Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургадугаар сарын 26-нд явуулахаар боллоо DNN.mn

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хоёр удаа завсарлага өгсөн.

Тиймээс өнөөдөр санал хураалт явуулж УИХ-ын 26 гишүүн дэмжсэнээр 2024 оны зургадугаар сарын 26-ны лхагва гаригт сонгуулийн санал авах өдрийг тогтоосон нь батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Страто компани надтай хамааралгүй гэдгийг 2015 онд тогтоочихсон DNN.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр товлогдоод байв. Шүүх хурал эхлэхэд шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасны дагуу хурал ирэх нэгдүгээр сарын 18 /2024.01.18/-ны өдрийг хүртэл хойшилжээ.

Хурлын дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Өнөөдөр болж байгаа хурал нүүрсний хэрэгтэй огт холбоогүй. Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой замыг хувийн компанид барих эрх олгосон тухай байгаа юм. Би яагаад энэ хэрэгт холбогдсоныг прокурорууд мэдэх байх. Би мэдэхгүй байна. Яах вэ, Б.Энх-Амгалан сайдыг мэднэ. Бид хоёр хоорондоо тийм зүйл ярих хэмжээний танилууд биш. Сая л шүүх хурал дээр юу болсон талаар мэдээлэл авч байна.

Ер нь Монгол Улсад Таван толгойн ашиг үлдэх ёстой гэдэг 2010 оны УИХ-ын тогтоол байгаа. Гэтэл УИХын сая зохион байгуулсан Нүүрсний сонсголыг харж байгаа байх. Хятад улсад яагаад ашгийг үлдээхгүй байгаа юм. Яагаад зүүн тийш төмөр зам тавьж байгаа юм. Яагаад зүүн тийшээ засмал зам тавьдаг юм бэ гэдэг бүлэглэл байгаа юм. Тэр бүлэглэлийн бие биетэйгээ тийм зүйл ярихааргүй, МАНын Б.Энх-Амгалан сайд бид хоёрыг шүүгдэгч болгож байна.

“Страто” компани надтай ямар ч хамааралгүй болохыг 2015 оны тавдугаар сард прокурорын байгууллагаас тогтоосон. Тэгэхээр энэ компанитай хамааралтай гээд гүтгээд байдаг бол Хятадад нүүрсээ угаана, тийшээ бушуухан гаргаж өг, зам тавьж өг гэдэг бүлэглэлийн зохиосон цуурхал. Гэтэл дахиж энэ асуудлаар Шүүхэд оруулж ирж байгаа нь хуулийн байгууллагууд Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна гэж би харж байна. Шүүх үнэн зөвийг ялгаад өгнө” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө DNN.mn

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллалаа. Тус Ажлын дэд хэсэг нь гэрээний дагуу нийлүүлэгдэх автобусыг чанар, стандартад нийцүүлэн хүлээн авах ажилд дэмжлэг үзүүлэх, холбогдох заавар, зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэгтэй юм. Тодруулбал, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Мөн автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх юм.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 29-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулганыг ирэх оны долдугаар сард зохион байгуулна DNN.mm

“Монголын Эдийн засгийн чуулган-2024”-ийг ирэх онд УИХ-ын сонгуулийн дараа буюу 2024 оны долдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар товложээ.

Энэ талаар Монголын Эдийн засгийн чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг” Монголын Эдийн засгийн чуулганыг энэ онд Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн аяны хүрээнд амжилттай зохион байгуулсныг онцлон дурдлаа. Тодруулж хэлбэл, чуулганы хүрээнд 4 нэгдсэн хуралдаан, 15 салбар хуралдаан болж эрчим хүчний шилжилт, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн” гэв.

“Монголын Эдийн засгийн чуулган-2023”-д 4000 гаруй зочин оролцон, үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд 10 зөвлөмж, шийдэл санал болгосныг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Хулангаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна DNN.mn

Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ!

Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульчөмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!

Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас,

XII сар.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнхжаргал: Ард түмний төр барих эрхийг эрх баригчид хуулийн аргаар хулгайлсан DNN.mn

ШИНЭН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалаас сонгуулийн бүсчилсэн тойргийн талаар тодрууллаа.


-Сонгуулийн тойргийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аас бүсчилсэн томсгосон байдлаар баталлаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-УИХ-ын дарга Г.Занданшатар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж энэхүү тойргийг тогтоосон гэж уг нь мэдэгдсэн. Энэ асуудал эхэндээ бүсчилсэн, төсөв хуваарилалт, орон нутгийн хөгжил гэж хэлсэн. Гэвч яг ийм зүйл байсангүй ээ. Эрх барьж байгаа нам, одоо Их хуралд байгаа 76 гишүүний нэр хүнд унасантай холбоотойгоор өөрсдийгөө дахин сонгуулах зүйлийг хийлээ. Нэг үгээр ард түмэн Их хурлыг сонгох бус өөрсдийгөө сонгуулах хуулийг баталлаа гэж харж байна. Энэ бүхнийг тодорхой жишээнүүдээс харж болно. Өөрсдөө бүсчилсэн хөгжил гэж ярьсан хэрнээ, хууль батлахдаа өөр зүйл хийсэн байна. Тухайлбал, БаянӨлгий аймгийн асуудал байна.

-Баян-Өлгий аймгийг тусдаа тойрог болгосон асуудалд нийгэм хоёр талтай хандаж байна?

-Уг нь Баян-Өлгий аймгийг баруун таван аймгийн нэг гэдгээр нь авч үзэх ёстой. Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан зэрэг аймгууд нэг бүс болох ёстой юм.

Гэтэл МАН Баян-Өлгий аймгаас дангаараа сонгогддог, илүү дэмжлэг авдаг гэдэг үндэслэлээр тус аймгийг тусдаа нэг тойрог болгосон. Энэ чинь бүсчилсэн хөгжлийнх нь үзэл баримтлал мөн юм уу. Эсвэл Монгол Улсын тусдаа нэг бүс нь Баян-Өлгий гэж хэлээд байгаа юм уу. Үүн дээр УИХын дарга Г.Занданшатар даргын хэлж байгаа, хийж байгаа хоёр нь зөрөөд байна. Хоёрдугаарт, дээр миний хэлсэн аймгуудын дөрвийг нь нэг тойрог болгосон. Өөрөөр хэлбэл үүнээс үүдэн МАНАН чинь дахин Их хуралд орж ирэх магадлалыг ихэсгэж байна. Мөн говийн бүсийн аймгуудад ч гэсэн одоо ямар ч нэр нүүргүй болсон нөхөд дахин сонгогдохын тулд ийм байдлыг зурагласан. Монголын баялгаар баяжсан Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, “Ажнай” гэгддэг Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүст говийн бүсийг өгсөн.

-Бүсчилсэн тойргийн мандатын хувьд та юу хэлэх вэ?

-Мандатынхаа тоо, хэмжээг хуваарилахдаа маш их алдаа гаргасан. Тухайлбал, хотын дүүргүүдийг аваад үзье. Уг нь хот чинь бүсчилсэн хөгжил гээд яриад байдаг. Гэтэл заримыг нь нэгтгээд, заримыг нь үл ойлгогдох байдалд үлдээчихсэн. Баянзүрх дүүрэг гэхэд л 300 мянга гаруй сонгогчтой хэрнээ 3-4 мандат л өгдөг. Уг нь бол 5-6 мандат өгөх ёстой тойрог. Гэвч эрх баригчид тус дүүрэгт муу ажилласан, сонгогдох магадлал муу учраас ингэж хандаж байгаа юм. Харин эсрэгээрээ 200 гаруй мянган сонгогчтой Сонгинохайрхан дүүрэгт МАН байнга сонгогдож байсан учраас таван мандат өгчихсөн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө сонгогдох магадлалтай газарт олон мандат өгч, ард түмний сонгох эрх, төлөөллийн зарчим зэргийг уландаа гишгэж байна. Мөн Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр дүүргийг МАН-ын нэр хүнд муу гэсэн шалтгаанаар нэгтгэж таван мандаттай болгосон. Уг нь тус бүр нь 100 гаруй мянган сонгогчтой, гурав хүртэлх мандаттай том дүүрэг шүү дээ. Ингээд эрх баригчид нэг мандатыг нь хулгайлчихаж байгаа юм.

-Алслагдсан дүүргүүдийн хувьд асуудал ямар байна вэ?

-Налайх, Багахангай, Багануурыг С.Амарсайхан нарын хүмүүс тусад нь нэг тойрог болгоод өмчлөөд авчихаж байгаа юм. Ийм улстөрчид өөрийн тойргоо зурдаг тогтолцоог эрх баригчид хийчихлээ. Биднийг нүүрсний хулгай ярьж, сошиалд тэмцэлдэж байх хооронд тэд ард түмний төр барих эрхийг хуулийн аргаар энэ бүхнийг хулгайлсан гэж харж байна. Ард түмний зарим нь ойлгох манатай л амьдарч байна шүү дээ. Тийм учраас бүсчилсэн томсгосон тойрог бол төрийн эрхийг авах гэсэн хуулийн хулгай гэж харж байгаа.

-Бүсчилсэн тойрог нь тэгвэл хэнд ашигтай юм бэ?

-Шинэ, залуу улстөрчдөд маш халгаатай зүйл. Урьд нь сайд, Их хурлын гишүүн хийж байсан, эсхүл олигарх хүмүүст л ашигтай. Нэг үгээр бол МАНАН-ын хүмүүс ирэх дөрвөн жилд төрийн эрх барих хуулиа Нүүрсний хулгайн асуудлын ард чимээгүйхэн баталчихсан. Гэтэл үүнийг эсэргүүцэх ёстой сөрөг хүчин болсон АН-ын дарга нь өөрөө жагсаалтаар сонгогдчихвол бусад нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна. Их хуралд суудалгүй намуудаас санал, хүсэлтийг нь асуулгүйгээр ийм тойргийн системийг зурцгаасан. Тийм болохоор ирэх оны сонгуульд ард түмэн маань ухаантай, эв нэгдэлтэй, хэрсүү байхгүй бол хуулийн аргаар та бидний саналыг хулгайлахаар хуулиа баталсан. Өнгөрсөн сонгуулиар нийт сонгогчдын 40 орчим хувийн санал авсан МАН УИХ-д дийлэнх олонх болсон. Тэгвэл одоогийн энэ зураглалаас нь харвал нийт сонгогчийн 30 хувийн дэмжлэг авахад л төрийн эрхийг барих хуулийн хулгайг хийчихсэн гэж хардаж дүгнэхээр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлтийн махны үйлдвэр”-ийн хэрэгт холбогдсон хятад иргэнийг 25 сая, компанийг 70 сая төгрөгөөр торгов DNN.mn

“Эмээлтийн махны үйлдвэр” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүгдэгч Чен бинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийт 25.4 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Харин “Эм Ди Си Пи” ХХК-г 70 сая төгрөгөөр торгох ял дээр нэмж үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авсан байна.

Мөн “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ” гэв DNN.mn

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, урт хугацаандаа төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу тал бий болно. Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор түншлэлийнгэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчингтодорхой болгох зохицуулалтыг хуульд тусгажээ.

Ингэснээр Монгол Улсын үнэлгээ олон улсад нэмэгдэж, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин сайжирч, ОУ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг нэмэгдэнэ. Томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн чадамжийг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэх олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод метро барих ажлыг Нийслэл Засаг дарга хариуцна DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэдагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу  зохион байгуулахэрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт олголоо. Мөн 2024 онд санхүүжих эх үүсвэрийн холбогдох тооцоо, судалгааг боловсруулж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн төсөвт санхүүжилтийн эх үүвсэр болон хөрөнгийн зардлыг тусгаж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгалаа.

Засгийн газраас “Метро”-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж, батлах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байсан БНСУ-ын “Суонг Инженеринг” ХК-ийн 2011 онд боловсруулсан ТЭЗҮ болон “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-г тус ажлын хэсгийнхэн харьцуулж судалж дууссан байна.

Эдгээр ТЭЗҮ-үүдэд Улаанбаатар хотын хөрсний бүтэц, гүний усны талаарх урьдчилсан дүгнэлтийг боловсруулахдаа 1983 онд хийсэн хөрсний гүний өрөмдлөгийн судалгаанаас трассын дагуух таван цэгийн өрөмдлөгийн мэдээллийг ашигласан учир 40 жилийн өмнөх уг мэдээллийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолж, өдөрт 976 мянган хүн метрогоор зорчихоор тооцсон байна. Гэтэл хүн амын огцом өсөлт бий болж, жилд дунджаар 40 мянган иргэн шинээр шилжин суурьшиж, 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч буй тул уг судалгааг бас шинэчлэх шаардлага үүсчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

 Хурандаа М.Батсайхан: Уул уурхайн олборлолт, ашиглалтын улмаас эвдэгдсэн 30 мянган га талбайг тогтоосон DNN.mn

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, Цагдаагийн хурандаа М.Батсайхантай ярилцлаа.


-Экологийн цагдаагийн алба бол хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх гол чиг үүрэгтэй байгууллага. Энэ онд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байв?

-Улсын хэмжээнд 2023 оны эхний 11 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2121 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар, гэмт хэрэг 448 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89 хэргээр буюу 16.6 хувиар буурсан. Хэргийн илрүүлэлт 71.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 24.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд шинээр нэвтрүүлсэн ажил, шинэ санал санаачилгын талаар?

-Эрүүгийн хуулийн 24.2, 24.6-д заасан гэмт хэргийн нөхцөл байдлын сүүлийн найман жилийн статистик тоо мэдээг үндэслэн “ArcGis” программ дээр орон зайн дүн шинжилгээ хийж зураглал, тоон мэдээллийг “Систем динамик”-ийн загварт оруулсан. Ингээд судалгаа гаргаж, үйл ажиллагаанд ашигласнаас гадна Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас Баян-Өлгий, Булган, Дархан, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Төв, Завхан зэрэг найман аймгийн 513,604.9 км2 талбай нутаг дэвсгэрийг хамарсан “6 терабайт”-ын багтаамжтай, 3-5 метрийн нягтралтай Сансрын хиймэл дагуулын архивын мэдээллийн санг авч, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглан ажилласнаар тодорхой үр дүн гаргаж чадлаа. Түүнээс гадна Лондоны Амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран “Монголын Экологийн цагдаа дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” сэдэвт төслийн хүрээнд “Смарт эргүүл” хяналтын системийг эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагаанд туршилтын журмаар нэвтрүүлж ашигласнаар хууль бус ан амьтан худалдан борлуулсан,мод бэлтгэж тээвэрлэсэн, ан агнасан зэрэг нийт 17 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгсэлд ачигдсан болон задгай талбайд хураасан мод, модон материалын эзлэхүүний хэмжээг интернэт, гар утасны сүлжээ хамаарахгүй тодорхойлдог “Wood watcher” программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн.

-Танайх бас агаарын чанар дээр хяналт тавьдаг байх аа?

-Агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт тавих шалган нэвтрүүлэх найман хяналтын цэг болон баталгаат бусын чиглэлд давхардсан тоогоор 24 цагаар 1820 алба хаагч 43680 хүн/цагийн үүрэг гүйцэтгэж, 1065 айл өрх, аж ахуй нэгжийн галлагаанд тогтмол хяналт шалгалт хийж ажилласан байгаа. Ингэснээр Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт угаарын хийн хордлоготой холбоотой 393 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс хувиар буурсан.

-Орон нутагт шахмал түлш тээвэрлэж худалдан борлуулснаас угаарын хийн хордлого гарсан тохиолдол сая бүртгэгдсэн. Энэ чиглэлд анхаарч ажиллав уу?

-Шалган нэвтрүүлэх цэгийн болон агаарын чанарыг сайжруулах бүсийн эргүүл, хяналт шалгалтаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2853 үйлдлийг илрүүлж, үндсэн чиг үүргийн хүрээнд агаарын чанарын бүсээс гадагш сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн 25, зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэсэн 18, түүхий нүүрс хэрэглэсэн гурав, зөвшөөрөлтэй аж ахуй нэгж түүхий нүүрс хэрэглэхдээ шүүлтүүр ажиллуулаагүй хоёр, нийт 48 зөрчлийг илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурсан.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газартай хамтран дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 68 аж ахуйн нэгж, байгууллагын 417 зуухны үйл ажиллагаанд хяналт тавьж үнс баригч төхөөрөмж суурилуулаагүй 25, үнс болон нүүрсийг ил задгай хадгалан ашиглаж байгаа 54, утааны хийн мэдрэгч /сенсор/ суурилуулаагүй 102 халаалтын зуух ажиллаж байсныг илрүүлж, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлсэн зэрэг ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй зохион байгуулаад байна.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухай асуудал ихээр хөндөгддөг. Компани аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлээ гэдэг ч шаардлага хангадаггүй. Зарим нь бүр ажилладаггүй. Ийм нөхцөл байдал байна уу?

-Манай байгууллагын хувьд онцлон нэг ажил бол Монгол Улсын шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын 2020 оны 167, А/698, А/336, А/242 дугаартай хамтарсан тушаалаар “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг дөрвөн жилийн хугацаатай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнгөрсөн онуудад улсын хэмжээнд уул уурхайн олборлолт, ашиглалтын улмаас эвдэгдсэн 30.0 гаруй мянган га талбайг тогтоож, нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс үйл ажиллагаа явуулаад орхиж явсан 4398.7 га, бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 1077.32 га, хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэгдсэн 1687.8 га, бусад байдлаар эвдэгдсэн 836.1 га, нийт 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх зорилт тавьж ажилласан.

Дээрх арга хэмжээний хүрээнд Нөхөн сэргээлт хийж гүйцэтгээгүй тусгай зөвшөөрөлтэй 81 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж, экологи эдийн засагт 11.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоон, долоон хэргийг шүүхээр шийдвэрлүүлэн нийт 8.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021 онд 2802.4 га, 2022 онд 2962.97 га, 2023 онд 3965.63 га, нийт 9731 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгүүлээд байна.

-Цаашид Экологийн цагдаагийн алба 2024 онд юуг анхаарч ажиллах вэ, ямар ажил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд уул, уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэгдэж орхигдсон талбайд нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэгд, Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд мод тарьж, ойн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах. Хоёрт, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи инновацийг нэвтрүүлэн, хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээний аргыг үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

-Иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил энэ салбарт маш чухал гэгддэг?

-Тэгэлгүй яах вэ. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Орчны бохирдлыг бууруулъя”, “Сэргийлье”, “Байгалиа хамгаалъя-Хүн бүр байгаль хамгаалагч”, “Намрын мод тарилт”, “Хариуцлагатай аялал”, “Зэрлэг амьтдаа хамгаалъя” мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг шат дараалан зохион байгуулж байна.

Өсвөр үеийн экологийн боловсролыг дээшлүүлж, бусдад нөлөөлөгч байх сэтгэлгээг бий болгох, эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй хандлага зөв, дадлыг төлөвшүүлэх зорилгоор нийслэлд 245 сургуулийн 4200, орон нутгийн хэмжээнд 529 сургуулийн 4852 буюу улсын хэмжээнд нийт 794 сургуулийн 9052 сурагчийн дунд “Эко бүлгэм” байгуулж, нийт 112 удаагийн сургалт зохион байгуулж, байгаль, эх дэлхийн талаар асуулт хариултын тэмцээн 35, гар зургийн уралдаан 36, эссэ бичлэгийн уралдаан 32 зохион байгуулж, үйл ажиллагааг сурталчлан ажилласан. Монгол Улсын их сургуулийн Экологийн боловсролын төв, Ханс Зайделийн сантай хамтран “Өсвөр үеийнхэн-Байгаль орчин ба хууль-II” төслийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-9 дүгээр ангийн сурагчдад “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн талаар сургалтыг 4200 сурагчдад зохион байгуулсан зэрэг олон ажил бий.

-Албан хаагчид өөрсдөө хэрхэн боловсорч байдаг юм бол?

-Экологийн цагдаагийн албанаас алба хаагчдынхаа мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 63 удаагийн сургалт зохион байгуулан давхардсан тоогоор 6310 хаагчийг хамруулан, шинээр долоон сургагч багш бэлтгэсэн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/345 тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Төв, орон нутгийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 131 алба хаагчид багц сургалтын гэрчилгээ гардуулан өгсөн.

Дотоод хэргийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 3, бакалаврын эчнээ 3, 4, 5 жилийн хөтөлбөрт дөрвөн алба хаагчийг тус тус хамруулж, сурах нөхцөл боломжоор хангаж, бүгд найрамдах Филиппин Улсад зохион байгуулагдсан гадаад хэлний сургалтад дөрвөн алба хаагч хоёр сарын хугацаанд хамрагдаж, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. “Хүн бүр байгаль хамгаалагч” гэдгийг иргэн бүр ухамсарлаж, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ илүү сайхнаар үлдээхийн төлөө хамтран ажиллацгаая” гэж уриалж байна.

Б.ЭНХЗАЯА