Categories
мэдээ нийгэм

Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдан борлуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “З” нь хууль бус археологийн хайгуул, малтлагаар олж авсан 84 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг “А” нарын гурван иргэнээс худалдан авч, Монгол Улсад байнга оршин суух гадаадын иргэнд худалдсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын иргэн “А” болон гадаад улсын иргэний эзэмшлийн обьектоос металл хайгч болон археологийн олдвор болох 254 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

Энэ талаар хуулийн зохицуулалтаас:

Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх

1.Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хууль бус археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгааг санхүүжүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Өнгөлөг, тунгалаг, элгэмсэг “Мөнгөлөг шагшуурга” DNN.mn

Хан Жаргалант хайрхны өвөр бэлийг ундаалан мэлтэлзэх Хатан Хар-Ус нуурын мөсөн дээр ховдчууд төдийгүй баруун бүсийн олон ястан, угсаатнууд цуглан цасны баяраа өнгөлөг тэмдэглэлээ. Яг л хаврыг угтан Цагаан сараа бэлгэшээн ёсолдог шиг. Дэлгэр зундаа дэнж толгодыг хотолзтол нааддаг шиг. Налгар шаргал намартаа найрын дуугаа сөгнөн уярдаг шиг. Өнөө жилийн өвлийг өнтэй ирлээ хэмээн бэлгэшээж, цас, мөсний баяраа Хар-Ус нуурынхаа тунгалаг тольт дээр харуй бүрий болмогц хаан тууль хайлуулан эхлүүллээ. Монголчуудын утга зохиолын гурван оргилын нэг хэмээгдэх Жангар туулийг ийнхүү бүтэн хайлуулж дуустал шөнө дунд болж, эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.

Дараа өдрийн арга хэмжээ нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж, олон угсаатны өвлийн гоёл, урлагийн тогтолт, сумдын хүндэтгэлийн жагсаал, мөсөн сур харваа зэрэг тэмцээн, арга хэмжээнүүд шил шилээ даран үргэлжиллээ.

Ховд аймгийн төвөөс зүүн тийшээ 20 гаруй км яваад Хар-Ус нуурын хөвөөнд тулдаг. Хөвөө орчмоос дотогшоо нэг ч автомашин оруулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Хөвөөгөө дагаад гэр буудал, хоол, цай, үйлчилгээний газрууд их байв.

Хөвөөнөөс дотогшоо 2-3 км зайд баярын тайзыг задгай засчээ. Задгайлсан тайзны хойморт Хан Жаргалантын оргил сүндэрлэн үзэгдэхээр, хөшиглөөд Хатан Хар-Ус нуурын мөнгөлөг шагшуурга жаварт дөшин хөлдөж, болоршиж харагдахаар тайзаа зассан нь утга агуулга гүнзгий ажээ. Тайзны баруун хэсэгт ханагар том гэр барьсан нь олон угсаатны өв соёлыг илтгэх музей гэнэ. Энэхүү гэр музейн баруу талд угсаатны гэрүүд үргэлжлэн баригдсан нь зочид, гийчдийн хөлд дарагдаастай харагдана.

Угсаатны гэрүүдийн урдхан талд галын, эмнэлгийн, цагдаагийн зэрэг шуурхай албаны автомашинууд зэрэгцэн зогсоно. Тойрч урагшлаад харвал эгнэсэн буудал, гуанзны гэрүүдээс аргалын хөх утаа суунаглаж, орсон гарсан хүний хөлөөр уур савсах нь зэрэглээтэх шиг.

Зүүн тийш Хар-Ус нуурын уудам мөсөн хөндий чимээгүйхэн цавцайна. Цавцайсан хөндийн баруун хэсгээс мөнгөлөг шагшуурга болоршин эгнэсээр тайзны зүүн хэсэгт баригдсан арын албаны гэр хойгуур нуугдан алга болно. Тунгалаг мөсөн орны байр байдлыг тоочин хэлбээс ийм аж. Энэхүү баярыг Баруун бүсийн зөвлөлийн дарга бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нээж үг хэллээ. Тэрбээр “Анх 2009 онд Чандмань, Манхан, Зэрэг, Буянт сумын дөрвөн багийн малчид байгаль орчноо хамгаалах зорилгоор энэхүү цас, мөсний баярыг эхлүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш энэхүү баяр жилээс жилд өргөжин тэлж өдгөө баруун бүсийн өвлийн аялал жуучлалын томоохон арга хэмжээ болж цар хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн жилээс эхлээд энэхүү арга хэмжээг жил болгон Засгийн газрын “Монголд тавтай морил” болон “Go Mongolia” уриан дор нэгдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулахаар болж байна. Холын цэнхэр Ховд нутагт хол, ойроос зорин ирсэн та бүхэнд нийт ховдчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Байгаль дэлхийгээ хамгаалан шүтэж, бахархал түүх, өв соёлоо гайхуулан наадацгаая” хэмээлээ.

АЗ, ОДОО ҮЗЭЭД 10 МЯНГАН ТӨГРӨГ ХОЖСОН Ч АГААРЫН БӨМБӨЛӨГ ХАГАЛЖ ЧАДАЛГҮЙ АЛДЛАА

Засаг даргын үг дуусахтай зэрэгцэн өнгө өнгийн утаат салют уул, усыг доргитол, уригдсан зочдыг цочтол буудлаа. Ёслолын буудлагад сэтгэл нь огшсон үзэгчдэд хангайн нэг аймаг болон баруун таван аймгийн төлөөлөл урлагийн тогтолтоор мэндчилгээ дэвшүүлэн наадам, найрын буухиаг үргэлжлүүлэв.

Мөсний баярт ирсэн хүн бүхний нүүрэнд гэрэл цацарч харагдана. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо, ах, дүүсээрээ хүрэлцэн ирж. Үнэгэн лоовууз, үстэй дээл, монгол гутал өмссөн хүмүүс дор бүрнээ ястан, угсаатныхаа онцлогийг шингээн гангарчээ. Нээлтийн өдрийн арга хэмжээнд нийт 40 гаруй мянган хүн оролцсон нь тус баяр наадам баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болсоныг нотлох мэт.

Цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ зохион байгуулалт, үйл ажиллагаа нь илүү чамбайрч, олширсон байна. Цан хүүрэг татсан мөсөн талбай дээр морин чаргаар зугаалж явах нэгэн ч байв. Мотоцикльтой, модон чаргатай хөгжилдөн уралдах хэсэг хүмүүс ч харагдана. Ширээ бөхтэй тэмээгээр гангарч зургаа авахуулах шинэхэн хосууд ч жаргалтайгаар хацар нь ягаарна. Шил толь шиг зассан мөсөн баримал, тоглоом дээр ч бяцхан хүүхдүүд бөөн баяр хөөр болон гулсана. Настайчууд нь наадмын төв хойморт урлагийн тоглолт үзэж, халуун цай уунгаа холоос ирсэн зочдын гоёлыг хэлэлцэн суух шиг. Хатан Хар-Ус нуурын тунгалаг тольт дээр зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээний өөр нэгэн чимэг нь “Мөнгөлөг шагшуурга” гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. Энэхүү үзэсгэлэнг Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан санаачлан зохион байгуулан гаргажээ. Олон ястны өлгий Ховд аймгийн түүхэн дурсгалт газар, үзэсгэлэнт байгалийн өнгө толиог, өв соёлын өвөрмөц онцлогтой гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхох хүмүүс олон байв. Сүрлэг уулсын ноён оргилуудаас эхлээд сүр хүчит ан амьтан, сүлжилдэн ургасан цэцэгсийн төгөлдөр үзэмжийг энэхүү гэрэл зургийн галлерейгаас харлаа. Галлерей зассан газар нь өөрөө галлерей шиг уран шийдэлтэй юм.

Мөр мөрөө түшсэн мөнгөлөг шагшуурга дунд төгөл гарган энэхүү галлерейг хийжээ. Байгалийн үзэсгэлэнт гэрэл зургуудыг байгаль дээр нь байгаагаар нь харах шиг сайхан зүйл үгүй аж. Арга хэмжээ зохиогдож буй талбайн төвд баруун таван аймгаас ирсэн гар урчууд, худалдаачид, жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Сонирхвол нутаг нутгийн брэндүүд байх. Увсын чацаргана, Завханы загас, жимс Говь-Алтайн арвайн гурил, Ховдын шар тосоос эхлээд эмээл, хазаар, хутга, хөөрөг, нэхсэн оймс, цамц, малгай тэргүүтнүүд ирсэн зочдын нүдийг хужирлана. Сум, сумаас ирсэн үйлдвэрлэгчид өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн борлуулж байна. Зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тийм ч өндөр биш юм. 3-4 настай хүүхэд өмсчих хөөрхөн хурган дээл 60 мянган төгрөг гэнэ.

Бага зэрэг яриад 55 мянган төгрөгт нэг дээл худалдан авлаа. Ооны эврэн иштэй ган хутга сонирхон асуутал 40 мянган төгрөг гэнэ. Бас жаахан яриад 35 мянган төгрөгөөр авчихлаа. Ингээд бодохоор энд тэнд гардаг үзэсгэлэн худалдаанаас л хямдхан, яриа хөөрөөтэй байв. Зарим газарт ч манай үндэсний үйлдвэрлэгчид тэнгэрт тултал үнэ хэлдэг дээ. Гэхдээ энэ удаа яриа хөөрөөтэй, хэн хэндээ ашигтайгаар арилжаа явуулж байх шиг. Бараа бүтээгдэхүүн үйлдвэр, худалдаалах боломжгүй малчид байгаа уналгын морьдоо хөтлөөд иржээ. Бүтэн өдөржин унахад 50 мянган төгрөг гэнэ. Ойр зуур явахад таван мянга. Тэмээ ч гэсэн адилхан үнэ ханштай байв.

Иймэрхүү задгай талбайн арга хэмжээний үеэр гардаг бичил бизнесүүдийн ихэнх нь л харагдана. Аз, одоо үзээд арван мянган төгрөгтэй ч боллоо. Агаарын бөмбөлөг хагалж чадахгүй арван мянгаа ч алдлаа. Цагийг хөгжөөнтэй өнгөрүүлэх цаанаа бас ашигтай байж мэдэхээр иймэрхүү жижиг, сажиг мөрийтэй тоглоомууд ирсэн олны уур амьсгалд эергээр нөлөөлдөг билээ. Яг үнэндээ хоолны газрууд нь хол байсан. Гэхдээ нөгөө морин чаргаар эсвэл дан морь таван мянган төгрөгөөр түрээслээд унаад очиход асуудалгүй. Харин зарим хоолны газрууд хоолоо дулаанаа барьдаг саванд хийгээд морин чаргатай явж зарж байв. Худалдаа наймаа, хөгжөөнт тоглоом, тэмцээнүүдийг сонирхож явах зууртаа хоёр хуушуур авч идлээ. Мах нь амттай, халуунаараа юм. Залгуулаад халуун цай, аарц уулаа. Гадаа хасах 20 гаруй хэмийн хүйтэн байсан ч ингээд халуун хоол цай идээд, энд тэндхийн арга хэмжээг сонирхон явахад даарч байгаагаа ч анзаарах юм алга. Цас мөсний иймэрхүү баяр, арга хэмжээнд гэр бүлээрээ очиж, оролцох нь илүү сонирхолтой санагдав. Хүүхдүүд мөсөн дээр гулгах, морь, тэмээ унахаас эхлээд баярлаж, тоглох зүйл ихтэй. Мөн өв соёл, уламжлалаа ч мэдчихнэ. Нэмээд байгальд, цэвэр агаарт нэг, хоёр өдрийг гэр бүлээрээ ингэж хөгжилтэй өнгөрүүлэх нь хүүхдийн сэтгэлд нэгэн нандин дурсамж үлдэх нь тодорхой биз. Малчдын санаачилгаар анхлан зохиогдсон Баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр өнгөлөг, тунгалаг, элгэмсэг, нөхөрсөг өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Фото: “Мөнгөлөг Шагшуурга-2024” 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээнэ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан.

Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлж, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна хэмээн Цагдаагийн Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярхүү: Ковидын үеэр 50 машин нүүрс гардаг байхад байгуулсан терминал дээр бүх нүүрсийг шилжүүлэх гэж үйлээ үзэж байна DNN.mn

“Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Баярхүүтэй ярилцлаа.


-Хилийн боомтын сэргэлтийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярилаа. Бодит байдал дээрээ боомтууд сэргэж байна уу, асуудал бэрхшээл юу байна?

-БНХАУ-тай хиллэсэн найман боомт байна гэж Хилийн боомтын захиргаа мэдэгдэж байна. Энэ найман боомтын нийт дүнгээр 65 сая тонн нүүрс өнгөрсөн онд гарсан. Үүний 80 хувийг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор гаргажээ.

Гэхдээ бид олон боомтоо зэрэг хөгжүүлээд ашиг олоод өгье гэхэд харьцангуй ойлголт юм билээ. Гол нь БНХАУ аль боомт руугаа буюу зах зээл худалдан авалт нь аль боомт дээр төвлөрөөд байгаа юм, аль боомт дээрээс татах нь худалдан авагчдад ашигтай байна вэ гэдэг чухал асуудал байдаг. Ханги-Мандалын боомтоор цаашаа гол терминал нь ойрхон байх жишээтэй. Дотоодын тээвэр нь бага зардлаар нүүрсээ цааш хүргэж гол худалдан авагчдадаа өгчихөж байна. Гашуунсухайт нь тэндээ нэг дүрэмтэй, Шивээхүрэн нь ч тэр адилхан.

Жижиг гэж яриад байгаа боомтуудаас Бичигт боомтыг ярья л даа. Манай долоо, найман зуун тээвэрчин тийшээ ажил хайгаад явсан. Орон нутагт маш олон уурхай байдаг. Цаанаа хэн нь эзэн нь мэдэгддэггүй, уул уурхайн бодлого нь сул тийм газрууд олон бий. Хоёрт, тэнд хилийн боомтын хөгжил байхгүй. Яг 10 жилийн өмнөх Цагаанхад шиг, танил тал, орон нутгийн давуу байдал үүсчихсэн. Хэн нь хятад эзэн сайн танина, түүний машиныг оруулж ирээд нүүрс ачаад гаргадаг.

Энд Тулга сайд цаасан дээр маш гоё зураг яриад яваад байдаг. Буцаад засч болшгүй муу хөрс тэнд аль хэдийнэ бий болчихсон. Одоо гоё төлөвлөгөө бариад очихоор нэг хүн хашаа бариад өөрийнхөө өмч болгочихсон, эсвэл өөр хэн нэг нь гуанз бариад “Минийх” гээд суучихсан, бөөн хэрүүл байдаг. Бичигт, Хавиргын боомт орчимд бичил уурхай ихтэй боловч боомтынхоо аман дээр их инээдтэй. Ямар ч дэд бүтийн хөгжил байхгүй. Монгол Улсын дархан хилийн нэг манаач, нэг путик л байдаг. Уг нь Бичигтийг жишиг боомтоор хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Замын-Үүд, Гашуунсухайтаас өөр шинэ боомтыг хөгжүүлж, экспорт, импортын том гарц бий болгомоор байгаа юм. Замын-Үүдийг 24 цагийн ажиллагаатай болгосон гээд үр дүн байгаа л даа?

-БНХАУ-ын тал “Бичигт дээр зам тавиад өгье. Ийм дэд бүтэц, тийм ажил хийгээд өгье” гээд байдаг манай талаас харахаар бахь байдгаараа л байгаа юм билээ. Боомтын сэргэлтийн бодлогын ганц авах зүйл бол энэ салбар өмнө нь эзэнгүй, Сангийн сайд сугандаа хавчаад явдаг байсныг бодвол одоо эзэнтэй болсон. Ядаж Замын-Үүд 24 цагаар ажилладаг боллоо. Одоо Гашуунсухайтыг дараагийн ээлжид ажиллах цагийг нь сунгах ёстой. Долоо хоногийн гурван өдөрт 24 цагаар эргэдэг болоход ямар их тээврийн эргэлт хийх вэ, ямар их экспорт хийгдэх вэ.

Өөр нэг асуудал гэвэл терминал буюу тээврийн шинэ шилжүүлэн ачих төрөл бий боллоо. Энэ бол БНХАУ-ын амбицад их таалагддаг. Нүүрсийг дахин буулгаж шороо манаргаж асгахгүй, эко байна. Чингэлгээр ирлээ, шилжүүлж тавиад хил гаргалаа. Болж байна гэдэг. Гэтэл манай хилийн боомтынхны бахархаад байгаа шилжүүлэн ачих терминал нь 30 гаруйхан га талбайтай. Байгуулагдсан түүх нь инээдтэй. Ковидын үед ямар ч нүүрс гарахгүй, өдөрт 50 машин гаргадаг болоод балраад ирэх үед гурван уурхай мөнгөө нийлүүлээд дундаа нэг жижиг талбай гаргаж цутгаад шилжүүлэн ачих терминал байгуулсан. Ковидын үед яаралтай байгуулсан түр тасаг л гэсэн үг. Өнөөдөр тэр нь Монголын экспортын бүх нүүрсийг шилжүүлэн ачдаг ганц талбай болчихсон. Гурван уурхай оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр “миний талбай, чи цаашаа, би цаашаа” гэдэг. Тэгэхээр терминалыг заавал нэмэх хэрэгтэй. Тэгэхэд БНХАУ-ын талд “Цагаа сунгаад авъя” гэхийг үгүйсгэхгүй. Бид бахь байдгаараа л “Биднийг сунгаад өгөөч, өдөрт 2000 машин оруулъя” гэсэн ч манай даацыг харахаар чүү, чай 1000 машиныг алалцуулж гаргаж ирдэг нөхцөл байдалтай л байна шүү дээ.

-Нүүрс тээврийн С зөвшөөрлийг уурхайнууд өөрөө олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Авлига, бизнес болдог байсан асуудал цэгцэрсэн үү?

-Ковидын дараа экспортыг сэргээх зорилгоор Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолоор уул уурхайн олборлогчид өөрийнхөө экспортод нийцүүлж улс хоорондын С зөвшөөрлийг олгох хуваарилах зохицуулалтыг хийж өгсөн. Энэ маягаар нэг жил явж үзлээ. Бүх хүнд нэг л хүлээлт байсан. С зөвшөөрөл олголт ил тод болж байгаа юм чинь АТҮТ дээр завшдаг явдал алга боллоо гэж ойлгогдсон. Нэг талаасаа тийм, нээлттэй шилэн боллоо. Гэхдээ мэргэжлийн байгууллагын хийсэн ажил гэдэг долоо, найман жил алдаж оносон ч АТҮТ-т туршлага байсан. Энэ туршлагаа муу солилцсон юм уу даа гэж харсан. Уурхай “Гурван машин нэг С зөвшөөрөл л олгоё. Бидэнд байгаа нь 7000 С байна. Жолооч нар 20 мянга юм байна” гэж гасалж байгаад хуваасан. Ингэхдээ нэг үр дагаврыг тооцоогүй. Олборлогч тээврээ хийдэг боллоо. “Эрдэнэс Тавантолгой”-д цоо шинэ бүхэл бүтэн бүтэц бөөрөнд нь ороод ирлээ. Энэ үед бид “Та нар квотлох юм бол хөдөлгөөнөө анхаараарай” гэж анхааруулж байсан. Гэтэл квотоор олгож эхлээд л машинаа үржүүлдэг уралдаан болж хувирсан. А гэх нөхөр банкны зээлээр авсан таван машинтай. Энэ таваа бүрэн хөдөлгөх ганц л арга байна. Явдаг явдаггүй ямбий 30 машин цуглуулах хэрэгтэй болсон. Тэгж байж таваа хөдөлгөх нь байна. Нөгөө талд хүний машиныг бүртгээд С-д өгөх үү, Д-д өгөх үү, шоо хаях уу, авлига авах уу гэж С зөвшөөрлийг уурхайгаас орж авсныгаа цааш дамладаг хар зах бий болсон.

-АТҮТ дээр авлига үүсээд байна гэж үзээд байсан, ялгаагүй бизнес болчихсон хэрэг үү?

-АТҮТ дээр авлига өгдөг гээд байсан бол уурхай аваад квотоор шийдэх болоход дотроо хар зах үүссэн. “Би танай компанид байгаа юм чинь чамд би одоо таван сая төгрөг өгчихье. Чи надад С зөвшөөрлөө өгчихөөр өгдөг дээрээ нэмээд 20 хувь өгье”. Өрөө дарахын тулд компани, эзэн хоёр хоорондоо ярьж эхэлсэн. Энд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа шүү. 2023 оны II улирлаас ийм асуудал үүсч эхэлсэн. Ингээд зүүн баруун хил дээр явдаг явдаггүй, Баянхошуу, Толгойтод хэвтэж байгаа шалаанз толгойтой машин бүрийг яаж ийгээд үзлэгт тэнцүүлж, бүртгэх уралдаан явагдсан. Ингээд эцсийн зорилго болж байсан, нэг боомт дээр төвлөрсөн 12 мянган машины ачааллыг бууруулахын төлөө дөрөв таван жил зүтгэж ирсэн хөшүүрэг шууд ухарч, бүх машин Гашуунсухайтын боомтод бүртгэлтэй болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ачааллыг бууруулах бодлогын эсрэг үр дагавар үүсээд байгаа. Нөгөө талд олборлогч уурхай буюу төрийн өмчит уурхай “Эрдэнэс Тавантолгой”-гоос тээврийн компаниудын 80 хувь нь хоолоо олж идэж байна. Тэд Биржээр зарсан нүүрсний машиндаа өгөхөөр 1500 С зөвшөөрлийг аваад үлдчихсэн. Түүнийгээ сонгон шалгаруулалтад ороод тендерээр өрсөлдөж доод үнэ өгсөн компанид өгнө гэсэн. Энэ нь С зөвшөөрлийг авах бас нэг арга зам, бизнес болж хувирсан.

-Засгийн газар өнгөрсөн жил 65 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил бүр 70 сая тонныг гаргах амбицтай байгаагаа зарлаж байна. Гэтэл дотроо арилжаа наймаа хэвээрээ байгаа юм байна. Тэгвэл энд ямар хувилбар боломжит, амьдралд дөхөх юм бол оо?

-Төрийн байгууллага оролцоохоор авлига болоод байна гэж үзээд уурхай нь авч үзлээ. Бас болсонгүй, арилжаа наймаа явагдаад байна. Энэ бол Монгол дангаараа шийдээд байдаг асуудал мөн үү гэж үзэхэд хүргэж байна. С зөвшөөрөл бол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бий болсон эд шүү дээ. Нэг тал нь дураараа өөрчлөөд байвал нөгөө тал нь зөвшөөрөхгүй эрсдэл үүснэ. Хэрэв ингэвэл манай экспорт, тээвэр бүгд эрсдэлд орно.

Сая хоёр улсын тээврийн байгууллага уулзсан. С зөвшөөрлийг гурван сараар олгодгийг дөрвөн сар болгоё гэсэн асуудал яригдсан юм билээ. Бидний зүгээс харж байгаагаар 7000 С зөвшөөрлөөр 30 сая тонн нүүрс зөөдөг байсан. Сая 60 сая тонныг зөөлөө. Одоо 75 сая тонныг зөөнө гэвэл Гашуунсухайтаар 50 саяыг гаргаж таарна. Хэрэв ингэвэл С зөвшөөрлийг тоог нэмж, хилийн гарцаа нэмэгдүүлэхгүй бол хаагуураа чихэлдэх вэ гэдэг дэд бүтцийн асуудал үүснэ. Тиймээс хоёр тээврийн байгууллага хэлэлцээ хийж, С зөвшөөрлийн тоогоо нэмэх л шийдэл байна. Хэн ер нь С зөвшөөрөл 6000 байх ёстой гээд тогтоочихсон юм бэ. “Манай хил боомт хөгжиж байна. Манай экспорт ингэж нэмэгдэж байна. Зайлшгүй хэрэглээ бол бид 10 жилийн өмнө тогтоосон 6000 С зөвшөөрлөөр явахаа байлаа. Үүнийг нэмье” гэдэг хэлцэл хийхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Энэ бол хөндөж болохгүй асуудал биш.

-С зөвшөөрлийн олголт АТҮТ хийхээ болиод уурхайнууд хийж эхэлсэн. Энэ хэлэлцээрийг хэн хийх болж байна?

-Одоогийн Уул уурхайн яам оролцохгүй, уурхай оролцохгүй. БНХАУ манай улсын Зам тээврийн хөгжлийн яам, АТҮТ-тэй хэлцэл хийсэн шүү дээ. Тиймээс эд нартайгаа л ярина. 362 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй болно. Биржээр худалдсан нүүрсний захиалгад нийцэхээс бусад С зөвшөөрлийг чөлөөт зах зээл буюу мэргэжлийн байгууллага олгоно гэж өөрчлөлт хийхгүй бол одоо мухардалд орж байна.

Саяхан болсон хоёр улсын тээврийн байгууллагын уулзалт дээр БНХАУ-ын тал “С зөвшөөрлийг уурхай олгож байгааг эргэж харах хэрэгтэй. Бидний анхны хэлцэл зөрчигдөж байна” гэдэг агуулга хөндсөн байдаг. Хамгийн боломжит гарц бол манайх боомтынхоо экспортыг шууд өндөр үнэ, ам.долларт үржүүлэхийн хажуугаар экспорт хийдэг дэд бүтэц, терминалаа яаж хийх вэ, хилийн хоёрхон гарцаа яаж нэмэгдүүлэх вэ, дээр нь нэгэнт 15, 20 мянган машин бодитой парк шинэчлэл хийчихсэн байгаа хойно С зөвшөөрлийг нэмэгдүүлэх дипломат ажил яаж явуулах тухайд бодлоготой, бодитой хандмаар байна.

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна DNN.mn

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан.

Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан.

Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна. Хуулийн байгууллага тус газарт ажиллан, дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр НОК-ын зүгээс судалгаа хийж байна. Хэргийн газрын үзлэг дууссаны дараа осол болсон газрыг цэвэрлэн, ариутгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна. Мөн үзлэг дууссаны дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон эсэх, нурах эрсдэлтэй эсэх, дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллана. НОК-д холбогдох нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ослын газар ажиллаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийг бүрэн унтрааж, түймэрт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүллээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 01:07 цагт  хүлээн авсан.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги,  Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.

May be an image of 1 person

Алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.

Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан.

Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгууллаа.

Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна. Харамсалтай нь  ослын улмаас НОБГ-ын  Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдлээ.

Ар гэр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь Гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой DNN.mn

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авсан цахим төлбөрийн баримтын дунд явагдах сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг ebarimt аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр шууд дамжуулагдана.

Тодруулбал, сугалааны тохирол нэгдүгээр сарын 24-нд буюу өнөөдөр улс орон даяар шууд явагдах аж.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлтттэй байлаа.

НӨАТ-ын урамшууллын 2024 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 12 дугаар сарын 1-с 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зочид буудалд гадаадын 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлжээ DNN.mn

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагийн үед Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй тохиолдолд ажиллаж, тус зочид буудалд урьдчилсан байдлаар гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон байна.

300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох гэж байна DNN.mn

Монгол Улс ардчиллын замд орсноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг найман удаа явуулав. Үүний тавд нь МАН ялалт байгуулсан байна. Бас Ерөнхийлөгчийн сонгууль найман удаа болсноос мөн л тавд нь МАН гарсан. Тэгэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН төрийн эрх барих сонгуульд 10 давсан гэсэн үг. Өнөө жилийн УИХ-ын ээлжит сонгуульд дахиад л ялна. Ингээд Ардын нам 11 ялж “дархан аварга”-аараа дуудуулах сонгууль болох нь ээ. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө зориулаад бүх тохируулгаа хийчихсэн. Сонгуулийн тухай хуулийн эхний хуудсыг эргүүлэхэд л маш тодорхой харагдана. Энэ хуульд орсон нэмэлт, өөрчлөлт тэр чигээрээ 2024 оны сонгуульд МАН-ыг ялуулах тактик. Гэвч сөрөг хүчин, жижиг намууд, жирийн иргэд гээд үүнийг мэдэж, эсэргүүцэж байгаа ч хүн алга. Ер нь тэгээд тэд мэдсэн байлаа гэхэд яах ч юм билээ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин нь МАН юм чинь өөрсдийнхөө зохиолоор хуулиа бичнэ. Төрийн хууль яаж гарна сонгууль тэрүүгээр нь хэрэгжиж МАН-ын хүсэл биелнэ. Эхлээд Үндсэн хуулийг өөрчилж, парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Энэ нь муугаар нүдлэгдсэн 62 гишүүнээ олон дотор хольж бүдэгрүүлж байгаа хэрэг юм. Цааш нь холимог тогтолцоогоор сонгуулиа явуулахаар хуульчилсан. Ингэдэг нь намыхаа нэрэнд найдаж байгаа учраас ингэж хийв. Тэгвэл оны өмнө гэв гэнэтхэн сонгуулийг томсгосон тойргоор явуулна гэж шийдлээ. Томсгосон тойрог МАН-д үнэхээр ашигтай хувилбар.

Сонгуулийн тойргийг бүсчилснээр Монгол Улс 13 том тойрогт хуваагдаж байгаа. Нийт 78 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө. Энгийнээр тайлбарлавал, 2024 оны сонгууль жагсаалт болон томсгосон тойрог гэсэн холимог тогтолцоогоор явагдана. Жагсаалтаар 48, тойргоос 78 гээд нийт 126 хүнийг сонгож гаргаж ирнэ гэсэн үг. Сонгогчид нэр дэвшигчдээс гадна жагсаалтад орж ирсэн намыг дугуйлна. Жишээлбэл, төвийн бүс буюу тавдугаар тойрогт Дархан, Сэлэнгэ, Төв аймаг багтаж байна. Энд арван квот өгсөн. Энэ арван мандат дээр намууд тус бүр арван хүнээ нэр дэвшүүлнэ. Одоогоор МАН, АН, ХҮН, ИЗНН гээд дөрвөн нам л сонгуульд өрсөлдөх нь тодорхой байх шиг байна.Тэгвэл дээр дурдсан төвийн бүсийн тойрогт гэхэд эдгээр дөрвөн намаас 40 нэрс саналын хуудсанд бичигдэх болох нь. Энэ бол дөрвөн намын хүрээнд яригдаж байгаа л тоо. Хойшид сонгууль дөхөөд ирэхээр өрсөлдөх намуудын тоо хэд ч болж тодрох юм бүү мэд. Тэр хэрээр нэг намаас арван нэр нэмэгдэж орж ирж таарна. Уг нь УДШ-д 36 нам бүртгэлтэй байдаг. Тэднээс хэд нь хаана, хаана хүнээ дэвшүүлэх нь хараахан ил болоогүй. Ямартай ч саналын хуудсан дээр хамгийн багадаа 40, 50 нэрс зурайна. Дээр нь намууд жагсаж орж ирнэ. Яагаад энэ бүхнийг задалж хэлээд байна вэ гэхээр саналын хуудастай нэг бүрчлэн уншиж танилцаад дугуйлна гэдэг бол монголчуудын хувьд үнэхээр төвөгтэй. Нэгдүгээрт, цаг хугацаа орно. Хоёрдугаарт, иргэд сонгогчид саналыг хуудсыг дугуйлахдаа төөрч, будилах нь энүүхэнд. Үүнийг дагаад сонгууль хугацаандаа явагдах эсэх нь эргэлзээтэй болно.

Сонгууль өгөхдөө хамгийн түрүүнд анхаарах зүйл гэвэл нэр дэвшигчид болон намуудын өмнөх жижигхэн дугуй дүрсийг илүү гаргаж эсвэл дутуу будаж болохгүй. Тэгэх юм бол тэр саналын хуудас хүчингүйд тооцогдоно. Дээрээс нь хадаг шиг урт саналын хуудсанд бичигдсэн нэрсийг сонгогчид маш тэвчээртэй унших ёстой. Өмнө жижиг тойрогт гуравхан нэр дэвшигчийг дугуйлаад гардаг байсан бол одоо хамгийн багадаа арван нэр дугуйлна. Монголчуудын яаруу, тэвдүү стресстэй өнөөгийн нийгэмд тэр саналын хуудсыг тухтай гэгч нь уншаад тунгаан бодоод зогсож байх хүн байх уу. Юун бодох нь битгий хэл гүйцэд унших ч хүн олдохгүй.За тэгээд будилж, будилж сонгуулиа өгөөд гарч ирсэн хүмүүс нь дараагийнхаа хүмүүсийн идэвхид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Юу гэж вэ гэхээр “Ёстой бүтэхгүй толгой эргүүлсэн юм байна. Санал өгч байснаас өгөөгүй нь дээр” гэх яриа хаана ч болж таарна. Үүнийг сонссон хүмүүс “Надгүйгээр сонгууль болдгоороо болох биз. Болсоор л ирсэн юм чинь” гээд хойш суух хүн олон.

Гэхдээ нийгэм тэр аяараа сонгуульд ингэж хандана гэвэл бас үгүй юм аа. Саналын хуудсыг анхааралтай унших хүн бол бий. Төрийн албан хаагчид бүгд хичээнгүйлэн суугаад уншина. Мэдээж тэд МАН-д саналаа өгнө. Даалгавар авсан цэргүүд шиг л саналаа яарайтал улаанаар дугуйлаад гарна. Бас энэ намаас тэтгэвэртээ гарсан эрдэмтэн, профессорууд, сэхээтнүүд байгаа. Тэд нэр дэвшигчдийг нямбай тоолно. Хэнийг сонгох вэ гэдгээ ч мэднэ. Харин ард түмэн бол саналын хуудсыг гүйцэд уншиж чадахгүй.Эхнээс нь хэдийг дугуйлаад шидчихэж мэднэ. Тэгээд тэр саналын хуудас хүчингүй болно. Яагаад гэвэл ард түмэн тэвчээргүй. Юм гүйцэд уншихаа байсан. Энэ бүхэн нийгмийн сүлжээнээс ил харагдаж байгаа биз дээ. Зөвхөн гарчиг уншаад л шуураад байдаг. Аливаа мэдээллийг гүйцэд уншаад тунгаан бодож, дүгнэлт хийх тийм ухаан байхгүй. Сүүлийн үед сошиал хэт дэлгэрээд хүмүүсийг ийм залхуу болгочихсон. Тэгэхээр МАН-ынхан, энэ намын угшилтай улсууд л хүчинтэй саналын хуудас бөглөнө. Ингээд үзэхээр Сонгуулийн хууль бол анхнаасаа нарийн чимхлүүр үйлдлийг бодож хийсэн ажиллагаа. Цаад зорилго нь бол сонгуулийг хэрхэн яаж явуулах вэ. Яавал хүмүүсийн саналыг бүтэлгүй болгож, хүчингүйд тооцуулах вэ. Яавал ард түмнийг сонгууль өгүүлэхгүй байх вэ. Яавал хүмүүс санал өгөхөөс залхаж, нэрсийг тогтож уншихгүй байх вэ гэдгийг энэ хуульдаа маш нарийн тунгааж бодож хийжээ. Үүний баталгаа нь сонгууль товлосон өдөр нь хэлээд өгнө.

УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гаригт болохоор товлогджээ. Ковидоос хойш монголчуудын аж байдал, амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн. Долоо хоногийг хачин идэвх тэй эхлүүлсэн хүмүүс дөрөв дэх өдрөөс нь эрч хүч нь сулардаг.Даваа, мягмар, лхагва гаригт ажил хөөцөлдөж жаахан бужигналдаж байгаад пүрэв, баасан болонгуут ажлаа хаяад явдаг. Залуучууд нь баасан гаригийн шоу гээд наргиж цэнгэх нь тогтсон уламжлал маягтай болчихсон. Тэгэхээр баасан гаригт сонгууль өгөх хүн бараг байхгүй. Тэгээд ч зургадугаар сар гэдэг ямар үе билээ дээ. Монголчуудын хувьд сургууль нь тараад зуны амралт эхлэх гэж байгаа сурагчид шиг хөөрүү дэврүү болчихсон үе байдаг даа. Айраг, сүү цагаан идээ гарчихсан, зүлэг ногоо ургаад хүн бүхэн хөдөө рүү тэмүүлдэг. Дээрээс нь наадам хаяанд ирчихсэн, морь малын гийнгоо хадаж байна. Ядаж байхад хот суурин газрынхан нэгнийгээ даган дуурайж хөдөө гарч давхицгаах нь их. “Тэднийх Хөвсгөлд очоод сельфи хийчихсэн байна” гээд эхнэр нь загнангуут л гараад давхидаг үе шүү дээ.Ийм байхад сонгууль бодитой болж чадах юм уу.

Ер нь энэ томсгосон тойргоор сонгууль явуулахаар шинэ нэр дэвшигчдэд тун халтай.Улс төрийн хүрээнийхэн, нам эвслүүд, эрдэмтэн судлаачид гээд бүгд энэ тухай ярьцгааж байна. Саналын хуудсан дээрх нэрсийг гүйцэд уншлаа гэхэд нийгэмд танигдсан хүн хэн байх вэ. Өнөөх сайн, муугаараа хэлүүлээд улс төрийн тогоонд чанагдаад ирсэн МАН-ын хэдэн гишүүд л харагдана. Мэдээж хамгийн түрүүнд таньдаг нэрээ л зурна. Бусдыг нь хэн ч танихгүй. Гадаадын хэвлэл, мэдээллээр сонгууль явуулахыг хориглоё гэж “Өдрийн сонин” өнгөрсөн жилээс авахуулаад мөн ч их бичсэн дээ. Энэ талаар төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргах түвшиний улсуудад зөндөө л хаягласан. Даанч тоосонгүй. Гадаад хэвлэл мэдээлэл гэдэг бол нийгмийн сүлжээ буюу твиттер, фэйсбүүкийг хэлсэн юм. Одоо тэгвэл хар зах шиг бужигнадаг гадаадын хэвлэл мэдээллээрээ л сонгуулиа явуулах байх даа.Ний нуугүй хэлэхэд манай сонгуульд оросууд л их ач холбогдол өгөөд байх шиг байдаг. Тэд хэн сонгуульд ялах нь уу гээд их анхаарч, сонирхдог. Тэгэхээр энэ жилийн сонгуулийг оросын троллууд явуулна гэсэн үг. Тэд МАН-аас бусдыг нь байхгүй болтол нь муулна.МАН-ын эсрэг нэр дэвшсэн хүн болгоныг газрын хөрстэй тэгшилж, чацга баастай нь холиод л дуусна гэсэн үг.

Сонгуулийн хуулийг өөрчлөөд ялсан тохиолдол байхгүй гэсэн яриа байгаа харагдсан. Энэ бол манай улсын түүхэнд явагдсан арав гаруйхан сонгуулийн үр дүнгээр илэрхийлж буй явдал шүү дээ. Харин дэлхий нийтэд тийм биш. Тоглоомын дүрмээ зохиосон нь ялдаг жамтай. Эд нар сонгуулийн тогтолцоогоо зүгээр ч нэг Ардилсан нам шиг сэтгэлийн хөөрлөөр сольчихоогүй.Бүх юм судалгаатай, тооцоололтой явсан болоод сольсон байх. Сүүлийн үед МАН хөдөөг хөгжүүлэх аян өрнүүлж байгаагаа сүрхий зарлах болсон. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц 23 мянган хүн хотоос хөдөө рүү нүүсэн гээд байна лээ. Царцааны нүүдэл биш гэх баталгаа хаана байна вэ. Хотынхон хөдөө очоод амьдрах тийм амар гэж бодож байна уу. Дошин дээрээ хөдөөнийхөн чинь хэр баргийн хүн халдаахгүй гээд жалга довны үзэл гаргана.Сонгуулийн тухай дахин хэлэхэд хөдөөнийхөн энэ улсын хувь заяаг эргүүлчих гээд байдаг улс шүү дээ. Тэд сум, багийн дарга нарынхаа хэлсэн үгнээс гажихгүй. Тэр сум, багийн дарга нар нь цугаараа Ардын намынхан байна. Даргын хэлсэн үг тэдэнд хууль. Бас таван цаас атгуулчихвал дэмжээд л гүйгээд байна. Аяга, шанага, календарь төдийхөнд нь саналаа өгчихдөг улс шүү дээ. “Мөнгийг нь авчихаад муухай юм даа” гээд жудагтай зан гаргасан болж дэмжиж байгаа ажиглагддаг.Ингээд харахаар энэ жил МАН-ыг ялуулах сонгууль болох нь дээ. Бусад намууд ийм үед санаа оноо нийлсэн тактикаа боловсруулж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм биш үү.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбуян: Дэлбэрэлтэд хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Эрлийн ажиллагаа явуулж байна. 20 гаруй машин шатсан DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 01:05 цагт Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, гал гарчээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Газ ачсан тээврийн хэрэгсэл зорчиж байсан “Глобал” сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн байна. Одоо эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Утаа буурч, түймрийг хяналтдаа авлаа.

Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдлаа. Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй. Цагдаагийн байгууллага шалгалт хийж байна.

26 дугаар хорооноос 60 айлын орон сууцны 37 айлтай холбогдож, мэдээлэл авсан. Бусад айлтай холбогдож чадаагүй, хаалга нь цоожтой байна.

Анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй.

“Глобал” сургуулийн урд талаас уг байр руу галын машин ороход автомашинууд тавьсан, хашаа саад хаалттай байх зэрэг хүндрэл байсан, гэхдээ цаг алдаагүй. 20 гаруй машин дэлбэрэлтийн улмаас галд шатсан.

Галын голомтод ажиллаж байгаа аврагчид иж бүрэн хамгаалах хувцас хэрэглэлтэй, амьсгалын төхөөрөмжтэй.

Газын улмаас учрах аюул түүнд тохирсон ажиллагааг стандартын дагуу зохион байгуулж байна.

Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай боллоо.

Амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна, албан ёсоор ар гэрт нь мэдэгдэж, уулзана. Маш харамсалтай явдал боллоо.

Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан алба хаагчдын ар гэрт тэтгэмж өгдөг” гэсэн мэдээллийг өглөө.