Categories
мэдээ нийгэм

О.Бямбагэрэл: ”Комбуча” ундаа экспортын бүтээгдэхүүн боллоо DNN.mn

Монголдоо анхдагч “Комбуча” ундаа дэлхийн зах зээлд өрсөлдөхөд  бэлэн болжээ. Эрүүл мэндийн энэхүү ундаа нь Японы  стандартын шаардлагыг бүрэн хангаж чадсан сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна. Тун удахгүй тус улс руу бүтээгдэхүүнээ  экспортлохоор зэхэж буй “Комбуча Монголиа” компанийн Ерөнхий захирал О.Бямбагэрэлтэй ярилцлаа.


– Дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргасан бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа танай хамт олонд баяр хүргэе.“Комбуча” ундаа японы зах зээлд очихын тулд өнөөдрийг хүртэл ямар замыг туулав?

– Хүн төрөлхтөн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болсон өнөө үед “Комбуча” ундаа маань дэлхийд трэнд болоод байгаа.Энэ ундааг комбуча мөөгний цэвэр шүүснээс гаргаж авдаг, органик бүтээгдэхүүн юм.Бид 2014 оноос хойш мөөгөө үржүүлж эхэлсэн л дээ.Бүхэл бүтэн таван жилийн хөдөлмөр шингэсэн “Комбуча” ундаагаа 2019 оноос хойш үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэж байна.Өнгөрсөн хугацаанд бид Япон улстай гэрээ байгуулж, тогтмол бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээж ирсэн.Тус улсын арван төрлийн лабораториор “Комбуча” ундаа маань баталгаажиж чадлаа.

– Мөөгний цэвэр шүүс болох  “Комбуча” ундаа нь хүний эрүүл мэндэд ямар үр өгөөжтэй вэ?

– Бид “Комбуча” ундааг биологийн идэвхит бүтээгдэхүүн үү, хүнсний нэмэлт үү эсвэл эм юм уу гэдгийг Эрүүл мэндийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар нарийн шинжлүүлсэн.Мэргэжлийн лабораториудын дүгнэлтээр “Кобуча” ундаа бол эм бэлдмэл, биологийн нэмэлт бүтээгдэхүүний аль аль нь биш гэдгийг тодорхойлсон.Харин хүний эрүүл мэндэд асар их тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм байна.Тэр дундаа органик ашигтай бактер бүхий ундаа гэж дүгнэсэн.Ингээд  бид Биологийн хүрээлэнд “Комбуча”-гийнхаа бактерыг тоолуулсан. Үүнд бараг нэг жил орчим хугацааг зарцуулсан шүү.Биологийн хүрээлэнгийн тодорхойлолтоор 1 мг “Комбуча” ундаанд 700 мянган ашигтай бактер тоологдсон нь үнэхээр гайхалтай.Тэгэхээр 250 граммын савлагаатай “Комбуча” ундааг уухад тоймгүй их ашигтай бактер хүртэж байгаа биз.Энэ бол эм биш хүнс учраас хүссэн үедээ ууж болно.

“Комбуча” ундаа нь хүний бие организмд олон талын ач холбогдолтой.Хамгийн наад зах нь хоолны шингэцийг сайжруулна.Ер нь хүний идэж, уусан хоол ундны үлдэгдэл бүдүүн гэдсэнд наалдаж, хуримтлагддаг.Үүнээс болж элдэв өвчлөл үүсдгийг анагаах ухаан хэдийнэ тогтоосон шүү дээ.Харин “Комбуча” ундаа нь бүдүүн гэдсийг маш сайн цэвэрлэдэг.Үүнээс гадна амны хөндийн болон ходоодноос ялгарч байгаа эвгүй үнэрийг арилгана. Хамгийн гол нь хоол боловсруулах замыг дэмжихээс гадна  бүдүүн, шулуун гэдэсний үрэвслээс урьдчилан сэргийлнэ.

– “Комбуча” ундааг гаргаж авдаг технологиосоо сонирхуулахгүй юу.Ингэхэд танай үйлдвэр өдөрт хэдий хэмжээний ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

– Манай компани Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд дэмжигдэж “Комбуча” ундааныхаа үйлдвэрийг байгуул­сан.Хужирбуланд байрлах шинэхэн үйлдвэр маань энэ зун ашиглалтад орлоо.Бид үйлдвэрлэлдээ хамгийн сүүлийн үед тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн байгаа. Хүчин чадлын  хувьд цагт 2000 ширхэг ундаа савладаг.

“Комбуча” ундааг байгалийн органик шинж чанараар нь гаргаж авахад маш нарийн ажиллагаатай.Яг л нялх хүүхэд шиг арчилж байж шүүсийг нь гаргаж авдаг юм.Өрөөний болон усны темпратур зэргийг цаг тутамд хянаж, тохируулна.

Манай монголчууд дээр үед хусны мөөгийг гэрийн нөхцөлд эсгэж уудаг байсан уламжлалтай ард түмэн.Мөөгөн дээрээ ус хийгээд эсэнгүүт шүүсийг нь авч уудаг байсныг хуучны улс андахгүй.Манай комбуча бол эсгэж уудаг мөөгний нэг төрөл юм.Бид бүхэн “Комбуча” ундааныхаа үйлдвэрлэл, технологийг оюуны өмчөөр баталгаажуулсан байгаа.

– Танайх комбуча мөөгөөр ундаанаас гадна ямар, ямар  бүтээгдэхүүн  үйлдвэр­лэж байна вэ?

– Комбуча мөөгөөр жигнэмэг, чихэр хийж худалдаанд гаргасан байгаа.Чихэрний хувьд хоёр төрөлтэй.Мөөгөө хатаагаад чихэр хэлбэртэй болгосон.Мөн мөөгнийхөө шүүсээр цэлцэгнүүрэн чихэр үйлдвэрлэж байна.Жигнэмэгийн хувьд ямар ч цавуулаггүй учраас таргалалт үүсгэхгүйгээрээ давуу талтай. Эдгээр бүтээгдэхүүн маань эрүүл мэнддээ хайртай, жингээ барихыг  хүсч буй  хүмүүсийн байнгын хэрэглээ болсон.

“Комбуча” ундааны хувьд 250 граммын шилэн савлагаатай худалдаанд байдгийг хэрэглэгчид сайн мэдэж байгаа байх.Тэгвэл одоо бид савлагааны хувьд сонголттой болгосон.Сүүлийн үеийн шинэ технологиор гаргаж авсан сайж­руулсан хуванцар саванд ундаагаа 400 граммын хэм­жээтэй үйлдвэрлэж байна. Комбучагийнхаа цэвэр шүүсний хувийг арай  зөөлрүүлж, савлагааны хэмжээг  томсгосон байгаа.

Мөн Монголоос гадаад руу авч явахад зориулсан бэлгийн багцыг гаргасан. Дотроо жигнэмэг, хоёр төрлийн  чихэр, камбучагийн нунтаг багтсан. Энэ нунтаг бүтээгдэхүүний хувьд яг уусдаг кофе шиг.Хаана ч авч явахад хялбар.Савтай ус руугаа хийгээд уухад хэдэн зуун тэрбум ашигтай бактер болчихно. Одоохондоо энэ савлагаатай бүтээгдэхүүнүүдээ Хөшигийн хөндийн  олон улсын нисэх онгоцны  буудлын “Dute free”-гээр борлуулж байгаа.

– Та ярилцлагынхаа эхэнд “Кобуча” ундааг дэлхий дахинд трэнд бо­лоод байгаа гэлээ.Ингэхэд комбуча ундаа хаанаас гарал үүсэлтэй юм бол?

– Дэлхийн өнцөг булан бүрт өнөөдөр  “Комбуча”  ундаа  дэлгэрсэн. Бид анх 2014 онд Америкаас мөөгөө авчирч байхдаа комбучагийн түүхийн талаар бичсэн номыг судалж байсан юм.Энэ номонд комбуча Монголоос гаралтай гэж бичсэн байдаг. 1200- гаад онд Чингис хаан дэлхийг дайлаар мордохдоо арьсан богцондоо комбуча ундаагаа эсгэж уугаад явдаг байж. Аян замын турш мөөгөн дээрээ ус нэмж уудаг байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ.Мэдээж алс хол газар олон жил дайн байлдаан хийгээд явахаар хүмүүс ядарч, сульдана.Харин Чингис хааны цэргүүд маш их дархлаатай, эрүүл чийрэг байсны нууц нь ком­буча байж. Тийм болохоор дэлхийн  талыг эзэлж явахдаа очсон орнууддаа комбучаг тараасан юм билээ.

– Комбуча ундааг эсгэж уудаг гэхээр сахарын агуу­ламж нь ямар байдаг вэ?

– Сахар бараг байхгүй. Тийм болохоор чихрийн харшилтай хүүхэд болон сахарын өвчтэй хүмүүс  хэрэглэхэд  нэн тохиромжтой. Ер нь хоёроос дээш насны бүх хүн хэрэглэх боломжтой.Манай ээж, аавууд хүүхдүүддээ сахар ихтэй ундаа өгөх нь элбэг харагддаг.Тэгвэл ямар ч химийн орц найрлагагүй “Кобуча” ундааг уулгаж бай­вал хүүхдийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.“Комбуча” нь хүний биед оронгуутаа сахарыг бууруул­даг. Яагаад гэвэл кобумча  мөөгний онцлог нь сахараар хооллодог. Тийм болохоор комбуча ундаа нь хүний цусан дахь сахарыг өөртөө шингээж биеэс гадагшилдаг гэсэн үг.Ер нь “Комбуча” ундааг 14 хоногоос нэг сарын хугацаанд өдөр бүр тогтмол уухад сахар эрс багасдаг нь судалгаагаар тогтоогдсон. Бас өтгөн ха­талт, цээж хорсолт, шингэн алдалт  зэрэгт онцгой сайн үр дүнтэй. Ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг болохоор эмч нар хоол шин­гээх  эм байнга хэрэглэдэг хүмүүст “Комбуча” ундааг зөвлөдөг болжээ. Олон жил хоол шингээх эм хэрэглэсэн хүн энэ ундааг ууснаас хойш эмээ хаясан зэрэг эрүүл мэндэд үзүүлсэн эерэг үр дүнгүүд их бий.

– “Комбуча” ундааны дор үүссэн тундасыг хүмүүс гайхаад байдаг.Энэ нь ямар учиртай юм бэ?

– Энэ  бол амьд  бактер. Гадаадын орнуудад “Ком­буча”-гийн үнэнч хэрэг­лэгчид  хамгийн их тунадас үүссэн ундааг нь авч уудаг юм билээ. Зарим нь тэр тунадсыг нь шүүж хэрэглэдэг.Яг үнэндээ бид дэлхийн стандартаар хаана ч байхгүй хямд үнэтэй “Комбуча” ундааг Монголынхоо зах зээлд үйлдвэрлэж байгаа.Ундаагаа савлаж буй шил гэхэд ямар үнэтэй билээ дээ. Манай улс  дотооддоо шил үйлдвэрлэдэггүй болохоор гаднаас импортолж авдаг. Дээрээс нь мөөгөө  өсгөж, үржүүлнэ. Гадаа­дад 200 граммтай комбучагийн ундаа 4.9 ам.доллараас дээш үнэтэй байдаг.Харин манайх 250 граммтай ундаагаа 3800 төгрөгөөр худалдаалж байна.

– Та бүхэн “Комбуча” ундаа­гаа Япон руу экспор­толсон ч гэсэн Монголдоо бас борлуулна биз дээ?

– Үнэнийг хэлэхэд бид дэлгүүрүүдэд бү­тээг­­дэхүүнээ ний­лүүлээд 60 хоногийн дараа мөнгөө олж авдаг.Өнгөрсөн аравдугаар сард захиалга авсан дэлгүүрүүд өнөөдөр тооцоогоо хийгээгүй байх жишээтэй.Дэлгүүрүүд мөнгөө өгөхгүй байна гээд бид үйлдвэрээ зогсоож, банк­ны зээлээ төлөхгүй байна гэж байхгүй.Үйлдвэрлэл тасралтгүй явдгаараа явж, банкны мөнгөө төлсөөр л байдаг.Энэ хооронд бид маш их алдагдал хүлээж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирдаг.Яг үнэндээ дэлгүүрүүдийн ийм байдал бизнес эрхлэгчдийг залхаадаг.Харин Япон улс руу “Комбуча” ундаагаа экспортлоод ирвэл амар л байна.

– Цаг  зав гарган  ярилц­­сан танд баярлалаа. “Комбуча” ундаагаа дэлхийн брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьж буй та бүхний ажилд амжилт хүсье.

 

 

 

 

 

Categories
мэдээ улс-төр

АЭХ-ныТэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэг сонгогдлоо DNN.mn

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлдөх зөвлөлийн хурал боллоо.

Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчид тодорчээ.

Тодруулбал, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Д.Оюунцэцэг, дэд ерөнхийлөгчөөр Б.Пунсалмаа, Д.Энхтуяа, Х.Номингэрэл, Э.Цэцэгсайхан, Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Р.Булгамаа, Э.Ариунтунгалаг, Ц.Алтанцэцэг нар тус тус сонгогдлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хүний амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг илрүүлэн, шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 00:30 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо …. дугаар байрны подвалд “Үл таних хүн болсон нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй явуулснаар 34 настай, эрэгтэй “Э”-г 30 настай, эмэгтэй “Э” гэгч нь зэвсгийн чанартай зүйл ашиглан амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг илрүүлэн, амь хохирогчид гэмтэл учруулсан байж болох зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Categories
гадаад мэдээ

Украинд үзүүлэх тусламжийг батална DNN.mn

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Вашингтон удахгүй Израиль, Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг батална” гэж мэдэгдээд “Ойрын өдрүүдэд бүх зүйл шийдэгдэнэ. Бид үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгож байгаа бөгөөд одоо Конгрессын гишүүдийн дунд энэ сэдвээр нухацтай яриа, хэлцэл өрнөж байна. Украинд үзүүлэх тусламж нь нэн тэргүүний зорилтуудын жагсаалтад байгаа хэдий ч яг одоо АНУ-ын хувьд Израильд үзүүлэх тусламж нэгдүгээрт байна. Мэдээж бид Владимир Путиныг Европын гудамж, талбайгаар чөлөөтэй алхахыг зөвшөөрөхгүй. Иймээс бид Украин улсад туслах хэрэгтэй гэдгийг бүрэн ойлгож байна” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Жеймс О’Брайен “Конгресс Израиль, Тайваньд цэргийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Украйны батлан хамгаалахын санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудал хоёр намын дэмжлэгтэй явагдаж байгаа” гээд Германы “Bild” сонинд “АНУ, Герман Киевийг Москватай хэлэлцээ хийхээр чимээгүйхэн шахаж байна” гэсэн мэдээний талаар асуусан сэтгүүлчид О’Брайен “Вашингтонд ийм бодлого байхгүй” гэж хариулсан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОХУ-аас 350 вагон дизель түлш оруулж ирнэ DNN.mn

ОХУ-тай шатахууны асуудлаар хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тодруулбал

  • Арваннэгдүгээр сарын 29-нд 117 вагон
  • Арваннэгдүгээр сарын 30-нд 54 вагон
  • Арванхоёрдугаар сарын 1-нд 67 вагон
  • Арванхоёрдугаар сарын 2-нд 120 вагон буюу нийт 350 вагон дизелийн түлш оруулж ирнэ. 
Categories
мэдээ эдийн-засаг

Манай улс газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонн нөөцтэй DNN.mn

Монгол Улс газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт зургаан орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг юм.

Энэ эрдсийн баялгаараа манайд улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатайг “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв. Үүнд:

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

-Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж байна.

Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй бөгөөд хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай аж.

Categories
мэдээ утга-зоxиол

Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог DNN.mn

Өнөөдөр уран бүтээлийн замд тууштай бүтээн туурвиж дэлхий дахины шинэ үеийн утга зохиол, урлагийн үндсэн чиг хандлагыг, хөгжил хувьслыг гүнзгий мэдэрч, тэр төвшинд бүтээл туурвилаа таацуулан тэнцүүлж бүтээн туурвиж, жүжгийн зохиолчдын тэргүүн эгнээнд яваа Монголын нэртэй том төлөөлөгчийн нэг бол яах аргагүй Битогтохын Цогнэмэх болж чаджээ. Тэрбээр зөвхөн өөрөө туурвин бүтээгээд явах бус эх орныхоо урлаг, утга зохиолын хувь заяаны төлөө ихээхэн санаа тавьдаг, зүтгэдэг түүхэн туульсын жүжгийн төрлийг цоо шинээр хөгжүүлж байгаа томоохон уран бүтээлч юм.

Б.Цогнэмэх зохиолчийн эрхэм зорилго бол Монгол түмний өвөг эцгийн түүхийг мартаж үл болох, үргэлж дэлгэрүүлэн түгээж байхыг сануулах явдал юм. Учир нь өнөөдөр залуу үеийнхэнд тулгарч буй нэгээхэн том асуудал бол номтой тун бага нөхөрлөж, бага уншдаг болсонд, залуу үеийнхэн гадаадын соёлыг илүүд үзэх, хэт шүтэх явдал газар авч буйд гүнээ эмзэглэж, зохиолч өөрийн түүхэн жүжгүүдээрээ Монголын түүхэн онцгой үйл явдлуудыг шинээр нээж, эх түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэх,таниулан сурталчлахыг зорилгоо болгосон байдаг.

Зохиолчийн жүжгийн зохиолуудын уран сайхны онцлогийг авч үзэн дүрийн онолын үүднээс задлан шинжлэх нь чухал юм.

Уран зохиолын аймгаас “жүжиг” гэдэг өөрийн хууль зүйтэй, онцгой өвөрмөц чанартай байдаг. Үндсэндээ дан харилцан яриагаар нийгэм, түүх, байгаль хүний тухай үзэл бодлыг илтгэх ёстой болдог. Тэгэхдээ түүнээ зохиолын баатруудын зан төрх, үзэл бодолд шингээх замаар тэдний ухаан бодол, үг яриагаар дамжуулж хэлнэ гэдэг төвөгтэй нь ойлгомжтой. Ер нь Б.Цогнэмэхийн түүхэн жүжгүүдэд урьд өмнө нь энэхүү жанр төрлийн жүжгүүдээс тэс өөр өнцгөөс харуулах гэсэн нэг тод хандлага илэрхий байдаг.

Б.Цогнэмэх жүжгийн зөрчлөө нээн олохдоо их зохиолч Д.Намдаг болон манай ахмад жүжгийн зохиолчдын уламжлалыг үгүйсгэлгүй өөрийн үзэл санааг тодруулан жирийн жижиг түүхэн явдлаас ер бусын чанартай баатарлаг дүрүүдийг нээн гаргаж ур ухаанаа сорьж байгаа ньуран бүтээлч хүний эрдэм чадварын гэрч юм. Тэр тусмаа үйл явдлыг хөдөлгөж хөгжүүлэн байгаа дотоод гол зөрчлийг нь олж харж жүжгийн зохиолоо бичнэ гэдэг бол их авьяасын илрэл гэж хэлнэ.

Зохиолын үндсэн дотоод зөрчлөө, хэлэх гэсэн санаагаа далд нуун, гадна талын зөрчлөө хүний нүдний өмнө ил байлгадаг. Туршлагагүй юм уу нөгөө зохиолчийн билгийн хараа нь нээгдээгүй, өөрөөр хэлбэл авьяасгүй хүн тэр бага сага өө сэв, зөрүү буруутай ноцолдсоор уг зохиолын оршин байгааг зөрчилдүүлэх мөртөө, хөгжүүлэх хөдөлгөж байгаа үндсэн зөрчлийг нь олж харж чаддаггүй өнгөрөх нь элбэг. Зохиолч Б.Цогнэмэхийн жүжгүүдийн уран чадварын нууц чухам энд л оршино.

Өрнийн уран зохиолч онолч Р.Уоллек, О.Уоррен нар : “Уран сайхны дүр бол яруу найрагч /зохиолч/-ийн өөрийгөө нээж байгаа байдал” / “Уран зохиолын онол”,УБ,1998, 281/-хэмээн зохиолчийн мэдлэг авьяас билэг, уран чадвар, дотоод сэрэхүй, мэдрэхүй, ертөнцийг үзэх үзэл зэрэг олон зүйлстэй холбосон шинжтэй тодорхойлолтыг өгсөн байдаг бол Францын зохиолч А.Камю: “Хүн гэдэг хэнтэй ч адилгүй мөн чанартай төрхийн учир уран зохиолд тийм ганц хүнийг дүрслэх ёстой” хэмээх өөрийн онолдоо дүрийг хэрхэн урлах ерөнхий зарчмыг тодорхойлсон байдаг.

Ер нь дүрийг урлахдаа нөхцөл байдалд зан төрхийг илрүүлж, чухамхүү нэг зүйлийн нэгж дүрээс ахиулан өрнүүн үйл явдалд дүрийг эрчимтэй оролцуулан улмаар түүхэн үйл хэрэгтэй уялдуулахын зэрэгцээ тухайн нөхцөл байдал бүрд зан төрхийг нь илрүүлэн хувийн бодгаль шинжийг нь нээдэг гэж Б.Цогнэмэх зохиолчийг тодорхойлж болох талтай.

Зохиолч түүхэн туульсын жүжиг “ Тэнгэрийн хүү“, Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг, “Дуртмал сайхан”түүхэн сэдэвт моно жүжиг,”Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын хөлгөн жүжигтээ баатруудыг тухайн түүхэн цаг үеийн онцлогт тохирсон нийгмийн зан төрх шинж байдлыг бүрэн төлөөлж чадахуйцаар урлахыг хичээж байгаа нь харагдахаас гадна түүний жүжгийн зохиолуудад дүрслэгдэж буй баатрын цаана Монголын өнөөгийн нийгмийн зан төрх, хэв шинж тодорч байдаг юм.

Зохиолч Б.Цогнэмэх баатарлаг туульсын жүжгүүдийн уран сайхны дүрийн зан төрхийг нарийн үзүүлж, сэтгэл санааных нь давтагдашгүй өвөрмөц онцлогийг шинжлэн нээж, ерөнхий хэв шинжээс нь тодорхой хүн болтол нь илрүүлж байгаа нь зохиолчийн өргөн мэдлэг, өндөр уран чадварын тод илрэл юм.

Түүний авьяасыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар гярхай ажиглан мэдэрч “Улс үндэстнүүдийн сэтгэлгээг үлгэр домог, туульсын бодомж, хөдөлгөөн, дотоод халил, хэтрүүлэл, зүйрлэлийн давтагдашгүй охь ертөнцөөр нь хэмждэг.Үүнийг Б.Цогнэмэх манай драмын урлагт шигтгэж өглөө” /Б.Цогнэмэх. Түүхэн туульсын шилдэг жүжгүүд. УБ.2017.8/ хэмээн үнэлсэн нь бий. Найруулагч Н.Наранбаатар түүнийг ийнхүү үнэлж УДЭТ-ын тайзнаа “Тэнгэрийн хүү”, Хаадын хаан их эзэн Чингис”,”Асарын өндөр” түүхэн туульсын жүжгүүдийг амжилттай тавьж үзэгч олны талархлыг хүлээсэн. Ер нь манай театрт ч тэр, гадаадын театрт ч тэр найруулагч жүжгийн зохиолчийн бат бэх,найрсаг харилцаа холбооны үндсэн дээр чанартай сайн жүжиг тайзнаа амилдаг. Ингэж манай театрын ахмад уран бүтээлчид, найруулагчид, жүжгийн зохиолчид ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд Н.Наранбаатар Б.Цогнэмэхийн энэхүү нөхөрлөл нь энэхүү жамаар урагшилж манай драмын театрыг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа нь бахархууштай.

Тухайлбал Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” (2011) туульсын жүжиг нь монгол түмний өвөг дээдэс Хүннү гүрний түүхэн сэдвээр бүтсэн бүрэн хэмжээний жүжиг болж монголын театрын урын санг баяжуулсан бүтээл болжээ.”Газар бол улсын үндэс” гэсэн үг бол миний жүжгээр дамжуулж хэлэх гэсэн гол агуулга байсан. …Энэ үгний цаана оршин буй тэр үнэ цэнийг л жүжигчин нээн харуулж, үзэгч тэр үгийг сэтгэл оюундаа мэдрэх нь найруулагч миний туйлын хүсэл, туйлын эрмэлзэл байлаа” хэмээн найруулагч жүжгийн гол чиг шугам, туйлын зорилгоо тодорхойлсон байна

Найруулагчийг бүрэн эзэмдсэн санаа нь Б.Цогнэмэх зохиолчийн санаанаас урган гарч жүжигчний мөн чанарт гүнзгий шингэхэд тусалжээ. Найруулагч Н.Наранбаатар жүжигчин хүнд нээлттэй, ил тод байдаг, заримдаа ч тэр бээр өөрөө жүжигчнээс эрч ч олж авдаг бөгөөд жүжгийн зохиол, жүжигчин хоёр нь түүнд шинэ сэдэл олж өгч, нэг үгээр хэлэхэд тайзны “нээлт” хийх боломжийг олгожээ.

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг нь эртний нүүдэлчдийн төр улсыг байгуулсан монголчуудын эртний өвөг Хүн гүрний домогт удирдагч Модун шаньюйн тухай өгүүлсэн түүхэн туульсын бүтээлд нүүдэлчдийн анхны төрт улсыг үндэслэгч Модун шаньюйн амьдрал тэмцлийг олон талаас харуулахын зэрэгцээ түүхэн эх сурвалжууд, археологийн олдворын мэдээ, монголчуудын бэлгэдэл зүй , уртын дуу, морин хуурын үүсэл, хурим найрын заншил, өвөг дээдсийн сургаал, ёс зүй зэргийн ойлголтуудыг өргөн ашигласнаараа онцлог бүтээл болсон юм.

Хүннү гүрний 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, УДЭТ-ын 80 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 2011 онд алтан тайзнаа тоглогдсон бол их хөлгөн туульсын жүжгийн томоохон бүтээл болох “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг 2023 оны долдугаар сарын 24-ний бэлгэт өдөр Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын тайзнаа Завхан аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан хөшгөө нээжээ.

Энэхүү түүхэн аялгуут жүжиг нь “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг тавигдсанаас хойш 12 жилийн дараа тавигдаж, энэ хугацаанд бий болсон түүхийн шинжлэх ухааны сурвалж судлал, археологийн зэрэг салбарт гарсан нээлт, шинэ баримт, олдвор, үнэт зүйлсийн баялаг материалаар баяжуулснаар онцлог болсон бол “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нөгөө нэг онцлог бол түүхийн шинжлэх ухаан буюу археологийн хосгүй үнэт олдвор дээр тулгуурлан зохиолч Б.Цогнэмэх монголчуудын оюун санааны эрэлт хэрэгцээг бодитойгоор, мөн чанараар нь хангасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодит жишээ болсон жүжгийн зохиол бичжээ.

Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан ус гэдэг газраас Хүннүгийн томоохон язгууртны булш олдсон баримтуудыг ашиглан энэхүү түүхэн олдвор дээр сэдэвлэсэн энэхүү жүжиг нь гурван бүлэг зургаан үзэгдэлтэй бөгөөд үзэгч түмэнд үгүйлэгдээд буй монголчуудын язгуур урлаг болох аялгуут жүжгийн жанраар зохиогдсон нь сонирхол татаж байна.

Энэхүү жүжигт харийн бодлогын эсрэг тэмцсэн Отухан баатар тэргүүтэй Хүн гүрний ард түмний тэмцлийг маш эрчимтэй, динамик хөдөлгөөнтэй, хурц зөрчилтэй, олон дүрүүдийн нарийн өсөлттэй үзүүлж эмгэнэлт драмын жүжгийн нарийн, ухаалаг зохиомжоор шийдсэн байна. “Асарын өндөр” жүжигт гарч буй Отухан баатар, Даяан-Ай гүнж, Хасун хатан, Хохой түшмэл, Улаанцолмон удган, Хан улсын улс төрийн зөвлөх Жан Цянь зэрэг дүрүүдийг зохиолч олон шийдвэрлэх үйл явдалтай холбож жүжгийнхээ өрнөлийг хурцатган харуулсан нь гойд сайн болжээ. Зохиолч Б.Цогнэмэх үйл явдлаа, дүрүүдээ тод томруунаар гаргаж чадсаны үр дүнд жүжигчинд тайзнаа тоглох, найруулагчид ажиллах, олон сайхан мизансцен буюу өрөлт хийх, зураачид тайзыг амилуулах, хөгжмийн зохиолчид жүжигт тохирох чихэнд таатай сонсогдох хөг аялгуу зохиох боломж гарсны ачаар сайн бүтээлийн нэгдмэл ансамблийг бүрдүүлж өгч чадсан байна.

Зохиолчийн ур чадварыг үнэлэх нэгэн тодотгол бий. Учир нь хэн хүний бичээд байдаггүй жүжгийн зохиолын төрөл жанр бол моно жүжиг юм.Моно гэдэг төрөл нь нэг жүжигчний тайзнаа ганцаар бүхэл бүтэн жүжгийг тоглоход зориулсан зохиолын төрөл юм. Орчин үеийн уран зохиол судлалд монодрам болсон монологийн тухай онол өргөнөөр судлагдсан байдаг. Монолог гэдэг нь“ харилцаа холбоонд оролцож буй гол баатар болох нэгний идэвхтэй байдлаар илэрхийлэгдсэн дэлгэрэнгүй хүүрнэл яриа” хэмээн судлаачид үзжээ.

Манай театр 2000 оноос хойш энэхүү төрлийн зохиолуудыг тайзнаа тавьж олон улсын моно жүжгийн уралдаанд амжилттай оролцож Монголдоо ч олон улсын “Ялалтын цуваа” моно жүжгийн уралдаан зохион байгуулаад сайхан туршлага хуримтлуулж байгаа билээ.

Сүүлийн үед манай нэрт зохиолч асан П.Батхуяг моно жүжгийн төрлөөр олон сайхан жүжиг бичиж манай театрын урын санг баяжуулсан билээ. Энэ авьяаслаг зохиолчийн араас Б.Цогнэмэх гарч ирж “Дуртмал сайхан” түүхэн моно драмыг толилуулжээ.

Зохиолчийн хувьд ертөнцийн зөрчлийг тусгах ёстой байдаг. Учир нь эдгээр зөрчлүүд нь ертөнцийг хөдөлгөөнтэй байлгаж байдаг жамтай. Б.Цогнэмэх зохиолч хүмүүсийн бодит амьдралыг олон талаас харуулах зорилго тавьж энэ ертөнцийн олон талт амьдралыг, олон үзэлт байдлыг харуулах, тайлбарлан таниулахдаа зохиолч баатраа динамик эрчимтэй байдлаар, зөрчил дунд харуулж байна. Хүмүүний ертөнцийг өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, даяаршил орлож чадах болов уу гэсэн сэтгэл зовнил, бид өвөг дээдсийнхээ өмнө, түүхийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуултуудыг энэ зохиолд тавьсан байдаг.

Хүн гүрний ахуй ёс, зан заншил, эрэлхэг баатарлаг, эрэмгий дайчин төрх, үлгэр домог нь Б.Цогнэмэхийн “Дуртмал сайхан” Хүннүгийн тухай сэдэвт жүжигт бүхий л хам шинжээр уялдаж орчин үеийн сэтгэлгээний хурц үзэл санаа, өнцгүүдтэй харшилдуулан урласан сонирхол татаж нь Хүн гүрний алдарт гүнж Юнрунгоогийн тухай өгүүлэх нь “Дуртмал сайхан” моно жүжигт тодорч байна. Энэ жүжиг нь монголын түүхэн дэх эмэгтэйчүүдийн хувь заяа, үүрэг оролцоог уран сайхны хэлбэрээр илэрхийлэн, эх оронч, тууштай чин зоригт, өв соёл, их түүхийн хөтөч нь эдүгээ ч бүсгүйчүүд байдаг гэсэн үнэт санааг давхар илэрхийлсэн нь тэмдэглүүштэй.

Энэ жүжигт Юнрунгоо гүнжийн дүрийг “Би” дүртэй уялдуулан гаргаж “Би”-гийн нууцыг тайлах зорилго тавихдаа Юнрунгоо хатны дүр төрхийг зохиолын гол баатар “Би”-тэй яг адилхан байхаар зохиомжилсон нь жүжгийг сонирхолтой болгож эх түүхээрээ, өв соёлоороо бахархах, уриалан дуудах, хойч үеэ хүмүүжүүлэх үнэт зүйлийг уламжилж буй нь энэ жүжгийн үндсэн санаа болжээ.

Б.Цогнэмэх өнөөгийн Монголын жүжгийн зохиолын салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлж, маш эрчимтэй олон сайхан жүжгүүдийг бичиж, театрын урын санг баяжуулж буй авьяаслаг зохиолч юм. Тэр бээр олон төрөл жанраар зохиолоо бичиж тэр дундаа түүхэн сэдэвт туульсын бүтээлүүд нь тайзнаа тавигдаж үзэгчдийн таашаал хүртэж байгаа билээ.

Тэр бээр жүжгийн зохиолын төрөл гэхэд түүхэн туульсын жүжиг, түүхэн дуулалт жүжиг, моно жүжиг, хүүхдийн жүжиг, мюзикл, нийгмийн сэтгэлзүйн драмын жүжиг, гэр бүлийн драм, бүжгийн жүжгийн цомнол, дуурийн цомнол, түүхэн жүжиг, абсурд жүжиг зэрэг олон төрөл жанрын 40 гаруй жүжгүүд бичсэн нь зохиолчийн авьяасыг илтгэж буй хэрэг мөн.

Ер нь зохиолчийн жүжиг бүр нь тухай үед амьдралд шийдвэрлэх асуудал байгааг шинэчлэгч нүд хараагаар олж хараад, түүнийг уламжлан шинэчлэх харилцаа холбоон дунд, ёс суртахууны мөнхийн хэлхээ холбоон дунд шийдвэрлэж чадсан байдаг. Жүжгүүдийн үргэлжлэл өсөлт, шинээ санаа, шинэ арга барил, оновчтой шийдлээр баяжсаар байдаг онцлогтой.

Зохиолчийн хувьд тэр бээр өөрийгөө болоод өрөөлийг давтахгүй байхыг зорилгоо болгодог. Бүтээл бүрээ сэтгэл оюундаа удтал боловсруулж бичдэг зарчимд үнэнч зохиолч Б.Цогнэмэх амьдралын болон урлаг уран сайхны ерөнхий хуульд захирагдаж жүжгүүдээ бичиж байгаа нь Монголын театр, жүжгийн зохиолын хөгжлийг урагшлуулж буй хэрэг мөн бөгөөд уншигч, үзэгч түмэн шинэ зохиолын хүлээлттэй хэвээр байгаа билээ.

 

Дашдондогийн Батсайхан театр судлаач, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, дэд профессор, МУУГЗ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны хоёр дахь ЭЕШ ирэх сарын 2-нд эхэлнэ DNN.mn

2023 оны хоёр дахь элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 2-ноос эхэлнэ.

Тодруулбал, арванхоёр дугаар сарын 7-ны өдөр монгол хэл бичиг, түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхлэх бөгөөд 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу.

Categories
гадаад мэдээ

Путиныг эсэргүүцсэн иргэдийн уриалга нийтлэгдэв DNN.mn

Фронтоос буцаж ирэх хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихсөн дайнд дайчлагдсан орос цэргүүдийн төрөл төрөгсөд, найз нөхөд “Оросын олон үндэстний ард түмэнд” хандан тусламж хүсч буйгаа илэрхийлсэн уриалга, гарын үсэг цуглуулах өргөдлийг цэрэгт дайчлагдагсдын төрөл төрөгсдийн “Гэртээ харих зам” буюу “Путь домой” телеграмм сувагт нийтэлжээ.

“Энэ бол орос хүн бүрд хандсан уриалга гэхээсээ тэдэнд мөргөн байж тусламж гуйж буй хүсэлт юм. Бидний эмгэнэлт явдал та бүхний нүдэн дээр өрнөж, бид энэ бүхнийг дангаараа тээн явж чадахгүй болоод байна! Бид дарга нарын хаалга болгоныг тогшиж үзлээ. Манай төр, засаг өөрсдийнхөө уриалгыг хамгийн түрүүнд дэмжсэн хүмүүсээс нүүрээ буруулаад байна. Тэд юуны өмнө цэрэгт сайн дураар явсан хүмүүс болон тэдний ойр дотны хүмүүсээс нүүрээ буруулчихаад байна. Бидэнд найдвар бараг үлдсэнгүй. Бидний хэнд нь ч итгэл гэх зүйл алга боллоо. Олонх маань ирээдүйгүй болсон. Бид сонгогчид, иргэд биш, магадгүй бид хүн байхаа больсон… Биднээс өөрийн талынхан маань урваж бас тэд биднийг устгаж байна” гэж уг уриалгын эхэнд дурджээ.

Төр, засгийнхан Москвад бус Оросын хэд хэдэн бүс нутагт жагсаал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь зүгээр л хууран мэхлэлт байсныг цэрэгт дайчлагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд бид ойлгосон. “Төр засгийнхан биднийг хулхидсан. Та нарыг ч тэд хулхидна. Учир нь тэд энэ бүх хугацаанд та бидэнд зөвхөн үг хэлээрээ л тогтвортой байдал, найдвартай байдал, аюулгүй байдлыг харуулж байсан” гэж цөхрөнгөө барсан гэдгээ илэрхийлжээ.

Уг уриалгад “Ерөнхийлөгч дайчлагдсан цэргүүдийг фронтод явуулахгүй нөөцөд байлгах болно. Цэргийн тусгай ажиллагааг зөвхөн мэргэжлийн сайн дурынхан гүйцэтгэдэг гэж ярьж, амлаж байсныг бид мартаагүй. Гэтэл бидний ойр дотны хүмүүсийг шууд Украинд аваачсан байна” гэжээ.

Тэд Путины амлалтууд хоосон зүйл болж хувирсан. Олон хүн хэзээ ч эргэж ирэхгүй болсон. Дайчилгааны ажиллагаа аймшигтай алдаа болсон. Учир нь бид хуулийг дуугүй дагаж мөрдсөнийхөө төлөө шийтгэгдэж байна. Манай эрчүүд дайнд ялагдахгүй байх төлбөрийг цус, амь насаараа харин бид эрүүл мэнд, нулимсаараа төлж байна. “Манай улсад болж байгаа зүйлд ямар ч утга учир алга. Ерөнхийлөгч ирж буй 2024 оныг гэр бүлийн жил болгон зарласан. Хачирхалтай нь, эхнэрүүд нөхөргүй уйлж, хүүхдүүд эцэггүй өсөж, олонхи нь аль хэдийнэ өнчирчихөөд байна. Шоронд хоригдож байсан, цуврал аллага хийж, хүний мах идэгч-сатанист Цэргийн тусгай ажиллагааны явцад олон аллага хийсэн гэж зургаан сарын дараа эрх чөлөөтэй болж, цагаатгагдлаа. Манай Ерөнхийлөгчийн хошин шогийн мэдрэмж хэтэрч байна! Эх орон нь хэзээ ч төлж дийлэхгүй их зүйлийг эх орондоо хэдийнээ хийчихсэн манай залуус яагаад 15 сарын турш завсаргүй байлдаж байна вэ?

Учир нь Таны, Бидний эх орон маньякууд, архичид, цагаачид, хэт баяжсан түшмэдүүд болон тэдний үр хүүхдүүдийг л зөвхөн харж үздэг улс болжээ. Энэ бол манай нийгэмд буруу сонгон шалгаруулалт явагдаж байна гэсэн үг. Бид Орос ертөнцөө юу гээч юм болгочихов оо? Бид хаа нэгтээ буруу зам руу эргэсэн бололтой. Бидэнд үүнээс гарах гарц байна уу? гэсэн асуултыг дайчлагдсан цэргүүдийн төрөл төрөгсөд бид та бүхэнд тавьж, бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурахыг Оросын хүн бүрээс хүсэж байна” гэжээ.

Украины дайн эхэлснээс хойш Оросын энгийн иргэд ийнхүү анх удаа зохион байгуулалттайгаар төр, засаг ялангуяа В.Путиныг албан ёсоор эсэргүүцэж буй нь үнэхээр онцлох үйл явдал юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 109 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийт 1636 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1240, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.