Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын эгнээнд нэгдлээ DNN.mn

Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гоос бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг зарлажээ. Үүнд Улаанбаатар гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотын нэгээр шалгарсан байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг онцолжээ.

Гар урлал ба ардын урлаг, дизайн, кино, хоол хүнс, уран зохиол, медиа урлаг, хөгжим гэсэн 7 төрлөөр бүтээлч хотуудыг сонгон шалгаруулдаг. Одоогоор бүтээлч хотын сүлжээнд 100 гаруй улсын 350 хот нэгдээд байгаа бөгөөд цаашид уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг дэлхий дахинаа тулгамдаад буй асуудлууд дээр хамтарч ажиллах аж.

Categories
мэдээ нийгэм

Шүүх “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асанг гэм буруутайд тооцов DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд шилжүүлсэн “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.М, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Ж нарт холбогдох хэргийг шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Тодруулбал, “Нүүрсний” хэргийн хүрээнд шалгасан, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М нарын 6 хүнд холбогдох хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Т.М-ыг ЭХ-ийн 22.4-2 /хясан боогдуулж бусдаас хахууль авсан/, Б.Ж-ыг ЭХ-ийн 22.4-2, 18.6-1-д /хахууль авсан, мөнгө угаасан/ заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргалаа.

Харин шүүгдэгч нараас гаргасан хохирол, төлбөр барагдуулах саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг 4 хоногийн дараа хийхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Эрхэм гишүүд ээ, бүгдээрээ хожъё DNN.mn

 

НӨАТ-ын буцаан ол­голтын хоёр хувийг таван хувь болгоно, болгохгүй гэх маргаан олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ иргэдийн саналыг цахимаар хүлээн авах “Д-өргөдөл” плат­форм нэвтрүүлж, эхний нийтийн өргөдөл долоо хүрэхгүй хоногийн дотор 100 мянган дэмжлэг авч орхив. Энэ нь өнөөдөр бидний маргаад байгаа НӨАТ-ын буцаан олголтын тухай юм. Товчхондоо, иргэд, аж ахуйн нэгжүүдийн олон жил ярьж байгаа  санаачилга.  Үүнийгээ ч тэд дэмжсэн. Гэвч Засгийн газрын нэр бүхий сайд нар тэргүүтэй УИХ-ын зарим ги­шүүд илтэд эсэргүүцэж буй.

Сонгууль дөхсөн попрол гэж нэг талаас даапаалж байгаа ч 100 мянган хүний саналыг үл тоолоо, иргэдээ сонсоогүй түшээдэд санал өгөхгүй зэрэг уриалгууд ч давхар явж харагдана. Энэ бүхнийг хойш тавиад бодит тооцоонд үндэслэн харах гээд үзье.

Иргэд, ААН-үүд, УИХ-ын даргатайгаа эсрэгцээд байгаа Сангийн яамныхны албан,  албан бус, ам дамж­сан олон шалтаг, тайл­баруудаас эхлээд тоймлоё.

Нэгд, НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан ол­голтын хэмжээг 50 хувь бол­гон нэмэгдүүлэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого. Буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэхэд тө­сөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм.

Хоёрт, НӨАТ нь эдийн засгийн аль ч хямралын үед эдийн  засаг,  төсвийн  хамгийн тогтвортой найдвартай эх үүсвэр байдаг. Иймд НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэх нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх цааш­лаад гадаад өрийн дефолтод орох ноцтой үр дагавартай.

Гуравт, Бүх төрлийн И-баримт өгдөггүй далд эдийн засгийн хамрагдалтыг нэмэх зорилт туссан.

Татварын орлого 23.9 хувиар өсч байхад бид НӨАТ дээр далд эдийн засгаа бууруулж И-баримтаа нэмэг­дүүлж хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэдгээ тооцоолж 34 хувиар нэмж тооцсон” гэсэн гурван агуулгаар л Сангийн сайд Б.Жавхлан еөрнхийдөө тайлбарлаж буй. Тэрбээр УИХ-ын чуулган дээр “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх ямар ч боломжгүй. Сонгууль дөхсөн хийрхэл” гэж хүртэл чанга дуугараад амжсан. Нэг талаас төсвөө зоригтой хамгаалж байгаа үйлдэлд нь баяр хүргэмээр.

Гэхдээ…

Энэ бүх шалтгаан үндэс­лэл­­тэй юу.

Нэгд, Засгийн газрын гишүүд 2021 оны тавдугаар сард Төрийн ордонд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр Сангийн сайд Б.Жавхлан “…Том татвар тө­лөгчдөө яаж дэмжих вэ гэвэл татвар, мөнгөний бодлогын орчин тогтвортой байна, төр зээлжих зэрэглэлээ сайж­руу­лах үүрэгтэй…” гэсан агуул­­гыг ярьж байв. Харин өнөөдөр тэрбээр том татвар төлөгч­дөө “…Цөөн тооны өндөр хэрэг­лээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого” гэж тодорхойлж байгаа нь маш ноцтой тайл­бар. Улсын төсвийн гол орлого татвар мөн. Татварын хувь хэмжээ багасах, татвар төлөгчид цөөрөх маш аюултай. Тэр утгаараа татвар төлөгчдийг их, бага гэж ялгаварлах нь зохимжгүй үйлдэл. Ялангуяа том татвар төлөгчдөө “…Баян чинээлэг” хэмээн матаж буй үйлдэл төрийн сайд хүнд байх ёсгүй юм. Нөгөө талаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголт гэдэг бол татвар төлөгчид урамшуулалд багахан хувийг буцааж авч байгаа л явдал. Их татвар төлбөл их урамшуулал авна, бага төлбөл багыг л авна. Хэний ч бодоод ойлгочих энгийн тооцоолол. Улсад их татвар төлсөн иргэн, ААН түүндээ тохирсон урамшуулал авахад юу нь буруу байна вэ. Баялаг бүтээгчид, хөрөнгөтэй нэгнээ үзэн ядах сэтгэлгээг төрийн түшээ хүн дэвэргэж болохгүй юм.

Хоёрт, НӨАТ бол төсвийн тогтвортой байдлыг хангах хэрэгсэл огт биш ээ. Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүнийг маш тодорхой сануулж, үрэн таран хийчихээд байгаа Төсвийн тогтвортой байдлын сангаа зориулалтын дагуу ашиглах ёстой болохоос иргэдийн татвараар төсвөө нөхөж болохгүйг Сангийн сайдад сануулаад амжсан. Үүнээс гадна НӨАТ-ын урамшууллын хувийг далд эдийн засагтай холбож буй. Сангийн сайд өөрөө ч “…НӨАТ-аар дамжуулж далд эдийн засаг руу орох гэсэн эрсдэлтэй хэсгийг бага ч гэсэн хумьж байгаа нь жил ирэх тусам хүрээгээ тэлнэ. Тэр хэмжээгээр далд эдийн засгийн хэмжээ буурч байна” гэж хэлж байсан удаатай. Зөв өө. НӨАТ-ын хуулийг баталсан зорилго ерөөсөө л энэ. Үүргээ ч биелүүлж буй. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг чамбайруулснаар төсөвт нэмэлтээр олж болох орлогын дүнг тэр мартав уу. Тэгээд ч төсвийн ачааг НӨАТ-аа шударгаар төлөгчид нуруундаа үүрч буй нь зөв гэж үү.

Гуравт, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Төс­­вийн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хурал­даан мэдээлэл хийхдээ “Монголбанк, Үндэсний статис­тикийн хороо зэрэг холбог­дох байгууллагууд тооцоо, судалгаа хийсэн. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар тө­сөвт төвлөрөх орлогыг нэмэг­­дүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх бай­­гуул­лагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн. Уг тооцооллоор хуулийн хэрэг­жилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого  534-635 тэр­­бум төгрөгөөр нэмэгдэх боломж­той. Мөн буцаан ол­голтыг нэмэгдүүлснээр ир­гэдийн орол­цоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлд­лийг ил­рүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна. Одоогоор татвараас  зайлсхийх асуудлаар улсын  хэмжээнд 620 хэрэг шал­гагдаж байна” гэжээ. Сангийн яам зөвхөн зардал яриад буй ч орлого ярихгүй байгаа нь хачирхалтай. Зарим судал­гаагаар ДНБ-ий  20 хувьд хүрсэн гэгдэх далд эдийн засагт хэдэн төгрөг эргэлдэж байгааг эрхэм Сангийн сайд маань мэдэх болов уу.

Өөр нэг сонин тооцооллыг хуваалцъя. НӨАТ бол ямар ч нөхцөлд автоматаар Улсын төсөв руу 10 хувь нь шилжиж байдаг тогтолцоо. Харин эргээд яг тэр тооцоолол, бараа бүтээгдэхүүн бүрээр хоёр хувийн урамшууллаа иргэд авдаг уу гэвэл ҮГҮЙ. Энд маш том алдагдал, иргэдийн бухимдлын гогцоо бий гэж хэлж болно. 2022 онд Монгол Улс 3.9 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого төсөвтөө бүрдүүлжээ. Үүнээс 261 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд өгсөн байна. 261 тэрбум төгрөг нь 3.9 их наяд төгрөгийн 6.7 хувь. Үлдсэн 93.3 хувь нь улсын төсөвтөө үлдсэн. Төсөв талаасаа 20 хувь буцаагаад иргэдэд урамшуулалд гарч байгаа биш, 6.7 хувь л гарч байгаа гэсэн үг. Хэрэв НӨАТ-ын буцаан олголт таван хувь байсан бол 652.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувь болох байсан. Өөрөөр хэлбэл, 83.3 хувь нь төсөвтөө үлдэнэ. НӨАТ-ын иргэдэд урамшуулал болгон өгөх буцаан олголтыг таван хувь болгохоор НӨАТ-ын орлогын 50 хувиа алдана гэж айлгаж байгаа нь өөрөө буруу юм. Одоо ч 20 хувиа буцаагаад өгч байгаа гэж байгаа ч төсөв талаасаа 6.7 хувийг  л өгч байгааг ийм хялбархан тооцож болно. Үлдсэн 13.3 хувийг ААН, компаниудын төлсөн НӨАТ-тай холбоотой бөгөөд тэд энэ урамшууллыг авдаггүй хэмээн уг санаачилгыг анхлан гаргасан талуудын нэг болох СЕО клубийн ерөнхийлөгч Б.Гантулга хэвлэлд тайлбар­ласан байна.

Дахиад нэг тооцоо, судалгаа. 2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад  бүрт­гүүлсэн. Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судал­гаа­гаар худалдаа эрх­лэгчдийн 53.0 хувь нь И-баримт өгдөг байна. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд, эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь  тогтоогджээ.  Харин   хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүрт­гүүлсэн  байдаг аж. 50 сая төгрөгөөс дээш бор­луулалт­тай, НӨАТ төлөгч биш 4292 хувиа­раа хөдөлмөр эрхлэгч байгаа бө­гөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган  аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. НӨАТ-ын буцаан ол­голтыг нэмэгдүүлснээр тат­варын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ гэж үздэг. НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын хувь хэмжээ бага байгаа нь далд эдийн засагтай холбогдож байгаа шалтгааны гол тайлбар ердөө л энэ. Урамшууллын  хувь хоёроос тав руу шилжих нь төсөвт ирэх дарамт тийм ч хүнд биш. Харин эсрэгээрээ далд эдийн засгийг хумьж, татварын орлого их наядаар нэмэгдэх гарц шийдэл харагдаж байна. Бидэнд гарц, шийдэл хангалттай байна Эрхэм гишүүд ээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар НӨАТ-ын бу­цаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд далд эдийн засгийн дээрх тооцоолол дээр тогтож харах ёстой.

Үүнээс гадна Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын урамшуулал таван хувь бол­бол 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана гэж буй. МҮХАҮТ-ын ерөн­хийлөгч Д.Энхтүвшин “Бодит тооцоолол 600 тэрбум биш 400 тэрбумын эх үүсвэр шаардагдана. НӨАТ-ын татварыг жигд төлье. Зарим нь төлөөд зарим нь төлдөггүй байж болохгүй. Төлөхгүй хэсгээс авч байгаа ажил үйлчилгээ бизнесүүдийн хувьд зардал болдог. Энэ утгаараа жигд төлдөг болъё” гэсэн нь татвар төлөгчдийн зүгээс тавих л шаардлагын нэг. Энэ тухай УИХ-ын ги­шүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэг­дүүлэхэд Сангийн яам 600  гаруй тэрбум шаардлагатай гэсэн бол Худалдаа аж үйлд­вэрийн танхимынхан 400 гаруй тэрбум гэсэн тоо хэлсэн. Ингэж 200 тэрбумын зөрүү гаргаж болохгүй. Тооцоо тодорхой бус байна. Аж  ахуйн нэгжийнхэндээ илүү итгэж байна. Яагаад вэ гэвэл тэд өөрийнхөө мөнгийг тоолж байна шүү дээ. Тиймээс бодит, тооцоо судалгааг гаргахын тулд хэлэлцэх ёстой” гэснийг орхиж болохгүй юм.

Харин  энэ нэмэлт  үүс­вэрийг хэрхэн олох талаар УИХ-ын гишүүн,  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Татварын үндсэн зарчим тэгш шударга байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр 615 тэрбум олох хэцүү гээд байна. Энэ үгүй юм. 2022 онд Авлигатай тэмцэх газар төсөвт 2.3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Уул уурхайн биржийн тухай хуулийг батал­сан. Нүүрс, төмрийн хүдрийг зарж орлого олсон. Одоо зэ­сээ худалдах хэрэгтэй. Зэс тойрсон шимэгчдийг болиу­лах хэрэгтэй. Зэсийг худалдвал их наядаар орлого нэмэгдэх магадлалтай. Бидэнд боломж байна. Зохицуулалтай төртэй улс орон хөгжиж байна. Бид ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй. Зардлаа хэм­нэх хэрэгтэй. Энэ мэт олон хэмнэлтээс 615 тэрбум бай­тугайг олно. 100 мянган хүн са­нал өгнө гэдэг асуудал байна гэсэн үг учраас УИХ хэлэлцэх ёстой” гэжээ. Энэ бол байж болох хувилбаруудын нэг юм.

Үүнээс харахад НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэг­дүүлэх нь чинээлэг хэсэг бүл­гийг тэтгэсэн явдал гэдэг ойлголт  байх  боломжгүй.  Урам­шууллын хувийг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг хумих том хөшүүрэг гэдэг нь тооцоо судалгаатайгаа гараад ирж байна. Эх үүсвэрийн хувьд шийдвэрлэх боломж Сангийн яам, Засгийн газар, УИХ-д бүрэн нээлттэй. Яг үнэндээ сонгуульд зориулсан усалгааг татвар төлснийхөө хэрээр авах гэж байгаа иргэдийн урамшууллаас илүү 2024 оны төсвөөс суга татаад гаргаад ирж болно. Сонгуулиас хоёр­хон сарын өмнө төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар нэмэх, 21 аймагт тэнгэр, га­зар шиг ялгаатай хөрөнгө оруулалтын төсвүүд баталсан гээд л ярих боломжтой. Ерөө­сөө энэ бүхэн зөв эдийн засгийн тогтолцоо биш гэдгийг Б.Жавхлан сайд хамгийн сайн мэдэж байгаа. Ерөөсөө НӨАТ тойрсон энэ асуудалд бодит байдал дээр нэмэхээс аргагүй нөхцөлд байгаа нь харагдаж байна. Цаг хугацаа тулсан үед улсын төсвийг задлах амаргүй ч үр дагавар нь олон нийтийн, ард түмний төлөө, татварын шударга  тогтолцоог  бүрдүүлэх, далд эдийн засгийг бууруулах ач холбогдол илүү өндөр байгааг албаныхан өнгөр­­­сөн  хуга­цаанд  хангалттай ойл­госон болов уу.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Мөн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэр­лүүлэх эрхтэй. Төрийн бай­гууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлд Үндсэн хуульд заасан энэхүү засаглах эрхээ ард түмэн эдлэхдээ “…тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж бол­но” гэж заасан. Энэ бол өнөөд­рийн парламентын ги­шүүдийн батлалцсан, дагаж мөрддөг хуулиуд. Монголын ард түмэн эдгээр эрхээ эдэлж, саналаа өглөө. Тэр ут­гаараа УИХ-ын гишүүдийн хувьд анхаарах, дэмжих том агуулга юм. Сонгогчид бэлэн мөнгө, халамж хүссэнгүй. Тэд татварын шударга орчин бүрдүүлэхийг, төлсөн тат­варынхаа хэмжээгээр урам­шуулал авах эрхээ эдлэхийг л хүслээ. Өнөөдрийн ард түмний нуруун дээр энэ улсын эдийн засгийн хүндрэл, татварын олон дарамт, үнийн дарамтууд явж буй. Угтаа чөлөөт эдийн засагтай, улс төрийн  чадварлаг хүчинтэй улс орны ард түмэн нуруу тэнэгэр, ажлын байртай, боломжийн орлоготой, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гагцхүү тэр эрхүүдийг өнөөдрийн төр засаг, УИХ-ын гишүүд, Засгийн газар хангах үүргийг хүлээн сонгогдсон. Тиймээс өнөөдрийн ард түм­­­ний дуу хоолой, итгэл тээн илгээсэн цахим санал асуул­гад парламентын гишүүд ч, Засгийн газрын гишүүд ч санаачилгатай, шийдэлтэй оролцох нь тэдний үүрэг юм. Эрхэм гишүүд ээ, бүгдээрээ хожъё л доо.

Б.ЗАЯА

 

 

 

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-41” яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно DNN.mn

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын урьдчилсан шат эхэллээ.

“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар эсвэл Монголын зохиолчдын ордны 206 тоотод энэ сарын 17-ны дотор ирүүлэх ёстой юм байна.

Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх ёстой аж. Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана. “Болор цом-41” яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болно.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун тээвэрлэсэн автомашин онхолдож, бүхээгт хавчуулагдсан жолоочийг гаргажээ DNN.mn

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай дуудлага арваннэгдүгээр сарын 3-ны 00:05 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож, 39 настай  эрэгтэй жолооч нь автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу арваннэгдүгээр сарын 3, 4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Үүнд:

  • Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст,
  • Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар,
  • Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
  • Агаарын температур  өмнөх хоногуудаас  5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна.

Цас орж, цасан шуурга шуурах нутгууд:

  • Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай.
  • Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих шөнө хангайн уулархаг нутаг болон Завхан, Архангай, Хөвсгөлийн өмнөд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
  • Арваннэгдүгээр сарын 4-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болох Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн өмнөд, Дундговийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
  • Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө говийн аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.
  • Арваннэгдүгээр сарын 5-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг буюу Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Израилын арми Газа хотыг бүсэлжээ DNN.mn

Израилын арми Газа хотыг бүслэн Хамас бүлэглэлийн штабууд болон бусад дэд бүтцэд цохилт өгч байгаа тухай мэдэгдлээ. Энэ хот нь Газын зурвас дахь хамгийн том хот бөгөөд дайн эхлэхээс өмнө Палестины хүн амын дийлэнх нь тус хотод оршин сууж байв.

Газад хоргодох байр болгон ашиглаж байсан дөрвөн сургууль агаарын дайралтад өртөн сүйрсэний зэрэгцээ дүрвэгсдийн хуаран дахь сургуульд дор хаяж 20 хүн амиа алдсан гэж НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээлэв.

Лхагва гарагт нээгдсэн Египетийн хилийн ойролцоох Рафах боомтоор цөөн тооны иргэд Газаас гарах боломжтой болсон. Пүрэв гарагт шархадсан 21 палестин иргэн, 344 гадаад паспорт эзэмшигч, түүний дотор 72 хүүхэд хилээр нэвтэрсэн гэж Египетийн албаны хүмүүс мэдэгдэж буй.

Израилын арми Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын зурваст олон хоног агаараас цохилт өгч, өнгөрсөн долоо хоногт явган цэргийн давшилт эхэлсэн. 10 дугаар сарын 7-ноос хойш Газын зурваст хийсэн дайралтад 9061 палестин хүн амь үрэгдээд байна. Харин Израильд 1400 гаруй хүн амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үр тарианы 92.1 хувь, төмсний 97.9 хувийг хураан авчээ DNN.mn

2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 312.5 мянган га-гаас 433.1 мянган тонн үр тариа, үүнээс 289.0 мянган га-гаас 413.3 мянган тонн улаанбуудай, 17.9 мянган га-гаас 174.4 мянган тонн төмс, 13.1 мянган га-гаас 167.2 мянган тонн хүнсний ногоо, 70.8 мянган га-гаас 202.4 мянган тонн тэжээлийн ургамал, 96.5 мянган га-гаас 41.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Үр тарианы 92.1 хувь, төмсний 97.9 хувь, хүнсний ногооны 97.6 хувь, тэжээлийн 69.6 хувь, тосны ургамлын 79.5 хувийг хураан аваад байна.

2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК: Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ DNN.mn

МИАТ ТӨХК-ийн 2023 оны 11-р сарын 2-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

МИАТ ТӨХК-ийн онгоц өчигдөр зорчигчдоо хүлээн авахаар Туркийн олон улсын нисэх буудалд байх үед нь хаалга хэсэгт нь аянга буусан байна.

Энэ талаар МИАТ ТӨХК “МИАТ ТӨХК-ийн 2023 оны 11-р сарын 2-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

Зорчигчдод хүндрэл учруулж байгаадаа хүлцэл өчье.
Нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Та бүхнийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна.
Нислэгийн мэдээллийн талаар эргэн мэдэгдэх болно” гэв .
Categories
мэдээ нийгэм

Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдээс санал авч байна DNN.mn

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга өгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна. Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр нэвтэрч “Дан” систем болон гар утсаараа долоо хоногийн хугацаанд санал өгөх боломжтой хэмээлээ.

Мөн цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно гэдгийг онцлов.

Урт цагааны барилгын түрээслэгчид шүүх дээр маргаан үүсгэж, 2020 оноос  хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглах зэрэг зөрчил илэрч байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт илгээжээ. Түүнчлэн түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байгаа юм.

Түрээслэгч нар “Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий. Сард нэг хүний 200 мянган төгрөг төлдөг” гэдгийг хэлж байлаа.

2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах,  өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ.

Ташрамд дурдахад, Урт цагааны барилгын зургийг 1959-1960 онд тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн хийж, 1960-1962 онд Хятадын барилгачид барьж, худалдаа үйлчилгээний зорилгоор байгуулж байжээ.

Та дараах https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч, Урт цагааны барилгын дахин төлөвлөлтөд саналаа өгөөрэй.