Categories
мэдээ нийгэм

Охиныг хулгайлсан гэх сэжигтэн Г.Гантулга, түүнийг барьсан тээврийн жолооч нарын дунд юу болов… DNN.mn

-СЭЖИГТЭН Г.ГАНТУЛГЫН БИЕЭС ГАДААД ПАСПОРТ ОЛДСОН БӨГӨӨД ХЯТАДААС 27-НЫ ӨДӨР ОРЖ ИРСЭН БАЙЖЭЭ-

Дорноговь аймгийн Сайншанд сумын VI сургуулийн сурагч 12 настай Д охин сураггүй болоод гурав дахь хоногтойгоо залгаж байна. Охин өнгөрсөн мягмар гаригийн өглөө 07:10 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарсан. Гэр сургууль хоёрын зай 4-5 км орчим учир такси барихаар гараа өргөжээ. Охиныг цагаан өнгийн “приус-20” машин зогсож авч явсан нь камерт бичигдсэн байдаг.

Охин сургуульдаа ирээгүй талаар ангийн багш нь цаг алдалгүй ар гэрт нь мэдэгдсэнээр эрлийн ажиллагаа эхэлсэн. Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн албан хаагчид 3-ны 11:00 цагийн үеэс эхлүүлж, хяналтын камеруудыг шүүж эхэлсэн байгаа юм. Сэжигтэн этгээд Сайншандын төвийн хяналтын камертай хэсгээр зорчоогүй, гэр болон байшин хороолол дундуур явж сумаас баруун тийш гарсан нь тогтоогдсон байдаг. Ингэснээр цагдаагийн байгууллага орон нутгийн удирдлагуудад мэдэгдсэн. Аймгийн Онцгой комисс 3-ны өдрийн 21:00 цагт шуурхай хуралдаж, Дорноговь аймгаас орж гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан. Мөн дээр нь эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлж, орон нутгийн төрийн байгууллагынхан, цэргийн ангийн нийт 200 гаруй албан хаагч, сайн дураар нэгдсэн 300 гаруй иргэн нэгдэж хайж эхэлсэн.

Сэжигтний явсан маршрутын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн Цагдаагийн газрууд бэлэн байдалд шилжиж, ойр орчмын сумдын хөдөлгөөнийг хянаж шалгаж эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны явцад маргааш нь буюу лхагва гаригт охиныг машиндаа тээвэрлэж Сайншандаас авч гарсан сэжигтэн Г.Гантулгыг Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаас саатуулсан байна. Цагдаагийн байгууллага сэжигтний мэдүүлгээр эрлийн ажиллагааг өчигдөр үргэлжлүүлсэн юм.

Сэжигтэн Г.Гантулгыг анх тээврийн жолооч нар олж саатуулан, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг. Уг үйл явдал хэрхэн өрнөсөн талаар орон нутгийн нэгэн иргэнтэй ярилцлаа.

-Сэжигтнийг танай сумын нутгаас барьж саатуулсан. Энэ үйл явц хэзээ, хэрхэн эхэлсэн талаар ярьж өгөхгүй юү?

-Гуравны өдөр сумын төрийн байгууллагуудын хэмжээнд 15:00 цагийн үед мэдээлэл ирсэн юм билээ. Дорноговь аймгаас сураггүй болсон 12 настай охиныг тээвэрлэж явсан байж болзошгүй машин Манлай сумын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон байх магадлалтай.

 

Тиймээс сум руу орж гарч байгаа тээврийн хэрэгслийг хянаж шалгах шаардлагатай байна гэсэн агуулгатай. Энэ мэдээллийг сонссон Соёлын төвийн нэгэн ажилтан аав, ээждээ дуулгасан байгаа юм. Аав, ээж нь сумаас 30 км-т гуанз ажиллуулдаг хоёр хөгшин бий. Тэдэндээ “Ийм айхавтар хэрэг гарсан байна. Манай сумын нутгаар машин нь явж байгаа бололтой. Анхааралтай байгаарай. Сэжигтэй машин ирвэл наашаа мэдэгдээрэй” гэсэн байгаа юм. Ингээд 17:00 цагийн үед нөгөө хоёр хөгшин сум руу холбоо барьсан байсан. “Манай гуанзанд нөгөө сэжигтэй нөхөр чинь ирлээ” гэж.

-Сэжигтнийг тээврийн жолооч нар анх олж тогтоосон гэсэн. Замын гуанз дээр болсон байж ээ?

-Тэгсэн. Охин сураггүй болсон мэдээллийг аймаг даяараа авсан. Ялангуяа Манлай сумын нутагт явж байж магадгүй гэдгийг олон хүн сонссон юм байна. Тэдний нэг нь нүүрс тээврийн жолооч залуу. Ер нь манай сумын нутгаар нүүрс тээврийн жолооч нар дайран өнгөрдөг газар шүү дээ. Тэдний нэг нь энэ мэдээллийг сонсоод өөрийн танил М гэх жолоочтой таарахдаа “Дорноговиос хүүхэд алдагдсан байна. Жи обудтай саарал өнгийн приус аваад явсан байх магадлалтай. Анхаарч яваарай” гэсэн байдаг. Ингээд энэ мэдээллийг авсан жолооч М сумаас зүүн хойно Өлзий багийн нутгаар явж байхад нь 4-ний 16:00 цагийн үед цагаан өнгийн приус машин зогсоосон байгаа юм. Мэдээж өмнө нь мэдээлэл сонсчихсон явсан жолооч. Бууж очоод мэнд ус болсон. Приусын жолооч залуу машиныхаа цонхыг онгойлгож мэндлээд “Тамхи байна уу, ахаа” гэхэд хайрцаг тамхи гаргаад өгсөн. Залуу өөрөөсөө 10 мянгатын дэвсгэрт гаргаж ирээд “Буцаалт хэрэггүй ээ, ах” гэсэн юм билээ. Тээврийн жолооч яриа өдөж, хаанаас хаа хүрч явааг асуухад “Мандахаас гараад явж байна. Манлай орно. Бензин дуусч байна” гэж. Тэгэнгүүт жолоочид хардлага төрсөн. “Мандахаас гарсан нөхөр мөнгөтэй мөртлөө тамхиа аваагүй, бензин ч аваагүй байна гэдэг учиртай байх нь” гэж бодоод сэжиг төрүүлэхгүйгээр тамхиа өгөөд явуулчихсан байгаа юм.

-Сэжигтэн Манлай сум руу хөдөлсөн хэрэг үү?

-Тэгсэн гэсэн. Хөдлөнгүүт жолооч Манлай сумын цагдаа руу ярих гэхэд утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь ойролцоох Сайхандулаан сумын цагдаа руу хэл дуулгасан. Тэгээд ч сэжигтэй нөхрийг барьж авах хугацаа үлдээгүй болохоор бодсон байгаа юм. “Замд Батын гуанз байгаа. Түүн дээр барьж авах боломжтой” гэж. Ингээд таньдаг жолооч нартайгаа холбогдож, гуанзанд хэн, хэн байгааг лавласан. Тэгэхэд 4-5 жолооч байгааг сонсоод учир байдлыг хэлсэн. “Сэжигтэй приус та нарыг чиглээд явлаа, саатуулаарай” гэсэн байгаа юм. Ингээд нөгөө жолооч нар ярьж тохирсон. Өөрсдөө шалаанз, хово барьдаг учраас шууд зогсоох боломжгүй. Тэдний дунд “Прадо 76”-тай нэг жолооч байсан. Түүндээ үүрэг өгөөд сэжигтний замыг тос гээд явуулсан. Сэжиг төрүүлэхгүйгээр зогсоож, зам асуугаад яриа хөөрөө өдөж байгаад “Хоол идье” гээд гуанз руу аваад ир гэж даалгасан. Хэрэв зугтаавал шууд урдуур нь орж зогсоо гээд бүх арга чаргыг хэлээд явуулсан байдаг. “Прадо 76”-тай жолооч ч замдаа гарсан. Сэжигтэнтэй таарсан.

-Жолооч нар самбаачилгатай ажиллаж ээ?

-Маш нарийн зохион байгуулалттай ажилласан юм билээ. Учир нь тэдний дунд өмнө нь цагдаад дөрвөн жил ажилласан нэг нөхөр байсан. Тэр л чиглүүлж, удирдсан байсан. Сэжигтнийг ирэхээс өмнө хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хутга шөвөг бүх юмыг нь далд хийлгээд бэлтгүүлсэн. 76-тай нөхөр ч сэжигтнийг гуанз руу аваад ирсэн. Ингээд ширээн дээр тал талаас нь бүчиж сууж байгаад яриа өдөж ажигласан байгаа юм. Нөгөө этгээд нь “Бензин дуусч байна. Утасны цэнэг дуусчихлаа, цэнэглээд өгөөч” гэж утсаа гуанзны эзэнд өгсөн. Жолооч нар хажуунаас нь хаашаа явж байгааг асууж лавласан. Тэгэхэд “Би Мандахаас явж байна. Манлай орж найзыгаа авах санаатай. Манай найз Тавантолгойд ажилладаг. Унаа тэрэг нь саатсан” гэсэн байсан. Цагдаад ажиллаж байсан жолооч л чиглүүлж асуугаад байсан гэнэ лээ. Тэгэхэд сэжигтэн этгээд нэлээд сандарч, бүр чичрээд эхэлсэн. Тэгэхэд нөгөө цагдаа жолооч “Хоёулаа гараад ярилцъя” гээд дуудаад аваад гарсан. Ингээд авч гараад “Би чамайг мэдэж байна. Чи хэрэгт түвэгт холбогдчихсон юм биш үү” гээд тулгаад асуухад яах ч аргагүй “Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд” гэсэн байдаг. Тэгэнгүүт жолооч “Би цагдаагийн ажилтан байна. Чамайг энд саатуулна. Чи эсэргүүцэх хэрэггүй, тэр нь чамд өлзийтэй. Чи тайван ороод хоолоо идчих” гэсэн байгаа юм. Нөгөө нөхөр ч зөвшөөрөөд буцаад гуанз руу орсон.

-Сэжигтэн этгээд өөрийгөө гэмтээсэн гэдэг байх аа?

-Жолооч нар гадна ярилцаж үлдээд сэжигтэн гуанз руу ганцаараа орсон. Дотор тогооч эгч ганцаараа байсан. Удалгүй тогооч сэжигтний сууж байсан хоолны заал руу ортол хайчаар өөрийнхөө гэдэс рүүгээ дүрчихсэн зогсож байсан юм билээ. Тогооч айсандаа гарахаар ухасхийтэл хайчтай нөхөр дахиад өөрийгөө зүссэн. Ингээд тогооч руу хайчтаa гараараа далайсан. Эгч самбайчилж сэжигтний мөр рүү түлхэж унагаад орилсон. Гадна байгаа жолооч нар ч ухасхийсэн. Хайчтай нөхөр ч босч ирээд гадагшаа гүйгээд гарсан. Тэгэхэд нэг жолоочийн замд устай данх таарч барьж аваад сэжигтнийг цохьсон. Энэ зуур өөр нэг жолооч хайчтай гарыг нь цохиж хайчыг нь газар унагаад тал талаас нь барьж авсан юм билээ.

-Тогоочийн биед халдаагүй биз дээ?

-Арай халдаж амжаагүй. Тогооч бултаж амжсан юм билээ.

-Ингээд цагдаа дуудсан байх нь?

-Тэгсэн. Манлай сум руу дуудлага өгч, эмч нар ирж тусламж үзүүлсэн. Тэгэхэд гэдсэн тус газраа хоёр удаа дөрвөн см орчим гүн зүсчихсэн, цус алдалттай байсан. Эмч нар анхан шатны тусламж үзүүлж хоёр газарт оёдол тавьж, өвчин намдаах тариа хийсэн.

-Сэжигтний машиныг шалгасан уу. Охинтой холбоотой сэжигтэй зүйл байсан болов уу?

-Тэр даруй тагнуулаас холбогдсон юм билээ. Машиных нь тээшийг шалга гэсэн үүрэг өгсөн. Ингээд шалгахад охин байгаагүй. Харин ногоон өнгийн берзинт боочихсон л байснаас өөр сэжигтэй зүйл байгаагүй.

-Саатуулсан нөхрийн биед онцлох шинж тэмдэг байсан уу?

-Сэжигтэн этгээд 160 гаруй см өндөртэй, 60-70 орчим кг жинтэй, завсрын ногоон өнгөтэй цамцтай нөхөр байсан гэж дуулсан.

-Орон нутгийн иргэн байсан уу?

-Биеэс нь бичиг баримтыг нь хураахад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат. Машин нь ч Улаанбаатар хотын дугаартай. Өөр нэг хачирхалтай зүйл нь биеэс нь гадаад паспорт олдсон. Хятад руу байнга гарч ордог байрын нөхөр байсан гэсэн.

-Яаж мэдсэн хэрэг вэ?

-Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Хятадаас ирсэн байсан юм билээ. Хэдхэн хоногийн өмнө гэсэн үг.

-Охинтой холбоотой зүйл дэлгэрүүлж яриагүй хэрэг үү?

-Анх жолооч нарт баригдахдаа “Би охиныг хулгайлсан. Охин амьд. Өөр зүйлийг цагдаа нарт л ярина” гэхээс өөр юу ч яриагүй. Аймгаас Цагдаагийн бүрэлдэхүүн ирэх хүртэл тэгээд юу ч яриагүй. Сумын цагдаагийн ажилтан баривчлаад аймгаас ирэх бүрэлдэхүүнийг хүлээсэн. Тэд ирээд өнөөдөр үүрийн /өчигдөр/ 03:00 цаг хүртэл хэргийн газар ажиллаж байгаад сэжигтнийг авч явсан. Машиныг нь араас нь ачуулсан. Ийм л процесс болж өрнөсөн юм билээ гэсэн юм.

Дугаар шилжих мөчид эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байсан юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийт 2023 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1569, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө DNN.mn

Өнөөдрийн /2023.10.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзоригийг танилцуулснаар үргэлжиллээ.

Түүний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр,  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид Намсрайн Батзоригийг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, … Ерөнхийлөгч томилно. …”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг танилцуулсан болно.

Дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явц, тухайн нэр дэвшигч шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангаж буй эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөх, ажиллах орчин нөхцөл, шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааны талаар баримталж буй бодлогын талаар, Монгол Улсын Их Хурлаар 2021 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэг мөр хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар тус тус асуулт, асууж хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа хүн ам, газар нутаг, шүүгчийн ажлын ачааллыг харгалзан тойргийн шүүх байгуулж болох үндэслэл, журмыг нарийвчлан тогтоох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсон шүүгчийн сул орон тоог нөхөх асуудалд анхаарч, Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг парламентаар сонгож буй нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх эсэх талаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр хорих ял эдэлж буй хүмүүс хэр хүмүүжиж байна вэ, хүүхэд хүчирхийлэлийн гэмт хэрэгтэнг магадлангаар оруулж, чөлөөлөгдөж байна. Үүнийг хэрхвэл зохилтой вэ гэх  зэрэг асуулт асуув. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг болон нэр дэвшигч Н.Батзориг асуултад хариулсан. Тэд, шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байна. Сонгуулийн зарчмаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны гишүүдийг сонгох нь дотоод ардчиллыг бэхжүүлэх, өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэхэд  чухал алхам болсон гэж үзэж байна. Шүүгч бус гишүүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлд сонгох нь олон улсын жишигт нийцэж байгаа хэмээн хариулав. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн тохиолдолд магадлангаар оруулах, эс оруулах талаар тусгайлсан зохицуулалт байхгүй, харин гэмт хэргийн ангилал, засан хүмүүжсэн цаг хугацаа зэргээс хамаарч магадлангаар оруулах эрх зүйн зохицуулалтай хэмээн нэр дэвшигч Н.Батзориг хариулав. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан горимын санал гаргав. Тэрбээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээс  чөлөөлөгдсөн болон томилох хоёр сайдын асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хүсэлтийг уламжилав. Ингээд санал хураалт явуулж, Ерөнхий сайдын хүсэлтийг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр дэвшигчийг сонгох асуудлыг  түр хойшлуулахаар болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын УИХ-ын нэгдсэн хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын нийслэлийн асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно.  Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье гэх зэргээр улс орны болон нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тэрбээр цааш нь,  Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилохоор танилцуулж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв. Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо. Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ. Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна.  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байна. Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна гэв. Ерөнхий сайдын танилцуулагатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийслэлийн тулгамдсан асуудал болох газрын наймаа, авлига хээл хахуулийг зогсоох талаар хэрхэн ажиллах, нүүрсний хулгайн сонсголыг өргөн хүрээнд зохион байгуулахад ямар санал байгаа талаар,  УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Монгол Улсын шүүхийн шийдвэргүй баривчилгаа 99 хувьтай байна гэж НҮБ-ын хүний эрхийн индэр дээрээс ярьж байна. Энэ асуудлыг яаж зогсоох вэ, бага насны хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэгтний ялыг хүндрүүлэхэд хэрхэн ажиллах, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хуулиудыг хэзээ хэлэлцэх вэ зэрэг асуултыг асуув. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаяр, газрын хууль бус үйлдлийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн дэмжлэг чухал байгааг онцлоод хууль дунд шатандаа очоод замхардаг байдлыг зогсооход анхаарч ажиллах тухай хариулаад, улмаар төрийн байгууллагууд газраа зардаг байдлыг цэгцлэх чиглэлээр УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг дэмжсэн учраас энэ хууль батлагдвал олон асуудал цэгцэрнэ гэв. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямбаатар, яамны бодлогын асуудал учраас миний бие хариуцаж ажилласны хувьд хариулах ёстой гээд зарим асуултад хариулсан. Тэрбээр, ХЗДХ-ийн яамны сайдаар миний бие 3 жил 3 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд 60 хуулийн төсөлд ажиллаж, 27 хуулийг УИХ-ын чуулганаар батлуулан хэрэгжүүлж байна. Хэлэлцүүлгийн шатанд 13 хууль явж байна. Дараагийн сайдад үлдсэн 20 хуулийг хүлээлгэн өгнө. Хүний эрхийн үндэсний комиссын нэр бүхий гишүүд олон нийтэд төөрөгдөл учруулж байна. Хүний амь нас хөнөөсөн, эд зүйл хулгайлсан, хүчиндсэн гэмт этгээдийг цагдаагийн эрх бүхий ажилтан газар дээр нь таслан зогсоож, прокурорын байгууллагад мэдэгдээд 48 цагийн хугацаатай баривчилдаг. Гэтэл энэ үйлдлийг  шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна хэмээжээ. Гэр бүлийн тухай болон Хүүхэд хамгааллын хуулиуд удахгүй хэлэлцэгдэнэ гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, хүүхдийг хамгаалах тэр дундаа хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан нэгж, тасаг байхгүй учраас энэ талд анхаарч ажиллахыг сануулаад гадаадад ажиллаж буй иргэдийнхээ  эрх зүйн туслалцааг үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хүүхэд хамгааллын асуудал хүчтэй сөхөгдөн яригдаж байна. Орон нутагт гэлтгүй гэмт хэрэгтэй тэмцэхэд камержуулах ажлыг дэмжиж ажиллах нь зүйтэй. Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах талд санал нэг байна. Шүүх шударга бус байна, албан тушаалтнуудад ээлтэй, ард түмэнд хатуу хандаж байна гэж яригдах боллоо. Энэчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй  холбоотой  асуудалд  мэдрэмжтэй, шийдвэртэй ажиллах талаар нэр дэвшигч Б.Энхбаярт хэлсэн байгаа гэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, О.Цогтгэрэл, Д.Адьшаа нарын гишүүд нэр дэвшигчдэд хандаж, нийслэлийн тулгамдсан асуудал болон хууль, шүүхийн шударга бус байдалтай хийх тэмцэлд өөрчлөлт гаргахыг хүссэн.  УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Түүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөллөө.

Ингээд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилох Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналтай танилцаж дууссаны дараа шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Болортуяа, Э.Даваачимэг нар шагналт байр эзэллээ DNN.mn

Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 57 кг-д медалийн төлөө манай бөхчүүд шалгарсан. 53 кг-д Б.Болортуяа хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай учраа таарч, 1:3-аар дийлдлээ. Энэ жинд Японы Акари Фүжинами БНХАУ-ын Шиан Юү Паныг оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.
Харин 57 кг-д Э.Даваачимэг хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой учраа таарсан. Манай тамирчин барилдааны явцад хөлөндөө бэртэл авснаар оноогоор хожигдлоо. Уг жинд дэлхийн гурван удаагийн аварга Японы Цүгүми Сакурай БНАСАУ-ын Ин Сүн Ёнтой финалдсан. Эхний үед солонгос бүсгүй дэлхийн аваргыг тэвдүүлж, 6:0-ээр илүүрхсэн ч хашир аварга дараагийн үед ажилласаар 6:7-гоор хожлоо.
Өнөөдөр буюу энэ сарын 6-нд эмэгтэйчүүдийн 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга нар барилдах юм гэж МҮОХ-оос мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Өнөөдөр/2023.10.06/ өглөөний байдлаар охиныг эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүйг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.

“Дорноговь аймгийн Сайншанд суманд алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагааг Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна.

Агаараас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, газраар ч автомашинтай алба хаагчид хайж байгаа.

Эрэн хайх ажиллагааг зэргэлдээ сум, аймгийн төв зэрэг хүн байж болох газруудад цагдаа, онцгой байдлын алба хаагчид, иргэд, АОК-ын гишүүд хамтран явуулж байгаа” өчигдөр Мөрдөн байцаах албанаас мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Ж.Үйлст: Байгалийн нөлөөгөөр монголчууд тууштай биш нь их ажиглагддаг DNN.mn

Сэтгэлзүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.

-Сэтгэл зүйн анхны хэрэгцээ гэж юу вэ?

-Маслоу гэх эрдэмтэн хэрэгцээний шатлалын онолыг гаргасан байдаг. Суурь хэрэгцээ буюу анхны хэрэгцээнд амьд явахын тулд зайлшгүй шаардлагатай хэрэгцээнүүдийг оруулдаг. Үүнд хувцас өмсөх, хоол идэх, гэр оронтой байх, унтаж амрах, сексийн хэрэгцээ гэх мэт орно. Махан бие буюу бие физиологи өөрөө юу хүсч байна түүнийг нь хангах шаардлагатай. Хэрэгцээний онолоор эхний шатны хэрэгцээ хангагдаж байж дараа дараагийн хэрэгцээ хангагдана гэж үздэг. Амьдрал дээр нэгдүгээр ангиа төгсөж байж хоёрдугаар ангийн хичээлээ ойлгодогтой адил.

-Хүмүүс их стресс бухимдалтай болсон нь эдгээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Зарим талаараа холбогдож болно. Стресс өдөр тутмын амьдралд 33 хувьтай тогтмол байдаг. Стресс байснаараа бид аливаа зүйлийг даван туулах, цаашлаад хэцүү асуудлын ард гарах хөшүүрэг болдог. Шалгалтын стресстэй бол шалгалтаа бэлдэхэд хүргэнэ. Ажлын стресстэй бол ажлаа гүйцэтгэхэд хүргэнэ гэх мэт тодорхой зүйлийг гүйцэтгэхэд хөшүүрэг нь болж өгдөг. Харин хэмжээнээсээ ихдээд ирэхээр сэтгэл хөдлөлийн түвшинд бусдад тааламжгүй байдал үүсгэх, эсвэл өөр өөртөө тааламжгүй байдал үүсгэх байдал руугаа ордог. Эхнээс нь яаж зохицуулж явах вэ гэвэл эхний суурь хэрэгцээнүүдээ хангасан байх шаардлага үүсдэг.

-Бид гараад л нийгмийн амьдралд оролцдог. Гэтэл нийгмийн хэрэгцээ шаардлага нь хангагдахгүй болохоор хүмүүс стрессдээд байна уу?

-Аль аль нь нөлөөлж байгаа. Хүний аюулгүй байх хэрэгцээ хангагдахгүй магадгүй гадаа гараад л явахаар энд тэндээс машин ирээд мөргөчих ч юм шиг, хэн нэгэнтэй зөрчилдөхөд хэзээ ч хамаагүй цохиод авч магадгүй ч юм шиг асар их сэтгэл хөдлөлтэй хүмүүс бий. Энэ нь анхдагч суурь хэрэгцээний сүүлийн бүлэг болох өөр өөртэйгөө танилцах, дотоод хэрэгцээгээ нээх тэр хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд жимсээр боловсроогүй гэж хэлэхээр байна шүү дээ. Ийм байгаа тохиолдолд эргээд хүмүүс бие биедээ таагүй байдлыг мэдрүүлэх нөхцөл нь болоод байгаа юм.

-Нийгэмд амьдарч байгаа хүмүүс бусдад түвэг удахгүйн тулд сэтгэл зүйгээ яаж удирдах вэ?

-Бусдад түвэг удахгүй байх нь ялгаатай хэрэгцээнүүдээ мэдэрдэг байх хэрэгтэй болов уу. Энэ нь нөгөө л суурь хэрэгцээний сүүлийн шатны өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгодог гэдэгтэй холбогдоно. Ядуу гээд өөр харьцах, эмэгтэй гээд дээрэлхэх, эрэгтэй учраас уйлж болохгүй гэх мэт нийгмийн янз янзын тогтсон хандлагууд байдаг. Энэ бол хүмүүс бие биенийхээ орон зайд маш их халдаж буйн илрэл. Үүн дээр хэд хэдэн зүйл яригдана. Нэгдүгээрт, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, бусдын хэрэгцээг хүндэтгэх. Ингэхийн тулд сэтгэл хөдлөлийн чадамжаа дээшлүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед EQ гэж их яригдаад байгаа. Энэ сэтгэл хөдлөлийн чадамж ямар шат дараатайгаар хөгждөг вэ гэхээр эхлээд өөрөө өөрийгөө танин мэднэ. Би ямар үед уурладаг, би ямар үед баярладаг, юу намайг аз жаргалтай болгодог вэ гэх мэтээр өөрийгөө маш сайн танин мэдэх шаардлагатай. Өөрийгөө таньж мэдсэн хүн нийгэмд аюултай байдлаар илрэх сэтгэл зүйн хэрэгцээгээ таньсан байдаг. Жишээ нь, би уурлахаараа юу ч хамаагүй хийчихдэг. Тэгэхээр би уурлаж болохгүй. Би үүнд яг уурлах гээд байна. Тэгвэл би юу хийвэл тайвширдаг билээ. Би ийм зүйл хийвэл тайвширдаг гэх мэтээр сэтгэл хөдлөлөө зохицуулж сурдаг. Түүний дараа өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж болно. Яг одоо уурлах нөхцөл биш байна. Тийм болохоор би өөрийгөө тайвшруулчихъя. Энэ хүний уурыг гарсныг дараа ярилцъя гэх мэт. Хэрвээ хэтэрхий дараад байвал сэтгэл хөдлөл нь дараа нь илүү хүчтэйгээр гарч ирдэг. Үүний дараа бусдыг ойлгож эхэлдэг. Бусдын оронд өөрийгөө тавьж сурдаг.

-Манай нийгмийн стресс бухимдал цаг агаарын байдалтай хамаатай юу?

-Давуу талаасаа харвал монголчууд дасан зохицох чадвар маш сайтай. Хавар нэг өдөрт дөрвөн улирал зэрэг болчихдог. Түүнд дасан зохицох чадвар сайтай. Бидний нүүдэлчин амьдралын хэв маяг үүнд нөлөөлдөг. Дасан зохицох нь өөрөө хэд хэдэн хэлбэртэй. Хүнд дасна, байгаа нөхцөлдөө дасан зохицно. Өдөр тутмын хэв маягтаа дасна. Энэ гурван зүйлд маш сайн дасан зохицож байгаа бол тэр хүн дасан зохицох чадвартай буюу амьд үлдэх чадвар өндөр байгааг илэрхийлдэг. Сул тал нь юу гэхээр байгалийн эрс тэс байдлаас болоод цаг төлөвлөлт маш муу. Ямар нэгэн цаг товлочихоор тэр цагтаа амжиж хийх магадлал нь боломжгүй байдаг. Байгалийн олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа учраас. Нэг ажил бүтэхгүй байлаа гэхэд хүн сэтгэлээр унана. Сэтгэлээр унахгүй байхын тулд хүлээлт үүсгэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр өдөр тутмын төлөвлөгөөг нарийн гаргахгүй байх шаардлага үүснэ. Тиймээс өдөр тутмын амьдралдаа цаг төлөвлөөд байдаггүй сул талтай. Одоо хотжиж ирж байгаа учраас энэ соёлд бид өөрийн эрхгүй суралцаж байна. Бас эдгээрээс болоод байгалийн нөлөөгөөр монголчууд туйштай биш байх нь их ажиглагддаг. Үүнд нүүдлийн соёл болон улирлын нөлөө хоёулаа нөлөөлж байгаа юм.

-Суурин соёлд бид шилжиж, амьдарч сурч байна уу. Залуусын амьдрах чадвар сул ч гэх юм уу. Жишээ нь, бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд ойлгомжтой юмыг байнга асуудаг. Өөрсдөө ойлгохгүй бол бусдад түвэг удахгүй байдлаар шийдэх боломжтой байхад 40-50 хүн байгаа групп чатад байнга асуулт асуух нь хэр зохистой вэ. Үүнд сэтгэл зүйгээ яаж бэлтгэх вэ. Бусдад түвэг удахгүй байдлаар өөрийгөө яаж илэрхийлэх вэ?

-Энэ нь бидний уламжлалт нийгэм, гэр бүлийн соёлтой холбогдох байх. Монголчууд хүүхэд төвтэй гэр бүлийн соёлтой ард түмэн. Нэг хүүхэдтэй айл тэр хүүхдийнхээ бүх хэрэгцээг хангаж чадна. Тэр хүүхдэд бүрэн дүүрэн цагаа зориулж чадна. Тэр хүүхдийг маш сайн боловсролтой болгож хөгжүүлж чадна. Гэтэл 3, 4, 5 хүүхэдтэй айл байя л даа. Хэрэв хүйс нь ижил бол бага хүүхэд нь шинэ хувцас өмсөж чаддаггүй. Нэг хүүхдийнхээ хувцсыг дараагийн хүүхэд нь өмсөнө. Ахынхаа, эгчийнхээ тоглож байсан тоглоомоор тоглоно. Санхүүгийн хувьд ихэнх нь дундаж болон дунджаас доогуур орлоготой. Тэгэхээр яалт ч үгүй энэ хэв маяг руу орж байгаа юм. Цаг зохицуулалтын хувьд гэр бүлийн өдөр гэж долоо хоногт нэг өдөр байвал их юм. Ер нь ихэнх айл байхгүй. Гэр бүлийн өдөр гэж байхгүй учраас хүүхэд тус бүрт цаг гаргана гэж бараг байхгүй. Жилдээ хэдхэн удаа хүүхдүүдээ гадуур авч гардаг, тоглуулдаг. Ийм л цаг завыг хүүхдүүддээ зориулж байгаа юм. Жишээ нь, тоглож байгаа тоглоомыг нь наадахаа дүүдээ өг гэдэг шүү дээ. Тэгэхээр том хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Энэ нь эргээд миний юм бол чиний юм. Чиний юм бол миний юм гэсэн нийгмийг бүтээж байгаа юм. Нэг талаасаа өөриймсөг хэрнээ нөгөө талаасаа бусдын нөхцөл байдал руу ороод байгаагаа анзаардаггүй. Тэр нь байдаг л хэвийн зүйл юм шиг манай нийгэм ойлгодог. Тэгэхээр тэр хүүхэд өөрөө хэдэн хүүхэдтэй, ямар гэр бүлд яаж өссөн бэ гэдэг нь маш их нөлөөлнө.

-Иймэрхүү ялгаатай байдлаас хүмүүст хувийн аминч үзэл, өөрийгөө дөвийлгөх үзэл суугаад байна уу?

-Ерөнхийдөө нөлөөлнө. Олон хүүхэдтэй айлд тэр хүүхдэд өөрийн гэсэн орон зай байхгүй. Тусгайлсан хайр халамж гэж байхгүй. Аль нэгийг нь гомдоочихгүйн тулд аль алинд нь адилхан л хандана гэдэг. Тэр нь хүүхдэд ямар мэдрэмж төрүүлж байгаа вэ гэхээр орхигдсон, чухал биш, хангалттай биш гэсэн мэдрэмжүүд бий болж эхэлнэ. Тийм байдлаас болоод би л өөрийгөө анхаарахгүй бол хэн ч намайг анхаарахгүй байна гэдэг ойлголтыг үүсгэж болно. Зарим тохиолдолд олон хүүхэдтэй айлын хүүхэд улам илүү нэгнээ гэдэг. Бусдадаа бүх зүйлийг хувааж, цаг хугацаа, орон зай, идэж хэрэглэж байгаа бүх зүйлээ хуваадаг. Сэтгэл зүйн хувьд ч бие биенээсээ хамааралтай, бүх зүйл нь байдаг соёл ч олон хүүхэдтэй айлд тогтчихсон байдаг. Тэгэхээр эцэг эх олон хүүхэдтэй болохоор хоолтой ундтай байхад л болно гээд орхисноор сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй бол эргээд тэр хүүхэд нэгдмэл биш зөвхөн өөрөө өөрийгөө гээд явах магадлал өндөр. Харин олон хүүхэдтэй ч гэсэн хүүхэд болгоноо тус тусад нь ойлгож, хайрлаж хүлээж авсан, боловсролд нь анхаардаг гэх мэтээр хүүхдэдээ хангалттай анхаарсан эцэг эхтэй айлын хүүхдүүд тэр эцэг эхийн хайр халамжаас хүнийг ингэж хайрладаг юм байна. Хүнийг ингэж ойлгодог юм байна. Ийм байвал гоё байдаг юм байна. Үүнийгээ ч гэсэн бусдад өгье. Би өөрөө үүнийгээ өгч байж бусдаас үүнийг нь авах юм байна гэдэг сэтгэл зүйн зураглалыг хүүхэд бусдаас авч байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд зүгээр л хамт байх нь чухал, физиологийн асуудлыг нь шийдэх л чухал гэж хандах нь өнгөрсөн зууны асуудал юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Бадамжунайн ар гэрийнхэн Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж мессэж илгээсэн үү? DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танхимын шинэ гишүүдийн танилцуулгыг хийсэн. Ингэхдээ Хууль зүйн сайдад Б.Энхбаярыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан нарын намтрыг танилцуулав. Шинээр томилогдсон сайд нарын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон шинэ сайд нараас асуулт асууж, үг хэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон хүмүүс надад хэлдэг. Энэ асуудлыг гаргаж тавьснаараа нийгмийг та нар их бухимдуулж байна. Намынхаа нэр хүндийг унагааж байгаа шүү. Намынхаа журмын нөхдүүдийг хүнд байдалд оруулж байна гэж хэлдэг. Журмын нөхдөө энэ танхимаас гаргах санал хураалтын үеэр би энд хараад сууж л байсан. Т.Аюурсайханд тэгэж хандах надад хэцүү. Байнга янз бүрийн мессэж надад ирдэг. Тэр дунд Т.Бадамжунайн гэр бүлээс “ӨШӨӨ АВНА” гэдэг мессэж надад ирсэн. Х.Нямбаатар сайд зэрэг олон хүнд ирсэн. Ийм мессэж хүлээн авах төвөгтэй байна” гэж мэдэгдсэн. Улмаар Ерөнхий сайдын энэхүү үг өчигдөр, өнөөдөр сошиалд шуугиан болж байна. Тэгвэл Т.Бадамжунайн ар гэрийхнээс үнэхээр ийм утгатай мессэж Ерөнхий сайдад ирсэн үү. Энэ талаар Т.Бадамжунайн охиноос тодрууллаа.

Тэрбээр “Би мессэж явуулсан. Гэхдээ өшөө авна гэж огт бичээгүй. Аав маань саяхан харвалт өгсөн. Тэр өдөр би Л.Оюун-Эрдэнэ рүү “Чамаас болж харвалт өглөө. Хэрэв ингээд амь нас нь эрсэдчихвэл аавынхаа амийг нэхнэ шүү” гэсэн утгатай мессэж явуулсан. Үнэхээр бухимдсан, аавыгаа өрөвдсөн. Гэтэл аавыгаа өрөвдсөн охиных нь үгээр бүхэл бүтэн Ерөнхий сайд хүн улс төр хийгээд л сууж байна. Аавынхаа төлөө хэн ч ингэж мессэж бичнэ. Гэтэл Улсын Ерөнхий сайд хүн мессэж яриад улс төр хийгээд сууж байдаг. Би энэ мессэжийг олон хүнд явуулаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр руу л явуулсан. Үнэхээр хэлэх үг алга байна” хэмээлээ.

Т.Бадамжунайн охины Ерөнхий сайдаас “Өшөө авна” гэж бичсэн гэх мессэжийг эх сурвалжаас нь хүлээн авч хүргэж байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Содхуяг: Хууль тогтоох байгууллагуудын хоорондох хамтарсан комиссын тухай ойлголт Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд огт байхгүй DNN.mn

Ардчилсан намын гишүүн, хуульч, улс төр судлаач Б.Содхуягтай Монгол болон ОХУ-ын парламент хоорондын хамтарсан комисс байгууллагдсан асуудлаар ярилцлаа.

-Саяхан ОХУ-ын Төрийн думын дарга В.Володин манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Энэхүү ажлаар хэлэлцэгдсэн хамгийн гол асуудал нь хоёр улсын парламент хоорондын комисс байгуулагдсан тухай эрх баригчид мэдээлж байгаа. Энэ комисс ер нь ямар үүрэгтэй, ямар зорилготой байгуулагдав гэдэг дээр та хуульч, улс төр судлаач хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хоёр улсын парламентын хамтарсан комисс байгуулагдсан асуудлаар манай намын хуульчид тодорхой мэдээлэл авах болон эрх зүйн хувьд энэ нь боломжтой эсэх талаар судалгаа хийж байгаа. Удахгүй УИХ дахь намын бүлэг энэ асуудлаар тусгайлан мэдээлэл хийх байх

Юуны өмнө энэ асуудлаар тодорхой ойлголт өгье гэж бодлоо. Нэгдүгээрт, парламент хоорондын хамтрал гэдэг нь эрх зүйн хувьд ч тэр гүйцэтгэх чиг үүргийнхээ хувьд ч тэр ямар ч утга агуулга байдаггүй. Парламент гэдэг бол өөрөө хууль тогтоох байгууллага. Тэр утгаараа олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан дотооддоо хууль тогтоодог байгууллага. Харин Засгийн газрын хувьд чиг үүрэг, эрх зүйн орчноороо бусад улсын Засгийн газартай хамтарсан комисс зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл хууль тогтоох байгууллага аль нэг улсын хууль тогтоох байгууллагатай ямар чиглэлээр хамтран ажиллах вэ гэдэг нь сонин. Тэр утгаараа боломжгүй, ямар ч шаардлагагүй ийм комисс байгуулах нь өөрөө ардчилсан орны нэр хүндийг унагаасан үйлдэл болох эрсдэлтэй. ОХУ бол өөрөө Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Тэр утгаараа бусад улс орон буюу өөрийн эрхшээлд, хараанд байдаг орнуудтайгаа иймэрхүү хамтарсан комисс байгуулаад явах боломжтой. Явж ч байгаа. Харин манайх бол эрх зүйт төртэй, ардчилсан орон. Тэр утгаараа ардчилсан улсын төрийн гол эрх мэдэл хууль тогтоох байгууллага буюу УИХ эдэлдэг. Цаашлаад тухайн улсын нийт ард түмэн төрийн эрхээ барьж явдаг. Тиймээс ийм комисс байгуулагдаж байгааг эрх зүйн хувьд боломжгүй, дээр нь байгуулагдсан ч юу хийх чиглэл нь тодорхой бус байдаг. Тэр утгаараа уг асуудлыг АНын гишүүд болон хуульчид нарийн судлах шаардлагатай гэж үзсэн учраас энэ асуудлаар дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

-УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлахдаа анх энэхүү асуудлыг хөндөж тавьсан гэдэг. Улмаар уг саналыг ОХУ хүлээн зөвшөөрснөө саяны айлчлалаараа тод илэрхийлсэн шүү дээ. Тэгэхээр УИХ-ын дарга нь дангаараа Монгол Улсын парламентыг бүрэн төлөөлдөг үү?

-Хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс байгуулагдсан. Гол асуудал нь тус комисс шийдвэр гаргах түвшинд ажиллах ёстой юм уу л гэдэг байгаа шүү дээ. Энэ нь өөрөө хуулийн маргааныг дагуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр таны асууж байгаа шиг УИХ-ын дарга хүн өөрөө УИХ-ыг шууд төлөөлөх эрхтэй юу. Мэдээж энэ хүн бол парламентыг шууд төлөөлөх эрх хуулиараа байхгүй. УИХаас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд л эрх нь олгогдож явдаг. УИХын дарга хүн Монгол Улсын парламентыг шууд төлөөлнө гэж үзээд ОХУ-ын парламенттай хамтарсан комиссыг байгууласан нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс энэхүү асуудал Үндсэн хуулийн цэц дээр очиж шийдэгдэнэ. Өнгөц харахад хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, туршлага солилцох маягтай боловч Монгол Улсын тусгаар тогтнол, Ардчилсан орны үзэл санаатай харшилж байгаа учир үнэхээр ноцтой асуудал. Тиймээс үүнийг тал бүрээр сайн судалж, үнэхээр хууль зөрчсөн асуудал байвал нэн яаралтай энэхүү комиссыг татан буулгах шаардлагатай.

-Хуульчид, улс төр судлаачид энэхүү хамтарсан комисс байгуулагдсан асуудлыг шууд Оросын нөлөөнд Монгол Улсыг оруулсан үйлдэл гэж хараад байх шиг байна. Таны хувьд ч бас ингэж харж, ойлгож байна уу?

-Би харин хэлээд байна шүү дээ. Засгийн газар хоорондын хамтарсан юу ч байж болно. Засгийн газар гэдэг бол УИХаас тогтоосон хуулийн хүрээнд гүйцэтгэх засаглах эрхээ хэрэгжүүлж явдаг. Тиймээс ямар ч улсын ямар ч байгууллагатай хүсвэл хамтарч ажиллах боломж нь хуулиараа чөлөөтэй. Нэмээд Монгол Улсын ерөнхийлөгч ч гэсэн ямар ч улсын, ямар ч байгууллагатай ажлын, албаны хүрээнд хамтраад явах нь нээлттэй. Харин УИХ гэдэг бол өөр ойлголт. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Тэр утгаараа хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл гадны улсын тэр дундаа Ерөнхийлөгчийн засаглалтай улсын парламенттай хамтарна гэдэг нь өөрөө ямар ч утга агуулгагүй үйлдэл. Яг хамтраад юуг хэлэлцэх юм. Ямар зүйл дээр хамтын шийдвэр гаргах гээд байгаа юм гэдэг сонин. УИХаар Үндсэн хууль хэлэлцэгдэж байхад ОХУ-ын парламентын зүгээс санаа оноо хэлж өгөх юм уу. Энэ өөрөө парламентын чадавхи, цаашлаад улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирна. Тиймээс ийм агуулгагүй, чиг үүргээрээ холбогдох цэггүй байхад хамтарсан комисс байгуулагдаж байгаа нь өөр эрх ашиг явж байна уу гэсэн хардлагыг төрүүлнэ.

-Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа гэж байхаас парламент хоорондын хамтарсан комисс гэж байх ёсгүй гэлээ. Тэгвэл эрх баригчид ямар учраас энэхүү комиссыг байгуулав. Энэ асуудлыг та юу гэж харж байна вэ?

-УИХ бол хууль тогтоох засаглал. Хууль тогтоох засаглал зөвхөн Монгол Улсын болоод олон улсын хэлэлцээрүүдийг баталж гарган мөрдүүлдэг. Тэгэхээр дахин хэлэхэд хууль тогтоох байгууллагуудын хоорондох хамтарсан комиссын тухай ойлголт Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд ч огт байхгүй. Хууль эрх зүйн орчин байхгүй учраас бодитой үйл ажиллагаа явуулах боломж үнэхээр байхгүй гэсэн үг. Ер нь хоёр улсын хоорондох асуудлыг бид Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар шийдээд явдаг зарчимтай. Тиймээс энэ байр суурь дээрээ бид болон хууль мэддэг хүн бүр хатуу зогсох байх. Яагаад байгуулав гэдэг дээр тодорхой хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт, УИХын дарга хүн уг асуудлаар ажил хийдэг хүн болох гэж харагдсан байх. Хоёрдугаарт, ОХУын эрх баригчдын нөлөөнд автаж ийм үйлдэл гаргасан байх магадлалтай. Гуравдугаарт, улс төрийн рейтингээ өсгөхийн тулд зохион байгуулалттай ийм ажил хийсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ хүн ямар ажил хийж явах нь сонин биш. Гол асуудал нь ийм ноцтой зүйлийг өөрийнхөө түвшинд шийдээд хийчихэж байгаа нь хууль зөрчсөн асуудал болоод байгаа юм. Монгол Улс бол хоёр том улсын голд оршиж буй цор ганц Ардчилсан орон. Тэр утгаараа гадаад харилцаа, гадаад бодлогын хувьд бид нэг цонхоор харж явах учиртай. Хэн нэгэн ерөнхийлөгч нь ч байна уу, УИХын дарга, Ерөнхий сайд нь байна уу Монгол Улсыг төлөөлөөд гадаад бодлогыг өөрийнхөө хүслээр өөрчлөөд яваад байх нь өөрөө ноцтой асуудал. Саяны УИХын даргын санаачилгаар ОХУ-ын парламенттай хамтарсан комисс байгуулсан үйлдлийг гадны улс орон хараад юу гэж ойлгох бол.

Монгол Улсын гадаад бодлогыг ямар байдлаар хүлээн авах уу. Ямар ч үр ашиггүй комисс байгуулснаараа Монгол Улсын гадаад бодлого, харилцаа олон улсын түвшинд унавал юу болох вэ. Манайх шиг жижиг эдийн засагтай улс орны хувьд гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг хамгийн чухал. Тиймээс хуульчид болон АНын хувьд энэхүү асуудлыг ул суурьтай авч үзэж, дүгнэлт гаргах болно.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 6, Сугар гариг. Билгийн тооллын 22, хэрцгий охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:58 цагт мандан, 18:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.