“Бодлын хязгаар” сэтгэл зүйн НҮТББ-ын тэргүүн, сэтгэлзүйч Я.Батхүүтэй ярилцлаа.
-Сошиал орчинд томчууд хувийн амьдралынхаа талаар ба, бэ-гүй бичдэг, лайвддаг болсон. Эхнэр, нөхөр хоёрын сайн муу харилцааг сошиалаар ил задгай ярьдаг. Магадгүй энэ нь тэдний нэг төрлийн орлогын эх үүсвэр болсныг үгүйсгэхгүй. Гэвч эргээд ямар нэгэн сөрөг үр дагаварт хүргэдэг жишээг бид нийтээрээ харж байна шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Нийгэмд өнөөдөр мөнгөний төлөө яахаас ч буцахгүй улайрсан үйлдлүүдийг томчууд хийдэг болоод удаж байна. Энэ нь ёс зүйн асуудал гэхээсээ илүү сэтгэцийн эмгэгийн асуудал юм. Ер нь хүнийг мөнгөнөөс дээр тавина гэдэг нь сэтгэцийн хувьд асар хүнд эмгэгтэйг нотолдог. Эдгээрийг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал олны анхаарлыг татах, өөрийгөө дөвийлгөх, бусдаас ялгаруулах, юу ч хамаагүй хийж асар богино хугацаанд ашиг орлого олох гэсэн санаатай үйлдлүүд байдаг. Нэгэнт ашиг орлого олсон хүн дээрх мэдрэмжийг авсан байдаг тул хэзээ ч тархинаас нь салдаггүй. Үүнийг донтолт гэдэг. Үүнийгээ дахин дахин үйлдсээр байдаг.
Хүн ер нь өдөрт хэдэн удаа хувийнхаа амьдралын талаар пост, шэйр хийж хувийн амьдралаа зарлана гэдэг нь тэр хүн сэтгэцийн хувьд эмгэгтэй гэсэн үг. Хэрвээ нийгэм сэтгэл зүйн зөв боловсролтой бол эдгээр хүмүүсийг дагаж дуурайх нь битгий хэл тэднийг мэдэж, ойлгож, өрөвдөх ёстой юм. Хүн ер нь мөнгөнд хэт улайрахаар сэтгэл зүйн гэмтэлд орж өөрийгөө алддаг. Ёс суртахууны хувьд битгий хэл өөрийнхөө сэтгэл зүйгээ удирдах чадваргүй болсныг илтгэдэг.
Үүний цаана заавал сэтгэл зүйн гэмтэл нуугдаж байдаг. Тийм ч учраас сэтгэлзүйчид хувь хүний сошиал дахь пост, лайв болон шэйрээс тухайн хүний сэтгэл зүйн гэмтлийг шууд уншиж чаддаг. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд хэлбэрдэх гуйлгачин сэтгэлгээ буюу дутуугийн комплесс гэж нэрлэнэ. Хамгийн аюултай нь үүнийг үйлдэж байгаа хүмүүс өөрийгөө алдахаас илүүтэй үр хүүхдээ ямар байдалд оруулж байгаа, тэдний сэтгэцийг ямар гэмтэлд учруулж байгаа, ирээдүйг нь яаж баллаж байгаагаа мэддэггүй нь харамсалтай.
-Нэг ёсондоо үүнийг цахим гадуурхалтын нэг хэлбэр гэж харж болох юм шиг. Хүүхдүүдийн дунд цахим гадуурхалт гэж сүүлийн үед ихээр яригддаг болсон шүү дээ. Энэ нь ямар хэлбэрээр сэтгэл зүйн дарамтууд бий болгодог юм бол оо?
-Шилжилтийн гэж бидний нэрлэдэг өсвөр насны хүүхдийн харилцааг авч үзвэл тэдэнд ангийн андууд, үе тэнгийн найзууд нь магадгүй гэр бүл, ээж, ааваас нь илүү харилцааны хувьд маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Учир нь яг энэ насны хүүхдүүд бол сэтгэл зүрхний нарийн нандин асуудлуудаа ээж, аавдаа хэлэхээсээ илүү ангийнхаа болон үеийнхээ найзуудад хэлдэг, хуваалцдаг онцлогтой. Тийм учраас яг энэ насан дээр нь анги хамт олон, үеийн найзуудынх нь зүгээс үзүүлж байгаа дарамт, шахалт, ямар нэгэн ёс бус харилцаа тухайн хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг төдийгүй магадгүй зарим тохиолдолд насан туршдаа өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийхэд хүргэж мэднэ.
Хүүхэд наснаас насанд хүрсэн бие хүн рүү шилжих шилжилтийн үед үүсдэг бие махбодын өөрчлөлтийг хүн бүр мэддэг ч сэтгэл зүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардгийг төдийлөн мэдэхгүйгээс өсвөр насны хүүхдийн сэтгэлд хожмоо хэзээ ч арилахгүйгээр гэмтэл үүсэх тохиолдол цөөнгүй байдаг. Засч залруулах боломжгүй байх нь ч бий. Сурагчдын сэтгэл зүйн хямрал болон зан төлвийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, эрсдэлтэй хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа хийж үзсэн. Ингэхэд өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэсэн анхаарал татахуйц үр дүн гарсан байна. Үе тэнгийнхний хүчирхийлэл юунаас эхтэй юм, яагаад гараад байгаа юм. Гарах гарахдаа яагаад ийм хоруу чанартай болоод байгаа юм, одоо бид яах ёстой юм бэ, юу хийх вэ, ер нь бол уг углуургаас нь эхлүүлээд ирээдүйд гарах урхагийг нь хүртэл ярих ёстой маш том асуудал болсон.
-Таныхаар юунаас үүдэлтэй гэж харж байна. Магадгүй сошиалын хэт хэрэглээнээс үүдэлтэй юу?
-Энэ нь нийгмийн өөрчлөлттэй холбоотой л доо. Ганцхан хүүхэдтэй айл маш олон байна. Хоёр хүүхэдтэй айл ч олон. Бүх анхаарлаа тэдэнд тавьж байна. Хүүхдүүд нь тэгэх ёстой гээд ойлгочихсон. Тэгээд хүүхдүүд хоорондын харилцаа, янз бүрийн давхаргын хүүхдүүд хоорондын харилцаа байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, манай нийгмийн хөрөнгөлөг чинээлэг хэсгийн хүүхдүүд нэг янзын сургуульд сурдаг. Дундаж ангийнхны хүүхдүүд өөр янзын сургуульд, бүр орлого багатай хэсэг нь бүр өөр янзын сургуульд сурдаг. Хоорондоо ерөөсөө харилцдаггүй. Тэгээд ялгаатай байдлаа үл тэвчдэг. Энэ нь дөнгөж саяхнаас гарч ирсэн хэрэг огт биш. Олон жилийн өмнө байсан, одоо ч амь бөхтэй байсаар байна.
Харин өнөөдөр үе тэнгийнхний гадуурхалт дээрэлхэлтийн хэлбэр нийгмийн хөгжлөө даган зарим талаар өөрчлөгдөж илүү хоруу чанартай болоод байна уу гэсэн эмзэглэл байна. Мөн техник технологийн хөгжлийн нэг илрэл болох цахим сүлжээний өргөн хэрэглээ өсвөр насны хүүхэд залуусын дунд дарамт дээрэлхэлтийн шинэ хэлбэр болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг олон нийтийн дунд шуугиан тарьж байгаа кейсүүдийн нөхцөл байдлаас харж болохоор байгаа юм. Ээж аавынхаа баян ядуугийн байдлаас шалтгаалан хүүхдүүд хоорондоо нөхөрлөж найзладаг, хүрээлэл бий болгодог. Тэр нь дарамт үүсгэдэг, суралцах сонирхолгүй болгодог, өөртөө итгэх итгэлгүй болгодог, өөрийгөө илэрхийлэх боломжгүй байдаг гэсэн хүүхдүүдийн ярьсан яриа ирсэн захидлууд байна. Хувцаслалт, эдэлж хэрэглэж байгаа зүйлс, эд хөрөнгө, ахуй хангамж, мөнгө санхүү, өөр өөр хэрэгцээ зэрэг.
-Ийм байдал хүүхдэд ямар үр дагаврыг бий болгох вэ?
-Хүнээр хүн хийх уламжлал алдагдсан, өвөө эмээ аав ээж нарын хандлага үг үйлийн зөв илрэл алдагдсан учраас хүүхдүүд зан суртахууны хувьд анхаарал татахуйц ийм нөхцөл байдал үүсчихлээ. Дээрх бүх муу зүйлс гэр бүлийн орчноос хамааралтай байдаг. Дээрх хүчирхийллээс болж мэдрэлийн органик өвчний шинж тэмдэг байхгүй, батлагдаагүй мөртлөө булчин чангарч муужирч унах, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай, төрх үйлийн өөрчлөлттэй, зан төлвийн эмгэгтэй болох, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, уурладаг, бухимддаг, амархан гомддог. Өөрийнхөө сэтгэл зүйг хянах чадвар сулардаг зэрэг сэтгэл зүйн гаралтай зовиуртай болдог. Үе тэнгийн хүүхдүүдийн дунд дарамт шахалт, гадуурхал нь сургуулийн орчинд очих, суралцах эрхээ эдлэх явцад нь байнгын саад бэрхшээл болдог. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж нь хаагдах, найз нөхдийн хүрээлэлтэй болж чадахгүй байх, сэтгэл түгших, сэтгэл гутрах гэсэн сэтгэцийн сөрөг илрэлүүд үүсэх боломжтой.
Ер нь ужгирч хүндрэх явцтай. 10-19 насны өсвөр насныхан үе тэнгийнхний дунд байр суурь эзлэх, хүлээн зөвшөөрөгдөх, хүндлүүлэх, өөрийгөө үнэлүүлэх гэсэн хэрэгцээ шаардлага байдаг. Ижил сонирхолтой хүүхдүүдтэй нэг бүлэг үүсгэж нөхөрлөн, сэтгэл зүйн байдлаа хуваалцах хэрэгцээ шаардлага өндөртэй байдаг насны онцлогтой.
Энэ бол ганц хоёр хүүхдийн асуудал биш нийгмийн асуудал юм. Үе тэнгийнхний дээрэлхэлтэд шоглох, заналхийлэх, зодох, тохуурхах зэргээр шууд үйлдэх болон нэгнийхээ талаар цуу яриа тарааж, тухайн хүүхдийг нийгмээс тусгаарлаж нөлөөлөх шууд бус үйлдлүүд ордог.
-Хүүхдэд шилжилтийн насанд сэтгэл зүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардгийг төдийлөн мэдэхгүйгээс хожмоо хэзээ ч арилахгүйгээр гэмтэл үүсэх тохиолдол байдаг гэлээ шүү дээ. Магадгүй шилжилтийн нас үе тэнгийн гадуурхалтад өртөхөд сэтгэл зүйд нь маш хүнд хор хохирол учрах нь ээ?
-Өсвөр насны дарамт сэтгэл санаа бол бие махбодын нэг хүчирхийлэл. Энэ нь дараах гурван шинжтэй байдаг. Нэгдүгээрт, санаатай буюу хэн нэгнийг дээрэлхэж доромжлох сэдэлтэй. Хоёрт, давтамжтай буюу ихэвчлэн нэг хүүхдийг байнга дээрэлхэх, гуравт, хүчний тэнцвэргүй буюу эмзэг дорой хүмүүсийг дээрэлхэх байдлаар илэрдэг.
Хүчирхийллийн асуудал гэдэг бол зөвхөн хувь хүний асуудал байдаггүй. Манайхан дандаа хувь хүний асуудал болгож ярьдаг. Тэр хүүхдийн буруу юм шиг, тэр охины буруу юм шиг ойлгоод байдаг. Үгүй юм. Хүчирхийлэл гэдэг нь 3-4 тойрогт тухайн хувь хүнд нөлөөлж байдаг гэдгийг эрдэмтэд судлаад гаргачихсан байгаа. Жишээ нь, тухайн хүүхдэд гэр бүлийн орчин буюу ойрын хүрээ нөлөөлж байдаг. Аав ээж ах дүү хамаатан садан. Дараагийн тойрог орон нутаг буюу сум, дүүрэг, сургууль, эмнэлэг, таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, цагдаа, эмч. Тэрний дараа үндэсний түвшин рүү бодлого хууль дүрэм журам соёл хэм хэмжээ нөлөөлдөг. Эцэст нь олон улсын түвшинд сургуулийн орчинд гарч байгаа дээрэлхэлт, хүчирхийллийг гэрээ, конвенцоор зохицуулж үндэстний засгийн газруудад ямар үүрэг хүлээлгэж байгаа юм, ямар судалгаанууд хийгдэж байгаа юм гэдэг нөлөөлж байдаг. Хүчирхийлэлд хэзээ ч тухайн хувь хүнийг буруутай мэт, тухайн хувь хүнээс болж байгаа мэтээр авч үзэх боломжгүй гэдгийг судлаачид гаргаад, үүнийгээ экологийн загвар гэж нэрлэсэн байдаг. Экологи гэдгийг орчин тойрны нөлөө гэж томъёолдог.
-Сошиалд донтож байгаа томчууд өөрийгөө алдахаас илүүтэй үр хүүхдээ ямар байдалд оруулж, тэдний сэтгэцийг ямар гэмтэлд учруулж байгааг мэдэхгүй гэдэг харамсалтай байна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд маш олон хүн магадгүй таны хэлснээр ийм эмгэгтэй юм уу гэмээр “амьдарч” байна. Тэдний үр хүүхэд яаж амьдрах бол гэсэн айдас нэгэнт бий болж байна шүү дээ?
-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, өнөөдөр амьдралаас харж байхад хөрөнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдээс л ийм ялгаварлан гадуурхалт, хоруу чанартай доромжлол, гадуурхал, ялгаварлал, дээрэлхэлт гарч байгаа нь нууц биш. Энэ бол бодит үнэн. Нэгэн судалгаагаар үе тэнгийнхний гадуурхал дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор асуумжаар асуухад дээрэлхэлтэд өртөхөд 47,4 хувь нь сэтгэл санаа тогтворгүй болдог, 28,2 хувь нь амьдрах хүсэлгүй болсон гэж хариулснаас харахад дарамт дээрэлхэлтэд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хямралд ордог. Улмаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэхгүй даамжирвал амьдрах хүсэлгүй болж амиа хорлох аюул эрсдэл өндөр байна гэдгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрт тулгамдсан асуудлаа хэнд хандаж шийдвэрлэхээ мэдэхгүй ихэвчлэн найз нөхдөөсөө зөвлөгөө тусламж хүсч, эцэг эх багш нарын анхаарал суларсаар эрсдэлд орох магадлал өндөрсөж байна гэсэн үг юм.
Ер нь хүүхэд бол эцэг эхийн толь тусгал байдаг. Эцэг эхчүүд нь сошиалд донтолтод байгаа бол хүүхэд адилхан донтоно гэсэн үг. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй нь дүн шинжилгээ, анализ хийх чадвар суугаагүй байдаг тул аливаа асуудлыг тийм, үгүй, буруу, зөв гэсэн байдлаар шууд хүлээж авах онцлогтой. Задлан шинжилж, зөв бурууг нь тунгааж, дундын хувилбарыг олох чадвар суугаагүй байдаг. Өсвөр насанд хүүхдийн тархины зарим хэсгийн хөгжил гүйцэд явагдаагүй байдаг тул зөв бурууг дэнслэхэд хүндрэлтэй тохиолдлууд олонтаа. Яг энэ насан дээрээ хүүхэд өөрийгөө сорих, эрсдэлт зан үйл рүү их тэмүүлдэг. Энэ нь өөрөө өсвөр насны хөгжлийн нэгэн үе шат болдог аж. Хорт зуршилд автах нь хүрээлэн буй орчин болох гэр бүл, ангийн хамт олон, найз нөхдөөс багагүй хэмжээнд хамааралтай юм. Хамгийн чухал хүчин зүйл бол гэр бүлийн харилцаа болоод орчин. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг муу зуршилд автах эрсдлээс хамгаалахын тулд нэн түрүүнд өөрийн үйлдлээр үлгэрлэх хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ битгий тамхи татаасай гэж хүсдэг бол хажууд нь тамхи татаж харагдаж хэрхэвч болохгүй гэх мэт үйлдлээр үлгэрлэх ёстой юм. Сошиал хэрэглээний хувьд ч тэр.
Б.ЭНХЗАЯА