Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2023.10.03) намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа гишүүдийн 52.6 хувийг ирцтэйгээр 09 цаг 29 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд Байнгын хорооны хуралдаанд энэ талаар танилцуулав.

Үндсэн хуулийн цэц энэ удаагийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … “, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно. …”, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт “… томилгооны сонсгол хийж …” гэж тус тус заасан нь, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “… Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …”, 29.1.2 дахь заалтад “… танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, …” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… нэр дэвшигчийн сонсгол хийж … ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. … нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш … тухайн тайлан, … Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.” гэж тус тус заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоос асуулт асууж, хариулт авахын сацуу 2023 оны 05 дугаар дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, Г.Ганболд гишүүнээс хариулт, мэдээлэл авсан. Дараа нь гишүүд үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нар дээрх дүгнэлтийг хүлээн авч, хуулиудын холбогдох заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлэн томьёолж, өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай. Ингэхдээ санал болгож буй байгууллагууд нь тус бүрдээ томилгооны сонсгол зохион байгуулдаг байх асуудлыг судалж, хууль тогтоомжийг нийцүүлэх талаар хэлж байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Энхбаяр нар Улсын Их Хурал Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд холбогдох тайлбаруудыг хэлсэн юм. Тухайлбал, Ц.Мөнхцэцэг гишүүн, сонсгол бол шийдвэр гаргах үйл явц биш гэдгийг онцлов. Нээлттэй сонсгол нь олон нийтийн мэдэх эрхийг хангах механизм, ардчиллын хамгийн чухал шинжийг илэрхийлдэг чухал процесс байхад Цэц дүгнэлтдээ сонсгол нь шийдвэр гаргах үйл явц хэмээн үзсэн байгааг тайлбарлав. Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байхаар, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхээр заасан байдгийг Ж.Сүхбаатар гишүүн тэмдэглээд “Хэдэн албан тушаалтан, байгууллагын хооронд яриа хөөрөөгөөр хийгддэг байсан томилгоог нээлттэй сонсголоор нийтэд танилцуулж, мэдээллээр хангаж зөвшилцөөд, олон нийтийн оролцоог ханган, хяналтыг бүрдүүлж буйгаараа дэвшил болсон. Үүн дотор шинээр томилогдох, дахин томилогдох гэдэг нөхцөлийг л ялгах, тодруулах шаардлага бий гэж үзэж байна” гэв. Томилгооны сонсгол нь томилогдоогүй, нэр дэвшигчдийг оролцуулан нийтэд танилцуулах, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор явагддаг учраас аливаа нэг албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдалд нөлөөлөх агуулга байхгүй хэмээн үзэж буйгаа Д.Ганбат гишүүн хэлсэн.

Байнгын хорооны дарга Б.Энхбаяр хэлэлцэж буй дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлээд, дараах тайлбарыг хэлсэн. Тэрбээр “Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлдэг. Улсын Их Хурал нь ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тэр утгаараа ард түмэнд нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлаар ажилладаг засаглал юм. Г.Занданшатар даргатай энэ Улсын Их Хурал Монголын парламентын түүхэнд нээлттэй, ардчилсан, ил тод байдлыг хангах чиглэлээр хувьсгал, өөрчлөлтийн шинжтэй алхмуудыг хийж байгааг бүгд мэдэж байгаа. Тэдгээрийн нэг нь нээлттэй, томилгооны сонсгол” хэмээгээд хэд хэдэн томилгооны сонсголын талаар жишээ дурдав. Хаалттай байдлаар явуулдаг үе үеийн томилгоо нь шударга ёсыг өмчилдөг, “хонгил үүсдэг”, өрсөлдөгчөө намнадаг дэглэм тогтоосон бөгөөд энэ Улсын Их Хурал үүнийг нураахын төлөө хүчтэй бодлого явуулсан. Үүний үр дүнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас томилогддог 40 гаруй албан тушаалтан нээлттэй сонсголоор ордог болсон. Үүнийг Үндсэн хуулийн зөрчил гэх нь Монгол Улсын парламентын ил тод байдлыг хязгаарлах үйлдэл гэж үзэж байгаагаа Б.Энхбаяр гишүүн илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.2-т заасны дагуу Байнгын хороо холбогдох хууль, тогтоолын Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураах зохицуулалтын дагуу шийдвэрлээд, Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаанаар дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нэр дэвшигчийн талаар танилцууллаа. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймагт төрсөн. 48 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль, 1990-1992 Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1995-1999 онд Шихихутуг их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш, 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч, 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч, 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байгаад 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Үргэлжлүүлэн нэр дэвшигч хууль тогтоомжид заасан холбогдох шаардлагуудыг хангаж байгаа талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Энэхүү танилцуулгын дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Батзориг нараас асуулт асууж, хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг танилцуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Жүдогийн залуучуудын шигшээ Португалийг зорилоо DNN.mn

Португал улсын Одивелас хотод 10 сарын 4-7-нд зохион байгуулагдах Залуучуудын ДАШТ-д оролцохоор жүдогийн залуучуудын шигшээ багийнхан явлаа.

Манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Г.Бат-Эрдэнэ, Ц.Хулан дасгалжуулагчаар удирдуулсан эрэгтэй 9, эмэгтэй 9 жингийн жүдочид Залуучуудын ДАШТ-ий  татами дээр хүч үзэх юм.

Тамирчдын бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүд:

-60кг Н.Мэндсайхан

-60кг Т.Түмэнжаргал

-66кг Ж.Энхтөр

-73кг А.Өсөхжаргал

-81кг Н.Жангарай

-90кг Ц.Дагвадорж

-100кг Г.Хангарьд

-100кг Б.Хүдэрчулуун

+100кг Л.Энхболд

Эмэгтэйчүүд:

-48кг Э.Хүслэн

-48кг М.Нандин-эрдэнэ

-52кг Т.Ариунзаяа

-52кг Б.Уранзаяа

-57кг О.Оюунчимэг

-63кг Д.Есүй

-70кг Б.Ням-эрдэнэ

-78кг О.Хүслэн

+78кг Э.Энхзул

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн галлагааны өрөөнд хоёр хүн угаартжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 55, 65 настай хоёр эмэгтэй хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байжээ.

Яаралтай тусламжийн эмч үзлэг хийхэд тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй бол хоёр багшид угаарын хөнгөн шинж илэрч зөвлөгөө өгсөн байна.

Иймд иргэд сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөв.

Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

Categories
гадаад мэдээ

“Ковид-19”-ийн эсрэг вакцин бүтээгчид Нобелийн шагнал хүртжээ DNN.mn

Шведийн Стокгольм хотноо 2023 оны аравдугаар сарын 2-нд Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналын эздийг зарлажээ.

Унгарын эрдэмтэн Каталин Карико болон АНУ-ын эрдэмтэн Дрю Вайсман нарын “Нуклеон хүчлийн үндсийг сайжруулах нээлт” нь “Ковид-19”-ийн эсрэг үр дүнтэй mRNA вакциныг бүтээх боломжийг олгосон хэмээн Нобелийн хороо үзэж буй аж.

Цар тахал дэгдсэн хоёр жил гаруйн хугацаанд mRNA вакциныг коронавируст халдварын эсрэг ашигласнаар олон сая хүний амь насыг аварсан тул эдгээр эрдэмтдэд энэхүү хүндтэй шагналыг олгожээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Т.Билэгжаргал: Давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа DNN.mn

Нийтийн удирдлагын магистр, түүхч, улс төр судлаач Т. Билэгжаргалтай улс төрийн үйл явцын талаар ярилцлаа.

-УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал юу байна. Улс төр судлаач хүний хувьд энэ намрын улс төр ямар байдлаар явах чигтэй харагдаж байна вэ?

-Энэ намрын чуулганыг хариуцлага тооцох, хэн нь хэн байсан бэ гэдгийг тодоор харуулах чуулган болоосой гэж иргэд хүсэж байна. Нийгэмд ил тод гарсан хулгай, луйвар бүгд холбогдох эзэнтэй. Хулгай хийсэн үйлдэл нь тодорхой байна. Хулгайлсан хүн нь ч тодорхой байна. Тиймээс одоо хариуцлага үүрүүлэх ёстой гэдэг иргэдийн шахалт энэ намрын чуулганы үеэр хүчээ эрс нэмэгдүүлнэ. Иргэд хариуцлага нэхээд ирэхээр эрх баригчид, улс төрчид, холбогдох этгээдүүд бүгд сандралдаж, зөвхөн өөрсдийнхөө арьсыг л хамгаалсан мэдэгдлүүдийг удаа дараа хийх байх. Ингэснээр намын эв нэглэл, ер нь аливаа бүлэг, фракцын эв нэгдлийг шууд зад татна. Ингэж задарсан нам, бүлэг, фракц болгон дундаасаа хэн нэгнээ золиосонд гаргаж л таарна. Тиймээс 2020-2024 оны УИХ-ын намрын отгон чуулган хамгийн их гал гарсан, хамгийн их биеэ өмөөрсөн, улс төржилт, попролыг дээд цэгт нь хүргэсэн чуулган болно гэж харж байгаа. Мэдээж хуулийн төслүүдийн хувьд УИХ-аар хэлэлцэгдэх эсэхээ хүлээн байгаа олон эрх зүйн актууд бий. Түүнээс хамгийн чухал нь ирэх оны төсөв. Дараа нь Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь чухал юм.

-Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн улс төрийн үйл явц хурцаар тавигдаж эхэлж байна. Тухайлбал, өчигдөр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ажлаа өгөхөө мэдэгдлээ. АН-ынхан С.Зоригийн хэргийг дахин сэргээхийг шаардаж, үүгээр эрх баригч нам улс төр хийхгүй байхыг шаардлаа л даа…Тэгэхээр судлаач хүний хувьд намрын улс төрийн халалт ямар хэмжээнд, ямар үр дагавартайгаар ирэх бол гэж бодож байна вэ?

-УИХ-ын 76 гишүүнтэй. Удахгүй 126 болно. Яг өнөөгийн байдлаар Засгийн газар дэд сайд нартайгаа нийлээд нийт 40 гаруй сайд, 20 орчим яамдтайгаар ажиллаж байна. Энэ нь өөрөө ард түмний 40 хувийн саналыг авсан намын хувьд асар том бүтэц гэсэн үг

Тэр чинээгээрээ авлига, хүнд суртал, хулгай гаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв өнөөгийн эрх баригч нам ард түмний 80 орчим хувийн саналыг авсан бол ийм хэмжээний бүтэцтэй ажиллаж болно. Энэ өөрөө улс төрийн удирдлагын онолоор тодорхойлогддог зүйл. Тэгэхээр ард түмний саналыг хэдэн хувьтай авч, түүнд тохирсон төрийн бүтцээр ажиллаж байна уу үгүй юу гэдэг чухал гэсэн үг. Өөрөөр хэлбэл байгуулсан төрийн бүтэц нь ард түмнийхээ саналын хувиас хэт давсан данхар бүтэц байвал хулгай, авлига, хүнд суртал тэр хэмжээгээрээ гардаг. Ард түмний саналын хувьтай энэ тэнцүү эсвэл доогуур буюу цомхон бүтэцтэй бол ийм зүйл гарах боломж тэр хэмжээгээрээ багасдаг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс дараа дараагийн сонгуулиар гарч ирсэн нам нийт ардын саналын хэдэн хувийг авсан бэ гэдгээс нь хамааруулж, Засгийн газар, төрийн бүтцийг байгуулах шаардлагатай гэсэн үг. Манайд энэ тогтолцоо, бодлого байдаггүй. Ялсан нам ялахад нь үйлчилсэн хүмүүсээ “хооллох”-оо л боддог. Түүнээсээ болж эрх мэдлийн хувиарлалтаа алддаг. Эрх мэдлийн хувиарлалтаа алдсан нам зөв бодлого, хууль гаргасан ч төрийн үйлчилгээ, чанар, нэр хүнд нийгэмд улам доош орсоор байдаг.

-Та мэргэжлийн хүний хувьд ерөнхий онолын агуулгатай зүйл ярилаа. Ярианы эхэнд хэлсэн шүү дээ. Ард түмэн хариуцлага л нэхэж байна гэж. Эхнээсээ сайд, дарга нар хариуцлагаа үүрээд албан тушаалаа өглөө. Нэг талдаа зөв юм шиг. Нөгөө талдаа хариуцлагаас улам өөрийгөө чөлөөлж байгаа мэт харагдаж байна л даа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хариуцлага нэхэж байгаа ард түмний гол хүсэл нь яг юу юм бэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Зарим нь ажлаа өг, огцор гэж байна. Зарим нь ажлаа өгөөд хуулийн хариуцлага үүрээрэй гэж байна. Тэгэхээр ард түмэн хариуцлага нэхэж байгаа бол яг ямар хариуцлага хүсээд байгаагаа эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Ж.Сүхбаатар сайд ажлаа өгнө гэж байна. Энэ хариуцлага үүрч байгаа хэлбэр мөн үү. Үнэхээр ард түмэн түүнийг огцрохыг л хүсэж байсан гэж үү. Яагаад энэ хүн ажлаа өгөхөөр болов гэдгийг хэрсүү ойлгох хэрэгтэй. Магадгүй зарим хүмүүс Ж.Сүхбаатар сайдын судлаа өгчихлөө гэхээр хариуцлага үүрчихлээ гээд энэ асуудлыг мартана. Ийм байвал бид хэзээ ч хариуцлага хэн нэгэнд үүрүүлж, эсвэл хэн нэгнээс хариуцлага нэхэх боломжгүй болчихож байгаа юм. Ард түмний тодорхойгүй хүслийг өнөөгийн улс төрчид өөрт ашигтайгаар эргүүлээд сурчихсан байна. Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайдын албаа өгдөг. Өгөхдөө хариуцлага үүрч байна гэдэг нэрийн дор огцордог. Төсөв захиран зарцуулагч болохын тулд УИХ-ын гишүүнийхээ ажлыг өгдөг. Үүнийгээ би илүү сайн ажил хиймээр байна гэсэн хоосон попрол явуулж байгаад л Нийслэлийн Засаг дарга болчихдог. Үүнээс юу ойлгогдож байна вэ гэхээр ард түмний хариуцлага нэхэж байгаа хүслийг улс төрчид өөрт ашигтайгаар эргүүлж чадаж байгаа юм. Улс төрчид юу хийхийг хүсэж байна, тэр болгоноо хийх арга чаргаа ард түмний хүсэл сонирхол, эрх ашигт тулгуурлаад гаргаад ирж чаддаг болж. Энэ бол нийгмийн, улс орны хамгийн том аюул.

-Тэгэхээр Ж.Сүхбаатар сайд ажлаа өгч байгаа нь угтаа хариуцлагаас мултарч байгаагийн нэг хэлбэр гэж ойлгох уу?

-Шуудхан хэлэхэд Ж.Сүхбаатар гэх хүн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдчихсан гэж ойлгож болно. Хулгайч үйлдэл дээрээ баригдахаар яах ёстой вэ. Ямар ч яриангүй шууд хуулийн хариуцлага хүлээнэ. Дэлгүүрээс нэг шил архи хулгайлж байгаад баригдсан нөхрийг цагдаа дуудаад шууд хариуцлагыг нь үүрүүлдэг биз дээ. Гэтэл улс төрчдөд хариуцлагаас зугтах, хариуцлагыг аргалах тусгай механизм оршиж байдаг. Түүний нэг нь давхар дээл. Засгийн газрын сайд нарын 70 орчим хувь нь давхар дээлтэй байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хууль бус үйлдэл ил тод боллоо гэхэд тэд зөвхөн сайдын суудлаа л өгнө. Ингээд л цааш хуулийн хариуцлага үүрүүлэх ямар ч боломжгүй болно. Сайдын суудлаа өгчихөөр манай ард түмэн түүнийг хариуцлага үүрээд явчихлаа гэж ойлгоно. Нийгмийн ухамсар, хандлага доогуур байгаа болохоор эрх баригчид, улс төрчид өөрсдийнхөө хүслээр амьдарч болоод байна. Тэр утгаараа давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа. Хариуцлагаас өөрийгөө яаж мулталч чадаж байгааг Ж.Сүхбаатар сайдын мэдэгдлээс сонссон байх.

-Ж.Сүхбаатар сайд ямар мэдэгдэл хийсэн гэж. Та түүнийг нь яагаад хариуцлагаас мултарч байна гэж ойлгоод байгаа юм бэ?

-Би хэлсэн. Энэ хүн хулгай хийж байгаад баригдсан. Өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа байх. Мэдсэн учраас сайдын суудлаа бушуухан өгчихөж байна. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэдэг үгтэй. Өөрийнх нь гаргасан шийдвэр бүрэн хэрэгжиж чадаагүй, түүнээс нь болоод асуудал үүссэн байхад өөрийнхөө алдааг бусад руу шууд чихэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Ж.Сүхбаатарын хэлсэн мэдэгдлийг судлаач хүнийхээ хувьд агуулгаар нь дүгнээд хэдэн зүйл хэлье л дээ. Нэгдүгээрт, Ж.Сүхбаатар намынхаа төлөө сайдын ажлаа өгсөн. Засгийн газрын нэр хүнд цаашлаад намын нэр хүнд улам унахаас сэргийлсэн улс төрийн тоглолт. Ингэхдээ нэгэнт явж байгаа учраас намынхаа бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг магтан дуулж өгсөн. Энэ үйлдэл нь “ах аа намайг бодоорой” л гэсэн үг. Өөрөөр хэлбэл би сайдын суудлаа өгөөд нийгмийн галыг өөртөө татъя. Нэгэнт тугаа тахиж байгаа учраас намаа өргөөд өөрөө явъя. Тиймээс миний арыг нам маань бүтэн даагаарай гэж ойлгогдож байгаа юм. Хоёрдугаарт, сонгууль ойртчихсон учраас улс төрийн рейтингээ бодсон мэдэгдэл хийлээ гэж харж байгаа. Би энэ ажлыг сайн хийж байсан л даа, гэхдээ олон хүний дургүйг хүргэсэн шийдвэр гаргаж байж миний ажлын үр дүн гарч ирнэ. Тиймээс би ирэх сонгуулиар дахин гарч ирэхээ бодсон учраас улс төрч хүнийхээ хувьд өнөөдөр хариуцлагаа үүрээд сайдын суудлаа өгчихье өө гэж байна. Ард түмний тархийг угаагаад сурчихсан, явцгүй улс төрчдийг дахин битгий гаргаж ирээсэй. Асуудлыг даагаад явж байгаа бол даасан шиг даачих зангарагтай улс төрчид үнэхээр алга. Бүгд дараа дараагийнхаа эрх мэдлийн төлөө өөрөөсөө бусад бүх зүйлийг солиосонд гаргаж улс төр хийж байгаа нь эмгэнэлтэй.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг ЭМД-аас хариуцна DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана DNN.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.03/ хуралдах тов зарлажээ.

Хуралдаанаар Хотын дарга болон Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын томилгоог хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн О.Мөнхсайхан олонхын санал авчээ DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Нэр дэвшигчийн материалыг 2023 оны есдүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн юм.

Нийт шүүгчийн олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д саналаа хүргүүлэхээр болжээ.

Мөн Монголын Либерал Ардчилсан Намын дарга Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн бүртгэсэн байна.

Харин Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэлээс ирүүлсэн намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд тайлбар гаргуулахаар ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд танилцуулсан байна. Ингээд уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад холбогдох тайлбарыг хүргүүлж, мөн 50.1.23 дахь заалттай холбоотой зохих судалгааг хийж, албан ёсны тайлбар гаргахаар тогтсон тухай хариуг хүргүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

ШТС-ын дэргэд өвс ачсан машин шатаж байсныг унтраажээ DNN.mn

Өчигдөр орой Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөр шандад Шатахуун Түгээх Станцын/ШТС/ хойно 50 метрийн зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэйгээр 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасныг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Хэрэв гал тархсан бол ШТС дэлбэрэх эрсдэл өндөр байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлнэ үү DNN.mn

2023 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас анхаарууллаа.

2023 оны 7, 8, 9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлнэ.

Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой аж.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгох журамтай.

2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1,190,718 иргэний дансанд 73,598,612,137 төгрөгийг шилжүүлж байжээ.