Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алтай хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэхээр 360 метр урттай зам тавина DNN.mn

БГД-ын 24-р хороо “Алтай хотхон”-д Хотын дарга Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгчид ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар,”БГД-ийн 24-р хороо буюу “Алтай хотхон анх байгуулагдахдаа 12,000 айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулагдсан ч иж бүрэн стандарт гэсэн шаардлагаа байгуулагдсаныхаа дараа алдсан. Энд улсын сургууль, цэцэрлэг төлөвлөгдсөн байсан. Мөн 4 талдаа автомашины гарцийг төлөвлөсөн ч энэ төлөлвлөлт хийгдээгүй байна.

Бидний ирсэн гол зорилго нь хуучнаар Мод боловсруулахын замыг ирэх жилийн төсөвт суулган, 360 метр замыг тавьбал 4 тал руугаа гарцтай болж байгаа. Хөдөлгөөний зохицуулалтыг зөв хийж чадвал хотхоноосоо гаралгүй түгжирдэг асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна. Тиймээс нар зөв тойрог үүсгэхээр төлөв байгаа гэдгийг хэлье.

Энэ замын дор өндөр хүчдэлийн шугамууд байгаа. Тиймээс УБЦТС-тай зөвшилцөж, энэ замыг асфальтан хучилтаар хийхгүй, чулуун зам хийж, хүчдэлд гэмтэл гарсан тохиолдолд хуулж засварлахад хялбар байх боломжийг хайна” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат үүрэгт ажлаа хүлээн авлаа DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон, доктор Лувсандоржийн Өлзийсайханыг уг үүрэгт ажлаас чөлөөллөө.

Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээлцүүлэхдээ, Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулан, хэн хэнд нь шинэ ажилд томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалыг Монголын нэр хүндтэй хуульч, төрийн зүтгэлтүүд хашиж ирсэн өндөр хариуцлагатай ажлууд болохыг онцолж, амжилт хүслээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын тамгыг гардуулан өгөхдөө, Тамгын газраасаа дэвшин томилогдож байгаа Д.Энхбат ажлаа сайн мэдэх тул илүү эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөх гэж байгаа энэхүү чухал үед уг үүрэг хариуцлагыг хүлээн авч байгаагаа дурдаад, цахим хуралдаан дэгийг нэвтрүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр ч удаагийн өөрчлөлтийг гардан, парламентын өөрийн үнэлгээний тогтолцооны суурийг тавьсан Л.Өлзийсайхан даргын шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд төгсөж, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын ахлах референтээр ажилаж байсан бөгөөд 2022 оноос Улсын Их Хурлын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Д.Энхбат төрийн албанд 15 жил, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газарт 11 жил ажиллаж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Сингапур улсын иргэн Лох Сиен Чиг 15 саяар торгох ялыг хүчингүй болголоо DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өчигдөр хянан хэлэлцлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн долоодугаар сарын 19-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд найрамдах Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт жил 8 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 20-нд хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний 326,120, 032 дугаар ангид ажиллав DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн хамт  Зэвсэгт хүчний 326, 120, 032 дугаар ангид 2023 оны 11 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа П.Энхтайван тус цэргийн ангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр, хугацаат цэргийн алба хаагчид нь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ангийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэн бэлэн байдлыг ханган, улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцдог хэмээлээ.

Мөн мэргэжил эзэмшүүлэх, их, дээд сургууль, коллежийн сургалтыг цахимаар үргэлжлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, бие дааж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн дугуйланд хамрагддаг гэдгийг штабын дарга дэд хурандаа П.Энхтайван хэлж байв.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар, “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги нь улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирснийг онцлон тэмдэглэв.

 Тус анги нь тайван цагийн бүтэц, орон тоо, зохион байгуулалтын дагуу хууль журмаар тогтоосон төрийн болон цэргийн ёслол хүндэтгэл, батлан хамгаалах, зэвсэгт хүчний байнгын удирдлагын байр, ангийн байрлалын харуул хамгаалалт, Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулах гэсэн үндсэн үүрэгт ажил болон өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн хангалт, үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан үүрэг гүйцэтгэж буй аж. Түүнчлэн тус анги нь нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, эцэг эхийн зөвлөл байгуулан цэргийн анги хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийдэг, үүргээ хэрхэн биелүүлдэг талаар мэдээллийг тогтмол өгдөг байна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл, иргэд, нийгэмд иргэний хяналт тавихад тодорхой дэвшил болсон гэдгийг ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар онцоллоо.

Штабын удирдлагуудын зүгээс, Монгол Улсын хэмжээнд цэргийн албанд татагдаж байгаа залуусын дийлэнх нь дэлгэцийн хамааралтай, бие бялдрын хөгжил сул, сэтгэл зүйн тогтворгүй байгааг онцлоод, сэтгэцийн хямралд орох, цэргийн албанаас шантрах, сургалт бэлтгэл, бие бялдрын хөгжлийн хичээл, дадлага, сургуулиас бэрхшээх, ёс суртахуун, харилцааны сөрөг нөлөөнд автах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  сэтгэл зүйч ажиллуулж байгааг онцолж байлаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацааны дараа биеийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, сүрьеэ өвчин тусах, сэтгэц өөрчлөгдөх зэрэг асуудлууд нийтлэгээр тулгардаг тул цэргийн албанд татагдсанаас хойш сарын дараа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоонд оруулж цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй хэмээж байлаа.

Зэвсэгт хүчний 326, 120, 032  дугаар ангийн захирагчид Батлан хамгаалах салбарт тулгамдаж буй асуудалд санхүүжилт, хөрөнгө оруулалт гэдгийг онцолсон. Сүүлийн 30 гаруй жил батлан хамгаалах салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, салбарын нийт төсвийн 90 орчим хувь нь урсгал зардалд зориулагдаж байгаагийн улмаас цэргийн ангиудын барилга хуучирсан, техникийн шинэчлэлт хоцрогдож байна гэлээ. Мөн цалин болон бусад асуудлаас болж жилдээ 700-800 цэргийн албан хаагч хүсэлтээрээ чөлөөлөгдөж өөр салбар руу шилжин ажиллах болсон нь батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц асуудал хэмээв. Харин 2023 оны төсвийн тодотголоор батлан хамгаалахын албан хаагчдын цалин нэмэгдсэн нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд нааштай нөлөөлж байгаа аж.

Ангийн захирагчид нэн яаралтай цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, стандартад нийцсэн байр, гал тогоо, соёл, спортын байгууламж шинээр барих, барилга байгууламжийн дээвэрт их засвар хийх, төвлөрсөн дулаанд холбох, сантехник шугам сүлжээг шинэчлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт зэрэг нь батлан хамгаалах салбарын нэн тэргүүнд тулгамдсан асуудлын нэг болсныг тодотгож байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг “УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь Монгол Улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын  нэг чухал бүрдэл бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг, мөн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэйг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн зэвсэгт хүчинд алба хааж буй хугацаат цэргийн албан хаагчдын хүний эрх ноцтой зөрчигдөх, цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв.  Иймд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцын дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хүний эрхийн үндэсний механизмын хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар санал, дүгнэлт гаргах тухайд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн.

 Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, сүүлийн таван жилийн хугацаанд  байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын төсөв хөрөнгө, санхүүжилт хангалтгүй байсан. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь  урсгал зардал, алба хаагчдын цалин хөлсөнд зарцуулагддаг. Харин ирэх жил энэ салбарын төсвийн санхүүжилтийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Цаашид цэргийн ангийн бие бүрэлдэхүүний хангамж, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулж, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн үүргээ биелүүлэхэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох хууль тогтоомж, Байнгын хороонд уламжлах, тулгамдаж байгаа асуудлыг Улсын Их Хуралд танилцуулан холбогдох арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгэмд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн эерэг нөлөөллийг өрнүүлэх замаар   цэргийн албаны нэр хүндийг өсгөх, иргэд олон нийтэд цэргийн үүрэг гүйцэтгэлийн ажиллагааг нээлттэй мэдээлэх зэрэг хүний эрхийг хамгаалах асуудлаар Батлан хамгаалах яам, Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран салбарын хэмжээний бодлого, шинэчлэлийн асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2018-2022 онд барилга, үйлдвэрлэлийн ослоор 213 хүн амиа алджээ DNN.mn

“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяны  үр дүнг өнөөдөр албаныхан хэлэлцсэн ба энэ үеэр дараах мэдээллийг өглөө.

Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онд хөдөлмөр эрхэлж байгаад амиа алдсан 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, осолд өртсөн нийт хүмүүсийн 13,2 хувь нь амиа алдсан гэх тоон мэдээллийг өглөө.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар 144 осол бүртгэгдсэнээс барилгын салбарт 10 гаруй хувийг эзэлж байна. Барилгын салбар дахь үйлдвэрлэлийн осол буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ихэнх ААН, компани нь  стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангадаггүй, тогтвортой орон тоо хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардлагатай менежмент, хэрэгсэлд хөрөнгө зардал гаргадаггүй зэрэг шалтгаанууд нөлөөлж байна гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн хүн байхгүй DNN.mn

Арваннэгдүгээр сарын 30-ны 11 цагийн орчимд СБД-ийн 11-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Одоогоор түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгаан тодорхой болоогүй гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрөөр “Тоска” дуурь үзэгчдийн хүртээл болно DNN.mn

 Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ирэх сарын 2-ны бямба гарагт Ж.Пуччинийн “Тоска” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дуурийн дүрийн танилцуулга гарсан бөгөөд энэ удаа “Тоска”-д Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг гоцлох аж.

“Тоска” дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ. Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Италийн Ром хотын “Театро Костанци” театрт тоглож байжээ.

May be a graphic of text that says "ж.пуччини 2023 оны 12 сарын 17:00 "тоска" /гурван булэгт, дервен узэгдэлт дуурь/ удирдаач: ж.бурэнбэх /муаж/ зураач: ч.гунгаасух /муаз/ найруулагч л.эрдэнэбулган муугз/ дуруудэд флориа TOCKa каварадосс скарпья ш.наранчимэг мугж/ анжилотти м.даваадорж муста/ тахилч э.бумхуу муста/ сполетто х.бямбарагчаа. шаррон б.алтанхуяг муста/ хуяг г.шижирболд муста/ э.менхтер хамба хамбалам лам муста/ .амарсайн малчин XYY б.шинэбаяр муста/ г.энхнаран муста/ цэрэндаваа хетлех найруулагч дбэт- ын симфони найрал хегжим хегжимдене, муста/ найрал дуучид оролцон тоглоно. сумийн дуучид хуухдуудэд найрал дуучдын хуухдууд орно."

Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд, хоршил нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 3 сарын аяныг дүгнэв DNN.mn

Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01—ний өдрийн хооронд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” аяныг 3 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг сурталчилгаа хийх, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх энгийн дадал олгох олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, 11 сэдвээр 750 аж ахуйн нэгжийн 8765 инженер техникийн ажилтныг хамруулсан сургалт зохион байгуулж, төлөвлөгөөт бус шалгалтаар улсын байцаагчийн 149 албан шаардлага, 70 дүгнэлт, 561 зөвлөмжийг хүргүүлж, барилга байгууламж дахь аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулан ажилласан байна.
3 сарын аяныг дүгнэн ажил олгогчдод зориулсан хамтарсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү оролцож, аян үр дүнтэй болсныг онцлон тэмдэглээд, “2023 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 144 тохиолдол бүртгэгдсэнээс барилгын салбар 10 гаруй хувийг эзэлж байна. Барилгын салбарт үйлдвэрлэлийн ослын тоо төдийлэн буурахгүй байгаад дүгнэлт хийж, сүүлийн үед гарч байгаа ноцтой ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү анхаарч, ажил ологч нар дотоод хяналт, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах шаардлагатай байна гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Элэгний хавдрын мэс заслыг анх удаа амжилттай хийлээ DNN.mn

Налайх эрүүл мэндийн төвийн мэс заслын тасгийн хамт олон ХСҮТ-тэй ЭЦНБМСТ-ийн эрхлэгч Г.Үнэнбат ахлагчтай баг бүрэлдэхүүнтэй хамтран “Элэгний баруун дэлбэнгээс хавдартай хэсгийг тайрах мэс засал”-ыг анх удаа дүүрэгтээ амжилттай хийлээ.

Эмчлүүлэгчийн биеийн байдал сайн байгаа ба цаашид гам, дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай юм.

Энэхүү мэс заслыг дүүрэгтээ хийж эхэлснээр лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, иргэд цаг алдалгүй, хүндрэл чирэгдэл, хүлээгдэлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүрэгтээ авч чадаж буйгаараа давуу талтай юм.

Энэхүү томоохон хагалгааг дүүрэгтээ хийж эхлэх зорилгын хүрээнд ЭМТ-ийн удирдлагын зүгээс элэг, цөсний хавдрын мэс заслын эмч, сувилагчийг багаар нь бэлтгэж, шаардлагатай багаж хэрэгслийг урьдчилан бэлтгэж, нөөц, чадавхаа бэхжүүлээд байсан юм.

Ташрамд дурдахад, дүүргийн хэмжээнд 346 хүн хавдрын хяналтад байгаагаас хамгийн их нь буюу 23.5 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.

Цаашид энэхүү хагалгааг бие даан хийж, хавдрын мэс заслыг дүүрэгтээ нутагшуулахад бүрэн боломжтой боллоо.

Эх сурвалж: Налайх эрүүл мэндийн төв

Categories
гадаад мэдээ

Санамж бичигт гарын үсэг зурав DNN.mn

Европын парламент ил санал хураалт явуулж Европын Холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг Украин улсад олгох тухай Европын Зөвлөлийн шийдвэрийг дэмжих шийдвэр гаргав.

Европын парламентын Ерөнхийлөгчдийн гэгддэг Удирдагчдын бага хурал энэ шийдвэрийг дэмжих шийдвэр бас гаргажээ.Ийнхүү Европын парламент, Украины Дээд Радын хооронд Харилцан ойлголцлын шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах боломж бүрдэв. Брюссельд болсон уг Санамж бичигт гарын үсэг зурсан ёслолын дараа Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола болон Украины Дээд Радын дарга Руслан Стефанчук нар хамтран хэвлэлийн бага хурал хийж Мецола “Украиныг Европын энх тайвны сангаар дамжуулан үргэлжлүүлэн дэмжих шаардлагатай байна. Бид Украинд зориулсан тавин тэрбум еврогийн шинэ сангийн талаар аль болох хурдан тохиролцох ёстой” гэж мэдэгдсэн бол Руслан Стефанчук уг гарын үсэг зурсан ёслолыг “түүхэн үйл явдал” гэж онцолжээ.
Олон улсын хэвлэлүүд “Дараагийн алхмыг Европын зөвлөл ирэх сард болох хурлаараа шийдвэрлэх байх. Ингэснээр Украины Европын Холбоонд гишүүнээр элсэх явдал шуударна” гэж онцлон тэмдэглэжээ.

 

Г.Амарсанаа