Categories
мэдээ нийгэм цаг-үе

3801.4 тонн давс, 2730.3 тонн бодисын нөөцтэй байна DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр цас орж, хүчтэй салхи шуургатай байна. Тодруулбал, өдөртөө агаарын температур -3 градус болж, өчигдрөөс -5 градусаар хүйтрэн цас орж, хүчтэй салхи шуургатай байх тул цаг агаарын нөхцөлийг тооцон ажлаа төлөвлөхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөсөн.

Тэгвэл, халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зам цэвэрлэгээний 24 байгууллагын 360 ажилтан 58 машин техниктэйгээр өгсүүр, алслагдсан болон зуслангийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацахаар бэлэн байдал ханган ажиллаж байна.

3801.4 тонн давс, 2730.3 тонн бодисын нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан.

2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс http://eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо.

Тасалбар буцаах бол та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө http://eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээгээрэй гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Худалдааны зохицуулалт хэрэгтэй болжээ DNN.mn

Монголчууд төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн системд шилжээд даруй гуч гаруй жилийг ардаа үлдээжээ. Үнэ тохиролцдог дэлгүүрүүдээс өнөөдрийн бидний үйлчлүүлдэг дэлгүүрүүд, худалдааны төвүүд боломжийн хэмжээнд төлөвшсөн байна. Харин бид бүхэн туйлын өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Мэдээж нэгэнт л зах зээлийн зарчим үйлчилж, эзэн нь тухайн бараа бүтээгдэхүүнээ ямар үнээр зарж борлуулах нь түүний эрх. Гэлээ гээд гурав дахин нугалсан үнээр зарна гэдэг ер нь дэлхийн хаана ч байхгүй үзэгдэл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэвч эдийн засагчдын үг сонин биш. Монгол үйлдвэрлэгч орон биш учраас бараг тэр чигээрээ импортын бараагаар хэрэглээгээ хангахаас өөр аргагүй. Яах вэ холоос тээвэрлэгдэж ирдэг, хил гаалийн болон бусад татварууд нэмэгдээд дээрээс нь олох ашгаа нэмэх нь зүйн хэрэг. Харин тэрхүү бараа бүтээгдэхүүн бараг бүгдээрээ 2-5 дахин нугалсан өндөр үнээр зарагддаг. Өргөн хэрэглээний барааны үнэ ямар ихээр нэмэгдээд байгаа тухай амтай болгон л ярьж бичдэг ч тэрхүү өндөр үнэтэй нэгэнт дасчихжээ. Өндөр үнэ бүх салбарт илэрхий харагддаг. Жишээ нь, эмийн үнэ. Монголд эм тамтаггүй өндөр үнэтэй хэрнээ үйлчилгээ нь туйлын муу. Бараг үйлчилдэггүй ч юм болов уу гэж бодохоор. Ердөө хилийн цаана байх эмийн санд 1500 төгрөгөөр зарагддаг эм Монголд орж ирмэгцээ 10500 төгрөг болчихдог гэх. Энэ мэт байдал тэгээд эрүүл зүй тогтол мөн үү. Яаж ч харсан эрүүл бус тогтол байгаа биз. Гаднаас танил хүнээрээ захиж авчруулсан эмийг гурав хоног уугаад өвчин нам болж байхад эндээс авсан эмийг 14 хоног уугаад ч эдгэхгүй байх тохиолдол маш их. Яг иймэрхүү үнийн хэт хөөрөгдлийн жишээг тоочоод байвал дуусахгүй. Эм бол зөвхөн нэг л жишээ нь. Бидний жишээ болгон ярих дуртай улс орнуудад ч иймэрхүү зүйл байхгүй. Мэдээж тэд үйлдвэрлэгч орон. Гэсэн ч импортын бүтээгдэхүүн ялгаагүй хэрэглэдэг. Тэглээ гээд манайхан шиг дөрөв, тав нугалдаггүй. Иймэрхүү зүйлсийг зохицуулах худалдааны хууль ч юм уу ямар нэгэн зохицуулалт ер нь хэрэгтэй болж байна даа.

Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Тэрбээр, хууль санаачлагч Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.1-д “Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хот болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.” гэж заасныг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын хувьд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөний түгжрэл ихтэй бүсийг тогтоож, түүнийг тусгай тарифтай болгох буюу улс орнуудын нийтлэг жишгээр эдийн засгийн зохицуулалтыг ашиглах, автотээврийн хэрэгслийн импортыг тарифын бодлогоор зохицуулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтот цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.Хуулийн төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр, түүнийг тогтоох, мөрдөх журам, авто зогсоолын асуудал мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар төрийн байгууллагын чиг үүрэг, оролцогчийн эрх үүргийн талаар болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэл, гэр хорооллыг орон сууцжуулах байршил, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт, хэрэгжүүлэх байгууллагын чиг үүрэг, шилжилтийн үеийн зохицуулалтуудыг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа хэрхэн тусгагдсан талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй иргэнд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээг шатлан нэмэгдүүлэх эсэх, мөн төвлөрлийг сааруулах зорилгоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн орон сууцжуулах ажлыг гүйцэтгэхэд дэд бүтцийн хангамжийн бодлого байгаа эсэх, орон сууцжуулах бүсэд оршин суух иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх талаарх авах арга хэмжээ тус хөтөлбөрт багтсан эсэх, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах болон төлбөртэй бүсийг бий болгосноор түгжрэл хэдэн хувь буурах, хувийн тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх эсэх, барилгын стандартыг тогтоох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нүхэн болон тойрох хурдны зам, гарцыг бий болгосноор түгжрэлийг бууруулах боломжтой эсэх, мөн тус асуудлаар жолооч нараас санал авсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг түгжрэл болон орон сууцжуулахтай холбоотой харилцааг зохицуулж буй хүчин төгөлдөр эрх зүйн актууд тус хууль батлагдсанаар хүчингүй болох эсэх, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт улсын төсөвт суусан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад мэргэжилтнүүдийн саналыг авсан эсэх, хувийн аж ахуй нэгжүүдэд үүсэж болзошгүй алдагдлын тооцоолол мөн санхүүжилт байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ш.Адьшаа нар хуулийн төслийг дэмжиж байгаа болон хуулийн төсөлтэй холбоотой тооцоо, судалгааг ард иргэдэд танилцуулах нь зүйтэй талаар тус тус саналаа илэрхийлсэн болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нийслэлд тулгамдаад буй асуудлуудын шалтгаан түүнчлэн эрсдэлийг нь харгалзан багцаар нь шийдэх үзэл баримтлалын хүрээнд хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсныг тэмдэглэж, анхны хэлэлцүүлгийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргуулах хэрэгтэйг онцолсон болно. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэв. Түүний дараа байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын 26 гишүүн асуулт асууж хариулт авлаа.

Тухайлбал, Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн нарын гишүүд нийслэлийн дүүргүүд ерөнхий төлөвлөгөөгөө зөрчиж, газар олголтыг замбараагүй өгч ирсэн. Үүнд хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох вэ, гэр хорооллын 180 мянган айл өрхийг орон сууцжуулахад дэд бүтцийн хүчин чадлыг хэрхэн тооцоолж байгаа талаар асуув. Мөн замын түгжрэлийг бууруулахад орон сууц барих зөвшөөрлийг өгөхгүй байх, зам дагуу зогсоол барихыг хориглох, хотхон бүрийг тойрсон  хашаажуулалтыг зогсоох, уулзварыг нүхэн гарцаар шийдэх, автозамын хөдөлгөөний зөрчилд ногдуулсан 105 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийх санал гаргаж, хуульд тусгах санал хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулаад дуусч байна. Барилгын бүсжилт, өндөржилтийг энэхүү төлөвлөгөөгөөр зохицуулсан.  Энэхүү өргөн барьсан хуульд барилгажих талбай 70:30 байсныг 60:40 өөрчилж байна. Нийслэлийн их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг  зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хотхонуудыг  тойрсон  30 км хашааг буулгаснаар гэмт хэргийн зөрчил буурсан гэсэн судалгаа гарсан. Нийслэлд нийт зургаан дэд төвийг байгуулна. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулах болон эрчим хүч, дулааны хангамжийг хэсэгчилсэн төслийг хэрэгжүүлэх юм гээд албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засч, дахин алдаа гаргахгүй байхын тулд хариуцлагыг тооцож эхэлсэн. Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй иргэдийн төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хязгаарлах талаар ярилцаж байна. Торгуулийн нийт төлөлт дөнгөж 26,5 хувьтай байна гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Н.Ганибал, Д.Өнөрболор  нарын гишүүд нийслэлд замын түгжрэлийг бууруулахад бүсчилсэн тарифийг хэрхэн тогтоох талаар,  УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баярсайхан нар нийслэлийн төвлөрлийг сааруулахад цогцолбор хотхоны зохион байгуулалтыг хэрхэн дэмжих вэ, нийслэлд жил бүр 40 мянган иргэн оршин суухаар бүртгүүлж, 47 мянган автомашин шинээр орж ирдэг тооцоо байна. Тэгэхээр хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд анхаарч, ялгавартай хөгжлийг өөрчлөхөд төлөвлөж буй ажлын талаар тус тус асуув.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, олон  улсад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэл 15-20 хувь буурсан гэсэн тооцоо бий. Харин тухайн бүсэд оршин суугчийн төлбөрөөс 90 хувь чөлөөлөх боломжтой. Нийслэл зөвхөн төлбөртэй бүс тогтоох эрх авах тухай асуудал яригдаж байгаа гэдгийг онцолье. Гэхдээ нийтийн тээврийн шинэчлэлээ хийж, зогсоолын менежмэнтээ тодорхойлж, тойрог хурдны замаа эхлүүлсний дараа төлбөртэй бүс тогтооно. Түүнээс бус өнөө маргаашгүй шийдэх асуудал биш юм. Эхний ээлжинд нийслэлийн замын 18 уулзварыг шинэчлэхээр төлөвлөж байна.  Шууд 27 мянган төгрөг тогтоох асуудал яригдаагүй байгаа. Мөн хуулийн төслийн хамгийн том зорилго бол утааг бууруулахад чиглэж байна. Нийслэлд Баянхошуу, Толгойт, Долоон буудлаас ургаш Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянга орчим нүүрс хүчлийн хийг  хамгийн их үүсгэж байна. Эдгээр бүс газарт буй айлуудтай тохиролцоод газрын чөлөөлж чадвал 12 мянган айлын орон сууц барина. Ингэснээр 700 га газрыг дахин орон сууцжуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Орон нутагт шилжин суурьших иргэдэд тодорхой боломжууд буй болж байна. Тухайлбал, Монгол банк ипотекийн зээлийн 50-60 хувийг орон нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуулийн төсөлд зарим, бараа ажил үйлчилгээг шууд гэрээ байгуулах замаар авахаар тусгасныг шүүмжилсэн бол УИХ-ын Б.Пүрэвдорж,  “ногоон автобус”-ны хэрэгт ямар хариуцлага тооцож байгаа талаар болон шинэ автобус хэзээ орж ирэх вэ хэмээн  асуув. “Шинэ автобус худалдан авах тендэр энэ 11 дүгээр сарын 23-ны өдөр нээгдэнэ. Энэ ондоо багтаж, гэрээ байгуулж, нийлүүлэх боломжтой. Үнийн саналаас шалтгаалж 650-700 орчим автобус худалдан авахаар тооцож байна. “Ногоон автобус”-ыг хүлээж авахгүй. Энэ автобусны урьдчилгаа төлбөр 130 тэрбум төгрөг төлөгдсөн. Одоогийн байдлаар 77 тэрбум төгрөгийн үлдэгдэлд  хууль хяналтын байгууллага  шалгалт явуулж байна. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахын тулд шууд худалдан авах нэг удаагийн үйлчлэлтэй хуулийг оруулж ирж байгаа юм. Харин гамшиг, осол гарсан тохиолдолд шууд худалдан авалт хийхээр зохицуулж байна гэж Ажлын хэсгээс хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нар нийслэлийн шатшатны байгууллагын хүнд сурталыг бууруулах талд хэрхэн ажиллах, нийслэлд метро байгуулахад хөрөнгийн ямар эх үүсвэр байгаа  талаар  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас асуулаа. Тэрбээр, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргаануудын байгууллагуудын орон тоог  25 хувь бууруулахаар төлөвлөж байна. Мөн дүүргийн газрын албуудын газар олгож буй асуудлыг цуцална. Тусгай зөвшөөрлийг цахимжуулах, бууруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн мэдэлд хүрэн нүүрсний лицензтэй талбай бий. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал метро, хурдны зам байгуулах хөрөнгөө босгох боломжтой гэх зэргээр хариулав. Ингээд хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Амарсайхан нар үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хүрэн нүүрсний уурхайг эзэмшиж, хувьцаат компани байгуулан нийслэлийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг босгохыг дэмжиж байна. Бидний хийж буй ажил эдийн засгийн баталгаагүйгээс ажил хэрэг болохгүй байна. Төлөвлөж буй бүх ажлын хөрөнгийг босгож, шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн хэллээ.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 73,2 хувь нь тус хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орж,  Архангай Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 11-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +9…+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +2…+7 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. -4…-6 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголд амьдарч буй 833 вьетнам иргэний дийлэнх нь үйлчилгээ, уул уурхайн салбарт ажиллаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийж буй.

Айлчлалын хүрээнд визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт холбогдох сайд нар гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.

Монголчууд Вьетнам улсад аялж, амрах зорилгоор зорчих нь их бол вьетнамчууд манай улсад ажил хөдөлмөр эрхлэх нь их байна.

Тодруулбал Гадаадын Иргэн Харьяатын Газар(ГИХГ)-аас өгсөн мэдээллээр 2023 оны аравдугаар сарын байдлаар Вьетнам улсын 833 иргэн Монголд ажиллаж амьдарч байна. Тэдний дийлэнх нь С6 буюу үйлдвэрлэл, үйлчилгээ, С3 буюу геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт хөдөлмөр эрхэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ж.Шараа: Зангад маань “Хар ус нуур”-ыг ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа DNN.mn

Өдрийн сонины архиваас…………….

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.


-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?

-Би анх “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн, мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ дууг бичсэн түүх сонин шүү.

-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан уу?

-Үгүй. Яруу найрагч Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч, миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн  “Хар ус нуурын шагшуурга”  нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна. Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга” гэдэг үгийг нь би мэдэхгүй.  Хар ус нуурыг нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай, энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа,  энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон шувуудаа явчихаар

Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн зохиолч Ш.Шагдар

Хатан Хар ус уйдаа юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн. Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж” гэсэн гурван  дуу маань илтгэлд сайшаагдаад орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв.  Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана. Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ ч олдохгүй өндөр шагнал байсан байна.

-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй юу?

-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв. Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын товчоо гэдэг  машин тэрэг гэж жигтэйхэн, нар жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм. Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ тоглоод үлдэнэ.

-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?

-Тэр сургуульд ороогүй. Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе. Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж.  Гэтэл нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир гуай намайг дагуулаад явлаа.  Цэнд-Очир гуай Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад  “Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа. Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна аа.  “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа. Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо, түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ. Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.

-Тантай хамт хэн явж байв?

-Бэгз бид хоёр явсан юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди, Цэвэлсүрэн гуай,  Цэрэнсодном, Дарьсүрэн гээд Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.

-Яагаад хаалттай байсан юм бол?

-Дайны үед бүх том том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа. Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь “За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж, гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг  засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж Свердловскт очоод зургаан жил сурсан.

-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар ямархуу байв?

-Хэцүү ч гэсэн залуу хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх, цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг, котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид 60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.

-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Хөдөөний л малчин хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг байсан.

-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм уу?

-Манай нутагт зарим хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог байсан сан.

-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?

-“Монгол аялгуу” гэж хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга, Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За, би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй. Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө  клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн. Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу” нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.

-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой, судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?

-Нэг сайхан ая орж ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй. Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.

Цэцэгтэй хөндийгөөр

Цэнгэлтэй ч явж билээ

Амраг хайрт чамтайгаа

Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ.  Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.

-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?

-Монгол хөгжимчид миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий.  Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ. Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.

 Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Галбаатар: Сэтгүүлч хуулийн байгууллагад хандахад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг жишиг байна DNN.mn

 “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр НҮБ-ын байранд болов.

Үйл ажиллагаанд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Глоб интернэшнл” төвийн удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар болон бусад төлөөлөл оролцлоо. Энэ жилийн хэлэлцүүлгээр ирэх онд дэлхий нийтээр 81 улсад 2.6 тэрбум гаруй хүн сонгуульд оролцох гэж буйтай холбогдуулан сонгуулийн үеэрх сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг онцолж, үүнд төвлөрөв. Энэ өдрийн хүрээнд дэлхий нийтээр зохион байгуулах үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, ингэснээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад чиглэгдэж байгааг онцлов. Дэлхийн хэмжээнд 2006-2023 он хүртэлх хугацаанд 1600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Эдгээр гэмт хэрэгт холбогдогсдын 90 орчим хувь нь зохих ял шийтгэлээ хүлээгээгүй байна.

Энэ үеэр “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

-Ажлаа хийж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны биед халдах, тоног төхөөрөмжийг нь сүйтгэх тохиолдол түгээмэл гарах юм. Гэсэн ч хэвлэл мэдээллийн ажилтны биед халдсан этгээд хариуцлага хүлээхгүй үлдэх тохиолдол байна. Энэ асуудалд мөрдөн шалгах байгууллага ажлаа хийхгүй байна уу, эсвэл өөр асуудал байна уу?

-10 жилийн өмнө буюу 2013 оноос эхлээд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тогтоол гаргаад сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрч байгаа явдлыг зогсоох өдрийг тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад ч энэ өдрийг тэмдэглэж тодорхой үйл ажиллагаа явуулж ирсний нэг нь энэ. Энд хөндөх гол асуудал нь сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа гэмт халдлага нь зөвхөн тэр сэтгүүлчийн эсрэг үйлдэж байгаа асуудал биш. Иргэдийн мэдэх эрхийн эсрэг үйлдэж буй халдлага. Үүнийг таслан зогсоох ёстой. Сэтгүүлчийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал жил ирэх бүр л өөрчлөгдөж байна. Дайн байлдаантай газар сэтгүүлчид амь насаа алдах тохиолдол олон. Юнеско-гоос амь насаа алдсан сэтгүүлчийн бүртгэл хөтлөгд веб сайт ч бий. Монголд сэтгүүлчийн амь насны эсрэг халдлага байхгүй ч үйл ажиллагаанд нь цензур тавих, сэтгүүлчийн бие махбодь, багаж хэрэгсэлд нь халдах тохиолдол түгээмэл гардаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг үүний эсрэг ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэгт чиглэж байна. Үүнд чухал оролцоотой нь гүйцэтгэх байгууллага буюу мөрдөн байцаах байгууллага. Эрүүгийн хуулийн 14.3-дугаар зүйлд сэтгүүлчийн эсрэг халдлага үйлдсэн тохиолдолд тухайн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Бодит байдал дээр энэ зүйл ангиар тухайн хүнийг шийтгэсэн тохиолдол маш ховор. “Глоб интернэшнл” төвөөс хийсэн судалгааны үр дүнгээс харахад өөр үзүүлэлт харагддаг. Хоорондоо эрс тэс ялгаатай. Үүний цаана сэтгүүлчид өөрсдөө хууль сахиулах байгууллагад гомдол гаргаж байна уу гэх асуудал бий. Хоёрдугаарт гомдол гаргасан ч гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хэрэгсэхгүй болгодог, буцаадаг буруу жишиг байна. Үүнийг засах хэрэгтэй. Хууль сахиулах байгууллага үр дүнтэй ажиллах ёстой. Мөн сэтгүүлч зөвхөн ганцаараа биш олуулаа аюулгүй байдлаа хангах чиглэлээр ажиллах шаардлагатай. Улстөрч, удирдагчид энэ асуудалд манлайлж ажиллах хэрэгтэй байгаа нь судалгаанаас харагддаг.

-Сонгуулийн үеийн сэтгүүлчид халдлагад өртөх нь бий?

-2024 онд дэлхийн 84 улсад сонгууль болох юм байна. Манайд ч сонгууль болно. Сонгуулийн үеэр албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг ил гаргасан нийтлэл, нэвтрүүлэг олонд хүрдэг. Энэ хүрээнд нэр дэвшигчийн эрх ашиг хөндөгдөх нь бий. Улмаар сэтгүүлч халдлагад өртөх эрсдэл бий болдог. Үүнээс гадна сонгуулийн үеэр хүссэн мэдээллээ олж авч чаддаггүй, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотойгоор цахим дайралтад өртөх асуудал байдаг. Ийм учраас 2024 онд сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад бэлэн үү гэх асуудал энд тавигдаж байна. Мөн цагдаагийн байгууллага сонгуулийн үеэр сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах чиглэлээр тодорхой алба хаагчдаа мэргэшүүлэх, сургах асуудал энд хөндөгдлөө. Сэтгүүлчид ч өөрсдийгөө хамгаалах, эрсдэлтэй газар руу сэтгүүлчээ явуулах эсэхэд редакц анхаарч шийдвэр гаргах хэрэгтэй.

-Зарим редакцын сэтгүүлчид хуулийн  байгууллагад мэдүүлэг өгөхдөө хуульчгүйгээр очих тохиолдол байдаг?

-Сэтгүүлчид цагдаагийн байгууллагад дуудагдах тохиолдол түгээмэл бий. Гол төлөв эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой асуудлаар дуудагддаг. Эрүүгийн процессын хуулиар Эрүүгийн хэрэг дээр заавал өмгөөлөгч авах ёстой. Өнөөдөр сэтгүүлч бүр өмгөөлөгч аваад очиж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Зарим редакцын тухайд хуульчаа сэтгүүлчтэйгээ хамт явуулаад тайлбар, мэдүүлэг өгүүлдэг. Энэ нь хууль зүйн эрсдэлээс сэргийлж байгаа юм. Хууль зүйн асуудал гэдэг өөрийн гэсэн онцлогтой. Хуулийн болон хуулийн бус асуудлыг сэтгүүлч ялгаж чадахгүй байгаатай холбоотойгоор мэдүүлэг, тайлбар өгөхдөө алдаа гаргах, нөгөө талдаа эх сурвалжаа хэлэхийг албадахад ямар хариулт хэлэх вэ гэдэг дээр бэлэн биш байдаг. Эх сурвалжаа нууцлах эрхээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хуульчийн туслалцаа хэрэгтэй. Ийм учраас мэдүүлэг, тайлбар өгөхдөө заавал хуульчтай оролцох нь зөв.

-Манайд сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл хийгээд хариуцлага хүлээлгүй үлдсэн ямар кейсүүд байна вэ?

-УИХ-ын гишүүн болон Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр гэдэг хүн хоёр ч сэтгүүлчийг “ална” гэж заналхийлсэн. Заналхийллээ цахим хэлбэрээр буюу зурвас бичиж илэрхийлсэн. Үүний дагуу тухайн сэтгүүлчид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэдгийг шалгуулахаар хандсан. Харамсалтай нь мөрдөн байцаах байгууллагаас үүнийг гэмт хэргийн шинжгүй гэх байдлаар тухайн гомдлыг хүлээж аваагүй. Дээрх үйлдэл нь 14.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Хүлээж авахгүй байгаа нь мөрдөн шалгах байгууллагын хараат бус, бие даасан байдал эмзэг байгааг харуулж байгаа юм. Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлын цаана зөвхөн сэтгүүлчдийн асуудлыг ярих биш, хууль сахиулах, мөрдөн байцаах байгууллагын бие даасан хараат байдлын тухай ярих шаардлага гарч байгаа юм. Энэ байгууллага хараат бусаар ажиллаж чадахгүй бол сэтгүүлчдийн аюулгүй байдал тэр хэрээр хангагдахгүй. Энд онцолсон жишээ бол хууль сахиулах байгууллага улстөрчдөөс ангид ажиллах ёстойг харуулсан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ганбат: Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй DNN.mn

Хотын стандарт хяналтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ганбаттай ярилцлаа.


-Хотод хэдэн төрлийн стандарт мөрдөгддөг вэ?

-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Стандартчилал хэмжил зохицуулалтын тухай хуулиудад Улаанбаатар хот стандарттай байна гэж тусгасны дагуу нийт 52 стандарт хэрэгжиж байгаа. Энэ 52 стандарт орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлагдсан.

-Агаарын чанарын хувьд Улаанбаатар өвөлдөө маш утаатай аюултай нөхцөл байдалд хүрдэг. Үүн дээр агаар орчны судалгаанууд их хийгддэг. Энэ судалгаанууд дээр үндэслэсэн стандартуудыг баталдаг уу?

-Манайх байгаль орчны стандартын хэлтэстэй. Чиглэл бүрээр стандартууд баталсан байгаа. Байгаль орчны чиглэлээр дөрвөн бүлгийн 70-аад стандарт мөрдөгддөг. Жишээ нь, зуслангийн хашааны хаягжуулалт, зуслангийн хашааны байдал, зуслангийн жорлонгийн байдал гэх мэтчилэн. Агаар орчны хувьд Агаарын чанарын газар гээд тусдаа нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг бий. Тэнд агаар орчны бүх судалгаа чиглэлийн ажлууд явагддаг. Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй. Харин галлагааны зууханд стандарт байгаа.

-Гадаад орчны агаарын чанарт машины нүүрсэн яндангийн асуудал их хөндөгддөг. Машины нүүрсэн янданг маш их хэмжээгээр урагш нь гаргадаг. Үүний хорт утаа хүний эрүүл мэндэд заналхийлдэг гэдэг шүү дээ. Үүн дээр хяналт зохицуцлалт хийдэг үү?

-Энэ нь тээврийн үйлчилгээний салбар. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр, хөгжлийн яам, Тээврийн цагдаа зэрэг газрууд хариуцдаг. Үүн дээр манайд хоёр хяналтын байцаагч бий. Ер нь машины ашиглалтын явцад гардаг яндан хулгайлах, түүнийг солих асуудал нь тухайн үзлэг оношилгооны төвүүдээр үзүүлж оношлуулахад илэрч гарна. Түүнээс машин болгоны ёроолыг өнгийгөөд юм гаргаж чадахгүй.

-НЭМҮТ-ийн мэргэжилтний хэлснээр Монгол Улсад дотоод орчны агаарын чанарын стандарт байдаггүй гэсэн. Энэ талаар танайх анхаарч ажилладаг уу?

-Мэргэжлийн хяналтын газар татан буугдахдаа найман агентлаг буюу яам яамныхаа хамааралд очсон. Нийслэл дээр байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид найман агентлагт хуваарилагдаад оччихсон. Тэгээд дотоод орчны стандарт хангагдаж байгаа юу, дотоод орчны агаар хүнд сөргөөр нөлөөлж байгаа юу, үгүй юу гэдгийг шалгадаг эрүүл мэндийн улсын байцаагчид гэж байсан. Тэдгээр байцаагчид Нийслэлийн эрүүл мэндийн газар харьяалагдах болсон. Манайд барилга дэд бүтэц, зам, цахилгаан холбоо, эрчим хүчний байцаагчид шилжиж ирсэн. Улсын хэмжээнд стандарт батлах эрхтэй байгууллага нь Стандарт хэмжил зүйн газар. Шадар сайдын агентлаг. Ямар нэгэн Засгийн газрын агентлагт хамаарагдахгүй. Стандарт хэмжил зүйн газарт үндэсний стандартыг баталдаг. Хотын стандартыг зөвхөн хотод л мөрдөх учир үүнийг ялгаж салгах ойлгох хэрэгтэй. Хотод баталсан стандартыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй.

-Жишээ нь, энэ түгжрэл зөвхөн хотын асуудал шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) 07:00 цагт Яармагаас ажилдаа гарсан хүн өдрийн 11:30 цагт Сүхбаатар дүүрэгт байх ажилдаа ирж байна. Хотын замын стандарт ямар байх ёстой вэ. Хотын нийтийн тээвэр хэдэн цагт нэг ресс хийх стандарт нормтой байдаг вэ?

-Түгжрэлийн эсрэг хууль батлагдаж байгаа. Бас л чиг үүрэг нь өөр газар. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо гэж бий. Хот дотор түгжрэл дунд машин тэдэн км.цагийн хурдтай явна гэдгийг стандартчилаад сууж байна гэдэг өрөөсгөл ойлголт. Дээр нь байгаль цаг уурын нөхцөл байдал шалтгаалж байна гэхээр чиг үүргийн дагуух байгууллагууд л хариуцана.

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 07:41 цагт мандан, 17:31 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.