Categories
мэдээ нийгэм

Сургуульд ажиллах сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтын бүртгэл энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ DNN.mn

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” долоо дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хуулийн 14 дүгээр зүйл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/222 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд энэхүү сонгон шалгаруулалтыг явуулж байгаа ажээ.

Сургалтад хамрагдсанаар:

  • Ажлын талбарт шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдан сертификат олгох.
  • Тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх Боловсролын ерөнхий газар, сургуулийн удирдлага, сэтгэл зүйчтэй гуравласан гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулах.
  • Мэргэжлийн баг бүрдүүлж хүүхдийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулан ажиллахад нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талыг сэтгэл зүйчдэд олгодог юм.

Сэтгэл зүйч нь сургуулийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөл, боловсрол, нийгэм, зан үйлийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдэд тусалдаг туслагч байдаг. Иймд салбар яам болон Боловсролын ерөнхий газраас зохион байгуулагдах мэргэжлийн болоод бусад сургалтад сэтгэл зүйчдийг хамруулж тасралтгүй хөгжлийг дэмжин ажилладаг.

Сонгон шалгаруулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

I шатны шалгаруулалтаар Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцах бол II шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгох юм байна.

Ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” долоо дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчдийг 2023 оны аравдугаар сарын 4-нөөс 30-ны өдрүүдэд бүртгэнэ.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Инженерийн шийдэл- Хөгжлийн тулгуур” эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна DNN.mn

Тавантолгой түлш компаниас инженер, техникийн ажилтнуудынхаа дунд “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.

Тус хуралд нийтдээ 40 гаруй бүтээл ирүүлснээс ажлын хэсгээс шилдэг 10 бүтээлийг сонгож нийт инженер, техникийн ажилтнуудынхаа дунд хэлэлцүүллээ.

Шилдэг бүтээлүүдэд шахмал түлшний асах чанарыг сайжруулах, Антрацитийг шахмал түлшний түүхий эдэд тодорхой хувь хэмжээгээр ашиглах, Нарс модны давирхайг шахмал түлшний барьцалдуулагч эдэд ашиглэх нь зэрэг технологийн бүтээлүүдийн тухай илтгэл тавьсан юм.

Антрацитийн үндсэн түүхий эд болгон үйлдвэрийн технологит нэвтрүүлэх тухай илтгэл тавьсан Технологийн бодлогын хэлтисийн Химийн шинжилгээний, туршилтын лабораторийн шинжээч Г.Лхамзүмбэрэл ” Олон улсад сайжруулах шахмал түлшний түүхий эдийг хоёр төрлөөр олборлодог. Хүхрийн хийг бууруулах зорилгоор хоёр төрлөөр олборлодог. Харин антрацит нь 0.1-0.3 орчим хувийн хүхэр агуулдаг.

Антрацитийн үндсэн түүхий эдтэй холиод хэрэглэх боломжтой гэх судалгааны ажлыг хийгээд явж байна. Эхний шатны үр дүнгээр илчлэгийн хувьд одоогийн түлж байгаа түлшнээс 1000-1200кл-аар илүү байгаа. Мөн дэгдэмхий бодис болон үнсний хувьд 1.5 дахин бага. Судалгааны үр дүнгийн хувьд лабораторын техник анализийн дүгнэлт гарсан.  Антрацитийн дээжийг ярьсан компаниасаа хангалттай нийлүүлж чадвал цаашид шатаалтын туршилтийг хийгээд явна” гэлээ.


Нарс модны давирхайг барьцалдуулагч материал болгон ашиглах боломжтой

Харин Шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид нарс модны давирхайг барьцалдуулагч материал болгох ашиглах нь талаар Байгаль орчин, экологийн ахлах мэргэжилтэн Б.Билгүүтэй ” Монголд 1990-ээд онд давирхай олборлож байсан. Давирхай нь шатамхай чанартай үнслэг чанаргүй, агаарт уур болдог. Одоогоор Монгол Улсын зөвлөх инженерүүдээс зөвлөгөө авч туршилт хийгээд амжилттай болвол цаашид үйлдвэрлэл нэвтрүүлэх боломжтой. Гэр хорооллын айл орхүүдийн түлж байгаа модыг халж оронд нь хэрэглэх боломжтой юм. Илтгэлээ зөвлөх инженерүүдэд танилцуулаад хэрвээ шалгарвал цаашид туршилт хийх боломж олдож байгаа гэсэн үг. Санхүүгийн дэмжлэгийг компаниас өгнө. Туршилтийн явц, үр дүн хэр байхаас шалтгаална. Хэрэв дэмжигдэж чадвал 2024 оноос үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй” хэмээн ярилаа.

Технологийн бодлогын хэлтэс ахлах технологич Э.Сумъяабазар “Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг органик эдийг лабораторт бүрэн шинжилдэг. Энэхүү зөвлөгөөнд сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эдийн цардуул болон целлюлоз/эслэг/-ыг тодорхойлох арга зүй сэдвээр илтгэл тавилаа. 2023 оны хоёрдугаар сард дотооддоо лаборатор байгуулсан. 2023 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа тогмол явуулж эхэлсэн. Одоогоор үндсэн түүхий эд болох медлинг хянаж байна. Мөн эцсийн бүтээгдэхүүнээ хянаж байгаа юм. Барьцалдуулагчийн органик эс буюу цардуул 50 хувиас доошгүй байх ёстой.Үүнийг өмнө нь Монголд тогтсон аргаар хэрэглэж байгаагүй. Харин одоо Хими, хими техлогийн хүрээлэнд уусдаг цардуулыг туршиж буй. Түүхий эдээ бүрэн хянахын тулд энэ хоёр арга зүйг хэрэглэх юм” гэлээ.

Дээр хэлсэнчлэн шилдэг 10 бүтээлийг сонгож шилдэг илтгэлийг 5 сая, дэд байрт шалгарсан илтгэлийг 3 сая, гуравдугаар байрт орсон илтгэлийг 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

 

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын аравдугаар сарын хуваарь гарчээ.

Хуваарь ёсоор нийгмийн халамжийн тэтгэврийг энэ сарын 13, 25-нд өгнө. Мөн асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт тусламжийг аравдугаар сарын 13, 25-нд олгох юм байна.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг аравдугаар сарын 19-нд дансанд нь шилжүүлэх нь.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Шүгэл үлээгч Ж.Энхбат: Сайд, даргыг солилоо гээд хулгай арилахгүй. Энэ бол МАН-ын “нүүрээ угаах” арга DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, шүгэл үлээгч Ж.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ногоон автобусны асуудлаар анх нийгэмд шүгэл үлээсэн хүн бол та. Тэр утгаараа энэхүү асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж чадсанаараа холбогдох албан тушаалтнууд ажлаа өгч, огцорлоо. Үнэхээр хариуцлагаа үүрээд огцорч байна уу, эсвэл хариуцлагаас мултрах гэж ажлаа өгөв үү?

-Монгол Улсад тулгамдсан олон асуудал байгаа. Гэтэл тулгамдсан асуудлыг барьж төрийн сайд, дарга нар хулгай хийх, бусдад давуу байдал олгох, сонгуулийн зардлаа босгож байна уу гэдэг байдлаар иргэн хүнийхээ хувьд хардсан. Тэр ч утгаараа нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэх нэрийн дор ногоон автобуснууд оруулж ирсэн. Үүнд миний бие инженер хүнийхээ хувьд хяналт хийж, дүгнэлтүүд гаргасан. Уг дүгнэлтийнхээ үндсэн дээр холбогдох төр засгийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулах гэсэн боловч надад ямар нэгэн мэдээлэл гаргаж өгөөгүй.

Мэдээлэл хаалттай, улсын нууц гэсэн тайлбарыг өгсөн. Яагаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобус худалдан авч байхад мэдээлэл нь нууц байдаг юм бэ гэж гайхсан. Тиймээс уг асуудлыг нууцаас гаргаач ээ гэдэг шаардлагыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Олон нийтийн хувьд ч анхаарлаа уг асуудал руу чиглүүлсэн. Улмаар өөрийн цуглуулсан дүгнэлтүүдээ АТГ-т хүргүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа АТГ-аас олон нийтэд уг асуудлаар мэдээлэл хийсэн шүү дээ. Аливаа нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар Засгийн газрын зүгээс тогтоол гаргаж байж, түүнийг нууцын зэрэглэлд авдаг. Тэгвэл энэхүү автобус худалдан авах асуудал нууцын зэрэгт орсон юм бол Засгийн газрын ямар тогтоолоор нууцад оруулсан бэ гэдгийг ил болго гэсэн. Ингээд цаашаа асуудал үүсэж, нийгмийн анхаарлыг гүнзгий татсан. Үүний эцэст холбогдох хоёр албан тушаалтан ажлаа өгч байна.

-Хариуцлагаа үүрч ажлаа өгөв үү, эсвэл хариуцлагаас мултарч ажлаа өгч байна уу гэдэг дээр та тодорхой байр суурь илэрхийлсэнгүй…?

-Нийтийн тээврийн салбарт үүрлэсэн булхай, луйвруудын дөнгөж зэс нь цухуйсан асуудал шүү. Цаана нь олон хулгай, луйврын асуудал далд хэлбэрээр оршиж л байгаа. Энэ хоёр хүн яагаад огцров гэдэг асуудлыг улс төрч хүнийхээ хувьд өөрөөр харж байна. Нэгдүгээрт, сонгууль ойртчихсон байна. Тиймээс Ардын намынхан энэ мэт үл мэдэх нөхдүүд манай намын рейтинг цаашлаад сонгуульд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас огцрохыг шаардсан. Өөрөөр хэлбэл Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр өөрсдийнхөө хүслээр ажлаа өгсөн юм биш. Харин улс төрийн шахалтаар огцорсон гэсэн үг. Гол асуудал байна. Энэ хоёр хүн огцорсноороо Улаанбаатар хотын хулгай арилахгүй. Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж хууль бусаар дүүрэн бугшсан газар байна. Тус газрын дарга нь өөрөө цагдаагаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн зөрчил гаргаснаасаа болж хөөгдсөн байгаа юм. Яагаад ийм ёс зүйн зөрчилтэй хүн өнөөдөр нийтийн тээврийн газрыг удирдаж байна вэ. Яагаад өнөөдөр асуудал дагуулаад байгаа компанийн удирдлагуудтай найзууд байгаа юм бэ. Энэ бол тохиолдол биш. Үүний цаана маш том сүлжээ, маш том бүлэглэл байна. Тиймээс зөвхөн Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хариуцлага үүрлээ гэдэг нэрийн дор огцроод энэ асуудал шийдэгдчихгүй. Цаана байгаа эдгээр хүмүүсийг бүгдийг нь хууль, хяналтын байгууллагууд шалгах шаардлагатай. Товчхондоо хоёр дарга огцорсон асуудал бол ерөөсөө МАН-ын сонгуулийн өмнө нүүрээ угаасан л асуудал.

-Одоо дараагийн хотын дарга хэн болох вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Таныхаар бол дараагийн дарга ирсэн ч энэ хулгай үргэлжлэх нь ээ?

-Мэдээж дараагийн Засаг дарга МАН-аас л томилогдоно. Ингэхдээ бүр өмнөх Засаг даргынхаа ивээлд багтсан нэг цүнх баригч нь гарч ирнэ. Угаасаа намынх нь тогтолцоо тийм. Нийслэлийн намын хороо хуралдана. Хуралдаанаараа дараагийн Засаг даргаа томилоно. Тус хорооны дарга нь Д.Сумъяабазар. Энэ хүн ажлаа өгөхдөө “Дараагийн Засаг даргаа хайрлаарай” гэж тодорхой хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би хүнээ явуулна, түүнийг та бүхэн хайрлаарай л гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр НИТХ 45 төлөөлөгчтэй. Үүнээс АН-аас найм, ХҮН-ээс гурав байдаг. Тэгэхээр нийслэлийн намын хорооноос гарсан шийдвэр НИТХ-аар шууд дэмжигдэнэ гэсэн үг. Тэгэхээр Д.Сумъяабазараар Ардын нам нэг удаадаа нүүрээ угаасан ч өнгө орохгүй. Хулгай үргэлжилнэ. Үргэлжлэхдээ улам нарийн, улам томоор явагдана. Бид одоо бодит үнэнийг л хэлэх хэрэгтэй. Ерөөсөө одоо байгаа бодит байдал ийм шүү.

-Нийслэлийн намын хороо нь хуралдаад шийдвэр гаргана гэж байна. Гэхдээ хэн хотын дарга болох вэ гэдгийг Ерөнхий сайд эцэслэж шийдэх байх л даа…?

-Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад, бөөн маргаан өрнөж өрнөж тарсан байна. Хотоос сонгогдсон гишүүд нь уг асуудлыг хотын намын хороо өөрсдөө шийдэх ёстой. Намын удирдах зөвлөл уг асуудал орох ёсгүй гэж үзсэн байна. Үүнээсээ болоод хоорондоо маргалдаж, хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэнэ. Тэгэхээр дараагийн хотын дарга хэн болох асуудлыг хотын намын хорооныхон нь шийдэх гээд улайраад байна гэсэн үг. Түүний цаана хэн байгаа вэ гэхээр нөгөө ажлаа өгсөн Д.Сумъяабазар л байгаа. Нөгөөтэйгүүр бид Нийслэл дээр хулгай яваад байна гэж сая харлаа, ойлголоо. Гэвч нийслэлийн дүүрэг тус бүр дээр том, жижиггүй хулгай явагдаж байгаа. Тэр дундаа дүүргүүдэд асар том хулгай явагдаж байгаа шүү. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулна гээд бүх дүүргүүдэд агаар шүүгч шахсан. Уг асуудал одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад нэг нам дангаараа найман жил засаг барилаа. Өнөөдөр Улаанбаатар хот битгий хэл Монгол Улсын хэмжээнд яг юу сайжирчихсан юм бэ. Юу хөгжөөд байна. Юуг эд нар хийж чадав. Ганцхан хулгай сайжирлаа, хулгай хөгжлөө, хулгайг эд нар хийж чадлаа.

Өөр юу ч хийсэнгүй. Өнөөдөр Улаанбаатар хотыг гурав ангилчихлаа. Богд уулын аманд амьдрагсад. Орон сууцанд амьдрагсад. Сүүлийнх нь гэр хороолол буюу улны хэсэгт амьдрагсад гэж. Тэгээд орж ирж байгаа төсвөө Богд уулын аманд амьдрагсадын сайн сайхны төлөө зарцуулчихна. Тэдний хүүхдүүдийн сургалтын төлбөр, тоглох талбай, сургууль цэцэрлэг гээд бүх зүйлд нь зориулна. Гэтэл гэр хороололд амьдарч буй иргэддээ яг юу хийж өгөөд байна вэ. Нийгэм үнэхээр л ийм байна. Бодит байдал энэ л байна. Үүнийг ярихгүй байх юм уу.

-Дээр дооргүй хулгай гаарлаа гээд байна. Хулгайчдад хариуцлага тооцлоо гээд хэд хэдэн албан тушаалтнууд ажлаа өгч байна. Тэглээ гээд хулгай алга болохгүй гэлээ. Тэгвэл хулгайг зогсоох, арилгах ямар гарц шийдэл байгаа юм бэ?

-Хулгайг зогсоох ганц арга бол хулгайчдыг үүрээр нь олж, хариуцлага тооцох явдал. Ганц нэг хүнийг нь барьж хорих биш. Бүлэг, үүрээр нь барьж, шалгаж, хариуцлага тооцох ёстой. Жишээлбэл, Ж.Сүхбаатар сайдын зөвлөх, туслах, багийн хүмүүс Нийслэлийн худалдан авах газарт дарга, хэлтсийн дарга гэсэн албан тушаалуудад очиж. Эдгээр хүмүүс саяны ногоон автобусыг худалдан авах ажлыг гардан зохион байгуулж. Тэгэхээр Ж.Сүхбаатар ажлаа өгөх биш түүний гар хөл болгоныг нь шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашлаад Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж байгаад шалгах шаардлагатай. Ингэж хууль хэн бүхэнд тэгш үйлчилнэ. Ингэж байж хуулийнхан хүн бүрийг тэгш шалгана. Тэгэхгүйгээр зөвхөн нэг дээлээ тайлснаараа хариуцлага үүрчихлээ гэж эндүүрэх хэрэггүй. Уг асуудлыг ч ингээд орхиж болохгүй. Тэгвэл Монгол Улсад хулгай гэдэг зүйлийг таслан зогсоох боломж байхгүй. Гарсаар байна, нарийссаар л байна.

-ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, нүүрсний хулгай, ногоон автобус гээд салбар бүрийн хулгай нийгэмд ил тод ээлж дараатай гарч ирсээр байна. Тэгвэл дараагийн хулгай аль салбараас ямар хулгай илрэх бол. Та шүгэл үлээгчийнхээ хувьд дараагийн хулгай үүрлэсэн салбар аль нь гэж бодож байна вэ?

-Миний хувьд дараагийн том хулгай шахмал түлш буюу Эрчим хүчний салбараас гарч ирнэ гэж хардаж байгаа. Салбар хариуцсан сайд нь гаднаас коксон нүүрс импортоор авч, Улаанбаатар хотын тодорхой бүсүүдэд туршилт явуулна гэдгээ улаан цагаан хэлж байгаа. Бүр том алдаа гарахаас сэргийлж хэсэг бүлэг бүс газар туршилт явуулаад үзье гэж чичрээд байгаа шүү. Үгүй ээ, Улаанбаатар хотын иргэд туршилтад ордог хархнууд уу. Туршилт хийх гээд байгаа юм бол хүн дээр биш лабораторид хий л дээ. Мэргэжлийн байгууллагууд нь үүнд судалгаа шинжилгээ хийгээд дүгнэлт гаргалдаа. Дараа нь үнэхээр хоргүй, хохиролгүй гэж үзэж байгаа бол амьдрал дээр шууд үүнийгээ нэвтрүүлэлдээ. Юун туршилт вэ. Үнэхээр стандарт, шаардлага хангаж байгаа бол шууд нэвтрүүлэлдээ. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Туршилт хийгээд үзье гэж хэлсэнийхээ төлөө энэ сайд өнөөдөр ёс зүйн хариуцлага үүрээд ажлаа өгөх ёстой. Гэтэл үүнийг нь эсэргүүцдэг хүн ч алга. Эсэргүүцсэн ч хамаагүй бид туршилтаа хийх л болно гээд гүрийгээд дайрч байна. Ийм төр, ийм сайд гэж дэлхийд л лав байхгүй. Ганц байгаа нь Монголд л байна. Жишээлбэл, Японд аль нэг дарга нь гарч ирээд ийм бүтээгдэхүүнээ эхлээд энэ хэсэг хотын иргэдэд туршаад үзье. Болж байвал Япон даяараа хэрэглэцгээе гэж хэлбэл яах бол. Түүнд шууд хорих ял өгнө. Эсвэл галзуурсан байна гээд эмнэлэгт хүргэх байх шүү. Гэтэл манайд төрийн сайд хүн улаан цагаан иргэд дээрээ туршилт хийх гээд байхад, түүнийг нь болиулах нам, засаг гэж алга байна. Энэ нь цаанаа асар том хулгай явагдах гэж байна гэж хардаж байгаа. Утааг багасгах арга байж болно. Гэхдээ туршилт гэдэг үгийг ашиглаж, иргэдийгээ айдаст автуулах шаардлага байгаа юу гэдгийг эхлээд нэг бодох хэрэгтэй.

-Энэ олон хулгай луйвар өдөр бүр нийгмийн анхаарлыг татах нь өөрөө нийгэмдээ ямар сөрөг үр дагавар авчирч байгаа бол. Нөгөөтэйгүүр нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрвэл ирэх оны ээлжит сонгууль болох уу. Түүнээс өмнө УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчих юм биш үү?

-Нийгэм бухимдалтай байгааг хүн болгон хэлнэ. Улаанбаатар хотын урдаас хойшоо хүртэл яваад иргэн болгоноос асуугаад үзье. Таны амьдрал сайхан байна уу, Улаанбаатар хотод аз жаргалтай амьдарч чадаж байгаа юу гэж. Тэгвэл 10 хүний найм нь таны өөдөөс шууд гаргадаг хуруунуудаа үзүүлнэ дээ. Харин үзүүлэхгүй байгаа хоёр хүн нь нөгөө дарга, сайд, хулгайчдын гар хөл болсон нөхдүүд л байгаа. Нээрээ бодит үнэн нь л энэ байна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсад үнэхээр үнэн гэдэг зүйл алга байна. Болж бүтэж байгаа юм ч алга. Хэдэн дарга нар төрийн цаанаас хулгай хийх гэж үе удмаараа төрийн эрхийг барьж байна. Нөгөөтэйгүүр сонгуулийг энэ аравдугаар сард болгох гэсэн МАН-ын нэг улс төрийн нарийн арга байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хулгай яагаад ингэж их ил тод болоод байна. Хэн хүнгүй хулгайчаараа дуудуулаад байна вэ. Яагаад хулгай нийгмийн гол сэдэв болчихов. Энэ бүгд цаанаа улс төрийн зохицуулалттайгаар явж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл МАН-ынхан ирэх сонгуулиар олонхын саналыг авч чадахгүй гэдгээ мэдсэн гэсэн үг. Тиймээс сонгуулиас өмнө хулгай гаарсан байна, манай танайгүй хулгайчдаасаа салахын тулд хэдүүлээ сонгуулиа хийе гээд шийдвэр гаргачихыг хэн байг гэхэв. Засгийн бүх эрх мэдэл ганцхан намд л байна шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“Дэлхийн сансрын 7 хоног-2023” арга хэмжээ эхэллээ DNN.mn

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Тус арга хэмжээ 10.10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш Зайсан хилл цогцолборт үргэлжлэх юм. World Space Week нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагыг зугаатай, бүтээлч өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой арга хэмжээ бол “Дэлхийн сансрын 7 хоног”. Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах түүнд сонирхолтой болгох зорилготой.

Арга хэмжээний үеэр дэмжигч байгууллагууд өөрсдийн бүүт дээр сонирхолтой туршилтуудыг танилцуулж хүүхэд багачууддаа олон гайхалтай гэнэтийн бэлгийг барих болно. Эйнштейн карттай харилцагч Та бүхэн хүүхдүүдээ, дүү нараа дагуулаад хүрэлцэн ирэхийг урьж байна. Эйнштейн картаа үзүүлээд шинжлэх ухааны сонирхолтой туршилт үнэгүй хийх боломжтой.  Мөн Эйнштейн бүүт дээр ирсэн хүүхэд бүхэн бяцхан бэлэгтэй шүү!

Categories
мэдээ цаг-үе

“Тэнүүн-Огоо” компанийн захирлуудыг 30 хоног цагдан хорихоор болжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг шалгаж буй.

Шалгалтын хүрээнд “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ. Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.

Яг одоо ногоон автобусны асуудлаар шалгагдаж байгаа дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Шүүхээс гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

БНСУ-ын “Zyle Daewoo Bus” компаниас 600 ширхэг дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн автобусыг худалдан авахдаа хуучин автобус авсан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, анхаарлын төвд ороод байгаа.

Уг автобуснуудыг худалдан авах тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарч, авчирч байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгөөр буюу 600 ширхэг ногоон автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр “ZYLE Daewoo” компаниас худалдаж авсан хэмээн ХҮН намаас мэдээлж байв.

Шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш хурд хэтрүүлсэн 84.163 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Энэ оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн тоон мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж дүрмийн дагуу соёлтой оролцохыг уриаллаа.

Бүртгэгдсэн зөрчлийн тоо 

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум сая ам.долларт хүрлээ DNN.mn

Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар үүнтэй Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрчээ.

Гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол росцеветмэнт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд нийтдээ 2.7 тэрбум ам.долларыг Монголбанканд худалдаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлье.

Жилийн өмнө улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч төгрөгийн ханш хэлбэлзэж байсан. Мөн нэг жилийн өмнө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг танилцуулъя.

  1. 2023 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон.
  2. Төгрөгийн ханш тогтвортой болсон.
  3. Экспорт нэмэгдлээ. 2023 оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор нэмэгдсэн. Зэсийн баяжмал өнгөрсөн оны мөн үеэс 5 хувь өссөн гэх мэт.

Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт хөрөнгө оруулалтын нууц гэрээнүүдийг ил болгож, оптик гэрээг хориглосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллуулж байна. Ингэхдээ борлуулалт, олборлолт тус тус өссөн. Мөн уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг байдлыг бүрэн зогсоосон.

Тал талдаа хичээвэл ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой гэж үзэж төсөв дээр суулгасан. Мөн төмөр замын холболтын ажлуудын гэрээ хэлцэл хийгдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нэр бүхий шүүгчдэд холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлэв DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт буюу шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох, хуулийн илт заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалттай тул шүүгч Ц.Мөнхтулга, Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарт холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Сайншанд сумаас алга болсон охин олдоогүй байна DNN.mn

Сайншанд суманд өчигдөр /2023.10.03/ 12 настай хүүхэд сураггүй алга болсон. Үүнтэй холбогдуулан Аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулжээ. Өчигдрөөс Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан.

Охиныг одоог хүртэл олоогүй байгаа бөгөөд харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэхийг хүслээ. Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан байна. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227