнөөдрийн монголчууд ийм цалин хараад ухаанаа алддаг байх. Тэгээд хамгийн түрүүнд энэ цалингаасаа л салахгүй шүү. Хэрвээ тэгвэл би өөдийн бараа харахгүй нь гэж боддог байж таарна. Ийм өндөр цалингаасаа салахгүйн тулд дэлхийн жишиг бол улам сайн ажиллах. Илүү санаачилга, илүү хичээл зүтгэлтэй ажиллах ёстой. Тэр ажлынхаа төлөө үхэн хатан зүтгэдэг. Ингэж амьдралынхаа, ажлынхаа баталгааг бий болгодог.

Харин монголчуудын хувьд хэл аманд л орчихгүй юмсан гээд хяраад хэвтчихдэг. Хэл аманд орчихгүйхэн шиг дуугүй цалингаа аваад байж байя гэж ханддаг. Нэг ёсондоо ингэж бэртэгчин загнадаг. ТУЗ-ийн гишүүн нь ч тэр, Монгол захирлууд нь ч тэр, хэвлэл мэдээллийн ажилтнууд нь ч тэр чив чимээгүй, юу ч хийдэггүй. Учир нь хэл аманд орохгүй байх хамгийн шалгарсан арга бол юу ч хийхгүй байх. Хийсэн хүн сайн муугаараа хэлүүлж, хийгээгүй хүн галаас, шүүмжлэлээс хол байдаг нь нэгэнт жам болсон зүйл.

Ямар ч хэл ам гарахгүй болохоор гадаад удирдлагууд нь ч болоод байгаа юм байна гэж боддог биз. Оюу толгой Монголд муу нэртэй байгааг эндэх удирдлагууд цааш нь дамжуулж хэлэхгүй байгаа шүү дээ. Худлаа мэдээлэл өгч байгаа биз. Маш сайн байгаа. Монголд жилд тэдэн сая ам.долларын татвар төлж байгаа. Удахгүй эрчим хүчээ өөрсдөө хангана. Дэлхийн стандартад нийцүүлж байна. Усны хэрэглээг ингэж багасгаж, ингэж зохицуулж байна. Ийм нөхөн сэргээлт хийсэн. Энэ бүхнээр Рио Тинтогийн нэр хүнд Монголд ингэж өсч байна. Гадны хөрөнгө оруулагчид ингэж нөлөөлөхөөр ажилласан.Монголын гурван том уурхайн нэг учраас Оюу толгойн хөрөнгө оруулалтыг монголчууд бурхан шиг шүтэж байгаа гэж Монгол захирлаасаа авахуулаад цэвэрлэгчээ хүртэл бүгд мэдээлж байгаа байх. Гэтэл бодит байдал дээр Монголын нийгэмд Оюу толгой үргэлжид муу нэртэй явж ирлээ.

Энэ бүхэнд Оюу толгойн Монголын талаас ямар ч хариу тайлбар гаргадаггүй. Бодвол хоёрын хооронд юман дээр элдэв тайлбар өгөхгүй, шалчигнасан юман дээр ярьж доошоо орохгүй гэж боддог байх. Гаслантай нь үнэн гутлаа үдэж байхад худал уулыг давна гэгчээр ингэх тусам Оюу толгой компани олон нийтийн дунд нэр хүндээ улам алдаж байдаг. Монголын нийгэм бодитоор Оюу толгойн талаар өнөөдөр ямар бодолтой байгааг тандлаа л даа. “Дэлхийн хэмжээний том компанийн хөрөнгө оруулалт учраас Монголынхоо ахуйгаас арай соёлжсон дэг журамтай. Арай орчин үеийн технологийг ашигладаг болохоос Монголыг луйвардаж байгаа компани. Эх орны баялгийг хэдэн мянган машинаар, хэдэн сая тонноор зөөж байгаа ч монголчууд ямар ч ашиг хүртэхгүй л байгаа юм билээ шүү дээ. Яахав хэцүү хөтүүг хийж байгаа уурхайн ажилчид биднээс хэд гурван төгрөгөөр илүү цалин авдаг юм шиг байгаа юм. Гэхдээ Монголын улс төрд яваад ямар ч нэр нүүргүй болчихсон хүмүүсийн орогнох газар Оюу толгой болсон. Монголоо тоносон тэд ямар гавьяа байгуулсан гэж тийм өндөр цалин авдаг юм бэ” гэхчлэнгээр дүгнэж байна. Үүнийг гудамд таарсан хүнээс, сошиал дахь сэтгэгдлүүдээс хэдэн зуу, хэдэн мянгаар нь уншиж, сонсож болно.

Ийн буруу ойлголт газар авахад Оюу толгойн монгол удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Учир нь дээр бичсэнчлэн тэд юу ч хийхгүй байснаас болж ийм ойлголт нийгэмд түгсэн. Тэд Оюу толгойн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээдэггүй. Бодвол Монголын хэвлэлүүд юмОюу толгойн үнэ цэнэ, ач холбогдлыг өөрсдөөс нь ч илүү тайлбарлан таниулсан мэдээ нийтлэл гаргадаг учраас угаасаа манай компанийг дэмждэг юм билээ. Аясаараа явж л байг гэж ханддаг байх. Тиймдээ л олон нийтийн сүлжээнд хэд мянган дагагчтай инфлүүнсэр гэж хэлэгддэг залуусыг онгоцоор авч явж 5, 10 секундын ямар ч агуулгагүй, үр нөлөөгүй сторийг зар сурталчилгааны ажил гэж боддог болов уу. Үгүй шүү дээ.

Тэд Эрдэнэт үйлдвэрээс суралцах хэрэгтэй. Эрдэнэт компанийнхан олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа гойд сайн.

“Эрдэнэтийн овоо өнгөтэй байна. Энэ зууны царай байна..” гэхчлэнгээр дуу хүртэл гарснаас нь үүнийг дүгнэж болно. Саяхныг хүртэл Оросын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийг мон-голчууд бурхны аврал шиг л ярьцгаадаг. Угтаа дөнгөж 2016 онд л монголчууд Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авч, бүрэн өөрийн мэдлийнх болголоо. Инээдтэй шүү, зарим улстөрчид Эрдэнэт юу эсийг шахдаг байсныг монгол даяараа л мэддэг. Гэхдээ монголчуудыг Эрдэнэтийг Оюу толгой шиг шоовдорлодоггүй. Учир нь тэд энэ хөрсөө аль социализмын үед л тавьчихсан. Тэдний пиар айхавтар л даа.

Тиймээс Оюу толгойнхон үүн шиг ажиллах ёстой. Оюу толгойн монгол удирдлагууд компанийнхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Реклам сурталчилгаа хийж байна гээд Монголын ахуйд тохирохгүй сонин юм хийх юм. Телевизийн нэвтрүүлэг дотор “..нэг ч хүн үлдээхгүй бүгдээрээ хамтдаа алхана” ч гэх шиг. Монголын ахуйд буусан, монгол ухаанаас гарсан реклам хийж баймаар байна. Хэл, хөлд ороогүй байхаасаа гадаад явж өндөр дээд боловсрол эзэмшсэн зарим удирдлага тэнд бий байх. Реклам сурталчилгаа, мэдээлэл нийтлэлийн талаар “А” ч үгүй удирдлага ч байгаа байх. Хэл усандаа сайн ч хэвлэл мэдээллийн чиглэлээр маруухан хэвлэлийн ажилтан бий байх. Тийм бол дотоодын хэвлэлүүдтэйгээ ойр ажиллах хэрэгтэй. Цагаа тулахаар инфлүүнсэрүүд юу ч чаддаггүй юм.

Ер нь ч тэгээд Оюу толгойн монгол удирдлагуудыг сольж баймаар юм байна. ТУЗ, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нь үнэхээр муу ажиллаад байна шүү дээ. Нийгмээ мэдэрч, ойлгохгүй байна. Монголоос тасарсан цалин аваад Монголын ахуйгаасаа хөндийрчихдөг юм байх даа.

Төгсгөлд нь хэлэхэд, манай сонин Оюу толгойг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын баталгаа гэж байнга дэмжиж,мэдээлж ирсэн. Учир нь автономит Монголын ноёдын цор ганц хүсэл мөрөөдөл нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, тэр дундаа барууны хөрөнгө оруулалт, харилцаа байсан юм. Үүлэн чөлөөний нар шиг олдсон тэр богинохон боломжид тусгаар тогтнолоо дахин мандуулсан тэдний туйлын хүсэл, мөрөөдөл нь энэ юм. Тиймээс бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, харилцааг эцэг өвгөдийн захиас гэж хардаг. Тусгаар тогтнолын баталгаа гэж үздэг. Тиймээс л Оюу толгойг өмөөрөх бүхнийг хийдэг. Засмаар бүхнийг шийрэгнэлгүй шүүмжилдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөсөн зуд нүүрлэж, малчид аргаа барж байна DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Ингэхэд улсын хэмжээнд долоон аймгийн 15 суманд төмөр зуд, 17 аймгийн 81 суманд цагаан, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, хоёр аймгийн дөрвөн суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн гэж гарчээ. Малчдын бэлтгэсэн өвс, тэжээл бараг дуусч, малын хорогдол ч нэлээн гарч байгаа аж. Тиймээс бид зарим аймаг, сумдын Засаг дарга, малчидтай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.

Дорнод аймгийн Матад сумын нутаг цагаан зудтай, байдал нэлээд хүнд байгаа гэдгийг тус сумын Засаг дарга Д.Баттулга хэлж байна. Цасны нягтаршил их байгаа нь байдлыг улам дордуулж байгаа аж. Мөн тус суманд өөрийн нутгийн 55 мянган адуу өвөлжиж байгаа дээр нэмээд Сүхбаатар аймгийн зарим сумд, Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Баянтүмэн, Гурванзагал сумдаас шуурганаар 40 гаруй мянган адуу уруудаж иржээ. Өнгөрсөн оны сүүлээс малчид өөрсдийн гар дээрх өвс, тэжээлээ хэрэглэж эхлээд бараг дууссан байна. Тиймээс сумынхаа өвс, тэжээлийн агуулахаас хүндэрсэн, цас ихтэй гурван багтаа 4000 орчим боодол өвс тараажээ. Уг нь сумын нөөцийг хавар төлийн үед тараах ёстой байдаг боловч цагийн байдал хүнд байгаа учраас үүнээс өөр арга байхгүйг тэрбээр учирлаж байна. Сумын ЗДТГ-т багуудаас долоо хоног бүр малын хорогдлын мэдээ авч байгаа бөгөөд долоо хоногтоо л 500-600 тооны мал хорогдож байгаа ажээ. Мөн нөхцөл байдлыг улам дордуулж байгаа нэг зүйл нь шатахуун, түлшний хомсдол болжээ. Тэгвэл Дорнод аймгийн Булган сумын нутагт энэ жил 246 мянган толгой мал өвөлжиж байна. Зуншлага тааруу байсан, нийт нутгаар нь 15-25 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд 600 гаруй мал хорогджээ.

Малчдын бод мал шуурганаар нэлээд уруудаж, Матад болон Халх гол сумын 19, 21 дүгээр талбай,

Мэнэнгийн тал орчимд очсон бөгөөд Аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус газруудад сумын Засаг дарга Т.Гантулга тэргүүтэй хүмүүс ажиллаж байгаа юм байна. Булган сумын хувьд нийт 653 малчин өрхтэй бөгөөд мөн л өвс, тэжээл нь дууссан учраас аймгийн нөөцөөс 1000, сумаас 4000 боодол өвс тараахаар шийдвэрлэжээ. Цаашид цас нэмж ороод, шуурвал мал бэлчих ямар ч аргагүй болох бөгөөд малын хорогдол ч нэмэгдэхээр байгаа аж.

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ч нөхцөл байдал ялгаагүй байна. Сумынхаа зүн талд 30-аад километр зайд өвөлжиж байгаа тус сумын V багийн малчин Л.Амгаланбаатарын хэлснээр айл, саахалтындаа очиход ч бэрх болсон байна. Машин, мотоцикльтой явах ямар ч боломжгүй бөгөөд хаа нэг морьтой л явж байгаа аж. Өвс, тэжээлийн нөөц нь ч шавхарч, мал нь доод талаасаа ширвэгдээд эхэлсэн байна. Нэг боодол өвс 15-17 мянга, хивэг 35 мянган төгрөгийн үнэтэй байгааг тэрбээр хэт үнэтэй тусаж байна гэв. Л.Амгаланбаатар гуайн адуу аль оны өмнө л шуурганаар уруудсан бөгөөд одоо хаана байгааг ч мэдэхгүй, араас нь явж чадахгүй, хий дэмий л санаа зовж сууна.

Дорноговь аймгийн нутагт энэ жил тун хүнд өвөл болж байна. Ялангуяа Иххэт, Алтанширээ сумдын нутагт мөсөн зуд нүүрлэжээ. Алтанширээ суманд ноднин жилийн 11 дүгээр сараас эхлэн 14-15 удаагийн их хэмжээний цас оржээ. Цас орох бүрдээ салхины эрч чангарч шуурсан бөгөөд бямба гаригт л гэхэд 24 цагийн турш шуурсан байна. Малчдын гар дээрх өвс, тэжээл бүрэн дуусч, сумын нөөцөө ч тарааж дуусчээ. Өнгөрсөн намар боодол өвс 10-11 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол ийн зуд болсны дараагаар ченжүүд үнээ 20 мянга болгон нэмж, 25 килограммын тэжээл 33-35 мянган төгрөг болсон байна. Малчид зарим малаа бойлсон ч гэсэн сумын хэмжээгээр 6-7 мянган мал хорогдож, 14-15 мянган мал шуурганд урууджээ. Уруудсан малынхаа зарим хэсгийг малчид олсон ч айлууд нүүх, мал бэлчих газаргүй болжээ. Сумын зүгээс зам гаргах ажлыг тогтмол хийж байгаа ч шөнөдөө шуураад буцааж дарчихаад байгаа аж. Хүн эмнэлэг нь хоёр фургонтой ч нэг нь эвдэрч, ашиглах боломжгүй болсон бөгөөд иргэддээ очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн хүндрэлтэй болсон гэдгийг тус сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш хэлж байна. Харин Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хувьд бог мал хорогдоод эхэлсэн, малчдын 70-80 хувь нь хүндхэн байдалтай болсон гэнэ.

Малчдын өвс бараг дуусч, тэжээл 35 мянга, өвс 20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Сумын аюулгүйн нөөцөд нь ямар ч өвс, тэжээл байхгүй болсон гэдгийг тус сумын Бараат багийн Засаг дарга Д.Тунгалаг хэлэв. Тэрбээр аймгийнхаа Онцгой байдлын газар руу утасдаж, зам гаргахад туслаач гэсэн санал тавьсан байна. Хүн эмнэлгийнх нь машин эвдрээд саяхан зассан ч их хэмжээний цастай, зам харгуй байхгүй учраас малчид эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа ажээ.

Хангайн бүсийн аймгуудад ч ижил нөхцөл байдалтай байгаа аж. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумыг өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн байна. Сумын хэмжээнд нийт 221 мянган мал өвөлжихөөс 10 гаруй мянга нь зэргэлдээх сумдад отроор явжээ. Нийт нутгаараа 40-70 сантметрийн цасан бүрхүүлтэй байгаа нь улсын хэмжээнд нэлээд зузаантайд орж байна. Тиймээс сумын удирдлагаас УОК-т нэгдүгээр сарын эхээр хүсэлт тавьснаар 30 тонн тэжээл авч, зургаан багийнхаа малчдад хямдралтай үнээр хуваан өгчээ. Мунгараг, Соёо, Муна багийн нутгуудад байдал нэлээд хүндэрч, он гараад мал хорогдож эхэлсэн байна. Гэвч одоогийн байдлаар яг нарийн тоо гаргах боломжгүй, багууддаа тэр бүр хүрч очиж чадахгүй байгаа гэсэн мэдээллийг Улаан-Уул сумын Засаг даргын орлогч М.Отгонбаатар өгөв. Харин тус сумын Соёо багийн малчин, өндөр настан Ж.Даажин өвч тэжээлээ бүрэн дууссан. Саяхан сумаас хөнгөлөлттэй үнээр буюу 15 мянган төгрөгөөр тэжээл өгсөн байна. Хонь, ямаа нь хэт хүйтэнд даарч, өлдөж үхээд байгаа ч хүн, хүч муутай учраас отор нүүдэл хийж чадалгүй суугаа гэнэ. Хэдэн малынх нь буян заяа түшиж, хорогдол эндэл багатайхан урин цагтай золгоосой хэмээн залбирч сууна хэмээн Ж.Даажин гуай хэлж байна. Тэгвэл Архангай аймгийн Өндөр-Улаан сум ч гэсэн онц ялгаагүй аж. Өвөлжилт нэлээд хүндэрч тал газраа 5-25 сантметр, Азарга, Хануй багийнхаа нутагт 60-70 сантметрийн зузаан цастай гэнэ. Мал одооноос хорогдож эхэлж, малчдын өвс бараг дуусч байгаа ч тэднийх сумын аюулгүйн нөөцөө задлаагүй байгаа юм байна. Өндөр-Улаан суманд зэргэлдээх аймаг, сумдын отрын мал орж ирсэн бөгөөд тэдгээртэй нийлээд 400 гаруй мянган толгой мал өвөлжиж байгаа гэдгийг Засаг дарга Ю.Баасанжаргал хэллээ.

Ийнхүү бидний холбогдсон бүхий л газарт өвөлжилт нэлээд хүнд байна. Энэ жилийн хувьд цас орж хүйтрээд, дараа нь хэд хоног дулаарч, дахин хүйтэрсээр ийнхүү мөсөн буюу шилэн зуд нүүрлэжээ. Намрын дэлгэр цагаар бэлдэж нөөцөлсөн малчдын өвч тэжээл үндсэндээ шавхагдаж, одоо л жинхэнэ хүнд цагтай нүүр тулах нь гэдгийг ч малчид учирлаж байна.

Тиймээс холбогдох газруудаас нь яаралтай арга хэмжээ авч, тодорхой тусламж дэмжлэгийг УОК-оос өгөхгүй бол дөрвөн цагийн уртад хэдэн малаа дагаж, амьдрал ахуйгаа өөд татаж явдаг хэдэн бор малчид маань хамраараа газар хатгаж мэдэхээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 13, Хэрцгий охин одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 08:31 цагт мандан, 17:37 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох гэж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг халамжлах “Асралт гэр бүл”-ийг бий болгоно” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар “Улс төрийн нам төрөөс санхүүжих шаардлагагүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох гэж байна” хэмээн өгүүллээ. 

УИХ-ын гишүүн асан Г.Уянга” Манайд түрээсийн үнэ ямар ч үндэслэлгүй, зүгээр л эзний амнаас дур зоргоор гарсан тоо байдаг” хэмээн ярилаа. Энэ тухай I, II нүүрээс уншаарай.

Энэ удаагийн” Элэг нэгтэн” буланд  Монгол суу ухааны академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон” Эх нутгаасаа гараад ер, зуун жил ууланд бүгсэн 400 гаруй цэвэр халх монголчууд маань одоо Хятадын Ганьсу мужид амьдарч байна” хэмээв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

О.Энх-Эрдэнэ: Жазз дуучин Дэлхийн тайзан дээр ч, жазз бааранд ч дуусаж магадгүй DNN.mn

Каунтри, жазз хөгжмийн урсгалыг монголчуудад түүчээлэн таниулж , “Mongol Country” төслийг баг хамт олонтойгоо эхлүүлээд байгаа дуучин О.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьж байна вэ?

– “Амьдрал баян” цомог маань  “М Music” дээр цацагдсан байгаа. Цомог дотор нэг жазз дуу, бусад дуунууд маань каунтри урсгалын дуунууд байгаа. Цомог маань Цагаан сарын дараа хэвлэлтээс хүрээд ирнэ. Түүний дараа биет хэлбэрээр худалдаанд гарна. “Mongol Country” төслийг бага хамт олноороо хэрэгжүүлээд явж байгаа. Манай хөгжмийн продюсер Мөнхболд гэдэг хүн байгаа. “Амьдрал баян” цомгийн шүлгийг Батцэнгэл ах маань зохиосон. Манай төслийн зорилго бол Монгол соёл, ахуйгаа шингээсэн жазз, каунтри урсгалын дуу хийх. Нөгөө талаасаа амьд хөгжмийг илүү их дэлгэрүүлэх зорилготой. Энэ цомгийн бүх дуу амьд хөгжимтэй. Монгол хүн зохиосон учраас монгол соёл шингэсэн. Үүгээр зогсохгүй Монгол Улсаа бусад улс орнуудад өөрсдийнх нь мэдэх хөгжмийн урсгалаар дамжуулан таниулах оролдлого юм даа.

-“Авьяаслаг Америкчууд” шоунд орох шийдвэр яагаад гаргасан бэ. Хэр их бэлтгэл хийдэг вэ?

-Урилга ирсэн. Тэгээд миний хүлээх ёстой үүрэг хариуцлага мөн боломж минь байсан. Би дэлхийн хамгийн алдартай жааз дуучин болох мөрөөдөлтэй түүнийгээ шат шатаар биелүүлээд л явж байна. Жазз дуучин дэлхийн тайзан дээр ч, захын бааранд ч дуусаж болно гэхдээ миний хүсэл бол дуулсаар, аз жаргал түгээсээр байх. Аль нь ч байлаа, би мөрөөдлийнхөө төлөө ямар нэг зүйл хийх ёстой. Би хязгааргүй мөрөөддөг, төлөвлөгөөг бол хамгийн тааруухан байхаар төлөвлөдөг. Тэр мөрөөдөлд хүрэхийн төлөө маш их хугацаа, нүсэр хөдөлмөр зарцуулна. Яг одоо хийж байгаа зүйлээ  тууштай хийгээд, өөрийгөө илүү их хөгжүүлэхийг хүсч байна. Надад гүйгээд явсан өдрүүд байгаа, мөлхөөд ч явсан өдрүүд байгаа. Хамгийн гол нь зогсохгүй яваа маань чухал. Хүн хийсэн бүхнээсээ туршлага хуримтлуулаад явдаг. Алдсан бол суралцаад л явдаг. Бэлтгэлийн хувьд  дуулах дуртай болохоор цаг заадаггүй. Хамгийн багадаа хоёроос гурван цаг. Магадгүй түүнээс дээш. Хоолойгоо сөөх хүртэл дуулах үе ч байна.

-Өөр урсгалаар дуулаад үзэх бодол бий юу?

-Би дуртай дуугаа илүү дуулах дуртай. Бүх хүн трэйп сонсож байна гээд уран бүтээлч хүн хийдэг зүйлээ өөрчилөх нь утгагүй хэрэг л дээ. Каунтри хөгжим маань сонсоход илүү таатай урсгал. Харин эсрэгээрээ хүмүүст илүү танин мэдүүлэхийг зорьж байна. Сонгосон замдаа огт харамсдаггүй ээ. Нэг дуунаас авсан мэдрэмжээ бусадтай хуваалцах гэж бэлтгэл хийж, дуулдаг болохоор намайг сонсож байгаа хүмүүс жаргалтай байгаасай л гэж хүсдэг.

О.Энх-Эрдэнэ "America's Got Тalent" нэвтрүүлгийн хагас финалд шалгарчээ

Жазз клубтэй болох хүсэлтэй юу?

-Жазз урсгал нийгмийн цөөнх сонсдог урсгал. Миний бодлоор амьд хөгжимд бүх зүйл амьд байх хэрэгтэй. Бид нэг тоглолт хийлээ гэхэд тэр бүх хамтлагийн гишүүдийн, үзэгчдийн мэдрэмж амьд байж байдаг, тухай үедээ цор ганц. Тэр бүх амьд сэтгэл зүй, амьд мэдрэмжүүд хүмүүст илүү сайхан санагдах байх гэж найддаг. Хүмүүс бидний хөгжмийг сонсож, гоё мэдрэмж авч байна гэдэг л гол зүйл. Мэдээж жазз клубтэй болох бол жааз хөгжим сонсдог хүн бүрд байдаг хүсэл байх.

-Хүүхэд насаа хаана, хэрхэн өнгөрөөсөн бэ?

-Би айлын хоёр хүүхдийн бага, нэг эгчтэй. Аав маань Архангай нутгийн хүн, гэхдээ би хүүхэд насаа Эрдэнэт хотод өнгөрөөсөн. Гэртээ ганцаараа их үлддэг хүүхэд байлаа. Youtube миний хамгийн том багш байлаа. Тэндээс л анх жазз хөгжим олж сонссон. Миний хамгийн том бэлтгэл хийдэг газар гэр байсан. Хамгийн анхны том тайз бол “Авьяаслаг монголчууд” байсан. 14 настайгаасаа хойш тогтмол жазз, каунтри урсгалын хөгжим сонсоод, дуулаад явж байна.

-Гэр бүлийнхэн нь анх дуучин болох шийдвэрт хэрхэн хандсан бэ?

-Манай хамаатан садан дунд урлагийн хүн огт байхгүй. Аав ээж маань мөн урлагаас хол хүмүүс. Магадгүй надад багахан өгөгдөл байсан. Анх өөрөө хөгжим сонсоод, дурлаад дуулж эхэлсэн. Би чадаагүй зүйлээ чадчихсан юм шиг ярих дургүй. “Авьяаслаг монголчууд”-д орохдоо шилдэг 32-т шалгарчихаад гэрийхэндээ хэлж байсан. Америк руу тэмцээн рүү явахдаа хэнд ч  хэлээгүй шахам. Зөвхөн ойр дотны маань хүмүүс мэдэж байсан. Мөн миний үлгэр жишээ авдаг хүн бол Франк Синатра. Тэр хүний харизм, байгаа байдал, дуулах өнгө аяс маш их таалагддаг. Нэг үгээр бол ярьж дуулдаг хүн . Үлгэр уншиж байгаа юм шиг.

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Би 20 гаруй жил хөл бөмбөг үзэж байна. Зургаан настайгаасаа хойш хөл бөмбөг үзсэн. Real Madrid гэдэг суваг гардаг байсан. Тухайн үед Real Madrid-ын тухай гардаг, гоё тоглолтууд ч гардаг суваг байсан. Premier League-ээс Arsenal гэдэг багд дуртай. Үндсэн дэмждэж баг маань Real Madrid. Ямар баг үзүүштэй тоглолтуудын үзүүлж байна. Тэр багийг дэмжих үе ч байна.

 

 

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.

Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр

  • Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.

Мөн

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува улс гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөх сувд-2024” мөсний баяр гуравдугаар сарын 2,3-нд болно DNN.mn

 Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

Ирэх 7 хоногт тус баярыг зохион байгуулах ажлын баг бүрдүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо 29 хууль, Улсын Их Хурлын тогтоол 16 батлуулжээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.22) 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа  талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллийн эхэнд, Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 18 удаа хуралдаж, 29 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, эцэслэн батлуулж, Байнгын хорооноос 11 тогтоол баталсан гэв.

Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн таван тайланг хэлэлцсэний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолын дагуу Ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас анх удаа иргэдийн санал, өргөдлийг цахимаар авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болон орлогын албан татвартай холбоотой нийтдээ 100.000 гаруй санал иргэдээс ирсэн тул Төсвийн байнгын хорооноос энэ талаар болон татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Ажлын хэсэг байгуулан татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр, мэргэжлийн хүрээнд тодорхой тооцоо, судалгаа, загварчлалыг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй татварын ачааллыг судалсан. Ингээд цаашдаа татварын шинэчлэлийг гурван үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө УИХ-аас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь татварын хуулиасаа давсан байдаг, улмаар төрийн байгууллагуудаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй санхүүгийн ачаалал үүсгэж, тэр хэмжээгээрээ татварын зардлыг нэмэгдүүлж буй тул үүнийг цэгцлэх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хүрээнд Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганы сүүлийн өдөр хэлэлцүүлэн батлуулсан. Тогтоолд Засгийн газрын харьяа байгууллагууд дээр мөрдөгдөж буй 2700 гаруй дүрэм, журмыг нэг мөр цэгцлэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлчилгээний гэх нэрийн дор авч буй төлбөр, хураамж, хөлс зэргийг хуульд нийцүүлэх, шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгох, цуцлах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахаар тусгасан. Энэ нь Төсвийн байнгын хорооноос татварын шинэчлэлийн хүрээнд хийж буй эхний алхам нь гэдгийг тодотгож байлаа.

Г.Тэмүүлэн: Төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлж байна

Мэдээллийн төгсгөлд, Төсвийн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэвлэлийн бага хуралд оролцож буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг танилцуулж, зөвлөлийн үйл ажиллагаа, төсвийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар товч мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Хурлаас анх удаагаа томилогдож, байнгын орон тооны бүтэцтэйгээр  ажиллаж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ тэр дундаа Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн жил төсвийн шинэчлэлийн хүрээнд санаачлан батлуулсан хуулийн хүрээнд байгуулагдсан байна.

Тус зөвлөл нь Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарын долоон гишүүнтэй  бөгөөд өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан.

Мөн тэрбээр, зөвлөл нь  жил бүр УИХ-аар хэлэлцэн, батлагддаг дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл, болон Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ улс төрөөс хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Тодруулбал, Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор эдийн засгийн төсөөлөл, таамаглалыг бодит тооцоо судалгаа, нотолгоон дээр суурилж хийхээр хуульчилсан. Мөн тус зөвлөл  үйл ажиллагааныхаа хүрээнд төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд дүн шинжилгээ хийж,  цаашлаад төсөв, санхүүтэй холбоотой шийдвэрийн нөлөөллийг олон нийтэд танилцуулдаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлж, ил тод байдлыг хангах үүрэгтэй ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нүүрлэсэн алдаа, дутагдлыг засаж, залруулах үүднээс төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс төсвийн шинэчлэлийн хүрээнд баталсан томоохон хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнийг төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлж байна гэж хэлж болно. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдлийг 03 дугаар сарын 15-нд Засгийн газраас өргөн мэдүүлэхэд Төсвийн тогтвортой бадйлын зөвлөл нь төслийг үзэж нягтлаад Монгол Улсын хөгжлийн бодлого болон урт хугацааны төсөв санхүүгийн тогтвортой байдалтай нийцэж байгаа эсэх асуудлууд дээр дүн шинжилгээ хийх юм. Энэ талаараа 03 дугаар сарын 30-нд хэвлэл мэдээлэлд мэдээлэхээр болсон. Төсвийн шинэ цаглаврын хүрээнд 03 дугаар сарын 15-наас эхлээд цаашдаа төсвийн төслийн боловсруулалт, төлөвлөлтийн бүх мэдээллүүдийг ил тод байхаар хуульчилсан. Төсвийн захирагчид төсөвтэй холбоотой бүх мэдээллүүдийг олон нийтэд ил тод тавьж мэдээлэх үүрэгтэй бөгөөд үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавина гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.

Мөн Монгол Улсын төсвийн төслийг 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад 9 дүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэл төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад 09 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулахаар болсон. Харин төрийн аудитын байгууллага 09 дүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллуугадад мэдээлэхээр болсон. Энэ нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгасан. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан, дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд Улсын Их Хурал аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн онцлон тэмдэглэсэн юм.

Ийнхүү хэвлэлийн бага хурал сэтгүүлчийн асуулт, хариултаар үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.