Categories
мэдээ нийгэм

Автобустай холбоотой асуудлыг шалгуулахаар БНСУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт өглөө DNN.mn

Хөдөлмөрийн үндэсний намын нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгээс БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ногоон автобустай холбоотой асуудлыг шалгуулах хүсэлтийг хүргүүллээ.

Уг хүсэлтэд “Zyle Daewoo bus” компанийнхан хил дамнасан залилан, луйвар хийсэн эсэхийг тус улсын прокурорын байгууллагаар шалгуулах, татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудалд хамтарч ажиллах тухай дурджээ.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр “Энэ бол том асуудал. Үүнийг илчлэхэд тусалсан, автобусыг Сүхбаатарын талбайд авчрахад очиж үзэж, шалгасан Улаанбаатарын нийт иргэддээ талархал илэрхийлье. Иргэд хамгийн хүчтэй шүү. Иргэдэд хүч нь оршиж байгаа цагт л ардчилал зөвөөр хөгжинө гэж боддог” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.


 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 7 настай хүүхдүүд цонхоор унаж, амиа алджээ DNN.mn

Харгалзах хүнгүй үлдсэн бага насны хүүхдүүд цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны 9 давхрын цонхоор 5, 7 настай хүүхдүүд унаж, нас барсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Ар гэрийнхэн нь хүүхдүүдийг харгалзах хүнгүй, гаднаас нь цоожилж үлдээсэн байсан. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээллээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн:

  • Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.
  • Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
  • Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно DNN.mn

УИХ-ын 2023 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.03/ хуваарийг танилцуулъя.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хууль зүйн байнгын хороо ·   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт

·   Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах

09.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Эдийн засгийн байнгын хороо ·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Бусад

10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·     Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

11.00 “Үндсэн хууль”
4 Төрийн байгуулалтын байнгын хороо ·     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт

 

14.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын Dota 2-ийн баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Монгол Улсын Dota 2-ийн баг “Ханжоу 2022”  19 дэх удаагийн Азийн наадмын Esport Dota 2 төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Манай баг эхний үеийн яллалтыг авсан ч хоёр дараалан өөрийн таавраа алдсан юм.

Сүүлийн үед хоёр багийн өрсөлдөөн маш хүчтэй байв. БНХАУ-ын баг сүүлийн хоёр рошаныг унагааж чадсанаар манай багийн баатруудыг хүндхэн байдалд оруулсан нь тоглолтыг хувь заяаг шийдсэн гэж болно. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Азийн наадмаас И-спортын төрлөөр медаль хүртэж байна.

Манай улсын шигшээ баг нэг хожил, нэг хожигдолтойгоор С хэсгээс гарсан. Хасагдах шатны эхний тоглолтдоо Казахстан улсын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар ялсан. Харин хагас шигшээд Киргизстан улсын багтай тоглож хоёр үе илүүрхсэнээр аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.

Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтсан. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажилласан байна.

Энэ удаагийн Азийн наадамд Dota2 тоглоомын төрөлд манай улсыг төлөөлөн оролцож байгаа тоглогчид нь IHC E-sports багт харьяалагддаг. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан IESF World Esports Championships тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцохдоо аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртсэн билээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Ургац хураалтын явцын мэдээг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Есдүгээр сарын 29-ний байдлаар:

  • 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тарианаас
  • 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай,
  • 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс,
  • 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо,
  • 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Төмсний хураалт  50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхэд 881 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ DNN.mn

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.

Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов.

Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн байна.

зураг
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Барсбаатар: Монголд хакердуулсан, аккаунтаа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь Fishing гэх халдлагад өртдөг DNN.mn

“Mandal risk man­agement” компанийн гүйцэтгэх захирал Г.Барсбаатартай ярилцлаа.

-Танай компани ямар зорилгоор хэзээ байгуулагдаж байв?

-Манай компани мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр байгуулагдсан. 2022 онд албан ёсоор байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн зорилго гэвэл вирус буюу хакеруудаас хамгаалахаас гадна таны мэдээллийг хамгаалах юм. Мэдээлэл гэдэг нь юу байж болох вэ гэхээр ажил, банкны үйлчилгээ зэргээс эхлүүлээд бүх л зүйлээ онлайнаар хийдэг болчихсон энэ үед тэдгээр рүү ямар нэг аккаунтаар нэвтэрдэг. Урьд нь вирус гэхээр флаш залгасны дараа уг компьютер гацдаг, удаан ажилладаг, янз бүрийн сайт руу ордог байсан бол одоо вирус нь тэдгээр аккаунтыг хулгайлдаг буюу нэвтрэх нэр нууц үгийг хулгайлчихдаг гэсэн үг. Яаж вэ гэхээр и-мэйлээ алдлаа гэхэд эрсдэл нь та бүх аккаунт руугаа и-мэйлээр нэвтэрч байгаа. Мөн интернэт банк чинь холбоотой байдаг. Тэгэхээр манай компани энэ бүх эрсдэлийг хараад хүмүүс болон байгууллагын мэдээллийг хамгаалах шаардлагатай юм байна гэж үзсэн. Цахим залилан, гэмт хэрэг маш идэвхтэй байна. Ялангуяа ковидын үед нэлээн эрчимжиж дэлхий даяар 2019-2021 оны хооронд 300 гаруй хувиар цахим гэмт хэрэг өссөн. Манай Монголчууд ч мөн үүнд өртөж байна. Сүүлийн үед монголчууд өөрсдөө хакер хийдэг болчихсон болохоор байгууллага руу болон хувь хүн рүү чиглэсэн цахим гэмт хэрэг ихсээд байна. Байгууллага бол олон улсад шаардлага хангасан бүх программ хангамжаа аваад хүний нөөцөө ажлуулаад явдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн компаниуд орхигдоод байгаа. Нэг бол хангалттай мэдээлэл байдаггүй. Хакераас хамгаална гэхээр яг тодорхой юм үнэхээр байдаггүй.

-Хамгаална гэхээрээ яаж хамгаалах вэ. Өмнө нь вирусээс хамгаалах систем гэж суулгадаг байсан шүү дээ. Одоо ямар үйлчилгээ байдаг вэ?

-Хувь хүний хувьд яаж өөрийгөө хамгаалах вэ гэхээр хүмүүсийн хамгийн түгээмэл өртдөг арга нь Fishing буюу загасчлах гэсэн утгатай халдлага их түгээмэл. Монголд хакердуулсан, аккаунтаа алдсан гэдэг хүмүүсийн 90 гаруй хувь нь энэ Fish­ing гэх халдлагад өртсөн байдаг. Яаж ажилладаг вэ гэхээр тан руу и-мэйл, чатаар түүх ирээд гол нь доор нь линк ирнэ. Уг линкэн дээр дарахад нэг нь таныг хортой веб сайт руу үсэргээд шууд автоматаар таны нөүтбүүкийг таниад таарсан төрлийн вирус суулгачихаж байгаа юм. Бүх юм цахим болчихсон болохоор вирус авахад амархан болчихсон. Fishing-ийн нэг төрөл нь ийм, вируснээс сайт руу үсэргэчихнэ. Хоёр дахь нь миний ордог сайтуудыг дуурайлгасан сайт үүсгээд миний нэвтрэх нэрийг хулгайлдаг. Хамгийн түгээмэл ашигладаг нь фэйсбүүк. Фэйсбүүкээс анзаарсан бол хааяа и-мэйл ирдэг. Таны аккаунтыг хакердах гээд байна, яаралтай энэ линкээр ороод өөрийгөө баталгаажуулаарай гэдэг. Уг нь фэйсбүүкээс иймэрхүү анхааруулга их ирдэг. Гэхдээ хакердах хүн маань уг и-мэйлийг яг дуурайлгаад биччихдэг. Хүн мэдэхгүй, анзаарахгүй дараад орчихно. Энэ үед яаж хамгаалах вэ гэхээр ирж байгаа и-мэйл нь яг хаанаас ирж байгаа вэ гэдгийг дандаа шалгаж байх ёстой. Хуучин бол бичиг үсэг, форматын алдаатай байсан бол одоо хакеруудын арга нь улам нарийссан. Шууд хараад ялгах ямар ч боломжгүй.

-Хуурамч гэдгийг нь таних, шалгах арга бий юу?

-Mouse-аараа дарахаасаа өмнө сумыг нь тухайн линк, и-мэйл дээр аваачаад үзээрэй. Тэгэхээр томроод ямар веб сайт руу үсрэх гэж байгаа нь харагддаг. Гар утсаараа бол линкэн дээрээ удаан дарчихад бодит сайт нь харагдана. Хүмүүс анзаарахгүй, мэдэхгүй, гэнэн зан гаргаад тэрэн дээр дарчихдаг. Тэгээд фэйсбүүкээс гаргачихна. Ингээд фэйсбүүк шиг өөр сайт үүсгэчихнэ. Тэгээд л хүн анзаарахгүй өө би фэйсбүүкээсээ гарчихсан юм байна гээд нэвтрэх нэр нууц үгээ дахин хийчихнэ. Хакерууд түүнийг нь хүлээж суудаг. Нууц үг, нэрийг нь аваад жинхэнэ фэйсбүүк рүү үсэрчихдэг.

-Мэдэхгүй удаан явах тусам ямар хор уршигтай вэ?

-Нэгдүгээрт, тэр хүн хувийн фэйсбүүкт нэвтрээд пэйж ажилуулдаг байлаа гэхэд нэвтэрч ороод админаар нь өөрийгөө нэмээд тэр хүнийг нь хасчихна. Тэгээд тэр хүн сүүлийн хэдэн жил пэйжээ хөгжүүлж, хэдэн ч төгрөг зарсан байдаг ч юм мэдэхгүй шүү дээ. Маш олон хүн пэйжээр дамжуулж орлого олж байгаа. Уг хүний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан хөгжүүлсэн пэйжээ алдчихаж байна. Хоёрдугаарт, нэр төрөө алдчихаж байгаа юм. Зураг хөргийг нь солиод, болж бүтэхгүй коммент бичээд байвал муухай шүү дээ. Гуравдугаарт, тэр хүний эргэн тойрон дахь хүмүүсийг нь луйвардах гэж оролддог. Яаж вэ гэхээр найзууд руу нь орж хараад ямар машинтай, гар утастай, гэр нь хаана гэх зэргээр хөрөнгийг нь харж байгаад, ямар нэгэн шалтаг зохиож бичээд, мөнгө авчихдаг. Мөнгө төгрөг авч залилахгүй ч гэсэн вирусээ тараана. Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай бай гээд вирустэй линкээ тараана. Хакер хийхэд нэг их хөдөлмөр шаардахгүй. Хакер гэхээр хүмүүс кинон дээрээс харснаараа төсөөлдөг. Америк, Орос хаана ч юм нэг харанхуй өрөөнд маш олон дэлгэцүүдийн дунд суучихсан, гоц ухаантай хүн юм нүдээд л банкнаас мөнгө авдаг гэж ойлгодог. Үнэндээ дурын хэн ч хакер болох боломжтой. Үүнийг интернэтээс хайгаад үзвэл ойролцоогоор тавин доллараар бүх программ, зааварчилгааг нь аваад хийхчихдэг болчихсон. Цаашлаад хакерын үйлчилгээ бий болсон. Наад захын англи хэлтэй хэрэглээний программ дээр ажилладаг хүн байхад л үйлчилгээг нь авах бүрэн боломжтой. Үүнээс болоод IT-гийн цөөхөн хэдэн мэргэжил байдаг байсан бол одоо маш олширсон. Нэг бол өрсөлдөгчөө хорлох, мэдээллийг нь авах, хэн нэгнийг тагнах, хорлох, эсвэл мөнгө олж авах зэрэг үйлчилгээг хүмүүс захиалдаг болчихсон. Хакер хүний мэдээллийг авчихлаа гэхэд хакерын хувьд хэн гэдэг нь чухал биш. Яагаад гэвэл тэр мэдээлэл гээд байгаа Fishing линкээ и-мэйлээр 500-100000 хүн рүү нэг зэрэг явуулчихаж байгаа юм. Яг энэ аргаар л луйвар явдаг. 2022 оны байдлаар манай Монгол өрхийн 97 хувь нь интернэттэй гэсэн судалгаа гарсан. Нийт иргэдийн 85 хувь нь интернэтэд ямарваа нэгэн байдлаар ордог, бүүр цаашилбал 3-18 насны хүүхдүүдийн 91 хувь нь цахим орчинд тогтмол хэрэглээтэй гэсэн судалгаа бий.

-Мэдээллийг нь хулгайлаад, цуглуулж байгаад шантаажилж мөнгө нэхдэг гэсэн үг үү?

-Хэд хэдэн төрлийн халдлагын аргууд байгаа юм. Эхнийх нь Fish­ing, дараагийнх нь файл цоожлох эрсдэлтэй вирус. Үгийг нь шууд хөрвүүлбэл барьцаалах, цоожлох гэсэн утгатай. Ийм вирус компьютерт суучихвал бүх файлуудыг цоожилчихдог. Түүгээрээ барьцаа нэхдэг.

-Адилхан линкээр нэвтрэх үү?

-Линкээр ч орж болно, халдах магадлал маш өндөр. Болохгүй сайт руу орно, болохгүй файл татаад авчихна, ялангуяа хүмүүс төлбөртэй программын үнэгүйг нь татаж аваад ашиглаад байгаа юм. Янз бүрийн тоглоом, зураг, видео татаж авах юм бол тэр файлууд өөрөө вирустэй байдаг. Энэ нь ямар эрсдэлтэй вэ гэхээр компьютерт байгаа бүх программын нэрийг солиод цоожилчихдог. Компьютер аслаа ч ямар ч программ руу нэвтрэхгүй дэлгэцэн дээр анхааруулга гарч ирнэ. Та халдлагад өртсөн байна, энэ зааврын дагуу энэ дансанд 24 цагийн дотор мөнгө хийхгүй бол таны файлуудыг нэг бол устгалаа, нэг бол олон нийтэд задрууллаа гэдэг. Энэ халдлага тогтмол гардаг болсон. Долоо хоногтоо хоёроос дээш хүн, манай байгууллагад энэ асуудлаар хандаж ирдэг болсон.

-Заавал мөнгийг нь төлж байж авах уу. Өөр аргаар авах ямар ч боломжгүй юу?

-Энэ яг уралдаан шиг болчихсон. Засах арга нь олдох тусмаа хакеруудын арга нь улам нарийссан. Одоо бол 99,9 хувийн магадлалаар сэргээх боломжгүй дээ. Дараагийн вирус нь тагнуулын зорилготой ихэвчлэн гар утсан дээр суудаг. Маш олон аргаар гар утсан дээр суудаг болсон. Линкээр дараад апплкейкшн татахад дагаад суучихдаг. Ингээд миний микрофон, камер, байршлын мэдээллийг татаад авчихдаг. Ингэснээр миний хэнтэй утсаар ярьж байгаа, ямар зураг дарж байгаа гээд утсан дээрх бүх мэддээллийг 24 цаг хянах боломжтой мөн утсан дээрх бүх файлыг татаад авчихна.

-Түүнээс хамгаалах арга бий юу?

-Энгийн наалтууд байж болно. Дурын шархны лент, скоч ч юмуу. Камер, микрофон дээрээ л наачих хэрэгтэй. Та анзаарсан бол шинэ гарч байгаа нөүтбүүк, утаснууд камер дээрээ гүйлгэдэг наалттай болчихсон. Ялангуяа байгууллагын зориулалттай компьютерүүд дийлэнх нь тийм байгаа. Дэлгүүрүүдээр орж үзээд анзаарвал камер дээр жижигхэн улаан наалтууд байдаг. Хортой код суулгахад амархан болчихсон учраас ийм шийдлүүд гараад байгаа хэрэг.

-Хүмүүс энд тэндхийн үнэгүй Wifi руу их нэвтэрдэг шүү дээ. Үүнээс вируст өртөх боломжтой юу?

-Боломжтой. Үнэгүй Wifi руу нэвтэрч байгаа тохиолдолд сүлжээнд нэг компьютер вирустэй байх юм бол тэр сүлжээгээр тархдаг. Хамгийн түгээмэл болдог нь гэвэл би өөрөө хакер байлаа гэхэд энд тэнд үнэгүй Wifi цацчихна. Миний Wifi руу орсон бүх хүний мэдээллийг нь хулгайлах боломжтой.

-Надаас нэг хүн асууж байсан юм. Монголын замын хөдөлгөөний түгжрэлийг google яаж мэдээд байгаа юм бэ гэж. Нээрээ яаж мэдээд байна вэ?

-Андройд утас ашиглаж байгаа хүн бүр google аккаунттай. Google миний утасны байршлыг байнгын авч байдаг. Google Map апплкейшнийг үнэгүй ашиглаад хариуд нь өөрийнхөө байршлын мэдээллийг өгдөг. Гар утастай бүх хүний мэдээлэл тэнд байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ байршилд хэдэн хүн байна, ямар хурдтай хөдөлж байна гэдгээр тооцоолоод түгжрэлийн мэдээллийг оруулдаг. Бид өдөр тутамдаа үнэгүй апплкейкшн ашигладаг. Жишээлбэл, фэйсбүүк бидний мэдээллийг цуглуулаад зарж байгаа юм. Анзаарсан бол нэг проекторын зураг харлаа гэхэд фэйсбүүк энэ хүн ийм юм сонирхоод байгаа юм байна гээд проекторын реклам надад байнга харуулна гэсэн үг.

-Хамгаалах программуудыг суулгахад үнэ өртөгийн хувьд хэд гэдэг вэ. Танай байгууллага байгуулагдсанаас хойш хэр олон хүн хамгаалах программ суулгая гэж хандаж байна вэ?

-Анх эхэлж байхад үйлчилгээ авдаг гурван төрлийн хүн байсан. Нэг нь бүх юмаа мэддэг ойлгодог, тодорхой хэмжээнд ашигладаг. Дараагийх нь эрсдэлтэй гэдгээ ойлгочихсон ч ямар программыг татах, хэр их өртөгтэй байдгийг мэдэхгүй төөрчихсөн хүмүүс. Гурав дахь нь эрсдэл байгаа үгүйг ч мэдэхгүй, ямар ч хамаагүй хүмүүс байдаг. Хүмүүст эхний ээлжинд ойлгуулахаар мэдээлэл өгсөн. Ингээд сүүлийн бүлгийн буюу юу ч мэдэхгүй хүн арай багассан. Тэгсэн программыг нь танайх зарчихаа, гадаадын сайтаас татахаар хэл мэдэхгүй, үнэтэй байна гэдэг. Манайх судалж байгаад АНУ-ын нэг компанитай холбогдоод тусгай гэрээ байгуулж, хаана ч байхгүй хямдхан үнээр гэрээ хийсэн. Өнгөрсөн жилээс үйлчлүүлэгчдэдээ санал болгоод явж байна. Гар утсан дээр суудаг программ нь жилийн 25000 төгрөг. Манай монголчууд программ, лицензэд мөнгө үрдэг гэдгийг мэддэггүй. Ковидын дараагаас л мэддэг болсон байх. Монголчууд бүх программын үнэгүй хувилбарыг ашигладаг болохоор тэр. Гэр бүлийн багц гэж байгаа. Таван төрлийн төхөөрөмжинд суулгах боломжтой. Жилийн 60000 төгрөг. Иймэрхүү хямдханаар хувь хүний асуудлыг шийдээд явж байна. Үүнийг бол нийгмийн хариуцлагын хүрээн бизнесээс ашиг олохгүй, хүмүүсээ хамгаалчихъя гэсэн утгаараа хийж байгаа. Бид маш олон контент, сургалт, илтгэл сошиалд тавьж байна. Манай яг үндсэн бизнес байгууллага руу чиглэсэн. Бүх төрлийн банк, хүргэлт, телефон, сервис гэх зэрэг компаниудтай хамтарч ажиллаж байна.

-Компанийн хувьд хэдэн төгрөгийн үнэ ханшаар хамгаалалтын системээ суурилуулдаг вэ?

-Томоохон байгууллага бол гадаадын шилдэг гэсэн тавиад компанитай хамтарч 100 гаруй бүтээгдэхүүнтэй болсон. Бид байгууллага дээр очоод бүтээгдэхүүн санал болгох гэхээсээ илүүтэйгээр танай асуудал юу байна гээд шийдэл санал болгодог. Уг байгууллагын эцсийн зорилго нь ямар нэгэн программ авах биш тулгараад байгаа асуудал, эрсдэлээ хаахад л байгаа юм. Тэгэхээр бид түүнийг шийдлээр санал болгож байгаа юм. Компани хэдэн хүнтэйгээс хамаараад янз бүрийн бүтээгдэхүүн санал болгодог. Энэ жилээс шинээр бий болгож байгаа бүтээгдэхүүн бол кибер аюулгүй байдал автосорсинг. Манай монголын ихэнх компаниуд IT-гүй байдаг. Үйлчилгээний компани бол бизнесээ л хиймээр байдаг. Байнга өөрчлөгдөж байдаг ийм юмтай зууралдмааргүй байдаг учраас арай нэг мэдлэгтэй нь IT-гаа хийдэг ч юм уу. Иймэрхүү үед энэ үйлчилгээгээ санал болгож байгаа юм. Яах вэ гэхээр танай байгууллага компьютерийнхээ тоогоор сар болгон төлбөр төлчих. Уг төлбөртөө танайх ашиглах бүх программуудыг оруулаад өгье. Асуудал гарлаа гэхэд манайхаас инженер нь очоод шийдээд өгнө. Ингээд явахад үйлчилгээ авч байгаа байгууллагадаа зардал хамаагүй бага. Арван хүнтэй байгууллага гэхэд сарын 400000 орчим төгрөгийг төлнө. Үүнийг нэлээн олон газрууд сонирхоод санал болгоод хамтарч ажиллаад явж байна. Аюулгүй байдал дээрээ хүмүүс наад захын анхан шатны мэдлэгтэй болох шаардлагатай байна. Гар утсан дотор бидний амьдрал тэр чигээрээ явдаг болсон. Хүмүүс би нэг ч хакердуулаагүй юм чинь хакердуулахгүй гээд л яваад байдаг. Энэ нь зүгээр л цаг хугацааны асуудал болчихсон. Тийм болохоор урьдчилан сэргийлж, хамгаалах шаардлагатай. Иргэдийг цахим дархлаагаа тогтоогооч ээ гэж уриалмаар байна.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна DNN.mn

Ногоон автобусны дуулиан нийгэмд бослоо. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой үүссэн энэ асуудал авлигын бас нэгэн том сүлжээг задлав. Тэг зогсолт хийхэд ойрхон байгаа Улаанбаатарын түгжрэлийг шийдэх гарц бол нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгд л энэ замыг туулсан. Тиймээс юун түрүүнд парк шинэчлэл хийх шаардлагатай гэсэн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн байнга тавьсаар ирсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнд онцгой анхаарч, 420 тэрбум төгрөгийг хоёр жил дарааллан Улаанбаатарт төсөвлөсөн байдаг. Үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлийг ингэж тордож, дэмжиж байсан түүх байхгүй. Тэр байтугай түгжрэлийн асуудлыг хариуцсан тусдаа статус хүртэл байгуулагдаж, Ж.Сүхбаатар сайд ахалж ажилласан. Гэтэл ард түмнээ дэндүү муухайгаар доромжиллоо. Төсвөөс хөрөнгө мөнгийг нь бэлээхэн шийдээд өгчихсөн байхад дунд нь хэд дахин нугалаа гаргаж, актлагдсан автобуснуудыг шинийн үнээр төрд шахах гэж оролдов. Энэ бол төрийн дунд, доод шатанд авлига, хээл хахууль аалзны тор шиг хэрсний тод жишээ.

Ерөнхий сайдын хувьд бодлого тодорхойлж, үүрэг, даалгавар өгдөг төрийн дээд албан тушаалтан. Тэр бүр улс орны гал тогооны ажилд гар бие оролцоод байхгүй. Тэгвэл төрийн дунд, доод шатанд үүрэг, даалгавар авдаг, хэрэгжүүлэгч шатанд ажилладаг нөхдүүд энэ байдлыг далимдуулж төсвийн мөнгийг завшдаг байдал газар авсан. Бүх салбарт үүрлэсэн ийм “хулгайч” нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна. Саяхны жишээ гэхэд түүнийг Монгол орноо тойрч ажиллаж байхдаа очсон аймаг бүрт нь иргэд энэ асуудлыг хамгийн түрүүнд хөндөж тавьж байсныг хэвлэлүүд онцолж л байсан. Ямартай ч Ерөнхий сайд аль ч салбарт бугшсан авлигын сүлжээг задалж, онцгой анхаарал хандуулна гэдгээ өчигдөр бүлгийн хурал дээрээ хатуухан хэлсэн сурагтай.

МАН-ын бүлгийн хуралдаанд ногоон автобусны асуудал халуун сэдэв байв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хаалттай хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүн дуугарчээ. Тэрбээр “Засгийн газраас нийслэлд онцгой анхаарч, бие даасан төсөв бүрдүүлж, хоёр жил дарааллан 420 тэрбум төгрөгийг Улаанбаатарт төсөвлөсөн ч зөв зарцуулж чадсангүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг нь шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Миний бие Есдүгээр сард 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна. Хатиг бээрийг уутаар нь шахна. Мэдээж өвдөлт өгөх нь ойлгомжтой шүү” гэжээ. Үнэн хэрэгтээ ингэж байж төр цэвэрлэгдэх учиртай. Тэр цагт бизнесмэн нь бизнесээ, хуульч нь хуульчаа, эдийн засагч нь эдийн засагчаа хийнэ. Төрд авлига үүрлэсэн учраас хүн бүхэн төрд ажиллахаар хошуурч байна. Тендерийн нугалаа, цавчаа нь дунд, доод шатанд байгаа учраас төрд ажиллавал хэтэвч зузаардаг гэсэн ойлголт бий болсон нь худлаа биш. Энэ бүхэнд одооноос л цэг хатгахгүй бол улсын хөгжил, хотын утаа, түгжрэл, хот-хөдөөгийн сэргэлт гэх яриа хий хоосон зүйл болно. Хэн нэгэн авлигын сүлжээг тасалж, төрийн шат шатан дахь хүнд суртал, авлигын гинжэн урвалыг үгүй хийхгүй л бол намаг балчигтай байсаар л байна. Бага ч гэсэн урагшилж байж нийгэм цэвэршинэ.

 

 

Д.ЦЭЦЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ялсан нам эх орноо таваглаж байгаад иддэг “соёл”-оо одоо болих хэрэгтэй DNN.mn

Сонгуульд ялсан нам эх орноо, эх орныхоо баялаг, ард түмний боломж, татвар төлөгчдийн мөнгийг идэх ёстой гэдэг “соёл”-той болоод удлаа. Сүүлдээ ард түмэн “Улсаа хөгжүүлж, бидний амьдралыг дээшлүүлж байвал идэж байхад яахав дээ. Гэхдээ аль бага иддэгийг нь сонгоно оо” гэдэг гажиг гэмээр ойлголттой болж, боловсрол, ёсзүйтэй гэхээсээ арай бага хулгай хийх хүнийг сонгоход анхаарлаа төвлөрүүлдэг болоод байгаа нь сүүлийн хоёр сонгуулийн өмнө сонгогчдын боловсролын холбоотой элдэв судалгаа, анализ дээрээс анзаарагдсан. Энэ бол цөхрөлийн үг л дээ. Ард түмэн сайхан амлалтуудад нь цаг үргэлж итгэсээр ирсэн ч хэзээ ч биелж байгаагүйг нь мэдсээр байж дахин дахин сонгодог. Энэ бол сонгогчийн боловсролтой шууд хамаатай ч нөгөө талдаа тухайн улс төрийн нам сонгуульд хэрхэн гарч ирэх вэ, хүний итгэлийг хэрхэн олж авах гэдэг дээр нарийн ажиллаж, PR-ийн мэргэжлийн баг ажиллуулдагтай холбоотой. Сонгууль болгоны өмнө иргэдийн тархи, сэтгэлзүйг хэрхэн удирдах вэ гэдэг уран тактиктай ажилладаг болсон. Үр дүнд нь сонгогчид манкурд боол шиг нэг л мэдэхэд өөрийн эрхгүй дугуйлчихсан байдаг.

Ард түмний итгэлийг олж авч хуураад, төрийн эрхэнд гарсан хойноо юу хийх нь бидний дурны асуудал гэдэг энэ эх захаа алдсан байдал 2000-гаад оноос эхлэлтэй

Өмч хувьчлал улс орон даяар явагдаж, мэдээж араасаа олон хэл ам дагуулсан. Тэр үеэс буюу өмч хувьчлал дууссаны дараахнаас Ху нам дахин амь орж эхэлсэн. Төрийн эрхийг барихаар ард түмэнд амлалт өгөхдөө өмч хувьчлалын булхайг дэлгэж, буруутай этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно, шударга ёс тогтооно гэх ухааны юм ярьж сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулсан. Ард түмэн итгээд нийгэм даяараа энэ асуудалд хүлээлттэй байсан л даа. Гэтэл юун амлалт вэ, ярьж амлаж гарч ирсэн асуудлаа огт хөндөж ярилгүй тэр чигээр нь чимээгүй орхиод харин төрийн албыг наймаалцаж, үнэд оруулж эхэлсэн. Тэр үеэс л энэ их завхралын суурь тавигдсан гэж үзэж болно. Төрийн албанд л шургалчихвал баяжина, боломжид ойртоно, төрийн албан хаагч болох нь олон талын ашигтай, ямар ч ажил нь түргэн бүтдэг, зээл, тусламжид ороход амар…зэргээр хүмүүс төрийн албанд орохын тулд албан тушаал, зэрэг дэвээс нь шалтгаалж хахууль өгч авалцдаг байсан бол дээгүүрээ эрх баригчид өөр хоорондоо дарга, сайдын суудлыг наймаалцаад эхэлснийг ард түмэн санаж байгаа. Нэг ёсондоо Монгол төрийн албаны бүх шатанд ийм наймаа хавтгайрсан. Төрийн албыг наймаалцдаг энэ явдал нь өргөжсөөр ялсан нам татвар төлөгчдийн мөнгөөр дураар дургих эрхтэй, яаж зарцуулах нь эрх барьж буй намын үзэмжийн асуудал гэх ойлголтыг намын бүх шатных нь хүмүүс хүлээн зөвшөөрдөг, тэгж аягладаг болоод удлаа. Үүний том жишээнүүд гэвэл, ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай гээд эрх барьж буй намынхан системээрээ идэж уусан, улсад хохирол учруулсан гэмт хэргийг жагсаавал олон. Хамгийн сүүлийн жишээ нь ногоон автобусны асуудал болж байна. Ямар их зоригтой, ичдэггүй, цагаандаа гарчихсан хүмүүс юм бэ дээ… гээд үг гарахгүй байна лээ. Яагаад вэ гэвэл нэг нам дангаараа ноёлж төрийн албыг төрлөөрөө дээрээс доод шат хүртэл нь эзэгнэж байгаа юм чинь хэн нь хэндээ хяналт тавьж, шаардлага тулгах юм бэ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй өнгөрнө. Яагаад вэ гэвэл бүгд шахуу энэ ногоон автобусны булхай

шиг иймэрхүү зальжин, явуургүй аргаар улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгө, сан, улсын баялгийг шат шатандаа хулгайлаад идээд сурчихсан юм чинь. Тийм учраас л айхгүй зоригтой хулгайлдаг байх нь. Идэж ханаа байлгүй, хангалттай олон жил ард түмнийг доромжиллоо, улсын төсөв, элдэв сангуудыг тонож дээрэмдлээ, хулгайлж болох бүх нүх сүвээр хуруу гараа дүрж, дааж чадах хэмжээгээрээ гударлаа даа. Одоо больчих байх аа гэж хараад байхад л үргэлжлүүлээд идээд байх.

Жинхэнээсээ одоо боллоо шүү. Энэ бүгдийг одоо болиулж, хатуу хариуцлага тооцох цаг үе нь ирчихлээ. Хууль хяналтынхан үүнд шалгалт хийж, мэргэжлийн байгууллагууд нь ч үүнд анхаарал хандуулах ёстой. Хэдэн автобусны хэрэг боловч цаана нь улс эх орны эрх ашиг, ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах, тохь тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байна. Үүний дараа харин ард түмэн цаашид хэнийг

сонгох, хэнийг сонгохгүй байх вэ гэдэг дээрээ тогтож бодож эхлэх байх. ЖДҮ-гээс эхлээд ард түмнийг доромжилсон, цочролд оруулсан асар их хулгайг та бид давтамжтай хардаг боллоо, сүүлдээ дасах маягтай болоод ирэх шиг.

Монголын нийгэмд өрнөж байгаа энэ их замбараагүй байдал, ядуурал, дээр дооргүй бужигнах шуугиан, төрд нүүрлэсэн хулгай бол математикчдын хэлж буйгаар зүгээр л “Улс төрийн тоглоом” юм билээ. Улс төрчид өөрсдийн тоглоомын дүрмээрээ тоглож байна. Ард түмэн бол тэднийг дураараа тоглох эрхийг нь өгчихдөг хариуцлагагүй бүлэг хүмүүс болчихоод байгаа юм. Энэ тоглоомыг нь зогсооё гэвэл эсэргүүцэл, жагсаал ч юм уу тэмцлийн хурц хэлбэр нэмэргүй. Яагаад вэ гэвэл дээр байгаа тэр нөхдүүдэд улсын бүх эрх бий. Харин ард түмэн, сонгогчид бас л адилхан тоглож л хариуг нь барих ёстой. Сонгуулийн санал хураалт өгөх өдрөө л энэ их хулгай, доромжлол, төрд нүүрлэсэн болохгүй бүтэхгүй юм бүгдийг цэвэрлэж зайлуулахын тулд адилхан хариу барих зам үлдлээ.

Сонгуулиар хэрсүү байж, саналаа худалдахгүй, бодолтойгоор дугуйлахгүй бол ялсан нам хэдий хүртэл эх орноо тавган дээр тавиад халбагадаж, сэрээдэж дураараа иддэг энэ байдал үргэлжлэхийг тааж мэдэхгүй юм. Сүүлдээ ялсан нам нь ингэж идэх ёстой гэдэг “соёл” маягийн, буруу жишиг байдаг л нэг үзэгдэл мэт болж, нэг том хулгай нь илэрвэл сошиалын нэг өдрийн шуугиан болж дарагдаад өнгөрөөд байвал Монгол Улсын хувь заяа хэрхэхийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.