Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар -21…-26 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, Хангайн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9…+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +2…+7 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -4…-6 градус, өдөртөө  -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -10…-12 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа энэ сарын 10-нд дуусна DNN.mn

2023 оны 2 дахь ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад 8 хоног үлдлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний 09:00 цагт эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.
Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн шинэ бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 
Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2023.11.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан орсон өөрчлөлт байжээ.

Монгол Улсад 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээхтэй холбоотой олон харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Тухайлбал, Монгол Улсад 2017-109 онд жилд дунджаар 20-21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж байсан бол 2020 онд 14 орчим мянга болж буурчээ. Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас дурдвал 2020 онд 53678, 2021 оны эхний хагаст 20602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн нь нийт хэргийн 10.1 хувийг эзэлж байна. Гэрлэлт дуусгавар болох үед хүүхдийн эрх, ашиг хөндөгддөг.

Түүнчлэн 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд мэндэлжээ. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлахтай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчдыг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүртгүүлсэн гэрлэлтээс төрсөн хүүхдийн нэгэн адил хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.

Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.

Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг салбарын сайд танилцууллаа. Тухайлбал, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг төсөлд тусгажээ. Мөн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээс лавлагаа авах болон ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэрлэлтийн гэрээний талаар шинэ зохицуулалтыг тусгахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын тодорхой болгож, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд Гэр бүлийн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 60.4 хувь буюу 14021 хэрэг гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна. Мөн 2010 онд гэрлэлт цуцалсан тоог 2021 оны тоотой харьцуулахад 10.1 хувиар өссөн байна. Иймд гэрлэлт цуцлах харилцаанаас үүсэх үр дагаврыг сайтар тооцох, гэрлэгчид болон хүүхдийн эрх, ашгийг хамгаалах зохицуулалтыг нарийвчилсан байна.

Түүнчлэн төсөлд гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсхүл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, тодорхой хугацаанд хамтран амьдраагүй зэрэг тохиолдолд шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлд ирэх сарын 15-наас тогтмол нислэг үйлдэхээр болжээ DNN.mn

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо.

Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар вьетнамын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцуулав.

БНСВУ-ын талаас  агаарын тээврийн Вьет-Жет групп, Совико групп, Ти Эйч групп, БиАрЖи групп, аялал жуулчлалын Вьен-Пеарл зэрэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, Монголын талтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа.

Мөн бизнес форумын үеэр Вьетнам Улсын Вьет-Жет авиа компанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол арга хэмжээ боллоо.

Энэхүү нислэг нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм.

Тус форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 11:00 цагийн байдлаар Алтай, Булган, Үенч сумдад цас орж, Мөнххайрхан, Дуут, Чандмань, Ховд сумын нутгаар салхины хурд 12-15 м/с, өрөвхийлөлт түр зуурын их хурд 20-22 м/с хүрч хүчтэй шуурч байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Маргааш буюу 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бусдад 6.1 тэрбум төгрөгийн хохирол учруулаад зугтсан эмэгтэйг интерполоор эрэн сурвалжилж барьжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6.1 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт “Ө” гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан.

Дээрх этгээдийг Европын Холбооны Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Талын түмэн адуу-2023” наадмын хөтөлбөр DNN.mn

“Талын түмэн адуу-2023” наадам энэ сарын 17-19-нд Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс урагш Хөхүүрийн талд болно.

Ес дэх удаагаа болох гэж буй энэхүү наадмын үеэр сайхан морьтон хос шалгаруулж, эмнэг булгиа, нийтийн бүжиг, Удамт Монгол жагсаал, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг зохион байгуулахаар төвлөсөн байна.

Наадмын талаар болон зохион байгуулагдах тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд 99744588, 99089730 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

“ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2023” НААДМЫН ХӨТӨЛБӨР

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар хандав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1147 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 1005 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Эдгээрээс зөрчилгүй 925, буцаасан 22, анхааруулсан 58 байна. Одоогоор ажиллагаанд 142 этгээдийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газрын удирдах албан тушаалтан “А”, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан “О”, Төв аймгийн Баянцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Д”, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Г”, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Ц”, Говь-Алтай аймгийн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Ц”, Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн удирдах албан тушаалтан “Г” нарыг албан тушаалд томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн үйлдэлд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулах, цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг  хүргүүлэн ажиллалаа.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтыг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх заалтыг тусгажээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчдын илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавилаа.

Тэрбээр “Замын түгжрэл үлэмж нэмэгдсэн. Гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байна. Энэ янзаараа 2030 онд таван км цаг, 2040 онд тэг зогсолт хийхээр байна.Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Сүүлийн үед нийслэлд такси үйлчилгээтэй холбоотой олон хэрэг гарах болсон. Цагдаагийн байгууллагаас өгсөн судалгаагаар сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 2136 гэмт хэрэгт таксины жолооч холбогдож, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоосон. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх заалтыг тусгалаа” хэмээн тодотголоо.

Categories
гадаад мэдээ

Шинжаанд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулжээ DNN.mn

Хятадын баруун хойд нутагт анхных болох Шинжааны чөлөөт худалдааны туршилтын бүс (ЧХБ) лхагва гарагт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Шинжааны нийслэл Өрөмч хотод болсон нээлтийн ёслолын ажиллагааны үеэр бүс нутгийн засгийн газрын тэргүүн Эркин Тунияз Өрөмч, Хоргос, Кашгарын нутаг дэвсгэрийг хамарсан ЧХБ-ийн гурван бүсэд лиценз олгожээ. Энэхүү ЧХБ нь нийт 180 орчим хавтгай дөрвөлжин км талбайтай.

Шинжааны нөөц боломж, газарзүйн байрлалын давуу тал, аж үйлдвэрийн бааз суурийг ашиглан чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг өндөр стандарт, өндөр чанартайгаар гүйцэтгэнэ гэж Эркин Тунияз хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, энэхүү чөлөөт бүс нь Шинжааныг дотоодын болон олон улсын зах зээлийн “хос эргэлтэд” нэгтгэх, “Нэг бүс нэг зам” санаачилгын гол нутаг дэвсгэрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, Ази-Европ тивийг холбосон “алтан суваг” байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, Хятад улсыг баруун тийш нээх гүүр болно гэж найдаж байна гэжээ.

Хятадын Төрийн зөвлөл шинэ эринд нээлттэй байх, шинэчлэлтээ бататгах стратегийн чухал алхам болсон Шинжааны ЧХБ-ийн ерөнхий төлөвлөгөөг мягмар гарагт нийтэлсэн юм.