Categories
мэдээ спорт

Байт харвааны 2024 оны улсын аварга эхэллээ DNN.mn

Спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий нэг хэсэг байт харвааны УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр эхэллээ. Байтын УАШТ-ий түүхэнд хамгийн олон оролцогчтой тэмцээн болж байна. Энэ 16 дахь удаагийн заалны УАШТ-д 17 байгууллагын 352 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь түүхэн дээд амжилт болов.

2023 оны тэмцээнд 307 тамирчин орсон нь өмнөх рекорд байжээ.Тамирчид “U-12”, “U-14”, “U-18”, “U-21” болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 24 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Өмнөх хоёр УАШТ зөвхөн бага, өсвөр насны ангиллаар зохиогдсон бол энэ жил анх удаа насанд хүрэгчид онч сорих болно.

Тэмцээнд 2023 оны шилдэг тамирчны “Бөртэ чоно” цомын эзэн, Азийн наадмын аварга Б.Отгонболд, олимпын наадмын оролцогч Б.Урантунгалаг, Ж.Гантөгс, “Парис-2024” паралимпын эрхээ аваад буй Б.Оюун-Эрдэнэ зэрэг шилдгүүд бүгд оролцож байгаа юм.

Мөн “Токио-2020” олимпын шүүгч Э.Саруул тэргүүтэй 10 шүүгч тэмцээнийг шүүн явуулж байна. Өчигдөр бүх төрлийн урьдчилсан харваа болсон бөгөөд өнөөдөр хасагдах шат, маргааш буюу баасан гарагт финалын харваа явагдах хуваарьтай байна.

Categories
story-news

Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх цаг ирсэн байна

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх цаг ирсэн байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяртай ярилцлаа.


-Сонгууль ойртож байгаа болоод ч тэр үү, эсхүл улс орны маань амьдрал ахуй үнэхээр тааруухан байгаа юм уу, сүүлийн үед үндэсний аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх талаар янз бүрийн зүйлс гарах боллоо. Үндэсний аюулгүй байдал гэдэг маш ойлгомжтой юм шиг хэрнээ ард нь нээж болохгүй зүйлс ч их байх шиг. Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэдгийг маш ойлгомжтойгоор хэлж өгөхгүй юу?

-Маш энгийн, хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад, Үндэсний аюулгүй байдал гэж тухайн улсын оршин тогтнохуйн язгуур эрх ашиг, аливаа аюул заналаас найдвартай хамгаалагдсан байхыг хэлнэ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний  язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэж томьёолсон байгаа. Хүн төөрч будилаад байх зүйл байхгүй.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг уншиж байсан. Гэхдээ уг үзэл баримтлалыг шинэчлэх шаард лагатай гэж яригдаад багагүй хугацаа өнгөр чихлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг ихээхэн чухалчилж төслийг нь боловсруулсан гэж дуулсан. Энэ ажлыг удирдан зохион байгуулсан хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Аливаа улс өөрийн гэсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай байдаг. Түүндээ тулгуурласан төрийн гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа нь тууштай байж оршин тогтнодог юм.

Ер нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг нь өмнө хэлсэнчлэн үндэсний язгуур эрх ашгаа хамгаалахын тулд төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогц буюу монгол төрийн бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо улс төр, эрх зүйн суурь баримт бичиг.

Уг үзэл баримтлалын суурь нь үндэсний язгуур эрх ашгийг маш оновчтой тодорхойлоход оршиж байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасан.

Цаг үе, нийгмийн шаардлагаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах цаг нь болсон тул Төрийн тэргүүн үүнд анхаарч ажиллаж байна.

​-Тодорхойлолтын​ хувьд ​ойлгомжтой ​байна.​ Үндэсний​ язгуур​ эрх​ ашиг​ гэдэгт ​улс ​орны​ ирээдүйн​ хувь ​заяатай​ холбоотой,​ түүний ​дотор​ хаалттай​ хязгаартай,​магадгүй​ төрийн​ хар ​хайрцагны ​гэж​ ярьдаг ​бодлогод​ хамаарах​ зүйлүүдийг​ авч​ үздэг ​байх.​ Энэ​ талаар​ тодруулан ​ярьж​ өгөх​үү?

Юуны өмнө Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үндэсний язгуур эрх ашигт хамаарах учиртай. Энэ нь хэн бүхэнд тайлбарлалтгүй ойлгогдох байх гэж бодож байна.

Хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн газар нутгийн бүрэн бүтэн, улсын хилийн халдашгүй дархан байдал байх ёстой. Монголчууд төрт ёсоо дээдэлж ирсэн олон зууны турш газрыг улсын үндэс гэдэг байсны утга учир үүнд л байгаа юм. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй л дээ.

Түүнчлэн хувь хүний эрх чөлөөтэй, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрал болон хүний эрх баталгаатай хангагдсан байх нь маш чухал. Ийм сэтгэл зүй байхгүй бол бид үндэсний аюулгүй байдлаа хангаж, тусгаар улс байж чадахгүй. Тиймээс хэзээ хэзээнээс илүү ойлгож, ухаарах цаг болж байна.

-Монгол​ Монголоороо​ байх,​хөндөж​ болохгүй​ язгуур ​эрх​ ашиг​ юу​ байх​ вэ.​Сошиалын ​их ​солиорол​ дунд​ бид​үнэт​ зүйл,​язгуур​ эрх ​ашгаа​ ч ​огоорох ​болсон​ санагддаг​ л ​даа…

Эх орны агаар мандал, ус, газар шороо, түүний хэвлий, амьтан, ургамал бүгд Монголын ард түмний баялаг, өв хөрөнгө. Үндсэн хуульдаа ч бид заагаад өгчихсөн. Эдгээрийг эзэмших Монгол Улсын иргэн хүний эрх баталгаатай байх нь манай нэг гол язгуур эрх ашиг байх болно гэж бодож байна. Монголын ард түмэн хэдэн зуун дамжин энэ газар нутагт бүтээж үлдээсэн эд өлгийн баялаг, оюуны сан, үндэсний өвөрмөц ахуй, хэл, соёл, үндэсний технологи язгуур эрх ашиг юм. Үүнийгээ үл тоож эхэлсэн цагаас бид Монгол Улс, монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ алдах аюултай.

Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал ч язгуур эрх ашгийн нэг яах аргагүй мөн. Алдаа, оноотой бидний хамт туулсан өнгөрсөн 30 гаруй жилийн нийгмийн шинэчлэлтээр үүнийхээ үнэ цэнийг бид бие, сэтгэлээрээ ойлгосон болохоор нэмж нурших шаардлагагүй гэж бодож байна.

-Сүүлийн ​үед ​нийгмийг​ талцуулсан,​ хагалан​ бутаргасан ​үйл​ явдлууд​ өрнөх​ боллоо. ​Гадна​ талаас​ ч​ нөлөөлөх​ нөлөөлөл​ их​ болсон​ талаар ​учир​ мэдэх​ хүмүүс ​ярих​ болсон ​байна.​ Эх​ орон ч​ нэрээр ​ард ​түмнээ​ талцуулсан​ хүмүүс​ ч ​олон​ болж.​ Жинхэнэ​ эх​ оронч​ эсэхийг ​нь ​хэлж​ мэдэхгүй​ юм. ​Бид ​анхаарвал​ зохих​ ямар​ асуудлууд ​байна​ вэ?

Монгол үндэстний эв нэгдэл, эх оронч үзэл нь үндэсний язгуур эрх ашгийн нэг чухал зүйл гэдэг нь гарцаагүй. Өнгөрсөн түүхээ харахад монголчуудыг энэ хоёр үзэл л удаа дараагийн аюулаас аварч ирснийг бид мартаж болохгүй. Хүн амын удмын сан, эрүүл мэнд нь өнөөгийн нөхцөлд тулгамдсан маш чухал зүйл болчихоод байна. Бид үүнийг хамгаалсан төрийн мэргэн бодлоготой байж л монгол үндэстэн гэдэг өвөрмөц шинжээ хадгалж үлдэх болно. Олон улсын энх тайван байдал, хөрш хоёр болон бусад оронтой найрамдалт, найрсаг харилцаатай байх нь өнөө үед юу юунаас чухал үндэсний язгуур эрх ашиг болж байгааг хаа хаанаа бид санаж явах хэрэгтэй байна.

-Та​ сая​ “Үндэсний​ язгуур ​ашиг ​сонирхол”,​ “Үндэсний ​язгуур ​эрх​ ашиг” ​гээд​ хоёр ​янзын ​нэр​ томьёо​хэрэглэчих​ шиг​ боллоо.​ Энэ​ хоёр ​нэг ​ижил​ зүйлийг​ нэрлээд ​байна ​уу,​ эсвэл ​ялгаа​ байна ​уу?

Та маш гярхай ажигласан байна шүү. 1994 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “үндэсний язгуур эрх ашиг” гэх томьёоллоор орсон байдаг. Харин 2010 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үзэл баримтлалд “үндэсний язгуур ашиг сонирхол” гэж туссан байгаа. Тэгэхээр “язгуур ашиг сонирхол” нь яах аргагүй өнөөдрийн албан ёсны нэр томьёо гэж ойлгож болно. Гэтэл бид өдөр тутмын яриандаа үүнийг тэр бүр хэлж эвлэхгүй байгаа нь мэдрэгдэж байна уу.

-Нээрээ,​тийм​ байна…

“Үндэсний эрх ашиг” гэхээр цаанаа л нэг наалдацтай буугаад байгаа юм шүү дээ. Өрнө дахины олон үндэстний хэлээр латин гаралтай “интерес”, “interest” гэх нэг л үгээр илэрхийлдэг ухагдахуун монгол хэлээр хоорондоо арай ялгаатай хоёр ойлголт болж буудаг. “Хувийн ашиг сонирхол” ч гэдэг юм уу, “их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил” гэх мэтээр. Ямар нэгэн зүйлийг олж авах гэсэн санаархлыг илэрхийлсэн байдалтай, сөрөгдүү ч гэмээр утгыг тээж байх шиг.

Харин “улс үндэстний эрх ашиг” гэхээр цаанаасаа заяагдмал, яг л хүний түгээмэл эрхтэй адил, хэн ч үгүйсгэх ёсгүй, булааж авах ёсгүй, тийм оролдлого гарвал тас цохиж, хамгаалж байх ёстой үнэт зүйлийг хэлж байгаагаар сэтгэлд буудаг. Тиймээс үзэл баримтлалыг тодотгон шинэчлэхдээ энэ жижиг мэт ялгааг ч анзаарах ёстой гэсэн итгэл үнэмшлийн үүднээс хандсан.

-Таныг​ ааваар ​тань​ бодсон​ ч​ өөрөөр​ тань​ бодсон​ ч ​батлан​ хамгаалах​ салбараас​ салгаж ​ойлгох​ аргагүй.​Монгол​ Улсын​ Үндэсний​ аюулгүй ​байдлыг​ хангахад​ Зэвсэгт ​хүчний​ гүйцэтгэх​ үүрэг​ хэр​ байна​ вэ?

Үндэсний аюулгүй байдал гэдэг нь дотроо цэргийн аюулгүй байдлыг заавал агуулж байдаг. Тухайн улсын эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийгдэхгүй болон бусдын явуулах дайн, зэвсэгт мөргөлдөөнд татагдан орохгүй, түшиц газар нь болохгүй байх нь олон улсын харилцаа, өөрийнх нь төр, нийгмийн үйл ажиллагаагаар үндсэндээ баталгаажсан нөхцөлийг цэргийн аюулгүй байдал гэж үздэг.

Ийм нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг батлан хамгаалах бодлого гэж нэрлэдэг. Тиймээс төрийн хууль тогтоомжоор баталгаажсан батлан хамгаалах бодлогыг цэргийн салбарт хэрэгжүүлэх буюу дайныг юу гэж үзэх, түүнд хэрхэн хандах, ямар зэвсэгт хүчинтэй байх, түүнийгээ ямар үед яаж ашиглах талаар баримтлах төрөөс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн үзэл бодлын цогцыг төрийн цэргийн номлол гэдэг юм.

-Энэ ​асуудалд​ хүмүүс​ янз​ бүрээр ​л ​ханддаг​ бололтой ​байгаа ​юм.​ Шулуухан ​асуухад​ өнөө​ үед​ манайд ​учрах​цэргийн​ аюул ​гэж​ байна​ уу?

Монгол Улсад учирч болзошгүй цэргийн аюул занал өнөө үед байхгүй гэж ярьж нотолж байгаа хүмүүс мэр сэр бий. Тэгвэл, цэргийн шинжлэх ухаанд цэргийн аюул, цэргийн заналхийлэл гэсэн хоёр нэр томьёо хэрэглэгддэгийн мөн чанарыг ойлгох учиртай юм. “Цэргийн аюул” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг дайн түрэмгийлэл хийгдэж болзошгүй буюу түүний дайнд өртөх, татагдан орох зэрэг өргөн хүрээтэй нөхцөлийг тодорхойлсон ерөнхий ойлголт л доо. Энд аль нэг улсыг болзошгүй дайсан гэж тодотгодоггүй онцлогтой.

Харин “Цэргийн занал хийлэл” гэдэг нь тухайн улс үндэстний эсрэг зэвсэгт өдөөн хатгалга, түрэмгийлэл хийж болзошгүй нь тодорхой болсон бодит этгээдийн бодлого, үйл ажиллагааны тухай ярихад хэрэглэгддэг нэр томьёо юм.

-Байхгүй​ гэж ​бодож​ болохгүй​ юм​ байна ​гэж​ ойлголоо.​Зөв ​үү?

Монгол Улсад одоогоор цэргийн заналхийлэл байхгүй боловч цэргийн аюул оршсоор байна гэж үзэж болох юм. Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд “Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гээд заачихсан байгаа. Үндсэн хуульдаа зүгээр ч нэг заачихсан юм биш шүү дээ. Ер нь зэр зэвсгийн асар их нөөц хуримтлагдсан, ямар ч улс орон зэвсэгт хүчнийг улс төрийн зорилгоор ашиглах үзэл, бодлоосоо бүрмөсөн татгалзаагүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ зэвсэглэлээр хөөцөлдөх явдал улам газар авсаар байгаа өнөө үед цэргийн аюулд өртөхгүй нь баталгаатай болсон улс, үндэстэн дэлхий дээр байхгүй.

-Одоо ​шууд ​өнөөгийн​ байдлын ​тухай ​ярилцвал​ яасан ​юм.​Монгол ​Улсын​ үндэсний ​аюулгүй ​байдал​ маш​төвөгтэй​ байна ​гэдгийг​ ярих​ болсон.​Үнэхээр​ хүүхдийн​ зулай​ мэт ​тийм​ эмзэг ​байгаа​ юм​уу.​​Учир,​ шалтгаан​нь​ юу ​вэ.​Мэдээж​ гадна,​ дотнын​ олон​ хүчин​ зүйлээс ​хамаарах​ байх?

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн хойд Ази болон Төв Азид улс төр, эдийн засгийн нөлөөллийн дахин хуваарилалт явагдаж байна. Үүний улмаас том гүрнүүдийн гео улс төр, гео эдийн засаг болон гео стратегийн ашиг сонирхол өөр хоорондоо хүчтэй зөрчилдөн, олон туйлт ертөнц бодитой болж байгаа нь эдгээр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болсон. Энэ их өөрчлөлт биднийг тойрон өнгөрөхгүй нь тодорхой. Тэр ч байтугай Монгол Улс үүнд нэлээд гүнзгий татагдан орж болзошгүй байна.

Манай орны хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах гэсэн бие даасан эрмэлзэл, стратегийн ач холбогдол бүхий газар зүйн байршил, ашигт малтмалын асар их баялаг, нүүдлийн ахуй соёл болон онгон уудам байгаль орчин зэрэг нь дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг улам бүр хүчтэй татах болсон нь нууц биш. Бидний оршин сууж буй газар нутаг маань тэдний геополитикийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирах магадлал  хүчтэй мэдрэгдэж эхэллээ.

Үүний зэрэгцээ манай улсад дотоодын үүдэл сэдэл бүхий олон шинэ эрсдэл сорилт тулгарах болж, зарим нь лавшрах хандлагатай байна. Улс төрийн нөхцөл байдал хурцадмал хэвээр, нийгмийн хэсэг бүлэг хоорондын зөрчил сөргөлдөөн үргэлжилсээр байна. Эдийн засгийн тэнцвэртэй хөгжил төдийлөн хангагдаж чадахгүй, сайн засаглал бий болгох ажил удаашралтай байна. Авлига, шударга бус явдал, хуулийг үл тоомсорлох үйлдэл газар авч, ард түмний нэлээд хэсгийн амьдралын түвшин сайжрахгүй байгаа зэргээс улбаалан нийгэмд тогтворгүй, хуваагдмал байдал бий болох нөхцөл ажиглагдаж байна.

-Энэ​ бүхний​ цаад​ учир​ нь ​юу​ юм ​бол?

Монгол Улс Ази, Европын соёл иргэншил, дэлхийн гурван том шашны уулзвар, төр, нийгмийн өөр тогтолцоот улс орнуудын зах нийлсэн заагт оршдог. Орос болон Европоос Ази руу, Хятадаас Орос болон Европ руу дамжих их замын дунд байдаг нь Евразийн уужим том нутаг дэвсгэрийн төвд орших манай орны гео стратегийн чухал байршил болдог. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг эртнээс татаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эзэлж байгаа геополитикийн орон зай дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг хүчтэй татаж эхэлсэн. Манай улс тэдгээрийн гео стратегийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирч байгаа нь нэгэнт бодит зүйл болжээ.

-Шалтгаан​ нь?

Маш товчхон хэлье. Нэгдүгээрт, өөр тогтолцоо, өөр улс төрийн дэглэмтэй дэлхийн хоёр том гүрний дунд хавчигдан оршиж байгаа ч ардчиллыг хөгжүүлэх талаараа социализмын дараах орнуудад, ялангуяа Азийн улсуудад үлгэр жишээ болж байгаатай холбогдож байна. Хоёрдугаарт, дэлхий нийтийн хувьд тогтворгүй байдлын нэг үндэс болоод байгаа лалын ертөнцтэй хил залгаа оршдогтой мөн холбогдож байгаа юм. Гуравдугаарт, Орос, Хятад гээд одоогоор далд боловч өөр хоорондоо болон АНУ тэргүүтэй барууны орнуудтай ноцтой зөрчил, сөргөлдөөнтэй хоёр том улсын дунд оршиж байна. Дөрөвдүгээрт, нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмалын асар том ордуудаа бусад оронтой хамтран ашиглаж эхэлсэнтэй холбоотой зүйлс бий. Монгол Улс хоёр их хөрш, АНУ болон гуравдагч бусад улс оронтой олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Гэсэн ч их гүрнүүдийн зүгээс Монгол Улсад улс төрийн нөлөөллийнхөө давамгай байдлыг бий болгох, эдийн засгийн тодорхой салбаруудыг хараандаа оруулах, улсын хөгжлийг зөвхөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн экспортод түшиглэсэн, олон улсын зах зээлээс хэт хамааралтай байдал руу хөтлөхийг оролдох болсон. Эцсийн дүндээ өөрсдийн геополитикийн харааны орон байлгах гэсэн хандлага сүүлийн жилүүдэд хүчтэй ажиглагдаж эхэллээ.

-Та​ амаргүй​ л​ зүйл​ ярьж​ байна.​Үүнд ​гарц​ гэж​ байх​ уу?

Хамгийн түгшээж байгаа зүйл бол харьцангуй тайван амгалан байсан 30 жил ард хоцорчээ гэдгийг бид ойлгох ёстой. Дэлхий ертөнц ийм тайван амгалан мөчлөг, хямрал, сөргөлдөөнт хурцадмал мөчлөгийг ээлжлэн туулж ирсэн. Хүний нийгмийн түүхэн зүй тогтол гэж хэлчихэд бараг хилсдэхгүй байх. Тайван цагт улс орнууд хөгжил дэвшлийнхээ зорилтуудыг нэн тэргүүнд тавьж, бодлогынхоо цөм болгодог. “Улс орны гадаад бодлого бол дотоод бодлогынх нь үргэлжлэл байдаг” гэсэн хэлц үгийг та сонссон байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийнхөө эрх ашигт захируулж гадаад бодлогоо хэрэгжүүлдэг гэсэн үг.

Тэгвэл аюул, эрсдэл бодитой өсөн нэмэгдэж буй цаг үед “дотоод нөхцөл байдал бол гадаад орчны шууд тусгал” гэдэг үг үйлчилнэ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх буюу үндэстнээрээ, нийт нийгмээрээ, төр, ард түмэн хамтран аливаа эрсдэлийг бууруулах, аюулыг тойрч гарах, зайлшгүй нүүр тулбал даван туулж, тэсч үлдэх, сөрж бэхжих чадавхыг цогцлоохын төлөө чармайх цаг ирсэн байна. Гадаад орчноос үүдэлтэй шок буюу цочроог тэсч гарах улс төрийн, эрх зүйн, иргэний нийгмийн, оюун санааны, эдийн засгийн, мэдлэг мэдээллийн цогц чадавх гэсэн үг. Үүнд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэлийн нэг томоохон агуулга оршиж байгааг мөн нэмж дурдъя.

Өөр олон зүйл ярьж болно. Гэхдээ энэ удаад ингээд өндөрлөе. Нэлээд ч ярилцлаа. “Үндэсний үнэт зүйлс болон язгуур эрх ашгаа хадгалан хамгаалах суудлыг үе үеийн хаад ноёд, төр жолоодогч нар үндэсний ухаантнуудынхаа хүрээнд, ард иргэдийнхээ чин хүсэл эрмэлзэлд тулгуурлан тусгайлан бодож боловсруулан, үүнийхээ цөм үндсийг “хар хайрцагны бодлого” хэмээн нэрийдэж, хамгийн чандаар хадгалан хамгаалж, эрхэмлэн баримталж, үйл ажиллагаандаа тууштай мөрдлөг болгон, дараагийн залгамжлагчдаа өвлүүлэн үлдээж ирсэн нь Монгол төрийн эрхэмсэг уламжлал юм. Үүнийгээ л дагах ёстой гэж хэлмээр байна.

​-За,​ танд​ маш​ их​ баярлалаа.​Та​ бид ​хоёр​ энэ ​удаа​ үндэсний​ аюулгүй​ байдлын ​үндсэн ​асуудлын​ талаар​ярилцлаа. ​Дараа​ таны ​хөндөөд​ орхисон​ аюулгүй ​байдлын​ гадаад​ орчин,​ батлан​ хамгаалах​ салбарын​талаар​ илүү​ тодорхой​ ярилцмаар ​байна.​ Болно​ биз​дээ.

Бололгүй яах вэ. Баярлалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ослын улмаас хаасан замыг бүрэн нээлээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлөх, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээн, Дүнжингарав худалдааны төв орчмын замыг бүрэн нээлээ.

Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Аврагчдын хувцас, хэрэглэлд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн DNN.mn

Өнөөдөр /2024.01.25/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын хувцасны хангалт, стандартын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж,  хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан. Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан өчигдөр мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн. Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах шатахуун болон авто газ түгээх цэгүүдийг буулгана DNN.mn

Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.

Үүний нэг тод жишээг 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт ШТС-д гал гарч, ойролцоох цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байдлаас харж болно.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун болон автогаз түгээх цэг байрлаж байна.

Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулийн 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгаа талаар Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Онцгой комиссын хурлын үеэр танилцууллаа.

Энэ асуудлаар Улсын онцгой комиссоос тусгай ажлын хэсэг байгуулагдахаар болов.
БШУЯ-ны сайд, газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг байхыг сануулж холбогдох яамдад 2023 оны хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цогтгэрэл: Ногоон автобус, сангуудын хулгайд нэр холбогдсон гишүүд, сайд нартаа хариуцлага тооц эсвэл ялагд DNN.mn

МАН-ын Бага хурал болон Ардын хүч холбооны гишүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа


Ардын хүч гэж хэзээ байгуулагдсан, ямар зорилготой холбоо юм бэ?

-Миний санаж байгаагаар Ардын хүч гэж 2017, 2018 оноос эхэлж л яригдаж гарч ирсэн. Тэр үедээ л нам дотроо улс төрийн акц өрнүүлэх, янз бүрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Эхэндээ ч бүлэг, фракц ч юм уу эсвэл жигүүр ч юм шигээр хэлбэрээ олж чадахгүй явсаар 2020 оны есдүгээр сард холбоо болж албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.

-Холбооны тэргүүнээр ямар хүн ажиллаж байна вэ?

-Тэргүүнээр гэвэл Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэд гуайн хүү О.Одбаяр ажиллаж байгаа.

Ардын хүч холбооноос МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын гол агуулга юу байна вэ?

-Энэ жил бол сонгуулийн жил. Тэр утгаараа сонгуулийн жилийн эхний сарын улс төрийн намуудын рейтингийн судалгаа гарч ирлээ.

Уг судалгаагаар өнөөдөр аль нэг улс төрийн намыг сонгохгүй, мэдэхгүй гэж байгаа. Саарал масс 35 хувьтай байна. Угтаа улс төрийн намуудын рейтинг 35-аас дээш, харин саарал массын хувь 10 гаруй хувьтай л байдаг байсан.

Тэгэхээр улс төрийн намд итгэхгүй байх иргэдийн хувь өссөн гэсэн үг үү?

-Тийм. Үндсэндээ улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл алга болсон гэдгийг дээрх судалгаа тодорхой харууллаа. Өнгөрсөн оны зургадугаар сард манай намын рейтинг 25-28 хувьтай байсан. Тэгэхээр энэ жилийн хувьд багассан нь төрд цаашлаад улс төрийн намд итгэх иргэдийн итгэл эрс буурсан байна гэдгийг тодорхой харууллаа л даа.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад танай намын рейтинг унасан байна. Тэгвэл ийм үзүүлэлттэй сонгуульд орвол ямар үр дүн МАН-ыг хүлээж байна вэ?

-Мэдээж энэ бүхнийг бид бүхэн судалж, тооцоолсон. Ер нь улс төр мэддэг, сонирхдог хэн ч ийм тооцоолол хийнэ. Тэгэхээр удахгүй болох сонгууль маань бүсчилсэн том тойргоор явагдана. Тэр утгаараа өнөөдөр гарсан энэхүү судалгааны үр дүнгээ тэрхүү том тойрогт зоогоод тооцсон байгаа. Яг энэ тооцооллоор бол тухайлбал, Улаанбаатар хотод 48 суудлаас есийг нь авахаар байгаа. Харин томсгосон тойргоор бол МАН-аас 10 хүн нэр дэвшлээ гэж бодоход хоёр нь л гарахаар байна. Өөрөөр хэлбэл судалгааны дүн бидэнд ийм үр дүнг хэлээд байна гэсэн үг. Бидний хувьд олон жил улс төрийн намд ажиллалаа, олон удаагийн сонгуулийн нүүр үзэж, утааг нь үнэрлэчихсэн хүмүүс. Тэр утгаараа бодит судалгааны үр дүн ингэж гараад байхад бид яаж зүгээр суух билээ. Зүй ёсны арга хэмжээ авч ажиллана биз дээ.

Зүй ёсны арга хэмжээ авна гэлээ. Яг ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Бидний авах арга хэмжээ тодорхой. УИХ-ын томоохон үйл явдалд УИХ-ын чуулганы нээлт, хаалтын хурал ордог, тийм үү. Энэ хурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч эсвэл УИХ-ын дарга үг хэлдэг. Нээлт нь дээр зорилтоо тодорхойлж үг хэлдэг бол хаалт нь дээр дүгнэж үг хэлдэг. Тэр утгаараа саяхан УИХ-ын намрын отгон чуулган өндөрлөлөө. Тэрхүү хаалтын чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцлагын арга хэмжээ ав гэдгийг тодорхой хэлсэн. Өөрөөр хэлбэл асар олон авлига албан тушаалын хэргүүд олон нийтэд ил тод боллоо. Гэтэл хариуцлага тооцсон арга хэмжээ аваагүйгээс болоод ямар ч үр дүн гарсангүй гэдгийг тодорхой хэлсэн. Тэгэхээр бид саяхан гарсан судалгааны үндсэн дээр юу гэж үзэж байна вэ гэхээр хариуцлага тооцохгүй байгаа явдал нь МАН-ын нэр хүндийг унагаж байна. Тиймээс хариуцлага тооцох арга хэмжээг нэн яаралтай авах ажлыг өрнүүлье.

Мэдээж иргэдэд ил тод болсон олон хэрэг байна. Тэр бүхнээс үүдэж МАН-ын рейтинг унасан гэж ойлголоо. Цаашлаад энэ хувь улам буурвал яах вэ?

-Бидний хувьд хамгийн доод түвшинд МАН хүрлээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр үүнээс дээш бид яаж ахих вэ гэдгээ бодох, хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг нэг нь бидний тавьж байгаа хариуцлага тооцох шаардлага. Өөрөөр хэлбэл, унасан рейтингээ өсгөхийн тулд ерөөсөө хариуцлагын арга хэмжээг авна л гэсэн үг. Үүнийг бид холбоо дээрээ олон удаа ярьсан. Хоёр ч удаа томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, санал цуглуулсан. Улмаар МАН-ын гишүүддээ хариуцлага тооц гэдэг шаардлагыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын Хяналтын хороонд тус тус уламжилсан.

Дуулиант хэргүүдэд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг шаардсан байна. Өөр ямар шаардлага байгаа вэ?

-Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын түвшинд хэлэлцлээ. Бас их өрнөлтэй, маргаантай хэлэлцүүлэг боллоо шүү дээ. Тэгвэл энэ шуугиантай хэлэлцүүлгийн үеэр кабинетын зарчим барьж ажиллаж чадаагүй Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооц гэж байгаа юм.

Гэхдээ Засгийн газрын гишүүн ч гэлээ тэр хүмүүс бол УИХ-ын гишүүн. Тэр утгаараа асуудлыг эсэргүүцэж болох юм биш үү?

-Мэдээж УИХ-ын гишүүн. Гэхдээ Засгийн газрын хувьд яаж ажиллаж, ямар байдлаар тогтоол шийдвэр УИХ-д оруулдаг вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Засгийн газрын тогтоол ч байна уу, тэмдэглэл ч байна уу хамаагүй бүх зүйлд сайд, гишүүд холбогдох хүмүүс саналаа өгдөг. Засгийн газар дотроо шүү дээ. Тэр утгаараа сайд нарын хэлэлцүүлэг Засгийн газрын хуралдаан дээр л болох ёстой. Өөрөөр хэлбэл аливаа маргаантай асуудлаа Засгийн газрын санал авах хуралдаан дээрээ шийднэ гэсэн үг. Улмаар маргаанаа эцэслэчихээд УИХ-д гар гасан шийдвэр, тогтоолуудаа өгөх ёстой. Үе үеийн Засгийн газруудын зарчим ийм л байсан. Гэтэл үүнийг УИХ-ын түвшинд маргаан болгоод асуудал үүсгэчихэж байгаа юм. Үүнийг УИХ-ын дарга анзаарахгүй өнгөрүүлэхгүй нь тодорхой. Тэрбээр “Засгийн газар өргөн барьсан төслөө дотроо санал авч хэлэлцүүлээгүй байж яагаад УИХ-д оруулж ирж хэрүүл дагуулаад байна вэ” гэсэн. УИХ-ын даргын энэхүү байр суурьтай манай МАН-ын Ардын хүч холбоо яг ижилхэн байр суурьтай байгаа. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар УИХ-ын гишүүн байж болно. Гэхдээ энэ хүмүүс бусад Засгийн газрын гишүүдийг хулгайчаар нь дуудаж байгаа нь кабинетын зарчмыг бүрэн сөнөөж байгаа үйлдэл. Том зургаараа кабинетын зарчимгүй болсноор Засгийн газрын үйл ажиллагаа доголдоно. Улмаар МАН-ын нэр хүнд унана. Тиймээс энэ хоёр нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ногоон автобус, БЗС-гийн хулгайч гишүүдэд болон сайд нартаа хариуцлага тооц эсвэл ялагд гэдэг ийм хоёр сонголтод манай нам тулж ирсэн.

Авлига албан тушаа лын хэрэгт нэр холбогдсон гишүүнийг намаас хөөх дүрэмтэй санагдах юм. Энэ дүрмийг сүүлд болсон намын Их хурлаараа батлах гэж нэлээд маргаан өрнөсөн биз дээ. Одоо энэ дүрэм хэвээрээ биз?

-Энэ дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татсан этгээдийг МАН-ын гишүүнчлэлээс хасна гэсэн заалт манай намын Үндсэн дүрэмд орсон. Нэг талдаа бид энэхүү шаардлагаараа уг дүрмийн биелэлтийг нэхэж байгаа юм. Нөгөө талдаа олонхоороо баталчихсан дүрмийн биелэлт гэж байх ёстой. Шаардлагаа бид өгчихсөн. 100 гаруй хүмүүс гарын үсэг зурсан. Орон нутгийн гишүүд ч дэмжиж байгаа гэдгээ хэлсэн. Тэр бүхнийг шаардлагадаа хавсаргаад хүргүүлсэн.

-Бидний хувьд хардлагад шууд л хариу өгч байгаа. Тийм ээ, энэ бол улс төр. Гэхдээ улстөржих юм гэж байна. Улстөржихгүй юм гэж байна. Бидний хувьд энэ асуудал буюу хулгайд нэр холбогдсон хүмүүс дээр улстөржих хэрэгтэй. Яг л улс төрийнхөө зарчмын шаардлагуудыг хангаж л ажиллах хэрэгтэй байгаа юм. Үнэхээр манай намын хувьд чин зүрхний анд нөхдөдөө үгүй гэж хэлэх цаг болсон.

Нэг талдаа нийгмийн хэрэгцээ шаардлага ч ийм байна. Өөрөөр хэлбэл эрхэм намын гишүүн та олон нийтийн итгэлийг дааж ажиллаж чадсангүй. Тиймээс намаас таныг явуулж байна, улс төрийн аливаа дэмжлэг үзүүлж чадахгүй гэдгээ хэлэх цаг болсон гэсэн үг. Яг энэ агуулга манай намын дүрмийн заалтад ч бий. Тиймээс бид дүрмийнхээ заалтыг хэрэгжүүлье гэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Таван салаа” гэдэг газар  “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн  алба хаагчид ажиллаж, “Hyundai Porter” загварын ачааны автомашин цөмөрч суусан байсныг татан гаргасан.

Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Баяндүүрэн: Энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулна DNN.mn

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй ярилцлаа.


-Ирэх зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос ямар ажлууд хийж байна вэ?

-Ноднин жилийн зургадугаар сард УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, долдугаар сард нь Улс төрийн намын тухай хууль тус, тус батлагдсан. Тиймээс СЕХ-ноос эдгээр хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс 21 аймаг, есөн дүүрэгт сургалт хийсэн. Мөн өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас эхлэн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намын төлөөллийг уриад дээрх хоёр хуулийн сургалтууд хийсэн. Нийт хоёр удаа улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзсан. Мөн ирэх сарын 6-нд уулзаж, ярилцана. Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг ард түмэнд ойлгуулахад хамгийн чухал зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байдаг. Тийм болохоор сэтгүүлчидтэйгээ мөн уулзалт хийж, тодорхой мэдээллүүд өгсөн. УИХ-аас сонгууль товлон зарлах, тойрог батлах тогтоолыг баталж өгсөн. Тийм болохоор СЕХ-ноос сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна.

Ирэх сарын 6-нд хийх уулзалтаараа улс төрийн нам, эвслийн төлөөлөлтэй ямар асуудал ярих вэ?

-Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой журмыг Улсын дээд шүүх батлах ёстой. Тухайн журмыг улс төрийн намууддаа хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбоотойгоор СЕХ-нд тодорхой чиг, үүргүүд ирж байгаа. тухайлбал, улс төрийн намыг мэдээлэл, арга зүйгээр хангах, санхүүжилттэй холбоотой гээд хэд, хэдэн асуудал бий. одоо бол сонгогчдын нэг хувиас дээш санал авсан тохиолдолд намуудад улсын төсвөөс санхүүжилт олгоно. Гэхдээ энэ заалт ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. үүний улмаас СЕх-ны бүтцэд нэгжүүд байгуулагдахаар төлөвлөсөн.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний санхүү шаардлагатай вэ?

-Хэд, хэдэн онцлогтой сонгууль болно. нэгдүгээрт, өмнө нь 2012 онд хэрэглэж байсан хосолсон тогтолцоогоор явна. тойрог томорч, бүсчилсэн байдлаар явагдахаар болсон. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Хамгийн гол нь нийт хэсгүүд дээрээ хяналтын тооллогыг 100 хувь, гараар хийхээр хуульчлагдсан. Энэ ажилтай холбогдуулан ноднин жил бидэнд 15.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталж өгсөн. Түүгээрээ 500 гаруй санал тоолох төхөөрөмж, холбогдох тоног төхөөрөмж худалдаж авсан. харин энэ удаагийн сонгуулийг 32 орчим тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар улсын төсөвт тусгагдсан. Энэ төсвийн хэмжээндээ тохируулан ажлаа зохион байгуулаад явж байгаа. хамгийн гол зардал бол тухайн сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулал байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төсөвлөж хийхэд нийт зардлын 40 орчим хувийг эзэлдэг. Энэ сонгуульд 20 гаруй мянган хүн ажиллана. мөн гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахад тодорхой зардал гарна, 50 орчим дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан сонгогчдынхоо саналыг авна.

Сонгогчид маань заавал өөрийн харьяа газартаа очиж саналаа өгөх үү. Байгаа газраасаа саналаа өгөх боломж бий юу. Нэрсийн жагсаалт хэдий үеэр эцэслэн батлагдах вэ?

-Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж гаргана. дөрөвдүгээр сарын 1 гэхэд тухайн газар өөрийнхөө сайтад нэрсийн жагсаалтыг тавина. Өмнөх сонгуулиудаар сонгогчид маань тухайн сайт руу ороод зөвхөн өөрийгөө бүртгэгдсэн эсэхийг шалгадаг байсан бол энэ удаа тэр хаяг дээр хэдэн хүн байгааг харах боломжтой. Ингэснээр өөр хүмүүс бүртгэгдсэн эсэхийг шалгаж болно. Харин сонгогчдын нэрсийн жагсаалт эцэслэгдээд санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хэсгийн хороодод хүрсэн байх ёстой. Дээрээс нь энэ жил улсын бүртгэлийн аль ч газарт тухайн сонгогч гомдлоо гаргах боломжтой байгаа.

Нам эвсэл, нэр дэвшигчид холбогдох хуулийг санаатай болон санамсаргүй байдлаар зөрчихгүй байхад юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Сонгуулийн хууль тогтоомж дээр ухуулга, сурталчилгаатай холбоотой зүйлийг тодорхой заагаад өгчихсөн. нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа этгээд сонгогчдыг татах зорилгоор найман төрлийн үйл ажиллагааг явуулж болохгүй.

Тухайлбал?

-Хувьцаа тараах, амлалт өгөх, чансаа тогтоох судалгаа явуулсан бол түүнийгээ хэвлэн нийтэлж болохгүй. Мөн уралдаан, тэмцээн зохион байгуулж, мөнгө тарааж болохгүй гэх зэрэг зүйлсийг сонгууль дуустал хориглосон. эдгээрийг зайлшгүй мөрдөж ажиллах шаардлагатай. Сонгуулийн ухуулга, сурталчилгаа эхэлснээс хойш хориглох заалтууд ч бий. Ер нь сонгуультай холбоотой хэрэг, зөрчлийн маргаанууд гардаг. Энэ маргаануудыг тодорхой чиг үүргийн байгууллагууд шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Эцэст нь шүүх байгууллага тогтооно. Тийм болохоор сонгуулийн хуулиа зөрчихгүй байх дээр анхаарахаас гадна аливаа уулзалт, цуглаан хийхдээ сонгогчдыг татах ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх хэрэгтэй.

-Хэрэв хууль зөрчсөн бол нам эвсэл, нэр дэвшигчид ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан. Торгуулийн арга хэмжээ, нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, хасах боломжтой. Энэ удаагийн сонгуулиас эхлээд аливаа этгээд бэлэн мөнгө тараасныг иргэн баримттайгаар нотлоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тохиолдолд тухайн мөнгөний хэмжээг 20 дахин нэмэгдүүлж олгоно.

-УИХ-ын гишүүд тайлан сэтгүүлээ тараадаг. Одоо ид тарааж байх шиг байна. Гэтэл энэ нь бусдаасаа давуу байдал бий болгож байна гэх шүүмжлэл байдаг. Үүнийг хуулиар зохицуулж өгсөн байдаг уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүд нэр дэвшихээсээ өмнө хэвлэмэл тайлангаа тараах эрхтэй. Яагаад гэвэл тухайн гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа.

-Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд хйиж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан хэвлэмэл материал тараах эрхтэй юу?

-Тийм эрх байхгүй.

-Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, самбарын тоог багасгасанд дургүйцэх хүмүүс байна. Яагаад ийм заалт оруулсан юм бэ?

-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх явцад сонгууль маш их зардалтай явагдаж байна. Зардлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авъя гэдэг үзэл баримтлал явагдсан. Энэ үүднээс хэвлэмэл материал, самбарт гаргадаг зардлын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд дэлхийн бусад орнуудад хэрэглэдэг нэгдмэл самбартай байхаар болсон. мөн хэвлэмэл материалын хэвлэлийн хэмжээ буурсан. Зардлын дээд хэмжээг өмнө нь тойрог, тойргоор нь тогтоодог байсан бол энэ удаа ч гэсэн нам эвсэл, нэр дэвшигчээр нь тойргоор нь үндэсний аудитын байгууллага гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно.

-Цахим орчинд хяналт яаж тавих вэ?

-Цахим орчинтой холбоотой асуудлаар харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗЦХ/-ноос тодорхой журмууд гарна. үүнийг нь СЕХ батална. тэгэхээр цахим орчинд ххзх болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Мөн рейтинг тогтоох цахим судалгаан дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавина. Дээрээс нь нэр дэвшигч өөрийн цахим хаягийг тухайн тойргийн хороогоороо дамжуулан ххзх-нд бүртгүүлэх ёстой.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаанаар УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно.

Хуралдаанаар УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн  юм.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ дэлбэрч үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авах талаар УОК хуралдаж шийдвэр гаргасан.

Тодруулбал, албан ёсны дүгнэлт гартал иргэдийн байр орон сууцыг цаг алдалгүй засварлаж хэвийн байдалд нь оруулах, энэ хугацаанд айлуудын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр түрээсийн байранд байршуулах, төлбөрийг төлж барагдуулах зэрэг арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулахаар болсон юм.